Мах, гурил, төмс гуравтайгаа байхад
Хэн цатгалан бэ?
Монгол л цатгалан!


Цуйван Монголд ялсан

...Хоёр томоохон гуалин зэрэгцүүлэн тавиад дунд нь хаа сайгүй хөглөрөх хуурай мөчир цуглуулан хоромхон зуур гал үүсгэв. Ингээд дээр нь тогоогоо тавингаа хөлдүү мах гаргаж ирэн хурц иртэй жижигхээн сүхээр цавчиж жижиглэх зуураа хэрчсэн гурилтайгаа хамт хийнгээ голд нь атгасан гараас арай том хэмжээтэй мөс тавиад таглаж буй харагдсан юм.

Гэтэл 20 хүрэхгүй минутын дараа хоолны үнэр ойгоор нэг түгж, хээрийн зоог бэлэн болон төмөр аяга дүүрэн цуйван миний гарт ирлээ. Амт гэж ёстой янзтай байсан даа...

“Эх орны манаа” сонины эрхлэгч асан хурандаа Д.Баасандорж Дадалын хилийн отрядын Ононгийн заставын хилчидтэй хээрийн зоог барьснаа амтархан дурссан нь энэ. 


Хот хоорондын тээврийн пургон машин Завханы хөдөөг ардаа орхин давхисаар Хяргас нуурт дөхөж, Үзүүрийн булаг гэх газарт байх гэр гуанзны гадаа зогсож, зорчигчдоо хоолонд оруулав. Гэр гуанзныхан их гарын тогооны хагаст хүртэл мах, ногоо хийж, буцлав уу үгүй юу гурилаа зайгүй болтол нь чигжээд хүүе гэхийн завдалгүй модон тагаар даруулж орхив. Хаана нь хий хуралдаж болдог цуйван юм бол доо гэж зовнисон харц аяншсан зорчигчдын нүднээ ил. Гэрийн эзэгтэй гүдэсхэн байрын бүсгүй 15 минут болов уу, үгүй юү өнөө модон тагаа аваад сэвж эхлэв. Зарим уулгамж эмэгтэйчүүд түүхийрчих вий хэмээн дуу алдацгаана. 15 хүний порцоор хийсэн тэр сайхан хээгүй цуйван шиг амттай цуйванг хотын ресторануудад ч амсаагүй санагдана.

Харин энэ бол үүнийг бичигчид 10 гаруй жилийн өмнө тохиолдсон явдал. 

Цуйван гэдэг үг хятад (炒饼 chǎo bǐng) гаралтай, технологи нь ч тэр зүгийнх ч, мах, гурил, хэдэн төмс, тал сонгинотой байхад хагас цаг хүрэхгүй хугацаанд бэлэн болох энэ хоол монголчуудын хоолны цэсэнд өрсөлдөгчгүй ялсан билээ.

МАХ, ГУРИЛ, ТӨМС...

Монгол хэлний тайлбар тольд цуйван бүтэх аргыг тун оновчтой тайлбарласан нь бий: “Мах, ногоо, сонгиныг тосонд хуурч, хэрчсэн гурилтай жигнэн болгосон хоол”. Ер нь мах, гурил нэмээд төмс гуравтайгаа байхад хэрийн монгол хааначиг цуйвангаа сэгсэрчихнэ. Ер нь бол энэ гурав байхад монгол хүн өлсөөд үхчихгүй гэсэн үг л дээ. Түгжирч, түгжирч харанхуй болгож харьсан өлсгөлөн монгол хүн “Цагийн хүрд”-ийн өмнө эсвэл хойно гялс манс цуйвангаа сэгсэрч, өвчүүний араар шидчихээд зүүд нойронд умбаж өгнө. Бидний л амьдрал, амьдралын хоол.


Хамгийн чухал нь МАХ

Цуйван, ер нь монгол хоолны хамгийн чухал орц бол мах. Нэрт найрагч Зундуйн Доржийн “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ?” гэх мөрүүд дундах “мал” нь үнэндээ стратегийн чухал бүтээгдэхүүн болох махыг хэлж буй хэрэг. Монгол бол байгалийн хариулга, маллагаа бүхий уламжлалт аж ахуйгаар махаа бэлтгэж буй бараг сүүлчийн орон. 

