Д.Г-т

Хүсэл гэмээнэ боджин биелэх хоног хугацаатай эд юмсанж. Дөрвөн жилийн өмнө би Сиань орж морьт цэргийн бунхныг үзэж сонирхох хүсэлдээ хөтлөгдөн урд хөршийг зорьсон юм. Гэтэл амин хувийн аргагүй шалтгаанаар зорьсон газраа хүрч чадаагүй билээ. Ингээд энэ жилийн зун энэ хүсэл минь биелж, эртний нийслэлд хөл тавих завшаан тохиов.

Тэнгэрийн тэртээ хаяа хүртэл шаргалтах Тамчийн талаар давхиулахад үлэг гүрвэлийн өдий төдий хөшөө баримал дунд асар том салхин сэнс эргэлдэх нь эх дэлхийн эрт балар цаг, хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг нэгэн зэрэг мэдрүүлнэ. Бартаа нугачаа ихтэй Далан хар уулыг “нэвтлэн” Хөх хотод хөтлөх дардан зам мөн ялгаагүй хүний хөдөлмөр зүтгэлийн үр шимээр бахдуулах авай. Хөх хотын өргөн зам, цэлгэр гудамж, урьд ногооны талбай байсан газарт барьж босгосон үлэмжийн сүрлэг барилга байшин, газар үзсэн аяны андын өгүүлснээр эгээ л арваадхан жилийн өмнөх Бээжин хотыг санагдуулах санжээ. Хөх хотоос бид онгоц хөлөглөн цаг гаруйн дараа Сианьд газардав.

Одохуй-зорчихуй-ирэхүй-зохицохуйн орчил дунд өрнөн байдаг хүмүүний оршихуйн нэгэн аргын илрэл болсон аялахуй буюу аялал жуулчлалын тухайд сүүлийн үед Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээс нарийн судалгаа хийж, аялал жуулчлалын тухайт сэтгүүлийн чанарыг сайжруулах, олон улсад нэр хүндтэй шинэ сэтгүүл санаачлах, аялал жуулчлалын судалгаанд өөрийн дэг сургуулийг бий болгохоор зорихын сацуу уламжлалт философийн хүн ба тэнгэрийн зохицолд суурилсан үзэл санаагаар “зөв аялал” хэмээх концепцийг бий болгожээ[1]. Улмаар энэ зарчим тогтвортой хөгжил, “хүн амын асар өргөн хэмжээний, иргэд нийтийн хөгжлийн, материаллаг ба оюун санааны соёл иргэншил хослон зохицсон орчин үеийн, хүн-байгаль хоёрын харилцан зохицсон, энх тайвнаар хөгжих зам бүхий” таван онцлогтой хятад модернизацид эерэг нөлөөтэй хэмээн сурталчилж буй нь үр өгөөжөө өгч байгаагийн тодхон жишээ бол эртний нийслэл Сиань хотын түүхэн дурсгалт газрууд юм. Энд би Сиань хотоос зүүнш 35 км-ийн зайд буй, оргил үедээ өдөртөө даруй 100 мянган хүн үзэж сонирхдог түүхэн дурсгалт хоёр газраар жишээлэн Хятад орны аялал жуулчлалын салбар, тэр дундаа дотоодын аялал жуулчлалын хөгжил дэвшлийг өнгөцхөн боловч таниулъя гэж зорихдоо үүх түүхийг нь мөн цухасхан дурдъя.

Сян-ян, Чан-ань буюу өнөөгийн Сиань хот нь эртний Хятадын Баруун Жоу улсаас Тан улсын үе хүртэл арван төрт улсын нийслэл болсон, алдарт Торгоны замын эхлэл билээ. Цинь улс нь энэ хотноо нийслэлж байсан хоёр дахь төрт улс юм. Цинь Шихуанди нь НТӨ 221 онд Байлдаант улсуудыг нэгэн төрд нэгтгэж, Тэнгэрийн доорх Анхны хуанди хэмээн алдаршжээ. Өргөсөн нэр нь Ин Жэн хэмээх тэрээр НТӨ 258 онд Жао улсын Ханьданьд мэндэлжээ. Нэг хувилбараар Жао улсад барьцаалагдсан түүний эцэг - Цинь улсын Жуансян ван ордонд нөлөөтэй түшмэл Люй Бувэйн татвар бүсгүйтэй дотносож хүүтэй болсон нь хожмын Цинь Шихуанди бөгөөд хүүг үнэндээ Люй Бувэйн хүүхэд гэж үздэг.

