ЭРДЭМ СУРАХ ЭНГИЙН АРГА
Эрдэм сурахад бас нэг энгийн арга буй. Тэр бол харьцуулсан судалгаа, дүгнэлт хийх арга. Энэ аргыг би Хэнтий нутагтаа ажиллаж байхдаа сурсан юм. Би 28 настай байхдаа дэлхийн хэмжээний нэг томоохон ном бичих юм сан хэмээн их боддог байлаа. Надад миний сонирхдог зүйл болох дэлхийн түүх, дэлхийн соёл, шашин, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын талаар хэвлэгдсэн ном судар сэтгүүл нилээд байсан юм.
Орчин үеийн сурагч, оюутан залуус яаж эрдэм номыг хурдан сайн сурч дэлхийн шилдэг их дээд сургуульд орох вэ? хэмээх асуултыг өөртөө тавьдаг. Орчин үеийн хүүхэд, залуус яаж өөрийгөө хөгжүүлэх вэ? хэмээн боддог. Эрдэм сурахад авьяас чадвар, хичээл зүтгэл хоёр их чухал хэрэгтэй. Замбуутивд хоёр төрлийн эрдэм байна. Нэг нь ахуй ертөнцийн эрдэм. Энэ эрдмийг сурсан хүн өндөр мэдлэг, боловсролтой болж, мэргэжил эзэмшиж, амьдралаа өөд нь татаж чаддаг. Нөгөө эрдэм нь Бурханы эрдэм. Энэ эрдмийг эзэмшсэн хүн муу бүхнээсээ салж боди сэтгэлийг олж гэгээрсэн хүн болдог. Одоо би ахуй ертөнцийн эрдэмийг сурах талаар өөрийн хийгээд өрөөл бусдын туршлагыг эрхэм уншигч тантай хуваалцахаар шийдлээ.
Нэг. Багшийн минь заасан арга
Би бол хөдөө нутагт төрсөн жирийн нэгэн монгол сэхээтэн. Бага, дунд сургуульд ачит багш нараараа ихийг заалгаж тэдний тавьсан шаардлага, заах арга барилынх нь үр дүнд дунд сургуулийн боловсролын сууриа бат бэх тавьсан даа. Мөн өөрийн жаахан авьяас, хичээл зүтгэл нэмэр болсон. Эрдэм сурахад энгийн аргаас л эхэлнэ. Хамгийн сайн арга бол ном их уншиж мэдлэгээ тэлэх нь их чухал. Би Хэнтий аймгийн Өндөрхааны дунд сургуульд сурсан. Аравдугаар ангид ордог жил намрын эхэн сард анги даасан С.Гансүх багш маань надад хандаж: “За,Сүхбаатар аа. Чи дунд сургуулиа онц төгсөе хэмээн бодож байгаа бол чиний хамгийн сул байгаа математикийн хичээлд эрс сайжрах шаардлагатай байна” гэлээ. Би хүлээн зөвшөөрч С.Гансүх багшийн хөтөлдөг математикийн секцид орж математикийн хичээлийн давтлага бүрт нь сууж хичээллэв. Гансүх багшаас Кочетков гэсэн зохиогчтой зөвлөлтийн сургуулиудад үздэг байсан алгебрийн шинэ орос номыг нь түр гуйн авч судаллаа. Тэрхүү номонд байсан орос хэл дээрхи өгүүлбэртэй бодлогуудыг нь би бие даан орчуулж боддог бйсан бөгөөд дунд сургуульд хичээл дээр заагаагүй байсан математикийн индукцийн аргыг урьдчилан судалж өгүүлбэртэй олон тоо бодож сурлаа.Удалгүй математикийн аварга шалгаруулах олимпиад боллоо. Түүнд нь би оролцож түрүүлж аймгийн аварга боллоо. Аравдугаар ангиа төгсөхөд зургаан төрлийн улсын шалгалт өглөө. Би бүгдийг нь онц дүнтэй өгөв. Дунд сургуулиа ч онц дүнтэй төгслөө. Би энэ бүгдээс ямар дүгнэлт хийсэн бэ? гэхлээр өөрийн сул хичээлийг дугуйлан секц, давтлаганд суугаад олимпиадад оролцоод байнгын бэлтгэл давталт хийгээд байхад ямар ч асуудалгүй юм байна гэдгийг сайтар ойлгов. Мөн нэг арга их тус болсон. Манай Өндөрхаан хотын дунд сургуулийн химийн Намсрай багш тэр үед аравдугаар ангийн сурагч биднийг химийн улсын шалгалтын өмнөх өдрүүдэд өглөөний 05 цагт босгож өглөө эрт сургууль дээр химийн хичээлийн давтлага өгч толгой эргэм олон томьёотой бодлого бодуулж химийн хичээлийн шалгалтаас айхгүй болгосон юм. Өглөө эрт хүүхдүүдийн ой тогтоолт гойд сайн байдаг байлаа. Энэ аргыг би хойд хөрш улсад их сургуульд сурч байхдаа хэрэглэдэг байлаа. Хөдөө аймгаас шууд орос хэлний бэлтгэлгүйгээр зөвлөлтийн их сургуульд элсэж орсон монгол оюутанд орос хэл дээр лекц анх сонсоод шууд шалгалт өгнө гэдэг амаргүй даваа байлаа. Анхны лекцийн орос хэл дээр сонсоод огт ойлгохгүй байв. Орос хэлийг чөлөөтэй мэдэхгүй тул хэлний бэрхшээл тулгарч байлаа.