Түүхч Д.Өлзийбаатар: Лам нарыг голлон хэлмэгдүүлсэн нь монголчуудын оюун санааны нэгдлийг үгүй хийх зорилго байсан
Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.
Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.
- Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсанөдрийн талаар ярилцлагаа эхэлье?
-ХХ зуун тэр чигтээ монголчуудын тусгаар тогтнолоо олох, түүнийгээ баталгаажуулахын төлөө хийсэн тэмцлийн зуун юм. Энэ нь 1911,1921, 1945, 1961, 1990 оны түүхэн үйл явдлуудаар илэрхийлэгдэнэ. Монголчууд Манж Чин улсын ноёрхолыг унагаж тусгаар, бие даасан улс болсноо анх удаа зарлан тунхагласан нь 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Богд Жибзундамба гэгээнийг Манжаас салсан тусгаар Монголын хаанаар өргөмжилсөн өдөр шүү дээ. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улс байгуулагдсан өдрөөсөө эхлэн тусгаар тогтнолоо олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн. Тухайн үеийн олон улсын нөхцөл байдал монголчуудыг үндсэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд бие даан орших боломж олгоогүй. Гэхдээ могой гурав хуваагдавч гүрвэлийн дайтай гэдэг шиг өнөөгийн Монгол Улсын хэмжээнд тусгаар байдлаа бид өнгөрсөн ХХ зуунд олж авсан. Тусгаар тогтнолын төлөө хийсэн тэмцлийн явцад амссан бидний томоохон хохирлын нэг нь 1915 оны Хиагтын 3 улсын гэрээгээр Богд хаант Монгол Улсыг тухайн үед мөн л монголчуудын адил Манж Чингийн ноёрхолыг түлхэн унагасан өөрсдийгөө Бүгд Найрамдах Хятад Улс гэж нэрлэсэн шинэ тулгар улсын бүрэлдэхүүн дэх автономит улс болгож улмаар 1919 оны сүүлээр тэдний цэргийн эрхтнүүд цөмрөн ирж уг автономит эрхийг устгасан явдал юм. Монголчууд тусгаар тогтнолоо эргэн сэргээхийн төлөө эрс тэмцэж, 1921 оны Ардын хувьсгалыг амжилтанд хүргэсэн түүхтэй. Улмаар 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаасаа БНМАУ хэмээх бүрэн эрхт тусгаар тогтносон улс байгуулснаа тунхаглан зарласан юм. Ач холбогдолын хувьд өргөн утгаар яригдана. Юуны өмнө уламжлалт Хаант ёс, хамжлагын харилцааг халж Үндсэн хуульт ардын эрхтэй Бүгд найрамдах засаглал тогтоосон явдлыг л би энд хэлье.
-Монгол Улс түүхэндээ мандан бадарсан хийгээд тусгаар тогтнолоо алдсан түүхэн үеийг түүхийн нугачаанд хэдэнтээ туулсан байдаг юм бэ?
- Их Чингис хаан 1206 онд Их Монгол Улс байгуулснаас хойш ганц л удаа бид Манж хэмээх улсад төрийн жолоогоо алдсан түүхтэй. Мандан бадарсан цаг үеэ Хүннүгээс эхлээд өнөөг хүртэл яривал олондоо олон. Монголын Их Юань улсын ноёрхолыг түлхэн унагаж тогтсон Хятадын Мин улс монголчуудыг эрхшээх гэж 1368-1644 он хүртэл оролдоод дийлээгүй юм. Харин энэ олон зуун жилийн тэмцлийн явцад монголчуудын хүч чадал, дотоод чадавхи их суларсан даа. Тийм ч учраас шинэхэн байгуулагдсан Манж улсын эрхшээл нөлөөнд амархан орсон.