Монгол малчин айлын дундаж дүр төрх

Дархан-Уул аймгийн Хонгор сум, Цагаан нуур, Хүйтний голоор нутаглаж буй малчин Ч.Нэргүй, Ц.Бурмаа нар энэ жил өнөтэй байсан тул мал нь нэмэлт тэжээл шаардлагагүй онд орсонд олзуурхаж байна. Энэ гэр бүл 300 гаруй бог, 20 гаруй бодынхоо үржил шимийг түшин амьдарч байна. Ч.Нэргүйнх ойр хавийнхаа өөр 3 айлтай хамтарч, тэр хавийн тариалалт хийгдээгүй өнжмөл талбайг түрээслэн авч хадлангаа бэлтгэдэг байна. 70 га газрыг 2.3 саяар түрээслэж 15 портер хадлан бэлтгэдэг нь өнөтэй жил бол хүрэлцдэг, гантай жил хаанаа ч хүрэхгүй, өвс, тэжээлийн эрэлд гардаг гэх. 2017 оны хатуу өвлөөр 10-20 шуудай хивэг, төдий хэмжээний тэжээл, лууван гэх мэт татаж байж саалийн хэдэн үхрээ мэнд авч гарсан гэнэ. 

Ноднин эднийх махаа 1 килограммыг нь 4500-аар заржээ. Тэр мах нь ХАА-н бирж дээр 9000 төгрөгөөр зарагдсан аж. Хонины амьдын жин 21-25 орчим килограмм, сайн эр хонь 30 килограмм давж татдаг тул нэг хонь хэтрээд 100 мянган төгрөг болдог гэнэ. Харин энэ жил үнэ өндөр байгаа учраас тэд махаа 7000 төгрөгөөр зарж чаджээ. Энэ махны үнэ мэдээж хэрэг бирж дээр хоёр дахин нугаларсан. “Энэ мөнгө нэг хонинд 4 жилийн турш зарцуулсан хүч хөдөлмөртэй нь дүйцэх үү?” гэсэн асуултад Ц.Бурмаа “Үгүй” гэж хариулав. 

“Одоо үед малаа хээрт бэлчээчихээд орой нь туугаад ирдэг хуучны сайхан цаг биш болсон. Үзээгүй юмаа үзэх болсон” гэж тэр ярилаа. 2007 онд Ч.Нэргүйнхийг энэ нутагт нүүж ирэхэд малын гол дайсан чоно байсан бол одоо хүн болжээ. Машинтай бүлэг хулгайчид малыг нь буудаж унагаад л ачаад явчихдаг болжээ. Хашаатай мал ч ачаад явчихдаг болсон тул малаа хүүхдээсээ ч илүү хараа хяналттай байлгаж, бэлчээрт нь дэргэдээс нь салахгүй дагах болсон гэх.

Хэрэв бэлчээр, арай хямд үнээр, өөрсдөө хадаж авдаг өвс байгаагүй бол энэ гэр бүл өдийд сэтгэл тэнэгэр амьдарч байгаа гэж итгэхэд бэрх юм. 200-300 богтой иймэрхүү айлууд бүх малаа нэг дор заазалчихаж болохгүй. Тэгвэл гол амьжиргаагаа үгүй хийж байна гэсэн үг. Сүргийн бүтцээ аль болох хадгалахыг хичээхийн хамт малын ашиг шимээрээ амьдрахыг хичээж буй Ч.Нэргүйнх шиг гэр бүл одоо цагийн монгол малчдын гол дүр төрх. Тэдний хотноос хүнсний захын лангуу хүртэл манай томчуудын сэтгэлийг ихээр татаж, нугалардаг махны бизнес бий. ХХААХҮЯ-ны шинэчилж өгдөггүй сайтын албан мэдээллээр бол манай улс 2016 он гэхэд 12 сая орчим толгой мал буюу нядалгааны жингээр тооцвол 400 мянган тн орчим махыг хөдөө аж ахуйгаас бэлтгэж байжээ. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх гээд өөрөө болон хамаатан садан нь махны үйлдвэртэй холбогдоогүй улстөрч ховор. Нэгж цуйванд ногдох махны үнийн өсөлтийг дөрвөн цагийн ааш харсан малчдаас биш, өчүүхэн ашиг харж яваа ченжүүдээс биш, салбарын тодорхойлогч компаниудын ард нэр нь явдаг, оролцоо, ашиг сонирхол нь ойлгомжтой төрийн түшээдээс асуувал таарах юм.

