Тавь гараад л муудчихдаг монголчууд минь
Эмгүй эмчилгээ, эмгүй эрүүл амьдралын төлөө
Дунд наснаас дээш, хижээлдүү гадаад ба монгол хүмүүсийн нэг ялгаа байдаг тээ? Гадныхан сэв хийтэл алхаад л, шогшоод л байдаг. Жин хэвийн, хэвлийн таргалалттай хүн асар бага. Багадаа л дал гартлаа залуу хүн шиг байдаг. Харин манайхан тавь дөхөөд л хөл асуудалтай болж, элдэв довжоо юм руу гарахдаа өвдгөө тулж ёхлоод эхэлдэг. Бүгдээрээ шахуу хэвлийн таргаллалттай. "Алсуураа ядрах" нээх дуртай.
Энэ бүхэн нь нойр, хоол ба бусад дадал зуршлууд гээд цэвэр амьдралын хэв маягаас шалтгаалдаг зүйл бололтой. Бас нийгмийн боловсрол ч хамаатай юм шиг.
Нийгмийн боловсрол
Хүнийг хамгийн туйлдуулдаг зүйл бол хүнд хэцүү ажил биш харин ойлгомжгүй байдал гэнэ. Манай нийгэмд ойлгомжгүй байдал газар авчихсан. Энэ нь стандартын хэрэгжилт асар сул, иргэд нь ч стандартын тухай ямар ч ойлголтгүй байдагтай холбоотой. Өөрсний эдлэх ёстой эрх, тав тухынхаа тухай ч мэдэхгүй. Ийм болохоор дарга нарт ямар шаардлага тавихаа ч мэдэхгүй. Тиймээс л даргын тухай “сэтгэл сайтай залуу байгаа юм” гэхчлэнгийн ямар ч утгагүй магтаалууд хөвөрч эхэлдэг.
Иргэдэд эрхийн тухай, стандартын тухай маш их соён гэгээрлийн ажил хийж байж энэ байдал сайжирна. Иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлж буй нийгмийн бухимдал багасна. Юу хийх ёстойгоо ойлгоно. Ер нь хүрээлэн байгаа орчин, төр-иргэний үүрэг хариуцлага шууд л ойлгогдоод эхлэх байх. Одоохондоо иргэд үнэхээр гэнэн, төр нь тэрийг нь далимдуулсан л байдалтай байна. За нэлээд хадуурчихлаа, иргэдийн маань нийгмийн боловсрол сайжирвал бухимдал, стресс төдий чинээ багасах учиртай шүү л гэж хэлэх гэсэн юм.
Амьдралын хэв маягууд
Хамгийн аймар хортой зуршлуудаа санацгаая. Энэ зуршлуудаа болихгүй л бол бид өөд нар үзэхгүй нь. Ахиад л нийгмийн соён гэгээрэл!
- Эмийг хоол шиг л хусна
Бидний ихэнх нь хүүхэд өвдлөө гээд шууд л нэг антибиотек шүүрээд уулгачихдаг. Эмийг ямар ч асуудалгүй ам руу гаа гулгуулдаг 3,4 настай хүүхдүүд маш олон. Өнөөдөр эмч нар хэр өөрчлөгдөж байгааг мэдэхгүй, ямартай ч юуны түрүүнд антибиотек бичиж өгөмтгий байсан нь бол үнэн. Ялангуяа ханиад нус ихдэх үеэр.
Өнөөдөр антибиотекийг аптекуудаар жоргүй олгохоо больсон. Гэхдээ айл болгон эмийн хайрцагтай, тэрэндээ төрөл бүрийн антибиотектой. Тохируулагч агентлаг гэлээ гэгчээр өөрснөө тохируулаа л хусаад байна.
Гадаадад эмчид үзүүлж үзсэн хүн бүхэн эхэндээ, “эмч нар нь ерөөсөө олигтойхон эм бичээд өгчихгүй юм” гэж сонин сайхнаа хуваалцдаг :). Харин манайхан, тухайлбал эмнэлэгт хэвтэхдээ аль болох гашуун эм, хорсгодог тариа хийлгэх тусам сайн эмчилгээ хийлгэлээ гэж боддог хэвээр. Тийм зүйл болохгүй бол мөнгий маань авчаад олигтой эмчилсэнгүй гэж гомдоллоно. Гэтэл дэлхий даяар эмнээс татгалзаж байдаг.
