Цай: Монгол үндэстний онцлог
Монголчууд цай тариалдаггүй бас “цайны соёл”-оор дэлхийд гайхагдаагүй ч “цайсаг” гэхэд болно.
Монголчууд цай тариалдаггүй бас “цайны соёл”-оор дэлхийд гайхагдаагүй ч “цайсаг” гэхэд болно. Бид цайг “идээний дээж” хэмээн бэлгэддэг. Монгол орны хаана ч очсон цай манай ард түмний үндэсний соёл, уламжлалын нэгээхэн хэсэг гэдгийг хялбархан ойлгоно. Орос уран сайхны кино бүрт заавал нэг удаа хундага тулгадаг бол “Монгол кино” үйлдвэрийн бүх бүтээлд цай, цайтай холбоотой ямар нэг дүрслэл, хэллэг багтсан байдгийг азаарахгүй өнгөрөх аргагүй. Бид цайсаг ард түмэн билээ.
Цай: Их Монгол улс
Их Монгол улсын түүхийг өгүүлсэн “Монголын нууц товчоо”-д “цай” гэх үг огт дурдагдахгүй. Мөн Монголын эзэнт гүрэнд 1253-1255 онд суусан Гийом де Рубрук Францын хаанд өгсөн илтгэлдээ монголчууд зундаа айраг, өвөлдөө хярам уудаг тухай бичсэн нь бий. Харин судлаач Бүрэнтөгс “Монгол идээн товчоо” бүтээлдээ Монголын хаад “цай” хандалж уудаг байсан бөгөөд “цай хулгайлсан цэрэг алах ял шийтгүүлдэг байсан” гэжээ. Энэ “цай” Монгол газрын ургамал байх магадтай, үүнийг Б.Ринчений 1972 онд бичсэн монгол хүмүүсийн хэрэглэж ирсэн нутаг нутгийн арав орчим төрлийн ургамлын тухай өгүүлэл баталдаг.
Цай: Худалдагч ба худалдан авагч
Хубилай хааны үүсгэсэн Юань гүрний (1271-1368) орлогын том эх үүсвэрийн нэг нь цай. Гэхдээ өнөөгийн Монголын газар нутагт зарагдаж байсан баримт үгүй. Харин Төвөдийг дайран Торгоны замаар арилжаалагдаж байлаа. Юань гүрнийг мөхөөн өндийсөн Мин улс (1368-1644) талын монголчуудын хэрэгцээгээ хангах довтолгооноос сэргийлж хил залгаа нутагтаа бага хэмжээгээр арилжаа хийх болжээ. Хойд зүгийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахад Мин улсад адуу чухал учраас 1571 онд Хаалган хотод адууны зах нээсэн. Дөрвөн өдөр тутамд монгол адуу арилжаалдаг тус зах дээр цайны худалдааг хянадаг Мингийн засаг цай зарахыг зөвшөөрөөгүй гэж Д.Гонгор нарын дотоод, гадаадын судлаачид тэмдэглэжээ.
Цай: Шашин дагаж ирсэн соёл
Төвөдийн шашинтай холбоо тогтоож, улстөрийн нөлөөгөө шашны нэр хүндээр тэтгэн Их Монгол улсаа сэргээхээр оролдсон Түмэдийн Алтан ханы үеэс монголчууд өдөр тутам цай хэрэглэх болов. Төвөдийн шашны хийдэд лам нарт өргөн барьдаг, төвөдөөр “манз” хэмээх цайг бид сүсэг бишрэлтэйгээ хамтатган “идээний дээж” гэж өргөмжлөх ерөөлтэй байлаа. Алтан хан (1507-1582) Минтэй худалдаа арилжаа хийх гэж удаа дараа хил орчмоор нь довтолж, тонуул дээрэм хийсний хүчинд 1577 онд III Далай ламаар зуучлуулан Хаалганд наймаа эхлүүлсний дотор цай багтжээ. Үүнээс хойш хэд хэдэн газар боомт нээгдсэн ч Мингийн засаг цайны худалдааг хянаж, хязгаарлаж иржээ. XVII зууны дунд хэрд бичигдсэн Лувсанданзангийн “Алтан товч”-д “Сайн хатан (Мандухай цэцэн (1448-1526)) ахын үгийг зөвшөөрч Сатай доголангийн үгийг буруу гэж халуун цай тэргүүн уруу нь асгав” гэж гардаг. Ямартаа ч бид XVI зуунд цайлаад зогсохгүй, хилэгнэвэл цайгаа цацчихдаг байжээ.
