Түүх эмгэнэлтэй бас сургамжтай. Хороохыгоо хороодог, хорон үлдэцтэй... Хүн гүрний Модун хаан эцгийгээ харваж алахад нь Түмэн Шанью “...Ээ, Ёо ёо” гээд үхсэн гэдэг. Эзэн Чингис Жамух андыгаа цус гаргалгүй цаазлахад өрөвч санааны илрэл гэж үзсэн байдаг юм. Тэмүүжин яс нэгт дүү Бэгтэрийгээ сүлбэж хаяхад “Ах аа та чинь яаж байна аа, Хэн бэ та чинь...” гэж хэлсэн байж магад, үгүй ч байж мэдэх...

Дэлхийн улс үндэстний түүх цагаанаасаа хар нь их, сайнаас муу нь, сайхнаасаа муухай нь ахиу юм уу даа гэлтэй, гэлтэй ч биш ээ! Ерөөс тийм. Тэр л түүхээрээ бид бахархсаар. Хуучинтайгаа зууралдсаар, өнгөрснөө санагалзсаар... 

...Хүн өөрөөрөө бахархаж, өөртөө итгэж, үнэ цэнээ мэдэрч амьдрах учиртайсан. Бахархлын өдөр, сар, он, жил гэсээр сүүлдээ бүр “Монгол бахархал” ч гэх шиг. Хэдий болтол сураг чимээнд итгэж үнэмшин бас тал засч амьдрах юм бэ! Чингис хааны үр удам нь хоорондоо атаархан толхилцож, эцэстээ нэгнээ хороож хөнөөсөн гашуун сургамж бий! Тэдний хатдын хорон санааны урхаг цус болон урсаж, яс болон хувхайрсан ул мөр нь бидний дээд үеийн тайлагдашгүй оньсого мэт балархай мөр болой. Чухам юуг жигшиж, юугаар нь бахархах ёстой вэ? 

Есөн эрүү шүүлтийн аймшигт тарчилгаан нь хамгийн хэцүү тамлан байсан нь гарцаагүй. Манжийн дарлалд хоёр зуугаад жил талхигдсан манай үндэстэн усталгүй үлдсэн нь тэр үеийн ухаантнуудын гавьяа. 

1911 оны 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөгөө олсон хэдий ч аравхан жилийн дараа улаан Оросын нөөлөгт хядлагад өртсөн. 

1921 оноос хойш Зөвлөлтийн колони болж эрдэм номтой, мэдлэг чадвартай, сортоотой болгоныг сорчлон түүж, улаан коммунистуудын бууны сумаар сийчүүлсэн цусны үнэр одоо ч арилаагүй... 

Хүний эрхийг түгжмэл байлгаж түүгээрээ бах таваа хангагч Зөвлөлтийн боол, тэдний гар хөл болсон Монголын коммунистуудыг яг 70 жилийн ойн дээр Монголын ардчилсан холбоо зогсоосон нь түүхэн том үйлдэл төдийгүй эрх чөлөөг эх орондоо дуулиантай авчирсан ялалт байсан юм. Тэр цагаас хойш сайн муугаараа цоллуулсаар 30 жил улиран одлоо. Улаан Оросууд Цагаан хаанаа хөөгөөд зогссонгүй дэлхийн нэгээхэн хэсгийг түйвээсэн түйтгэрт талын Монгол өртөж, түүх соёлоо зэрэмдэглүүлсэн гашуун сургамжаас сэрэмж сэхэл үл авдаг улс бол бид юм байна.

Улс үндэстнээ Зөвлөлтийн хараа хяналтаас салгаж, бүх талын эрх чөлөөг нээсэн зоригтнууд өнөөдөр тэнэгээрээ дуудуулж, шоронд хоригдон шонд өлгөгдөх дээрээ туллаа. 

