Ийм гарчгаар соён гэгээрүүлэгч сурган хүмүүжүүлэгч С.Баясгалан багш олон жилийн тэртээ туурвиж байжээ. Түүний бүтээлээс би шууд бүхлээр нь энэ удаа толилуулж байна. Доторхи санаа нь чухал юм, сургамжтай юм. Монголыг дэргэдэх хоёр гүрэн, тэр дундаа ам мэдэн хардаж муулаад байдаг Хятад нь бус, харин монголчууд дотроосоо өөрсдөө л мөхөөж сөнөөж, эс бөгөөс сулруулж чадна, өөр хар хүч, дайсан байхгүй хэмээн би бичдэг, ярьдаг, ухуулдаг, тэр дайсан чинь яг одоо ядуурал ба авилгал болчихоод байна гэдгээ дахин нотлохын тулд С.Баясгалан багшийн нийтлэлийг хүргэж байгаа болно. Торх дотроосоо өтвөл юу болдог билээ...


Дэлхийн улс үндэстний нас сүүдрийг асуувал гучин мянгыг хол давсан ахмад буурал, эрт Нангиадын Хятад, бурхны орон Энэтхэг, түүхэн нугачаанд туучин, үлгэр хүүрнэх дивангарын шидэт Миссир, соёлт Грек, өгөөмөр Везантийг тоосондоо орхиж, эдүгээ бидний үетэй золгожээ. 

Харин Англи-Саксонуудын хэвлийгээс хүй тасарч, хөлд орж хол харайсан дүрсгүй хүүхдүүд, далайчин Коломбо, адал явдал хайгч Васко де Гамын замаар бөмбөрцгийн баруун бөөр, шинэ тив Америк хийгээд өмнөд этгээд Австралийн зүг уулгалан довтолж нэг л мэдэхдээ залуу үндэстний булчин шөрмөс заан АНУ, Канад, Австралийн холбоо, Шинэ Зеланд хэмээх улс гэрийн өрхийг татсан нь саяхных билээ. 

Хүмүүн төрөлхтөний орших, эс орших тавилан дээд тэнгэрийн зарлигаар хувь тавилангаа шийдүүлж, сөнөх үйлтэн нь үгүй болж, орчлонг эзэгнэх баатрууд нь од атгаж, сүр сүлдээ өргөж байв. Алтан лууны хийморь хийсгэсэн овт Манж нар Амар мөрний эргээс Шар тэнгис хүртэл давхиж явснаа эрх ямбанд огоорч Хятадын хэрэмд хоргодон чулуун жинсэнд дарагджээ. 

Хүчирхэг Ром эд баялаг, ташуур, эмс охидын тачаалд өтөл биеэ хэмлүүлэн өрнөдөөс вандалууд, дорноос Аттилагийн морин цэргийн туурайд өшиглүүлжээ. Хүчийг хүч ялдаг ч хоёр дайнд ялагдсан Герман үнсэн нурам дундаас галт шувуу мэт дахиад л хангардийн дэвэлтээр шуугин дүүлж, атомын тогоонд буцалсан арал ольтрогийн Япон нь “хөгжил” гэдэг юу вэ гэдгийн гайхамшгийг үзүүллээ. Европынхны гутлыг арчиж, хүн тэргэнд нь зүтгэж явсан Шанхай, Хонконг, Сингапур, Тайпэй, Жакарта, Бангкок өнөөдөр төрөл арилжжээ. Зуугаад жилийн тэртээ Пруссын “төмөр” канцлер Бисмарк Азийг “Нойрсож байгаа мангас” гэсэн нь эдүгээ нойрноос сэржээ. Сэрэх сэрэхдээ авдартаа бэл бэнчинтэй, алс хэтдээ тун ч холын бодолтой, өрнөдийн боловсролтой, дорнын соёлтой иргэн болчихжээ. Тэднийг одоо хэн ч сөхрүүлж чадахгүй. Дайны дараахи чийгт Европ дугжирч байхад тэд суусан газраасаа шороо атгаж, үүрээ зассан Вавилоны зүүдэнд ч багтаагүй тэнгэрийн суварга босгох гэж байна. 

