Нэг. Орос ахыгаа бид 100 жил магтсан. Одоо ч амаа урчих гэж буй. Орос ахыгаа “нар”-тай адилтгасан ч сэтгэл ханаагүй. Сүүлдээ “нар”-ыг орос ахтайгаа зүйрлээд ч ханаагүй. Яагаад тэгтлээ зусардав гэвэл маш их айснаас ингэтлээ хулчийсан юм. “Ам бат бол амь бат” гэх ардын үг орой руу орсон цаг. Орос ах нар маань чангаа чанга. Тэд ингэж сэнхрүүлж байв: мөхөж буй үндэстэн-Монголыг бид аварсан. Хөрөнгөтнүүд бол та муусайныг уже устгасан. Тиймээс тэднийг бүү сонс, бүү дага. Зөвхөн биднийг дуурай гэж тулгасан билээ. Зөрвөл буудна. Зөрөөгүйг маань ч хилсээр тонилгов. Хожим цагаадсан тул хилсээр гэв.

Феодализмээс капитализмыг харайж социализмд дэвших Лениний онолыг хүн төрөлхтөнд нотолсон загвар бол БНМАУ гэж оросууд биднийг магтсан өнгөөр өөрсдийгөө дөвийлгөв. Зөвлөлтийг дагавал ямар ч хоцрогдсон улс Монгол шиг дүүлнэ гэж болъщевикууд онолдсон болохоос бүдүүлэг харанхуй монголчууд тэгж онгироогүй. Капитализмээс социализмын давууг нотолсон Монгол гэж биднийг дэлхий даяар сурталдаж шараа болгосон билээ. Лениний онолд итгэсэн монгол олон ч “итгэлээ” гэж нохойтсон цөөнх тасраагүй. Цөөнх яваандаа үржив.

Биеэ ХХ зууны турш магтсан оросууд маань өдгөө “орос ах гэж нялуурдгаа болиод өгөөч” гэж биднээс гуйдаг болов. Саймшраад гуйсан бус даяаршлын зуунд “Баруун”-аас ичээд тэр. Шударга хүсэлт. Харамсалтай нь коммунист тогоонд 70 жил буцалж мэдээгүйжсэн монголчуудын сэтгэхүйг ах нарын зүй ёсны гуйлт сэхээж чадсангүй. Гүнзгий гэмтсэн тархи барагтай бол эрүүлждэггүй аж. 70 жилийн үзэл суртлын хүнд цохилтуудад маанагтсан монголчууд оюунлаг эрин морилсныг мэдрэхгүй, “коммунизм сөнөлөө ч ахаасаа урвахгүй” гэж улам нялуурч, өөрсдийгөө гутаахаас илүү орос элитүүдийг олон улсын тавцанд ичээв.

Аварга хөршөө хойшид ичээхгүйн тулд би өнгөрөгч зуунд амь аварсан ачтай бялдуучлалаа зах зээлийн менежментээр хэн хэндээ ашигтай ил тод шилэн түншлэлээр сольё гэж үүнийг бичив. Орос ах сайн. Гэвч 100 жил жаргал зовлонгоо хуваалцсан хөршүүдэд хэлмээр үг үүссэн үү гэвэл үүссэн. Нуусан үг өмхийрдөг. Худлаа магтаал бүр хортой. Мөнхийн хөршүүд илэн далангүй нээлттэй айлсвал сэтгэлд цөвгүй гээд би цээжинд хургасан үгээ үргээж, орос монгол уншигчдад дэлгэхээр зориглов. Дарангуйлал, бялдуучлал хоёрынхоо аль алийг 100 жилийн дараа магталгүй-муулалгүй сэм орхиё. Зөв үү? Нялуурлаа болиоч гэж элчин сайд ноён И.Азизов ч гуйгаад байна.

Өнгөрөгч зуунд өчүүхэн Монгол дэлхийд сураггүй байсан тул оросууд “нялуурлаа болиоч” гээгүй нь бурхангүй газар бумба галзуурсан түүх болж үлдэг. Чингис л гэхгүй бол хэн ч мэдэхгүй Монголыг хуурч мөлжих, дээрэлхэж дарлахад ертөнцийн чихнээс хол учир нэрэлхэх болгоожлол үүссэнгүй. Азийн эзгүй цээжнээс ямар ч харгислал дэлхийд үл мэдрэгдэнэ. Гагцхүү ХХI зуунд мэдээ сураг өдөртөө бөмбөрцөг даяар тардаг болсноос “орос ах” гэдэг нялуурал ичээж эхэлсэн болтой.

Ар Монголыг гадаад ертөнцөөс тасалж тулмайдаад, зуун жил хашчихсан тул бүх тусламж ЗХУ-ынх. Тэгээд магтаж гарсан. Магтаж буй нь ч магтуулж буй нь ч жинхэнэ тэнэгэрсэн дээ. Сургагч мэргэжилтэн нил орос. Багш эмч орос. Аз таарвал ЗХУ-д суралцана. Өөр хувилбаргүй. Оросоос ондоо гүрний бараа таваар тасрав. 1929 онд хуу хөөчихсөн. Хөрөнгөтний хэл сурах хориотой. Монголчууд америк кино үзэх болоогүй. Гэгээ гэрэлтэй бүхэн зөвлөлтийн ач тус. Хөрш Хятад Японынх бол хор хөнөөл. Ийм орос сурталд мануус 70 жил чануулаад ялз болчихсон.    

