Удтал хэл ам болсон Үндсэн хуулийн өөрчлөлт шуудрах замдаа оров бололтой. Улс төрийн 24 намын дарга нар өнгөрөгч долоо хоногт Тунхаг бичигт гарын үсэг зурж, УИХ дээр ажлын хэсэг байгуулагджээ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд нь гишүүн А.Адьяасүрэн, Г.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нарыг оруулсан юм байна. Зарим талаар арай л “жул” харагдаж байгаа ч Байнгын хорооных нь чадамж тийм байсан юм болов уу даа. Жижиг мажоритари тогтолцооны жинхэнэ “гай түйтгэрүүд” харагдаж байна лаа. Ц.Мөнх-Оргилоос  бусад нь.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн танилцуулснаар (албан бусаар) Үндсэн хуульд дараах дөрвөн өөрчлөлт орох юм шиг байна. Нэгд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, хоёрт Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, гуравт УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, дөрөвт Үндсэн хуулийн цэцийг улс төрөөс хараат бус ажиллуулах, цаазын ялыг халах гэх мэт зэрэгцээ саналууд явж байгаа бололтой. Мөн улс төрийн намуудын дарга нар оролцсон хэлэлцүүлгийн явцад төрийн сүлдийг өөрчлөх асуудал бас орж ирсэн юм байна. Цаашаагаа хэрхэн задрахыг таахад бэрх. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Иргэдээс санал ирж байгаа, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна” гэсэн байна лээ. Энэ шаардлагаар дээрх ажлын хэсгийг байгуулсан юм байна гэж ойлгов.

Сануулахад, энэ удаагийн нэмэлт өөрчлөлт урагш алхвал МАН эрх барьж байх хугацаандаа гурван жилийн дотор хоёр удаа Үндсэн хуульдаа гар хүрсэн хэрэг болно. Тэр тоолонд онооны хажуугаар алдаагаа ч бас тоолоход хүрнэ гэсэн үг. Ялангуяа “иргэдийн санал хүсэлт” нэрээр баахан задгай саналууд оруулж ирээд явбал онохоосоо илүү алдаагаа цуглуулахад хүрэх болов уу. Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт мэтийн том асуудлыг иргэдээр шийдүүлдэг улс орон байдаггүй л гэж юм билээ. Муу ч сайн ч институт болохын хувьд парламент нь, улс  төрийн намууд нь хариуцлагаа хүлээгээд, шийдвэрээ гаргаад явдаг баймаар. Харин дээр хэлсэн шиг тодорхой, тогтсон асуудлууд дээрээ бүх нийтийн санал асуулга явуулах бол өөр хэрэг. Угаасаа Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь байж байгаа. Гэхдээ үүний тулд иргэдээ мэдээллээр маш сайн хангах ёстой. 

Ер нь бол 2019 онд баталсан нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Энэ бол маш том тоо. Одоо эргээд харахад яах гэж ийм өөрчлөлт хийсэн юм бол доо ч гэхээр эргэлзээтэй зүйл заалтууд ороод явчихсан л байдаг. Тийм учраас энэ удаа өөрчлөлт оруулахад хүрвэл яг шаардлагатай, тодорхой зүйлүүд дээрээ л тогтож ярих ёстой. Зөвхөн энэ хүрээнд өөрчлөлт оруулна гэдгээ МАН иргэдийнхээ өмнө, улс төрийн намуудын өмнө амлах ёстой.