Харин нөгөө хувилбараар мөнөөх Люй Бувэй нь Цинь Шихуандийн эцгийг хаан ширээнд суухад хичээнгүйлэн тусалж, өөрөө тэргүүн сайд нь болсон гэлцэнэ. Ямартаа ч Ин Жэн 13 настайдаа сэнтий залгамжлан хаан ширээнд сууж, 9 жилийн дараа эрийн цээнд хүрээд тэргүүн сайд Люй Бувэйд төрийн эргэлт хийхээр хуйвалдсан хэмээн ял тулгаж, алс газарт цөлжээ. Чингээд цэрэг, улс төрийн уран аргаар тухайн үеийн эртний Хятадын зургаан улсыг даран нэгтгэж, хоёр зуун жил үргэлжилсэн Байлдаант улсын эрин төгсгөл болсон түүхтэй. 

Шихуандитай холбоотой монголчуудын сонирхлыг нэн татсан нэгэн сэдэв болбоос ууган хүү нь Хүннүгийн нутагт дутааж одсон гэх яриа юм. Энэ тухайд тодруулж үзвэл, Сыма Цяний “Түүхийн тэмдэглэл”-ийн зургаадугаар бүлэг “Цинь Шихуаны цадиг”-т “Шихуаны 34-р онд (НТӨ 213) төрд тэрсэлсэн Күнзийн суртлын олон эрдэмтнийг цаазлан, цөлөх зарлиг буулгавай” гэж тэмдэглэн үлдээжээ. Тэрхүү зарлиг ёсоор анагаах ухаан, газар тариалан, яст мэлхийн хуяг, төлгөч өвсөөр мэргэлэх, мод тарих судруудаас бусад ном зохиолыг шатаан устгахыг тушааж, эрдэмтэн мэргэдийг ихэд хавчин цөлж байсанд (НТӨ 212 онд) Шихуандийн ууган хүү Фү Сү тэдгээрийг өмгөөлөн айлтгал өргөсөн тул умарш Хүннү нартай байлдаж, хязгаар нутгаа сахиж суусан Мэн Тянь жанжин руу цөлөгджээ. Шихуанди НТӨ 210 онд энэ хорвоог зуурдаар орхихоосоо өмнөхөн нуган үр Фү Сүдээ сэнтийгээ залгамжлуулахыг гэрээсэлсэн захиа бичсэн боловч их тайган Жао Гао, зөвлөх сайд Ли Сы нар мөнөөх захианд тамга дарж илгээлгүй, хааны үхлийг чанд нууцлан, эцгээ дагаж аянд мордсон отгон хүү Ху Хайг залгамжлагчаар тодруулсан хуурамч гэрээслэл үйлджээ. Ийнхүү умард нутагт сууж асан Фү Сүд харин Мэн Тянь жанжны хамт амиа өргөх “хүндтэй эрх соёрхож буй” хуурамч захиа илгээснийг Сыма Цяний “Түүхийн тэмдэглэл”-д мөн тодорхой өгүүлжээ[2]. 

Мөнхийн амьдралыг мөрөөссөн хуанди сэнтийд залармагцаа насан эцэслэх хүртлээ 38 жилийн турш асар том бунхан байгуулж, түүнээсээ зүүн тийш 1,5 км-ийн зайд нөгөө ертөнцөд дагалт болон одох морьт цэргээ шавраар бүтээлгэн, тулалдаанд бэлхэн эгнэн жагссан байдалтайгаар газарт оршоосон нь өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Шавар цэргийн бунхан юм. 

Эзэн хааны бунхны тухайд “Түүхийн тэмдэглэл”-д “Шихуаны шарилыг 9-р сард Лишань уулнаа оршоов. Анхны хаан сэнтийдээ залраад Лишань уулыг ухаж бунхан барьж эхэлжээ. Тэнгэрийн доорхыг нэгтгээд тэрээр 70 түмэн ялтныг тийш илгээв. Гурав дахь усанд хүрсэн тэд бунхны ханыг хүрлээр бүрж, шарилын хайрцгийг буулгачихуй. Бунхныг орд өргөө, сайд түшмэдийн хөшөө баримал, ховор, нандин эдлэлээр бялхтал дүүргээд, урчуудаар өөрөө харвадаг нум сум бүтээлгэн, эзэн хааны бунханд нэвтрэхийг завдсан хэн бугайг ч харваж хөнөөхөөр үүдэнд бэхлэн байрлуулав. Удаа нь мөнгөн усаар их, бага гол, нууруудыг байгуулвай. Бунхны адарт тэнгэрийг, шаланд газрыг дүрсэлж, их тостой дэн барив... Эзэн хааныг оршоож дунд хаалгыг хаамагц нэгэн хүн бунханд үнэт өлөг хийснийг энэ урчууд мэдэж буй тул ам алдах аюултай хэмээжээ. Иймээс эзнийг оршоож бунхны хонгилын дунд хаалгыг хаамагц гадна хаалгыг битүүлэн, тэр дунд байсан урчуудыг амьдаар нь булж, тэндээс нэг ч хүн амьд гараагүй билээ. Ингэсэн даруйдаа дээр нь өвс мод тарьж, уул болгон засав” гэж бичиглэн үлдээжээ. Өдгөө энэ Лишань уулыг хамгаалалтад авсан байна.