Гэхдээ 70 жилд Орос харанхуй Монголыг хэрхэн хөгжүүлснийг дурсахгүй өнгөрөх нүгэл. Кирилл үсэгт тайлагдсан, мухар сүсгээс шинжлэх ухаанд хандсан, эрүүлжсэн. Ильичийн дэнлүү, улаан тариа гээд явж өгнө. Энэ бүгд бодит тал нь. Дэгс тал ч бий. Монгол хүн сансарт ниссэн гэж бид хөөрдөг. Оготоргуйн нислэгт бид юугаар хамтарсан билээ? Борц чацарганы тос гэсхийгээд л хөөрөл унтардаг. Харин сансрын нислэгийн хатуу шалгуурыг шинжлэх ухааны өндөр мэдлэг, оюуны төрөлхийн ер бус чадвар, зориг золбоогоор гялалзтал давсан хоёр хөвүүнээрээ монголчууд бахархдаг. Гэлээ ч ЗХУ-ыг дагаснаар феодализмын ёроол-Монголын шинжлэх ухаан сансарт иргэнээ нисгэх хэмжээнд дүүлсэн гэх хийрхэл сонсох бүрт яс хавталздаг. Сөнөхдөө тулсан монголчуудад улаан Орос туслаагүй бол хөрөнгөтнүүд цөлмөж дууссан гэдэг бөгөөд бид уяраад уйлдаг. Энэ бодиттой юу?

Машин анх үзсэн монгол хүн “Хөллөгөө үхэр тэмээгүй атлаа өөрөө явдаг бас хачин аа” гэж гайхсан биз. Нисэх онгоц харсан ардууд “Оросуудад хийж чадахгүй юм ер алга” гэж биширсэн нь мэдээж. Үзэх байтугай сонсоогүй, ухаанд багтамгүй гайхамшгийг хорвоод зөвхөн орос ах бүтээдэг гэж газрын мухрынхан ухаарчээ. Тэгж ухааруулжээ. “Оросын ачийг хүртэх хувьгүй Монголоос бусад хоцрогдсон үндэстнүүд мөн хөөрхийеө. Бид мөн азтайяа” гэж догдолсон. Бүдүүлэг үеийн дээдсийнхээ гэнэн бахархлыг хүлцэе. Харин ХХI зууны бид “орос ах” гэх бялдуучлалтайгаа зууралдаж зальдуулсаар хохирлоо. Хоцорлоо.

ХХ зуунд шинжлэх ухаан технологийн ололт нэвтрээгүй тийм бөглүү хязгаар бөмбөрцгөөс олохгүй. Энэ өнцгөөс харвал Монголын 1921-1990 оны өөрчлөлт “Зөвлөлтийг дагаагүй бол заяахгүй үсрэлт” гэдэг туйлшрал биш биз? Орос ах туслаагүй аваас Монгол хувьсгалын өмнөх балчигтаа живсэн гэдэг эргэлзээтэй бус уу? 1921-1990 оны манай дэвшил буюу орос ахын тусламж маань ХХ зууны шинжлэх ухааны нээлтийн “бум”-аар хаа сайгүй дэлгэрсэн-тэгтлээ онгиромгүй ердийн алхам бус уу? Жижиг буурай яс үндэстэн энэ хугацаанд ийм анзааны алхам бүгд дор бүрнээ хийчихсэн юм биш үү? Шинжлэх ухааны нээлт тивүүдэд түгж буурай орнуудад нялзсаныг зөвхөн бид дэлхийд ганцаараа зөвлөлтийн тусламжаар цойлж, капитализмыг харайсан онцгой Монгол гэж хөөрцөглөж явснаа нухацтай тунгаамаар.  

Өндөрдүү дошин дээр гарч оволзсон сагуурлаа түр дараад, эргэн тойрноо талбиухан тольдоод нэг үз. Гайхалтай нь орос ахын тусламжийг хэний тусламжтай жишээд, ахын тусламж бусад гүрний тусламжаас эгнэшгүй илүү гэж бид хөөрнө вэ? Зэрэгцүүлж жиших өөр тусламж манайд огт орж ирээгүй шүү дээ. Магтсаар малыг минь барж, маажсаар голыг минь таслах дөхсөн бус уу. Орос ах туслаагүй бол Монгол сөнөсөн гэх онол одоо ч бидний харанхуй гавлыг эзэгнэж буй. Оросын тус их ээ. Гагцхүү хэмжээнд нь нялууръя. Хэтэрч-орос элчин хүртэл ичээд байна.

