ТҮҮХ СӨХВӨЛ...

Халуун дулаан оронд ургадаг Африкийн хойд хэсэг, Газар дундын тэнгисээс гарал үүсэлтэй  энэ ургамлыг хүмүүс бараг 2000 жилийн тэртээгээс хүнсэнд хэрэглэж ирсэн бөгөөд 200 гаруй жилийн өмнөхөн  Испанид анх тарималжуулснаар Европын орнуудад түгэн тархжээ. Харин энэ ургамал Испани, Францын цагаач иргэдээр дамжин одоогоос 90 жилийн өмнө АНУ-ын Калифорни муж улсад  очсоноор бөмбөрцгийн баруун хагаст танил болж хүн амын хамгийн түгээмэл хүнсний нэг болжээ.   Харин эртний түүх домгоор бурхны хишиг гэж нэрлэгддэг энэ гайхамшигт ургамал эх газрын эрс тэс уур амьсгалтай Монголд хэзээ, яаж ирж нутагшсан юм бол оо?

ХААИС-ЭШСҮ-ийн “Нарт” төвийн захирал, доктор Л. Даваагаар удирдуулсан эрдэмтдийн багийн оюун ухаан, бүтээлч хөдөлмөрийн үр дүнд ердөө арваадхан жилийн өмнө артишокийг талын  Монголын үржил шимтэй хөрсөнд нутагшуулж чадсан нь үнэхээр бахархууштай. Дараа нь “Экологи хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн Л. Батнасангийн санаачилгаар “Артишок Монголд” хөтөлбөрийг хоол, хүнс, анагаах ухаан, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд оролцсон баг хэрэгжүүлж эхэлснээр дэлхийн олон орны хүн ам түгээмэл хэрэглэдэг энэхүү хүнсний ургамлыг монгол хүний шинэхэн хэрэглээ болгож чаджээ. Энэ ажилд “Өег салат” зэрэг олон нэрийн ногооны нөөш үйлдвэрлэж хэрэглэгч  олондоо хэдийнээ танигдсан ГБТ трейдинг ХХК-ийн  “Газар шим” үйлдвэр, ялангуяа тус үйлдвэрийн ерөнхий технологич, “Артишок Монголд” хөтөлбөрийн зохицуулагч Ц. Төгсөө гэдэг бүсгүйн санаачилга,  гүйцэтгэж буй үүрэг их. ОХУ-д хүнсний технологич-инженерийн мэргэжил эзэмшсэн энэ залуухан мэргэжилтэн бүтэн хоёр жилийн судалгаа, нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд  “Артишок” нэртэй хоёр төрлийн ундаа бий болгож  эмчилгээ, хоолны зориулалттай уг бүтээгдэхүүн саяхан патентаа авчээ. Энэ ундааг хордлого тайлах, элэг, бөөрний эмгэгтэй хүмүүс, түүнчлэн  архи, тамхи хэтрүүлэн хэрэглэдэг болон агаарын бохирдолтой орчинд ажилладаг хүмүүс тогтмол хэрэглэж заншвал үр дүн өгдөгийг туршилтын үр дүн харуулж байна. Мөн хоол судлаач доктор  М. Пүрэвжавын “Артишокийн элэг хамгаалах шинж чанар”  судалгааны ажил патентаа авчээ. Энэ нь  монгол эрдэмтэд, инженерүүдийн оюун ухаан, мэдлэг чадвар хэнээс ч дутахгүйг  харуулж өглөө.

Артишокийг  латин нэрээр Cynara scolymus L. Англиар Artichoke гэнэ. Харин монгол хэл дээр гарсан  ном бүтээлд тэр бүр нэр нь байдаггүй энэ ургамлыг зарим судлаачид чөргөсгөнө, удвалжин гэх зэргээр нэрлэсэн буй. Өдгөө дэлхийд артишокийн 200 гаруй сорт байдгаас 40 гаруйг нь хүнс хоолонд өргөн хэрэглэж байна. Далбагар том навчтай, гол нь бүдүүн иштэй, 6-7 ширхэг боргоцой хэлбэрийн булцуутай энэ ургамлын боргоцойн хэсгийг хоолонд, харин навчийг нь эмийн түүхий эдийн зориулалтаар ашиглаж иржээ.

