90 оны ардчилсан хувьсгал Монголын ард түмэнд үнэлж баршгүй ач тусаа үзүүлсэн билээ. 1690-ээд оноос хойш 300 жилийн турш эхлээд Манжийн эзэнт гүрний хойд зах, дараа нь Зөвлөлт Холбоот Улс буюу П.Гэндэн сайдын “улаан ипериализм” хэмээн нэрлэж асан коммунистуудын эзэнт гүрний өмнөд хязгаар байж, өөрийн хэрэг явдал, хувь заяагаа Бээжин, Москвагаар удирдуулан шийтгүүлж, үнэн хэрэг дээрээ дэлхий ертөнцөөс тусгаарлагдан үзэл суртлын төмөр хөшигний цаана зовон шаналж байсан Монгол улс  угтаа цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар  өөрөө өөрийгөө мэдэх эрхээ олж аваад гаднын хэнээр ч , юугаа ч заалгахгүй, гадаад дотоод ажил хэргээ шийддэг болсон юм. Иргэд нь нэг үзэл суртал, нэг намын дарангуйллаас ангижирч эрх чөлөөний амтыг мэдэрсэн. Мал, орон сууцаа үнэ төлбөргүй хувьчлан авч өөрийн гэх өмч хөрөнгөтэй болов. Орон сууцны хувьчлалын дараа үйлчилгээний салбарт ард иргэд асар хөрөнгийг   хувийн санаачлагаараа оруулснаар энэ салбар улс орны  эдийн засгийн хөгжлийг өмнөх түүхэнд үзэгдээгүй дээд төвшинд хүрсэн билээ. Гадаадад чөлөөтэй зорчин худалдаа арилжаа эрхлэх зэргээр бизнесс хийсний үр дүнд чулуу шиг хатуу давс, хатсан бор гоймон төдийхөнтэй үлдэж хоцорсон  дэлгүүрүүдийн лангуу бараа таваараар дүүрсэн юм. Үнэндээ Жасрайн засгийн газар ч биш, чөлөөтэй зорчих эрхээ олж авсан манай үүргийн худалдаачид энэ ажлыг хийсэн юм. Хүссэн улс орноо сонгон ажиллаж амьдрах эрхтэй болсон иргэд маань өндөр хөгжилтэй улс орнуудад  сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөхдөө зарим нь дэлхийд зартай компани, байгууллагад үнэлэгдэн дэвшиж, мөн зарим нь спортын өндөр амжилтаар монголынхоо нэрийг дуурсгах болов. Гадаадад ажиллаж байгаа иргэдийн гуйвуулсан валют  аль ч Засгийн газраас илүүтэйгээр эдийн засгаа тогтворжуулахад нөлөөлж буй гэвэл хилсдэхгүй буй за. Их хувьчлалын үр дүнд хэрэглэгчдээ чанар сайнтай бараа бүтээгдэхүүнээр хангах тэнхээтэй үндэсний үйлдвэрлэгчдийн бааз бий боллоо. Өнөөдөр дотоодын нийт бүтэгээдэхүүний  86 нь хувь хувийн хэвшилд ноогдож байгааг манай эдийн засгийн зах зээлд шилжих хурд эрчмийн сүр жавхаа яах аргагүй мөн гэж хэлж болно.

Монголчууд ардчиллын үр өгөөжийг амсаж, үнэ цэнийг нь гүн гүнзгий ойлгодог юм. Тэд ардчилсан хүчнийг биш гэхэд ардчиллыг ямагт дэмжиж ирсэн.  Сүүлийн 10 гаруй жилийн олон судалгаагаар манай иргэдийн 90 гаруй хувь нь ямагт ардчиллыг дэмждэгээ илэрхийлсэн юм. Ийм өндөр үзүүлэлт шилжилтийн бусад аль ч оронд байхгүй. Оросын ерөнхийлөгч Ельцин ард түмэндээ хандан Монголчууд ардчилалдаа үнэнч байгааг сонордуулж, хорыг нь малтаж байсан нь саяхан билээ Европын хуучин социалист орнуудад хүртэл хуучнаа санагалзах байдал газар авч байхад манайхан урагшилсаар байгаа. Сүүлийн жишээ гэвэл, Н.Энхбаярын “үндэсний удирдагч” болох гэсэн эл санаархалд ард түмэн маань 2004 оны сонгуулиар сүрхий цхүчтэй, бүр суудал сэнтийгээс нь ховхортол “алгадсан” юм.

Миний бие хэд хоногийн өмнө Варшав хотноо8 социализмыг нураах  их үйл хэргийн нэгэн гол архитектурч нь болох Збигнев Бзежинскийтэй уулзах завшаан тохиолдсон юм. Тэрбээр “ Монголчуудын эр зоригыг би бахархдаг  “ хэмээн хэлж билээ. Тийм ээ!,манай ард түмэн ардчилалыг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа, улс үндэстний өөрөө өөрийгөө мэдэн оршихуйн үндэс, хөгжил дэвшлийн зам мөнийг эгнэгт ухааран ойлгож тууштай дэмжин тэмцдэг авай. Ийм хүчирхэг дэмжлэгийн үр дүнд Монгол улс Төв Азидаа цорын ганц, ер нь Азид бол Япон, Өмнөд солонгостой дөрөө харшуулан эн зэрэгцэж яваа  ардчилсан улс болж чадсан юм. Гэтэл ард түмэн нь ийм байсаар атал ардчилалд одоо л аюул тулгарч байна гэж хэлэхийн учир юу билээ?! Энэ тухай өөрийн бодол саналаа та бүхэнтэйгээ хуваалцъя.

Байгалын баялаг

АНУ-ын Калифорнийн Их сургуулийн  Улс төрийн  шинжлэх ухааны профессор  М.Стивэн Фиш “ Байгалийн асар их баялаг бол ардчиллыг ч, төрт ёсыг ч бэхжүүлэх явцыг  ямагт алдагдуулдаг ” хэмээжээ. Үүнийг уншихад л Орос орон дахь ардчиллын нуралтын уг шалтгаан тодоор илэрч байгаа юм. Үнэндээ  өнөөөдөр Орос оронд улс төрийн хүчнүүдийн  далбаан дор бизнесс-улс төрийн бүлэглэл хооронд өөрийн орны асар их баялаг, түүнийг худалдан борлуулсны ашиг орлогыг завшихын төлөө ялж ялагдахын их тулалдаан болж байна. Хүний оюун ухаан, булчин шөрмөсийн хүч хөдөлмөрөөр бус, угаасаа байгалийн бэлэн хишиг, тэр тусмаа өмнө нь хэний ч биш нийтийн эзэмшилд байсан тэрхүү асар их баялагийг мэдэлдээ авахын төлөө нэгийгээ шоронд хийж хөрөнгийг нь булаахаас өгсүүлээд алж устгах хүртлээ бүхий л аргаар тэмцэлдэж байна. Тэд Бат хааныг очих үед яаж үзэлцэж байсан яг л тийм маягаараа тэмцэлдэн уралцаж байна. Мэдээж тэр тэмцэлд нь XIII зуун биш XXI зууны өнгө будаг байлгүй яахав. Оросын улс төрчид төрийн зүтгэлтнүүд төрийн дарамтаас ангид эрх чөлөөтэй иргэд л жинхэнэ  баялагийг бүтээж тогтвортой хөгжил дэвшлийг бий болгодгийг юман чинээ үл тоомсорлон, харин ч өөрсдийнх нь зодооны уг шалтгааныг мэдэж хэн нэгнийх нь талд хүч нэмэрлэн оролцох бий гэдгээс эмээхдээ мафи маягийн  төрийн хатуу ширүүн захиргаагаар идэвхтэй, хүчтэй нэгнийг нь дарамтлан мохоож байгаа юм. Ийнхүү Орос оронд ардчилал сөхөрсөн юм. Туркменистан, Узбекстан, Казахстанд бүр ч эрээ цээрээ алдсан. Тэнд үндэсний удирдагч, эцгүүд, гэр бүлийнхний дарангуйлал тогтсон. Энэ гурван орон газрын тос, байгалын хийн асар их нөөцтэй. Үндэсний эцгүүд, түүний гэр бүлийнхний тогтоосон дарангуйллын уг зорилго шалтгаан нь энэ асар их баялагийг хараа хяналтгүйгээр эзэмшин завших гэсэн хүсэл зориг болой. Ер нь хөгжиж байгаа болон шилжилтийн шатандаа яваа улс орнууд  дотроос  байгалийн баялаг ихтэй оронд, тухайлбал, дээрх нэр дурдагдсан орнууд дээр нэмээд Азербайжан, Конго (Зайр), Нигери, Венесуэль зэрэг оронд ардчилал бас л нурсан. Би профессор М.Стивэн Фишээс дахин иш татъя. “Байгалын арвин их баялаг нь уг байгалыг худалдан борлуулсны  орлогыг захиран зарцуулдаг эрх мэдэлтэй болоход чиглэсэн өрсөлдөөн хэлбэрээр улс төрийнг бужигнуулж орхидог. Энэ тоглоом  улс төрийг авилгад автуулж, төрийн машиныг бусниулдаг” гэжээ.