Тусгаар тогтнолоо алдаагүй бидний хувь заяа тун эгзэгтэй нарийн. Орос байгаагүй бол манай тусгаар тогтнол замхрахтай адил Хятад байгаагүй бол мөн замхрах байв. Хоёр их гүрний завсар жийргэвч төдий ашиг сонирхолд үлдсэн хэврэг тавилангаа би бурхнаас хайрласан тэнцвэр гэж мөргөдөг. II дайны төгсгөл, Зөвлөлтийн ард түмэн ба холбоотны ялалт, Ялтын гэрээгээр ар Монголын талаар Рүзвэлт  Черчилл Сталин нар хүрсэн тохироонд би залбирдаг.  

Би оросуудыг хун шиг цагаан ч гэхгүй, хэрээ шиг хар ч гэхгүй, шаазгай шиг алаг гэнэ. Шаазгайн хар өнгийг “цагаан” гэлгүй “хар” гэж үнэнээр нь бичих тэнэг надаас өөр Монголд гараагүй тул орос ахынхаа талаар тааруу үг сонсоно чинээ хэдэн үеэрээ зүүдлээгүй уншигчид хирдхийж намайг зүхдэг. Зүхүүллээ гээд “зөв” гэх итгэлээ орхихгүй зөрүүд шиг байна би. Нүгэлт миний ланчиг биз. Орос ахын тухай хөндсөн номондоо би урьд огт хөндөгдөөгүй шаазгайн “дархан цаазат”-хар өнгийг төрмөл юм уу түрхмэл юм уу хэмээн маажиж үзэхээр мангарлав. Ингэсэн минь учиртай. 100 жилийн найрамдал-дружбад нартын хуулиар сүүдэр орших ёстой гэвэл тэр сүүдрийг Монголоос нэг ч хүн сануулаагүй нуль цагаан түүх үлдвэл Чингисийн удмынхны нэрэнд эвгүй. Тиймээс ядаж ганц үнэ цэнэгүй зохиолч сөхөөд хараалын бай болоход гарз юу билээ? Золигт гарах зохиолч нь би болъё. Би ямар гарзтай амьтан биш. Монголд ганц муу зохиолч солиороод юу шалих вэ.  

Сталины хөшөөг буулгаснаа орос ахынхаа шинэчлэлтэй зэрэгцлээ гэж хөөрсөн ч Лениний хөшөөг булга татахад галав юүлэх мэт цочирдлоо. Ленин багшийнхаа хөшөөг буулгасныг итгэхгүй “би зүүдлээд байна уу” гэх том статъя хэвлэгдэв. Эмзэглээд сүйд. Үнэнхүү тийм гүн бишрэлтэй бол уучлаарай. Ленинийг биширч-дээд зэрэглэлд амьдрагсдын бууж өгөхгүй гэх шазруун ааш ч юм шиг. Ленин багшийг өөлбөл яллах хуульгүй эрин эхэлмэгц хорсохдоо тойруу замаар хариугаа авах егзөрүүд өө хайсаар. Тэдний коммунист архаг хордлого ХХI зууны ардчиллын аясанд тайлагдах нь гарцаагүй. Орос ах л гэвэл буруу ч юмыг, худлаа ч зүйлийг өмөөрч Төр засгийн толгойд асдаг зальтай тийрэнгүүд Оросынх бус Монголынх. Тэднийг эс давруулах нь гагцхүү бидний ажил-манай хөгжил.

1996 онд ЗХУ-ын республикүүд өөрсдийн төмөр замаа авахаар тохирч мөн тийм боломж Монголд гарав. УБТЗ-аас оросууд буцаад 4-5 жилийн нүүр үзэж буй цаг. Бүр нэг ч оросгүй болсон үед монголчууд төмөр замаа ажиллуулж өлхөн дөнгөөд эхэлжээ. Тэр боломжийг яагаад ашиглаагүйв гэвэл УБТЗ-ын дарга Р.Рааш “Оросууд биднийг хаячихав. Орос ахгүйгээр монголчууд төмөр замаа ажиллуулж чадахгүй. Орос ахын геополитик-төмөр зам гэх төмөр ташуураас зуураад байя” гэж чаргууцалдсаны гороор олон арван тэрбум доллар олох боломжоо алдав. “Би” нэвтрүүлгээр баян тансаг гэр орон үнэт хогшлоороо гайхуулсан Р.Рааш “Би гэж ярихдаа би дургүй” гээд “Ленин багш дайсанд буудуулж шархдаад босохдоо туслах гэсэн нөхөртөө “би өөрөө босъё” гэж “би” гэх үгийг амьдралдаа ганц удаа хэлсэн юм гэнэ лээ” гэж цэнхэр дэлгэцээр сургамж айлдан уярч байв даа. Ленин багшаа бишрэгч ийм хүн Монголоор дүүрэн.

