Түүний хүүхэд нас...Оюутан айлд анхны үр нь болж мэндэлснээр энд бичигдэх эрхмийн сонирхолтой ч ээдрээтэй гэмээр ийм нэгэн түүх эхэлсэн юм. Эцэг, эх нь тухайн үеийн залуухан сэхээтнүүд байв. Тэд бяцхан охиндоо юу юунаас илүү даруу төлөв зан чанар хийгээд эрдэм боловсролыг эрхэмлэж явахыг үргэлж чанд захиж сургадаг байв. Энэ л сургаалийн дагуу хожим хүний нутагт өөрөө өөрийгөө хүмүүжүүлж түмний дунд толины тусгал мэт тод харагдан явсаар Монгол төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшин өрсөлдөж, ялж, сонгогдсоны дараа нийт ард түмний хараанд ил болсон юм.
Явсан суусан, ажилласан, цалинжсан газрууддаа өгөөжгүй, гай ч үгүй, гавьяа ч үгүй хүмүүс байдаг даа. Энд өгүүлж буй хүний хувьд тийм байсангүй. Алдаа байвал засаж залруулах, алс хүний нутагт сурсан зүйлээ ажиллаж байгаа газартаа нутагшуулах гэж оролддог, хийдэг, бас үүнийхээ төлөө эрсдэлтэй ч нүүр тулчихна. Хүн л юм болохоор үргэлж “урсгал ус шиг ундарна”  гэж юу байхав, үзэл бодлоо хамгаалж хатуу чанд зогсох үе байна. Тэр тууштай байдлынхаа төлөө “ад үзэгдэх зориг”-ийг ч гаргаж байж “Өнөөдрийн Ундрамыг бүтээж” зорьсондоо хүрсэн нь энэ.

Түүний гоёл нь чинээлэг айлын охидынхоос их өөр. Ёстой л эрдмээр биеэ чимсэн охин байж. Амьдрал мэдэхгүй 15-хан настай жаахан охин Америк орныг, дараа нь 17-тойдоо Английг зорихдоо хувийнхаа зардлаар сурч, бусдын л адил цагийн ажил хийж амьжиргаагаа залгуулж байжээ. Хувийн зардлаар гэдэг нь мэдээж данснаасаа, хэтэвчнээсээ шууд л гаргаад өгчихсөн бэлэн мөнгө биш шүү дээ. Аав, ээж нь амьдарч байсан гурван өрөө байраа охиныхоо боловсролд хөрөнгө оруулсан хэрэг. Ийм учир шалтгаантай хөрөнгө оруулалт авсан охинд алс хол хүний нутагт сайн суралцахаас өөр сонголт байсангүй. Удалгүй тэтгэлэгт ч хамрагдах болсон нь үүрэг хариуцлагаа үнэхээр өндөр ухамсарлаж сайн хичээсний үр дүн яах аргагүй мөн.

Түүний сэтгэлээ дэлгэсэн ярианаас “Явахаас өмнө миний аав яг нүд рүү минь харж байгаад хоёр зүйлийг чухалчлан захисан юм. Хүний нутагт эрдэм сурна гэдэг амаргүй. Нэгдүгээрт ямар ч тохиолдолд эх орондоо ирж ажиллах ёстой шүү. Би гадаадад ажиллах хүч бэлдээгүй. Хоёрдугаарт “Чи гадаад хүн төрүүлэхгүй шүү” гэсэн. Монгол хүнтэй гэрлээрэй гэсэн үг. Аав минь нэлээд үндсэрхэг үзэлтэй хүн шүү дээ. Энэ хоёр зүйлийг л маш нухацтайгаар, зүүдэнд ортол захисан даа. Суралцаад ирэхдээ би очоод ямаршуу ажил хийж, хэрхэн амьдрах бол, аавынхаа захисан сургаал, итгэсэн итгэлийг дааж чадах болов уу гэдэг талаар нэлээд айдас тээсэн бодолтой ирсэн” хэмээн өгүүлсэн нь санаанаас ер гардаггүй юм. Орон байраа зараад охиноо эрдэм боловсролын урт холын аянд үдэж буй аавын хэлдэг л үг.