XXI зууныг Азийн давамгайлал, их Хятадын эрин болцгооно гэцгээнэ. Багыг чамладаггүй, ихэд ханадаггүй, хатавчинд нь мөргөж байгаад хойморт нь залардаг, хадан дээр нь тутарга ургуулах увдистай, аливаад хичээнгүй эртний аугаа их хан үндэстэн ид шидээ үзүүлнэ. Тэд долоон голтой хүн ард ажээ. Хүннүчүүдэд өврөө хоослуулж, Монголчуудад цохигдож, Манж нарын талхинд мөлхөж, Японд эзлэгдэж байлаа ч хожим нь “идсэн эрүүг хувхайруулж, идэгдсэн довоо ногооруулсан”. Өөрийгөө хадгалан өөрөөсөө ургах ёсон энэ ажгуу. Яагаад гэвэл тэдэнд цус дагасан удам, төр түшсэн хаан, тэнгэр тулсан элэнц хуланцаа гэсэн мэргэн Күнз, энэрэнгүй Мэнзийн суртал байсан. Даосын шашин, догшин Марксизм, догматик Мао аль алин нь их үндэстэнд харш билээ. Энэ бол Хятад! “Ардчилсан” Сун Ятсен, “авлигач” Чан Кайши, “дипломат” Жоу Эньлай, “прагматик” Дэн Сяопин аль алин нь хятад хүний цусаар гүйж байв. 

Хятадын бодлого цахилгаан шиг цахилдаггүй, дөл шиг бадардаггүй, ердөө л хүр хорхой шиг тор нэхсээр байгаад нэг л мэдэхэд дэлхийг бүрхэж мэднэ. Лос Анжелесын супер маркет, Венецийн зах, Оросын универмаг, Жакартын гудамж, дөрвөн зүг, найман зовхист хятад инжаан, сайван, шожоон мужааны хийц лангуу дүүрчээ. Шандугийн шар арлаас дэлхийг сүлжсэн торгон зам өнөөдөр ятга шанзаар биш, хятад хийцийн бүрээ бөмбөрөөр нижигнэж эхлэв. Хятадуудыг даруу төлөв, юм юмандаа хүлээцтэй, дотуур ухаантай гэлцэнэ. Нэг үе хүрээний танхил авгай нар “Дагаж явахад дарга сайхан, дарлаж суухад данжаад сайхан” гэж ярьдаг ч байлаа. Луугарын зам дагаж модоо тулж ирсэн хужаа нэг л мэдэхэд хоёр, гурван гудамжинд өндөр шургааган хашаатай, Сэлбийн голоор тариа ногоотой, дэлгүүр, лангуу, гуанз, алт мөнгөний дархан, халуун усны газартай хээв нэг сууж байх нь жирийн үзэгдэл байлаа. Энэ бол хятад хүний мянга мянган жил амьдарч ирсэн арга ухааны илтэд давуу чанар мөн. 

“Зовлон үзсэн хятад, жаргал даадаггүй монгол” хоёрын хооронд ялгаа их байсан нь мэдээж. Гэтэл дандаа л биеийн амар, хөнгөн хялбарыг эрж өнөө маргаашаа аргацааж, хоёр нарны дунд цагийг элээдэг бидний араншин хоцрогдлын маань ужиг өвчнийг тарьжээ.

Манай түүхчид олон ч сурах бичигт “Хятадууд монголын ард түмнийг бараг гурван зуун жил дарлаж, мөлжиж байсан” мэтээр бичсэн байдаг нь чухам үнэн баримт түшвэл арай ташаа мэт санагдана. 1600-аад оны сүүлчээр монгол, хятад хэн хэн нь Нурхачид ялагдан, Манж Чин улсад дагаар орж, хэвнэг нөмрөн, луут тугийн өмнө бөхөлзөж, чулуун жинсэнд дарагдаж байсан. 1911 оны Синьхайн хувьсгал хийгээд ар Монголд гарсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр сая тэд бие даасан өрх тусгаар улсын үүд татсаныг ойрхи үеийн түүх бидэнд аяндаа гэрчилж байна. Харин цөөн хүнтэй, башир зальтай цэрэгжсэн манж нар хуруу хумс нь дутахаараа цастын орноос хувраг нэрийдлээр олон Богдууд, хутагт хувилгаан, шалдан банди нар, мөнгө хүүлэгчид, Ганьсу, Сычунь мужийн тариачид, худалдаачид, гар урчуудыг Халх дөрвөн аймаг, шавь тавд шингээх гэж арга чаргаа ил далд янз янзаар сийлж байсан нь үнэн. Гэтэл тэдний ард бардам Манжийг цусандаа уусгасан нөгөө хятад ухаан байлаа. 

