Ёсзүйн ДЕЛО №7: Онцгой байдлаар овоглосон У.Хүрэлсүх УОК-ийн хамт хариуцлага хүлээх ёстой!
Сүүлийн 20 жилд зургаан удаа удирдсан У.Хүрэлсүх, авлигын хэргээ хаалгаад Элчин сайдаар томилогдсон Т.Бадрал тэргүүтэн өөрсдөө “ГАМШИГ” мөн
Улсын Онцгой Комиссийн албан мэдээ: 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо. Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Туйлын харамсалтай. Энэ салбар сургалтад хамрагдах, үзүүлэх сургууль хийх, эмгэнэл илэрхийлэхээс илүү хүчирхэг байх ёстой. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар хоёр удаа, Монгол Улсын Шадар сайдаар нэг удаа, нийт энэ салбарт зургаан жил дагнаж ажилласан билээ. Түүнээс хойш ажилласан Ө.Энхтүвшин, Я.Содбаатар нар ч мөн л МАН-ынхан бөгөөд нам дотроо амь нэгтэй фракцийнхан гэж хэлж болно. Гэтэл энэ салбарт өөдөлсөн, дэвшсэн тал тун бага харагдана.
Наанадаж 2011 онд УИХ-аар Гамшгаас хамгаалахын төрийн бодлого баталсан нь энэ жил “хугацаа нь дуусчихаж”. Үүнтэйхолбогдуулан Гамшиг судлалын хүрээлэнгээс судалгаа шинжилгээ хийж2021-2030 онд гамшгаас хамгаалах төрийн бодлого ямар байх талаарх саналаа ОБЕГ-т өгсөн, батлагдахаар хүлээгдэж байгаа гэнэ. Энэ бодлого нь гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, төрөөс энэ талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөв тусгаж байхаар УИХ-аар батлагдсан тогтоолтой билээ. Хуульд зааснаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн асуудал Шадар сайдын мэдэлд бий.
Өнөөдрийн байдлаар Шадар сайд С.Амарсайхан энэ талаар хариуцсан үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн үү? Есөн хүний халуун амины өмнө тэрбээр эмгэнэл илэрхийлэхээс өөрөөр хариуцлага хүлээх ёстой юу? Гамшгаас хамгаалах тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 2-нд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийн 23 дугаар зүйлд зааснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэг нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн С.Амарсайханд бий. Мөн Гамшгаас хамгаалан Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны ИТХ-ын дарга тэргүүлэх ёстой. УИХ дээр дурдсан Гамшгаас хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, төлөвлөгөөг батлах, гамшгийн зэрэглэлийг тогтоох үүрэгтэй.
Ийм олон талаас нь хууль эрх зүйн үүрэг хариуцлага, эрх мэдэл хүлээлгэсээр байхад есөн хүнээ олж чадсангүй. Хэдийгээр гамшиг мөн боловч харамсал эргэлзээ дагуулсаар байна. Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28-р зүйлд зааснаар гамшигийн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шуурхай мэдээлэх үүргээ биелүүлсэн үү. Гамшгийн хүч хэрэгслийг дайчлан гаргах, цэргийн анги салбарыг татан оролцуулах санал тавьсан уу? Ер нь үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үеэ хүчтэй салхи шуурганд хүн хайх тусгай зориулалтын техник хэрэгсэл манайд хүрэлцээтэй байсан уу, байгаагүй бол өдийг хүртэлх 20 жилийн хугацаанд юу хийж, бэлтгэж байв?
Түймрийн болон ковидын мэдээгээр Онцгой байдлын ажлыг дүгнэх нь учир дутагдалтай. Хэдийгээр тулгамдсан асуудал мөн боловч хүчээ зөв хуваарилах хуульд заасан зардлыг бэлэн байлгасан, зөв зарцуулсан эсэхийг ч анхаарч харах цаг болжээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.2-т “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, нийслэл, сум, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна” гэж заасан байдаг.
Гэтэл гамшаар овоглосон маш олон тендер зарлагддаг. Тэдгээрээс зөрчил үүссэн тохиолдол дэндүү их. Зарим нь хариуцлагаа хүлээсэн ч төсвийн ерөнхийлөн захирагчаар ажиллаж байхдаа алдаа гаргаж АТГ-т хэрэг үүсгэгдээд байсан этгээд өнөөдөр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байгаагаас харахад энэ салбарт хариуцлагын тогтолцоо байхгүй болсон нь өөрөө салбарынхаа ГАМШИГ юм.
Олон улсын жишгээр бол арав болон түүнээс дээш хүн эндсэн, бүс нутгийн хэмжээнд тодорхой хэмжээний эдийн засгийн хохирол учирсан бол гамшиг гэж үздэг. Харин манай улсад жилд тохиож байгаа аюулт үзэгдэл ослын тоогоор илэрхийлдэгбайна.Улсын хэмжээнд ойролцоогоор жилд 5000 орчим аюулт үзэгдэл, осол бүртгэгддэг. Эдгээрийн дийлэнх нь обьектын болон ой хээрийн түймэр байдаг аж.
Гамшигтай тэмцэнэ гэдэг нь салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахтай салшгүй холбоотой.Дэлхийн улс орнууд гамшгаас хамгаалах тогтолцооныхоо цөмийг сайн дурынхнаар бүрдүүлдэг. Манайд ч мөн адил сайхан сэтгэлтэй малчид эрлийн ажиллагаанд оролцдог. Гэхдээ үүний зохион байгуулалтыг нь УОК, аймгуудын онцгой комисс хийх ёстой. Бодит байдал дээр ЗДТГ-ын харуул, нярав зэрэг төрөөс томилгоотой хэдэн хүний нэрийг жагсаасан байдаг. Сайн дурынхны үүргийг тодрхой болгох тал дээр зохион байгуулалт муу байна. Эцэст нь хэлэхэд дахиад хүчтэй салхинаас иргэдээ аврах хүчгүй тогтолцоог сүүлийн 20 жилд сайжруулж чадаагүй Төрд, төрийг төлөөлж энэ салбарыг удирдаж байсан улстөрчдөд гүн эмгэнэл илэрхийлье.