Энэ бүхнийг Намсрай багшийн заасан аргаараа даван туулж байлаа. Шалгалт дөхөөд ирмэгц өглөө таван цагт босоод номоо уншина, номоо орос хэлнээс хөрвүүлнэ, номоо орос хэл дээр цээжилж тогтооно. Шалгалтын өмнөх тав хоногт тасралтгүй өглөө оройгүй холбогдох сурах бичиг номоо уншаад байхад тухайн хичээл гарт ороод ирнэ дээ. Ер нь аливаа эрдэм номыг сурахад уншиж тогтоох арга их сайн байдаг юм. Дунд сургуульд байхдаа би түүх, нийгэм судлал , уран зохиолын хичээлийг их сонирхдог байсан.Энэ төрлийн хичээлийн сурах бичгүүдийг нь ганцхан сарын дотор бүгдийг нь урьдчилан уншиж дуусгаад энэ талаар хичээлд заагаагүй олон сэдэвийг номын санд сууж олоод уншчихдаг байв. Уншчихсан, мэдчихсэн зүйлийг багш нар надад заах нь уйтгартай санагддаг байлаа. Нэгэн удаа дунд сургуулийн зургадугаар ангид сурч байхад түүхийн багш Баттөмөр гадаад орны түүхийн хичээл зааж байлаа.Би тэрхүү хичээл дээр нь “Өө, энэ миний мэддэг түүх байна” гэж бодоод огт тоохгүй өөр юм хийгээд сууж байсан чинь Баттөмөр багш энэ байдлыг анзаарч надад хандаж: Сүхбаатар чи юм мэддэг хүн шиг миний хичээлийг огт тоохгүй байх чинь. Чи юм мэддэг юм бол миний заагаагүй сэдэв болох Англи улсын хөрөнгөтний хувьсгал болон иргэний дайны түүхийг ярьчих гэлээ. Би самбарын өмнө гарч зогсоод Англи улсад болсон хөрөнгөтний хувьсгал, 1639-1660 онд болсон иргэний дайн, хөрөнгөтний хувьсгалын удирдагч, парламентийн армийн удирдагч Оливер Кромвеллийн талаар дуржигнатал ярилаа. Багш шилнийхээ цаанаас над руу гайхаж харснаа: “Үнэхээр чиний тархины цэнэг сайн байна” гээд онц дүн тавьж билээ. Хичээлийн сурах бичгийг урьдчилан уншдаг, тухай сэдвээр бүх төрлийн номыг номын сангаас авч уншчихдаг аргыг хэрэглэсний дүнд би бүх төрлийн хичээлүүдийг бараг нүдээ аниад ярьж бичихэд онц дүн авдаг байв. Сумын төв, аймгийн төвийн номын санд уншаагүй ном надад бараг байхгүй болсон байсан даа.Оюутан болоод Зөвлөлт улсын номын санд сууж сонирхсон номуудаа уншдаг байв. Тэдгээр номын сангуудад олон сая ном байдаг байлаа. Далай дотроос том цул загас барьж байгаа мэт би дуртай номоо тэндээс олж аваад уншдаг байлаа.Оюутан ахуй цаг дуусч Монгол нутагтаа буцаж ирээд би Зөвлөлт гүрэнд хэвлэгдсэн орос ном захиалж худалдан авч уншдаг байлаа.Зөвлөлт улс тэр үед номыг маш гоё хэвлэдэг, маш олон сайн номуудыг хэвлэдэг байлаа. Би Хэнтий аймагт нутагтаа ажиллаж байхдаа 1987 онд Москва хотод өнгөт офсетоор хэвлэгдсэн “Мифы народов мира” хэмээх нэг боть нь 700 хуудастай, хоёр боть энциклопеди номыг Зөвлөлт улсад захиалж бараг цалингийхаа тал мөнгөөр худалдан авч байлаа. Дэлхийн бүх бурхад, бүх домог, түүхийг өнгөтөөр хэвлэчихсэн, зөвлөлтийн 30 шахам доктор,профессор , эрдэмтэд бүтээж бичсэн гайхамшигтай сайхан ном байлаа. Энэ номыг уншаад би дэлхийн бүх бурхадын түүх, домгийг мэддэг болчихож байгаа юм. Нэг ёсондоо шашин судлаач, домог судлаач болчихож байгаа юм. Ном ийм л ач тустай даа. Ямар л бол ямар мэргэжилтэй болгочихно. Хожим нь би ганцхан долоо хоногийн дотор өглөө оройгүй давтдаг энэ аргаа нэг удаа хэрэглэж амжилт олж байлаа. Удирдлагын Академийн сонсогчийг шалгаруулах 8 хүний орон тоон дээр нийслэл хотын хэмжээнд элсэхийг хүссэн 50 гаруй төрийн албан хаагчдын дунд / ихэнхи нь саяхан их, дээд сургууль төгссөн залуус байлаа / тестээр шалгалт авахад би хамгийн өндөр оноо авч нэгдүгээр байрт шалгарч тэнцэж байлаа. Төрийн байгууллагад хамт ажиллаж байсан зарим залуу төрийн албан хаагчид бараг бэлдээгүй шууд шалгалтад ороод бага оноо авч Академид орж чадаагүй нь байсан нь харамсалтай санагдаж байв.