Цинь Шихуандийн морьт цэргийн бунхан нийт гурван хэсэгтэй (дөрөв дэх нь хоосон тул барьж дуусгаагүй гэж үздэг), одоогоор 8000 гаруй шавар цэрэг, агт морины хөшөө баримлыг малтан гаргажээ. Морьт цэргийн бунхан нь тойргоороо 6 км орчим хэмжээтэй, эхний хэсгийг 1978-1984 онд, удаах хэсгийг 1985-1986 онд, гурав дахь хэсгийг 2009 оноос малтаж эхэлжээ. Эхний хэсэг нь уртаашаа 230 м, өргөөшөө 62 м-ийн хэмжээтэй; тоосгон шал, модон дам нуруутай 11 хонгилд 6000 гаруй шавар цэрэг эгнэн жагсжээ. Харьцангуй цөөн тооны морьт, явган цэрэг, морин тэрэгтэй хоёр дахь хэсгийг цэргийн хамгаалалтын тойрог гэж үздэг бол цэргийн захирагч, даамлуудын хөшөө барималтай гурав дахь хэсгийг цэргийн яам гэж тодорхойлсон байна. Хоёр, гурав дахь нүхийг өдгөө хүртэл малтсаар байгаа бөгөөд бунхны гурван хэсэгт тус бүр нь орчин үеийн агааржуулалт, гэрэлтүүлэгтэй том битүү байгууламж босгон үзэж сонирхоход тухтай орчныг бүрдүүлжээ. Бунхнаас гармагц төрөл бүрийн бэлэг дурсгалын худалдаа, хоол, цайны газруудтай бүхэл бүтэн гудамж байгуулсан нь оргил үедээ өдөрт 60 000 хүн үздэг энэ дурсгалт газрыг аялал жуулчлалын том төв болоход чухал үүрэгтэй байна.

Нанхиад нутгийнхан түүнчлэн эзэн хаад болоод эрдэмтэн мэргэдийн хоёр төрлийн цэцэрлэг байгуулдаг эртний сайхан уламжлалтай юм. Эрдэмтэн мэргэд, бичгийн хүмүүс эгэл боловч донж маягтай мэргэдийн цэцэрлэг байгуулж, тэр орчиндоо санаа зорилго нэгт анд нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлж байсан бол хаадын цэцэрлэг харин эсрэгээрээ дэгжин чамин засалтай, дээдсийг зугаацуулж сэргээх өнгөлөг сэргэг орчинтойгоороо ялгардаг байжээ. Шавар цэргийн бунхнаас холгүйхэн 5 км-ийн зайд түүхийн өөр нэгэн дурсгалт газар байдаг нь Хуацинчи буюу хаадын цэцэрлэг бүхий Хуациний халуун рашаан юм. Энэ газар аанай л эртний Хятадын Жоу улсаас эхтэй эзэн хаадын өвлийн орд харш, халуун рашаанаар тэтгэгддэг усан сангуудаараа алдартай аж. Тэр дундаа Тан гүрний Сюаньзун хаан, түүний амин хайртай хатан, эртний Хятадын дөрвөн гоо бүсгүйн нэг, “Үгээр зүйрлэмгүй цэцэг” Ян Гүйфэйн хайр дурлалын түүх энэ рашаантай салшгүй холбоотой. Нэгэн үе сайн эрстэй нийлж ядуу дордсыг өмгөөлөн, баяд ноёдтой тэмцэж явсны сацуу Сюаньзун хаанд шадарлаж ордны амьдрал, баян тансагт умбаж асан “яруу найргийн арш хувилгаан” Ли Бай хааны зарлигаар Ян Гүйфэйд олон шүлгээ зориулж, тэр бүрдээ түүнийг сартай зүйрлэжээ. Хайр сэтгэлийн энэ түүх Тан улсын түүхэнд 8 жилийн цуст иргэний дайныг дэгдээж, баруун нутгаа алдан, Тан гүрнийг доройтуулж, төрт улсын мөхөлд хөтөлсөн Ань-Шигийн үймээнтэй мөн нягт холбогдоно. 

