Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!
Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий.
I
Тэр бяртай байна. Эртэй байна. Зоригтой байна. Зорилготой байна. Бас заналтай, мөн гомдолтой байна. Том артай, тэрийгээ нуух шалтгаантай байна. Эцсийн дүндээ хохирогчийн дүрээр ганцаараа үлдэхийг хүсэхгүй байна. Унавал багаараа бас хэтэвч нэгтэй хэсэг бүлгийнхнээ бүгдийг нь аваад унахаа ч ил тод зарлаж байна. Хамтлаг хамтаараа ЛАГ гэдэг шиг л... Ердөө жилийн өмнө юм, хариуцсан албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан даруйд яг ийм авир түүнээс гарсан, лав Ерөнхий сайдын хавь ойроор хэдэнтээ хар муур гүйлгэх шалтаг болж байв.
Бүр болоогүй, “Эрдэнэс Монгол”-д бүтцийн өөрчлөлтөөр бий болгосон Нүүрс, эрчим хүчний группийг удирдаж, цалин, хангамжаа хуучнаар буюу бүтнээр авч үлдэх “болзол”-ыг тулгасан гэдэг л юм. УИХ-ын 30 гишүүн нэгдэн Засгийн тэргүүний өрөөгөөр эргэлдэж асан нь үүний нэгээхэн жишээ. Төрийн өмчит компанийн ганц захирал Ерөнхий сайдынхаа өмнөөс гэдийж, хууль тогтоох дээд байгууллагыг төлөөлдөг гишүүдийн бараг 50 хувь нь шахалт үзүүлж явсны ард ердөө ганцхан шалтгаан бий. Тэр нь нүүрсний гэх хэрэг, түүнийг тойрсон улс төр, бизнес дамнасан бүлэглэлийн эрх ашиг цухуйж байв.
Улс төр байгаа газарт мөнгө бас эрх мэдэл дагах нь зүй. Харин эл зүй тогтолд бизнесийн төлөөллийг татан оролцуулж, гар барьж, хэтэвчээрээ нэгдэж эхэлбэл бодитоор давуу байдал, ашиг сонирхол үүснэ. Бусдын боломжийг хулгайлна, ханцуйндаа наймаалцана. ЖДҮ, Хөгжлийн банкийг цөлмөж, тонох үйл явц ингэж л сууриа тавьсан, эцэстээ гаарсан. Олны анхаарлын төвд яваа, одоо л шүүхийн шатанд ирсэн нүүрсний гэх хэрэг үүний хамгийн том бөгөөд тодорхой кэйс нь. Ард нь улс төр, бизнес, эрх мэдэл, ашиг сонирхол, харилцан хамаарал зэрэг бүгд багтана.
Үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асанд холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн нь зөвхөн мөсөн уулын орой төдий юм. Бэл рүү нь, гүн рүү нь орох тусам хэдий хэмжээний өртөгтэй хэний эрх ашиг хөндөгдөх нь хуулийнхан хэрхэн ажлаа хийснээс бүрэн хамаарна. Баримт нь бас эзэн холбогдогчид нь бараг жил гаруйн хугацаанд олны өмнө ил явсан эл хэргийн процесс яаж үргэлжлэх, ямар шийдвэрт үндэслэж шүүгч алхаа цохих нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл тэмцлийн үр дүнгийн гол хэмжүүр. Ялалт байх уу? эсвэл ялагдал хүлээх үү? гэдгийг цаг хугацаа л харуулна.
II
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилсны дараа Ерөнхий сайд кабинетийнхаа бүх гишүүнд хандаж “Бяд чинь хүрвэл намайг огцруулаарай” гэж хэлсэн удаатай. “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал нь ч, энэ парламентын гишүүд нь ч амар заяаг нь үзүүлэхгүй байсан уу?, хэлж мэдэхгүй, ийм байдлаар амыг нь тагласан байж мэдэх. Араас нь сайд тус бүрээр байр суурийг нь сонсож, хуралдааны протоколд үлдээжээ.
Хэзээнээс улс төрд нөлөөтэй, хэтэвч нэгтэй явж ирсэн нүүрсний гэх хэрэгт нэр цохогдсон “Эрдэнэс Тавантолгой”-н экс удирдлагууд тэргүүтэй хүмүүстэй сайд нар нь ямар нэгэн сэжмээр холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй байвал сайн дураараа ажлаа өгөхийг ч сануулсан юм билээ. Чухамдаа Ерөнхий сайд нь өөрөө гарч ирээд нүүрс гэх хэргээр шүгэл үлээсний хувьд энэ хэмжээний улс төр хийх эрх нь мэдээж бий. Ядаж л хаалттай хаалганы цаана явдаг танхимынхаа хуралдаанаар ярьж, хэлсэн асуудлыг, байр суурийг гадагшаа санаатай, санамсаргүй задруулж, “алдана”, тэр хэрээрээ улс төр хийх “шипи”-г бусдадаа өгөхгүй гэх баталгаа байхгүй. Аливаа мэдээллийг хөндлөнгөөс хэн нэгэн биш дотроосоо өөрсдөө задалдаг бичигдээгүй хууль Монголын улс төрд уламжлал болтлоо тогтсон учраас.
