ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЙЛБАР ФИЛОСОФИ
“Хүний эрхийг зөвхөн гэмт хэрэгтэн, төр хоёр зөрчдөг. Гэмт хэрэгтнээс хүнийг хамгаалахын тулд төрийг байгуулдаг бол төрөөс ард түмнийг хамгаалахын тулд Үндсэн хуулийг бүтээдэг” зохиолч, гүн ухаантан Алиса Розенбаум (Айн Рэнд)
ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЙЛБАР ФИЛОСОФИ
ИХ ТАЙЛБАР ФИЛОСОФИ
Зохиогчид: 1. Д.Лхагвасүрэн (Эрх зүйч, докторант)
2. Р.Ууганбаатар (Эрх зүйч, докторант)
3. М.Сайнбаяр (Эрх зүйч, докторант)
4. Д.Сүхболд (Улс төр судлаач, доктор. Ph.D)
5. Д.Зоригтбаатар (Эдийн засагч, доктор.Ph.D. Проф)
“Монголчуудын үндсэн алдаа бол
Үндсэн хууль өөрөө мөн.”
Онол гэдэг нь бүх дэлхий хүлээн зөвшөөрсөн, орон бүрийн ард түмэнд яг ижилхэн үйлчилдэг, цор ганц үнэн байх ёстой. Нэг судлагдахуун дээр хоёр өөр онол байх боломжгүй. Хэрэв нэг судлагдахуунд хоёр өөр онол байгаа бол тэдгээр онол нь тэр дороо онол биш болж хувирна. Учир нь тэр хоёр онол нь хоёул нэгэн зэрэг үнэн байх боломжгүй билээ. Тиймээс шинэ онол төрсөн бол хуучин онол устах ёстой. Тухайлбал: Дэлхий нарыг тойрдог шинэ онол төрөн гарч, нар дэлхийг тойрдог хуучин онол устсан. Өөрөөр хэлбэл хуучин үнэн нь үнэн биш болсон хэрэг. Одоо дэлхий нарыг тойрдог гэсэн цор ганц онол бүх ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн байна.
Тийм ээ. Шинжлэх ухааны онол ганц байдаг. Философийн үнэн ч ганц байдаг. Үйл ажиллагааны зөв зарчим ч ганц байдаг. Онол ч ганц, үнэн ч ганц, зарчим ч ганц байх ёстой. Тэгэхлээр Үндсэн хууль нь онол, философи, зарчмаас бүрдэх тул улс бүрийн Үндсэн хууль бараг ижил байх ёстой. Гэтэл дэлхийн бараг бүх улс орны Үндсэн хууль асар их ялгаатай бөгөөд яг ижилхэн Үндсэн хуультай хоёрхон улс орон олох гэхэд огт боломжгүй байгааг юу гэж ойлгох вэ? Хариулт ганц бий. Бүх улс орнуудын Үндсэн хууль нь онол, философи, зарчмын хувьд ямар нэгэн алдаатай байна гэсэн үг. Харин дэлхийн улс орнуудын дунд маш олон үзүүлэлтээр сүүл мушгиж яваа учир Монгол Улсын Үндсэн хуульд онол, философи, зарчмын маш их алдаа байгаа гэсэн үг.
Хэдийгээр яг ижилхэн Үндсэн хуультай хоёрхон улсыг ч олж чадахгүй байгаа боловч, бүх улсын Үндсэн хуулийг ерөнхийд нь хоёр ангилж болно. Энэ ангиллыг хийхдээ, аугаа хоёр Орос хүний тогтоосон, Үндсэн хууль бүтээх гол зарчмыг ашиглая. Нэг нь ардчилсан Үндсэн хуулийн тодорхойлолт бол нөгөө нь дарангуйлагч Үндсэн хуулийн тодорхойлолт юм. Үүнд:
“Хүний эрхийг зөвхөн гэмт хэрэгтэн, төр хоёр зөрчдөг. Гэмт хэрэгтнээс хүнийг хамгаалахын тулд төрийг байгуулдаг бол төрөөс ард түмнийг хамгаалахын тулд Үндсэн хуулийг бүтээдэг” зохиолч, гүн ухаантан Алиса Розенбаум (Айн Рэнд)
“Хүний эрхийг төрөөс хамгаалах гэж Үндсэн хууль тогтоодог юм биш. Харин төрийг ард түмнээс хамгаалахын тулд Үндсэн хуулийг тогтоодог.” ЗХУ-ын Ерөнхий прокурор, 1939 оны Үндсэн хуулийн эцэг А.Я.Вышинский.
