Монголын ардчилсан нам сөрөг хүчин болох шийдвэр гаргасан. Энэ бол үнэхээр ач холбогдолтой шийдвэр. Учир нь, парламентат ёсыг амьдруулах, олон түмнийг төөрөгдлөөс гаргах, Ардчилсан намыг өөрийн эрхэм зорило байр сууриа хадгалж үлдэх боломжийг уг шийдвэр хангаж өгч байгаа юм.


Парламентат ёсыг  амьдруулах нь


    Парламентат ёсны оршин тогтнох үндэс нь Засгийн газар байгуулах эрхээ олж авсан олонхи, сөрөг хүчин болж хоцорсон цөөнхийн хууль тогтоох эрх мэдлийн түвшин дэх ажил хэргийн өрсөлдөөн юм. Энэ тухай либерал номлолын нэгэн сартваахь Людовиг фон Мизэс “Намуудын байр суурь хэтийн болон цаг үеийн бодлогын тодорхой асуудлаар ялгаатай байж болно. Тодорхой хэлбэл_,  засаг барьж байгаа, засаг  барихыг хүсдэг гэсэн хоёрхон нам байж болно. Тодорхой хэсгийн эрх ашгийг хангах, өөрийн гишүүдийг албан тушаалд оруулахын тулд  бус, өөрийн үзэл санааг хууль тогтоомжид тусгаж, улс орныг удирдахдаа хэрэгжүүлэхийн тулд засгийн эрхэнд гарахыг мэрийх нь сөрөг хүчний жинхэнэ зорилт мөн. Гагцхүү ийм нөхцөлд парламент, парламентат засгийн газар амьдрах чадвартай байна” хэмээжээ.  Людовиг фон Мизэс энэ үгийг яг 99 жилийн өмнө, урьдчилан мэдсэн юм шиг өнөөдрийн УИХ дахь Ардчилсан намын гишүүдэд  “хандан”  хэлсэн байгаа юм даа.

    Үндсэн хууль батлагдснаас хойш Ардчилсан нам сөрөг хүчин болохоо зарласан саяхны үйл явдал хүртэл бүтэн арван дөрвөн жилийн турш парламентат ёс нэг л амь орж өгөхгүй байсан юм. УИХ хууль хэлэлцэж гаргаж байсаан. Гэхдээ үйл ажиллагаанд нь эрх баригч ба сөрөг хүчний ажил хэрэгч, оюун ухаанаа уралдуулсан, амьд мэтгэлцээн дутаад байжээ.1992-1996 онуудад УИХ-д сөрөг хүчин бүрдэж чадаагүй, ардчилсан хүчний зургаан төлөөлөгч УИХ-д сонгогдсон боловч тэд ядахдаа бүлэг болчих эрхгүй байж.1996-2000 онд МАХН сөрөг хүчин болсон авч үйл ажилгаанд нь шингэсэн коммунист арга барил нь УИХ-ыг бойкотолж гацаахаас өөрөөр ухааныг нь ажилуулаагүй юм.. 2000-2004 онд ахиад л сөрөг хүчингүй УИХ бүрдэв. Харин 2004 онд УИХ-д, Засгийн газраа бүрдүүлсэн эрх баригч олонхи, тэдэнтэй оюун ухаанаа уралдуулан хүч сорьсноор ирээдүйд засгийн эрхэнд орно гэсэн тооцоотой ажиллаж чадахуйц хангалттай хүчтэй сөрөг хүчин бий болох нөхцөл арайхийн бүрдсэн юм. Гэтэл зөвшилцөл үүнийг нурааж орхисон билээ.

Энэ мэт багагүй бэрхшээлтэй замыг туулсан Монголын парламентат ёс, Ардчилсан нам сөрөг хүчин болохоо зарласнаар сая амь орох төлөвтэй. М.Энхболдын Засгийн газрыг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэхийг манай хүмүүс өглөө таван цаг хүртэл үзэхдээ парламентат ёс амилахыг харж байгаа нь тэр. Зарим нь бүр сумогоо үзсэнгүйг яана. Намрын чуулганы төгсгөлд батлагдсан УИХ-ын дэгээр, цаашид УИХ-ын чуулганы хуралдааны сондгой долоо хоногийн баасан гарагийн арван таван цагаас Засгийн газар, сөрөг хүчний хооронд нээлттэй мэтгэлцээн зохион байгуулж байхаар болсон. Манай парламент ардчилсан парламентын сонгодгийн жишигт дөхөж байна гэсэн хэрэг юм.


Олон түмнийг төөрөгдлөөс гаргах нь


Миний бичсэн “Төөрдөг байшин” хэмээх нийтлэлийг уншсан найз маань төгсгөл муу болжээ гэж шүүмжилсэн нь зөв байлаа.Үнэхээр би, Ардчилсан нам сөрөг хүчин болоход төөрдөг байшин мэт болчихсон улс төрийн будилаанаас Ардчилсан нам өөрөө төдийгүй олон түмэн гарах  хаалгаа олно гэж гэж дууссан бол нийтлэл маань нөхрийн шүүмжлэлд өртөхгүй байсан боловуу.