Эрдэм сурахад бас нэг энгийн арга буй. Тэр бол харьцуулсан судалгаа, дүгнэлт хийх арга. Энэ аргыг би Хэнтий нутагтаа ажиллаж байхдаа сурсан юм. Би 28 настай байхдаа дэлхийн хэмжээний нэг томоохон ном бичих юм сан хэмээн их боддог байлаа. Надад миний сонирхдог зүйл болох дэлхийн түүх, дэлхийн соёл, шашин, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын талаар хэвлэгдсэн ном судар сэтгүүл нилээд байсан юм. Тэр бүгдийгээ судлаад ном бичих төлөвлөгөө гаргаад хамгийн хэрэгтэй зүйлийг нь бичиж тэмдэглээд байдаг байсан. Хорин жилийн турш цуглуулсан ном судар баримтаа цэгцэглж хүнд хэрэгтэй гэсэн бүхнийг нь ялгаж онцолж ямар ч байсан дэлхийн хэмжээний ном бичнэ дээ хэмээн би боддог байлаа. Би эхлээд дэлхийн хамгийн том гурван хааныг сонгож харьцуулсан судалгаа хийв. Дэлхийн хамгийн том гурван шашныг сонгож харьцуулан судлав. Дэлхийн хамгийн хүчирхэг өрнийн долоон үндэстэн, дорны долоон үндэстэнг сонгож харьцуулан судлав. Өрнийг дорно дахинтай харьцуулж, буддизмыг бусад шашинтай харьцуулаад судлахад хүний эрдэм мэдлэг ихэд тэлдэг юм билээ. Ингээд би бүх материалаа цэгцэлж бэлэн болгов. Яг машин дээр бичих болтол “Энэ бүгдийг бичих бичээч олдохгүй дээ. Ийм их материалыг хэн бичгийн машин дээр бичих юм бэ” гэсэн асуудал тулгарав. Үнэхээр энэ бүгдийг бичих бичээч олдоогүй. Энэ бүгдийг шийдэх боломж зөвхөн 2002 онд л буй боллоо. Тэр үед улсаас төрийн албан хаагчдыг албан ажлын компьютерээр бүрэн хангалаа. Би ч гэсэн компьютер дээр ямар ч бичээчээс дутахгүй хурдан, алдаагүй бичиж сурав. Би бүтэн хоёр гурван жилийн турш тэрхүү дэлхийн хэмжээний том номоо ажлынхаа хажуугаар зөв чөлөө гарган бичсээр байгаад бэлэн болгогосон доо. Харин номоо хэвлэх санхүүгийн боломж олдохгүй дахин хоёр жил гацав. Тэгж байсаар 2005 онд өөрийн хүчээр тэрхүү номоо хэвлүүлсэн дээ. Энэ бол миний хамгийн том бүтээл “Бурхан Хүмүүн ертөнц” ном юм. Энэ ном маань монгол, орос, англи хэл дээр хэвлэгдсэн 79 ном судар, эх сурвалжийг ашиглаж бичсэн 711 хуудас ном болсон юм. Их ч хөдөлмөр, их ч зүтгэл шингэсэн бүтээл дээ. Энэ номыг би монголын залуучууд, хойд үеийнхэндээ зориулж бичсэн юм. Нэгэн удаа манай Хэнтий нутгаас төрсөн Соён гэгээрүүлэгч , Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа багш маань надтай тааралдаж: “Чиний бичсэн “Бурхан Хүмүүн ертөнц” номыг би “Их Засаг” их сургуулийн оюутнууддаа ноортол нь уншуулж байгаа даа. Чиний ном агуу ном болсон байна лээ” гэхэд нь их л урамшиж билээ.Энэ номыг минь Их Засаг их сургуулийн ректор, доктор Н.Ням-Осор үнэлж “Чингис хааны Алдар” одонгоор хүртэл шагнасан даа. Ном бичих амархан. Учир нь бичих сэдэв толгойд бэлэн байгаа юм чинь. Харин хэвлэх хэцүү юм билээ. Мөнгө төгрөг энэ тэр гээд.
