Монгол улсын Үндсэн Хуульд зарим өөрчлөлт орууллаа. Тулгамдсан зарим асуудлыг шийдэх, гажуудлыг засах өөрчлөлтүүд тусгагдсан нь сайшаалтай. Гэвч шударга, чадварлаг биш этгээд эрх мэдэл албан тушаалыг улс төрийн намын нэрээр эзэмдэхээс сэргийлж чадаагүй, өнгөц өөрчлөлт боллоо гэж үзэж байгаа хүмүүсцөөнгүй. Энэ нь амьдралаар шалгагдана.

Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтөөр ойрын хугацаанд Төрийн тогтолцоо боловсронгуй болж төрд итгэх олны итгэл нэмэгдэнэ, Улс төрийн намууд хариуцлагажиж төлөвшинө, Төр засгийн удирдлага чадваржиж эдийн засаг нийгмийн хөгжил түргэсч ядуурал мэдэгдэхүйц буурна гэсэн итгэл төрөхгүй байна.Учир нь:

- Парламентийг хоёр танхимтай болгож Хууль тогтоох танхим буюу одоогийн УИХ, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Шүүх шүүгч нарын ажилд хяналт тавьж хариуцлага шаардаж байх ёстой Төрийн эрх барих дээд байгууллага буюу Парламентийн Дээд Танхимыг бий болгосонгүй. Энэ нь ард түмний хараа хяналтаас хол байж, намын нэрээр албан тушаал эрх мэдэл эзэмдэхийг сонирхогчид Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл боловсруулагчид дотор цөөнгүй байсантай холбоотой байж болох.

- Үндсэн хуульд Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт байдаг боловч Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх чадвар ухамсаргүй удирдагчидтай улс төрийн нам төр засгийн эрх мэдэл авахаас сэргийлж чадсангүй.Улс төрийн намын тухай хуулийг өөрчилж Улс төрийн намуудыг төлөвшүүлэх, түүнд тавих шаардлагыг өндөржүүлсэнгүй.

- Сонгуулийн хуульд зарим өөрчлөлт оруулсан боловч төрийн удирдлагад ажиллуулахаар сонгож болох хүмүүсийн нэрийг дэвшүүлэх эрхийг иргэдэд эдлүүлэх асуудал шийдэгдсэнгүй. Намын нэр дэвшүүлсэн хүмүүсийн аль нэгийн төлөө санал өг гэж сонгогчдыг албаддаг сонгуулийн системийг хадгаллаа.Харин азаар төрийн түшээ нарыг иргэдээр сонгуулах биш намаас томилдог болгож өөрийгөө өргөмжлөхийг санаархагчдын оролдлого бүтсэнгүй.


Бидний цөөхөн монголчууд дотроос олимп, дэлхий, тивийн аварга тамирчид, алдартай дуучид, шатарчид, гоц ухаан чадвартай хүүхэд залуучууд төрж байхад капитализмд шилжсэн гучаад жилд баялаг ихтэй жижигхэн монгол улсынхаа эдийн засгийг ухаалаг бодлогоор хурдтай хөгжүүлж, иргэдийнхээ ядуурлыг арилгах чадвартай төрийн түшээ манлайлагчгарахгүй байна. Энэ нь төрийн тогтолцоо гажуудалтай, зөв чадвартай хүнийг төрийн түшээ болгон сонгож чадахгүй байгаатай холбоотой.


Монгол улсын УИХ-ын гишүүд, Монгол улсын Ерөнхийлөгч, Аймаг нийслэлийн удирдлагад зөв хүмүүсийг олж сонгодог болохын тулд Сонгуулийн тухай хуульд дараах гурван асуудлыг тусгаж шийдмээр байсан юм:

- Нэр дэвшигчдэд тавих шалгуур шаардлагыг өндөр тодорхой болгох,

- Сонгож болох хүний нэрийг дэвшүүлэх эрхийг Улс төрийн намуудаас гадна бусад \залуучууд, эмэгтэйчүүд, үйлдвэрчний эвлэл, мэрэгжлийн холбоод зэрэг\ олон нийтийн байгууллагад олгох. Мөн бие даан нэрээ дэвшүүлэхэд хориг хязгааргүй байлгах.