Цай: Эдийн засаг
Монгол Манж Чингийн эрхшээлд орсноор хятад худалдаачид талын нүүдэлчид чамгүй зах зээл гэдгийг олж харан худалдаа арилжаа хийж эхлэв. Торго бөс, гурил будаанаас гадна цай Монголд эрэлттэй барааны нэг байлаа. Харин Хаант Орос, Манж Чин улсууд 1728 онд Буурын гэрээгээр худалдаагаа нэмэгдүүлэхэд Монголын нутгаар тээвэрлэдэг гол бараа нь цай болжээ. Үүнээс хойш монголчууд цайг уухаас гадна төлбөр тооцооны нэгж болгон ашиглалаа. Мөн монгол эрчүүд төлбөрийн хэрэгсэл цайгаа тэмээн жингээр зөөж орлогын цоо шинэ эх үүсвэртэй золгожээ. 1925 оныг хүртэл тасраагүй “Цайны зам”-аар жин тээдэг монголчууд 1880-аад оны үед ажлынхаа хөлсөнд хоёр сая шахам рубль авсан гэж Оросын судлаач Н.Пржевальский тэмдэглэсэн байдаг.
Цай: Муу гэхдээ хонжвортой
Зөвлөлтүүд 1929 онд Монголд байсан гадаадын пүүс компаниудыг эгнэгт хөөн гаргаснаар монголчуудын өдөр тутмын гол хэрэглээ болсон цайг хангах асуудал босож иржээ. Ингээд Гүржид тариалдаг цайны ургамлын голцуу иш, шилбийг монголчуудад дасал болчихсон хэлбэрт оруулан хятад маягаар шахаж нийлүүлэв. Сайн чанарын хятад цайнд идээшсэн ард түмэн алх, хадууртай цайны ургамлын хаягдал гэмээр зүйлийг авах дурамчхан байсан тул цайн дотор алтан бөгж, ээмэг хийх зэргээр маркетингийн арга ашиглаж “дугуй булант”-д биднийг дасгасан юм. Өдгөө түүнийг зарим компани “найман гишүүн төгөлдөр” хэмээн магтаж буй.
Цай: Монгол эзэгтэй
“Өдөр юунаас эхэлдэг вэ өглөө цай чанахаас уу” гэж хүүхдийн дуунд өгүүлдэг. Монгол айлын өглөөний нам гүмийг эзэгтэйн цайгаа самрах чимээ эвддэг. Эзэгтэй цайны дээжийг ажил үйлсийн бүтэмж зэрэг хүслээ шивнэн хангай дэлхийдээ өргөнө. Машин олширсон хот газар хэл ам татлах болсон энэ зан үйлийн дараа эзэгтэй өрхийн тэргүүнд цайгаа барина. Нөхөр нь аян замд яваад эзгүй бол аяганд нь цай дүүргэдэг нь мөн сайн сайхны ерөөлтэй. Түүнчлэн эзэгтэй гэрт байгаа хүмүүсийн хэнээс эхэлж өглөөний цай барих нь ч эрэмбэтэй. Энэ зан үйлээр монгол эзэгтэй үр хүүхэд, өрх гэрийнхээ сайн сайханд санаа тавьж тэнгэр бурхантай харьцаад зогсохгүй бүгдийг нь хооллож ундалдаг чухал хүн гэдгээ хялбархнаа харуулдаг. Мөн монгол эзэгтэй үндэстнийхээ зан заншлыг тээгч гэдгийг ч нотолдог юм.
Цай: Нутгийн онцлог ба ижилсэл
Монголын өргөн уудам нутаг байгалийн хэдэн бүсэд хуваагддаг тул цай чанах арга нь өөр өөр. Нутгийн баруун хэсгээр давстай, зүүн талынхан давсгүй цай голчлон хэрэглэнэ. Энэ нь тухайн нутгийн усанд агуулагдах натри буюу хужрын хэмжээнээс хамаарсан ялгаа юм. Монголчууд цайг чанаж хандарсан хойно нь сүү нэмж буцалгадаг. Үүнийгээ сүлэх гэнэ. Харин цайнд арвайн гурил, хуурсан шар будаа, өрөм тос, хонины сүүл, борц нэмж хийхээ хийцлэх гэдэг. Цайны хийц гэж тусдаа ойлголт бий. Түүнээс гадна сүүтэй цайнд банш нэмж “банштай цай” гэх монгол хүн бүрийн дуртай хоолыг бэлтгэдэг. Ерөөс монголчуудын цай “хийц”-тэй тул хоолыг орлож иржээ. Тиймээс бид өдрийн хоолны цагийг “цайны”, гуанзыг “цайны газар” гэхчилэн ярьж хэвшжээ. Хаа газар хар цайг амжиргааны түвшинтэй нь шууд холбон ойлгоно.