Ном уншихдаа дүрслэн бодох аргаар уншихад зохиолын гол баатарууд, гол үйл явдлууд сайтар цээжлэгдэн үлддэг юм. Би нэг удаа “Уинстон Черчилль” гэдэг орос хэл дээр хэвлэгдсэн зузаан номыг уншихдаа энэ аргыг хэрэглэсэн юм. Тэгсэн чинь бараг өөрийн дотны багын найзаа мэддэг шиг Их Британий энэ агуу хүний түүхийг мэддэг болсон доо. Бас нэг арга бол цэээжлэх арга юм. Уншиж байгаа номондоо гарсан чухал үйл явдлын он сарыг өөрийн төрсөн он, сургуульд орсон он, сургууль төгссөн он, аав, ээжийн төрсөн онтой харьцуулан тогтооход тод үлддэг юм. Жишээлвэл та 1968 онд төрсөн хүн байлаа гэхэд Монголын Их Юан гүрний мөхсөн оныг санахдаа “Тэр Юан гүрэн мөхсөн он бол миний төрсөн оноос яг 600 жилийн өмнө буюу 1368 онд мөхсөн юм шүү. Мөн Японы Мэйжийн эрин үе миний төрсөн оноос яг нэг зуун жилийн өмнө 1868 оноос эхэлсэн юм шүү. ” хэмээн давхар саначих хэрэгтэй. Тэгвэл хэзээ ч мартдаггүй юм.
Хоёр. Энх-Амгалан хааны эрдэм сурах арга
Манж Чин гүрний хамгийн хүчирхэг, хамгийн эрдэм номтой хаан бол Канси буюу монголчуудын нэрлэдэг байснаар Энх Амгалан хаан / 1654-1722 / байлаа. Эзэн хааны сургалтын тухай “ Эзэн хаан Кансигийн хичээлийн тайлан ” хэмээх товхимолд түүний эрдэм сурсан арга барилын тухай тодорхой бичсэн байдаг юм. Энх Амгалан хаан бага байхдаа их сэргэлэн, цовоо, юмыг авхаалжтай хурдан сурдан , их хичээнгүй, шургуу, овсгоо самбаатай, ой тогтоомж сайтай хүүхэд байжээ. Энх Амгалан хаан бага насаа дурсахдаа” Би бага байхдаа багшийн заасан номыг чанга дуугаар 120 удаа давтан уншдаг байлаа. Дараа нь уншсан номоо 120 удаа цээжээр давтан хэлдэг байлаа. Би номын нэг бүлгийг цээжилж дуусаад дараагийн бүлгийг цээжилдэг байв.”гэсэн байдаг. Энх Амгалан хаан манж хэл бичиг, мандарин хятад хэл, бичиг, бийрээр бичих урлаг, хятадын гүн ухаан Күнзийн номлолыг заалгаж ном эрдэмдээ ч гаргуун сайн, нум сумаар харвах цэргийн эрдэмдээ ч гаргуун сайн хан хүү байв. Энх Амгалан хаан ийнхүү хятадын сонгодог боловсролыг дээд зэргээр эзэмшжээ. Энх Амгалан хан хүүд түүний Боржигин овогт монгол эмэг эх Бумбатай хатан монгол ёс заншил, монголчуудын түүх, Чингис хааны намтар, монгол үлгэр, зүйр цэцэг үг заадаг байсан гэдэг. Энх Амгалан хаан өрнөдийг сонирхож тэр үеийн Манж Чин улсад ирсэн өрнөдийн номлогч нараар математик, бусад шинжлэх ухааныг заалган сурч, мөн байлдааны их буу цутгах аргыг хүртэл сурч байжээ. Энх Амгалан хаан их энгийн хүн байв. Дэлхий даяар түүнийг суут хүчирхэг хаан, их эрдэмт хаан хэмээн магтдаг байв. Гэвч тэр өөрийгөө” Би бусдын адил жирийн нэг хүүхэд байсан. Би бусдаас онцгой байгаагүй. Би өдөрт хоёр удаа зоог барьдаг, тамхи татдаггүй, архи уудаггүй, элдэв амттан онцгой зүйл иддэггүй байсан. Би тусгай иллэг хийлгэдэггүй, бие сайжруулдаг тусгай эм бэлмэл хэрэглэдэггүй байсан. Би бусдын л адил жирийн нэгэн хүмүүн байсан “ гэж хэлдэг байлаа. Манж чин улсын Энх Амгалан хаан төрийн 4 их хатан, 60 бага хатан, 24 хан хөвгүүн, 12 гүнж охинтой байв. 94 ач хөвгүүн, зээ охинтой байв. Ихэнхи хүүхдүүд