- Тасарсан уламжлал
Энэ нь бас бидний анагаах уламжлалт арга ухаан тасарсантай холбоотой. ХХ зууны эхэнд улаан оросууд Монголыг эзэлж аваад, гучин мянган хүнийг нь хядаж, элдэв уламжлал, зан заншлыг нь бусниулж, шашныг нь устгасан. Энэ дайрлагад монголчуудын уламжлалт анагаах ухааны эрдэм, ололт амжилт, судалгаа, туршлага хамт устсан юм. Тэгээд Сүхбаатарт хор өгдөг ламтай кино үзүүлсэн. Дараа нь Сэрэлт кинон дээр хорон санаат Маарамбыг гаргаснаар монголчуудыг уламжлалт анагаахын ухааных нь хувьд бүрэн форматлаж дуусав. Зөвхөн пенициллин, шприц л хэрэглэх эрхтэй боллоо...
- Утгагүй дадал зуршлууд
Хаашдаа бүгд үхнэ гээд хамаа намаагүй амьдардаг улсууд их. Гэхдээ үхэх хүртлээ эрүүл амьдарвал зүгээр. Яагаа ч гүй өвчний үүр болж, хүний гарт орж, майжигнаж бээвийгээд бусдад лай болж яахав. Бидний бараг бахархадаг муу зуршуудаас жагсаая:
- Бидэнд хамгийн элбэг нь “халуун хоол хүйтэн пиав”-ны хослол. Бүр ийм нэрээрээ даллан дуудах газрууд ч бий. Хорхог+архи гэдэг зүйл зунжингаа үргэлжилдэг. Тэгээд нойр булчирхай “сэрж”, дагаад сахарын өөрчлөлтөд орно.
- Махны нитгийн тухай мэдээлэл их гарч байна. Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сайн судлагдаж, ямартай ч “идэх хэрэггүй” гэсэн дүгнэлт гарсан. Европчууд бас үе мөч муутгана гэдэг. Монголоос бусад орнуудад махыг угаах, нэг буцалгаад шөлийг нь хаях гэхчлэн хэрэглээ нь хэвийн дадал болжээ. Харин бид шөлөндөө хутгаад идчихдэг. Эхэнд хэлсэн, бид яагаа ч гүй хөл гар муудаад өцийчихдөгийн шалтгаан нитэг байх магадлалтай.
- Хүүхдийг багаас нь аймар бэгнэдэг нь маш буруу болж. Тэсгим хүйтэн улиралтай л даа. Гэхдээ намар, хаврын жихүүн улиралд өлчиржүүлэх ёстой юм байна. Чухам доороосоо их дулаалж бэгнэх нь амархан ангина тусах том шалтгаан ажээ. Анзаарсан бол гадаадад хүмүүс хүүхдээ улайтал нь дааруулаад аваад явж байдаг. Ялангуяа хөлийг нь нүцгэн, эсвэл дан оймстой нь л тэргэн дээр суулгаад түрээд явдаг шүү. Биднээс л лав эрүүл чийрэг өсч өндийж, урт насалдаг. Хоолойн өвчин гэдэггүй дан мөстэй хүйтэн уух юм хусаж харагддаг шүү дээ. Ангина үе мөчний зөөлөн эдийг үрэвсүүлээд эхлэхээр өөрийн эрхгүй янгинана, бээцэгнэнэ. Хэрх гэгч нь тэр.
- Хэрх бол хүний биеийн хүчил ихсэж үе мөчийг нь барьчихсаныг хэлж байна. (Би эмч биш ч "өвчтөн" мөн учир өвчнүүдийн тухай бүдүүн ойлголтуудаа хуваалцах эрхтэй гэж үзээд бичиж байгаа юм шүү. Гэхдээ ам дамжсан яриаг биш шинжлэх ухааны судалгаанаас ойлгосныгоо) Хүний биед хүчил, шүлтийн тэнцвэр гэж ойлголт бий. Аль нэг нь ихсэх нь элдэв төрлийн өвчний үүдэл болдог байна. Бидний хувьд байнгын хүчил ихсэлттэй юм байна. Учир нь бидний хоол хүнс тэр чигтээ биеийг хүчиллэгжүүлж байдаг. Мах, гурил, будаа тэр чигтээ хүчил. Харин шүлтийг ногоон өнгийн ногооноос л голцуу авна. Гэтэл бид чинь одоо хэр нь тийм зүйлсээр хоолшиж чадахгүй л байна шүү дээ.