Ган бат найрамдалдаа амиа өгье гэж уйлаад л, бид мандтугай, тэд сөнөтүгэй гэж хийрхсэн хуурамч найрамдал хэврэг болох нь танигдав. Ажил хэрэгч найрсаг агаад зөвхөн хуулиараа харьцдаг хөрш явах соёлыг өөрсдөө эзэмшээд үр хүүхдэдээ өвлүүлэх алсдаа унацтай нь ХХI зуунд тодорлоо. За гэвэл ёогүй, журамлаг хөрш үнэд орж хүндлэгдэх болов. Тийм хөрш өөд хөрөнгө оруулагчид, худалдаачид, бизнесменүүд, жуулчид, хямд ажиллах хүч хандах сонирхолтой болжээ. Бид мөнгөжихөөр гадаадад ажилладаг. Иргэд нь зодож дээрэмддэг улсад бол очихгүй. Шударга эелдэг айлсвал иргэд нь найзалж, бие бие рүүгээ тэмүүлдэг болтой. Үүний хор гэж үгүйг европчууд мэджээ. Хил залгаа хөршүүдэд иргэд хоорондын арилжаанаас эхлээд хөрөнгө оруулалт, дундын төсөл гэх мэт ашиг сонирхол нэгтэй бизнес аяндаа урсгалаараа Төр засгийн оролцоогүйгээр өрнөх боллоо. Олзны амыг улстөрөөр хаалгүй ашиглахыг эрмэлздэг улсын нөлөө өсөв.

Орос ойртошгүй уршигт хөрш бишийг би онцолдог. Үнэнээрээ, байгаагаараа нөхөрлөх сайхан. Болъщевик-улаан орос бус энгийн орос-Ивантай зузаарахад би бэлэн. Бүр хүсдэг-оюутан наснаасаа. Монголыг өрөвдсөндөө өмөөрч өөрсдийгөө шүүмжилдэг орос зохиолч нарт би хайртай. “Найрамдал-дружба”-г монголчууд шиг сохроор биширдэг орос одоо байтугай урьд таараагүйд би олзуурхдаг. Тийм үзэлтэй оросууд биднийг соёлд түүчээлнэ.

Харин “найрамдал-дружба”-г далимдуулсан орос олигархиуд манай мега төслүүдийг гацааж, хохироож, сүрдүүлж, шулж буйд гомддог. Шүгэл үлээвэл Путин хэрхэх нь эргэлзээтэй. Гол гай-орос олигархи хормойдсон монгол хавсрууд арслангийн дайтай томорч асар их мөнгө цутгах төслүүдээ гацааж, ядуурал дуудсанд би харамсдаг. Гэхдээ билэг дэмбэрлийг дээдэлж сайнаар төсөөлцгөө. Хоёр их хөршийн завсар орших бяцхан Монголд ХХI зууны хөгжлөөс зүүгдэх боломж-ухаалаг хандвал бий. Эрдсээр арвин Монгол аварга зах зээлтэй хаяа нийлж буйд алс хол орших жижиг буурай орнууд атаархдаг. Энэ өгөгдөл бидний нэгдмэл бодлого, нийлсэн хүчээр зүтгэх зам мөр авай. Ер нь оюунлаг журамлаг Монгол болсон цагт хоёр хөрш ба гурав дахь түншдээ таалагдана. Нялуурал зусарт оросууд дургүйцах болсныг би сайны гэгээ хэмээн олзуурхаж хэвтэнэ. Монгол Оросын хойч үе хэн хэнийхээ сонгосон замналыг хүндэтгэж, соёлтой айлсах цаг айсуйг мэдэрсээр өвгөн би зүүрмэглэв.(2020)

Хоёр. “Зөвлөлт тусламж & Хятад аюул” гэх амны уншлагаар өнгөрөгч зууныг бид үдсэн. Тэгвэл энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж дэвшил шүү. (Бурхны, бишээ би хадуурч байна) орос ахынхаа ачаар амьд явнаа хөөрхий. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл улстөрийн хэрэгт ороох уу? Зөвлөлт тусламжийг арилсан гэв, Хятад аюулыг арилсан гэв гээд урьд бол ална. “Орос монгол цусаар гагнагдсан найрамдалд цав суулгав. Хятадын талыг баримтлалаа” гээд шилдэг сэхээтнүүд насаараа цөлөгдөж, цөөнгүй нь амиа алдсан-хөдлөшгүй баримт хуучраагүй. Тиймээс “улстөрийн хэргээр ороох уу” гэж лавласныг минь өршөөнө буй зээ.

Өдгөө Зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу Зөвлөлт минь алга. Харин Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ өөрчлөлтөд далдуур хорсдог Цэдэнбалтан Монголоор дүүрэн. Тэдний уураа гаргаж, өшөөгөө авч дөнгөдөг-гарын дорх дайсан нь ардчилал гэж ангалзсан анхны хэд.

Өөрчлөгдөхгүй юм гэж хорвоод байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. Гэвч энэ шинэчлэл косметик төдий учраас гацаасныг гацаасан, гацаагаагүйг гацаагаагүй хэмээж сур гэх гээд байна би. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэж хамсруулан зөөлөлдөг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын эсрэг ОХУ-ыг хань татах-том ашиг сонирхлоо чухалчлаад, өчүүхэн бидний оросуудын бурууг ч бялдуучлан өмөөрч, хятадуудыг ор үндэсгүй доромжлохыг ч тоодоггүй.