Сайхан бүсгүйд сэтгэл алдарсан Сюаньзун хаан түүний удмын Ян овогтыг баруун гарын чинсанд өргөмжилснөөр Тан улсын төр улам бүр ялзарч, ардын амьдрал үгүйрэн доройтож, бослого үймээн тасралтгүй дэгдэж байлаа. Эзэн хаан энэ аюулаас зайлан дутааж, Мавэй өртөөнд очиход цэрэг жанжид нь түүнээс урван, ард иргэдийн уур хилэнг дэгдээсэн Ян овогт чинсанг хөнөөгөөд, Ян Гүйфэйг мөн цаазаар авахыг тулган шаарджээ. Хаан аргагүйн эрхэнд уйлан байж хайртай хатан Гүйфэйдээ амиа тэвчих зарлиг буулгав. Ийнхүү Гүйфэй Мавэй өртөөний сүмийн өмнөх лийрийн модноос боомилж одсон гэдэг. Тэр үед Ян Гүйфэй 38 настай байжээ. Ардын дунд уламжлагдсан нэгэн домогт Ян Гүйфэй нуугдан зугтсаар Японд очсон гэж ярилцдаг. Бүсгүй Японд байхдаа Японы хаанд тусалж ордонд гарсан хуйвалдааныг дарсан гэж тэр домогт өгүүлдэг бөгөөд өдгөө Наран улсад Ян Гүйфэйгийн хэмээх хоёр ч бунхан байдаг ажээ.

Сюаньзун хаан, Ян Гүйфэй хоёрын хайрын өлгий болсон Хуациний халуун рашаанд хаан эзэн, хатад татвар, сайд түшмэдийн угаал үйлддэг, бүлээн рашаанаар тэтгэгддэг гучаад задгай сан байгуулсныг 1959 оноос малтан гаргаж, сэргээн засварлаж битүүлэн хамгаалснаар аялал зугаалгын таатай газар болгоод зогсохгүй амрагчдад зориулсан усанд орох зуу гаруй газрыг нэмж барьжээ. Үүнийг үзэж байхуйд манай Хүннүгийн Луут хот, Шороон бумбагар зэрэг эртний дурсгалт газруудыг энэ мэт хөгжүүлэн хамгаалж, амарч зугаалах таатай орчныг бүрдүүлвээс зорьж очих хүн мундахгүй болов уу гэж бодогдож байснаа нуух юун.

Эцэст нь дүгнэхэд, аялал жуулчлал гэмээнэ аливаа улсын хөгжлийн стратегийн чухал нэгэн салбар болж, хүмүүст үйлчлэн, төрөл бүрийн жижиг дунд үйлдвэрийн хамтын бүтээмжээр эдийн засгийн давхар, нэмүү өртөг шингэсэн үнэ цэнийг бүрэлдүүлдэг хууль Сиань хотноо бодитойгоор хэрэгжиж байна. Аялал гэдэг хүний сэтгэлийг өдөөн сэргээж, долгисуулах нь бий.

Бат-Эрдэнийн Гэрлээ

2023-9-13

[1] ШУ-ны доктор Д.Гантөмөрийн “Аялахуйн философи”.

[2] Цинь Шихуандийн дараа хаан ширээнд суусан Эршихуанди буюу Хоёр дахь хаан гуравхан жил төр барих зуур Цинь гүрэнд асар хүчтэй дотоодын тэмцэл өрнөж, тэрээр өөрийг нь залсан тайган Жао Гаогийн өдөөсөн сайд түшмэдийн шахалт дарамтад өртөн амиа егүүтгэжээ. Түүний дараа Цыин хаан ширээг залгамжилж 46-хан хоног төр бариад Хань улсыг үндэслэсэн Люй Баны цэргийн жанжин Сян Юйн гарт амиа алджээ. Цинь улсын сүүлчийн буюу Гурав дахь хаан Цыинийг Сыма Цянь бээр Фү Сүгийн хүү гэж бичсэн байдаг ч “Түүхийн тэмдэглэл”-дээ “...хоёр хүүтэйгээ зөвлөлдөн” гэж бичсэнээс улбаалан түүхчдийн судалж тогтоосноор энэ хүн насаар бол Фү Сүгийн хүү байх боломжгүй, харин Цинь Шихуандийн дүү Чэнзяогийн хүү байсан бололтой гэж дүгнэжээ.