М.Стивэн Фиш цааш нь “Монгол улс байгалийн багахан баялагтай, үгүй ядахдаа түүнийгээ ашиглах боломж хязгаарлагдмал тал нь тус орны улс төрийн хөгжилд, нэн ялангуяа ардчилах үйл явцад учирч болох  асар том саад бэрхшээлүүдээс нь гэтэлгэж байна” гэсэн нь үнэхээр гайхалтай дүгнэлт. Харин өнөөдөр энэ дүгнэлт хуучирсан. Сүүлийн үед Оюу толгой, Таван толгой, Төмөртийн гэх мэт асар их нөөцтэй зэс, нүүрс, төмрийн гээд өдий төдий орд илэрсэн. Цаашдаа  өдий төдийгөөрөө нээгднэ. Хааяагүй нүүрсний том, жижиг орд илэрсээр байна. Газрын тосны үнэ өссөнөөс дэлхийн зах зээлд нүүрсний үнэ улам бүр нэмэгдэж, ёстой л “Гурван найз” киноны данжаадын хэлдэгчлэн, хар алт болоод байна. Хятадын эдийн засаг тун хурдацтай өсч өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.650 триллион ам долларт хүрч Японы дараа дэлхийн 3 дахь том эдийн засагтай орон болоод байна.  Өөрөөр хэлбэл бидний өмнө асар том хэрэглэгч бий болоод байна. Мэдээж Хятадын эдийн засгийн хэрэгцээг хангахад манай байгалийн нөөц багадна аа. Гэхдээ урд хилийн дагуу орших Хойд хятадын бүс нутагт нэг хэсэгтээ л хангалттай хүрэлцэхүйц нөөц бий. Үүнтэй зэрэгцэн эрдэс баялагийг хятад руу зөөн тээвэрлэх зориулалттай төмөр зам, авто замын олон дүнчүүр доллараар үнэлэгдэх төслүүд яригдах болов. Ийнхүү Монголчууд бидэндээ л асар томд тооцогдохоор байгалийн баялагийн илэрцүүд, түүнийг ашиглах боломжийн өргөжилт зэрэг үйл явцууд нь мөнөөх  улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн чухам арааны нь шүлсийг асгаруулж төрийн машиныг тэр зүг залан жолоодож эхэллээ. Завших санаатай байгалын баялаг, хожих санаатай зам барилгын төслүүдийг нь  шударга өрсөлдөөний индэрт тавих гэж оролдвол зах зээл, ардчиллыг дарж, хүний эрх, эрх чөлөөг бяц гишгэхээс ч буцахгүй улс төрчдийн шинэ баг нэгэнт бүрдээд байна! Тэд романтикуудын үе дуусч прагматикуудын үе эхэлсэн гэх шиг хачин мангар номлолоо тунхаглаж, түүнийг нь даган маасагнах увайгүй сүрэгтэйгээ нам болон тоглох болов. Юун цагаан сар, юун наадам гэдэг шиг яасан ардчилал, ямар эрх, эрх чөлөө гэгч л болов, тэгээд ч түүнийгээ мартан зөвшилцөж тэврэлддэг болсон. Энэ бүхний эцэст шударга эрх зүйт ёс, ардчиллыг уландаа гишгэж дур зоргоороо авирлацгааж эхэллээ!

Хятад

    Хятадтай эдийн засгийн интеграцад орох тухай яриа сүүлийн үед улам бүр хүчээ авч судлаачдын хүрээнээс халиад саарал ордноор тэнүүчлэх боллоо. Бүр байтлаа ардчилсан хүчний лидерүүдийн зарим нэг нь итгэл үнэмшилтэйгээр суртал  ухуулга хийн гүйж байна.

    Хятадтай эдийн засгийн интеграцад орох их үйл хэргийг суратлчилагчидтай лавшруулж яриад үзвэл хэлж буй зүйлийнхээ утгыг сайн ойлгохгүй ердөө л хятадын улс төрчид, том төсөл барьсан хөрөнгө оруулагчдын болхидуухан лобби болох нь  мэдэгднэ. Гэтэл  хэтдээ эдийн засгийн интеграц нь нэгдсэн нэг валют, нөөцийн нэг төв банк, эдийн засаг, эрх зүйн нэг орон зай, хөдөлмөрийн нэг зах зээл зэрэг хэлхээ холбоонд хүргэдэг бөгөөд Монголын эдийн засаг Хятадын эдийн засгаас чадамжийн хувьд дор хаяж нэг сая зургаан зуун мянга дахин бага, хуримтлал, хөрөнгийн эх үүсвэрээр олон мянга дахин хомс, ажиллах хүчний бүтээмжийн төвшин хятад хүнээс үлэмж доогуур зэргийг тооцож үзвэл мөнөөх интеграц гэдэг маань нэгдэж нийлэхийг л халхавчилан нууж зөөлөн намуунаар хэлсэн хэрэг юм. Монголчууд бид эдийн засгийн хараат байдал нь улс төр, соёлын хараат байдалд оруулдаг болохыг Зөвлөлтийн дагуул орон байсан түүхээсээ мэднэ. Хэрвээ Монголын эдийн засгийг Хятадын эдийн засагт нэгтгэж орхивол улс төр, соёлын үнэт зүйлс гээд бүх юм маань нэгдэж орно гэсэн үг. Ардчилсан монгол  орныг нийтийг дарангуйлагч тоталитар дэглэмд  нэгтгэнэ гэсэн үг. Хүний эрх, эрх чөлөө баталгаажсан улс орныг коммунист үзэл суртлыг  үндсэрхэг үзлээр сэлгэж омогшсон их гүрэнтэй нэгтгэнэ гэсэн үг. Харамсалтай нь, энэ бүхнийг мэдсээр байж хятадын өсөн нэмэгдэж байгаа хүч чадлаас сүрдэж бөхийсэн; хөрөнгө оруулна хэмээн бэлнээр, дансаар мөнгө барьсаар бийлэгжүү загнах этгээдүүдэд нь шунаж шүтсэн; ардчиллаар олдсон хөгжил, дэвшил, ирээдүйн оршихуйд итгэл алдарч зүрхшээсэн унхиагүй улс төрчид хурын дараах мөөг шиг олширч байна. Тэднийг харахад, Манжийн эзэн хаан Энх-Амгалангийн үеийн монгол феодлуудыг урваач санагдуулна. Ер нь хятадын тал манай зарим улс төрчидтэй хэдийнээ идэвхтэй ажиллан зорилгоо ойлгуулж дөнгөсөн мэт сэтгэгдэл төрөөд байна!

