Улаан, тариа хоёр
Болчимгүй зарим нь “Улаан сайд нь Сарангэрэл сайдыг тарьж байгаа бичлэг буудлын камераас олдоод, тэрийгээ хэвлэлийн бага хурлаар хэсэгчлэн үзүүлсэн” гэж хүртэл бурсан байна.
Улаан, тариа хоёр
-фельетон-
“Улаан тариа-2” гэдэг аян эхэлснийг Засгийн газраас зарлав. Зарлалыг Эрүүл мэндийн сайд гаргасан боловч Тариа эрхэлсэн сайд нь Улаан нэртэй учраас хүмүүсийн толгой эргэж эхэлжээ. Нэг бол улаан өнгийн тариа тарих ч юм шиг, тэгтэл улаан болгодог тариа хийх ч юм шиг, явж явж Улаан сайдыг тарих ч юм шиг, бүүр больчихоод Улаан сайд биднийг тарих ч юм шиг... алийгаа алдаад явчихав.
Тэгэхээс тэгэх гэсэн шиг мөн өдөр нь Улаан сайд нь мал мах болон хүргэний асуудлыг нэгтгэн хэвлэлийн хурал хийж таарав. “Нээрээ би тиймээ гэх шиг, Нэр нь хүртэл тэмээ” гэдэг чинь шүлэг билүү?
Улаан сайд хаа хамаагүй асуудлуудыг нэгтгэдэгээрээ алдартай. Тэрээр МАН болон МАХН-ыг нэгтгэн дундын гишүүн гэж явдаг ба саяхан Яамныхаа зөвлөх, өөрийн хүргэн хоёроо нэгтгэсэн талаараа ярилцлага өгсөн ажгуу. Улмаар, хэвлэлийн хурлын үеэр сайдын хамаатны пүүс, улсын махбэлтгэл хоёрыг бас нийлүүлээд хаясан нь тодорхой болов. Ийм болохоор нь Улаан сайдыг ямар ч хамаагүй аргаар улаан тариатай өөрийгээ нийлүүлчихсэн байгаа гэдэгт олон хүн эргэлзсэнгүй.
Гэтэл шинэ үеийн олон хүн “Улаан тариа” гэж юу хэлээд байгааг ойлгож өгдөггүй ээ. Болчимгүй зарим нь “Улаан сайд нь Сарангэрэл сайдыг тарьж байгаа бичлэг буудлын камераас олдоод, тэрийгээ хэвлэлийн бага хурлаар хэсэгчлэн үзүүлсэн” гэж хүртэл бурсан байна.
Бас “Улаан сайд юу ч юм бэ тусаад эмнэлэгт тариа хийлгэж байгаа. Тэрээр, сурсан зангаараа “дан тариа хийлгэхгүй, ямар нэгэн юмтай нийлүүлж хийлгэнэ” гэж гомдол гаргаж. Сандарсан сайд Сарангэрэл нь “тэр тариаг нь юутай ч хамаагүй, улаан винотой ч хамаагүй нийлүүлээд шахчих” гэснээс үүдсэн яриа” гэж мэлзэх ч этгээд байх юм.
Харин “ЖДҮ-г өршөөхгүй” хөдөлгөөнийхэн мэдэгдэхдээ: “Улаан тариа” нь эм эмчилгээтэй огт хамаагүй зүйл. Тэд Тариалан дэмжих сангаас давхар зээл авахын тулд нэг ургацаа “Улаан буудай”, “Улаан тариа” гэсэн хоёр өөр нэрээр шахаж байгаа зальжин арга хэмээн шүүмжилж ч байх шиг.
Тэгж ярих юм бол үнэхээр улаан тариа байна. Улаан гуай сайд болсноосоо хойш тариалж байгаа “Улаан гаолян”-г хэлж байгаа юм. Жан Имоугийн ийм нэртэй бүтээл хүртэл бий гэж кино судлаачид өгүүлэх аж.