Энэ тэнэгүүд улс үндэстнээ хувийн өмчтэй болгож, гадаад улс орон руу гарах бүрэн эрхийг нээж, гаалийн татварыг тэглэж, суурь үнийг чөлөөлсөн нь зоримог алхам, зөв шийдэл байсан юм. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөний шанг татаж, галыг бадраасан гавьяаг нь бүү март! Эрх чөлөөний далбааг мандуулсан тэнэгүүдийн эрэлхэг зориг, шийдэмгий үйлсийн нөмөрт хорогдон коммунист, фашист, лам хувраг, худалч хулгайч бүгд л эрх чөлөөгөөр амьсгалж, айдас хүйдсээсээ салсан нь буруу хэрэг үү?! Үгүй л болов уу...

Гучин жилийн турш сонгогчид коммунистуудад л илүү эрх дарх эдлүүлснээр нь тэд гул барьж, эрх чөлөөг зүхэн чөлөөт зах зээлийн зарчмыг үгүйсгэснэ. Тэгсэн хэрнээулирсан он жилүүдийн үр шимийг араатан атаархтал идэж шамшигдуулсан шүдтэй шүдгүй социалист арслангууд төрийн нэр барин зэрлэгшиж байна.

Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эрхийг адлаж, хураан хамж, Үндсэн хуулийг үхмэл болгож, зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж, ухаантай царайлна. Үндсэн хууль нь хувь хүнийг төрийн дарамт, харгислалаас хамгаалсан гэрээ баталгаа болохоос эрх мэдэлтэнд бэлэглэсэн Цагаан сар, Наадмын бай мөрий биш шүү дээ.

“Урьд шөнө би хар дарж зүүдэллээ. Урт гар бас намайг зовоолоо, хэлэх үгийг минь боогдуулж, харах нүдийг минь халхлалаа...” гэж С.Цогтсайхан минь “Хонх” цохиогүй бол, МоАХ-ны тэмцэгчид “Хонх”-ны дуунаар сэрж босоогүй бол, 1990 оны 2 дугаар сарын 18-нд МоАХ-ны анхны хурал хуралдан чуулж, олон намын тогтолцоог зарлан Монголын Ардчилсан Нам байгуулснаа тунхаглаагүй бол, тэмцлийн хурц сэжим болох өлсгөлөн зарлаж тууштай зориглоогүй бол өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц эхлэхгүй л байсан. Энэ гучин жилийн хугацаанд овсгоо самбаатай, оюун сэтгэлгээний цар хүрээ том, тууштай хүн бүхэн өөдлөн дэвжиж өсөн хөгжсөн ул мөр бий юм шүү!

Харамсалтай нь татвар төлөгчдийн мөнгийг завшиж, зүй бусаар хөрөнгөжсөн коммунист тонуулчид төрийн анатомийг ялзрааж, авилга хээл хахуулийг даврааж, шимэгчлэн байгаа нь урьд нийгмээсээ салаагүйн урхаг мөн. 

Ардчилал, эрх чөлөөг ард түмэн авчирсан гэж хавтгайруулахад дургүй, би... Энэ үйл хэргийг хэн нэгэн нь өмчлөхийг буруу гэж үзнэм, би... Коммунистууд ерэн оны үйл явцад дэмжлэг үзүүлсэн гэдгийг бүрэн эсэргүүцнэ, би... Эрх чөлөөг бадраасан тэмцэгчдээрээ өнө мөнхөд бахархнам, би...

Харамсалтай нь тэд МАНАН-тан төөрсөөр, будилж булингартсаар...Ерэн онд МоАХ-г даган хуйларч байсан ард түмэн шимэгч прагматикуудыг одоог хүртэл дэмжин сонгож, давхар худалдагдан дээрэмчдийг давраасан нь гай дагуулсаар... Яаж ч мэдэх үзэл санаагүйчүүдэд эрх мэдлийг ихээхэн эдлүүлсний горыг сонгогчид олон жил хордотлоо амсаж байгаагаа мэдтүгэй! 

