Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нь Халх голын ялалтын 85 жилийн ой, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр 75 насны ойгоо тэмдэглэж буй “УБТЗ”-д ямар өөрчлөлт гарах болох гэсэн багахан ч атугай хүлээлт байсныг үгүйсгэхгүй. Төрийн тэргүүнүүдийн хийсэн хэлэлцээний албан мэдээнд “Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ ХНН-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгууллаа” хэмээсэн. Чухам ямар өөрчлөлт орсон нь анхаарал татаж буй. Анхаарал татах болсон нь хоёрхон жилийн өмнө Монгол Улсын Сангийн яам, ОХУ-ын Сангийн яам хооронд “УБТЗ”-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар тус нийгэмлэгийн хөрөнгийг 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар тус бүрд ногдох 83.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг доорх байдлаар бүрдүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ эхнийх нь, Монголын тал МОНП 1 болон МОНП 2 зээлийн гэрээний шаардах эрхээ шилжүүлэх замаар, нөгөө нь Оросын тал ОХУ-д үйлдвэрлэсэн төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн таван ширхэг зүтгүүр нийлүүлэх замаар гэсэн хоёр арга замыг тохиролцсон байдаг. Үүнийгээ яаж хэрэгжүүлсэн бэ? УБТЗ-ын хөрөнгө оруулалт зөвхөн Дүрмийн санг нэмэгдүүлэх замаар л хийгддэг онцлогтой.
Монголын талаас дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монгол Улсын Сангийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН-ийн хооронд 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төмөр замын тээврийг сайжруулах төсөл”-ийн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр LSB-01038 LSB-0104 тоот гэрээнүүдийн зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах гэрээг байгуулжээ. Үүний дагуу МОН-П1 болон МОН-П2 гэрээгээр “УБТЗ” ХНН-ийн өр төлбөрийг 83 673 494 098 төгрөгөөр бууруулсан үнийн дүнгээр тооцоо нийлсэн актад Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан байгаа юм. Энэ нь эхний арга замын хэрэгжилт. УБТЗ 34 жилийн тэртээ Японы олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас зээлсэн “МОН-П1 болон МОН-П2” гэх гэрээний өргүй боллоо. Монголын тал төлж дуусгасан, Оросын тал өөрийн оногдох 83 тэрбумын оронд таван зүтгүүр өгчээ.

Олон давтагдсан түүх л дээ, дүрмийн сан нэмэгдүүлэх бүрт 1949 оны хэлэлцээрийн дагуу хоёр тал тэнцүү үүрэг хүлээж хөрөнгө гаргах болдог. Оросын тал ногдох хэсэг бүртээ зүтгүүр болон техникүүд “шахдаг”. Энэ удаад ч мөн л тэртээх 30 гаруй жилийн өмнө,  нийгмийн хариуцлагын хүрээнд үүссэн өр байлаа. Тэр зээлийн хөрөнгийг УБТЗ-ын л үйл ажиллагааг сайжруулахад зориулсан байж таарна. Гэтэл “Гуялж төлье” гэж протоколдоод оросууд өөрсдийнхөө төлөх өрөнд таван зүтгүүр өгчихье гэж байгаа юм. “Өгчихье” гэх нь байтугай бүр өгчихсөн байвал яах вэ? Бид ийм л “ах”-тай. Тэгсэн мөртлөө зорчигч тээврийн бөөн алдагдалтай, цахилгаан станцын нүүрс зөөдөг бахдам амжилтаа л яриад байдаг.

Харин зүтгүүр нэмэгдэж байгаа нь бол сайн хэрэг. Учир нь “УБТЗ” цаашдаа ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй, жилээс жилд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээгээ хангахын тулд техникийн шинэчлэл байнга хийж, санхүүгийн хүндрэлээсээ гарах ёстой.


Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр БНКиргиз улсад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ  ОХУ-ын Засгийн газрын тэргүүн, М.В.Мишустинтай ч,  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай ч уулзаж хоёулантай нь УБТЗ-ын талаар ярилцсан. Тэр гурван Ерөнхий сайдын шийдэл нь “УБТЗ-ыг зөвхөн орос, монгол гэлтгүй ОХУ, Монгол Улс, БНХАУ хамтдаа дахин хэлэлцэх бүтэцтэй болж олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хүчирхэг шинэлэг технологи, техникүүдийг урьж шинэ шатанд аваачих тухай” байсан юм. Уг нь ингэж гурван тал шийдэж, хийж чадвал УБТЗ хүчирхэгжих магадлал өндөр. Үүгээр УБТЗ-ын хөгжил шинэ шатанд хүрэх найдвар төрж байсан юм.  Мөн Монгол, Хятад аль алиных нь хувьд төмөр замын холболтын цэгүүдийг тохирсон, тохирохдоо Монголын тал эхлээд Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын холболтыг, үүнийг заавал холбож байж Сэхэ, Шивээхүрэн бусад төмөр замуудын боомтын ажил дуусах зайлшгүй шат дараалалтай байгааг ойлголцсон.  