    Өнөөдрийн коммунист, үндсэрхэг Хятадын удирдлага Монгол улсыг ивээл, нөлөөндөө оруулах хатуу чиг шугамыг барин шаргуу ажиллаж буйн учир шалтгаан нь : нэгд: Монгол улсыг алдагдсан нутгаа гэж далдуур ямагт үзэж ирсэн бөгөөд Орос улс сул байгаа агшиныг ашиглаж өөрийн  нөлөө, ивээлдээ оруулж авах; хоёрт: Монгол улсыг геостартегийн нэн чухал байрлалтай гэж үздэг бөгөөд өөрийн ирээдүйн гол өрсөлдөгч АНУ-ын нөлөөлөл ихсэхээс болгоомжлон, тогтоон барих; гуравт: Монгол улсад авилга, хээл хахууль тахал мэт тархан, түүнд нь төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүд нэрвэгдэж үнэ тохирвол үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс-ардчиллыг ч тавьж өгөхөд бэлэн болсон нөхцөл бүрдсэн торгон агшиныг алдахгүй байх; дөрөвт:  Сүүлийн үед улам их илрэх болсон эрдэс баялгын нөөцийг үнэ хүргэн зарж чадахын эрхээр өөрсдөд нь төвөг учруулах болсон барууны хөрөнгө оруулалтыг сааруулах, уг баялагийн нийлүүлэлтэд хяналтаа тогтоох зэрэг болно.

Ийнхүү улам бүр хүчээ мэдэрч буй Хятад их гүрэн Монголыг ивээлдээ авах гэсэн хүсэл, түүнд нь үйлчлэхэд бэлэн байгаа улс төрчид Монголын ардчиллыг зольж мэдэхээр болоод байна! Ардчилалгүй Монголын ирээдүй ч ойрхон болно.


Н.Энхбаяр

Манай Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь эрх мэдэлд дуртай төдийхөн биш, нэн шуналтай нэгэн. Ийм  болох нь түүний улс төрийн амьдралын  намтрыг  шүүн тунгаасан  хэнд ч атугай тодорхой харагдна.

Н.Энхбаяр 2000-2004 онд МАХН-ын дарга, Монгол Улсын ерөнхий сайд байхдаа өөрийгөө зүгээр нэг алба хаших ээлж оногдсон төрийн зүтгэлтэний зэрэгт харуулахыг төвдсөнгүй. Түүнээс цаашлаад “Үндэсний удирдагчийн  энтэй” гэдгээ үнэмшүүлэх гэж үзэл суртлын компанийг рекламны роликтой хамт явуулсан билээ. Энэ үзэл суртлын компани маршал Хорлоогийн Чойбалсангаас хойш Монголын нийгмийн амьдралын түүхэнд үзэгдээгүй цар хүрээтэй болсон юм. Тоталитар дэглэмтэй социалист Монголын удирдагч байсан Ю.Цэдэнбал  дарга ч ичиж үхмээр эрээ цээргүй сурталчилгаа явагдаж билээ. Ямар сайндаа л “Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл” Энхбаяр хоёр л телевизээр гардаг боллоо” гэсэн наргиа яриа  гарч байхав дээ. Н.Энхбаяр түүнийг тойрон хүрээлэгчдийн ийн хийрхсэний гол зорилго нь  тухайн улс үндэстэнд байж болох хамгийн дээд эрх мэдэлд хүрэх явдал байлаа. Мэдээж тухайн улс үндэстэнд Үндэсний удирдагчаас том  эрх мэдэл хаана байх вэ дээ!

Энэ зорилгод нь манай ард түмэн 2004 оны УИХ-ын сонгуулиар сүрхий цохилт өгсөн. Н.Энхбаярын мөрөөдөлд МАХН чирэгдэн,  УИХ-д 36-хан суудал авч сонгуульд ялагдсан. Ардчилсан улс оронд, өөрийн намаа сонгуульд нэг  хүнээр ч ялагдуулсан бай, намын даргын албан тушаалаа өгдөг номтой.  Яагаад гэвэл, ардчилсан нийгэмд  эрх мэдэлд дуртай гэлээ ч хариуцлага хүлээх чадваргүй байна гэдэг  байж болшгүй хэрэг юм. Харин Н.Энхбаярт хариуцлага хүлээх чадвар, соёл байсангүй. Угаасаа эрх мэдэлд шуналтай хүний зан. Гэхдээ намын нөхөд нь цаг алдвал хариуцлага тооцож мэднэ гэдгийг ойлгож  байлаа. Тэрбээр Идэвхтэнээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй ч гэх шиг үг хэлүүлж,  УИХ-ын  анхдугаар чуулганыг бойкотлон Хүрэлсүхээр бүрээ бөмбөртэй жагсаал цуглаан хийлгэх зэргээр нийгмийг мөргөлдөөнд турхиран намынхаа нөхдийн анхаарлыг өөрөөсөө зайлуулж чадсан юм. Ийнхүү намын даргын албаа алдалгүй тогтоогоод зогссонгүй албан тушаалд очихын тулд урваж шарвахыг энүүхэнд үзэх эвслийн хийгээд манай намын зарим нөхдийг ашиглан зүтгүүлсээр УИХ-ын дарга болоодохсон билээ. Н.Энхбаярыг УИХ-ын даргад томилохын тулд ямар айхтар үнэ төлсөн гэдгийг өнөө хир олон хүн ойлгоогүй л байгаа.

УИХ-ын даргыг томилох зөвшилцөл нь эрх мэдэлтнүүдийн дур зорго, хүсэл зоригийг хууль зүй, төрт ёсныхоо дээр өргөмжилж орхисон тун ноцтой баримт юм. Ф.А.Хаекийн өгүүлснээр хууль зүйт ёс нь засаглалын дур зоргын үйлдлээс бие хүнийг хамгаалж байдаг “эрх чөлөөний бамбай” юм. Үүгээрээ хууль зүйт ёс нь ардчилал, эрх чөлөөний аугаа зарчим, амин сүнс нь болно. Үүнийг ойлгоодховол Н. Энхбаярын зөвшилцөл ардчилалд ямар ноцтой хохирол учруулсныг ухаарахад төвөггүй.

Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Энэ ялалтыг нь албан тушаалаар барьцаалагдсан манай намынхан, хичнээн тэнэг инээдэмтэй байлаа ч юмыг яаж мэдэх вэ хэмээн горьдож тус тусдаа нэр дэвшин өрсөлдсөн мунхаг амбицтай сөрөг хүчний нөхөд үндсэндээ хангаж өгсөн юм.

Н.Энхбаяр  уг сонгуульд ялсны дараа эрх мэдэлд шуналтай занг нь илчилсэн бас нэгэн хэрэг явдал болсныг нь өөрийнхөө сонгуулийн ажлыг удирдаж хамтдаа амжилтад хүрсэн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыгаа намын даргад нэрийг нь дэвшүүлээгүй жийж орхисон явдал. Угаасаа эрх мэдэлд  шуналтай хүн өөртэй нь  өрсөлдөхүйц нэгнээс жийрхэж жудаггүй зан гаргадаг нь  бүр ёс юм  даа.  Харин миний хувьд түүний энэ шийдвэрт баяр хүргэмээр байлаа. Учир юу гэвэл С.Баяр нь нь хүчтэй ерөнхийлөгчийн засаглалын төлөө байдаг хүн. Улс төрийн ийм зорилготой хүн МАХН-ын дарга байх нь лав ардчилагчдын хүсэх зүйл биш.