АРТИШОКИЙН ИД ШИД

Артишок нь харьцангуй сайн судлагдсан хүнсний болон эмийн зориулалттай ургамал юм. Найрлагадаа 15% хүртэл нүүрс ус, 3%-уураг, 0,1% тос агуулдаг энэ ургамал кальци, төмхийн давс, С, В1,В3, Р, каротин, инулинаар баялаг. Кофейн, хинн,хлорген, гликолевин, глицериний зэрэг органик хүчил агуулна. Гадна талын навчнуудад эфирийн тос агуулагдах тул сайхан үнэртэй. Цинарин гэдэг биологийн идэвхит гликозид агуулна. 100 г артишок 57 ккал илчлэгтэй.

Артишокийг төрийн соёрхолт , доктор, профессор  М. Амбага: “Аливаа эмийн ургамал төрөлжсөн хоёр үйлдэлтэй байдаг бол энэ ургамал бол нэгэн зэрэг арван үйлдэл, тэр тусмаа хүний биеийн өвчлөлд  хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдэд бүгдэд нь зэрэг үйлчилдэг увдистай, ховор гайхамшигт ургамал юм” хэмээн тодорхойлсныг  ахуйн хэрэглээний чөлөөт сэтгүүлийн саяхны нэгэн дугаарт нийтэлсэн байсан.

Артишокийг хүнс, хоолондоо хэрэглэснээр:

·    Организмаас холестерин, хорт бодисыг зайлуулна.
·    Элэгний үйл ажиллагааг дэмжинэ.
·    Цөсний ялгаруулалтыг сайжруулна.
·    Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.
·    Бодисын солилцоог сайжруулна.
·    Цусны даралт, зүрх судасны хэвийн ажиллагааг хангана.
·    Судасны ханыг бэхжүүлэх, хаван буулгах, хоолны дуршил нэмэгдүүлэх, шээс, цөс  хөөх  үйлчилгээтэй.
·    Артишокийн ундааг хэрэглэснээр арьсанд тэжээл өгч толигор өнгөлөг болгох ба бактерийн эсрэг үйлчилгээтэй тул  нүүрэн дээр батга гарах үед уухад үр дүнтэй. Мөн  хагалгааны дараа хэрэглэнэ.
·    Чихрийн шижинтэй хүнд артишокийг цардуул орлуулагчаар хэрэглэнэ.
·    Цусны даралттай ахимаг насны хүмүүс хэрэглэхэд зохимжтой.

Дээр үеэс артишокийн цэвэр шүүсийг биеийн чалх сайжруулах зорилгоор өглөө, оройд ¼ аягыг ууж хэрэглэдэг байжээ. Түүнчлэн эрэгтэй хүүхэдтэй болохын тулд эмэгтэйчүүдийг хурьцлын ажил хийхийн  өмнө артишок идэхийг зөвлөдөг байсан байна. Энэ ургамлыг архины хордлого тайлах, хөлсний үнэр дарахад бас хэрэглэдэг. Артишокийн шүүсийг зөгийн балтай найруулж амны хөндий, хэлний гэмтлийг засдаг. Эртний Грект үс халзрахаас сэргийлж үсээ артишокоор арчдаг байв. Шүлтийн үйлчлэлтэй натри, калигаар баялаг тул ходоодны хүчил ихтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Харин хүчил багатай хүн хэрэглэж болохгүй. Мөн даралт багатай хүнд тохирохгүй.

АРТИШОК БОЛ АШИГТАЙ ХҮНС

Артишокийг  дэлхийн улс үндэстний хоол, гал тогоонд өргөн хэрэглэдэг. Гэхдээ тэд өөр өөрийн онцлогт тохируулж хоол бэлтгэнэ. Тухайлбал, Францад шанзалсан, битүү жигнэсэн байдлаар хэрэглэдэг бол Италид ихэвчлэн нөөшилсөн байдлаар хэрэглэнэ. Артишокийн үйлдвэрлэлээр Итали, АНУ, Франц, Испани зэрэг орнууд дэлхийд тэргүүлдэг.