Айн Рэндийн зарчмаар “эрх зүйт төр” байгуулагддаг бол харин А.Я.Вышинскийн зарчмаар “дарангуйлагч төр” байгуулагддаг. Айн Рэндийн зарчмаар капиталист нийгэм байгуулдаг бол А.Я.Вышинскийн зарчмаар социалист төр байгуулдаг. Айн Рэндийн дүрсэлсэн “эрх зүйт төр” бол заавал мөрдөх эрх зүйгээр хязгаарлагдсан төр мөн. Харин Вышинскийн байгуулсан “дарангуйлагч төр” бол эрх зүйн хүчийг урвуулан ашиглаж, хүний эрхийг хөсөрдүүлсэн төр мөн. Тиймээс Үндсэн хуулийг өөрийг нь төр, засгаас дээгүүр тавихгүй бол ард түмний эрх чөлөө баталгаагүй болно. Үндсэн хуулиа төрөөс дээгүүр тавих хамгийн эхний алхам бол ард түмний баталсан Үндсэн хуульд төр, засаг нэмэлт өөрчлөлт хийх эрх мэдэлгүй байх явдал мөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн түүх бол ЗСБНХУ-ын социалист Үндсэн хуулийн түүхтэй усны дусал мэт адилхан. 1918 онд батлагдсан ЗХУ-ын анхны хууль нь зөвхөн Орос Улсад л зориулсан Үндсэн хууль байлаа. 1924 онд батлагдсан II Үндсэн хуулиар ЗСБНХУ-ыг байгуулж, тухайн үедээ Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Орос, Украин, Беларусь, Азербайжан, Армен, Гүрж зэрэг зургаан оронд нийтэд нь хэрэгжүүлсэн анхны Үндсэн хууль болжээ.” Яг энэ цагт буюу 1924 онд Коминтерны шууд удирдлага доор Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг ахар богино хугацаанд батлан гаргасан билээ. 1939 онд И.Сталины Үндсэн хууль батлагдан гарсны дараа 1940 онд Монгол Улсын II Үндсэн хууль батлагдсан. 1956 оноос Н.С.Хрущёвын эхлүүлсэн өөрчлөлтийн нөлөөгөөр 1960 онд Монгол Улсын III Үндсэн хууль батлагдаж, 1986 онд М.С.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр 1992 онд Монгол Улсын IV Үндсэн хууль батлагдсан. 1992 оны ардчилсан гэж эндүүрэх Үндсэн хуулийн гол онол, философи, зарчим нь 1960 оны дарангуйлагч Үндсэн хуулийн голлох зарчмуудтай яг адилхан байдаг. Бүр Хойд Солонгосын 1998 оны Үндсэн хуулийн зарчимтай 91.8% нь яг тохирч байна. Эндээс 1992 оны ардчилсан гэх Үндсэн хуулийг А.Я.Вышинскийн социалист Үндсэн хуулийн нэг хувилбар мөн гэсэн дүгнэлт хийж болно.
2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний “Хар Пүрэв” гарагт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ баталж, угаас онол, философи, зарчмын асар их алдаатай байсан Үндсэн хуулийнхаа нуухыг авах гээд нүдийг нь сохлов гэгч боллоо. Бид энэ номоор 1992 оны Үндсэн хуулийн 290 заалтаас 36 заалтыг нь ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүй авч үлдсэн бөгөөд 89-т нь зарчмын өөрчлөлтүүд оруулан, 170 заалтыг цоо шинээр бичиж, 100 гаран заалтыг дарангуйлагч зарчимтай болохыг илчлэн харуулж, тэдгээр заалтыг хэрхэн ардчилсан заалт болгон өөрчилснөө тайлбарласан. Үндсэн Хуулийн тайлбар философи гэх номын нэр хүртэл үүнтэй холбоотой.