Нөхөрлөл нялуурлаар бөхжихгүй үнэнээр гагнагдах учиртайг монголчууд эрхэмлэж “нялуунаас шулуун дээр” гэдэг. Зөвлөлт импер манж Чин гүрэн шиг нурж, социалист лагерь бутарснаар бяцхан Монгол хаягдсан. Коммунизм байтугай СССР ч үгүй хоцорсон Монгол мөнгөгүй хувхай. Социализмын намагт зоогдоход хөтөлж явсан Орос гараас татсангүй гэж бид гомдоогүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд хүн төрөлхтөний хөгжлийг дагахаар зүтгэв.

Хоёр их гүрний завсар хашигдсан буурай бөглүү Монгол ардчилал, чөлөөт зах зээлд хөлөө зоригмог тавив гээд барууны хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихэссэнээр ядуу бидний эдийн засаг сэргэж эхэлмэгц харамсалтай нь зөвлөлт тусламж гэх сүржин молги маань-орос гацаанд хувираад дээрэлхэв. Эрчим хүчний орос магнатууд БНХАУ-ын нэг тэрбум долларын урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн Эгийн УЦС-ын санхүүжилтыг хаалгаснаа, залгуулаад Хятад хөрөнгө оруулалтай Багануурын ЦС-ыг зогсоов. Аварга гангийн үйлдвэр бүхий Бугат манай коксжих нүүрсний ордоос өндөр уулан дээрээс бараг харагдах газар. Тийш нь уурхайн төмөр зам тавих гээд үзэж тарсан чинь ахын далд хатгаасаар 280 сая долларын овоолго шороотой хоцорч олон тэрбум долларын ашиг хаагдав.

Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдгаа боль гэх гээд би мунгинаад байна. Нэг нь хөгжүүлэхгүй гээд, нөгөө нь сэм хөгжүүлье гээд байгаа юм биш үү. Ийм эгзэгтэй үед “Хоёр хөрш хоёул манай хөгжилд дургүй” гэх суртал дэврээж нэг гацаагчаа хоёр болгох-амиа хорлохтой дүйх бус уу. Цаашид орос гацааг “хоёр хөршийн гацаа” гэсээр сажлах уу.  

Манай өдөр тутмын сонин ингэж бичив: “хэсэг бүлэг нөхдүүд Байгал нуурын ус ширгэнэ гэсэн таамаг төдий зүйл ярьж, түүнийгээ улаан цээжээрээ хамгаалчихаад бариулахгүй байгаа. Тэд оросууд биш. Иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрийгөө нэрлэсэн манай улсын иргэд. Ингэж сунжирсаар 2015 онд Эгийн цахилгаан станцыг урд хөршийн хөнгөлттэй зээлээр барих болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед Хятадын тал “ОХУ зөвшөөрвөл бид санхүүжүүлж болно” гэж байв. Бид Оросын, эсвэл Хятадын харъяат уу. Ингэж хэлснээс нь дүгнэхэд ямар ч байсан тусгаар улс биш, өөрийн мэдэлгүй улс юм шиг байгаа юм” гэж гацааг иргэний хөдөлгөөн ба Эгийн УЦС-ыг санхүүжүүлж эхэлсэн БНХАУ-д тохож, буруутныг “Тэд оросууд биш” гэж зусардсаныг хар. Ийм жишээг тоолшгүй.

Хятадын тал монголчуудыг “Та нар оросуудтайгаа тохир. ОХУ зөвшөөрвөл бид санхүүжилтээ сэргээе” гэсэндээ гол буруутан болжээ. Оросын гацаасныг “Орос гацаасан” гэж үнэнийг шууд хэлэхийн оронд “хоёр хөрш гацаав” гэж өмнөд хөршөө харлуулах бодлого-ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөнд даамжирсан. Тусалсныг тусалсан, гацаасныг гацаасан гэх тодорхой байр суурь хоёр хөршид ч таалагдах учиртай. Би энэ зарчмаар явъя гэж уриалж буй нэгэн.  

Зориглон хэлэхэд хоёр хөршийн нэг нь манай мега төслүүдийг гацаадаг бол нөгөө нь хамтдаа хожьё гээд зээл олгодог. Нэгний нь хорон санааг хөнгөлөхөөр хоёр хувааж, талыг нөгөөд нааж ижилсүүлэх муухай. Нөгөө хөрш гацаанд огт оролцоогүй бол яах вэ? Бусдын балгаар гэмгүй нэрээ хөөдөх гүрэн байтугай хувь хүн ч олдохгүй. Урд хөрш ашгүй төдийлөн тоодоггүй. Хэрэв тоож хатуурхвал түүхий эдээ мөнгө болгодог гол урсгал тасарч ядуу Монгол яг сууна. Яг суувал “хоёр хөрш гацаав” гэж бидний долигонодгийг ОХУ харгалзан үнэлэх бүү хэл санах ч үгүй. Америк, Европын холбоо, Нато, Сири, Украйн гээд В.Путины тархи зайгүй. Дотооддоо А.Навальныйгаас өгсүүлээд олон улсын хатуу хоригт орсон Москвад юун муу Монголыг бодох манатай.

