ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл танд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зугаалдаг дарга нар, жагсаж буй ажилчдын аль нь чухал вэ?
“Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогч гэргийгээ, дарга нараа дагуулан Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай давхцан АНУ-д явсны учрыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл та тайлбарлана уу!-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, нэр бүхий 30-аад гишүүнийг дагуулан нэг улсад давхцаж айлчилж байгааг буруутгаж буй энэ өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 11 хүний бүрэлдэхүүнтэй баг АНУ-д болж буй уул уурхайн компаниудын технологийн үзэсгэлэнд оролцоод ирж байна. Үүнд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх нь гэргий Өлзийгийн хамт, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал П.Энхбат, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Механикийн хэлтсийн дарга, Ерөнхий механик Б.Чинзориг, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Ил уурхайн ерөнхий инженер Д.Уламмандах, Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан, Мэдээлэл, технологийн хэлтсийн орлогч дарга Б.Гансүх, Эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа, Хөгжлийн хэлтсийн инженер-геологич Г.Энхгэрэл нарын 11 хүн энэ сарын 11-нд АНУ-д үзэсгэлэн худалдаанд оролцохоор нисээд арав гаруй хоног яваад ирж байгаа нь энэ.
Гэтэл энэ сарын 23-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, ЗГХЭГ-ын Захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын дарга Д.Балжинням, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Өчигдөр-Өнөөдөр-Маргааш”-ийн талаар илтгэл сонсож, шинэ музейн нээлтийн ажиллагаанд оролцож, бүтээн байгуулалтын томоохон ажлуудтай танилцахын зэрэгцээ шагнал урамшил гардуулсан юм байх.
Үйлдвэрийн ажилчдын зүгээс ”Манай үйлдвэр 2030 он хүртэлх технологийн шинэчлэл бизнес төлөвлөгөөгөө хийчихээд АНУ-д юу үзэх гэж үзэсгэлэн яармагт явсныг ойлгохгүй байна” хэмээж буйг бас бодууштай. Үнэхдээ ч барагцаагаар 100 орчим сая төгрөгийн зардлаар явах ямар яаралтай шаардлагатай байсныг ТӨБЗГ-ын даргаар ахлуулсан дээрх баг бас давхар шалгана гэж итгэж байна. Эсвээс тэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарыг дагалдан яваа нэр бүхий гишүүдийн “АТМ” болж явна уу. Энэ эргэлзээг төрийн өмчийн 100 хувийг эзэмшдэг Засгийн газар нь, түүнийг хариуцдаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь мэдэх, хянах үүргээсээ татгалзахгүй гэж найдъя.
Гэтэл яг энэ мөчид “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид яг энэ мөчид зохих зөвшөөрлийг нь аваад төв талбайдаа хууль бусаар сонгогдсон ҮЭХ-ны даргаа огцруулах гээд гарын үсэг цуглуулж байна. Үүнийг дээрх ”десант” буулгасан төрийн дарга нар харсан уу, сонссон уу? Баялгийг дарга нар “удирддаг” чажилчин хүн бүтээдэггүй гэж үү? “Нойртой хоноё гэвэл нохойгоо, Ноён сууя гэвэл зарцаа хайрла” гэдэг үгийг Төрийн 100 хувийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-т зочилж яваа ТӨБЗГ-ын дарга, тус үйлдвэрийн Ерөнхий захирал нарт хариуцлагатайгаар сануулъя! Та бүхнийг “Сэлэнгэ” амралтын газарт тухлан зоог барих мөчид үйлдвэрийн ажилчид амьдралын бэрхшээлээ учирлаж ядаад жагсаж байна. Энэ байдлыг илааршуулахгүй бол ажил хаяхад ч хүрч мэдэх бус уу?