УИЛЛИАМ БРАУН: АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМИА АЛДСАН АМЕРИКИЙН АНХНЫ ТАГНУУЛ МОНГОЛЫН ХИЛ ОРЧИМ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ
Элчин сайд Уиллиам Браун нь Монгол улс – АНУ-ын харилцааны нэн эгзэгтэй үед маш сонирхолтой үүрэг гүйцэтгэсэн, Монголд анхлан суух Элчин сайдаар томилогдоод монгол хэл сурсан, гэвчиг улс төрийн байдлаас болж хоёр улс дипломат харилцаа тогтоогоогүй, үүний тул сурсан монгол хэлээ дэмий хаяхгүй хэмээн, “БНМАУ-ын түүх” бүтээлийг англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн, дипломат, судлаач хүн юм. Ийнхүү Монголд элчин сайдаар ажиллаж чадаагүй боловч хожим Израйльд хоёр ч удаа Элчин сайдаар суусан түүхтэй. Нэрт монгол судлаач Франсис Кливезийн шавь тул Монгол судлалд элэгтэй, сонирхолтой хэвээр, биднийг анх Кливезийн номын сантай танилцуулсан буянтан билээ. Энэ удаад аанай л их сонирхолтой мэдээ дуулгая гэж залгахад нь Арлингтон дахь гэрт нь явж очлоо. Том өрөөндөө гэргий нь сууж байдаг сан, 2022 оны 11 сард бурхан болжээ. “Эхнэр минь надаас 4 эгч, 96 настай байсан юм аа” гэсээр Элчин сайд Браун яриагаа эхлэв (Браун гуай өөрөө 1930 онд төрсөн, өдгөө 93 настай буурал).
Уиллиам Браун: Онон Өргөнгөөтэй хамт “БНМАУ-ын түүх” номын орчуулга дээр ажиллаж байхдаа би Үндэсний архивт их суудаг, ялангуяа Цэргийн тусгай хавтаснууд, Азид сууж байсан цэргийн атташе нарын үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг нарийвчлан үздэг байв. Латтимор тэрийг маань сонсоод: “Чи тэгвэл миний нэрийг олж хараа л биз дээ. Би чинь Америкийн Усан цэргийн шугамаар атташе болж, Бээжинд очиж байсан шүү дээ” гэж байна. Латтимор нэг инээдтэй юм ярьсан юм. Бээжинд Монголыг сонирхоод, Монголыг судлаад, судалгааны ажил хийгээд суугаад байдаг байж. Усан цэргийн хорооных нь дарга нэг удаа “Чи чинь манайхаас цалинжиж байгаа хүн шүү дээ. Усан цэргийн ажил хийхгүй юу” гэж шүүмжлэх маягтай асуухаар нь Латтимор өөдөөс нь тоглоом болгож, “Тэмээ бол их говийн усан онгоц шүү дээ, тэднийг бас тоолох л хэрэгтэй” гэж хариулсан гэж байгаа. Үүнийг би өнөөдөр чамд л ярьж байна. Өмнө огт дурдаж байсангүй. Учир нь Латтимор луу их дайрсан, цэрэг дайнтай холбоотой ажилласан гэдгийг нь хэлбэл шүүмжлэгч нарт нь л санаа өгөхийн нэмэр. Судлаач нар МкКарти-гийн л Латтимор луу дайрсныг их ярьдаг мэддэг юм, гэтэл тэрнээс өмнө Зөвлөлт Холбоот Улсын тал бас Латтиморыг Америкийн тагнуул гэж баахан буруушаасан шүү дээ. Монголыг судалсныхаа төлөө ингэж Америкуудад ч зүхүүлж, Зөвлөлтүүдэд ч хараалгасан хүн. Тиймээс би Латтиморын цэргийн талын үйл ажиллагааг ер дурддаггүй байлаа, энд одоо чамд бол ярьж байна.
М. Саруул-Эрдэнэ: Харин тийм байна билээ. Латтимор Орос Хятад хоёрын хоорондох улс үндэстнүүд, ялангуяа Монгол, Буриад, Өвөр Монголыг их дэмждэг, үүнээс нь болж Зөвлөлтийн тал таагүй таагүй ханддаг байсан, гэтэл тэр дэмжээд байгаа улсууд нь бүгд социалист системтэй болчихсон, тэгэхээр социализмыг дэмжээд байна гэж Америкийн тал бас хардсан, хэцүү л дайралт дунд байсан шиг.