Цай: Анагаагч
Монголчуудын дунд “цай холдох” гэж яриа бий. Энэ нь өлсөж цангах гэхээсээ илүү “тамир тэнхээ дорджээ” гэсэн утгатай. Бид цайг гарын дорх анагаагч гэж үзэж иржээ. Монгол хүн цайны тамир сэлбэх үйлчилгээнээс илүү бэлгэдэл талыг нь дээдэлдэг. Тиймээс долоон банштай цайны эмчилгээнд итгэдэг, заримдаа “эдгэдэг”. Мэдээж ганц удаа уухгүй, 13 өдөр дараалан хүртвэл сая өвчин илааршдаг гэж үзнэ. Мөн үе мөч, зөөлөн эдийн гэмтэлд цайг давстай өтгөн чанаад шаарыг нь тавьж боодог энгийн эмчилгээг бүгд мэднэ. Бидний хувьд цай умднаас гадна эмчилгээний үүрэгтэй билээ.
Цай: Зочлох ёс
Монголчууд зочин гийчнээ хүндлэн барьдаг хамгийн нандин идээ бол мэдээж цай. Зочин ч цай уудалж байхтай таарвал аз хийморь, амны хишигтэй яваагаа бэлгэшээж:
Буцалсан цай чинь бурам болог
Буусан танайх баян болог гэхчилэн ерөөл хэлдэг уламжлалтай. Зочиндоо зориулж цай чанах нь ихэд хүндэлж буй хэрэг. Гэхдээ эзэгтэй эзгүй, охин хүүхэд гэрт үгүй аваас өрхийн тэргүүн зочиндоо цай чанаж өгдөггүй. Оронд нь айраг цагаа, архи сөгнөхөө зүй ёсныд тооцох ба зочин аргагүй шалтгааныг нь ч ойлгоно. Харин эзэгтэйн бийд гэрийн эзэн зочноо шинэ цай амсахаас нь нааш архи дарс сөгнөдөггүй. Зочин хэдий яарч явсан ч чанаж буй цайг хүлээж суугаад заавал амсаж гарах учиртай бөгөөд “яаравч явдал дундаа уудаггүй” гэдэг үгтэй. Ерөөс гал дээр тавьсан цайнаас уухгүй мордвол аян зам нь бүтэмжгүй болно гэж цээрлэдэг. Айлын эзэгтэй зочиндоо шинэ цай эс чанаж өгвөөс “цай ч үгүй, царай ч үгүй”, “аяганы амсар зуулгасангүй” гэх зэрэг муухан үнэлгээтэй хоцорно.
Цай: Монгол эзэгтэй
Монгол эзэгтэйн зайлшгүй эзэмших ёстой чадварын нэг нь цай чанах. Цай хэрхэн чанахыг ээжээсээ сурна. Ээж охиндоо зөвхөн цай чанах арга, технологи заагаад байгаа хэрэг бус цайгаар дамжуулж өрх гэрийн дотор эзэгтэй хүн ямар байр суурь эзлэх ёстойг ойлгуулдаг уламжлалт нарийн ухаан юм. Үүнийг зөвхөн тогоо барих мэтээр ойлговол алдас болно. Цайтай хамт монгол эзэгтэй өрх гэрийнхээ нүүр царайг авч явах үүрэг ногддог. “Сайхан цайтай айл” гэдэг үг өрхийн тэргүүнд өгсөн үнэлгээ бус эзэгтэйд хамаатай. Эзэгтэйн эзгүйд монгол эрчүүд “гал алдах” нь элбэг. Эхнэр нь “тогоогоо өвөртлөөд яваагүй” ч царай алдах энүүхэнд.
