Улс орны эдийн засгийн хөгжлийн суурь нь дэд бүтэц: тээвэр, холбоо, эрчим хүч, зам гүүр, барилга байгууламж. Хөгжсөн ба хөгжиж буй орнуудын ялгаа нь дэд бүтцээрээ хамгийн түрүүнд харагддаг. Дэд бүтцийн хөгжлийн түлхүүр нь цемент гэдэг.

Манай улсын төр засаг нь тогтворгүй, үйл ажиллагаа нь цэгцгүй учир дэд бүтцийн хөгжлийн бодлого нь барьцгүй, алсын хараагүй явж ирснээс эрүүл бус өрсөлдөөн үүсч, том хөрөнгө оруулалт алдагдалд орж, олон мянган хүнийг ажилгүй болгох эрсдэлд хүргэж магадгүй болсныг цементийн бизнес дээр цэгнэн харж болно.

Зах зээл

Шинэ зуун эхэлснээс хойш эдийн засгийн өсөлт, хотжилтыг дагаад манай улсын цементийн хэрэглээ таван жил тутам хоёр дахин өсч ирлээ. Гэвч энэ хэрэгцээг улсын хэмжээнд байсан ганц цемент шохойн (Хөтөлийн) үйлдвэр нь жилд 200-300 мянган тонн хүчин чадалтай учир хангаж чадахгүй, БНХАУ-аас импортлож иржээ. Монгол улс 2009 онд 0.5 сая тонн цемент импортлож байсан бол 2015 онд 1.5 сая тонн болж, цементийн нийлүүлэлтийн 90 хувьтай тэнцжээ.

Монголын эдийн засаг үсрэнгүй өсч, 2011 онд ДНБ-ий өсөлт 17.6 хувьд хүрснээс хойш монголчууд цаашдын хөгжлөө маш өөдрөгөөр төсөөлж, Засгийн газар нь дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхайн болон төмөр ба авто замын олон мега төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөв. Эдгээр төслүүдэд 2015 оноос хойш таван жилийн дотор 16.1 сая тонн цемент хэрэглэх тооцоо гарчээ.

2013 онд хийсэн МакКинзи компанийн судалгаагаар 100 мянган айлыг орон сууцжуулах төсөл, нийслэлийн дахин төлөвлөлт, 7000 км талын зам барих зэрэг томоохон төслүүдийн цементийн хэрэгцээ жилд 22 хувиар өссөөр 2020 онд  4.4 сая тонн болно гэж  тооцжээ.


f9755e2d2fcabecaf498e0ced62dfb55.png

Гэтэл төрийн бодлого өөрчлөгдөж, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хууль тогтоомжууд гарч, зэрэгцээд эрдсийн түүхий эдийн үнэ унаснаар монголын макро эдийн засгийн нөхцөл муудан, улмаар дээрх том төслүүдийн явц удааширч, зогсонги болж, өөдрөг төсөөлөл унтарч эхэллээ.

“Халуурал”

Мега төслүүдийн цементийн хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хангах, импортыг орлох аяныг дөрвөн компани зэрэг эхлүүлжээ. 2010-2012 оны хооронд Монцемент, МАК Хөтөл (технологи шинэчлэл) зэрэг монголын компаниудаас гадна Хятадын төрийн өмчит CUCC компани монголд “Мөнхийн баян гал” ХХК байгуулан эхлүүлж, жилд тус бүр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдийг 2015-2016 онуудад ээлж дараалан ашиглалтад оруулав. 2018 он гэхэд энэ дөрвөн үйлдвэр монголын цементийн импортыг орлож,  нийт хэрэгцээний  90 хувийг дотоодоос хангах болов.  

a68d0fc2b28887b96a327baa0e0c8090.png

Эх сурвалж:  http://www.ecustoms.mn/statistics/ 

Эдгээр үйлдвэрүүд орчин үеийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн учир цементийн чанар, стандарт эрс сайжирч, барилга, дэд бүтцийн эдэлгээ, насжилт уртасч, төрөл нь олширч, улмаар хэрэглэгчийн онцлогт тохируулан тусгай цемент хүртэл нийлүүлж эхлэв. Жишээ нь Оюу толгойн гүний уурхайн цооногийн бэхжилтийн тусгай зориулалтын цементийг Монцемент үйлдвэрлэн бүрэн хангаж байна.

2016 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнэ буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт багассан, хууль эрх зүйн орчин ойлгомжгүй зэрэг шалтгаанаар барилгын салбарын өсөлт удааширч цементийн хэрэглээ жилд 1-1.5 сая тонноос хэтрэхгүй байна.  Харин 2017 оноос уул уурхайн түүхий эдийн экспортын үнэ өсч, барилгын салбар идэвхжих хандлагатай болсон.