- УИХ-аас 2015 онд гаргасан Төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Монгол улсын тогтвортой хөгжлийн 2030 үзэл баримтлалын ямар зорилтуудыг сонгуулийн хугацаанд шийдэх, түүний тулд хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээнүүдийг үндэслэл тооцооны хамт боловсруулж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан Улс төрийн намд сонгуульд оролцох зөвшөөрөл олгодог байх.


Гэвч Үндсэн хууль, Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөд эдгээр чухал асуудлууд тусгагдаж шийдэгдсэнгүй.

Сэхээтний төлөөлөл хэсэг нөхөд УИХ-ын 2020 оны сонгуульд зөв хүмүүсийн нэрийг дэвшүүлж сонгуулахад нэмэр болох зорилгоор Электорат хөдөлгөөнийг санаачлан ажиллаж байгаа.

Миний бодлоор Электорат хөдөлгөөнийг санаачлагчид төдийгүй манай нийт сонгогчид УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохдоо дор дурьдсан нэн чухал асуудлыг шийдэхийн төлөө ажиллах сонирхолтой бөгөөд чадвартай, өндөр боловсрол, ажил амьдралын туршлага, ёс суртахуунтай хүнийг олж нэрийг нь дэвшүүлэх, сонгоход анхаарах нь зүйтэй юм:


- Монгол Улсын парламентийг хоёр танхимтай, Дээд танхим буюу Төрийн эрх барих дээд байгууллагатай болгож Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын байгууллагуудын ажилд тавих ард түмний хяналтыг бий болгох хуулийг боловсруулж ажиллах,

- Улс төрийн намын тухай хуулийг боловсронгуй болгож Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг хариуцан ажиллах чадвартайболовсон хүчний нөөцтэй намд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг байх,

- Сонгуулийн хуулийг боловсронгуй болгож төрийн албанд ажиллуулж болох чадварлаг хүнийг шалгаруулан сонгох эрхийг иргэдэд эдлүүлэх,

- Монгол Улсын нийгэм эдийн засгийг урт дунд богино хугацаанд хөгжүүлэх бодлого төлөвлөгөөтэй болгож, эдийн засгийг өндөр хурдаар тогтвортой хөгжүүлэх, ядуурлыг богино хугацаанд арилгах, гадаад өрийг багасгах цогц тодорхой арга хэмжээг тусган хэрэгжүүлэх, уг асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгуулагыг бий болгож ажиллуулах,

- Монгол Улсын гадаад худалдаа, улсын төсвийн тэнцэрийг сайжруулах, экспортын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой боловсруулах үйлдвэрүүд, үүний дотор сум бүрийг мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэртэй болгох, Ноос ноолуур, арьс шир болон зэс, төмрийн хүдэр, жонш, нүүрс зэрэг ашигт малтмалыг шилдэг техник технологийг ашиглан боловсруулж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах,

- Монгол Улсын Засгийн газраас гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай байгуулж болох хөрөнгө оруулалтын гэрээ, түүний нөхцөлийг Монгол Улсын болон хөрөнгө оруулагчийн ашиг сонирхолыг зөв хослуулсан байхаар боловсруулж хуульчилан батлуулах,

- Гадаад худалдаа, Эдийн засгийн харилцааны асуудлаар гадаадын улс, олон улсын байгууллагатай хэлэлцээ хийх, гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг журамлах, төрийн захиргааны мэрэгшсэн бөгөөд тогтвортой ажиллах төв байгууллагад уг ажлыг хариуцуулах асуудлыг боловсруулж шийдвэрлэх.


Дурьдсан асуудлыг шийдэх чадвартай хүмүүс 2020 оны сонгуулиар УИХ-д орж ирвэл төр засаг тогтвортой, бүтээмжтэй байхад нэмэр болохсон.


Думаагийн Содном

2020 - 01 - 06