НЭГ НАМЫН ТОГТОЛЦООНООС БОЛГООМЖИЛ "Дарангуйлал" номын хэсгээс
ХХ ЗУУНЫ ХОРИН ЗУРГАМЖ: Улс орныг үндсээр нь өөрчилж, өрсөлдөгчдөө нухчин дарсан намууд анхнаасаа хүчирхэг байдаггүй. Тэд түүхэн цаг мөчийг далимдуулан өрсөлдөгчдийнхөө улс төрийн амьдралыг тэвчихийн аргагүй болгодог. Иймээс олон намын тогтолцоог дэмжиж, ардчилсан сонгуулийн дүрэм журмыг хамгаал. Боломжтой байгаа дээрээ орон нутгийн болон, улсын сонгуулиа өг. Төрийн албан тушаалд өрсөлдөх талаар бод.
НЭГ НАМЫН ТОГТОЛЦООНООС БОЛГООМЖИЛ
Эрх чөлөөний төлөөс бол мөнхийн сонор сэрэмж юм” гэж Томас Жэффэрсон хэзээ ч хэлээгүй байж магадгүй, гэхдээ тэр үеийн бусад америкчууд яах аргагүй ингэж хэлсэн билээ. Харин өнөөдөр энэ үгийн талаар бодоод үзвэл бид зүй ёсны сонор сэрэмжээ гадагшаа, ташаа үзэл санаа, дайсагнасан бусдын эсрэг хандуулсан байдалтай байна. Бид өөрсдийгөө дов толгой дээрх нэгэн хот, ардчиллын цайз бэхлэлт хэмээн үзэж, гаднаас ирэх аюулаас сэргийлдэг. Гэвч энэ үгийн утга шал өөр буюу эрх чөлөөг нь ашиглан ардчиллыг төгсгөл болгож мэдэх америкчуудаас Америкийн ардчиллыг хамгаалах ёстой ажээ. “Эрх чөлөөний төлөөс бол мөнхийн сонор сэрэмж юм” хэмээн үнэндээ Америкийн боолчлолын эсрэг тэмцэгч Вэндэл Филипс хэлжээ. Тэрээр мөн “ардын эрх чөлөөний цэцэрлэгийг өдөр бүр арчилж байх хэрэгтэй, эс бөгөөс шарилж ургана” гэж нэмж хэлсэн юм.
Орчин үеийн Европын ардчиллын түүх энэ үгс хэчнээн үнэн болохыг баталж байна. XX зуунд эрх чөлөөг түгээн дэлгэрүүлж, бат бөх ардчиллыг байгуулах чин хүсэл эрмэлзэл их байжээ. Гэвч Дэлхийн I дайн (мөн II дайн)-ы дараагаар бий болсон ардчилсан улс орнууд нэг нам сонгууль, төрийн эргэлт хоёрыг хослуулах маягтайгаар эрх мэдлийг гартаа авах үед ихэвчлэн сүйрчээ. Сонгуулийн таатай үр дүнд зоригшсон эсвэл үзэл санаагаар идэвхэжсэн, эсвэл энэ хоёрын хоёулангийнх нь нөлөөнд автсан нэг нам тогтолцоог дотроос нь өөрчлөх магадлалтай байдаг. 1930, 40-өөд оны сонгуульд фашист, нацист, коммунистууд сайн оролцсоныхоо дараагаар яасан бэ гэвэл жүжиг, хэлмэгдүүлэлт, салами тактик (далдуур баг багаар хэмлэх, хуваах тактик - Орч.) зэргийг ямар нэгэн байдлаар хослуулан эсрэг талаа нэг нэгээр нь буулган авчээ. Энэ үед ихэнх хүмүүс сатаарсан, зарим нь шоронд хоригдсон, харин бусад нь будилсан байлаа.
