Зохиол нь Монголд бичигдсэн гүтгэлэг учраас АНУ-ын шүүх үл тоосон гэнэ
Өнөөдрийн цалин тэтгэвэр, маргаашийн хүүхдийн сургууль, эмнэлгээсээ гар татан байж цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн мөнгөнөөс хэн гэдэг эрхтэн дархтан дур мэдэн гадны хувийн мөрдлөгийн компани өндөр үнээр хөлсөлсөн. Тэр компани нь хэний даалгавар, санхүүжилтээр Монгол төрийн нэр барьж АНУ-д хуулийн компани, хэвлэл мэдээллийн байгууллага хөлсөлж ажилласан зэрэг асуудлыг тодруулах л үлдлээ.
Хэд хоногийн өмнө “Монголын улстөрчдийг гадаадад захиалгаар бичүүлдэг дотоодын технологи хэнийх вэ?” нийтлэлдээ Ерөнхийлөгчийн сонгууль угтан сонгуульд нэр дэвших магадлал бүхий хэд хэдэн улстөрчидтэй холбоотой улс төрийн зорилготой гүтгэлэг бүхий мэдээлэл гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахаар бэлтгэгдэж буй талаар бичсэн билээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орны нөхцөл байдал амаргүй байгаа үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах вакцин хөөцөлдөхийн оронд ийм юм хийж, түүнийгээ тараах завтай яваа тухай бичсэн бэх хатаж амжаагүй байхад Монголын улстөрчид гадны хэвлэл мэдээллийн байгууллага, бүр хувийн мөрдлөгийн болон хуулийн компани хөлслөн ажиллаад АНУ-ын шүүхийн байгууллагад “амаа алгадуулж” өөрсдөө олон улсын хэмжээнд шившиг болж яваа талаар мэдээлэл тодорхой хүрээнд ил боллоо.
Тодруулбал, нэр бүхий улстөрчид гадны хувийн мөрдлөгийн компани хөлслөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит улстөрчөөр нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Сү.Батболдын талаар материал бүрдүүлэн АНУ-ын шүүхэд нэхэмжлэх гаргасан байна. Ингэхдээ өнөөх л Монголын улстөрчдийг буулгаж авах зэвсэг болоод буй Оюутолгойн гэрээний асуудлыг ашигласан байгаа юм.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын олон жилийн турш нэр холбогдож байгаад саяхан намжсан төмөр замын төслийн гүйцэтгэгч Samsung C&T компанийн захирлаар ажиллаж, манай улсад 1996 оноос хойш бизнес эрхэлж байсан БНСУ-ын иргэний Монголд болон хилийн чанадад хийсэн бизнес, хөрөнгө мөнгийг Сү.Батболдтой холбон дэвэн дэлхийн хов жив, шар мэдээ хамж шимсэн “гүтгэлэг”-тээ ашиглажээ.
Үүгээр ч зогсохгүй уг материалдаа Монголын төрд өндөр алба хашиж явсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр гээд олон улстөрчийн талаар интернэт дэх “хар бор” мэдээллүүдийг орчуулаад багцлан хавсаргасан байжээ. Эндээс сүүлийн үеийн улс төрийн хүрээний “хар бор” мэдээллийг нэг л эх үүсвэрээс гаргаж, зохион байгуулалттайгаар тараадаг байжээ гэж дүгнэж болохоор байгаа юм.
Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол Улсын шүүхэд биш АНУ-ын шүүхийн байгууллагад гаргасан нэхэмжлэхдээ тэд нэхэмжлэгч байгууллагын нэр дээр “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-ийн нэрийг хуурамчаар ашигласан байгаа юм. Эндээс л тэдний энэ ажил ямар хэмжээний худал хуурмагаар дүүрэн болох нь харагдана. Өнөө маргаашийн сонгууль, албан тушаал эрх мэдлийн төлөө эх орныхоо нэр хүндийг юман чинээ үзэлгүй уландаа гишгэж, Төрийн байгууллагуудын нэрийг ашигласан хуурамч материал бүрдүүлэн гадны хэвлэлийн байгууллагуудруу хандаж байгаа нь Монголын улс төр хэр хэмжээнд бохирдсныг харуулна.