-Монголчууд түүхэндээ хэлмэгдэл буюу хоморголон устгалт түүхийн гашуун хувь заяаг туулсан. Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар голчлон судалдаг түүхчийн хувьд 1937 оны их хэлмэгдүүлэлтээр тухайн үеийн Монголын оюуны гол төлөөлөл болсон лам хуврагаа хүйгээр нь хороож, монголчуудын өв үнэлж баршгүй их өв соёл, сүм хийд, дурсгал, ном бүтээл устгасны цаад учир шалтгааны талаар тоймлоод ярихгүй юу? /Одоо зарим залуус хэлмэгдэл гэж яг юу болсон тухай огт мэддэггүй тал бий/
- Тухайн үед бий болсон олон улсын нөхцөл байдалтай шууд холбогдоно. Гаднаас тулган үйлдсэн үйлдэл. 1930-аад оны эхнээс дэлхий улс төрийн байдал эрс өөрчлөгдөж эхэлсэн. Европ, Азийн цэрэг улс төрийн бодлого үйл ажиллагаанд ЗХУ нэгэн хүчтэй тоглогч болон гарч ирсэн. Тэдний гадаад бодлогын гол үзүүр нь социалист хувьсгалын нөлөөг тэлэх, хөрш зэргэлдээх орнууддаа болон бүс нутагт өөрийн ноёрхолыг баттай тогтоох явдал байсан юм. Харин Алс дорнод болон Азийн чиглэлд үйл ажиллагаа явуулах стратегийн хамгийнгол бүс нь Монгол, Манжуур, Хятадын бүс нутаг байлаа. Гэтэл өмнөд Манжуур, Хятадад Японы цэргийн хүч ороод ирсэн. Японы цэргийн алсын гол зорилго нь Азийн эх газар болон Номхон далайд бүрэн ноёрхох явдал байсан бөгөөд эх газарт явуулах ажиллагаа нь ЗХУ-ын Алс дорнодын чиглэл дэх бодлогод нь шууд заналхийлсэн юм. Ийм нөхцөлд БНМАУ-ын газар нутгийн цэрэг-улс төр, геополитикийн ач холбогдол эрс өссөн. Гэтэл япончууд Манжуурт бэхжиж улмаар БНМАУ-ын дорнод хилтэй шууд хиллэсэн Манж Го гэх тоглоомын улс байгуулж, Өмнөд монголчуудыг талдаа татах бодлого явуулан Манж Го улсын бүрэлдэхүүнд Баргын автономит улс байгуулсан нь монголчуудын зүгээс Японы бодлогыг сонирхон ажиглах чигт хандуулсан. Нөгөө талаар өвөр монголчууд япончуудыг Хятадаас чөлөөлөх чөлөөлөгчөө гэж үзэх болж Дэ ван тэргүүтэй бие даасан Засгийн газар байгуулж Японы дэмжлэг авах зэрэг үйл явц өрнөөд эхэлсэн нь ЗХУ-ын удирдлагын зүгээс БНМАУ-д нэн яаралтай хатуу хяналтаа тогтоох арга хэмжээ авахуулахад хүргэсэн юм. Тийм ч учраас Японы тагнуул, хувьсгалын эсэргүү “Лхүмбийн хэрэг” гэгчийг 1933 онд, Японы тагнуул, пан Монгол үзэлт “Гэндэн, Дэмидийн хэрэг” гэгчийг 1937 онд ЗХУ-ын аюулаас хамгаалах хүчний шууд удирдлага дор зохион байгуулсан учиртай. Монголыг хяналтаасаа алдвал ЗХУ өөрийн нутгийн Азийн хэсгээ буюу Уралын нуруу хүртэлх нутгаа алдана гэж стратегчид нь тооцсон. Гэтэл монголчууд дуугуй дарлагдаад суухгүй ард түмэн гэдэг нь 1932 оны зэвсэгт бослого харуулсан тул монголчуудын дотор гарч болзошгүй дотоодын эсрэг хүчнийг айдсаар дарах арга хэмжээ болгож олноор нь хилс хэрэг тулган алан хядах үйл ажиллагааг ЗХУ-ын аюулаас хамгаалах хүчин гардан хэрэгжүүлсэн юм. Гол учир шалтгааны учиг үзүүр нь энэ. Магадгүй Япон ороод ирсэн тохиолдолд Зөвлөлтийн талыг баримтлагч гэж бас л ийм хядлага явуулах нь учир зүйн хувьд ойлгомжтой байдаг. Манай ахмад үе ийм л хүнд нөхцөлд тусгаар тогтнолоо хэвээр хадгалах гэж тэлчлэн тэмцэж байлаа.
-Таны бичсэн “Яагаад 1937 он”, “Лхүмбийн хэрэг” гэх мэт номноос үзэхэд хэлмэгдүүлэлт маш аймшигтай хоморголон устгалт болсон нь харагддаг. Хар дарсан он жилүүд олон жил үргэлжилсэн байдаг. Монголчуудын уламжлалт шашин болох буддын шашныг хааж боогдуулсан он жилүүдэд монголчууд юуг алдсан байдаг юм бэ?
