Утааны эсрэг төр-засгийн түвшинд гайхамшигтай тэмцэл хийж байна. Ерөнхийлөгч бүр ингэж хэлжээ: – Төр засаг, нийслэлийн удирдлагууд олон жил ярьж, олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бас, олон арван тэрбум төгрөг зарцуулж ирсэн Улаанбаатарын утаа энэ өвөл онцгой их, илүү өтгөн, улам хортой байна. Нийслэлд, тэр дундаа утааны бүсэд амьдарч буй сурагч хичээлдээ явах замдаа угаартаж, анги дээрээ ухаан алдсан тохиолдол урьд өмнө арай ч сонсогдож байсангүй. Гэхдээ нийслэлийнхэн нийтээрээ чимээгүй хордож байсан өнгөрсөн он жилүүдийг энд үгүйсгэхгүй гэжээ.

Ийнхүү утаа нь Монгол Улсын нэгдүгээр зэргийн асуудал болчихсон юм биш үү гэмээр л хөдөлж байна. Маш сайн. Ерөнхийлөгч тэмцлээсээ ухрахгүй нь ойлгомжтой. “Ийм л байсан, цаашид ч гэсэн тийм л байна” гэх гутранги бодол тээж, өвлийн гурван сарыг өнгөрөөгөөд мартаж болохгүй гэсэн дохиог парламентыг тараах анхааруулгаар Ерөнхийлөгч өгчихсөн нь бүр сайн, бахархмаар.

Утааны эсрэг тэмцэл дунд бай, эзнээ олохгүй нь ч байна, олох нь ч байна. Цогцоор нь нэг дор (утаа, ядуурал, ажилгүйдэл, орон сууцжуулах) шийдчих гээд л үзээд байх шиг. Тэрийг би буруутгах гэхгүй. Цагаан сарын үед золгож баярлаад утаагаа түр мартаад, хаврын урь ормогц цас хайлж газар гэсээд утаа сийрэгжсээр алга болдог, 2018 оны 11 дүгээр сар хүртэл дээр доргүй ам үдээтэй явах вий гэхээс л би үнэхээр айж бачуурч байна.

Би энд утааны улс төрийн асуудлыг oлон yлcын харилцааны өнцгөөс хөндөх гэж байна. Жилдээ мянга гаруй амьгүй нярай төрдөг гэлээ, эхийн хэвлийд байхдаа утаанд хордоод хүн болж чадсангүй, гэртээ хордож нас барсан иргэн, өрхийн тоо ч чамгүй гардаг гэлээ. «Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?» гэдэг гарчгийг санаандгүй авсан ч юм биш, ёрлож авсан ч юм биш, сэрэмжүүлж, тэгэхдээ яг одоо зааг үед нь сэрэмжлүүлэн хэлж, бичиж, үглэж дуулж байгаа хэрэг юм шүү.

Манайхан залхахдаа амархан, улиг болтол яриад шийдэхгүй орхих нь нэн түгээмэл, хэлэлцэх нь сүржин, хийх нь мад, далайлт аугаа, буулт нь шалл гээд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй дуусгах санаатай. Утаа үйлдвэрлэж, уугиулж суугаа, хог хаягдал, хорт бодис түлж дулаацаж байгаа ядуу иргэдийг өрөвдөх, мөнгө олгох, тэгсэн хэрнээ хариуцлагажуулах тухай үлгэрийн далай хөвөрсөөр хавартай золгох вий! 

«Хотын 8 цэгт буюу Толгойт, Гандан, Амгалан, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Баянхошуу орчимд хэдийнэ агаарын чанарын индекс 500 давжээ. Энэ үзүүлэлт нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна!», «Иргэдийн зүгээс сошиал хуудсуудаар эсэргүүцлээ зарлаж байгаа бөгөөд "Онц байдал зарлах"-ыг шаардлaа», «Тэд "Бид чимээгүй үхэж байна" хэмээн өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлж нүүр хуудас, жиргээнд нийтэлж эхэллээ»гэх мэт мэдээнд хэн ч цочирдохоо больсон. Өдөр тутам мэдээлээд ирэхээр уншсаар залхаж байгаа нь тэр. Монголчууд уйдамхай, хэнэггүй. Ийм мэдээ сарын дараа гэхэд хэвлэлээс алга болно. Монгол хүний тархинаас ирэх 11 дүгээр сар хүртэл ор мөргүй арилчихна.

Харин би шал өөр аюулыг энд ярих гэж байна. Тэр аюул руу орох зааг үеийг зориглон нэрлэх гэж байна. Мянга гаруй хүний амь бүрэлгэнэ гэдэг олон улсын эрх зүйн хэллэгээрээ бол геноцит, манайхны орчуулгаар бол аймаглан устгах. Мянган амьгүй нярайн тухай зүрхээ зүсүүлэн ярихын оронд зуухыг зуухаар, нүүрсийг нүүрсээр солих, инженерийн байгууламж барих тухай үлгэр ярьсаар суугааг сөргүүлж энэ чинь “Экологийн терроризм” гэх зүйл ангид хамаарах олон улсын гэмт хэрэг ээ гэж би нэрлэх гэж байна. Санаатайгаар хордуулаагүй ч, үйлдлээрээ хордуулж байгаа бол “экотеррорист” гэх олон улсын эрүүгийн гэмт хэрэгтний ангилалд багтах хэдэн зуун мянган хүнийг бид аргацааж, тэсч суугаа гэдгийг зориглон хэлэх гэж байна. 