Албан тасалгааны цонхыг хагалахгүйгээр жиндүүлсэн идэр есийн хүйтэнд дааралгүй, “Хонх”-ны дуу цөн түрэн эгшиглэсэн эсэргэн хаврын салхийг сөрж тэмцсэний үр дүнд “Муугийн ёс биш Монголын ёс” гэж мэхлэн, Цаасан малгай өмсүүлэн, хулхиддаг коммунистуудыг МоАХ цочроож, бусад нь борооны дараах мөөг шиг дагалдан бас доголдон орж ирсэн нь сайн хэрэг болсон гэж би хагас дутуу үнэлж байна. 

Гэвч социализмын ёзоор нь үлдэж, үүнтэй нь бид эвлэрсээр л байх уу?! Улс үндэстнээ авран хамгаалъя гэвэл хүнээ өмөөр. Учир нь хүн нэг бүрээс улс үндэстэн бүрэлдэн оршдог юм. 

Нэгт: Хүчирхийлэл харгислалаас хүнээ өмөөрч авардаг цагдаа 

Хоёрт: Хэрэг явдал маргааныг хүний эрх зөрчихгүй зөв шийдвэрлэдэг хараат бус шүүх

Гуравт: Үндэстний аюулгүй байдлаа сахин хамгаалсан батлан хамгаалал. Энэ гурван үйлдэлд үнэ цэнэ өгч ажилладаг төр л хамгийн сайн төр. Эдийн засаг, бизнест хөндлөнгөөс хутгалдахгүй төр нь улам сайн төр. Зах зээл жамаараа яваг. Чөлөөт өрсөлдөөнийг чөдөрлөхөө боль! 

Эрх чөлөөг бүү хумь! Итгэлийг нь иргэн бүрт эргүүлж өг. Зүгээр л зөнд нь орхи. Тэд өөрсдөө амьдралаа аваад яваг. Чадах ч учиртай.

Өндөр сэнтийнд заларч, эрх мэдэлдээ эрдэж татвар төлөгчдийн мөнгөнөөс сааж түүнийгээ бизнес гэж “Янхандах” нь хүний хөгжилд саад болж байгаа хорлол мөнөөс мөн, сайн бод, сайтар тунгаа! Хүн бүхэн хянуур эргэцүүл. Төрд дөнгөлүүлэхээс татгалз. Амьдрал, үхэл хоёрын заагт огт найзархал үгүй, үргэлж бод. Хүн бүр өөр өөрийн хүсэл тэмүүлэлтэй,онд ондоо ааш авиртайгаа сана! 

Аливаа юмс үзэгдэлд ялангуяа ажил үйлсэд эргэлтгүй тууштай зөв хандлага, бодитой чиг зорилго, төрөөс хараат бус бие даасан үнэ цэнэ л энэ 30 жилийн алдааг арилгана. Засах нэрийдлээр оромцогловол бахь байдгаараа л үлдэнэ.

Гучин жилийн өмнөх Монгол хүн, Монгол Улс чамлахааргүй хөгжсөн. Бурууг бүр мөсөн утсгахын тулд:

Нэгт: Эрх чөлөө, Хоёрт: Хүний эрх, Гуравт: Өмчийн эрх дархлагдах учиртай. Энэ л дархан эрхийг баталгаажуулан өмөөрсөн зөв Үндсэн хуультай тогтолцоог мөрөөднө, би... 

Хэн ч нэгнийхээ эрхийг зөрчихгүйгээр чөлөөт өрсөлдөөнд орж, харилцан ашигтай ажиллаж байгаа бизнесийг боомилохгүй байх нь зүйд нийцнэ. 

Ардчилал гэж хий цамнахаас илүү хувь хүний эрх чухал. 

Олонхоороо цөөнхөө боомилох нь тэнэглэл атаархлын үүр. Хувьсгалыг эр зоригтнууд сэдэж, үйлс хийморь болгодог ч тодорхой үзэл санаагүй сэхээтэнцрүүд сааруулж, адгийн шаар коммунистууд завшиж, хожсоор л байна... 


2019 оны 12-р сарын 1
Токио хот