- Тоо баримт дурдаад яривал аймшигтай дүр зураг харагдана л даа. Бурхны шашин бол Монголд дэлгэрснээр монголчуудын оюун санааны нэгдлийг гол хангаж байсан. Монголчууд бутрал самуун, хагарал хуваагдлаас гарах замаа сонгохдоо бурхны шашныг сонгосон. Бурхны шашин 1400-гаад оноосМонголд дэлгэрсэн шүү дээ. Энэтхэгээс эхтэй шашин.Бурхны шашин бол монгол туургатны шашин шүү дээ. 1930-аад онд лам нар луу голлон дайрсан нь монголчуудын оюун санааны нэгдлийг үгүй хийх зорилго байсан. Би номондоо нэлээд тодорхой бичсэн. Бидний хамгийн их алдсан зүйл бол бие биендээ итгэх итгэл, нэг нэгнийгээ чин зүрхнээсээ хайрлах хайраа, ёс суртахуунаа алдсан. Энэ шашныг дагаж Монголын гол соёл, ёс заншил, оюун санааны төвлөрөл бий болсон юм. Энэ шашинтай хамт Монголд анагаах ухаан, зурхайн ухаан буюу тооны ухаан, философи, уран зураг, уран баримал, хөөмөл урлагорж ирэхдээуламжлалт зан заншил ахуйд нэвтэрсэн.Бурхны шашин нэвтэрснээр монголчуудхоорондоо эв нэгдэлтэй болж байлаа шүү дээ. Оюун ухаанд нь суусан энэ зүйлийг устгахгүй бол монголчуудад нөлөөлж чадахгүй байлаа. 1936 оны тооллогоор 83 мянган лам бүртгэгдсэн байдаг. Хэлмэгдлийн үед нийтгуч гаруй мянган хүн хэлмэгдүүлэнбарьж хорьсноос хорь гаруй мянган хүнийг нь хороосон. Энэ дотроос 16 мянга ньмяндагтан, оюуны сор болсон лам нар байсан. Лам нарыг хороогоод зогсохгүй, сүм хийдийг нураасан нь монголчуудыг эвлэлдэн нэгдүүлэхгүй гэсэн санаа шүү дээ. Барилга байшин шатаагдаж нураагдсан ч эргээд босгочихно, хүн ам цөөрсөн ч буцаад өсөж үржчихнэ, уламжлал соёлоо умартсан ч дахиад сэргээчихэж болно гэж үзэхэд сэтгэхүйд үлдсэн бие биенээ хардан хажиглах, өш зангидан хорсох, нэг нэгнээ матаж ховлон унагах, сэтгэлийн хатаа алдан дотуур тамирт идэгдэж, нэгэн биеийн ашгийг хичээх зэрэг монголчуудын сэтгэл доторхи сөрөг зан чанар ньэнэ л үед сэдрэн илэрч өнөө хэр үргэлжилж байна. Дээр хэлсэн хүний муу чанарууд аль ч ард түмний сэтгэлийн дотоодод байдаг. Энэ нь цагийн сайнд алга болон дарагдаж цагийн мууд ил болон гарч ирдэг юм. Муу цаг муу хүнийг олшруулж, сайн цаг сайн хүнийг төрүүлж байдаг. Агуу соёлт францчууд Их хувьсгалынхаа үед гильотин хэмээх цаазын илднийхээ дор хичнээн хүнээ харгислан хөнөөв, англичууд шотландуудынхаа эсрэг ямар аймшигт хядлага үйлдэв, чанд хариуцлага, суу ухаанаараа гайхагдсан германчууд хүн төрөлхтөний эсрэг урд өмнө гарч байгаагүй харгислал яагаад үйлдэв, даруухан ёс зүйн гайхам уламжлалт соёлтой япончууд тэднээс гарамгүй хүн чанаргүй аллага яагаад гаргав. Энэ бол муу цагийн үр дүнд сэрсэн дотоод сэтгэл дэх муу чанар нь л илрэн сэрсэн хэрэг. Тэд өөр өөрсдийн ард түмний шашин шүтлэгт суурилсан ёс суртахууныг дээдлэн үзэх замаар алдаагаа засаж чадсаан. Харин бид чадаагүй байна. Бид эрхэмлэх үнэт зүйл, ёс суртахууныхаа хэмжүүрийг өнөө хэр тогтоож чадаагүй байна. Тийм ч учраас бид нэгдэж нэг цул болж чадахгүй байгаа юм.