У. Б: МкКартигийн тэр буруушаал хэдий Латтимороос юм олж чадаагүй боловч Жон Хопкинсын их сургууль тэгсгээд зайгаа барьчихсан шүү дээ. Үүнээс болж Монгол судлал, аж амьдрал нь хохирч байгаа юм. Латтиморын protégé (өмгөөлөл хамгаалал, дэмжлэг дор нь явдаг хүн гэсэн утгатай франц хэллэг . М. С.) Онон Өргөнгөө л гэхэд ажилгүй болоод айл айлын үүд тогшиж, Британийн Нэвтэрхий толь зардаг ажил хийж байлаа шүү дээ. Ганцхан хүний амьдрал ч бас биш байгаа биз. Тэр үед харин Английн либералиуд маш санаачилгатай ажиллаж, Латтиморыг Лийдст урьчихсан юм. Америкад ад үзэгдсэн нэрт судлаач ийнхүү Англид Хятад судлал, Монгол судлал, аль алиныг нь хөл дээр нь зогсоож өгсөн түүхтэй. Англичууд бол Хятад судлалын салбар удирдаж өгөөч гэж хүссэн юм. Латтимор тэгэхээр нь Онон Өргөнгөөгөө дагуулж очоод Монгол судлалыг бас давхар аваад явчихсан хэрэг.
М. С: Латтиморын бүх бичиг баримт манай Конгрессын номын санд хадгалагдаж байгаа.
У. Б: Хүүд нь бас Латтиморын бичиг цаас, сонин юм байж магадгүй шүү. Дэвид гээд хүү нь намайг Харвардад сурч байхад манай ангид байсан юм. Бас Ази судлалаар мэргэшсэн. Манай анги гэхдээ их том анги байсан, 1100 оюутантай, тиймээс би Харвардад сурч байхдаа Дэвид Латтимортой уулзаж байсангүй. Дараа нь тэрбээр Брауны их сургуульд Алс дорнодын судлалаар профессор болсон байсан. Азийн талаар аавтайгаа сүүлд санал зөрөлдсөн байж магадгүй. Тэр хүнд сонин юм байж мэдэх юм шүү, шалгаарай.
М. С: За тэгнэ ээ. Та утсаар Энэтхэг дэх Элчин Сайдын Яаманд ажиллаж байхад тань нэг сонин явдал тохиосон, тэр талаар уулзахаараа ярьж өгье гэсэн, одоо ярих уу?
У. Б: Аа тийм. Би ч олон газар томилогдож ажиллаж байсан, 1968-1970 онд Энэтхэгт суусан юм. Хариуцсан гол чиглэл маань Энэтхэгийн Хятад болон Зөвлөлттэй харилцах харилцаа. Ажилдаа ороод удаагүй байтал Эй-Ай-Ди (AID: Agency for International Development буюу Олон улсын хөгжлийн агентлаг) -гийн нэг ажилтан ажлаасаа гарснаар дээрээс намайг түүний ажлыг давхар хариуц гэсэн үүрэг өглөө. Тэр ажил нь улс төрийн ажил биш, Швейцарийн болон бусад олон улсын байгууллагатай хамтран, Төвөдөөс ирсэн дүрвэгч нарт туслах, суурьшуулах ажил юм. “Үндсэн ажлын чинь аравны нэг хувийг л авна, санаа зоволтгүй” гэснээр ийм нэг улс төрийн биш давхар ажилтай боллоо. Энэ ажлын шугамаар Энэтхэгийн олон нутгаар явж Төвөдүүдийн тосгонтой танилцах болов. Тэгж байхдаа Дармасалад очиж, Далай ламтай танилцсан, надад үнэхээр гүнзгий сэтгэгдэл үлдээж билээ. Шилэн хаалгатай, түүгээр нь яваад ортол инээмсэглэсээр над дээр шууд ирүүтээ мөрөн дээр минь хүрдэг юм байна. Мэндэлж байгаа юм болов уу гэтэл үгүй, миний мөрөн дээр нэг том цөгөрцөг суучихсан байжээ. Гараараа эвтэйхэн аваад, хаалга нээж, хөөрхий амьтныг нь байгальд чөлөөлөн тавьсан сан. Эхнэр охинтойгоо очсон, бид бүгдээрээ ихэд гайхан биширч билээ. Далай ламыг Америкад айлчлуулах ажлыг би бас хамаарч байсан юм.