Шинэ Үндсэн хууль бичиж байгаа бол хэчнээн их төлөвлөгөө, нарийн ухаан, цаг зав зарцуулсан ч гэлээ тодорхой нэгэн асуудлыг орхигдуулах явдал гарах нь эргэлзээгүй. Төгс зүйл гэж хаа ч байдаггүй. Ялангуяа хүн гэгч угаас төгс бус амьтны хийж буй бүтээлээс төгс зүйл хүлээнэ гэдэг тэнэглэл. Тэгээд ч улс бүрийн ард түмний сэтгэлд нийцсэн Үндсэн хууль ч гэж алга. Гэхдээ бидний санал болгож буй шинэ Үндсэн хуулийн төсөл нь төгс бус ч гэлээ олон талаас нь сайтар тунгааваас хамгийн байж болох сайн хувилбар гэдгийг уншигч та өөрөө ойлгоно.
Хэн нэгэн зориглон бичих ёстой, тийм түүхэн цаг үед шахагдан энэхүү Үндсэн хуулийг бичсэн гэдгээ энэ ташрамд хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бидний боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөл нь асуудалд сөрөг байр сууринаас хандах арми төрүүлэх нь урьдчилан харагдаж байгаа юм. Учир нь бидний дэвшүүлж буй Үндсэн хуулийн эрс өөрчлөлт нь хэтэрхий олон эрдэмтэн мэргэдийн цол гуншинг гутааж, УИХ-ын 63 гишүүний эх оронч сэтгэлгүйг илчилж, олон талын ашиг сонирхлыг хөндөж, засаглалын бүх инстүүцийг эрс өөрчлөлтөд шахаж, улс төрийн намуудын үзэл баримтлалыг бут ниргэж, бүлэглэл фракцын амьдрах нөхцөлийг устгаж, олон нийтийн тогтсон ойлголтыг сөрөн зогсож буй тул өөрсөд дээрээ гал дуудах нь тодорхой байгаа юм.
Хариулт бүхнээс ямар нэг цоорхой олж болдог нь жам. Ялангуяа шинэ Үндсэн хуулийг шүүмжлэх зорилго тавивал, заалт бүрээс цоорхой гаргаж болно. Гэхдээ цагийн уртад, унших тусам, бидний санал болгож буй Үндсэн хуулийн онол, үзэл баримтлал, философи, зарчим, зорилго, хөгжлийн инерцийг “зөв юм байна” “үнэн юм байна” “аргагүй юм байна” гэсэн ард түмний бат итгэл өснө гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Аливаа ард түмний хүсэл шийдвэр нь тухайн орныхоо хамгийн дээд шийдвэр мөн. Тиймээс ард түмэн хүсвэл Үндсэн хуулийн хувьсгалд ялалт байгуулж чадна. Ард гэдэг үг бол ардчилал гэдэг үгийн үндэс гэдгийг ахан дүүс минь санаасай. Ард түмэн өөрөө “эх орон” юм байна гэдгээ ойлгоосой.
Тэртээ 1787 онд АНУ-ын Үндсэн хуулийн хуралдайнхан, шинээр төрж буй улс орон нь хэдэн арван жилийн дараа гэхэд энэ ертөнцийн хамгийн хөгжилтэй, хүчирхэг улс гүрэн болно гэдгийг баттай харж чадаж байжээ. Гайхалтай хэрэг шүү. Бид ч бас Ази тивийн элгэн дээр хүчирхэг гүрэн улсаа сэргэн мандахыг төсөөлж, харж, хуульчилж чадсан. Тиймээс энэхүү төслөөрөө, түүнийг хамтран бичилцсэн нөхдөөрөө бахархаж байна. Миний бие эрх мэдэл, эд баялагт тэмүүлэх, хувийн явцуу ашиг сонирхол хөөх, атгаг хорон санаа өвөрлөх явдлаас эгнэгт хол байх болно гэдгээ номын анхны хуудсаараа илэрхийлэх боломж олдсонд баяртай байна. Эх орон нэгт, элэг нэгт Монгол ахан дүүс та бүхнийг сайн сайхан амьдралтайгаа шууд холбоотой, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хамгийн шийдвэрлэх нөлөөтэй, шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт идэвхтэй оролцохыг уриалж байна. Үндсэн хуулийн хувьсгалд нэгдэгтүн!
Эрхэм таныг хүндэтгэсэн
Дамдинсүрэнгийн Лхагвасүрэн