ТӨМС ба бусад

Өмнөд Америкт одоогийн Перу, Боливийн нутагт, 7-10 мянган жилийн өмнө тарьж байсан гэдэг нь судалгаагаар нотлогдсон төмсийг испаничууд XVI зууны сүүлээр Европт анх авчирч нутагшуулахад “чөтгөрийн алим” хэмээн сэжиглэцгээж байв. Гэвч хагас мянган жилийн дотор төмс 100 гаруй оронд тархаж, 70 гаруй хоолны жоронд гол бүтээгдэхүүн нь болж, 200 гаруй нэрийн хоол, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол түүхий эд болсон. Төмс тарих явцыг бодлоготой дэмжсэн Пруссын хаан Хоёрдугаар Фридрих “төмсөн хаан” нэрээр түүхэнд мөнхөрсөн бол оросууд зуун жилийн өмнө төмсийг дурлалд аз авчирна гэж итгэдэг байлаа. Төмсийг франц хэлнээ “pomme de terre” буюу “газрын алим” хэмээн нэрлэдэг бол Марксизмын их онолч Фридрих Энгелс төмсийг аж үйлдвэрийн хувьсгалд төмөртэй ижил үүрэг гүйцэтгэсэн хэмээн бичиж үлдээжээ. Монголчуудын хувьд төмс бас л соёл иргэншлийн бэлгэ тэмдэг. Тийм ч учраас албан мэдээнд өдий хүртэл “төмс, хүнсний ногоо” хэмээх нэршил явдаг биз. 

Газрын шимд шүтсэн 18 жил

Увс аймгийн Гашууны голын хөвөө бол эртнээсээ үржил шимээрээ алдартай газар. Улсын тэргүүний тариаланч Г.Даваа, Б.Тогтуур нарын гэр бүл энд энэ жил 1 га орчим газар төмс, хүнсний ногоо тариалж байна. Өдгөө дунд сургуулиа төгсөж буй охиноо төрсний дараахан буюу 18 жилийн өмнө анх ногоо тарьж эхэлснээс хойш талбайгаа томсгосоор 2 га газарт тарих болж, өнгөрсөн жилээс багасгасан аж.

Б.Тогтуур гуай төмсний тариалангийн үр шимийг нэг бут төмсөн дээр тун ойлгомжтой тайлбарлаж өгөв. Үүнийг түүний бизнесийн багасгасан модел гээд ойлгочиход ч буруудахгүй юм. 50-80 грамм жинтэй нэг ширхэг үрийн төмснөөс 5-15 ширхэг буюу 500 грамм орчим төмс хурааж авдаг. Эндээс 250 грамм нь тариалалтын зардлаа нөхөж, үлдсэн нь ашиг болно. Гэхдээ энэ бол хэн хүн цалинжуулаагүй гэр бүлээрээ ажилласны дараахь ашиг аж. Хэрэв хүн цалинжуулвал эдний бизнес ашигтай ажиллах боломж бараг л үгүй гэнэ. Гэхдээ сүүлийн үед өдөрт 20 мянган төгрөгөөр ажиллах хүн олдохоо больсон гэж тэрээр ярилаа. 

Хүн бүл цөөн, гэр бүлээрээ ногоо тарьж буй хүмүүсийн хувьд зуны гурван сарын турш борив бохисхийлгүй хөдөлмөрлөх хэрэгтэй болдог аж. Төмс, хүнсний ногооны зэрлэг түүлт, цавчилт тус бүртээ 2-3 өдөр шаардана. Бүх ногоогоо цавчаад, усалгаа хийгээд дуусахад түрүүчээсээ ахин цавчих шаардлагатай болдог аж. Энэ маягаар наймдугаар сарын 20 хүртэл хагас сар орчмын давтамжтай 4 удаа арчилгаа хийж байж хүссэн ургацаа авдаг байна. Г.Даваагийнх хүнсний ногоо, байцаандаа зориулж хоёр ч зоорь барьж, дөрвөн улиралд борлуулалт хийх боломжтой болжээ. Тэд зоориноосоо өдийд төмсөө нэг килограммыг нь 1000 төгрөгөөр худалдаж, харин зах дээр 1300 төгрөгөөр борлуулагдаж буй ажээ.