-Түүхч таны хувьд таны өвөг дээдэс хэлмэгдлийн сүүдрийг хэрхэн дайрч өнгөрөв. Таны нагац өвөө 1930-аад онд Өвөрхангай аймгийн Эвлэлийн хорооны даргааражиллаж байхдаа баригдах гэж байгаад азаар амь хэлтэрсэн гэдэг. Тэр үед та хүүхэд байсан ч хэлмэгдлийн хар сүүдрийг өөр дээрээ болон гэр бүл дээрээ хэрхэн мэдэрч байв?
-Өвгөдийн хөөрөлдөөн их гунигтай байдаг байсаан. Тэд тойрч суугаад ярилцахдаа дуулж хуурдаад, налайтал найрлаж суусныг нь би ер санадаггүй. Гэр бүлээс нь хилс хэрэгт ороогүй өрх бараг байхгүй байх. Онгийн хүрээний аграмба, лхаарамба байсан манай эмэг ээжийн авга, нагац хоёр нэг нь буудуулж,нөгөө нь 10 жилийн ял авсан. Тэр 10 жилийн ял авсан ахыг гарахынх нь урд өдөр барилга дээрээс түлхээд хороосон байдаг. Гараад шашны нөлөө үзүүлнэ л гэж үзсэн хэрэг шүү дээ. Энэ маягаар хорих ял авсан нь хороогдсон хүн олон. Тэр өвгөдийн намуухан дүнгэнэсэн яриа, гуниг хурсан нүд, эмээгийн минь насаараа харууссан харуусал тэр цагийг мэдэрсэн миний биеийн мэдрэмж юм даа.
-Цаг үетэй холбоод нэг зүйл асууя. Ковидын нөхцөл байдал үүссэн байна. Монголднийтийг хамарсан цар тахлаас гарч байсан туршлага байдаг уу.
-Монголын дөрвөн улирал ээлжлэн солигддог хатуу ширүүн байгал цаг уурын нөхцөл монгол хүнийг бий болгосон гэж хэлж болно. Цаг уурын нөхцөлдөө тохирсон бэлчээрийн мал аж ахуй бол монголчуудын оршин тогтнох гол нөхцөл нь болж ирсэн. Хүн ам таруу сийрэг суудаг, хот суурин газар цөөн учир монголчуудын дунд нийтийг хамарсан олноор нь үхүүлж хиаруулдаг цар тахал түүхэнд тэмдэглэгдсэнгүй. Харин хот айлын хэмжээнд гардаг тарваган тахал нэлээд түгээмэл байж. Мөн салхин цэцэг, улаан бурхан, бэлгийн замын халдварт өвчин хүн амын дунд түгээмэл байсныг бид мэднэ. 1960-аад оны дунд үеэс үндсэндээ хүн ам эрүүлжсэн. Тахал гарсан тохиолдолд монголчууд хөл хорин тусгаарлах арга хэмжээг сайн авдаг байж. Үүнээс өөр гарц байхгүйг өнөөгийн бид ч мэдэрч байна шүү дээ. Тухайн үед хот айлд тарваган тахал болон бусад халдварт өвчин гарахад хөл хорьсныг мэдэгдсэн тэмдэг алсаас тавьдаг, айлууд эрүүл өвчтэйгөөрөө ялгаран бараа бараагаа харах зайтай бие биенээсээ зааглан бууж өвчин дарагдтал тэр дэгээ чанд барьдаг байсан мэдээ бий. Хоол хүнс нь багасахад гортигийн гадна эрүүл хүмүүс нь тавиад явдаг байсан тухай өвгөд ярьж байсныг би санаж байна.
-Эцэст нь нэг зүйл асууя. Сайд Чулуун та хоёртой холбоотой “Түүхээ худалдсан түүхчид” гэсэн нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан асуудал хөндсөн байна лээ. Та үүнд хариу тайлбар болгож юу хэлэх вэ.