“Хоёр хөршийн гацаа” гэх хортой хоргүйг хольж хутгасан бохир бантан бол зөвлөлтөөс үлдсэн шавхруу. Муудсан шавхруугаар хооллогч бид ХХI зуунд “гацах” гүн хордлогод оржээ. Хоёр нүүрт хулчгар арчаагүй авираа хаявал дэлхийд тоогдоно. Умард өмнөд хөршийнхөө нэгийг зориуд дөвийлгөж, нөгөөг зориуд гутаадаг муу зангаа орхиж бодит хэмжээнд нь цэгнэж сур. Олон төсөл донгосдог популизмээ цэглэж, тарамдсан бодлогоо хоёр цэгт хумь. Нэгд ямар ч гацаанд бүү маллуул. (Харанхуй омог мэхлүүдгээс гэгээрсэн нь дөнгүүлдэггүйг буурал түүх хэлээд өгнө). Хоёрт гадны гар хөлийг Төрийнхөө жолоонд бүү ойртуул. (Тийм эрхийг сонгогч бүрт ардчилал олгосон). Энэ хоёр санаа бүтвэл тээглүүлэгч аварга оньс мултарч, ядмаг эх орон чинь аяндаа хөдөлнө. Гэхдээ “Оросын гацаасныг хоёр хөрш гацаав” гэдэг тархины эргээ чинь гарвал шүү дээ. (2021)

Гурав. 30 жил ээсэн нар үүлний цаагуур гэнэт шургавал бид цагийн аятайд юу ч амжуулсангүй гээд амаа барина. Нүүрсээ угааж, баяжуулсан зэс, хүдрээ галт тэрэгний цуваагаар тээсэн бол олон арван тэрбум доллар олж, чинээлэг улс болох байв гэж халаглах хүн бишгүй гарна. Хайран өгөгдлийг минь хэн бусниучихав гээд хэргийн эзнийг наргүй улсдаа хайна. Багануурын ЦС-аа царцаалгүй, Эгийн УЦС-д БНХАУ-ын нэг тэрбум долларын нэн хөнгөлттэй урт хугацааны зээлийг орос олигархиудын шахалтад бууж өгч зогсоолгүй, V ба Таван толгойн ДЦС-аа гүрийсээр барьчихсан бол үүлэн чөлөөний нар далд орсон ч барьц алдахгүй. Цойлсон өсөлтөөрөө тансаг дэд бүтэц сүндэрлүүлж, хараат бус чинээлэг улс болж, хот аймгаа орон сууцжуулж, утаанаас даяараа салах байв гээд гаслалдана. Тэгж дөнгөсөн бол эзлэгдэнэ үү, уусна уу жийрэг болох учиртай. Юу юу ч үгүй эзлэгдэх, юу юу ч үгүй уусах-эмгэнэл. Гол төслүүдээ хөдөлгөөд, айдгаа авдартаа хийчихсэн цагт нэг улсын хамааралд автахаа хумих тэнхээ сууна.  

Үүлэн чөлөөнийх бус үүрдийн нар хэмээн мангарлаж явтал нээрэн нэг мэдэхнээ хуучиндаа орчихвол яах вэ? Эрхбаригч нам “Ганц хатуу гарт чанга атгуулсан нийгэм дуулгавартай агаад жолоодоход амар” гэхэд шүдтэй тулмууд “баян хоосны ялгаагүй жаргана” гэж хөөрөх нигуртай. Төгцөг надад гадарлах юм ганц байдаг. Тэр нь хуучин нийгэм. Би сайндаа мэдсэн юм биш. Өнгөрсөн нийгэм бол миний нүдээр үзэж биеэр эдэлсэн ганц амьрал. 1980 оноос хойш төрсөн дээд тал нь дөч шүүрсэн манай гол хөдөлгөгч үе-социализмыг үзээгүй гээд туулсан амьдралынхаа захаас дурсах гэснээ болив. Яагаад гэвэл намайг социализмээ дахиад л муулах нь гэж ад үздэг уншигч олон. Тэдний зөв. Би улиг болсон.

“Тоншуул” социализмын гажгийг өнгөрөгч зуунд шүүмжлээд өчүүхэн ч хэлтлээгүй. Нийгмийн өмчийг хувийнхаа өмчөөс илүү хайрлах, хамт олныхоо эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээр тавих зэрэг лоозон хэзээ ч бүтэхгүй нь мэдрэгдсэн. Шоронд суусан ерөнхий сайдууд, сайдууд буцах гээд буй хуучин нийгэмд бол яасан бол гэж төсөөлөхөд айдас төрнөм. Шантарч цөхөрсөн би захиргаадагч нийгэм рүү бүү буц, ардчилал чөлөөт зах зээлийн үнэт зүйлсийг Сингапур өмнөд Солонгос Японы жишгээр “чулуу болго” гэж хойч үедээ захья. Та нар чадна. Бүү шантар. Бусдын чадсанд монгол гавал элбэгдэнэ гэж доргиоё.  