Г.Даваагийн гэр бүлийн хувьд цаашид хүнсний ногооны бизнесээ авч үлдэхийн тулд хөрөнгө оруулалт, хүн хүчээ нэмж, аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжих, эсвэл талбайгаа гэр бүлийн хэрэгцээнд тохируулан багасгахаас өөр гарцгүй болж буйг тэд нуусангүй. Газрын үр шимээр 20 гаруй жилийн турш үр хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж чадсан учраас хоёр дахь сонголтыг хийх нь зөв гэж бодож буйгаа ч мөн нуусангүй.

ГУРИЛ ба амьдралын чанар

1920-иод оноос өмнө хөх тарианы гурилын үйлдвэрлэл дэлхийн хэрэгцээг тодорхойлдог байжээ. Харин дэлхийн хоёр дайны дараа үйлдвэрлэлийн өртөг хямд, цавуулаг чанар ихтэй учраас талх исгэхэд тохиромжтой улаан буудайн тариалалт, гурилын хэрэглээ тэргүүлэх болсон. Бусад буудайн төрлүүдийн хувьд хальстай учраас үйлдвэрлэлийн зардал их. Атрын гурван ч аян зохиож, тариаланжихыг ямагт тэмүүлж ирсэн монголчууд үнэндээ улаан буудай тариалах хөдөлгөөн л улсаараа өрнүүлжээ. Өдгөө монголын гурилын хэрэглээний 95 хувь нь улаан буудай болсон. 

Эерэг хандлага ба гашуун үнэн

Төв аймгийн Эрдэнэсант суманд 5000 га талбайд үйл ажиллагаа явуулдаг “Буянт төв” компани газар тариалангийн салбар дахь дунд хэмжээний аж ахуйн нэгжийн нэг. Уг компанийн үүсгэн байгуулагч Ж.Саруул буудайн үйлдвэрлэлд гарах зардлын бүтцийг доорх маягаар тодорхойллоо: 

“Уринш-30%, Үр-20%, Шатах тослох 30%, Цалин-15%, бусад зардал-5%”

“Орчин үед тариалалтын үйл явцыг технологийн горимын дагуу хийхэд 1 га газарт 500-550 мянган төгрөг шингэдэг” гэж Ж.Саруул ярилаа. Аж ахуйн нэгжүүд үйлдвэрүүдэд дунджаар 1 тонн улаан буудайг 550 мянгаар өгч байгаа. Өөрөөр хэлбэр 1 га-гаас 10 центнр буюу 1 тонн буудай хурааж авсан компани ямар ч ашигггүй ажиллана гэсэн үг. Гэтэл Монгол Улсад дунджаар 1 га-гаас 12-13 центрнерийг л хураадаг. Гайхамшиг тохиож, байгаль дэлхий ээл ивээлээ хайрлавал 20 центнр гаргаж ургац авах нь бий ч энэ нь тун ховор ажээ. 2012 онд ийм сайн жил тохиож, компаниуд 70-80 хувийн ашиг хийсэн байна. Гэтэл 2017 оны гангаар 1 га-гаас ердөө 1 центнр хурааж, салбараараа байтугай улсаараа элгээрээ мөлхсөн. Тэр жил буудайн хэрүүл дэгдэж, тариаланчид талбайд орж ирж байлаа. 