- Түүхээ худалдана гэж юу ч гэсэн үг юм. Хоёр талын баримтын эмхэтгэл хийх эрдэм шинжилгээний хамтарсан ажлыг хувийн маргааныхаа дэвсгэр болгон ашиглаж, түүхчид маань өөрсдөө оролцон нийгэмд сөрөг мэдээлэл түгээсэнд ихэд харамсаж байна. Академич А.Очир гуай анх 2010 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх ухааны Академийн Хил хязгаар судлах хүрээлэнгийнхэнтэй хамтарч манай Түүхийн хүрээлэн, Архив оролцсон манжийн үеийн Хүрээ сайдын хөмрөг дэх зарим баримтаар олон боть эмхэтгэл хийх саналыг тавьснаар энэ ажил эхэлсэн юм. Архив болон түүхийн хомс мэдлэгтэй хүн дуулиан хөөж мэдэхгүй зүйлээрээ оролдохын хор уршгийг би одоо харж байна. Олон түмэнд ямар муухай хар хор дагуулсан мэдээ өгч байна вэ, зорилгыг нь харахад Соёлын сайд С.Чулууныг л чиглэсэн бололтой юм. 2011 оноос 2 тал гэрээ байгуулан ажиллаж, манж хэлтэй 11 залууг бэлдэн манай архивын манжич Дэлгэрмаа, түүхч Дашням, түүхч Ганбат нарын удирдлага дор ажиллаж тэд баримтаа сонгон хуулбарлах ажлыг хийсэн. Үр дүн нь одоогоор тус бүр нь 500 хуудастай 20 боть эмхэтгэл гараад байна. Бүх номын сан эрдэм шинжилгээний байгууллагад тараасан. Үүнийг баримт худалдсан гээд байгаа юмуу, хуулж скандсан хард нь одоо архивтаа байж л байна, техник тоног төхөөрөмж нь ч гэсэн. Маш их зардал гарах учир Хятадын тал бүрэн хариуцсан. Манайд ямар ашигтай юм гэж сэтүүлч асуугаад байна билээ. Энд мөнгөний ашиг яригдахгүй шүү дээ. Эрдэм шинжилгээний ажлын асар их ач холбогдолтой юм. Нэг ярьсных архивын тухай жаахан ойлголт өгье. Монголын архивт 1674 оноос хойшхи баримт л байдаг. Өмнөх үеийнх нь баримт дийлэнхдээ өмнөд хөршийн архивт байна. Манай архивт үндсэн 4 том хөмрөг буюу фонд байдаг юм. Түүний нэг нь Манжийн үеийн фонд. Энд 1674-1911 оныг хамарсан 224 хөмрөг, үүнтэй холбоотой 228 данс бүртгэл бий. Эдгээрт 137247 ширхэг хадгаламжийн нэгж баримт байдаг. Энэ фондын хэд хэдэн ангилалтай. 1. Манжийн төлөөний байгууллагууд. 2.Халхын 4 аймаг түүний хошуудын баримт. 3.Их шавь, түүний харьяа сүм дацан. 4.Өртөө. 5.харуул. Энэ дотроос Манжийн төлөөний байгууллагууд буюу Улиастайн манж жанжны газар, Ховд дахь Халхын жасаа, Хүрээнд сууж хэрэг шийдэгч Манж сайдын яам гэж бий. Гол газар нь буюу Монгол дахь Манжийн улс төрийн төв нь Улиастай жанжны газар юм.
Бид Хүрээний сайдын яамны хуулга данснаас 140 мянга гаруй тал хуудас баримт сонгон олон боть эмхэтгэл хийхээр төлөвлөж ажлаа эхэлсэн юм. Энэ нь нийт Манжийн үеийн баримтын 1.7 хувь хавьцаа л юм. Энэ фондын баримтыг хуудсаар тоолбол сая гаруй хуудас болно гэдгийг архивынхан бүгд мэднэ. Гэтэл Манжийн архивыг гаргачихсан гээд л ярьж байна билээ. Хуулга данс гэдэг юу вэ. "Эрэн сурвалжлагч" үүнийг олж мэдэхийг хүссэнгүй, эсвэл ойлгосонгүй. Архивт данс гэгддэг нэр томьёо байдаг юм. Үүнд Хуулга данс, эр төөлүүрийн данс, алба тэгшитгэх данс гэх мэт олон. Үүний хуулга гэдэг нь ирсэн болон явуулсан бичгийг нэг дэвтэрт хуулж бичсэн баримт гэсэн үг. Өөрөөр хэлбэл бичгийн эх нь өөр газарт явсан гэсэн үг. Эхийг нугалбар гэнэ. Тэгэхлээр бид нугалбараас буюу эхээс биш хуулбараас хувилж авсан баримтаар эмхэтгэл хийсэн юмаа.
Эмхэтгэл хийхийн ач холбогдлыг жаахан тодруулж яриач?