нь төр улсдаа түшигтэй, түмэн олондоо ээлтэй хүмүүс болцгоожээ. Энх Амгалан хаан өөрийн сургалтын туршлагандаа тулгуурлаж хүүхдүүдийнхээ сургалтын хөтөлбөрийг маш нарийн боловсруулж улсынхаа хамгийн сайн мэргэн багш нарыг сонгон шалгаруулж хан хүү, гүнж нартаа хичээл заалгаж хятадын шилдэг сонгодог боловсрол олгож байлаа. Энх Амгалан хаан хүүхдүүдээ өөрийн биеэр үлгэрлэж сургаж байлаа. Эзэн хаан ан гөрөөнд явахдаа хан хөвгүүдээ авч яван хэрхэн яаж ан гөрөө харваж намнахыг заадаг байлаа. Заримдаа хан хөвгүүдийг дайнд хамт авч явж байлаа. Энх Амгалан хаан хэрхэн ном цээжилж, хэрхэн бийрээр цаасан дээр яруу тод бичихийг өөрийн биеэр хүүхдүүддээ үзүүлдэг байлаа. Энх Амгалан хаан хүүхдүүддээ эрдэм ном заахдаа дараах аргыг хэрэглэж байлаа. Эзэн хаан ордондоо хан хүү, охид, ач нартаа зориулсан “Вү Юү Зай” хэмээх хичээлийн танхимтай байв. Энэ хичээлийн танхим эзэн хааны ордоны “Чан Чун” хэмээх цэцэрлэг дунд нам гүмхэн газар оршдог байв. Энэ танхимд очсон хан хөвгүүд, охид эрхэлж тоглох ямар ч боломжгүй, харин эрдэмт багш нарын нарийн хяналт дор цэх шулуун суугаад өмнөх жижиг ширээн дээрээ ном судар, бийр будагаа тавиад зөвхөн хичээл, эрдэм сурах ажлыг л хийдэг байв. Эзэн хаан хүүхдүүдээ дараах цагийн хуваарийн дагуу хичээлийг нь хийлгэдэг байв. Үүнд: 1.Эзэн хааны хүүхдүүдийг өглөө 03 цагт босгож өглөөний 5 цаг хүртэл өчигдрийн хичээлийг давтуулдаг байв. 2. Өглөөний 5 цагаас 7 цагийн хооронд ордоны багш нар хичээлийн танхимд ирдэг байв. Манж хэлний багш Да Хата болон хятадын мандарин хэлний багш Тан Биньдэн нар хүүхдүүдийн гэрийн даалгаврыг шалгадаг байв.Хүүхдүүд бүх хичээлээ цээжээр хариулдаг байлаа. Нэг ч алдаа гаргадаггүй байв. Үүний дараа багш нар дараагийн сэдвийг заадаг байв. 3.Өглөөний 7 цагаас 9 цаг хүртэл Энх Амгалан хаан хичээлийн танхимд хүрэлцэн ирж хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг шалгадаг байв. Эзэн хаан аль нэг сэдвийг номон дээр таамгаар зааж түүнийг нь хүүхдүүд нэг ч алдааагүй ярьдаг байв. 4.Өглөөний 9 цагаас 11 цаг хүртэл бийрээр зөв бичих дасгал хийдэг байв. Хүүхдүүд нэг ханз үсгийг 100 удаа давтан бичдэг байжээ. 5.Бага үдийн 11 цагийн дараа үдийн 13 цаг хүртэл өглөөний цай зооглодог байв. 6. Үдээс хойш 13 цагаас 15 цаг хүртэл хааны хөвгүүд морь унаж, нум сумаар харвах цэргийн сургууль хийдэг байв. 7. Үдээс хойш 15 цагаас 17 цагийн хооронд Эзэн хаан дахин хичээлийн танхимд ирж хүүхдүүдийнхээ заалгасан хичээлийг шалгадаг байв. Хүүхдүүд Эзэн хааны өмнө дугаарлан зогсож нэг нэгээрээ юу мэдсэн, юу сурснаа шалгуулдаг байв. 8.Үдээс хойш 17 цагаас 19 цагийн хооронд Эзэн хааны хөвгүүд нум сумаар хэрхэн мэргэн харваж сурснаа үзүүлдэг байв. Хамгийн сүүлд нь Эзэн хаан Энх Амгалан өөрөө хэрхэн мэргэн харвадагаа хүүхдүүддээ үзүүлдэг байлаа. Эзэн хаан холын зайнааас бухын нүдийг нэг ч алдалгүй харвадаг байжээ. Хүүхэд бүр л аав шигээ мэргэн харваж сурахыг хүсдэг байлаа. Нум сумаар харвах бол тухайн өдрийн хамгийн сүүлчийн хичээл байдаг байлаа.