Харин “Буянт төв” компанийн хувьд 1 га-гаас дунджаар 15.6 центнр ургац авдаг гэж Ж.Саруул захирал ярилаа. Түүний өгүүлснээр, 2000 оноос өмнө тариалангийн салбар 70 хувь байгалиас хараат байсан бол сүүлийн 20 гаруй жилд энэ харьцаа эргэж, тариалангийн салбар 70 хувь хүнээс хараат болжээ. Өөрөөр хэлбэл технологи, компанийн зөв бодлогоор газар тариалангийн бизнесийн байгалиас хамаарах эрсдэлийг хянах боломжтой цаг үед бид амьдарч байгаа гэсэн үг. Олдсоноо тарих биш, ядахнаа халуун тэсвэртэй сорт сонгосноор гантай жилийг гарз багатай давдаг болохоос л энэ ажил эхлэх ажээ. Үүл буудахаас эхлээд тариалангийн салбарт хэрэгтэй асар олон технологи нэвтэрчээ. 

Харамсалтай нь манай газар тариалангийн салбарт энэ дэвшил нэвтрээгүй, үрийн бодлого алдагдсан талаар Ж.Саруул захирал хөндсөн. Номоороо бол тариаланчид жил бүр үрээ 20 хувь шинэчлэх ёстой аж. Харамсалтай нь манай тариаланчид, ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүд банкны зээлээс хараат байдаг учраас үрийн фонд үүсгэх боломжгүй аж. Намар бүх буудайгаа борлуулж өрөө төлөөд, хавар нь гуйж түйж байж олдсоныг нь тарьдаг явуургүй практик манай тариалангийн салбарт байгааг Ж.Саруул нуусангүй. 

150 мянган долларын үнэтэй, 1000 га-д ажиллах зориулалтай комбайн аваад 500 га-д үйл ажиллагаа явуулна гэдэг ашгаа мөд нөхөхгүй, өрийн буулганд байх бизнес гэж тэр үзэж байна. Эсвэл 1000-аас доош га талбайтай тариаланчид нэгдэж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй, Германд ийм жижиг аж ахуйнуудын дунд түрээсийн техникүүдээр хангадаг тусгай аж ахуй ч байдаг байна. Эсвэл эрсдэлээ тооцоолоод газраа түрээслэхээс өөр арга байхгүй гэж хэлсэн нь тун хатуу сонсогдлоо. 

“Буянт төв” компани нь “Mill house” гурилын үйлдвэрийн гол нийлүүлэгчдийн нэг аж. Гурилын үйлдвэрлэл буудай хүлээн авах, цэвэрлэх, тээрэмдэх, савлах гэсэн дамжлагатай. Эхний дамжлага дээр 560-580 төгрөгөөр ирсэн улаан буудай, эцсийн дамжлагаар гурил болон гарахдаа үйлдвэрлэлийн өртөг шингэж 950 төгрөгийн үнэтэй гурил болдог байна. Гурилын үнэ буудайн үнээс шууд хамааралтай, буудайн үнэ нь байгалиас шууд хамааралтай. Үндэсний газар тариалагийн салбарын хувьд шалгаралын үйл явц эрчимтэй явагдаж байгааг Ж.Саруул захирлын ярианаас ойлгож болохоор байв. 

Энэ жилийн хувьд санаа зовоож буй бас нэг зүйл нь үйлдвэрүүдийн буудайн нөөц шавхагдаж буй явдал. Одоогоор “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” компаниудад л буудайн нөөц үлдсэн бололтой.


Хөдөлмөрийн үнэ цэнэ

Жиргээч Д.Ган-Одын хийсэн бяцхан тооцоог энд эшэлье.

“5 жил тэжээсэн үхрийн мах кг нь 8000₮ гэж бодъё. Нийт 100 кг мах гарсан гэвэл 800,000 төгрөг болжээ. Малчин хүний 5 жилийн хөдөлмөрийн хөлсийг тооцвол: 1 жилд 160,000 төгрөгийн цалин, сард 13000 төгрөгийн цалинтай болох ажээ. Эндээс сонин л дүгнэлт гарч байна. Хамгийн бага цалинтай ажээ”