Оростой наалдаж тусгаар улс болсон маань их аз. Төлөөсийг нь ч айхтар төлсөн. Одоо ч төлж буй. Манж чин гүрэн унаж, ХХ зууны үүрээр ёлтойсон гэгээг эх оронч-ноёд лам нар ашиглаж дөнгөжээ. Оросын ач тусад зуун жил мөргөлөө. Зөв. Цаашдаа ч мөргө. Гэвч дан мөргөлөөр духаа цоолсон ч хөгждөггүйг бид шарын шашнаас ойлгосон. Юу гэх гээд байна гэвэл Оростоо, бурхандаа мөргөх ялдамд хөдөлмөр-бизнесээр баяжъя гэх гэсэн юм. Нар ивээсэн 30 жилийг харамсалтай нь ашиглаж чадсангүй. Эх орноо ядуурлаас суга татах төслүүдээ яагаад гацаав? Орос магнатуудад долигоноод! Юм нэгээр дуусдаггүй. Орос олигархиудыг чинь ард түмэн нь дэглэвэл долигонуур та нар шүүгдэж, түүхэнд хараар бичигдэнэ.

Эрх баригчдын үнэ цэнэ навс унажээ. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч 20-30 жилийн бөгсөнд юу болов? Улс хөгжих сайхан ч явцын дунд өөрөө баяжих бүр гоё нь солиоруулав. Мөрөөдөл ид шид шиг бүтсэнгүй. Өр зээлд унав. Авилга хяналтаас гарч хууль гууль болж хуйвалдагч-монжигчид оодорч баян хоосны ялгаа гаарч танил бус сорилт халиранхай залхуучуудыг шогнойлгов. Өрсөлдөөнөөр баяждаг ганц гарцтай чөлөөт зах зээлийн жамыг зальдахаар сул олзонд хошуурлаа. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас л алга. Улсаа хөгжүүлэх хүслийг хувиа хичээх шунал дийллээ.

Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүйяа. (Худалдааны дайнтай Америк Хятадын хооронд гаалийн татвар 12 хувь байхад ОХУ 1990 оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, эдийн засгийн хоригт оруулсныг бид ухаарахгүй орос ахдаа мөргөсөөр). Урд хөршийн худалдаа хэт их, хойд хөршийнх хэт бага байгаа нь удахгүй хужаагийн атганд орохын цондон гэж цэцэрхэнэ.

Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаа яаж тэлэх вэ? Нүүрсээ солилцох уу. Хоёул чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Хятадын мангас шиг ходоод Монгол Оросынхоос гадна Австрал Индонезийн нүүрсийг өлхөн залгидаг тул манай төмөр замыг их Орос гацаах нэрийн хор уг нь. Ядмаг бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Дорой Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү?!

Хятадын ханадаггүй хэрэглээ, тэдний хөрөнгө оруулах бэл бинчингээс олз уутлах гэж Монголоос бусад улс хошуурч байна. Энэ аварга зах зээл, үсрэнгүй хөгжлөөс хаяа нийлсэн бид л 30 жил зугтав. Мөрөөрөө ч зугтсангүй. Оросод таалагдах гэж 70 жилийн зуршлаараа зүхэж доромжилно. Эдийн засаг голлосон өмнөд хөршийн хаялгыг өндийх гэж ядаж буй бид гарааны бизнес болгож, нэг хэсэгтээ овжноор ахиу хүртэж тамиржмаар. Тэнэгтээд тэгсэнгүй.

Валют олох ховор боломжийн нэг бол “Замын үүд” чөлөөт бүс. Бөмбөрцгийн эзгүй өндөрлөгт зах зээлгүйн хяслангаас бэлжиж чадахгүй мухардсан манай муусайн бизнес эрхлэгч нарт ашиг хүртэх үүд бол энэ. Монголд валют цутгах энэ чөлөөт бүсийг 25 жил УИХ гацаав. Тодруулбал Гашуун сухайтын замыг гацаасан манай нөгөө эх орончид. Чөлөөт бүсээс хятад иргэд манай руу бөөн бөөнөөр сэм урсана гэж айлгасан ухуулга “Замын үүд” чөлөөт бүсийг 25 жил гацааж дөнгөсөн л байгаа юм даа. 25 жил гэдэг хөгжих хангалттай хугацаа. “Замын үүд” чөлөөт бүсэд 60 сая долларын дэд бүтэц 10 гаруй жил элсэнд булагдаж хэвтсэн гээд бодчих. БНХАУ хэдэн жилийн тэртээ төмөр замын сүлжээгээ ашиглахыг зөвшөөрч Тяньжин боомтод газар өгч нүүрсээ далайд гаргаж үнэ хүргэх боломж олгосныг өдий хүртэл ашигласан бол мөнгөжсөн.