Ард түмний төлөө хамтран ажиллая гэсэн яруу сайхан урианд олон хүн автамтгай болохыг манай улс төрчид андахгүй. Уул шугамандаа хоёр өөр философтой нам зөвхөн улс үндэсний өмнө дайн, дотоодын самуун мэт онц аюултай байдал нүүр тулсан үед  хамтран ажилладаг байна.Түүнээс биш бүх гишүүдийг нь нам болгон нэгтгэсэн цорын ганц учир шалтгаан болох философоо буюу итгэл үнэмшлээ бие биедээ  тушаахгүй нь, зарчмын өөр үндэстэй итгэл үнэмшлүүдээс селекц хийн эрлийз философи гаргахгүй нь ойлгомжтой. Тэр тусмаа тухайн улсад цорын ганц байдаг засгийн эрх мэдлийн төлөө “социалист уралдаан” зарлачихсан өрсөлдөгчид бол бүр ч үгүй.

Яг үнэндээ дараагийн сонгуульд тус тусдаа орж өрсөлдөх намуудаас  бүрдэх учир Засгийн газар бүрэлдэхүүнд нь орох аль ч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Жишээ нь хүүхдийн мөнгө олгох тухай Ц.Элбэгдорж ярих бүрийд Хувьсгалт нам битүүхэн архирч эхэлдэг байв. Хувьсгалт нам ингэх нь аргагүй. Хэрэв хүүхдийн мөнгө олгогдвол дараагийн сонгуульд Ардчилсан нам сонгогчдын дэмжлэг авна гэж тэд болгоомжилж байгаа юм.

Ийнхүү сонгогчид аливаа хамтарсан засгийн газрын анхаарлаас гадна үлдэх нь хууль. Сонгогчдоо мэхлэх хирнээ ард түмний төлөө ажиллаж байна гэдэг нь зүгээр л үгэн тоглоом.Сонгогчид гэдэг нь угтаа насанд хүрээгүй болон хариуцлагагүй бусдаа төлөөлж санал өгдөг ард түмэн билээ.

Хамтарсан Засгийн газрын улс төрийг анхаарах гэсэн хэн бугай ч төөрдөг байшинд орсон мэт болно. Баруун, зүүн, төв, төвөөс баруун, төвөөс зүүн, урагшаа, хойшоо гэх зэрэг бүх чигийн үзэл баримтлал холилдсон байна. Хаашаа чигтэй явж байгаа нь үл мэдэгдэх Засгийн газар гэсэн үг. Засгийн газарт оролцсон нам бүр сонгогчиддоо амласан мөрийн хөтөлбөрөөсөө чимх чимх, ямх ямхыг аваад хольсон тул хөтөлбөр нь холион бантан.  Ирэх сонгуулиар өөр хоорондоо өрсөлдөх учир Засгийн газар байгуулагдсан өдрөөс уг засагт орлцогч намууд муур хулгана болж тоглоно. Нэг намын нөхдүүд дотроо эрх баригч, сөрөг хүчин болж хуваагдана.Бүр нам дотор сөрөг хүчний фракц байгуулагдана. Ийм улс төрийг эгэл сонгогч байтугай нь учрыг олохгүй төөрөлдөнө. Ингэж төөрөөд эрэгцүүлэн ухаарах чадвараа алдсан ард түмэн хамтарсан Засгийн газарт хэрэгтэй. Засгийн газар популист үг яриа, арга хэмжээний ард нуугдаж зоргоороо авирлах боломжтой.

Ардчилсан нам сөрөг хүчин болсноор энэ бүхнийг таслан зогсоох боломж бүрдэнэ. Ардчилсан нам сөрөг хүчин болохуйд ард түмэн, үзэл баримтлал, хөтөлбөр бодлого, улс төрийн байр суурийн ялгаа заагийг тодорхой харж эрэгцүүлэн шүүх нөхцөл бүрдэнэ. Сөрөг хүчин болсон Ардчилсан нам олон түмнээс Засгийн газрын үйл ажиллагааг хянах зэвсэг болно.


Арчилсан намын байр суурийг хадгалах нь


2004 оны 8 дугаар сард Ардчилсан нам, Хувьсгалт намын хооронд хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээр эхэлсэн. Энэ мөчөөс Ардчилсан нам УИХ дахь гишүүдийнхээ албан тушаалд очих гэсэн сохор дур хүсэлд татагдан Хувьсгалт намын ойрын хийгээд алсын эрх ашгаа тооцсон бодлогын гар хөл болж эхэлсэн. Зөвшилцлийн эхэн үед Ардчилсан намын дарга М.Энхсайхан өөрийг нь Ерөнхий сайд болоход дэмжлэг үзүүлнэ гэх горьдлогтойгоор Хувьсгалт намын дарга Н.Энхбаярыг УИХ-ын даргад зүтгүүлэв.Тэр үед Н.Энхбаярыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн Хувьсгалт намын саналыг хүлээж авах боложгүй гэдгээ илэрхийлээд зөрүүлэн хэн нэгний нэрийг дэвшүүлсэн бол лав Н.Энхбаяр УИХ-ын дарга болох боломж үгүй байсан юм. Харамсалтай нь, М. Энхсайхан хэлсээр байтал энэ боломжийг зориуд ашиглаагүй. Зөрүүдлэсээр Н.Энхбаяарыг УИХ-ын дарга болгосон. Мэдээж Н. Энхбаяр болсон хойно өөрийн хэргийг бүтээж аваад М. Энхсайханыг мэхэлсэн. М.Энхсайханы улс төр мэх ихт мэхэндээ гэдгийн үпгэр болсон.

