Бүр ходоодныхоо мухраас соруулж, шавхаж олсон хараал, гашуун нясуун үгүүдээрээ галлаж хэзээ ч, бүр хэззззээ чччч бууж өхгүй хэмээн чулуу шиг шазайн үзэж тарах хүмүүс бол фэйсбүүк ба твитэрт хэрэлдэгч бид, мөн үүнийг уншигч та бөлгөө :)..

(Доор гарах хүмүүсээс гадна хэрэлддэгүй, хэрүүлийг хөндлөнгөөс ажаад өнгөрдөг хүмүүс зөндөө бийг хэлүүлэх юун)

Хэрүүлийн алим

Б-г гудамжаар зүгээр явж байхад нь огт танихгүй А гарч ирээд алчихсан бол үүн дээр маргаан үүсч гавихгүй. Б-гийн л хохь шдээ гэсхийж зөрмөр аядаад, ерөнхийдөө А-г дуу нэгтэй хараагаад л өнгөрнө. Гэхдээ Элбэгдорж, 76 эднүүсийг хавчуулахаа юу гэж  мартахав.

Харин эх орноо үнэн зүрхнээсээ хайрлаж яваад гэмт хэрэг хийгч, эсвэл хайртайгаа нотлох гээд өндөр байшингаас нисэгч, компанидаа тус хүргэх гээд бүрэн дампууруулж хаясэн этгээд, гадаадад биеэ үнэлж байгаад хохирсон бүсгүй... гэх мэт аль ч талаасаа мөлжүүртэй хэрэг явдлууд хэрэлдэгчдийг жинкэнээс нь  талцуулж, хөлсийг нь гаргаж, биеийг нь тавируулна даа. Интернэт хэрүүлчид яг л философийн клубын багш нар, эсвэл тангаргтны шүүгчид шиг хайр, урвалт, наймаалцалтын учрыг олж, хөдөлшгүй үнэнийг нь тогтоох гээд нойр хоолоо хасан алалдаж гарна.

Гэвч хэрүүлийн хамгийн том сэдэв нь

Насны мөлжүүртэй байлаа ч дээрх хэрэг явдлууд бол юу ч биш. Жинхэнэ том хэрүүлийн сэдэв бол том л байдаг юм. Уранаа олборлох хэрэгтэй эсвэл хэрэггүй, Баярцогт хятад хүн мөн эсвэл биш, монгол хэл мөхлөө, 76-г хэзээ буудахав, Л.Түдэв, Бавуугийн Лхагвасүрэн хоёр бол монголын сүүлчийн ухаантай хүмүүс, Мөнхбаяр гэмт хэрэгтэн үү эсвэл үндэсний баатар уу, Сүхбаатар цэргийн хүн үү, эсвэл жинхэнэ улстөрч үү гэх мэт.  

Талбар


Фэйсбүүк бол хэн ч хашгирч болох нэг том заал. Учир нь хэрүүлийн алим болсон пост тавьсан газраа байж л байдаг, мөн доор нь лайк юмуу коммэнт нэмэгдэхээр дээшилж ирээд харагддаг учраас хүмүүс удаан хэрэлдэх боломж олгоод байгаа юм.

Харин твитэр бол яг хэрүүлдээ төдийлөн олныг хамарч чадахгүй. Үзэгчид бол харин чөлөөтэй. Гэхдээ санаандгүй таарах юмуу, зорьж үзэхгүй л бол ямар ч сайхан хэрүүл байсан  нүдэнд харагдахгүй алга болчихдог. Хайран юмнаас хоцорно шүү дээ.

Хэрэглэгчийн (хэрэлдэгчийн) хувьд хүмүүс янз янзаар ярьцгаадаг. Фэйсбүүкийн илүү гэнэн бацаанууд олонтой, твитэрийнхэн бол лаг шүү ч гэх шиг. Ямар ч байсан фб-т газар аваагүй твитэрчин фб-ийг, харин твитэрд газар авахгүй байгаа фб-чин твитэрийг дэмий, тэнэг хүмүүсээр дүүрсэн газар байна гэх юм билээ.



Харин хэрүүлчид


Жишээ нь Мөнхбаярын буудсаныг нэг хэсэг нь гэмт хэрэг хийлээ гэж үзнэ. Гэтэл нөгөө хэсэг нь жинхэнэ эх орноо хамгаалсан халуун зүрхт эх оронч гэж батална. Ингээд өөр өөрийн бодлоо хамгаалах гээд үзэж тарна. Хоёр дахь үгийн солиогоос эхлээд хараал хавчуулна. Даамжрахаараа харин хараалынхаа завсар ганц нэг үг хавчуулж байгаа харагддаг.

Гэхдээ зөвхөн хараалаар нэгнийгээ утаад суудаг гэвэл хэрэлдэгчдийг доош нь хийсэн хэрэг болно. Тэд эсрэг талаа хүнийх нь хувьд IQ нь дөнгөж 20 юмуу 30-тай болохыг батлах олон гашуун өгүүлбэр хэлж чаддаг. Нөгөө тал ч мөчөөгөө өгөхгүй эсрэг талаа төрөлхийн төмсний чинээ тархитай төрснийг нясуун үгнүүдээр хөнгөхөн нотолж орхино. Хэрэлдэхэд нэгэндээ даанч тэнцэхгүй хоёр тал л ийнхүү үзэлцээд байгаа юм. Нэгийгээ, асуудал чухал учраас л яриад болохоос бол үнэндээ тоож үг хэлэлцэхийн аргагүй мал болохыг нь зүйл бүрээр нотолно.