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүнд өнөөгийн үндсэн хуулиар олгогдсон хязгаарлагдмал эрх хэмжээ чамлалттай байх болно. Одоо мань эрийн зорилго Үндсэн хуулийг өөрчилж хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тогтоох явдал. Бүрэн эрхээ дөнгөж хэрэгжүүлж эхлээд байгаа түүнээс энэхүү холын биш зорилтын үнэр ханхалж эхлээд байгаа юм. Хэрэвзээ  Н.Энхбаяр  санасандаа хүрвэл ардчиллын утгыг алдагдуулж, явцыг сааруулах бас нэгэн аюул гарч ирнэ. Ардчилал алдагдсанаар гаднын улсын нөлөөнд автаж бие даасан байдлаа алдахад хүрнэ.

1992 оны намар өвлийг дамжин 76 хоног хуралдаж  өнөөгийн Үндсэн хуулийг баталсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат бид зориуд хязгаарлагдмал эрхтэй  Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалын хэлбэрийг сонгож  авсан. Гаднын  зарим судлаачид хагас  ерөнхийлөгчийн засаглал  гэх нь ч бий. Хагас ч бай, хязгаарлагдмал  эрхтэй ч бай, ерөнхийлөгчийн засаглалыг  зориуд сонгож авцгааасны учир гэвэл гаднын гүрний удирдлага доорх ганц хүний дарангуйллын түүхэн сургамжийг тооцон үзэж ахин тусгаар тогтнол, бие даасан байдлыг алдагдуулахад чиглэгдсэн Орос, Хятадын аливаа оролдлогоос сэргийлэхэд онцгой анхааран, эрх мэдлийг тараан хуваарилах явдлыг үндэсний тусгаар тогтнол, түүний дархлаа болсон ардчилалтай холбон ойлголцсонд байгаа юм. Үүнийг проффессор М.Стивен Фиш тун мэргэн олж харсан байдаг. Эрх мэдлийг тараан хуваарилах үзэл санаа нь манай үндсэн хуулийн амин сүнс. Үндсэн хууль баталсан тэдгээр АИХ-ын депутатуудын түмэн зөв байсныг манай улс төрийн амьдрал болон ардчилалд шилжиж буй хуучин социалист орнуудын туршлага батлан харуулсаар байна. 2000-2004 онуудад МАХН-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд засаглалын бүх салаа мөчрүүдийг бүрэн хяналтандаа авсан байлаа.  Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди болоод, намын даргын хувьд УИХ-ыг ч атгачихаад байсан Ерөнхий сайд Н.Энхбаярын эрх мэдэл харьцангуй тэнцвэртэй байсан учир ардчилал арай ч бөхчихөөгүй билээ. Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалыг сонгож авсан бусад орнуудад ардчилал толгой дараалан устаж,  нэг хүний дарангуйлалд ороод байна. Зарим буурай  орон  мөнөөх дарангуйлагчдаа чирэгдэн бие даасан байдлаа алдаж сонирхогч их гүрнүүдийн нөлөөнд автан, тоглоомын улс болцгоож байна. Н.Энхбаяр Үндсэн хуулийг өөрчилж хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тогтоож чадаад, манай улсын геополитикийн ач холбогдол өсөн нэмэгдвэл ( ингэх хандлага байна ) ийм хувь заяа Монголчууд биднийг ч тойрч өнгөрөхгүй. Тэр тусмаа  Н.Энхбаярын Ерөнхий сайд байхдаа хойд Солонгосын  дарангуйлагч Ким Чен Иртэй уулзаж Солонгосын хойгийн асуудалд жинтэй оролцогч болох гэж хөглөснийг сонсоод, Корсикийг Францтай нэгтгэн    Францын хаан болсон Наполеон, Монголын хаан ширээг  хятад цэргийн хүчээр булаан авч Монголыг Хятадтай нэгтгэн Юань гүрнийг байгуулсан Хубилай хаан мэт жижиг үндэстний далай мэт  амбицтай нөхөр үү дээ? хэмээн дэгсдүүлж бодоход хүрсэн юм. Ийм амбицтай дарангуйлагчаар л бусад их үндэстэн тоглодог юм. Дарангуйлагчдаа чирэгдэн Хятад их үндэстэнд дагаж  орлоо хэмээн сэрүүн зүүдлэхгүй л юмсан !


Авилга

Авилга Монголын тал нутгаар тахал мэт тарж, ардчилал маань түүнд нэрвэгдэн өвчилжээ. Зарим улс төрчид авилгалд автах боллоо. Авилгач улс төрчдийн хүсэл зориг, дур зоргод  ширвэгдсэн хууль зүйт ёс ( давын өмнө төр, засгийн институцууд нь хуульд захирагдаж байх ёс ) алдагдаж, Үндсэн хууль, хуулийн үйлчлэл суларлаа. Анхны парламент болох Улсын Бага Хурлын гишүүд хувийн хүсэл зоригийг удиртгал болголгүйгээр өөрөө ч, өрөөл бусад ч нэг мөр даган мөрдөж болохуйц хуулийг цэвэр тунгалаг сэтгэлээр хэлэлцэн баталдаг байсан бол түүний үйл хэргийг Их гэдэг өргөмжлөлтэйгээр буухиалан авсан УИХ өнөөдөр цаанаа ямагт улс төрчдийн амин хувийн ашиг сонирхлыг тооцож агуулсан хууль дүрмийг хэлэлцэн баталдаг болжээ. Хууль тогтоох эрх мэдэл маань нийтээр дагах эрх зүйн хэм хэмжээг тогтоох бус, эрх баригч нам, бүлэглэл тэдний ойрын хүрээллээс бусдыг захиран засаглах дур зоргыг хуульчлах эрх мэдэл болон хувирчээ. Байдал ийм ноцтой болчухуйд Үндсэн хулийн цэц маань Үндсэн хуулиа хамгаалахын оронд хүчтэний аяыг дагуулсхийгээд л  дүгнэлт гаргах зуршилд автаж байна. Үүний уршигаар иргэдийн эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар тодорхойлсон зүй ёсны хязгаарлалтаар бус улс төр бизнесийн бүлэг түүний гишүүдийн ашиг сонирхлоор хязгаарлагдах боллоо.  Дур зоргын засаглал газар авч байна. Чөлөөт хэвлэл, хараат бус шүүх иргэдийн халдашгүй эрх зэрэг ардчиллын тулгуур институтуудыг дахин мөрөөдөхөд хүрэх нь ээ. Төрийн захиргааны байгууллагууд  ард иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхдээ чирэгдүүлж хүнд суртал гаргах нь угтаа авилга авах арга юм. Авилга өгөөдхөвөл ажил ч хурдан бүтэж, албан тушаалтны ааш зан зөөлөн намдуу болоодохно. Манай иргэд төрийнхөө өмнө өгч чадах хээл хахуулийнхаа хэмжээгээр хэмжигдэж ялгаварлан гадуурхагдах нь ердийн үзэгдэл болжээ.