Ардчилсан намын хувьд үйл явдал бүр сэтгэл шимширмээр өрнөсөн.Үндэсний Зөвлөлдөх Хороо М. Энхсайханыг намын даргаас нь дүрэм, ёс журмыг зөрчин огцруулж, оронд  Р.Гончигдоржийг томилсон. Ерөнхийлөгчийн сонгууль  зарлагдахаас дөрвөн сарын өмнө,Ардчилсан намын ганц боломжит нэр дэвшигчийг тэр шүү дээ!  Ийм илт тэнэг улс төр энэ дэлхийд байгаагүй биз.Намын даргаас хууль бусаар огцорсон, түүнийхээ заргыг авахаар хоёр сар шүүхийн үүд сахиж байдгаа барсан М. Энхсайхан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг тураалд орсон морь давхихтай адил байсан юм. Ийнхүү Н. Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд эргэлзээгүй ялсан.Үүний дараа ахиад л Хувьсгалт намын тооцсон улс төр явлаа. Улаанбаатар хотын дарга М.Энхболдыг намынхаа даргаар томилж, улмаар УИХ–д нэр дэвшүүллээ. М. Энхболд УИХ-ын гишүүн болох төдийхөн сонирхлоор нийслэлийн Засаг даргын албаа орхихыг зөвшөөрөөгүй нь мэдээж. Тэрбээр  УИХ-д хамгийн олон суудалтай намын даргын хувьд УИХ-ын жир нэгэн гишүүнээр хичнээн сууж тэвчих билээ. Анхнаасаа л Ц. Элбэгдоржийн оронд очих зорилготой нь илт байв. Ийм хүнд УИХ-ын 65 дугаар тойргийг зүгээр тавьж өгснийхөө горыг долоон сарын дараа Ерөнхий сайдаа огцруулан байж Ардчилсан нам амссан юм. Р.Гончигдорж нарын улс төр бас л мэхт мэхэндээ гэдгийн үлгэрийг харуулсан. Найман сарын зөвшилцлөөс сөрөг хүчин болох хүртэл  Ардчилсан намын улс төрийн намтар товчхондоо ийм байлаа.

Одоо Ардчилсан нам сөрөг хүчин. Ардчилсан нам албан тушаалаа хадгалж үлдэх сонирхлоосоо болж Хувьсгалт намд барьцаалагдсан хүчин биш. Өөрийн байр сууриа хадгалан тэмцэх эрхтэй болсон.

Ийнхүү Ардчилсан нам сөрөг хүчин болсноор, эрх баригч, сөрөг хүчин гэсэн хүчний хуваарилтатын үр дүнд парламентат ёсны үндэстэй манай төр, төөрөгдлөөс гарсан ард түмэн, барьцаанаас мултарсан Ардчилсан нам хожно. Ардчилсан нам сөрөг хүчин болсны ач холбогдол үүнд оршино.Харамсалтай нь, Ардчилсан намын өнөөгийн Үндэсний Зөвлөлдөх Хороонд зөвшилцлийн хий үзэгдэл тэнүүчилсээр байна. М.Энхболдын Засгийн газрыг огцруулан, Хувьсгалт намтай дахин зөвшилцөх замаар, эс бөгөөс зарим сайдыг чөлөөлөх маягаар эргэж албан тушаалдаа очих санааг зарим хүмүүс тээсээр байна.Сонгуулийн хугацаа ойртох тусам Хувьсгалт нам манай энэ хүмүүсийг өдөж догионо.  Учир нь,  зөвшилцлөөр өдөөн хатгаж Ардчилсан намыг дахин бусниулах, дотоодын зөрчлийг нь дэвэргэж нийтийн өмнө нэр хүндийг нь унагаж сонгуульд орохыг сонирхох нь лавтай.Тэр тусмаа Ц. Элбэгдоржийн Засгийн газрыг адгаж бачуудан огцруулсан  үйлдлээсээ урьд хожид үзэгдээгүйгээр нэр хүндээ унагасан алдангиа ингэж нөхөхөөс өөр ухаан тэд олж чадахгүй.

Ардчилсан намын өмнө сөрөг хүчин байх эрхэм үүргээ хамгаалах амаргүй зорилт тулгараад байна.Сөрөг хүчний буй болгох боломжийг алдах эрх Ардчилсан намд байхгүй.

              

 

Эрдэнийн БАТ-ҮҮЛ