Мөн эсрэг талаа зөвшөөрөх, бууж өгөх гэдэг бол үзэшгүй муухай доромжлол. Тэгснээс интернэт экаунтаа хаагаад ахин өөр нэрээр нээсэн нь дээр.

Аа харин хэрэлдэгч талууд боловсрол, мэдлэг ойролцоо хүнээ сонгож үзэлцдэг нь бол яах аргагүй үнэн. Дээд сургууль төгссөн, тэрхүү сэдвээрээ овоо их юм уншсан, тогтсон үзэл бодолтой нэгэн байхад, сэдвийг өнгөц сонсоод л өөрийн бодолтой болчихсон, төсөөлөлдөө итгэчихсэн гэнэн хүмүүс олонхи нь байдаг.  Асуудлыг ултай тавих нэг нь байхад, ул ч гүй бүр үдээс ч гүй нөгөө нь байх.

Тэрчлэн зорилтот хэрүүлчид бийг үгүйсгэхгүй. Хэрүүлчид эсрэг талаа “худалдагсан” гэж дүгнэх нь заримдаа байгаа онодог биз. Улстөр, биенесийн бүлэглэлтэй ямар нэг хамтын ажиллагаатай хэрүүлчид байж болно шүү дээ. Эсвэл зүгээр сэтгэлээ өгсөн талууд. Жишээ нь цагдаагийн тухай хэрүүл дэгдлээ гэхэд цагдаагийн хүүхэд, цагдаад зодуулсан хүний хүүхэд хоёр эвлэрэх үү?

Бас үнэхээр саруулаар сэтгэж, учрыг нь мөшгиж байгаа цөөн “хэрүүлчид” бий байх. Гэхдээ тэд мэргэжлийн хэрүүлчид, ухвар мөчидөөр дүгнэгчид, сэтгэлийн хөдөлгөөнд авдагч хоёр талын дунд уусч, дуу хоолой нь сонсдохгүй байх тавилантай. Өөрөөр хэлбэл сэдэв чепуха, үгийн баялаг л важно.

Ардаа заавал нэг эрх ашигтай байдаг нь томоохон хэрүүлчдийн нэг шинж. Ялангуяа твитэрт. Ажлаас халагдсаны, бизнесийн талбарт дийлдсэний, эсвэл ерөөсөө өөр шиг нь мундаг толгойг хэн ч тоохгүй байгаагийн төлөө хэрүүлч-дайчин болсон нөхөд захаас аван бий.

Ер нь л интернэтийн хэрүүл гэдэг өөрийгөө асар их хүндэлдэг хүмүүсийн л ажил даа.

Хэрүүлийн хэсэг бусаг янз

Яг хэрэлдэж байтал асуудал өөрөө утгаа алдах нь бий. Жишээ нь архины хууль гээ л залуус нь гайхширч, хэрэгжүүлэгчид нь догширч байх үед санаачлагч нь өөрөө архи үйлдвэрлэгч болж таарсан. Эрдэнэчимэг гишүүнд итгэж байсан хэдэн хүн итгэх хүнгүй болж цөхрөнгөө барахын хажуугаар хэрэлдэх нь ч утга учиргүй болж нэг л хоосроод явчих шиг, хоосон чанар гэж энэ ч юм уу хаха.

Бас нэг их гэм хоргүй хэрнээ бас дундаас нь мэдээлэл авчмаар хэрүүл гэж байна. Юнивишн тасардаг, Миний дэлгүүрийн юмны хугацааг нь хараарай ч гэдэг юмуу. Скайтэлийн гурав жи хөдөөний хаана ч гозойдог, найдвартай барина гэх нэг нь байхад, тэгвэл мобигийн сүлжээ подвоолд  орсон ч унадаггүй гэх нөгөө нь гарна. Энэ мэтчилэн хэрчсэн гурил, савтай тараг гээд бүхий л юмны тухай ам хуурайгүй хэрэлдэж байна даа.      

Тактикийн хувьд

Шинэхэн интернэтчингүүдийг харахад л андашгүй. Асуудлаа яриад л, “бодоод үз л дээ,  та...” гэх мэт үг хэрэглэнэ. Тэднийг ийнхүү манарч байх хооронд хуучин интернэтчин аль хэдийнэ хүзүүг нь хугалаад, бүх ясы нь үйрүүлээд дээр нь хятадын эрлийз, төр засгаас мөнгө авсан, хүүхэн хүчиндэж, хүүхэд хулгайлсан архичин новш болгож орхино. Шинэков доголон нулимстай гарахаас өөр аргагүй болно.