Ийм байдалд орохгүй, эхлүүлсэн тэмцлээ бүдгэрүүлэхгүй, эрчийг нь сулруулахгүйн тулд л сайд бүрээс нэгбүрчлэн амыг нь асууж, протоколд тэмдэглүүлсэн Ерөнхий сайдын эл үйлдэл мэдээж зөв. Мөнхийн найз, дайсан биш мөнхийн эрх ашиг нь л дийлдэг, дийлж ирсэн улс төрд тархиндаа давхар нүүдэлтэй явж гэмээн алдах магадлал нь бага. Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг нь үнэн л юм бол нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулж илэрхийлсэн сайд нарын байр суурийн үнэ цэнэ хэзээ нэгэн цагт хамгийн чухал баримтын нэгд тооцогдож, тодрох нь лав.
III
Улс төр, нийгмийн хүрээлэлд Б.Ганхуяг хэмээх дүр тойрсон хувь хүнийг нь фокуслаж буйгаас нүүрсний хулгай улстөрчдийн бүтээсэн тогтолцооноос үүдэлтэй гажуудлын дам нөлөө гэдгийг ярихгүй байгаа нь асуудлын нэг зангилаа. Хамгийн бодит АСУУЛТ нь. Байж ирсэн, байх ёстой юм шиг хандлагын бэтэг нь олон жилийн турш томорсоор өнөөдөр хагарч буй нь л Б.Ганхуяг өөрөө юм. Түүнд нам байсан уу, байлаа. Эрх мэдэл байсан уу? байв. Тэрбум биш их наядаар тоологдох төсвийн ерөнхийлөн захирагч байхдаа тойрон хүрээлэгч, хамтрагчдаараа бүчүүлж бас гэдийж явсан уу? гэвэл тийм. “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулсан цагаас хойш ажилласан үе үеийн гүйцэтгэх захирлаас хамгийн нөлөөтэй нь хэн байв? Мөн л тэр. Гэдэг нь энэ компани байгуулсан 11 жилийн тав нь Б.Ганхуягтай холбогдоно.
Харин өнөөдөр тэр хамгийн том мөнгөн дүнгийн хохиролтой, хамгийн том эсэргүүцэл мөн эгдүүцэл төрүүлэм, хамгийн том эрх ашгийг хөндөж мэдэх хэргийн гол дүрээр шүүхийн өмнө очлоо. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёулаа түүнд хамаарна. Нэг нь нүүрсний оффтэйк гэрээний хүрээнд, нөгөөх нь “Эрдэнэс Тавантолгой”-н их наядаар хэмжигдэх ашгаар санхүүжүүлсэн төмөр зам. Монголчууд өөрсдөө төмөр замаа барьсныг үгүйсгэх аргагүй, эсрэгээрээ алга таших шалтгаан мэдээж мөн. Гагцхүү аман дээрээ бахархал төрүүлчихээд ачир дээрээ хэдхэн хүний, хэсэг бүлгийн эрх ашгийг гүйцэлдүүлэхэд чиглэж ирсэн нь нүүрсний гэх хэргийн утасны үзүүрээс хуулийнхан атгах шалтгаан гэдэгтэй хэн ч маргахгүй.
Тэгэхээр хэн нэгнийг айлгах, өрсөлдөгчөө нухчин дарахаар нүүрсний гэх хэргийг зориуд, зохион байгуулалттайгаар гаргаж ирсэн хэмээх Ерөнхий сайдыг чиглэсэн шүүмжлэл, хардлага хэтэрхий өрөөсгөл, үндэслэл багатай. Тэр хүнтэй биш тогтолцоотой сууриар нь тэмцэж байна. Тогтолцоогоо өөрчилж, шинэчилж, салхи оруулахаар эхлүүлсэн тэмцлийн нэг дүр нь л Б.Ганхуяг. Цаг хугацааны дэнс, тогтолцооны гажуудал нь л хүссэн ч, эс хүссэн ч ийм арга хэмжээ авахад хүргэсэн нь гэсэн үг. Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий.
Өөрөөр хэлбэл, шүүх хурлыг хойшлуулах, хийхгүй байх нь хэнд ашигтай тусах вэ? тэдэнд л хэрэгтэй. Тэгэхийн тулд аль болох гаднаас нь, дотроос нь гацаах операци МАН-д төдийгүй энэ парламентад идэвхжиж эхэлсэн үү? гэвэл тийм. Үндсэндээ Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компаниасаа "шанага нүүрс" авсан, аваагүй эсэх нь анхаарал хандуулах, шүүх сэдэв биш. Харин хэзээ, хэнд ямар шалтгаанаар давуу байдал үүсгэж, хэдий хэмжээний мөнгийг хуулиас гадуур эргэлдүүлснийг мэдэх нь чухал, ач холбогдол өгөх гол сэдэл. Тэр болтол Б.Ганхуяг нар лав бууж өгөхгүй нь бололтой. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг л...! Эцсийн дүндээ хүн засагладаггүй хууль засагладаг болсон цагт л бодит утгаараа Монгол Ялна!
UZEG.INFO