Авилга манай нийгмийн засаглалын бүх салаа мөчир, салбар төвшинг хамран халдварласны уршигаар Монгол орон  маань бүхэлдээ иргэдийн үзэл бодол, итгэл үнэмшил, ёс зүй, зарчим, нэр төр, андгай тангараг,  жудаг, ёс суртахуун, эх орноо хайрлах сэтгэл гээд хүн ёсны бүгдийг бараа таваар болгон зардаг нэгэн том хар зах болоод байна. Мэдээж энэ  зах дээрх том наймаачид нь төрийн зүтгэлтэн, засгийн төлөөлөгч, улс төрч, төр, захиргааны албан хаагчид зэрэг болно. Нэг нь  үзэл бодол, итгэл үнэмшил, зарчмаа зарж, нөгөөх нь албан тушаал, мөнгөөр төлбөр хийж байх жишээтэй. Нам, бүлэг, фракцуудын хооронд болж буй эрх мэдэл, албан тушаалын төлөөх тулалдаан нь, уул шугамандаа, нэг нь үнэ цохиж, нөгөө нь үнэ дуудаж буй үнэ хаялцуулах худалдаа явж буй хэрэг. Төрийн захиргааны ажилтнууд хүнд суртал гаргаж буй нь мөн л гарын үсгээ үнэ хаялцуулж буй хэрэг.

 Энэ зах дээрх худалдан авагч нь дотоодын этгээд төдийгүй гадаадынхан байгааг харахад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал хаа нэгтээ өлгөөтэй байгаа юм биш биз гэх айдас төрмөөр. “Иргэдээсээ газрыг нь хурааж авч өгч чадаагүй байж телевизээр гараад байхдаа яадгийм” хэмээн нэгэн хятад иргэнд загнуулаад хулганан зогсоо Чингэлтэй дүүргийн газрын албаны даргыг  хараад мөнөөх үзэл баримтлалын маань нэгэн хуудасны тасархай хэдийн нь борлогдчихсон  явж байна даа гэж гол харласныг нуух юун.

Ардчилсан сонгууль маань үнэ мөнгөний сонгууль болон хувирлаа. Зарим нэгэн хариуцлагагүй сонгогчид  санал өгөхдөө зүгээр нэг санал өгөөд байгаа бус  ард түмний засаглах дээд эрхийг хэрэгжүүлэн  өөрт нь үйлчилэх учиртай төр засгийг сонгож буйгаа умартан тухайн агшины авцаа өгцөөг харж байгаа нь дэндүү харамсмаар. Тэгээд сонгуулийн дараа ядарсан зүдэрсэн байдал, шийдэгдээгүй хуримтлагдсан асуудлаа ярин дараагийн сонгуулийг хүлээнэ. Сонгогчдын энэ хууртамтгай зан нь улс төрчидийн залхай, бяралхуу занг улам бүр өөгшүүлнэ. Ийм байдал цаашдаа газар авах ахул мөнгийг нь хангалттай төлөөд дарангуйллыг тогтоож болох аюултай!

АРДЧИЛСАН НАМЫН ДОРОЙТОЛ

 

    “Тоншуул” сэтгүүлд хэвлэгдсэн хонин дээр чоно мордчихсон “Өөрөөр зөвшилцвөл идчихнэ шүү” гэж хэлж байгаа шог зургийг хараад ёстой л инээхэд ч хэцүү, уйлахад ч хэцүү санагдаж билээ. Юу гэвэл, мордсон чоно нь МАХН, мордуулсан хонь нь миний нам, Ардчилсан Нам. 15 жилийн өмнө шавийг нь тавьж явсан нам маань өнөөдөр чухамдаа энэ хонь шиг болчихоод байгаа юм.

Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүхийн шинэ үеийг эхлүүлсэн 1990 оны ардчилсан хувьсгалыг манлайлагч,  иргэдээ нэг намын дарангуйллаас чөлөөлөгч, малыг нь малчдад, орон сууцыг нь үнэ төлбөргүйгээр (ам. м-ийг нь гурван зуун жаран мянгаар гэж үнэлэн зарахаар төлөвлөж байсан юм шүү!) иргэддээ хувьчлан өгсөн, гадаадад чөлөөтэй зорчих, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэн бишрэх зэрэг эрхийг нь тэмцэн байж олж өгсөн, хэлмэгдэгсдийн   хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь нөхөн төлбөр өгөх ажлыг санаачлан зохион байгуулсан нам шүү дээ. Энэ мэт тов тодорхой хийсэн ажлуудтай, зуу гаруй мянган гишүүдтэй, дор хаяж дөрвөн зуу гаруй мянган сонсогчдын тогтвортой дэмжлэгтэй хүчирхэг нам яахаараа МАХН-д мордуулаад улс төрийн ирээдүй нь барайчихсан байдаг билээ?!

    Мэдээж, дотроо эв түнжингүй байснаас гэж нэг хэсэг нь тайлбарлахад, нөгөө хэсэг нь урвагч нараасаа боллоо, гурав дахь нь намын байгууллагууд нь ажиллахгүй гэх зэргээр олон янзын тайлбар сонсогдох биз. Гэхдээ энэ олон янзын тайлбар бүгд нэг л үндэстэй юм. Тэр нь манай намын удирдлагын хүмүүсийн олонхи нь нийгмийн төлөө явах зорилгоо хойш нь тавиад, аль болох том дарга болох гэсэн амин хувийн зорилгыг шүтэн бишрэх болсонд оршино. Мэдээж даргын суудал хэмжээ хязгаартай, тэр тусмаа зиндаа нь томрох тусам бүр тоо нь цөөрдөг хуультай. Жишээ нь Ерөнхий сайд гэдэг даргын албан тушаал цорын ганц байдаг. Гэтэл тэр ганцхан албан тушаалд даруйхан очихоор шунан тэмцэгчид нь дор хаяж тав байна. Ингээд тэдгээр нөхөд ичиж зовохыг ч умартан хоорондоо үзэлцэнэ. Чи Ерөнхий сайд болохоороо намайг сайд, агентлагын дарга гэхчилэнгээр томилбол хүчийг нэгтгэн “Алд биеийг алдартал үзэлцэнэ” хэмээн нөгөө хэд  рүү хошууран гүйгчид захаас аван гарна. Тэгээд албан тушаалын өгөө аваагаа тохиролцож чадсан  чадсанаараа нэгдэн нийлж,  түүнийгээ “Алтан гадас”, “реформ клуб” гэх зэргээр гоё нэр өгөөд намаа яйртал, гишүүдээ хүний нүүр харахын эцэсгүй болтол өвөр хоорондоо тулалдана.

Хадан гэртээ очих нь тулчихаад үхэхээсээ өмнө нэг дарга болоод үзье гэж байгаа нэгнийг бол бас ч ойлгож болмоор. Гэтэл бидний үеийнхэнд нэр төрөө хог дээр хаячихалгүй шударгаар зүтгээд нэг юманд хүрчих хангалттай нас бий шүү дээ!  Ийм энгийн зүйл ойлгохгүй болтлоо мунхран үзэлцэхдээ лав л Эх орноо хөгжүүлье гэж шатаж яваа юм биш. Төрийн албан очиж түүгээр бизнес хийх санаатай зүтгэж байгаа нь нууц биш. Мэдээж, хэн дийлсэн нь тэр албан тушаалдаа очино, төрийн албаар бизнес хийж ашиг олох л байх. Гэхдээ луйвраар олж авсан баялагийг эргээд тогтоон барихад тун хэцүү. Дарга байхдаа баян цатгалан байснаа, ажилгүй болохоороо арчаагаа алдаад гэр ,орноо бүү хэл, өөрийгөө ч аваад явж чадахгүй хүнийг би олон харсан.

    Өөрийгөө дарга болгох туйлын ганц зорилготой хүн гишүүддээ яаж хандах нь ойлгомжтой. Тэднийг эрх мэдэлд хүрэх улс төрийн зорилгынхоо хэрэгсэл төдийд үзнэ. Хоорондоо уралцаж амьтаны өмнө шившиглээд зогсохгүй өөрсдийг нь амин хувийнхаа улс төрийн зорилгоор ашиглах төдийхнөөр намын амьдралд оруулаад үүд хаалгаа хаадаг байхад гишүүд намаасаа хөндийрөн намын  байгууллагуудын ажил уналгүй яахав.