Ингээд 2005 оны хавар ядаргаанд ороод зүүдийчихсэн турьхан бүсгүй алсын газраас эрдэм өвөрлөөд аав ээждээ, эх орондоо ирж дээ. Аав ээж нь “нүднээс гарчихсан” охиноо амрааж сувилуулахыг хүссэн боловч байнга өөрийгөө дайчилсаар сурчихсан зөрүүд охин нь сонины зар харж байгаад “Дэлхийн зөн” гэдэг байгууллагаас гэр хороололд бичил бизнес эрхлэгчдэд хичээл заахаар шалгалт өгч тэнцээд ажлаа олчихож. Гадаадад сурч төгссөн жаахан охин гутлынхаа өсгийг элэгдэж дуустал Долоон буудал, Шар хад, Багануур, Налайхаар явж бизнес эрхлэгчдэд санхүүгээ хөтлөх маркетинг, менежмент хийх талаар сурсан мэдсэнээ зааж байв.

Хатуу хөтүү амьдралд нухлагдаж, тэр ч байтугай байнга гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд өртдөг ч үр хүүхдээ тэжээхийн тулд багахан орлого олох гэж биеэ тордон гоёж гоодох завгүй хөдөлмөрлөх эмэгтэйчүүдтэй уулзаж учирсаар, тэдэнд туслах тухай бодолд автаж “нийгмийн амьтан” гэдгээ ухаарч улам идэвхжсэн байдаг юм. Үнэхээр ч тэдний төлөө 22-хон настай жаахан бүсгүй “стресстэж”, сүүлдээ бие нь муудаж гэрийнхэн нь “эрүүл мэндээ бод” гэсээр ажлаас нь гаргах хүртэл тэр зүтгээд л байж.
Харин нөгөө олон түмний “баян” гэх тодотгол зүүгээд байгаа аав хаачсан бэ? Дуугүй л ажлаа хийгээд яваад байсан гэсэн. Гайхмаар боловч компанийнх нь нөхцөл байдал ч тэрхэн үед амаргүй байж таарч бизнесмэн аав санхүүгийн дэглэмд охиноо эрхлүүлэхээс илүү үнэнч үлдэхээр шийдсэн байгаа юм.

Төдөлгүй охин нь дахиад л сонин эргүүлж байгаад Голомт банканд нөөцийн газарт мэргэжилтнээр ажилд орсон байдаг. Энэ мэтчлэн хөврөх Ч.Ундрамын бяцхан намтар түүх түүнийг хэн бэ гэдгийн нэгээхэн хэсгийг уншигч танд тайлж өгсөн байх.
Голомт банкны ажилтан Ч. Ундрам боллоо. Нөхцөл байдал арай дээрдэж хотын төвдөө л орд харш шиг гоё шилэн байшинд банкны нөөцийн газрын ажилтан болж байгаа нь тэр. Эндээс бизнес эрхлэгчид ямар гээч хүнд нөхцөлөөр зээл авч, тэр нь олдохгүй яаж зовдог, гадаад улс оронтой бизнесийн харилцаатай компаниудын санхүүгийн бэрхшээл ямар байна гэдгийг анх мэдэрчээ. Хүний ажил, амьдралын тавилан их сонин. Хожим нь буюу 2021 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараа Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх тухай хуулийг батлалцаж явсан нь ч, эдүгээ Мөнгөний бодлогын Ажлын хэсгийг ахалдаг нь ч тодорхой хэмжээгээр эрхэлж байсан ажилтай нь холбоотой байж мэдэх юм.

Ч.Ундрамын сонголт дандаа л сонины зартай холбоотой байдаг нь хөгжилтэй, сонирхолтой төдийгүй “сонины үнэнч уншигч” байж дээ гэж итгүүлсэн. Тэр одоо ч сонин уншдаг хэвээрээ. Яагаад ч юм би сонин уншдаг хүмүүст хайртай.
Сонины зараар “MCS” группийн охин компанид өндөр цалинтай менежерээр ажиллаж эхэлсэн тэрбээр мөн л сонины зараар Японы Засгийн газрын тэтгэлэгтэй докторын хөтөлбөрийг олж хараад шалгалт өгч тэнцсэн байдаг. Ингээд удирдлагуудаасаа чөлөө хүсэхэд өөдөөс нь охин компаниа удирдуулахыг санал болгодог байгаа…

