ҮАБЗ “Самбо бөхийн дэлхийн аварга”-аар даргалуулдагаа мартжээ
-Сайн дураараа, эс үйлдлээрээ эрх мэдлээ алдаж байна шүү, УИХ аа! Улсын Их Хурлын дарга аа!-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалга таамаглаж байсанчлан дуулиан тарилаа. Энэ тухайд зарим зөвлөхөөс нь лавлахад “огт мэдээгүй байсан” гэсэн юм.
Эрх баригчдын хоосон орон зайд тоглолт хийсэн нь түүний буруу биш. УИХ өөрсдийн санаачилгаар ээлжит бус чуулганаа зарлаж төсөвт тодотгол хийх үү, сонгуулийг хугацаанд нь хийх үү гэх зэргийг шийдчихэж болох л байсан. Эрх мэдэл нь зөвхөн тэдэнд бий. Гэтэл тэгсэнгүй.
Ерөнхийлөгч уриалгадаа айсуй хямралын эрсдлийг сануулж, коронавирусний эсрэг тэмцэлд урсгаж байгаа зардлыг ямар ачаалал авчрахыг санууллаа. Өөрөөр хэлбэл үүгээр “жийрэглэж” улс төрийн сэдэв хөндсөн. Төсвийн тухай хуульд хориг тавихгүй хойшлуулсаар улс төрийн тохиролцооны аргаар хоног дуусгасны дүнд өнөөдөр Хар тамхитай тэмцэхэд 1.3-хан тэрбум төгрөг төлөвлөсөн хэрнээ сумын төвийн шинэчлэл 20 тэрбум төгрөг зарцуулах гээд сууж байна.
Олимп хойшилсон. Олимпт оролцох үндэсний шигшээ баг, тамирчдын зардал 20 тэрбум, Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах зардалд 9.6 тэрбумыг төлөвлөсөн байсан. Одоо тэр зардлыг арай өөр зүйлд зарцуулахын тулд Төсвийн хууль зөрчиж болохгүй, тодотгол хийх шаардлагатай.
Улсын Их Хурал, түүний дарга зөв маневр хийсэн бол энэ зэргийн шийдэл гаргах л байсан. “Төсвийн тодотгол хийхгүй” гэсэн Сангийн сайдын үг бол УИХ, ҮАБЗ-ийн шийдвэрийг давах хүчин чадалтай биш байх. Тэгэхээр эндээс “Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх” гэгч “адлагдсан зургадугаар зүйл” төрсөн байх.
Хямралын үед гэдгийг өндөржүүлсэн бэлэн байдлыг татан буугдах үе хүртэл, “төрийн удирдлагыг төвлөрүүлэх” гэдгийг саяхан “ЭМЯ-наас нэг шугамаар мэдээллээ авч байя” гэсэн шиг санаа гэдэг утгаар зөвтгөж ойлговол Ерөнхийлөгчийн уриалгад аюул алга.
Харин “айдас” төрүүлэх санаа Ерөнхийлөгч өөрөө “заагаад” өгчихсөн. Тэр нь уриалгадаа, зургаан зүйлт арга хэмжээгээ нэрлэхийн өмнө “Намайг улс төрийн реформ хийнэ” гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна” гэсэн ам асуусан ч гэх үү, цаанаа л зуулттай үгийг хавчуулжээ. Мөн төгсгөлд нь “Хямралыг даван туулах тухай асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн газар, ҮАБЗ шийднэ” гэсэн.
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх өнөөдрөөс яг 10 хоногийн өмнө тухайн өдрийн хэвлэлд ярилцлага өгөхдөө “ҮАБЗ эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй”, “ҮАБЗ байгуулагдсан 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байх тохиолдол гараагүй байна. Цаашид ч гарахгүй биз” гэсэн мэдэгдлүүдийг хийсэн юм.
Тэгэхээр УИХ ээлжит бус чуулганаа зарлахгүй байсан ч, Засгийн газар ямар нэг төвлөрсөн комисс болон “Хямралын сан” гэгчийг байгуулахгүй байсан ч ҮАБЗ шийдэх нь, тийм үү? Сайн дураараа, эс үйлдлээрээ эрх мэдлээ алдаж байна шүү, УИХ аа! Улсын Их Хурлын дарга аа!
Та болон Танай УИХ биш Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулах, түүнд зарцуулах хөрөнгийн зарцуулалтын талаар уриалга гаргаж байна, ямар вэ? “Түмний нэг” кинонд “Гол нь мориндоо биш” гэдэг билүү. Гол нь сонгуульд зарцуулагдах нийт 43 тэрбум төгрөгт биш байгаа биз? Хэн энэ орон зайд гол тоглогч байх вэ, эрх мэдлийг зангидах вэ гэдэгт байгаа юм биш үү.УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар айсуй сонгуульд хамаг анхаарлаа төвлөрүүлж, энэ улсын хамгийн том эрх мэдэлтэн мэт аашлавч “Самбо бөхийн дэлхийн аварга”-тай мөр зэрэгцэн ҮАБЗ-д суудагаа мартжээ. Дагуулаад тонгорч байгааг нь харж байна уу? Энэ бол “Айх” зүйл мөн боловч “Шоолох”” зүйл бас мөн. Дарангуйлж байгаа юм биш шүү гээд дарангуйллын элемент оруулж ирж байна. Түүний дэргэд А.Гансүх бий. Тэрбээр Зарлиг, захирамж гаргавал Ерөнхийлөгчөө ч аваад хаяж мэдэх эрсдлийг сануулж уриалга гаргахыг зөвлөсөн биз. Гэхдээ л Ерөнхийлөгч Х.Баттулга “айдас дагуулсан уриалга” гаргажээ.