Зааг үеийг давлаа гэж төсөөлөөд үз. Энэ их ажилгүйдэл, ядуурал, золбин амьдрал дээр нь шашны мухар сүсэг нэмэгдвэл, эсвэл хэн нэгэн нь нэмэхийг зорьвол тэгээд л дууслаа гэсэн үг. Алдахаас айхгүй цайчихсан ядуу золбин хүн хэдэн мянгаараа холхиж яваа хот шүү дээ, Улаанбаатар чинь. “Аум Шинрикё” маягийн балмад явдал хөгжингүй соёлжсон орнууд дотроос төрснийг бодохул тиймэрхүү шашны фанатууд Улаанбаатарт орж ирж ажиллах, эсвэл дотроосоо төрүүлэх хөрс, нөхцөл нь бэлээхэн байна, нээлттэй байна. 

Яаж? Гэр хорооллоор дүүрэн нүүрс, түлээ зардаг худалдаачид ярайтлаа сууж байна. Үнэгүй юманд нугасгүй монгол занг нь ашиглалаа гэж төсөөл. Гар хийцийн атомын бөмбөгөн гранатаар террористууд дайтах л үлдсэн цаг үе. Ганц хуруу дутуу байгаа. Тийм ганцхан гранатыг нүүрсний хэлбэрт оруулж хувиргаад шуудай нүүрсэнд ганцыг хийгээд өгөхөд л хэдэн зуун мянга, сая хүн өртсөн халдлага болж хувирна. Атомын биш байлаа гэхэд химийн зэвсэг бол энүүхэнд. Айлын зууханд түлш болж ороод урвалдороход хорт хий агаарт тархаад гүйц ээ. Би үүнийг алс холын Араб ертөнцөөс лалын террористуудаас учрах заналхийлэл гэх гээгүй. Ердөө умард хөршөөс учирч болно. 1997 онд Москвагийн нэгэн метронд гэмт хэрэгтнүүд химийн зэвсгийн анхны туршилтаа хийснийг монголчууд мартчихсан. Хими-технологийн хүрээлэнгийн нэг ажилтан орос нөхөр хувиараа иприт хэмээх хордуулагч бодис бүтээгээд хэдхэн граммыг (кг биш шүү!) хулгайч нарт худалдаж ашиг олсны гашуун сургамж нь тэр байсан шүү дээ.

Социализмын үед юм даа. Миний ба надаас дээшхи үеийнхэн мартаагүй байгаа. “Хүйтэн дайн” ид өрнөж байсан үед АНУ-ын Ерөнхийлөгч–харьшгүй дайнч харцага Рейган гэж балмад этгээд аймшигт зэвсэг зэвсэглэлдээ авах болоод үзэл суртлын бөөн хэрүүл, цэрэг-дайны хэнээрхэл дэвэргэж билээ. Тэр нь капиталистуудын шунаг сэтгэлийн илэрхийлэл болох, амьд хүн амьтныг хордуулж алж устгаад, эд баялаг, хот сууринг нь хэвээр үлдээхнейтроны бөмбөг гээч болж таарсан. Газар дорхи ямар ч бункер, хорогдох байр руу шууд нэвчиж орох юм гэсэн. Бүх амьд организм үхэх үйлтэй нэг килотонны хөнөөх чадвартай тийм нэг зэвсгийн тухай бид ам мэдэн ярьж, бичиж АНУ-ыг мөн ч их хараасан даа. 

Нейтроны давалгаа, гэрлэн дэлбэлэлт нь юунд ч үл торох, тэр нь цөмийн зэвсгийн хамгийн боловсронгуй төрөл болох тухай тэр яриа мартагдаад 30 жил болжээ. Харин тэр зэвсэг одоо хүртэл Орос, Америк, Франц, Хятадын зэвсэглэлд байгаа. Атомын гранат хийчиж чадах хэдэн сая лаборатори дэлхийд ажиллаж байгаа бол нейтроны гранатыг нүүрсний хэлбэрт оруулаад бүтээж чадах лаборатори хэд ч, хаана ч (арай Монгол биш) байж таарна. 

Монголд санаатай хордуулалт хийе гэх олон улсын террорист, шашны фанат, мэдрэлийн өвчтөн хаана, хэдүүлээ байж болох тухай судалгаа бидэнд байхгүй ч, тийм этгээд байх магадлал өндөр. Ердөө туршилт хийе гэхэд л утаандаа дарагдсан, утаа нь агаарын чанарын индексийн “500”-г аль хэдийнэ давчихсан Улаанбаатар бэлээхэн туршилтын талбар нь нээлттэй байж байна. Гэм нь тэгж хувиргасан бяцхан химийн зэвсэг түлчихээд дутуу шаталттай нүүрс хэмээн монголчууд өлхөн бодоод олчихно. Хэдэн мянган хүн хордож үхээ л биз, юун сүртэй юм бэ гэх арилчихсан дотортой монгол хүн цөөнгүй бий байх шүү! 


МЯНГАНЫ СУУТ ХҮН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН - ИЛ ЗАХИДАЛ

Дэлхийн мянганы суут хүн их эзэн Чингис хаан, түүний угсаа залгамжлагчдын тухай Та бидний өнөө үеийн монголчуудын сэтгэлд хүрсэн, урам зоригийг бадраасан ил захидлын цомогийг санал болгож байна. 

Ялангуяа гадаадад олон жилээр суугаа монголчуудад бэлэг дурсгал болгож хүргэхийг хүсч байна.

Их эзэн чингис хаан, Монголын эзэнт гүрэн, Монгол Бахархал зэрэг уран зургийн олон бүтээл бүхий  
ил захидлын цуглуулга. Үнэ: ердөө 15.000₮.  

Дэлгэрэнгүйг: https://goo.gl/rXccjN
Утас: 976-11-312069, Гар утас: 99113966, 9305-0709, 9514-9496