Урд хөршийн хаялгаас өөр дөхүү боломж дэлхийн дээвэр дээрх зөдгий цөөн буурай маньд заяагаагүй тул тэдэнтэй харьцахаас өөр яалтай. Олон улсын хууль байна, НҮБ байна. Тусгаар улс шүү юм бол уусахгүйгээр айлсахаа тааруулахаас өөр зам алга. Ах араандаа зууна гэх айдас-эдгэшгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэхүй илааршихдаа ужиг аж. Хөрш Япон Солонгос Хятадын үсрэнгүй хөгжлөөс зүүгдэх завшаан 1990 оноос нээгдсэнийг хулчгартаа Оросоос айгаад ашигласангүй. Бид дээрэлхүүлдгээ нуугаад зогсохгүй дээрэлхэгчээ өмөөрдөг ад хөдлөм дүнхүү амьтад. Доромжлуулах тусам ухаажмаар. Бид ухаажвал оросууд биднийг мал биш хүн юм байна гэж юу магад. Гэхдээ юун түрүү ховдог банхруудынхаа битүү тархийг сэтгэ-гурван саяулаа элбээд.      
Тайваний хятадууд Монголыг алдсан нутгаа гэдэг. Манж-Чин улсын үзэлтэй хятадууд эх газарт нь байдаг л биз. Тэглээ ч БНХАУ манай тусгаар тогтнолыг 1946 оны 1-р сарын 6-нд, ЗХУ мөн оны 2-р сарын 27-нд 52 хоногийн хойно зөвшөөрсөн байдаг. Манай тусгаар тогтнолд маргаан үүсэх хууль зүйн үндэсгүйг олон улс хүлээсэн тул зөрчигдөх ёсгүй. Энэ чухал баримт бол үүлэн чөлөөний нар гээд буйд үйлчлэх олон улсын хууль-эрх зүйн хамгаалалт юм. Зөрчигдвөл дэлхий шуугиж НҮБ шүүнэ. Тэгээд ч хар нүүрсэнд шунаж нэрээ хөөдөх гүрэн ХХI зуунд гарахгүй. Хятадаар айлгах угтаа экспортоор хожих Оросын заль юм.

Оросыг 70 жил дагасан БНМАУ хоцрогдож, өрөнд баригдсаныг дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон Хятад өөд нь огцом татаж, Монголын ард түмэнд Орос хэн бэ, Хятад хэн бэ гэдгээ үзүүлэх далд сонирхол байхыг би үгүйсгэхгүй. Оросыг дагаад өөдлөөгүй ядуу хөрш-Монголоо харамгүй дэмжиж, гялс хөгжүүлж нэр төрөө өргөе гэсэн БНХАУ-ын нааштай бодлогын өөдөөс бид “хужаа” гэж салаавчилдаг. Үүнд өмнөд хөршийн дургүй хүрч бидний голоо зогоодог нүүрс хүдэр зэс борлохгүй болбол Оросын нүүрс зэсийн магнатууд битүүхэн инээд алдах нигуртай. Учир нь тэд зэс, хүдэр, коксоор арвин Монголыг хуурч хугацаа хождог нөхөд.

Кремлийн аварга улаан нударга дор сөхөрч байсантайгаа жишихэд хөгжих жим бидэнд уг нь нээгдсэн билээ. Энэ ховор өгөгдлийг монгол хүн бүр үүлэн чөлөөний нар гээд хөгжлөө яаравчлан гялалзуулах байжээ. Хэрэг хартай нь дээр-юу ч тохиолдоо билээ гэж яарсангүй. АНУ, Орос, Хятадын дэргэд бид Тува Якут анзааны хөөрхий орон. Өчүүхэн Монгол их улстөрд хутгалдалгүй эдийн засгаа бөөцийлсөн бол хожих байж-үүлэн чөлөөний наранд. Тэгсэнгүй. Тэнэгийн ухаан үдээс хойш гэдэгсэн. Хэдэн том төслөө хөдөлгөх Төр сонгогдоосой гэх нэг буурайн гурван саяынхаа төлөөх залбирал гэж энэ бичвэрийг минь үзээрэй. (2021)


Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн амдан отож байна. Монгол улсаа “аз”, “эз” хоёрын алинтай золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө залуус та нар баярла. Эрин зууны түүхэнд эгзэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Бүх юм өнгөрчихөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж заяахгүйг ухаар! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч ядуурснаас алдаагүй, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэй вэ. Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангал ёроолгүйг мэд. Дүүрэн боломжийг бүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцдана. Хүн ам нийтээрээ-нэг хүн шиг нэгдсэн чармайлт гаргавал лусын агуу хишгээр баян орон болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад үр хүүхэд минь-та нар алинаар нь морилох гээд байна? Онгон догшин лус савдгийн элэнц хулинцаас цээртэй ордуудад гар хүрэх эгзэгтэй түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариул. Өрсөлдөгч бол бидний багш. Тэднээс суралц. Цусыг цусаар угааж болохгүйтэй адил хонзонг хонзонгоор авах бурхан сахиусны минь зарчимд харш шүү. Хорыг ч ачаар хариул. (2017)