Цасны чимээ
Магадгүй тэд тэр л хүслээ биднээр биелүүлэхээр цав цагаахан цасан ширхэг болоод чив чимээгүйхэн бидэн дээр ирж байгаа ч юм билүү...
Цас чимээгүй нүдлэн орно. Тогтон суугаад сайн анзаарвал цасан ширхэгүүд хоорондоо хөөцөлдөн тоглонгоо ямар нэг зүйлийг агаарт бичээд ч буй мэт. Гэхдээ анир чимээгүй. Яг л хүүхдээ хайрлан өхөөрдөн унтуулж буй ээж шиг. Энэхүү чимээгүй орох цасан зутруу яваа нэгэнд гал алдах зовлон болж байхад зүггүй аашлах нэгний зугаа болж буух.
Лавсан орох цасны чимээг хүн та бид хөглөдөг ажээ. Дэлгүүрийнхээ довжоог төвөгшөөн шүүрдэж буй эгч, дэгдэн гүйж хоол хайх дүрсгүй болжморын сарвуу, хүнсээ цуглуулаад сугадалцан алхаж буй хосын маскны цаадах аз жаргалтай инээмсэглэл, эмийн сангаас гараад болгоомжтой бас гунигтай, гав ганцаараа удаан алхах өвөөгийн нүд, аавынхаа араас хөөцөлдөн гүйн тоглох жаахан охины мишээл, машинуудыг нэг бүрчлэн зогсоон шалгаж буй замын цагдаагийн нухацтай үйлдэл, хүн багатай ч тогтмол явах хуучирсан том автобусны бараг тороос нь гарах шахсан элэгдсэн дугуй, тэр бүхнийг харан, сонсон бас мэдрэхийг хичээн аядуухан алхаж буй миний хөл бүгдээрээ өөр өөрийн чимээ, бас онцгой хэмнэлийг чимээгүй орж буй цасанд нэмэх.
Энэ бүхнийг хумсын чинээ эс тоон, том чихэвч зүүн хамгийн чанга дээр нь тавьсан залуу охин орчноосоо тасарчихсан, ганцаараа инээн цоглог бөгөөд хурдан алхан хажуугаар хөндлөн зөрөх нь бас л өвөрмөц долгионыг цасны чимээн дунд үүсгэх юм.
Хүмүүн бидний олонхи дуу чимээтэйхэн шиг орчлонд ирдэг ч дийлэнх маань чимээгүйхэээн, зарим нь гэнэтхэн буцчихдаг ажээ. Цасны чимээг та бид эгшиглүүлдэг юм бол хүмүүн төрөлхтөн бие биенээ хөглөн бас нөхцөлдүүлэн амьдардаг бус уу. Яг одоо орж байгаа шинэхэн цасанд мөрөө гарган, чимээ нэмэхийг хүсч байсан ч энэ мөчийг хүлээж чадаагүй тэнгэрт одсон олон хүн байсан байх аа.
Магадгүй тэд тэр л хүслээ биднээр биелүүлэхээр цав цагаахан цасан ширхэг болоод чив чимээгүйхэн бидэн дээр ирж байгаа ч юм билүү...
Reader
ЗОЧИН