Дэвид Лоджийн нэгэн романы баатар хэлэхдээ “Хүн хэзээ хамгийн сүүлийн удаа хурьцаж байгаагаа мэдэхгүй, ингэж л хүн эцсийн удаа хурьцал үйлддэг юм даа” гэжээ. Сонгууль өгөх нь яг үүнтэй ижил. 1932 онд Нацист Намын төлөө санал өгсөн зарим германчууд энэ нь хамгийн сүүлийн утга учиртай чөлөөт сонгууль байж магадгүй гэж бодсон байх, гэвч олонх нь тэгж ойлгоогүй. 1946 онд Чехословакийн Коммунист намын төлөө саналаа өгсөн зарим чех, словакууд магадгүй өөрсдийгөө ардчиллын төгсгөлийн төлөө саналаа өгч байна гэдгийг ухаарч байсан байх, гэвч ихэнх нь өөрсдөд нь ахиад нэг боломж гарна гэж таамаглажээ. 1990 онд сонгууль өгсөн оросууд энэ нь эх орных нь түүхэн дэх хамгийн сүүлийн чөлөөт, шударга сонгууль байх болно гэж бодоогүй нь эргэлзээгүй, гэвч (одоогоор) тийм л байжээ. Ямар ч сонгууль сүүлийнх байж болно, эсвэл тухайн сонгууль өгч буй хүний амьдралын хувьд эцсийнх байж болох шүү дээ. Нацистууд 1945 онд дэлхийн дайнд ялагдах хүртлээ, Чехословакийн коммунистууд 1989 онд тогтолцоо нь задран унах хүртэл засгийн эрх барьсан юм. Харин 1990 оны сонгуулийн дараагаар бий болсон Оросын олигархи үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр, бусад орон дахь ардчиллыг устгах зорилготой гадаад бодлогоо хэрэгжүүлсээр л байна.
Дарангуйллын түүх Америкийн Нэгдсэн Улсад хамаатай юу? “Мөнхийн сонор сэрэмж”-ийн талаар ярьсан эхэн үеийн Америкчууд хамаатай гэж бодсон нь лавтай. Тэдний боловсруулсан тогтолцооны зорилго нь бидний төсөөллийн төгс төгөлдрийг алдаршуулах биш харин бидний бодит төгс бус байдлын үр дагаврыг бууруулах байсан юм. Эртний герегчүүдийн адилаар бид ч гэсэн олигархийн асуудалтай гарцаагүй нүүр тулаад байна. Дээр нь даяаршил нь баян ядуугийн ялгааг ихэсгэсэн тул олигархи өмнөхөөсөө илүү аюултай болжээ. Улс төрийн кампанит ажилд мөнгө хандивлах нь үг хэлэх эрх чөлөөгөө эдлэхтэй адил юм гэсэн этгээд америк санаа бол баян байх тусмаа илүү их үгээ хэлнэ, үр дүнд нь тэдний санал нь бусад иргэдийнхээс хамаагүй илүү хүчтэй гэсэн утгатай. Бид эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилсан гэж итгэдэг, гэвч хоёр намын хамгийн нэр муутай нөхөд холбооны түвшинд эрх мэдлийн хөшүүрэг бүрийг удирдсан, засаг захиргааны ихэнхийг эзэлсэн өнөөгийнх шиг нөхцөл байдалтай бид ховорхон тулгарч байсан билээ. Ийм удирдлагыг хэрэгжүүлдэг нам нийгэмд нийтэд нь нөлөөлөх бодлого цөөн гаргадаг, ерөнхийдөө явцгүй бодлого олон гаргадаг. Ингэснээр тэд нэг бол ардчиллаас айсан эсвэл ардчиллыг сулруулах зүйл хийж байгаа юм.
Америкийн дээхэн үеийн нэгэн зүйр цэцэн үгэнд “жил бүрийн сонгууль дуусах үед дарангуйлал эхэлдэг” гэжээ. Оросууд 1990 оны сонгуулиа, чехүүд 1946 оны сонгуулиа, германчууд 1932 оны сонгуулиа ухамсарласан шиг бид 2016 оны сонгуулиа эргэж харах болов уу? Энэ нь одоохондоо, биднээс шалтгаалж байна. Ийм бусармаг тойргийн хуваарилалттай сонгуулийн системийг засахын тулд их зүйл хийх хэрэгтэй, тэгж байж иргэн бүр нэг саналын эрхтэй болно, ингэж байж санал бүрийг энгийн иргэн төвөггүй тоолж чаддаг болно. Бидэнд цаасан саналын хуудас хэрэгтэй, учир нь цаасан саналын хуудсыг алсаас өөрчлөх аргагүй, мөн хэзээ ч дахин тоолж болно. Ийм төрлийн ажлыг орон нутаг, нийт улсын хэмжээнд хийх боломжтой. Хэрвээ 2018 оны сонгууль болох юм бол америк уламжлалын шалгуур байх болно гэдэгт итгэлтэй байж болно. Харин энэ хооронд хийх зүйл мөн чиг их байна даа.