Цаазын ялны хувьд бол яалт ч үгүй халах шаардлага байгаа. Монгол Улс 2012 онд дэлхийн хамтын нийгэмлэгүүдийн өмнө цаазын ялаас татгалзах амлалт авч, Эрүүгийн хуулиасаа цаазын ялыг халсан боловч Үндсэн хуульд нь цаазын ялыг хүлээн зөвшөөрсөн заалт одоо хүртэл байж л байгаа. Албан ёсоор бол цаазын ялтай улс гэсэн үг, хэрэгжүүлэхгүй л байгаа болохоос. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр халж чадаагүй шалтгаан нь тухайн үеийн Ерөнхийлөгчтэй холбоотой. Үндсэн хуулиас халах байтугай Эрүүгийн хуульдаа эргүүлж оруулж ирэх гэж улайрлаг байсан хүн шүү дээ. Ийм тохиолдол давтагдахгүй гэх баталгаа байхгүй учраас Үндсэн хуульдаа яаралтай өөрчлөлт оруулах нь зөв.

Мөн сонгуулийн мажоритари тогтолцоог халж, хувь тэнцүүлсэн (пропорциональ) системийг оруулж ирэх нь манай Үндсэн хуулийн өмнө тавигдаж байгаа бас нэг том зорилт болчихоод байгаа. Гучин жил сонгууль явуулахдаа ганцхан удаа холимог тогтолцоогоор сонгуульдсан. Ганцхан удаа сонгуулийн хуулиа өөрчилж үзээд түүнээсээ ч гэсэн буцсан. Бурууг нь Үндсэн хуульд өгдөг. Тэгэхээр энэ дэгээнээс мултрахын тулд яалт ч үгүй Үндсэн хуульдаа гар хүрэхээс аргагүйд хүрч байх шиг. Тэгэхгүй бол Үндсэн хууль маань түүнийг сахиж хамгаалах ёстой Цэцийн есөн хүний тоглоом тохуу, тэдний ард сууж байдаг захиалагчдынх нь гарын шүүс болоод арван жил болчихлоо шүү дээ. Цэц ямар шийдвэр гаргахыг тухайн үед эрх барж байгаа нам, намын дарга шийддэг болсон. МАН ч гэсэн араас нь явахгүй гэх баталгаа байхгүй. Ийм болохоор Цэцийг  улс төрөөс, намаас хараат бус болгоё гэдэг зарчим ч гэсэн энэ удаа шуудрах ёстой байх. Өмнө 2019 онд оруулж ирсэн өөрчлөлтийг Цэц өөрөө захиалга өгөөд бүгдийг нь унагасан шүү дээ. УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь дуудаж дарамтлаад, бүрэн эрхтэй нь ярьж байгаад унагасан гэдэг юм билээ. Одоо нөгөө ЖДҮ-чид нь парламентаасаа явсан бол эрх биш арай өөр шийдвэр гаргах байлгүй.

Дөрөв дэх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх. Цөөхөн гишүүнтэй байгаагийн балгийг дөнгөж сая хэллээ шүү дээ. Бүхэл бүтэн байнгын хороог шүүрдээд шүүрдээд ажлыг хэсэгт оруулсан гишүүдийнх нь нэрийг хар. 76 гишүүнийг долоон байнгын хороонд хуваахаар нэг байнгын хороо 10 гишүүнтэй. Нэг гишүүнийг хоёр байнгын хороонд оруулаад арай гэж 20 хүнтэй болдог. Тэдний 10 нь хуралдаа ирдэг. Тав нь асуудлаа ярьдаг. Таван хүний саналаар шийдвэр гардаг гэсэн үг. Нэгдсэн чуулган дээр ч ялгаагүй. Гучин найм, есүүлээ хуралдаад 20 хүний кнопоор хууль баталдаг. Нөгөөдүүл нь асуудлаа ярихаасаа илүү тойргийнхондоо таалагдах гэж худлаа попорсоор байгаад цагаа дуусгана. Баталсан хуулиас нь яг ямар үр дүн гарах гээд байгааг хэн ч ойлгохгүй дээ. Өөрсдөө ч ойлгодоггүй байх. Манайхаас өөр 200-300 хүнтэй парламент бол тэнд хэн юу ярьж байгааг хэн ч тоодоггүй, харин гаргасан шийдвэрийнхээ алдаа оноогоор шүүгддэг юм байна лээ шүү дээ. Либерал нам татварын асуудал дээр ийм байр суурь гаргасан, социалист нам ингэж алсан, дараачийн удаа сонгохгүй дээ гэдэг. Манайх ч гэсэн тийм болъё л доо. 