Ийнхүү эзэн хааны хүүхдүүд өвөл зунгүй өглөөний үүрийн 03 цагаас оройн 19 цаг хүртэл тасралтгүй хичээллэдэг байжээ. Эзэн хаан хүүхдүүдээ нэг ч хичээл тасалдуулалгүй хатуу сахилга баттай сургадаг байжээ. Зуны халуунд хүүхдүүд хичээлийн танхимд сэрүүцэхийн тул дэвүүр авч очихыг хориглодог байв. Хүүхдүүд ямар ч халуунд хөдлөлгүй цэх шулуун сууж хичээлээ сонсдог байлаа. Энх -Амгалан хаан ордны багш нараас хүүхдүүдийн сурлагын байдлыг асуудаг байв. Зарим багш нар Эзэн хаанд тал засаж, “Хан хөвгүүд их сайн сурч байгаа, хичээлдээ маш сайн хариулж байгаа” гэхийг сонсоод Энх -Амгалан хаан “Багш та нар сурагч нараа хий хоосон магтаж болохгүй. Аль болохоор дутагдалтай байдлыг нь шүүмжилж, сул талыг нь засах хэрэгтэй. Эс тэгвээс сурагчид амжилтандаа сагсуурч их зантай болчихно” гэдэг байлаа. Эзэн хаан хүүхдүүдийнхээ хичээлийг шалгачихаад төрийн ажлаа хийхээр хааны ордон руугаа буцан явдаг байлаа. Энх- Амгалан хааны энэхүү оновчтой сургалтын аргыг хэрэглэсний үр дүнд Эзэн хааны хан хөвгүүд болон гүнж нарын дотроос олон чадварлаг төрийн удирдагч, эрдэмтэн, яруу найрагч нар төрөн гарч байлаа. Эхний сургалт болох улс төрийн удирдан залах ухаанаар Энх Амгалан хааны хүү Юнжэнь онцгойрон шалгарч, Манж Чин улсын дараагийн Эзэн хаанаар тодорч байлаа. Юнжэний хүү Цяньлун мөн л эрдэм чадлаараа онцгой байж Манж Чин гүрний эзэн хаан болсон билээ. Юнжэнь, Цянлун нар эцгийнхээ адил Манж Чин улсын түүхэнд хамгийн алдартай эзэн хаад болсон билээ. Хоёр дахь сургалт болох боловсролоор Эзэн хааны гурав дахь хөвгүүн Иньжин шалгарч улсынхаа хамгийн алдартай чадварлаг эрдэмтэн болсон юм. Иньжин хан хүү “ Манж Чин улсын өнгөрсөн ба одоо үеийн ерөнхий баримт бичиг” хэмээх 10 000 / арван мянга / боть номыг хянан тохиолдуулжээ. Гурав дахь сургалт болох урлагаар эзэн хааны хэд хэдэн хан хөвгүүд бийрээр ханз үсэг бичих болон уран зураг зурах, яруу найргаар бусдыг манлайлан гайхагддаг байв. Дөрөв дэхь сургалт болох амьдарлын дадлагаар бусад олон хүүхдүүд нь зөв амьдарч зөв дадалтай болсон байлаа. Эзэн хааны олон татвар эмсийн хүүхдүүд бусад хан хүү нартай адил эрх дархтай эзэн хаан болоогүй ч гэсэн бусад хүмүүстэй эв найртай, үнэнч шударга, ёс журамтай , эгэл даруухан хүмүүс болжээ. Эзэн хааны энэхүү сургалтын аргыг одоо ч гэсэн хэрэглэхэд онцгой сайн үр дүнтэй гэдэг нь нэгэнт нотлогдсон болой.
Гурав. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэх арга
Эдүгээ гуравхан сая хүнтэй Монгол Улсаас олон арван оюунлаг залуус дэлхийн шилдэг сургуулиудыг төгсөнө гэдэг мөрөөдөл бус, бодит зүйл болж байна. Монгол залуус эдүгээ өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой, ур чадвартай, зөв хандлагатай дэлхийн хүн болъё гэвэл дэлхийн хамгийн шилдэг их, дээд сургуулиуд болох Harvard, Stanford, Massachusetts, Cambrige, Oxford, Princeton, Yale, Columbia-гийн их сургуулиудыг төгсөх хэрэгтэй . Хамгийн гол үнэлгээ бол англи хэлний өндөр мэдлэг, дунд сургууль төгссөн үнэлгээ өндөр байх ёстой. Толгой нь хоосон бол ямар ч нэмэр байхгүй. Ой тогтоолт, санамж муу бол яах ч арга байхгүй. Мөн овсгоо самбаа, тэвчээр хатуужил, ажиллах, бүтээх чадвар, зорилгодоо хүрэх нугаршгүй эрмэлзлэл байх хэрэгтэй. Хамгийн чухал нэг гол шинж бол хүнлэг сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Харгис муухай сэтгэлтэй хүн хэнд ч хэрэггүй. Эдүгээ дэлхийн шилдэг их дээд сургуулийг төгссөн хүнийг дэлхийн шилдэг компаниуд булаацалдан авч байна.Тухайн хүнийг аль улсаас ирсэн, баян уу, ядуу юу гэдэг нь огт хамаагүй. Хамгийн гол нь их дээд сургуулиа амжилттай төгсөөд компаниудын шалгуурыг давах хэрэгтэй. Зарим их дээд сургууль төгссөн монгол залуус хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж их алдаж байна. Ганц жишээ хэлье. Нэгэн том компани менежерийн хоёрхон орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулжээ. Өндөр цалинтай ажилд орох гэсэн зуу гаруй монгол залуус эхний ээлжинд шалгуулжээ. Урт нарийнхан хонгилоор яваад нэгэн том өрөөнд ороход ярицлага, шалгалтад орох хүний суух сандлын хажууд базаад хаясан ганц хоёр цаас, хажууд нь хогны сав байжээ. Сургууль төгссөн оюутнууд бүгд л асуултад хариулж, өгсөн тестийг нь бөглөв. Шалгалт өгсөн зуун хүнээс хоёрхон хүн л тэр хаясан цаасыг хогийн саванд хийсэн ажээ. Сэтгэл сайтай тэр хоёр хүнийг л компани ажилд авсан гэдэг.