М. С: Далай лам гэхдээ Америкад бүүр сүүлд 1979 онд л хөл тавьсан, харьцуулж үзвэл Япон, Тайландад 1967, Европод 1973 онд айлчилж байсан түүхтэй. 1968 онд таныг тэгж ярьж эхэлж байснаас хойш ингэж удсаны учир юу вэ?
У. Б: Яг тэр үед Америкийн Гадаад бодлогыг чиглүүлэх гол хүн нь Хэнри Киссинжер болсон юм (Киссинжер нь 1968 онд Ерөнхийлөгч Никсоны үндэсний аюулгүй байдлын туслах, 1969 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, 1973 онд Төрийн департаментын нарийн бичгийн дарга буюу Гадаад хэргийн сайдаар томилогдож байжээ. ЗХУ болон БНХАУ-тай харилцах харилцааг зөөллөсөн гол дипломат болно. М. Саруул-Эрдэнэ). Киссинжер Хятадтай харилцаагаа сайжруулна гэсэн бодлоготой, гэтэл яг тэр үед Далай лам Хятадад айлчилбал юу болох сон билээ? Ингээд л хойшилсон юм даа.
За тэгээд “одоо бол тохиромжтой цаг биш ээ, айлчлалаа жаахан хойшлуулъя” гэсэн муу мэдээг Далай ламын захиргаанд хүргэх үүрэг аанай л надад оногдов. Далай ламын гадаад харилцааг төрсөн ах Жал нь хариуцдаг байсан юм. Ингээд Калькутта руу нисэж очоод, тэндээс галт тэргээр Даржээлинд очиж Жалтай уулзлаа. Сайхан хоол цай бэлдсэн, их сайхан угтаж авч байна. Би ч муу мэдээ дуулгахаас хулгасхийж л байсан, гэвчиг манайхны “өөр шугамаар” хэдийн “Төрийн департаментын нэг залуу ажилтан очиж муу мэдээ дуулгана аа” гэсэн мэдээг авчихсан байсан бололтой, цочирдолгүй, хүлээн авсан шүү. Энэ бүхнээ төв рүү мэдээлсэн маань одоо Үндэсний архивт хадгалагдаж байгаа, тэр мэдээллийг маань саяхан нэг хүн архиваас олж үзээд, Далай ламын тухай ном бичихдээ зүүлт болгон хэрэглэжээ. Тэр номыг танд би үзүүлье...
Ийн хэлээд Браун гуай номын сан руугаа явж, “Beyond Shangri-la: America and Tibet Moves into the Twenty-First Century” хэмээх номыг авчран, өөрийнхөө талаар дурдагдсан хэсгүүдийг үзүүлэв.
У. Б: За би чам руу гэхдээ энэ талаар ярилцах гэж дуудсан юм биш ээ. Монголын тухай өөр сонин мэдээ баримт гарч ирэх нэг сэжүүр гарч ирээд, чамд дуулгая гэж.
Израйльд Элчин сайдаар суугаад тэтгэвэртээ гарчихсан байтал Тагнуулын төв газрын нэг том дарга над руу залгаж, шинэ ажил санал болгосон юм. Ерөнхийлөгчид Израйльтай холбоотой мэдээлэл оруулахаас өмнө дүгнэн шинжих баг юм байна л даа. Өөр өөр чиглэл мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг, намайг Дипломат талаас дүн шинжилгээ өгч байх уу гэв. Маш чухал ажил, би ч зөвшөөрлөө. Энэ ажлынхаа шугамаар би нэг удаа Тагнуулын төв газрын үүдэнд байх дурсгалын самбарт нэр мөнхлөх ёслолын үйл ажиллагаанд уригдсан юм. Энэ нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан ТТГ-ын анхны ажилтан, түүнд зориулан анхдугаар одыг шигтгэх ёслол байлаа. Бэлэвсэн гэргий нь ирж оролцов. Хамгийн чухал нь тэр хүн амиа Төвөдийн хил дээр алдсан юм байж. Ингэж явахдаа Үрүмчи хотоос баг бүрдүүлэн авч явсан гэнэ. Тэр багт хоёрхон америк хүн байсны нөгөө нь судлаач. Алуулсан хүн бол өөрөө Шинжаанд консул байсан, тэр хүний хийсэн тагнуулын гол үйл ажиллагаа нь Зөвлөлт Холбоот Улс тэр хавьцаа буюу Шинжаан, Казахстан, Монголын хил орчмоос уран олборлож, цөмийн зэвсэг үйлдвэрлэн, туршиж байсан, түүнийг судлах зорилготой байж. Үүний тул нутгийн уйгар, казах, монголчуудыг элсүүлэн ажиллуулж байсан бололтой юм. Үүнийг архиваас сурвалжилбал их сонин зүйл гарна шүү. Тухайн үедээ маш нууц байсан, одоо бол хэдийн нууцаас гарсан байх ёстой.