-Дэлхийн Монгол судлаачид Манж чин улсын түүх судлахдаа Хятад руу л очдог, тэнд үндсэн судалгааны бааз бий гэж үздэг. Үнэхээр тэнд их баримт бий. Хятад судлаачдын ярьдгаар 1000 хүн 100 жил сууж орчуулаад дийлэхгүй баримт Бээжингийн 1,2 дугаар архивт бий гэдэг. Бид цаашдын хамтын ажиллагаараа энэ дотроос өөрсдийн түүхэнд холбогдох, манай түүхийн балархайг нөхөх баримтыг нөхөн олох алсын бодол агуулж байсан. Тэр талаар ч ярьж хэлэлцэж байсан зүйл бий. Манжийн төрийн төв нь Бээжин байсан гэдгийг бид мэднэ. Тэгвэл Монголын архивт судлагааны арвин баз байна гэдгийг дэлхийн судлаач нарт мэдрүүлэхийг, мэдүүлэхийг хүссэн юм. Танайд АРХИВ гэж байдаг юмуу гэж хэлдэг судлаач нар ч байдаг юм шүү дээ. Харин манайд ирээд архивыг маань харчихаад бидний өвтэй болохыг мэдээд буцдаг юм. Архив бол түүхэн баримтыг даран нуудаг сав бишээ. Архив нээлттэй, судалгааны эргэлтэнд ордог байх ёстой юм. 1991 оноос эхлэн дэлхийн архивууд нээлттэй гэдгээ зарлаж олон ботиор баримтаа хэвлүүлэн өөрсдийгөө болон улс орныхоо баялаг өвийг гадаадад сурталчлан таниулдаг болсон. Үүний нэг жишээ нь хамгийн хаалттай, их нууцтай гэгддэг ОХУ-ын архивууд. Ер нь архивын байгууллагын нэг гол ажил нь баримтаа хэвлүүлж эрдэм шинжилгээний ажлын эргэлтэнд оруулах явдал юм шүү дээ. Бид энэ үүргээ л биелүүлсэн. Энэ нөхөд далдуур мөнгө авсан байна уу гээд шалгадаг газар нь бас шалгасныг нэмээд хэлье. Бид юу гэж тийм юм хийхэв дээ. Энэ яриад байгаа нөхөд архив, түүхээ хайрлаад байгаа хэрэг ч биш байхаа. Эрдэмтэн хүмүүс архивын баримтад л тулгуурлаж ном бүтээлээ хийдэг гэдгийг сайн мэдэх хүмүүс шүү дээ. Хүн хоорондын л асуудал гэж би бодож байна.
-АНУ бас саяхан ТТГ-ынхаа архивыг нийтэд ил болгосон санагдаж байна, тэр нь ач холбогдол багатай баримтууд байсан юм уу, эсвэл ноцтой баримтуудаа ч нийтэд дэлгэсэн юм уу?
-Тийм шүү. 2017 оны эхээр Америкийн ТТГ 1940-1990-ээд оны үеийн 13 сая гаруй хуудас баримтаа өөрийнхөө сайтад нийтэд шууд үзэхээр тавьсан. Энд маш нууц асар их баримт бий. Хэн ч ороод чөлөөтэй үзэж болно. Хоёр системийн хүйтэн дайны үеийн баримтууд л даа. Манай тухай баримт ч бий. Үүнийгээ тэд үндэсний аюулгүй байдалд учруулсан хор уршиг гэж үзэхгүй л байна. Гэтэл бидний аль байхгүй болчихсон Манжийн үеийн нэг сайдын яамны хэсэгхэн баримтыг эмхэтгэл болгон хэвлүүлэхэд Монголын үндэсний аюулгүй байдалд хор учруулсан үйл гээл авч байна лээ. Арай л сүржин бусуу. Тэнд нууцлаад хятадууд Монголын эсрэг ашиглаад байх юм юу ч байхгүй. Номноос үзэхэд болно.
Нэмээд хэлэхэд манайд байгаа голдуу манж хэл дээрх баримтыг судлах судлаач нар гарын таван хуруунд байх ба архивт бол одоо үндсэндээ нэг ч хүн байхгүй болсон. Бид Монголын архивт манж судлалын тасаг байгуулж чадварлаг архивч-түүхчтэй болохыг мөрөөдөж байсан юм. Харамсалтай нь энэ ажил одоо зогсоод байна. Тэнд ажиллаж байсан манж хэлэнд ихэд сайн болж байсан хүүхдүүдийг тараачихсан. Гэхдээ алдаа засагдаж архивт манжийн тасаг байгуулагдана гэдэгт найдаж байна.
Тэр 640000 хуудас гэдэг эхлээд дуулиан тарих гэж хэсэг хүний санаанаасаа зохиосон тоо юм шүү. Тийм тооны баримтыг хуулбарлахад нэлээд хэдэн хүний олон жилд хийх ажил шаардагдана.