Монгол Улс 1990 онд зах зээлд шилжсэнээс хойш гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр төр, хувийн хэвшилгүй эрвийх дэрвийхээрээ ажиллаж ирсэн. Манай улсын эдийн засгийн өнгийг тодорхойлж буй томоохон бизнесүүд бүгд шахуу гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, тэдэндтэй хамтран өнөөдрийн өндөрлөгт хүрсэн байдаг. Жишээлбэл MCS групп Хонконгийн “Керри” групптэй хамтран Шангрила зочид буудал, Кока кола брэнд зэрэг дэлхийн хэмжээний бизнесүүдийг Монголд эхлүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурын тэрбумтан Билли Лимтэй Баянгол зочид буудлыг хамтран эзэмшиж, дэлхийд гайхагдах Цонжин болдогийн Чингисийн морьт хөшөөг түүний хөрөнгө оруулалттай босгон өөр олон бизнесийг түүнтэй хамтран эрхэлж ирсэн.
Дээрх жишгээр “Керри” групп, Билли Лимийн болон Монголд хөрөнгө оруулсан бусад гаднынхны бизнес, гадаад, дотоод дахь хөрөнгө мөнгийг монгол түншүүдтэй нь холбож, гүтгэвэл дуусашгүй жагсаалт гарах байлгүй.
Үүгээр ч зогсохгүй АНУ-ын шүүхэд хандсан материал нь олонд дэлгэгдэхээр өмнөх нийтлэлд дурдсанчлан дотоодын хэвлэл, цахим сүлжээгээр сүр бадруулан харлуулах ажиллагаа зохион байгуулахаар бэлтгэж байсан аж. Харин тэд 300 гаруй жилийн түүхтэй АНУ-ын шүүхийн босгыг илт худал мэдээллээр давахгүй нь тодорхой. Нью-Иорк хотын шүүхээс хүсэлт гаргасан хуулийн компани нь хэнийг төлөөлж байгаа нь тодорхой бус, Монгол төр засгийг төлөөлж байгаа гэсэн нотлох баримтгүй хэмээн хатуухан үг чулуудсан гэнэ. АНУ-ын нэр хүнд бүхий хуулийн компани ч гэсэн энэ нь улс төрийн зорилготой, нэр төрд халдах оролдлого гэдгийг тодорхой хэлсэн байна билээ.
Мөн дахин хэд хэдэн улстөрчийн талаар хар материал бэлдэж, “гадагш нь гаргах” ажил ид өрнөж байгаа гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд явж байна. Энэ талаар өмнөх нийтлэлдээ ч дурдсан билээ. Ингэхэд ер нь иргэдийн амжиргаа дордож, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед ямар завтай, эх орноо гэсэн сэтгэлгүй нөхөд энэ мэт улс төрийн “бохир” ажил хийж явдгийг гайхаад баршгүй. Монголын улстөрч, олигархиудын тэмцэл, тэнэглэл Монгол дотроо л байвал барав эх орныхоо нэр хүндийг дэлхийд унагах хэрэггүй баймаар. За тэр ч яахав Монголд зохиосон гүтгэлэг АНУ-д очоод зохих хариугаа авч эхэлж байна. Нэг ёсондоо дэлхийд кейс болдог АНУ-ын шударга шүүх манай улстөрчдийн арга ядсан, зохион байгуулалттай гүтгэлгийг огтоос тоохгүй биз.
Хамгийн харамсалтай нь энэ хууль бус, явуургүй ажиллагаандаа татвар төлөгч бидний мөнгийг ашигласан явдал юм. Өнөөдрийн цалин тэтгэвэр, маргаашийн хүүхдийн сургууль, эмнэлгээсээ гар татан байж цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй төрийн мөнгөнөөс хэн гэдэг эрхтэн дархтан дур мэдэн гадны хувийн мөрдлөгийн компани өндөр үнээр хөлсөлсөн. Тэр компани нь хэний даалгавар, санхүүжилтээр Монгол төрийн нэр барьж АНУ-д хуулийн компани, хэвлэл мэдээллийн байгууллага хөлсөлж ажилласан зэрэг асуудлыг тодруулах л үлдлээ.