Тиймээ,  туршлага үнэхээр чухал. Жишээ нь асуудал яриад мухардаад эхэлбэл хамгийн түрүүнд нөгөө талаа хүнийх нь хувьд доош хийх нь ялагдахгүй төдийгүй ялах, бүр шившиглэж хөөх боломж олгоно. Хамрынх нь балин хэлбэрээс эхлээд хятадын эрлийз хүртэл явдаг. Явцын дунд энийгээ байсгээд сэргээж батлана. Гэвч хамгийн аймар нь нэгнийхээ хөнжлийг сөхөх явдал. Бусдыг нь “ард түмэн” мартчихдаг юм.

Мөн аядуу зөөлөн ярилцах бол ялагдлын эх гэж үздэг болов уу. Тиймдээ ч  үгийн ур, ухааны царыг анхнаас нь гарган тулалдаж харагддаг.

Түүнчлэн интернэтэд аль нэг үзэл санааг дэмжигчид төрлөө олоод бүлэг клан үүсгэсэн нь ажиглагдана. Аливаа хэрүүл дэгдэнгүүд армиараа фронт үүсгэн хориглолт эсвэл давшилтад уухайлан орно.    

Яагаад хэрүүл хэзээ ч зогсохгүй вэ?


Хэрүүлчдийн нэг нь либерал, нөгөө нь радикал, гурав дахь нь үндсэрхэг, дөрөв дэх нь хуучинсаг, тавдахь нь өөр нэг үзэлтэн, зургаа дахь нь цагаан хоолтон байгаа.... Бас нэг хэсэг нь оюутнууд, нөгөө нь тэтгэвэрийнхэн, гурав дахь нь хөдөөнийхныг үзэн ядагч, үлдсэн нь солонгос стилтнийг зодохыг хүсэгч.

Маргааны сэдэв нь А хэмээх хүн байна гэж бодоё. Тэгвэл хэрэлдэгчдийг 1. А-г таньдаг буюу персональ байдлаар түүний тухай мэдээлэлтэй, 2. Зөвхөн олны танил хувиар нь л мэддэг гэж хоёр ангилна.  Үүний хоёр дахь хэсэг бол хэрүүлийг цогшуулагч, дүрэлзүүлэгчид биш зүгээр түрэгчид. Харин нэгдэх хэсгийнхэн бол жинхэнэ рыцариуд. Хоорондоо үзэж тарна. Зарим нь А-гийн тусыг хүртэж байсан буюу, тусыг хүртэж байсан хүний үр хүүхэд, ах дүү нь, эсвэл зүгээр хүндэлж явдаг фэнүүд байна. Нөгөө зарим нь А-д хулхидуулж, хөөгдөж, араараа тавиулсан, эсвэл дийлэхгүйдээ хорсож явдаг нөхөд буюу тэдний үр сад, найз нөхөд байна. Ингээд л а)А бол сайн хүн, b) үгүй А бол адгийн новш гэсэн эвлэршгүй талуудын алаан болно.

Яг л үүний адил, нэг сэдэв дээр үндсэрхэг ба хэнэггүй сэтгэлгээт хоёр нөхөр эвлэрч дуусахаа хэзээ ч үзэхгүй. Нэгнээ ухааруулж, өөрийнхөө үзэлд нэгтгэхээс нааш санаа нь амрахгүй юм чинь. Ингээд л “яагаад ч засал авахгүй хоёр мал” бий болж байгаа юм. Интернэт орчин чинь малаар дүүрээн.... гэж сайхан дуу ч байдаг билүү.

Энэ их хэрүүл маргаан нэг дүгнэлтэд хүрч дуусна гэж хэзээ ч байхгүй. Өнгөрсөн цагт очих шиг л ямар ч боломжгүй. Гарсан хэрүүл намжихгүй нэлээн удна. Намжсан ч гэсэн хэдэн өдөртөө хэрүүлийн тогоо “халуунаа” барьсаар л байна.
        
Төгсгөлийн “хэрүүл” :)

Өө нээрээ тийм юм байна шд гэж нэг их ухаараа л тэр чигээрээ манантаад алга болдог нэг хэсэг интернэтчид байна. Гэх мэтээр хэрүүлчид маань амьтны хүрээлэн шиг олон янз байх шиг харагддаг. Асуудлын голыг нь өөрөө мэдээд байгаа хэрнээ мэдээгүй царайлан худлаа бурагчидаас эхлээд өөр үзэл бодол байж болно гэдэгт үнэмшдэггүй нэг хэсэг  ч байна. Эд бүгдээрээ, та бид хоёр ч ороод бид Монголын ялгуусан хэрүүлчдийг бүрдүүлдэг өнгөт шигтгээнүүд юм.

Хэрүүлийн учир шалтгааныг олох гэх нь өөрөө хэрүүл. Дүгнэх нь хэрүүл. Ерөөсөө үүнийг бичих нь ч хэрүүл билээ.

Ямартаа ч  “уужуу тайван монголчууд” гэдэг үг бол шал худлаа юм гэдгийг л батлаад байгаа. Эсвэл дан хятадууд хэрэлдээд байдаг байж болохым :).

Энэ бүхэн хэзээ ч дуусахгүй, дэлхий сүйрч гэмээнэ л хамт төгсөх учиртай.