    Зуур зуураа нийлэн сүрэглэж талцаад хоорондоо үзэлцсэн тэднээс өөрт нь нэн дуулгавартай, дагаар орохоо амласан бүлэгт МАХН албан тушаал амлана. Угаасаа дарга болох гэж үхэн хатан тэмцэж буй хэнбугай ч МАХН-д урван очих нь жам юм. Тэгээд МАХН-д урван очсон хүмүүсээс арай тэнэгийг нь сонгож авдаг. Тэгээд тэдэнд сайдаас  уруудаад ашиг сонирхолыг нь онцгой хөндөхөөргүй албан тушаалуудыг найр тавьж өгнө. Албан тушаалд очигсод нь угтаа барьцаанд очиж байгаа хүмүүс юм. Улс төрийн шаардлагатай үед нөгөөх албан тушаалыг нь авна гээд сүрдүүлэхэд манай нөхөд ёстой л хонь болно. Зөвшилцлөө эргэж харна, огцруулна гэх мэтээр сонгуульд нэр дэвшигчийн хувьд нэрийг нь татуулж байх жишээтэй.

Манай нам МАХН-д дагаар орсон бүлэг, албан тушаалын барьцаанд орсон нөхдөөсөө болоод “Тоншуул” сэтгүүлд зурсанчлан, МАХН-д нохой мордуулаад тун арчаагүй байдалтай байна. Манай нам ийм байгаагүй ээ. Бид хувийн сонирхлоо хойш нь тавьж нийгмийн төлөө гэсэн сэтгэлээ урьтал болгодог байсан юм. 1990 онд Д.Ганболд, Д.Дорлигжав хоёрыг шадар сайдын албыг хашуулахаар явуулахдаа МАХН-тай давын өмнө хийх шинэчлэлийнхээ хөтөлбөрийг ягштал тохирч байсан. Мэдээж хийх ажлаа ингэж тохиролгүйгээр зөвхөн албан тушаалд нь дурлаж Ганболд, Дорлигжав хоёрыг зүтгүүлсэн бол тэр хоёр яавч энэ саналыг хүлээж авахгүй байлаа. Бид ийм чин шударга сэтгэлтэй байсан. Түүнд бидний хүч чадал оршиж байсан. Тэр үед бид МАХН-д мордуулах биш, МАХН-ыг мордож чаддаг байсан. Хувийн ашиг сонирхлоо бүхнээс дээгүүр тавьдаг улс төрчдөөс болоод өнөөдөр манай нам доройтоод  байна. Монголын ардчиллын нэг гол багана нь ийм байдалд орсон нь ардчилалд тулгарч буй бас нэг аюул.


Хариуцлагын дарамт

    1990 оны ардчилсан хувьсгалыг халуунаар дэмжих үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож явсан олон хүн өнөөдөр хувийн амьдралын бэрхшээлдээ түүртэж гайхширсан, ардчилал, зах зээлийн тогтолцоонд итгэх зориг мөхсөн байгаа нь харагддаг. Тэд ардчиллын төлөө тэмцэж явахдаа тавьж байгаа зорилтын зөвхөн нэг талыг харж байжээ. Тодруулбал, нийгмээ ардчилсан болгосноор бие хүн эрх чөлөөгөө олж авна гэсэн медалийн нэг талыг хараад угтаа эрх чөлөөгөө олж авсан бол өөрийнхөө амьдралын сайн муу байхыг хариуцах хариуцлагын хүндийн төв өөр дээр нь бууна гэдгийг төдийлөн ухаараагүй бололтой. Гэтэл эрх чөлөөтэй байх сайхан боловч хэнд ч даатгаж нялзаах аргагүйгээр амьдралаа хариуцаад, тэгээд бас өөр шиг нь сайхан амьдрахыг хүсэж байгаа нийгмийн бусад гишүүдээ өрсөлдөн байж хөтлөөд явна гэдэг тун амаргүй болохыг ялалтын маргаашнаас эхэлсэн шинэ амьдрал үзүүлээд өглөө. Тэд эзнээсээ чөлөөлөгдсөн боловч яаж амьдрах ухаанаа олохгүй зогсож байгаа боолтой адилхан байдалд орсон юм.

    Монголчууд бидний хувьд, ардчилал, зах зээлийн нийгэмд өөрийгөө хариуцан амьдрахад бүр хэцүү болгосон түүхийн учир шалтгаан бас байсан юм. Манжийн захиргаанд дагаар орсноос хойш 90 оны ардчилсан хувьсгал  хүртэлх 300 жилийн турш Монголын нийгэм хэт үзэл сурталжсан, бие хүнийг бүтээлч хөдөлмөрөөс үлэмж хөндийрүүлсэн байдалтай явж иржээ.

    Ардын хувьсгалаас өмнө эрчүүдийн ихэнх нь хийдэд шавилан сууж гүрэм ном айлдахаас өөр дорвитой зүйл бүтээдэггүй байсан. Социализмын үед шинэ нийгмийнхээ бүтээн байгуулалтанд оюуны болоод биеийн хүчээ хуу зориулахаар шийдсэн нэгэн үеийнхний ид насан дээр бүтээлч хөдөлмөрийн жавхаа дөнгөж нэг харагдаад дараа нь угаасаа социалист нийгмийн иргэдийн нийтлэг шинж болох нийтийн сангаас (улсаас) аль болох их зүйл авах өөрөө аль болох бага хувь нэмэр оруулах (хөдөлмөрлөх) зуршилд автагдсан юм. Үнэндээ хүний хийж бүтээсэн зүйлийн цалингаас бусдыг нь төр хурааж аваад байхаар ямар хүн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх урам зоригтой байхав дээ.

Гэтэл үнэ төлбөргүй боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бүх нийтийг заавал ажлын байраар хангах зэрэг асар өндөр өртөгтэй төрийн халамжийн арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд өөр ямар ч арга байдаггүй. Ийнхүү нийгмийн гишүүд нь бага хөдөлж, их ав гэдэг зарчимтай, хөдөлмөр хийхчээн болсноор баялаг нь нэмэгдэх бус хорогдсоор лангуун дээрээ бор давс, хар гоймонтой үлдсэн. Барааны хомсдолд автсан хүмүүс ажлын байран дээрээ хулгай хийдэг бас нэгэн муухай зуршилтай болж авсан.

    Мах комбинатынхан махаа, сүүний үйлдвэрийнхэн сүүгээ, гурилын үйлдвэрийнхэн гурилаа, талхны үйлдвэрийнхэн талхаа хулгайлан гэр лүүгээ зөөцгөөж байсан.

 Улс орон тэр чигээрээ эхлээд Шарын шашны, 1921 оноос хойш Марксизм-Ленинизмын дугуйлан мэт үзэл сурталжсан нийгмийн хэв загварт хүлэгдсэний гайгаар иргэд нь өөрөө амьдралаа аваад явчихаар боловсорч чадсангүй. Тэрбээр дипломыг боловсрол гэж эндүүрэн, хоосон номчирхсон, ер бусын сэхээтэнсэг зантай нийгмийн давхрага бий болсон. Малчин, ажилчин зэрэг нийгмийн бусад хэсэг нь тэднээс үлгэр авна хэмээн итгэх боловч нөгөөдүүл нь угтаа мөрөөдөөд, яриад, цэцэрхээд байх боловч ханцуй шамлаад хөдөлмөрлөчих зүрх зориг тун муутай. Ухаантайгаа харуулан мэтгэлцэх нь лут боловч чаддаг зүйл хомс. Ер нь л сэхээтнүүд нь толгой сайтай боловч залхуу нь дэндсэн сургуулийн сурагч мэт болчихсон юм даа.