Учрыг мэддэг гэх зарим хүн “Мал, тариалантай ямар ч хамаагүй ээ. Судсаар хийдэг эмтэй тарианы тухай ярьж байгаа юм. Харин юм юмыг нийлүүлэн өөртөө хавсаргадаг тусгай аргатай Улаан сайд нь “тарих” гэсэн утгатай бүхий л процессыг яамандаа хавсаргаж чадсан. Ингээд эмнэлгийн бүхий сувилагч нар, бүхий л тарилга, тариуртайгаа Хүнс хөдөө аж ахуйн яаманд харъяалагдах болсноос үүдээд сүръяагийнхаас бусад бүх тариаг “Улааны тариа” гэх болж. Сүръяаг саяхан нээсэн сайдынхаа алдрыг хүндэтгэн тариаг нь Улаанд өгөлгүй, Эрүүл мэндийн яамандаа үлдээсэн” гэж тайлбарлахыг ч сонсов.
Түүнийхээр бол сонгуулийн өмнө амжиж бүх хүнийг улаан тариагаар тарих, тарилгын мөнгийг Тариалан дэмжих ЖДҮ сангаас гаргах, тарих ажлыг Тариалангийн сайд Улаан хариуцах юм байна.
Үнэн хэрэгтээ, “улаантариа” гэдэг нь өнгөрсөн зуунд, БНМАУ-д тэмбүү өвчнийг дарахад хэрэглэсэн тариа юм байна. Тэр тариаг өнөөдөр Тариалан дэмжих сангийн ЖДҮ-гээр бүх хүнд тарих бололтой. Хэвлэлийн бага хурлын үеэр “Та бүх иргэнээ алагчлалгүй, ардчилсан байдлаар тарина гэлээ. Тэмбүүгүй хүмүүст энэ тариа ямар хэрэгтэй юм бэ” гэсэн асуулт гарчээ.Эрүүл мэндийн сайд асуултад хариулахдаа “Нэг ч иргэнээ ялгаж үлдээлгүй тарих нь манай засгийн газрын алсын хараа болно. Бид асуудлыг урьдчилан харсан байгаа. Улаан тарианы хажууд цэнхэр тариа дагалдана. Тэмбүүгүй хүнд тэрийг хийхээр долоо хоногийн дараа тэмбүүтэй болно. Энэ үед нь улаан тариагаа хийж тэмбүүг нь эдгээнэ. Далиманд нь бүгдээрээ дархлаатай болно” гээд нижигнэтэл алга ташуулжээ.
За тэр, хотын замд хийсэн алтан шаргал хашлагыг ч улаан тариатай холбож тайлбарлаж байх юм. Замын цагдаагийнхан тусгай дохио өгмөгц хаалтуудыг янзлан эргүүлээд зам болгоныг Хүнс Хөдөө аж ахуйн Яамны “Улаан тариаланг дэмжих сан”-гийн үүдэнд очихоор болгож зохицуулна гэнэ. Улаан сайд улаан тариатай шприцээ барьчихсан, үүдэн дээрээ ханцуйгаа шамлаад зогсох байх юм даг уу?
Ер нь бол улаан тариатай, тариагүй толгой эргүүлсэн юм их байна аа. Гадаад яамныхан хар тамхитайгаа Германд гардуулснаас эхлээд. Сая Ерөнхийлөгч нэг хуулинд хориг тавиад, Их хурал хоригт нь сөрөг батлаад, уурласан ерөнхийлөгч тэрэнд нь бас хориг тавиад, Их хурал эргүүлж цуцлаад толгой эргүүлсэн тойрогт орчихож. Сүүлд нь үзэхнээ Ерөнхийлөгч өөрийнхээ зарлигт хоригт тавиад, УИХ –нь өөрийгээ хүчингүй болгосон тогтоол гаргаад зогссон байна гэсэн. Ямар нэгэн тариа хийлгэх цаг ч уг нь болсон шиг байгаа юм аа.
...Манай улс чинь ямар ч хамаагүй аян л хийхгүй бол болохоо байчихсан хэрэг үү? Энэ фельетоныг бичиж байх зуур ирсэн зурвасыг задалбал: “Матрын-3” аян эхэлснийг дуулгаад “Улсын тэргүүлэх царай муутай хүн” номинацид таныг дэвшүүлж байна. Сертификатынхаа мөнгийг тушаагаад баримтаа илгээнэ үү. Амжилт хүсье” гэсэн байх юм...Тануус минь “лайк” дарахаа мартав.