Бусад горилогчдоос: “Яагаад та базаж хаясан цаасыг авч хогийн саванд хийсэнгүй вэ?” гэхэд “Энэ ажил бол цэвэрлэгчийн ажил. Надад ямар ч хамаагүй” гэсэн гэдэг.Тэхлээр эрдэм мэдлэгтэй байхааас гадна хүн чанартай байх нь хамгийн чухал ажээ. Би нэг удаа дэлхийн шилдэг дээд сургуульд орсон жирийн нэгэн хятад оюутны дурсамжийг хэвлэлээс олж уншсан юм байна.Тэр хятад оюутан анх Бээжин хотын захд оршдог жирийн нэгэн дунд сургуульд сурч байснаа Бээжин хотын төвд нэгэн шилдэг дунд сургуульд 7-р ангидаа шилжин сурчээ. Өмнө нь бусад хүмүүс түүнд “Хаана ч сурсан адил. Өндөр үнэтэй хувийн сургуульд сураад яах юм. Өөрөө л жаахан ухаантай байвал хаана ч сурсан адил” гэдэг байв. Гэтэл энгийн сургууль, шилдэг сургуулийн бодит байдал огт өөр байсан аж. Түүний шилжиж орсон шилдэг сургуулийн нэг ангийн хүүхдүүд нь бүгд англи хэлд их сайн,чөлөөтэй англиар ойлгодог, ярьдаг,бичдэг, зарим хөвгүүд дээд сургуулийн тоо боддог байсан гэнэ. Мань хүү ч их хоцрогдсоноо ойлгож тэр хүүхдүүдийн адил өдөр бүр номын санд сууж, өдөр бүр хичээлээ давтаж, өдөр бүр англи хэлээ сайжруулж байжээ. Нэг ангийхан нь англи хэл дээр ямар ч кино үзээд чөлөөтэй ойлгодог, англиар чөлөөтэй ярьж бичээд байхад мань хүн чөлөөтэй ойлгож чадахгүй байсан байна. Ангийн зарим хөвгүүд зуны амралтаараа Бээжин хотын хамгийн том номын санд сайн дурын ажилтнаар ажиллаж байх юм гэнэ. Энэ ямар учиртай юм бэ? гэж асуухад тэд: Номын сангийн сайн дурын ажилтан болвол Номын сангийнхаа ямар ч сайн номыг унших боломжтой болдог гэнэ. Жирийн хүн номын сангаас нэг удаа нэг л ном зөвшөөрлөөр авч уншдаг бол сайн дурын ажилтан нэг удаа 5 ном авч унших эрхтэй гэнэ. Дэлхийн шилдэг дээд сургуульд орохын тулд дуртай сэдвээрээ хамгийн сайн ном олныг уншиж, тэмдэглэж, цээжилдэг байсан аж. Нөгөө жирийн сургуульд байсан хятад хөвгүүн маань тэрхүү шилдэг дунд сургуульд шилжин ирээд аравдугаар ангидаа орохдоо тэднийг гүйцэж зарим хичээл дээр олимпиадын аварга болж байжээ. Тэдний зиндаанд хүрнэ гэдэг нь дунд сургуулийн төгсөх ангид орох үед эрдэм мэдлэг нь ихэд сайжирчихсан, англи хэлээр чөлөөтэй уншиж ойлгоод зогсохгүй, англи хэл дээр эссе чөлөөтэй бичиж чаддаг болчихсон түвшинд хүрэхийг хэлдэг ажээ. Ийм болохын тулд англиар хэдэн зуун удаа тухайн сэдвийг ярьж бичдэг дасгал хийдэг байжээ. Дэлхийн эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн том сэтгүүлүүдийг номын сангаас авч уншиж тэмдэглэж дэлхийн эдийн засгийн байдлыг англи хэл дээр тойм бичиж чаддаг болох түвшинд хүрчээ. Ийнхүү тэр хятад хөвгүүн хэрэгтэй номуудаа боть ботиор нь хэдэн зуугаар нь уншчихсэн, заримыг нь цээжээр ярьдаг, бичдэг болчихсон байна. Эртний сонгодог хятад уран зохиол болон дэлхийн сонгодог уран зохиолыг уншиж, тэдгээр номуудаас мэдсэн зүйлээ хятад хэл дээр болон англи хэл дээр эссе бичих түвшинд сурчээ. Бээжин хотын тэрхүү шилдэг дунд сургуулийн нэг ангийн найз нар нь америкийн Принстон, Стэнфордын их сургуульд элсэн орж амжиллттай сурч төгсөөд эдүгээ америкийн томоохон компаниудад жилийн зуун мянган долларын орлоготой ажилладаг том менежерүүд болсон байна. Шилдэг дунд сургуульд орсон, өөрийгөө бүх хүчээрээ дайчилж, цагийг үр бүтээлтэй ашиглаж, мэдлэг чадвараа тасралтгүй сайжруулсан сурагч л дэлхийн шилдэг их, дээд сургуульд орж, өндөр орлоготой шилдэг боловсон хүчин болдог ажээ. Азаар ч юм уу, арын хаалгаар англи, америкийн шилдэг их, дээд сургуульд элсэн орсон тохиолдол нэг ч байдаггүй ажээ.