- Явган явдаггүй муухай зуршил. Ойрхон газар ч машин, унаа хайдаг зантай. Ажаад байхад явган явдаггүй хүмүүс л “явах гэхээр энэ замаа хар!” гэж загнаад байгаа байдаг. Явдгууд нь зүгээр л явдаг байгаа шүү ккк. Бас автобусаар явдаггүй хүмүүс “автобусаар явахын аргагүй” гэж шүүмжилдэг юм билээ. Автобусчин хүний хувьд хэлэхэд автобусанд бид ямар ч асуудалгүй явдаг шүү гэж бас хэлмээр байна. Харин тоог нь олшруулмаар байгаа. Энэ явган явдаггүй зуршил нь бас л өнөөх хөл гар өвддөг, ядардагтай холбоотой байх. Бие хүндэрч, нозоорсон улсууд гараад алхчий гэж шийдэх нь ховор шүү дээ. Харин тэр ядралт, нозооролт, үе мөч эвгүйцэх бүхэн нь эргээд л шууд хоол унд, амьдралын хэвшилтэйгээ холбогдчихно.
- За тэгээд шөнө хагасартал гар утас шагайж хэвтэх, хэтрүүлэн идэх, хэтрүүлэн уух зуршлууд нь дээрх хэдтэйгээ нийлээд биднийг нэг л “өвчтэй, ядарсан”, нозоорсон, энд тэнд хатгаж өвдсөн үндэстэн болгочихлоо. Эдгээр зүйлсээс бид тасралтгүй соён гэгээрлийн ажлаар л салж чадна. Соёлын яам, Боловсролын яам, өөр холбоотой газрууд нь үргэлж ийм соён гэгээрлийн ажил хийгээсэй дээ. Дор хаяж хорин жилийн тасралтгүй үйл ажиллагаа хэрэгтэй байна.
- Нийтийн биеийн тамир гэж ойлголт байна. Айхтар хичээллэж, тамирчин болохгүй ч жишээ нь байнга гүйдэг байх. Мөн л гадныхан дандаа гүйж байдаг, бид харин үгүй. Ерөөсөө хөдлөхгүй байж байснаа "за нэг хөлсөө гарганаа!" гээ л заал авцгаадаг. Энэ ямар ч хэрэггүй зүйл болохыг судлаачид зөвлөсөөр байгаа. Тэрний оронд байнгын зөөлөн хөдөлгөөн, зөв хооллолт, нойр гурав таныг эрүүл чийрэг хөгшрүүлнэ.
Өөрийн туршлагыг хуваалцахуй
“Бид зовох гэж төрөөгүй шүү дээ. Нэг амьдралд нэг л үхнэ!”. Энэ бол их хортой үг. Жаахан дөгөөхөд, урам өгөхөд л амьдралын хэвшлээ өөрчилж чадах олон мянган хүн байдаг. Гэтэл иймэрхүү үгнүүд тэднийг “байгаа хэвээрээ балиартаад” байж байхыг нь зөвтгөж байгаа юм шиг санагдуулна. Шанд нь үндэстнээрээ шалхайгаад л.
Ер нь эрч хүчтэй, эрүүл саруул гялалзаж явах хүслийг хэн зовлон гэж томьёолсон юм бэ? Ёстой залхуугийн туйл болсон өөрөө л тэгж бодсон байх. Тэгвэл тэднийг тэнд нь тэр үгтэй нь орхиод хэдүүлээ амьдралын зөв хэвшилтэй болох талаар бодоцгооё. “Хэвшил” гэж их учиртай үг шүү. Хийгээд сурчихсан, хийхгүй байж болдоггүй зүйлийг хэвшил гэдэг. Өөрөөр хэлбэл хийх нь илүү сэтгэл ханамж өгдөг зүйлийг хэлдэг.
Явган алхах
Би лав явган алхахыг эрхэмлээд гурван жил болж байна. Ойр зууртаа явган явдаг. Холдоод ирвэл автобус хөлөглөж байна. Мөн л явган алхах шалтгаан шүү дээ. Оройдоо харахад лав л 5 мянган алхам хийчихсэн л байдаг. Ямартай ч түмний хараал бараад буй түгжрэл лав миний асуудал биш болсон. Оргил цагуудаар олон машины хажуугаар салхи татуулан алхдаг даа. Шанд нь ямар ч зардалгүй, бас цаг алахгүйгээр нуруу, хүзүүний асуудлууд намжиж, гэдсээ ч нээх тавиад туучихгүй явж байна.
Хооллох
Хоолны амт болон өөрөө хоол хийх асар гүн хоббитой хүний хувьд “эрүүл хооллохыг эрхэмлэх” нь амьдын там гэсэн үг. Гэхдээ шөнө орой идэхгүй, хэтрүүлэн идэхгүй, халуун хоолны араас хүйтэн юм уухгүй гэсэн дүрмүүд хэдийнэ хэвшил болжээ. Эдгээрийг л баримталчихад, үхрийн сайхан өөхтэй хавирга, өвчүүгээ дураар огтлоод зүгээр л байна.