“Угсраа цохилт”  

Төгрөгийн ханш сүүлийн зургаан жилд хоёр дахин унав. Цементийн борлуулалт багасч, үйлдвэрүүд ашиггүй болж эхлэв. 2012 оны 3-р сард нэг доллар 1410 төгрөг, нэг тонн цементийн үнэ 120 ам.доллар байв. 2018 оны 11-р сар нэг доллар 2600 төгрөг, нэг тонн цемент 60 ам.доллар болов. Цементийн үйлдвэрүүдийн төслүүд ам.долларын санхүүжилттэй учир төгрөгийн ханшийн сулралаас болж борлуулалтын орлого нь 2 дахин унаж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүсч, хөрөнгө оруулалтын өгөөж нь эрс буурчээ.

Цементийн үйлдвэрийн урсгал зардлын тавны нэгийг эзэлдэг цахилгааны үнэ зургаан жилийн дотор 2 дахин өсчээ. 2011 онд цахилгааны тариф кВ.цаг нь 100 төгрөг байсан бол 2017 оны намар 192 төгрөг болжээ. Төмөр замын тариф сүүлийн 3 жилд 26 хувиар, дизелийн түлшний үнэ 2018 онд 45 хувиар огцом нэмэгдэв. Тээвэр, түлшний зардал сүүлийн гурван жилд 25 хувиар өсчээ.

Засгийн газар 2013 онд хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус замаар дэмжих болж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2-т барилгын материал үйлдвэрлэх төслийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх заалт оруулав. Гэвч энэ заалтыг Гаалийн ерөнхий газар биелүүлэхгүй өдийг хүрснээр энэ салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгжүүдэд их хэмжээний тооцоогүй зардал гарч, хөрөнгө оруулагчид монголын хууль эрх зүйн орчинд эргэлзэх болоод байна.

Нэгэн гарц

МакКинзи компанийн тооцоолсон төслүүд хэрэгжсэнгүй. Бүр нэг ч ширхэг цахилгаан станц, нэг ч км төмөр зам баригдсангүй.

Ийм нөхцөлд дөрвөн үйлдвэр цементээ ямар ч үнээр хамаагүй борлуулах буюу зардлаасаа ч бага үнээр борлуулж, үйлдвэрээ зогсоочихгүйн төлөө ямар ч “мөчрөөс” шүүрэхэд бэлэн болжээ. Барилгын компаниуд арматур, цемент, бусад материалаа орон сууцаар “бартердаж” байна. Барилгын салбарын үнэ цэнийн гинжин холбоо эхнээсээ дуустал бэлэн мөнгөний гачаалд ороод байна.

Байж болох нэг шийдвэр нь авто замаа асфальт биш бетон хучилттай барих явдал юм. Бетоноор барьсан замыг асфальтан замтай харьцуулахад хагарал бага, түлшний дусалд гэмтдэггүй, эдэлгээний хугацаа нь 30 жилээс дээш буюу 50 хувиар урт ажээ. 2015 оноос хойш (2018 оны 10-р сарыг оруулаад) манайх нийт 13,745 тонн битум асфальтан зам барих зорилгоор импортлож 6.5 сая ам.доллар зарцуулсан байна. Төсвийн хөрөнгөөр юугаар барьснаас эс хамаарч 1 км замыг 1 тэрбум төгрөгөөр барьж байна.

Учрыг нь мөшгөвөл ...

Зах зээлийн эдийн засаг руу шилжсээр яваа манай улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байгааг цементийн салбарын шинэхэн түүхээс ийнхүү тольдон харж байна.

Төр засаг зах зээлийн үнийг хязгаарлаж, тогтворжуулахыг оролдох болсон нь дунд болон урт хугацаандаа том хөрөнгө оруулалт шаарддаг салбарыг дэмжих биш унагадаг. Тийм ч учраас манайд уул уурхайгаас бусад аж үйлдвэрийн салбар хөгжихгүй байна.  Төсвийн эрх мэдэл хэт төвлөрсөн, жил бүр алдагдалтай гардаг учир Засгийн газрын өр буурахгүй байна.

Мөн төрийн нэрээр хувийн компаниуддаа хөрөнгө олох гэж Засгийн газрын гадаад бонд гаргуулдаг, тусгай сангууд байгуулан төрийн түшмэд нь өөрсдөө баяждаг, үнэ тогтворжуулах нэрээр зах зээлийг гажуудуулдаг болсон.

2013 оноос орон сууцны хэт хөнгөлөлттэй зээлийг Монголбанкнаас олгох болсноор орон сууцны үнэ хоёр дахин өссөн бөгөөд өнөөдөр зөвхөн нийслэлд гэхэд 66 мянган байр борлуулалтгүй, 200 мянган өрх нүхэн жорлонтой нөхцөлд амьдарч, нүүрс түлж, хотын агаарыг гамшгийн түвшинд хүргэж байна. Төр оролцоогүй байсан бол барилгын салбар эрэлт хэрэгцээнд нь таарсан орон сууц барихаас өөр сонголтгүй байсан.

Төр засгаа авлигаас чөлөөлж, аливаа бараа үйлчилгээний үнийг төр засаг биш зах зээл тогтоох болсон цагт л эдийн засаг бодит зам дээрээ гарч, улмаар дэд бүтцийн хөгжил ирнэ.

2018.11.28