    Өнөөдөр хөдөлмөрлөх зориг мохоо, үзэл суртал, мистикт автсан сэтгэлгээтэй, төрийн халамжинд дулдуйдсаар хувийн амьдралаа аваад явчих туршлага, боловсрол хомс цөөнгүй хүн нийгмийн шинэ харилцаанд хөлөө олохгүй бажгадаж байна. Тэд хэн нэгний ивээл халамжийг эрэлхийлэн эрх чөлөөнөөс дайжихад бэлэн болоод байгаа нь ардчилалд учирч буй бас нэг аюул мөн.


Бизнесменүүд

Эрх  чөлөөнөөс дайжихад бэлэн бологсдын дотор манай томоохон бизнесмэнүүд байдаг нь үсгэн дотор тоо цохиж явна гэдэгтэй адил хачин жигтэй санагдах биз. Ажилгүйдэл ядууралд нэрвэгдээд зүдэрч буй хүмүүс ивээл халамж эрэлхийлэн эрх чөлөөгөө ч найр тавин өгөхөд бэлэн яваа нь харамсалтай боловч ойлгож болохтой зүйл. Гэтэл эрх чөлөөт нийгмийн буяныг хамгийн их хүртэж, урьдын амьдралдаа зүүдэлж ч зүрхлээгүй тансаг хангалуун амьдрал өөртөө бий болгож чадсан бизнесмэнүүд эрх чөлөөнөөс дайжаад зогсохгүй, түүнд дайсагнаж эхэлдэг нь ер бусын хэрэг юм. Мэдээж тэд эрх чөлөө, ардчилал руу ил цагаан, шууд дайраагүй, олонх нь ингэж дайрч байгаагаа мэдэх ч үгүй, ердөө л болохоос болохгүйд нь хүртэл янз бүрийн аргаар бизнесээ хийгээд явж байна гэсэн ойлголттой яваа. Эрх чөлөөний хураар цэцэглэн өндийгч бизнесмэнүүд хур тэжээлээ үгүй хийхээр мугуйдлах, ер бусын энэ хэргийн учир шалтгааныг нээн харах нь зүйтэй.

2004 оны УИХ-ын сонгуулиар Монголдоо толгой цохих том бизнес эрхлэгчид сонгогдож гишүүн болцгоосон юм. Миний хувьд бизнес эрхлэгчид УИХ-д олноороо орж ирсэнд ихэд олзуурхаж одоо л тэд эдийн засаг дахь төрийн оролцоог эрс багасгаж, зах зээлийг эрчимтэй либералчлан, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх ажлыг хийнэ хэмээн бодож байлаа. Эдийн засгийн салбарт хоёр дахь “хувьсгал” хийгдэнэ  гэдэгт найдаж байв. Ийм хувьсгал шаардлагатай байсан юм.

Монголын бизнес эрхлэгчдэд ноогдох татварын ачаалал, нэг хүнд ноогдох ДНБ нь 10000 орчим  ам.доллар байдаг орныхтой ижил. Гэтэл манай улсын нэг хүнд ноогдох ДНБ нь 400 ам. долллар шүү дээ! Үүнээс харахад, манай бизнес эрхлэгчид болон бизнес татварын ямар лут дарамтад “амь зууж” байгаа нь тодорхой. Ийм их татварын хамгийн гол аюул нь бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчдад хандах ямар ч боломжгүй болгож байгаа явдал. Татварын дарамтаас зугатахын эрхэнд хоёр баланс хөтөлнө.  Нэг нь татварын албанд зориулсан, нөгөөх нь өөрийн ажил хэрэгт зориулагдсан байна. Ийм хоёр баланстай бизнесмэн яаж  хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө оруулагчдад хандан хувьцаа худалдаж авахыг санал болгох билээ. Манай оронд ирж ажилласан хөрөнгө оруулалтын шинжээч Брус Норланд “Монголд өсөх ирээдүйтэй олон компани байгаа боловч хөрөнгө оруулагчдын тавьж буй шаардлагыг хангах нэг ч компани байсангүй” гэсэн дүгнэлт гаргасан байсан. Хөрөнгө оруулагчдад хандаж чадахгүй болсны эрхэнд үйл ажиллагаагаа өргөтгөх хөрөнгийн эх үүсвэрээ өндөр хүүтэй, хугацаа богинотой арилжааны зээлээр орлуулж  өндөр хүүтэй  зээлийн дарамтад орно. Ёстой гайхмаар нь гаднын хөрөнгө оруулагч ( хөрөнгө орууулалтын зүйрлэшгүй хямд эх үүсвэртэй ) нараас олон дахин хүнд нөхцөлд өөрийн эх орондоо үйл ажиллагаа явуулж, төрсөн тоонотдоо гадуурхагдан суудаг. Энэ мэтээр бизнес эрхлэгчид эдийн засгийн, улс төрийн, хяналт шалгалтын гээд зүсэн зүйлийн дарамтад байдаг билээ. Тийм болохоор манай бизнесмэнүүд, тэр тусмаа том бизнесмэнүүд ( учир нь томрох тутам татварын дарамт нэмэгддэг )  нь уур нь хүрч уушиг зүрх нь сагсайж явдаг. Тэр нь судалгаагаар ч харагддаг, яриад үзсэн ч мэдэгддэг билээ. УИХ-д ийм ууртай бизнесмэнүүд ороод ирэхээр хоёр дахь хувьсгал гарна гэж бодолгүй ч яахав.  Гэтэл хараад байсан чинь УИХ-д орж ирсэн бизнес эрхлэгчид  “хувьсгал” хийх нь битгий хэл төрийн зүгээс үндэсний бизнест халдаж буй өргөн хэмжээний түрэмгийлэлд  хувь нэмрээ оруулах янзтай болсон нь намайг цочоож орхисон билээ. Бүр гайхаад учрыг нь олох гэж хирээрээ оролдсон. Юу ч атугай  төртэй түншлэн нийлж  чөлөөт зах зээл рүүгээ довтлох хэд хэдэн учир шалтгаан тэдэнд  бий болохыг эхний удаа олж  хараад байгаагаа та бүхэндээ тоочъё.

Нэг. Зах зээлийн шударга өрсөлдөөн нь бизнес эрхлэгчээс байнга их хүч хөдөлмөр шаардна. Энэ их хүч хөдөлмөр гэдэгт нь хөдөлмөрлөх зориг тэвчээр, ухаан, боловсрол, овсгоо, хурд, мэдрэмж бүгд багтана. Эдгээр чанар, хүссэн бүхэнд байдаггүйгээр барахгүй саяхан бизнес хийх эрх чөлөөгөө олж авсан манайханд бүр дутмаг. Өдөр бүр өмнө нь шинэ сорилт, шинэ даалгавар тавих зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөн  тэрхүү сул талыг нь ямагт хөндөж байгаагаас сэтгэл түгшсэн бизнес эрхлэгчид төрийн дэмжлэгтэйгээр зах зээл дээр өөрийн давуу байдлыг тогтоохыг чармайж байна. Тиймээс төрд найр тавьж түншлэн, чөлөөт эдийн засгийн тогтолцоо руугаа дайрч байгаа юм. Энэ нь хоол иддэг тогоо руугаа нулимахтай адил хэрэг биш үү. Өмнө нь бизнес эрхлэж байсан  гишүүд зарим салбарын  бизнесийг дэндүү их ашиг олж сувдаг байна гэх зэргээр УИХ дээр дайрч байгаа нь төрийн индрийг ашигласан зальхай зан билээ. Их ашгийн төлөө явах  нь чөлөөт эдийн засаг дахь бизнесийн нэгдүгээр дүрэм биз дээ?  Өөрийнхөө эрхэлдэг бизнесийн тухай хэзээ ч тэд ингэж хэлж зүрхлэхгүй. Татвар, цагдаа, хяналтынхантай хавсайдан бусад өрсөлдөгчдөө  дарамтлан бизнесийг нь шахдаг  явдал газар авсан нь нууц биш ээ. Арга нь татвараас нуугдаж олсон ашгаа татвар цагдаагийнханд хувь болгон хувааж өгөөд, бусад өрсөлдөгчөө хуулинд заасан татварыг ёсчлон төлүүлэхийг шахан шаардуулах явдал. Татвар нь төлөгдөөгүй барааны үнэ, татвар нь ёсчлон төлөгдсөн барааны үнэ хоёрын хооронд ямар өрсөлдөөн байх вэ!  Ийнхүү төртэй сүжрэн төрийн хүчээр зах зээл дээр давуу эрх олж авч байгаа нь мөсөн уул мэт үйл явцын харагдаж байгаа орой нь л юм.