Хөршүүдийн башир ухаанд цөөхөн монголчуудыг аажим аажмаар сажлан, сөхрүүлэх хэдэн арван жилийг урьдчилан харсан “геополитикийн холч бодлого” үйлчилж ирсэн юм. Харамсалтай нь бидэнд тэр нь даанч байсангүй. Жижиг морины ганзаганаас хагас дэлхийг уургалж явахдаа өндөр дээдэсминь хожим хойдохоо бодож байсан болов уу? 

Нүүдэлчид гэдэг “хээрээр дэвсгэр хийж, хэцээр дэр хийж” давхиж сурсан улс аа. Алтан ордон, Хүлэгүгийн улс, Зүчийн улс, Их Юань улс, Зүүн гарын хаант улс хаана байнаа? 

Цөм будаа мэт бутарч, салхи мэт сарнижээ. Их Монгол улс мандсаны дараа сульдахын гачланг ийнхүү амсаж эхэлсэн юм. Монгол орныг нөмрөн дундад эртний бурангуй суртал, дэглэм, аж төрөх ёс 300-аад жил сунжрахдаа хүн ардыг нь хоцрогдлын хүлээсэнд байлгаж, тэмцэх тэмүүлэхийг нь мартуулан хойрго залхуу, харанхуй бүдүүлэг оюуны дөжрөлд оруулж үндэсний мөхлийн ирмэгт аваачжээ. 1900 он гэхэд ар Монгол дөнгөж 600-аадхан мянган хүн амтай, тэдний 100 мянга нь үйлдвэрлэл эрхэлдэггүй лам нар, хүн амын тэн хагасаас илүү нь өвгөд хөгшид болсон байлаа. Энэ байдлаараа ахиад 100 жил сажилсан бол ганц ч монгол хүн газар дэлхийд үлдэхгүй тийм аюулд хүрсэн байжээ. 

“Мөхөх үү, сэхэх үү” энэ хоёр ацан асуултыг түүх нааштайгаар шийдэж 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, түүний үргэлжлэл ардын хувьсгал хариуг нь өөрийнхөөрөө бодож гаргасан билээ. Эрээнтэй ч бай, бараантай ч бай ямар ч атугай энүүхэн нэгэн түүхэн зурвас үе эртний Монголыг мөхлийн ангалаас холдуулж, туурга тусгаар улсын хилийн дээстэй, модон тамгатай, туг сүлдтэй болгож өгсөн. Харамсалтай нь төд удалгүй умар зүгийн улаан түрэмгийлэл Монгол орныг хөмөрч, уламжлалыг нь уландаа гишгэж, өөрийн толгой мэдэлгүй “социализмын шинэ хүмүүс”бий болж социализмтайгаа хамт уналаа. 

Өнөөдрийн Монголын маань дүр төрх ч гэсэн дээ. Нөгөө марзан Шаравын 90 жилийн тэртээ урласан “Монголын нэг өдөр” зургаас төдий л ялгарах юм алга. Амьжиргаа өдрөөс өдөрт ханшгүй төгрөг мэт унасаар л байна. Амьдрал доройтно гэдэг нь хүн ард сэтгэлтэйгээ, сүнстэйгээ үгүйрэхийн тэмдэг. Дахиад арван жил, 15 жил ингэж мөлхвөл монгол хүний олон зуун жил хадгалж, нөөцөлж, уламжилж ирсэн тэр “оюуны үнэ цэнтэй” зүйл барагдана. Тэгээд бидний ихэнхи нь гуйлгачин, люмпэн, хулгайч, дээрэмчин, архичин, луйварчин, янхан болж хувираад мөхлийн замдаа орж мэднэ.

“Ялагдашгүй цайз дотроосоо дэлбэрдэг” гэдэг эртний үг санаанд оров. Ямар ч улс үндэстэн гадаадын довтолгоонд эрсдэж сүйрч алга болж байсангүй. Харин дотроосоо л өөрсдийнхөө амийг сугалж түүхийн тавцангаас ул мөргүй нэг их нүргээнгүйгээр алга болж байсан буюу.

(“Ардын эрх”-ийн “Ням гариг” сонин, 1997 он)