Гэхдээ манайхан парламентын том багыг ярихдаа хүн амынхаа тооцоо харьцуулж яриад байдаг нь бүр шал далий зүйл. 150 сая хүнтэй Орост 450 депутат хангалттай байхад гуравхан сая хүнтэй Монголд гурав, дөрөвхөн толгой хангалттай биш үү? гэх гээд. Гэтэл эсрэгээрээ харин ч цөөхөн хүн амтай, жижиг улс тусмаа парламент нь илүү хүчтэй, чадавхитай байх ёстой. Үүнд хүний тоо маш чухал. Тавуулаа нийлж суугаад маргах, таиулаа суугаад мэтгэх хоёр тэнгэр газар шиг ялгаатай биз дээ. Газар нутаг арвинтай билээ гээд ганц ганцаараа нэг довон дээр гарч овойгоод юунд ч хүрэхгүй гэдгийг бид өнгөрсөн 30 жил харлаа, үзлээ. Цөөхүүлээ тусмаа оруулаа цуглаж ярих ёстой. Өмнөх нийгэмд АИХ яагаад 450-иулаа байсан бэ гэдгийг ч бодоод үз. Одоо МАН гишүүдийн тоог 100 болгоё гэж байх шиг байна. Яагаад 300 байж болдоггүй юм, дэлхий нийтээрээ л тийм байна шүү дээ. 300 гишүүнтэй парламенттай, 30, 30-аараа хоёр тал болоод байнгын хороон дээрээ хэрэлддэг байхад тэндээс торойх гэж овоо юм болно оо доо. Яавч өнөөдрийнх шиг боов тараагаад сууж байж чадахгүй. 

Эцсэт нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал давхар дээлийг эргүүлж авчирах гээд байна гээд бас нэг сөрөг пиар яваад байгаа. Тийм бодолтой нь ч байгаа л байх. Тэгэвч зарчим гэж нэг юм бий. Үндсэн хуульд нэг удаа оруулсан заалтыг найман жил хөндөж болохгүй хуультай. Тийм болохоор хүсээд ч оруулж чадахгүй өөрчлөлт бол энэ юм. Харин пропорциональ тогтолцоог оруулаад ирвэл намын жагсаалтаар сонгогдсон хүнээ нам нь сайд болгоод явуулахад арынх нь хүн орж ирээд парламентад сууна. Тойргийн систем шиг нөхөн сонгууль энэ тэр явуулах шаардлага гарахгүй. 

Гэх мэт шалтгаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа юу гэвэл байгаа. Харин өөрчлөлт оруулж чадах эсэх нь бараг дангаараа МАН-ын асуудал. Хичнээн ч олон нам санал өгсөн байлаа гээд кноп дарах нь МАН-ын 62.

Өнгөрсөн сард болсон нэг хэлэлцүүлэг дээр МАН-ын генсекээс “Пропорциональ тогтолцоог оруулаад ирлээ гэхэд МАН-ын бүлгээрээ дэмжиж чадах уу?” гэж асуухад “Нам бол дэмжинэ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн кнопыг нам хянаж чадахгүй” гэж бултаж байна лээ. Хянаж чадахгүй бол улс төрийн нам гэж яваад, бодлого энэ тэр яриад яах юм. Боловсон хүчний бодлогоо барьдаг гол хүн нь ингэж ярьж болдог юм уу? Тийм болохоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулья гэвэл МАН-ын дарга нь, Ерөнхий сайд нь өөр дээрээ хариуцлагыг авах ёстой. Л.Оюун-Эрдэнээс шууд хамаарна гэсэн үг. "Хийвэл бүү ай, айвал бүү хий" гэдэг байх аа.

inews.mn