Таван зүтгүүрийн тухайд “УБТЗ” ХНН-ийн өмчид нийт 83,673,494,098 төгрөгийн өртөг бүхий 2 ТЭ25Км 2 серийн 5 ширхэг зүтгүүрийг ОХУ-ын Холбооны Төмөр замын тээврийн агентлагтай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХАГ/24/022 тоот гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа юм. Үүнд:
-Гол замын ачааны хоёр секцтэй 2ТЭ25КМ серийн ЗИП иж бүрдэл бүхий 0730 үйлдвэрийн дугаартай 16 734 698 819,6 төгрөгийн үнэ бүхий илчит тэрэг (2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээлцсэн Актаар),
-4 гол замын ачааны хоёр секцтэй 2ТЭ25КМ серийн ЗИП иж бүрдэл бүхий 0731,0732,0733,0734 үйлдвэрийн дугааруудтай 66 938 759 278,4 төгрөгийн үнэ бүхий илчит тэрэгнүүд (2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээлцсэн Актаар) багтсан бөгөөд одоогоор эдгээр илчит тэргүүд тээвэрт ашиглагдаж байна.
Ингээд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын Хувь нийлүүлэгчдийн хамтарсан 2024.09.03-ны өдрийн хурлын  протокол №4-ийн нэгдүгээр хавсралтаар “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дүрэмд оруулах өөрчлөлт“-ийг баталсан. Үүнд “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 506 880 641 709,80 төгрөг, ингэснээр нэгж хувьцааны үнэ нэмэгдэж 2.5 тэрбум төгрөг болж байна. Хоёр талын эзэмших нийт хувьцааны тоо 200 ширхэг гэжээ.

Өөрөөр хэлбэл 339.5 тэрбум төгрөг байсан дүрмийн сангийн хөрөнгийг энэ удаа, В.В.Путины айлчлалаар 167.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд өнөөдрийн байдлаар “УБТЗ” ХНН-ийн дүрмийн сан 506.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Энэ нэмэгдүүлсэн хөрөнгийг хэмжээг Монгол, Оросын тал хоёр хувааж гаргах ёстой. Монголын тал гаргах мөнгөө шууд зээлэндээ өгөөд өрөө төлөөд дуусгачихаж, оросууд нэмэгдүүлэх мөнгөөрөө таван зүтгүүр өглөө. Өнгөцхөн харахад Ерөнхийлөгчтэйгээ хамт ирээд зүтгүүр “шахчихаад” явчихаж байгаа мэт боловч Монголын тал өргүй, таван зүтгүүртэй хоцорч буй нь “УБТЗ” ХНН өрийн дарамт багасч, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, ачаа болон зорчигч тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн техник, технологийг шинэчлэх төсөл, хөтөлбөрийг зах зээлийн зарчмаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгаагаараа сайн талтай. 

Ингэснээр ачилтын хурд нэмэгдэнэ. Энэ нь тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд маш чухал үзүүлэлт болж байдаг. Төгсгөлд нь нэмж мэдээлэхэд өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Замын-Үүд боомтод ажиллах товтой байна. Үүгээр 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2023 оны 7 дугаар сарын 7-ны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай хэлэлцсэнээр төмөр замын хөгжилд чухал ач холбогдолтой яриа хэлэлцээ болж магадгүй гэсэн хүлээлттэй байна.

Монгол Улсын нийгэм,эдийн засгийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан байгууллага хамт олон бол “Улаанбаатар төмөр зам” ХНН юм. Ковид цар тахлын хүнд үед ч тус нийгэмлэг улс орны хэрэгцээт ачааг 24 цагийн турш тасралтгүй шуурхай тээвэрлэж улс орноо аюулт тахлаас аврахад чухал үүрэг гүйцэтгэсэн гавьяатай. Сүүлийн жилүүдэд “УБТЗ” ХНН нь ачаа тээврийн бахархам дээд амжилтуудыг үзүүлсээр байна. Мөн олон жил шийдлээ олж чадахгүй байсан МОН-П1, МОН-П2 хэмээх их өрийг дарж, тээх нэвтрүүлэх хүчин чадлаа орчин үеийн 5 хүчирхэг зүтгүүрээр нэмж, эрчимтэй шинэчлэгдэж байна. Энэ бүхнийг нь Монголын төр үнэлж энэ жил тохиож байгаа 75 жилийн ойг нь тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм дээд алдар цолоор шагнасан билээ.