Артишокийг дангаар нь болон бусад хүнстэй хольж олон төрлийн зууш хоол хийж болно. Артишокийн боргоцойн хамгийн жижиг, шинэ хэсгээр зууш, шанцай хийнэ. Дунд зэргийн хэмжээтэй артишокийг жигнэх, шарах аргаар боловсруулна. Шинэхэн артишокийн зүрхэвчийг нимгэн хэрчиж шанцайнд шууд холино. Пицца, спагетти,  ризотто мэтийн итали үндэстний хоолонд  их зохицно. Түүнчлэн хонь, тахианы мах, загас, далайн гаралтай амьтан ургамал, бүх төрлийн ногоо, ялангуяа улаан лооль, мөөг, өргөст хэмх, нимбэг, чидуны жимстэй сайн нийцнэ. Сонирхуулахад манайд энд тэндгүй ургадаг гишүүнэ гэдэг ургамлыг артишоктой хольж хоол зууш бэлтгэхэд зохимжтой.

 Артишокийг мөн нөөшилсөн, чанасан байдлаар хэрэглэнэ. Жижиг артишокийг давстай усанд 2 хэрчим нимбэг нэмж ойролцоогоор 20 минут чанана. Болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатгаж мэдэж болно. Цөцгийн тос, саримсны няцалсан шүүстэй хольж хэрэглэхэд илүү сайхан амтлаг болно. Мөн хурц сүмстэй хольж хэрэглэнэ. Артишокийг чанах болгоход шилэн буюу керамик сав илүү зохимжтой.

Артишокоор бэлтгэсэн хоол, зуушийг тэр өдөрт нь багтаан хэрэглэх ёстойг анхаарах хэрэгтэй. . Амархан исэлдэж харладаг тул цэвэрлэсэн артишокийг цуу, нимбэгний шүүстэй найруулсан усанд хийж хадгална. Хөргөгчид 2-3 өдөр хадгалахад л муудаж эхэлнэ. Цэвэрлэх технолог ч өвөрмөц. Хамгийн амттай хэсэг нь дотор талын зүрхэвчийн зөөлөн махлаг хэсэг байдаг. Артишокийг хутга, сэрээний тусламжтайгаар иддэг.

“Бурхны бэлэг”, “Ногоон алт” гэж нэрлэдэг энэ гайхамшигт ургамал монголчуудын хүнс хоолны жагсаалтанд орж ирж байгаа нь зөв зохистой хооллолтоор эрүүл мэндээ сахин хамгаалах, эх орныхоо хөрсөнд ургуулсан экологийн цэвэр хүнс хэрэглэж хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хоолны нэр төрлийг олшруулахад ач тустай , өөрөөр хэлбэл бидний хүнс хоол хэрэглээнд гарч буй  нэг ёсны хувьсгал гэдгийг мэргэжлийн хүний хувьд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Нөгөө талаар   Алтайн зэрлэг сонгино, Завханы улаан саримс, говийн гоёо, суль, цулхир гэхчилэн эх орны маань цэвэр хөрсөнд зэрлэг байдлаар ургадаг хүнсний болон анхилуун ургамлыг тарималжуулах, уламжлалт болон үйлдвэрийн аргаар нөөшлөх, шинэ брендийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг манай эрдэмтэд,  хүнс хоол үйлдвэрлэгчид өлхөн хийж чадахын жишээг “Артишок Монголд” хөтөлбөрийн үр дүн бэлхнээ харуулж өглөө.

Энэ ялдамд “Артишок Монголд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа мэргэжил нэгт нөхөддөө талархал илэрхийлж амжилт хүсье.


Уншигчдын анхааралд: 

Ж.Октябрийн “НОГООТОЙ ХООЛ”  ном   хэвлэгдэн  гарлаа. Уг номонд хүнсний ногооны ач тус, тэдгээрээр хийх 400 гаруй хоол, зууш, ундааны жор, ногоог хадгалах, нөөшлөх аргын талаарх нарийн зөвлөгөөг багтаажээ. Мөн зохиогчийн  “Монголчуудын хүнс хоол” ном дахин хэвлэгдэж гарав. Эдгээр шинэ  номыг Интерном дэлгүүрээс худалдан авах буюу 98113630 утсаар захиалж болно.