Хоёр. Ногоон гэрлийн компани ч гэх шиг, өндөр технологийн салбар ч гэх шиг манай төр бизнес эрхлэгчийг төлсөн татварын хэмжээ, эрхлэж буй салбарынх нь төрлөөр ялгаварлан гадуурхдаг нь бизнесүүдийг төртэй түншлэх дурыг бий болгодог. Мэдээж төр нь энэ бизнес сайн, энэ бизнес бүр өхөөрдөм, тэр бизнес муу, тэр бизнес бүр адгийн гэх зэргээр ялгаварлаад ирэхээр УИХ-д эзэд нь орж ирээд өөрийнхөө бизнесийг өхөөрдүүлэхийг хүсэлгүй яахав.

Гурав. Монгол улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 47 хувийг буюу Азийн хөгжлийн банкны гаргасан дүгнэлтээр  Азид хамгийн өндөр нь юм. Азийн хамгийн жижиг орон хамгийн том төсвийн зарлагатай байдаг байна. Төрийн эдийн засагт эзлэх энэ  жингээр бид Хятадтай зэрэгцүүлэхэд “их гүрэн” ажгуу. Ийм нүсэр төсвийн зарлагыг нь бодоод үзсэн ч төрийн мэдлийн “  Эрдэнэт“, “ Багануур”, ”Төвийн эрчим хүч”, “МИАТ” зэрэг  том том улсын үйлдвэрийн газруудын хэрэглээг  тооцоод үзсэн ч  манай төр зах зээл дээрх эгнэшгүй хэрэглэгч юм.  Энэ аварга хэрэглэгчтэй түншлэх нь манай том бизнесмэнүүдийн бас нэг улс төрийн зорилго билээ.

Миний олж харсан эдгээр шалтгаанууд нь  төр бизнес хоёрын түншлэхийн уг чанарыг харуулах биз ээ. Бизнесмэнүүд төртэй түншлэх олон янзын арга бий. Түүний нэг нь өөрсдөө улс төрд биечлэн оролцож төрийн түшээ, Засгийн газрын гишүүн болох явдал. Амин хувийн явцуу сонирхолтой бизнесмэнүүд төрийн хийгээд улс төрийн хэрэгт хутгалдсанаар улс төрийн  харилцаа нь үнэ тохирч бараа солилцож байгаа арилжаа мэт болсон. Өмнө нь хэн нэгийг сайд зэрэг төрийн хариуцлагатай албанд томилохдоо хариуцсан асуудлаар төрийн бодлогыг хэрхэн явуулах хийгээд тухайн албандаа тэнцэх, хувийн зан чанарыг нь байцаан хэлэлцэж, шүүн тунгаадагсан. Одоо бол тохирсон юм гэх буюу, захын хэллэгээр бол, үнэ тохирч наймаа явагдчихсан гээд ороод ирдэг болсон.

Цөөн тооны бизнесмэн төртэй хутгалдаж түншлэн бусдын бизнес хийх эрхийг хааж байдаг нийгмийг Эрнандо де Сото мерканталист нийгэм хэмээн нэрлэсэн  байдаг. Манай хойд хөрш Орос оронд мерканталист нийгмийн сонгодог загвар тогтоод байна.  Үүнийг Березовский, Ходорковскийтон өөрсдөө бий болгоод одоо түүнийхээ золиос болоод байна. Нигймийн мерканталист хэв загварын    туйлширсан хэлбэр нь фашизм юм! Хэзээ ч өөрийн гэх өмч хөрөнгөтэй байж үзээгүй бага дарга Гитлер, түүний фашист төрийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнөөс хамгаалах хэрэгсэл болгох гэж оролдсон германы бизнесмэнүүд  дараа нь өөрсдөө булшлагдсан нь түүхийн гашуун сургамж.

Харамсалтай нь, өнөөдөр төрийн халамж хүртэхийн тулд улс төрд хутгалдан яваа манай олон бизнесмэнүүд Шахт, Ходорковский нарын эмгэнэлт түүхийг мартан,  ардчилал эрх чөлөө рүүгээ   төрийн хүчийг чиглүүлэн дайрч байна.

 


Хүний эрхээр жаргахаар

өөрийн эрхээр зовъё

Социологийн судалгааны дүнгээр, Монголын ардчилал ард түмний зүгээс хангалттай дэмжлэгтэй явж ирсэн боловч мөн болгоомжилвол зохих төдий чинээ учир шалтгаан бас байгааг  миний бие та бүхэндээ сонордуулах гэж чадан ядан оролдлоо. Шинэ тутам  илэрч байгаа байгалын баялгийн их хэмжээний нөөц, түүнийг даган хэрэгжих төслүүдийг булаацалдах улс төр, нөлөөллийн бүсээ шинэчлэн тогтоохоор оролдож байгаа их гүрнүүдийн өрсөлдөөн, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхээр зүтгэх улстөрчийн ажиллагаа ба түүнийг нь дэмжиж байгаа гаднын их гүрний оролцоо,  ардчилал, эрх чөлөө, эх орон гэх мэт үнэт зүйлсийг бараа мэт зах дээр тавихад хүргэж байгаа авилга,   ардчиллын локомотив болсон улс төрийн хүчний доройтол, эрх чөлөөг даган ирэх хариуцлагын дарамтаас цуцаж эрх чөлөөнөөс дайжихад бэлэн этгээдүүд,  зах зээл дээр төрийн дэмжлэгтэйгээр  давуу эрх олж авахыг шунах бизнесмэнүүд зэрэг олон хүчин зүйлийн эвсэлтэй ардчилал, эрх чөлөөгөө хамгаалан бид тэмцэх шаардлагатай болоод байна!

Ардчилал бол монголчууд бид өөрөө өөрийгөө гаднын хэнээр ч заалгахгүй мэдэхийн баталгаа, тусгаар тогнолын дархлаа. Ардчилал, эрх чөлөөний үзэл санаа нь монголчууд бид түмэн жил буман бэрхшээлийг туулан байж олж авсан үзэл санаа юм.  Иргэдийн маань хүсэл зоригт хамгийн нийцсэн нь энэ билээ.

Манай ард түмэн  “ Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовъё “ гэсэн мэргэн үгтэй билээ. Хувь иргэн нь төрийн дарангуйллаас, улс үндэстэн нь харь гүрний дур зоргоос хамгаалагдсан байх монголчуудын хүсэл зоригийг  энэ үг илүү ч үгүй дутуу ч үгүй илэрхийлж байгаа нь лавтай буй за!