Цай: Шилжсэн утга
Монголчууд бага хэмжээний дайллагаа “цайллага” гэдэг. Дайллагын ширээн дээр цайнаас гадна төрөл бүрийн идээ, шүүс байх боловч идээний дээж цайгаар ийнхүү нэрийддэг юм. Гэхдээ монгол хүнд цай цайны дотроос “ээжийн чанасан цай” хамгийн эрхэм дээдбилээ. Цайг монголчууд ээж, эзэгтэй, эхнэртэй холбож ойлгодог. Тиймээс эхнэр аваагүй эрчүүдээ “Цайны хүнтэй болооч” гэнэ. Эсбөгөөс нэрэлхүү эрчүүд эхнэр минь болооч гэхийг “Цайны хүн минь болооч” ч гэдэг. Монголчуудад цай, эмэгтэй хүн хоёр салшгүй нэг ойлголт юм. Ялангуяа эрчүүд ингэж ойлгодог учраас “Ханийн тэнгэр” хэмээх дуу “Цайныхаа дээжийг таньдаа барья даа” гэж эхэлдэг.
Цай: Бусад хэрэглээ
Монголчууд цайг буцалгаж уудгаараа бусад үндэстнээс ялгардаг гэдгийг эхэнд дурдсан. Буцалгаж болгосон ч ариутгалын бодисын оронд хэрэглэдэг. Шинэ төрсөн хүүхдийг угаах ёслол энд багтана. Түүнээс гадна бүр болголгүй ч хэрэглэж чаддаг цорын ганц ард түмэн байж мэдэх юм. Бие биедээ цай бэлэглэх тухай энд яриагүй. Бэр гуйхдаа бид цай хадаг барьдаг. Үүнийг нэг талаас нь харвал айлын охин хүүхдээр бартер хийж буй мэт боловч идээний дээд гэдэг утгаар нь барьж буй хэрэг. Зарим нутагт айлаас нохойн гөлөг авахдаа цай өгдөг ёс бий. Үүнийг монголчууд нохойг гэр бүлийн гишүүн гэж үздгээр тайлбарлана. Мөн талийгаачийг хөдөөлүүлэхдээ ч цай дэрлүүлнэ. Байшин барилгын суурь тавихдаа ч цай хийдэг нь авсан газрынхаа төлөөсөнд өгч буй агуулгатай. Түүнчлэн ариун дагшин газар оронд цайгаар өргөл болгодог.
Цай: Цээр
Цайг дээдэлдэг монголчуудад цайтай холбоотой цээр олон бий. Чанасан цайнхаа шаарыг бусад хогтой хамт хаядаггүй. Хадгалж цуглуулаад жинтүү хийнэ эсвэл галынхаа бурханд өргөдөг. Аягалж өгсөн цайнаас шавхруу үлдээдэггүй. Ялангуяа өглөө цайгаа бүгдийг уувал тэр өдрийн ажил бүтнэ гэж үздэг. Зочин хүн айлын эзэгтэйн аялгалж өгсөн цайг ч мөн тийм бэлгэдлээр дуустал уудаг номтой. Цай болон цайны хэрэгслийг эмэгтэйчүүдтэй холбож үздгээс үүдсэн сонирхолтой ёс ч ахуй. Эмэгтэй хүн 49 хүртлээ нөхөрт гаралгүй төрхөмдөө суувал “Домботой суулгах” буюу “Домбо тэврүүлэх” заншил зарим нутагт байдаг. Үүгээрээ тухайн эмэгтэйд бэлгийн болоод эдийн засгийн бүрэн эрх чөлөө олгож буй хэрэг юм.
Цай: Хошигнол
Д.Сүхбаатарын хэлээгүй үгсийг нь хэлсэн мэтээр ном зохиолд бичиж, лоозон болгох явдал ерээд оноос өмнө элбэг байлаа. Монголчуудын ихэнх нь тэр бүхэнд итгэж ирсэн. Ялангуяа “Өглөө”, “Тэмцэл” зэрэг уран сайхын киноны Сүхбаатарын дүр хэлсэн үгсийг түүхэн хүнтэй хамаатуулж ойлгодог. Үүнийг анзаарсан егөөтэй нөхөр Д.Сүхбаатарын гарцаагүй хэлсэн цорын ганц үнэн өгүүлбэрийг гаргаж ирсэн нь цайтай холбоотой. Жанжин Д.Сүхбаатар өглөө сэрээд “Янжмаа цайгаа чана аа хө” хэмээсэн гэдэг. Жанжин ч бай, жагсаалын цэрэг ч бай монгол эр хүн л энэ өгүүлбэрийг хэлсэн нь, хэлэх нь гарцаагүй билээ. Бид цайсаг ард түмээн.
Зочин
Хатантөмөр
Онч
face
Зочин
Зочин
onom
Лорд
Зочин
zamchin
zamchin
Зочин
Зочин
зочин
лхагва
лхагва
Зочин
янзтай хө
Гана
Зочин
Зочин