Гэвч аав ээжийнхээ сургаалиас хазайж үзээгүй Ч.Ундрам гэр бүлийн хурлын шийдвэрийг хүндэтгэж Японд доктор хамгаалаад ирсэн байдаг юм. Олсон, сурснаа олонтойгоо хуваалцах нийтэч араншинтай тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багшаар уригдаж ажиллах болжээ. Ямар нэг “арын хаалга” байсангүй, Японд докторантад сурч байхдаа тус сургуулийн захирлын урилгаар япон багштайгаа хамтдаа илтгэл тавьж байсан нь давуу тал болсон байх. Ингээд цалин багатай ч шат дарааллынх нь дагуу дэд профессор, профессор, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга хүртэл ажилласан. Ингэж ажиллахдаа сургалтын хөтөлбөрийг сайжруулах, хөгжүүлэх, яавал тэр хөтөлбөрөөр суралцсан оюутан хүссэн ажлын байрандаа тэнцэж ажиллах вэ гэдгийг бодож боловсруулж ажилладаг байсныг нь хамт олон нь ярьдаг. Үр дүнд нь ч Монголын дээд боловсролыг ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан, олон улсын жишигт нийцсэн байлгахын тулд олон хийдэл давхардлыг арилгасан, шинэчлэл хийжээ. 

Өнөөх хэсэг бүлэг профессоруудын өмчлөөд авсан хичээлүүдийг үгүй болгож, оюутнууд хичээлээ өөрсдөө сонгон суралцдаг, элсэлтийн тогтолцоо нээлттэй, ил тод болж, оюутны байр хуваарилахад хүртэл сургалтын албаны даргад саймшрах бус цахимаар хүсэлтээ гаргадаг болж танил талын хэрэгцээ, авлигын үүрийг жинхэнэ бусниулсан байдаг. Эдгээр реформоороо ч өөртөө чамгүй “дайсан” цуглуулж, эсэргүүцлийн жагсаал цуглаандаа тулсаныг та бүхэн санаж байгаа биз ээ. Чухам энэ үеэс Ч.Ундрам улс орны хэмжээнд боловсролын тогтолцоо, энэ салбар ямар байгааг алган дээрээ тавьсан мэт харж, дээд боловсролын чанарыг сайжруулъя гэвэл ЕБС-иуд, ерөөсөө бүх шатны боловсролын чанарын асуудлыг цогцоор нь авч үзэж, хууль эрх зүйн орчныг нь өөрчлөхгүйгээр хийхээр зорьсон зүйл нь гацаж, байнга “хана мөргөхөө” мэдрээд улс төрд орох ёстой юм байна гэдэг шийдвэрт хүрсэн гэдэг. Ингээд л УИХ-ын сонгуульд өрсөлдөх “цочир мэдэгдлийг” гэрийнхэндээ хийж “Хэн нэгний хараат, халаасны” улстөрч байхгүйн тулд санхүүгийн талаас нь дэмжиж ард минь баттай зогсож өгөөч гэж хайрт ааваасаа гуйжээ. Харин энэ гуйлтаас гадна бол тэрбээр зөвхөн өөртөө л итгэхээс өөр бэлэн зэлэн “лифт, кран” сэлт байсангүй. Түүнд зөвхөн “Чи өөрөө л өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ёстой” гэсэн дүрэм үйлчилж, энэ зарчмаараа л өнөөдрийг хүртэл сурч, ажиллаж, амьдарч ирсэн.

Ийнхүү Чинбатын Ундрам бүсгүй аавынхаа хараа хяналтаас ард түмний хараа хяналт руу өөрийн хүсэлтээр шилжиж УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан. Тэр өнөөдрийг хүртэл зөвхөн урдаа тавьсан зорилгоо эрхэмлэж ажилласаар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Яагаад үүнийг ийм бардам хэлж байна вэ гэхээр маш шуналтай нэгнийг буруу таньж голт зүрхнээсээ хайрласны хариуд голгүй чадуулж санаанд оромгүй муухайгаар нийтэд шившиглэгдэх өдрүүд түүнд ирсэн ч “Ундрамыг Ундрам л аварсан” юм. 

Өнөөдөр тэрхүү хар өдрүүд ард үлдсэний дараа ч хамтран зүтгэгчид нь, сонгогчид нь түүнийг яг л урьдынх шигээ халуун дулаанаар хүлээж авч чадаж байна. Энэ бол тэдэнд зориулсан итгэл, сэтгэлийн хариу юм. Тэд илгээсэн охиндоо итгэж, хийсэн ажлыг нь үнэлсэн нь энэ.

Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа тайланг сонгогчдынхоо сонорт хүргэж, мэлмийд толилуулсан, ирэх дөрвөн жилд хийх ажлаа уураг тархи, сэтгэл зүрхэндээ тээсэн УИХ-ын гишүүн Чинбатын Ундрам энэ удаад бүс нутгийн хэмжээнд асуудлыг шийдэх “Том бүс”-д шинэ бөгөөд том зорилттойгоор очиж явна.