Та өргөн мэдлэгтэй, өндөр боловсролтой, өндөр ур чадвартай, зөв үзэл бодолтой, зөв хандлагатай дэлхийн хэмжээний шилдэг боловсон хүчин болъё гэвэл англи, америк, австрали, канад, герман, франц, япон зэрэг өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд элсэн сурах хэрэгтэй. Хэрхэн яаж англи, америкийн их, дээд сургуульд сурах боломжийг олох вэ гэвэл дор дурдсан зүйлийг анхаарах хэрэгтэй. 1.Хамгийн эхэнд элсэн орох их, дээд сургуулийнхаа талаар маш сайн дэлгэрэнгүй судалгаа хийх хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв та дэлхийн хамгийн шилдэг Харвардын их сургуульд элсэхийг хүсвэл дараах зүйлсийг зайлшгүй судалж мэдсэн байх хэрэгтэй. Үүнд: Шалгалтын оноог мэдэх нь их чухал. Шалгалтын оноо бол хамгийн эхний шалгуур, суурь үзүүлэлт болдог. Харвардын их сургуулийн TOEFL-ийн босго оноо нь дунджаар 100 байдаг. Үүнээс гадна SAT, ACT, GPA гэх зэргийн шаардлагатай оноог мэдэх хэрэгтэй. Сургалтын төлбөр болон тэтгэлэг нь мэдэх хэрэгтэй. Монгол, Балба, Бутан зэрэг орнуудын оюутнуудын хувьд тэтгэлэг хамгийн чухал зүйл юм. Тэтгэлэгтэй дээд сургуулийг хайх хэрэгтэй. АНУ-ын Харвардын их сургуулийн сургалтын төлбөр 60 000 ам.доллар байдаг. Хэрэв таны өрхийн орлого жилийн 65 000 ам.доллараас бага байвал таны бүх төлбөрийг сургуулиас даадаг. Таны сурахыг хүсэж буй чиглэлээр тухайн сургууль хэр зэрэг алдартай вэ? гэдгийг мэдэх хэрэгтэй. Сургуулийн нэр хүндээс гадна чанарыг авч үзэх хэрэгтэй. Элсэх хүсэлт гаргахад шаардлагатай зүйлс бол тодорхойлох захидал, сурлагын дүн, эссе, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх мэт зүйлс юм. Тухайн дээд сургуульд элсэгч бүрт тавьж буй шаардлагыг сайн мэдсэнээр түүндээ сайтар бэлтгэхэд уг сургуульд орох боломж нэмэгдэнэ. Мөн тухайн их сургууль хэзээ элсэлт авдаг вэ, оюутны байр нь хаана вэ, амьдрах орчин ямар вэ , сурахын хажуугаар давхар ажил хийх боломжтой юу гэх зэрэг олон зүйлсийг олж мэдэх хэрэгтэй.
Орчин үеийн монгол сурагчдад дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах боломж байна. Дэлхийн хамгийн алдартай шилдэг их сургуульд элсэн ороход ямар шаардлага хангах вэ гэдэг талаар ганц жишээ толиллуулъя. Энэ бол Их Британий Кембрижийн их сургууль. Кембрижийн их сургууль анх 1209 онд байгуулагдсан.Эдүгээ Кембрижийн их сургууль 20 000 оюутан, 8000 багштай. Нийт оюутны 34.0 хувь нь гадаадын оюутан эзэлдэг. 31 коллеж сургуультай, 8 сая номтой 114 номын сантай, 2 том лабораторитай. Энэ сургуулиас Нобелийн шагналтан 88 хүн төрсөн. Энэ их сургуулийн онцлог нь оюутан бүрт оюутны байр олгодог, ажил хийж суралцахыг хослуулж болдог, их сургуулиа төгсөх үед нь ажлын байр олж өгдөг. Кембрижийн их сургуульд элсэн орохын тулд дараах шаардлагыг хангах хэрэгтэй. Үүнд: 1. Дунд сургуулиа онц төгссөн аттестат, 2. “A-Levels” хөтөлбөрийг “A” үнэлгээтэй төгссөн сертификат, 3. Англи хэлийг онц сайн мэдэх хэрэгтэй. “IELTS” сертификат 7,0 дээш үнэлгээтэй байх хэрэгтэй. 4. Элсэн орохыг хүссэн хүний захидал, 5.Багш, профессорын захидал , 6.Элсэгчийн амжилттай оролцсон шинжлэх ухааны хурал, тэмцээний шагнал, олимпиадад түрүүлсэн шагнал, спортын тэмцээнд түрүүлсэн шагнал зэрэг мэдээлэл. Эдгээр шаардлагыг хангаж чадвал монгол сурагч Та энэхүү алдартай дэлхийн их сургуульд сурах боломжтой болно. Бэлтгэлээ 100.0 хувь хангаж, шаардлагыг нь сайн биелүүлээд зүтгээд үзвэл Танд дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд хаалгаа цэлийтэл нээж Та мөрөөдлөө биелүүлэх боломжтой.
2024.05.28
Оноч
Зочин
Зочин
Зочин