Хунчир
Би хунчирын шүтэн бишрэгч болоод нэг жил гаруй болж байна. Үнэхээр Монголын баялаг бөгөөд монгол хүн бүр мэдэж, хэрэглэж байгаасай гэж хүсэж байна. Таныг эрүүлжүүлэх хамгийн хялбар зуршил байх буюу ердөө “10 минут буцалгаад уух” л зарчимтай эд. Шөл, цай, юунд ч хамаагүй хийж болно. Наад захын хэдхэн үйлчилгээ: Цус шингэлэх буюу холестиринийг устгана, сахар тогтворжуулна, хорт хавдрын өсөлтийг сааруулна. Водканд дарсан хунчирын ханд тархи, мэдрэлд сайнаар нөлөөлнө. Эпилэпсид маш сайн болох нь батлагдсан. Өдөр бүр хунчир буцалгаад уух нь сэтгэл сэргээж, "алсуураа ядраад" байгаа мэдрэмжийг үгүй хийж, цоглог эрч хүчтэй болгодог.
Дорно дахинд хэдэн мянган жил хэрэглэж, өрнөдөд ид трэнд болж буй, эмийн чанараар солонгосын хүн орхоодойгоос ч давсан энэ гайхамшигт ургамал манай эх оронд хамгийн хүчит чанартайгаар ургадаг нь бидний зол юм даа. Аа бас нойр хүргэж, бөх нойрсуулах нь баталгаатай шүү. Хунчиртай шөл, эсвэл хунчиртай водка 30 граммыг уусан орой нам сайхан унтаж байгаа.
Хунчирыг эмийн ургамал гэдэг утгаар оруулсан юм шүү. Тэрнээс биш өөр элдэв бэлдмэл, витамин зэргийг нарийн судалгаа, нотолгоогүйгээр түгээх буруу байх.
Уур уцаараа хянах
Буюу хор шараа хянах. Хүн амьтантай тэмцэлдэж уур бухимдлаа тэжээхийн сайн тал гэж юу ч байхгүй. Тийм хэрүүлд ялагч ч гэж байдаггүй. Харин алдагдал гэж учир тоймгүй. Тархины эд эс үхжихээс эхлээд орчин тойрноо донслуулна, өөрөө донсолж даралт өөрчлөгдөнө. Дараа дараагийн хүн, үзэгдэл юмсад хандах хандлага чинь өөрчлөгдөнө. Бид сошиал мэдиагаар хэсэж, элдэв хэрүүл унших, комментоор байлдах нь бараг зуршил болчихлоо. Өглөө сэрээд л “аа пздаа....” гэж суниадаг болов уу гэмээр ууртай, уцаартай хүмүүс улам ихсээд ч байх шиг. Хүн нэг муухай харчуул тэрнээс илүү муухай харж байж санаа нь амардаг энэ зуршлаа хаячихвал таны эрүүл мэнд илүү сайжрах нь тодорхой.
Шүлтлэг ус
Хүчил шүлтийн тэнцвэрээ барих нь Ерөнхий сайдын хэлдгээр “амаргүй” явдал шүү дээ кк. Мах гурилыг багасгаснаа бууцай, салат, юуцай, өгөрцийний хэрэглээгээ ихэсгэнэ гэдэг мань мэтэд бол ёстой л амаргүй. Тиймээс шүлтлэг ус тус болдог. Өдөрт нэгийг уучихад болоод л явчихна. АПУ-гийн алкалайн, Моносын экос гээд шүлтлэг уснууд дэлгүүр бүхэнд бий.
Дээр тавьсан Өөрийн туршлагыг хуваалцахуй гэдэг гарчиг маань би өөрийн туршлагыг хуваалцахдаа биш, харин үүнийг уншиж буй таныг “эмгүйгээр эрүүл амьдрах” ямар сайн туршлагыг амьдралдаа хэрэгжүүлдэгээ хуваалцна уу л гэж байгаа хэрэг юм шүү. Тиймээс та коммент хэсэгт өөрийн туршлагаа хуваалцаж, монгол ахан дүүсийнхээ эрүүл мэндэд хувь нэмрээ оруулаарай.
Зочин
Sarnai
Зочин
emma
Зочин
Зочин 12
Явган алхагч
Зочин ах
Эмч хүн бн
за ок
бат
Зочин
Зочин
egch
Зочин
Зочин
Гармаа
zochin
.
Төрөөнөө
Зочин
zochin
Сарайдамба