Энэ тооцоог өчнөөн үндэслэлээр үгүйсгэж болно л доо. Улсын маш чухал салбарыг хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн амьдарч буй малчин, тариаланчид нуруундаа үүрч байна. Тэдэнд татварын хөнгөлөлт, ямааны цалин мэтийн арга ядарсан хаялга биш, зах зээл, амьдралыг онцлогийг нь хамгаалсан тусгай бодлого л үгүйлэгдэж буй юм. Тэдний хөдөлмөрийг хэрхэн шударгаар үнэлэх, бүтээж буй баялагийнх нь өгөөжийг хэрхэн хамгаалах нь төрийн хийх ажил. Гэтэл төрд маань баахан махны үйлдвэр, гурилын үйлдвэрийн эзэд суучихсан, өөрсдийнхөө үйлдвэрт 3 хувьтай зээл тэрбум тэрбумаар хувиарласан шиг ээ сууж байгаа гэж бодохоор Хүйтний голд жиндэж яваа малчин Ц.Бурмаа, Гашууны голд гаапуу бариад азаргана цавчиж зогсоо тариаланч Б.Тогтуур, банкны өрнөөс өр хооронд компаниа, ажилчдаа, талбайгаа авч үлдчих санаатай сандчиж яваа тариаланчийн өмнөөс дотор бачуурна. Тэд бэлэн хоол биш ердөө л боломж хүссэн хөдөлмөрч хүмүүс.

ЦУЙВАНГИЙН орц НИЙГМИЙН бүтэц

Нийгмийн сүлжээгээр бантанг хор болох тухай яриа гарсан нь олон монголчуудын цөсийг хөөргөсөн билээ. Үнэндээ уг ярианы цаана монголчуудын зохисгүй хооллолт, мах гурил зодолдуулсан ядмаг хэрэглээг л шүүмжилсэн хэрэг л дээ. 1999 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар, “Монгол хүний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ цөөн, гурил гурилан болон мах махан бүтээгдэхүүн давамгайлснаас үндсэн шимт бодисын харьцаа алдагдан, шимт болон бичил тэжээлийг шаардлагатай хэмжээгээр авч чадахгүй байгаа” гэсэн дүгнэлт гарч байжээ. Гэтэл 18 жилийн дараа НЭМҮТ-өөс ЮНИСЕФ-тэй хамтран хийсэн судалгааны тайланг үзвэл нөхцөл байдал бахь байдгаараа л байна. Уг тайлангийн дүгнэлт хэсэгт, “...Маш цөөн нэр төрлийн хүнс хэрэглэдэг дадал нь хүн амыг бичил тэжээлийн дуталд өртөх, мөн илүүдэл жинтэй болох шалтгаан болж байна” гэж цохон тэмдэглэжээ. Монгол Улсын нийт бүс нутгийн түвшинд илүүдэл жин ба таргалалтын тархалт насанд хүрэгчдийн дунд тахлын хэмжээнд хүрснийг ЮНИСЕФ дэлхий даяар зарлаж байна. Таргалалт бол ядуусын өвчин. 

Хоол тэжээлийн дутагдал хамгийн их байгаа газруудад Хангай, Баруун бүс, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд орж байна. Үүнийг өрсөлдөх чадварын индекстэй уяад харвал хамгийн ядуу, эдийн засгийн чадваргүй хэсэгт л хоол тэжээлтэй холбоотой эмгэг газар авчээ. Өөрөөр хэлбэл шар нар, бор хоногийн эргэлтэд мах, гурил зодолдуулж суугаа, үдшийн бүрийтэй уралдан цуйван сэгсэрч суугаа тэр айлуудад л ходоодны өвчин, таргалалт, тэгээд мэдээж хэрэг эдгээрээс үүдэлтэй үхэл нүүрлэж байна.

Тэгэхээр цуйван гэдэг хоол маань манай ядуурлын бэлгэ тэмдэг ажээ. Түүний гол орц болох улаан буудай нь тэжээллэг чанараараа хамгийн муу буудайд тооцогддог. Тэжээллэг чанараараа хөх тариа (1.3) улаан буудай (0.7)-наас хоёр дахин их. Харин арвайн тэжээллэг чанар 1.2, овъёосных 1 байдаг. Бид адуунд өгдөг овъёосноосоо ч муу буудайгаар өл залгацгааж байна. Гэхдээ ямар африкчууд шиг өлсөж үхэх гээд байгаа биш дээ. Сайхан тостой цуйван сэгсэрнэ ээ, бүгдээрээ...


Нийтлэлч Я.Баяраа “Үндэстний ТОЙМ” №410