М. С: Маш их баярлалаа. Уншиж судлах зүйлтэй болов. Тэр баг бүрдүүлсэн гэдэгт нь монгол хүн явсан юм болов уу? Ямар улс байв?
У. Б: Яг тэр багт бол монгол хүн байгаагүй. Харин казахууд түүнд их тусалсан юм билээ. Үүнтэй холбоотой бас нэг үйл явдал намайг Энэтхэгт ажиллаж байхад болсныг бас ярьж өгье. Нэг өдөр ажил дээрээ сууж байтал тоорцог малгай өмссөн нэг хүн ороод ирлээ. Тэгээд “Миний нэр Далай хан. Миний эцэг Казахуудаа удирдан, танай Үрүмчид байсан төлөөлөгчтэй нэгдэн, Хятадын эзэрхийллийн эсрэг тэмцэж байсан юм” гэдэг байгаа. Би тэр үед тэр талаар юу ч сонсоогүй байсан учраас ихэд гайхаж, “Яасан яасан гэнэ ээ?” гэж лавлан асуув. Одоо эргээд бодоход нөгөө Төвөдийн хил дээр алуулдаг тагнуул МакКиэрнаныг хэлж байж л дээ. Нөгөөх чинь үргэлжлүүлэн, “Тийм ээ. Би одоо харьяат казахуудаа аваад Төвөд рүү нүүгээд ирсэн. Танай тал бидэнд газар нутаг өгнө гэж амласан, олон жил боллоо” гэж байна шүү. Ямар ч байсан зарлаж, дэвэргэж болохгүй асуудал болох нь тодорхой байна. Чимээгүй байж байгаарай, би сурвалжлаад эргээд ярья л гэлээ. Энэтхэгээр дамжаад гарна л гэж байна. Яг хаашаа явмаар байгааг нь лавлавал “Турк. Тэдэнтэй бид эртний хэлээрээ холбоотой, харилцаж чадна” гэсэн юм даг.
Таван долларын дэвсгэртийн урсан талыг барьчихсан, нөгөө тал нь танай хүнд байх ёстой, нийлэх учиртай гэх нь одоо бодоход МакКиэрнан л тэгж урж өгсөн юм болов уу даа. Би ч тэгээд дээш нь мэдээлсэн, манай талаас ч бас уулзсан, Америкийн тал тэгж хүлээж авсныг харахад оргүй юм яриагүй нь илт байсан юм. Далай хан хүмүүстээ нутаг олгохоос гадна хоёр хүүгээ Америкад сургах, төлбөрийг нь АНУ-ын Засаг гаргах гэсэн шаардлага тавьж байсныг санаж байна. Манайхан харин тэр сургуулийн саналыг нь бол хүлээн аваагүй, гэхдээ World Church Council хэмээх хүмүүнлэгийн байгууллага, Туркийн Элчин сайдын яам зэрэгтэй холбогдож ярьсаар байж, харьяат нарыг нь Туркэд суурьшуулах ажлыг нь бүтээж өгсөн дөө. Онгоцны буудал дээрээ Турк руу нисэхэд нь би бас гаргалцаж өгсөн, үндэснийхээ хувцсыг өмссөн 300 гаруй казах хүн маш сонин харагдаж байж билээ...
хэмээн ярилцаж байтал Браун гуайн хоолоо идэх цаг нь болж, хүү нь анхааруулснаар өндөрлөх болов. Браун гуай үүдэндээ гаргаж өгөхдөө: “За ямар ч байсан тэртээ хүйтэн дайн эхлэлийн үед Зөвлөлтийн тал атомын бөмбөг хийх уранаа Монгол, Шинжаан, Казахстаны хил орчмоос олборлосон, туршилтаа ч тэр хавьд хийж байсан, тэрийг нь нэгэн Америк эр тагнаж байсан, түүнд казах, уйгар, монголчууд тусалж байсан их сонин түүх бий. Тэрийг л чамд ярихаар хэрэг болгон залгасан юм шүү. Судлан үзээрэй” хэмээсээр хоцров.
Доржэ
china
china
china
china
Зочин