Танк их бууны аюул зайлшгүйг өргөн цариг тавьснаар нотлов
Тэнэг мунхгаа хүн төрөлхтөн засах чадвартай тул жаргал зовлон хоёрт хүмүүжжээ. Хэдэн анд нөхдөө шоронд хийчээд төрийн ноёлох оргилоос хөмсөг зангидан хөмхий зууж асан Х.Баттулга мөрдөгчийн өмнө дээлээ нөмрөөд байцагдаж сууна. Үхэх дөхөхөөр нулимс хий аяндаа хураад байх юм. Хэнийг ч бүү хилсдүүл. Нүгэл.
Гишигсэн мөрөө эргээд хар. Өргөн цариг тавихыг ямар түвшинд шийдэв? Мэдээж УИХ. Зүүнбаян, Гашуунсухайт, Ханги гурван чиглэлд өргөн цариг тавьсан 76 гишүүний шийд-танк их бууны аюул “бодиттой” гэж итгэдгээ гадаад дотоодод нотлов. Яагаад гэвэл нарийн царигаар Хятадын төмөр замтай шууд холбох боломж байсаар атал сэлгүүлэн ачих терминалд асар их хөрөнгөө зориуд дэмий үрээд зогссонгүй, урт урт цуваагаар сая сая тонн эрдсээ хил хамгийн хямдаар давуулах азтай боломжоо алдах өөр шалтгаан огт байгаагүй юм чинь эрүүл ухаантай улс орнууд тэгж ойлгохоос яах билээ.
Наад захын хэрэгцээнд төсөв хүрэхгүй ядаж байхад яагаад маш их үрлэгтэй өргөн цариг тавив гэхэд “танк их буунаас айгаад” гэхээс илүү зөв оновчтой хариулт олсонгүй. “Сэлгүүлэн ачих буулгахад дурлаад” гэлтэй ч биш, “Мөнгөө хоосон үрмээр санагдаад” гэлтэй ч биш. “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэхчээр “бодоод бодоодөргөн цариг тавьсан нь танк их буунаас айжээ”. Өөр хариулт байна уу? Байвал хэлээч.
Юутай ч 12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэргэлээт говиор нэг удаа туршилтаар жирэлзэв. Таван толгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос 10 км-ийн наана өргөн төмөр зам маань мухардаж, нүүрсээ хээр асгаад цааш машинаар айлын нарийн цариг руу зөөх гэнэ. “Ашиглалтад оруулав” гэж сүржигнэсэн төмөр замаа “ашиглатал” 3-4 жил хүлээх болоод явчихав. 1,5 ихнаядын өртөгтэй терминал барьж гүйцэхэд УИХ, ерөнхийлөгчийн хугацаа дуусаж, дараагийн төрдөө дарамт үүрүүлнэ. Ийм гайхамшигт хувилбар бодож олсон 76 гавалд мөргөх ёстой гэнэ шүү. Тэд тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэж энэ хувилбарыг бодож олсон юм байх.
Заавал өргөн цариг тавьж дөнгүүлсэнд танк их буунаас өөр шалтгаан байхгүйг дээр хэлсэн. Танк их буунаас айсан УИХ сэлгүүлэн ачих бүтээн байгуулалтад хомс төсвөө арга буюу өм цөм хоослов гэх ойлголт өгөх гэв үү яав. Орос магнатууд айлгасан бол 76 минь бидэндээ шивнээч. Улсынхаа зовлонг мэдэрч та нарыгаа хайрлая. Чадлаараа хамгаалъя. Царигаа дэлхийн стандарт нарийнаар тавьсан бол Гашуун сухайт Шивээ хүрэн Хангийн терминалуудыг барих тэр их зардлыг ядуурсан бид хүртэх байв.
Уг нь нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар хил давуулж валют болгож байж л тугаа мандуулж, хөгжмөө нижигнүүлж, дарсаа ханхлуулмаар сан. “Экспортын төмөр замаа гацаасны улмаас 10 гаруй жилд хохирсон 80 ихнаядын алдагдлыг экс ерөнхийлөгч Х.Баттулгаас нэхэмжлэх учиртай” гэж Засаг мэдэгдсэн ч монголчууд Украйны нацистуудыг зүхээд 80 ихнаядын хохирлоо хайхарсангүй. Ах нарынхаа бурууг ч сохор нохой мэт нүүр нүдгүй өмөөрдөг биднийхээ чулуу шороогоо төсөр тээх-төмөр зам, дааж давшгүй дарамт хөнгөлөх-эрчим хүчний эх үүсвэрийг минь бүү гацаагаач.
Танк их буу. Өмнөд хил рүүгээ 267 км уурхайн экспортын төмөр зам тавивал Монгол тусгаар тогтнолоо алдах онол Х.Баттулга Зам тээврийн сайд болмогц гаргаад үзэж тарав. Танк их буугаа галт тэрэгний цуваагаар ачаад орж ирэхэд л муу Монгол конец гэнэ. Ийм тэнэг онигоо Төрийн бодлого болоод, 3 сая хүн ам дагаж намирсанд ичиж үхмээр. Баттулгад хууртсан маанаг массаа өрөвдөх ялдамд Баттулгад бялдуучилсан 76 өвчин. Магадгүй ирээдүйн хавдар. УИХ-ын 76-урвагч Баттулгыг бяц няслах хүч мөн үү-мөн. Тэд цөм өргөн цариг баталсан. Баттулга 17 чингэлэг спирт ус болгосон ерөнхийлөгч. Хулгайчаас “чамайг ерөнхийлөгчөөр сонгоё” гэхэд хулгайч “За” л гэнэ. Харин хулгайчийг ерөнхийлөгчөөр сонгосон ард түмэн-аймшиг. Баттулгын тэнэг онигоо 10 гаруй жил манай руу урсах олон арван тэрбум доллар хааж чадсан л юм даа. Хохь нь дээ тэнэг ард түмэн минь.
Нарийн цариг тавьсан бол танк их буу ачиж ирээд эзлэх дайсан нь-БНХАУ гэдгийг УИХ дэлхийд зарлажээ. УИХ гишигсэн мөрөө хар. Хэн хэндээ ашигтай, найрсаг харилцаа дээд түвшиндээ тохирсон БНХАУ энэ өдөлтийг хэрхэн дүгнэдэг бол? Хятадууд тэвчээртэй ч тэвчээр барагддаг. Бидний болчимгүй мунхаг ааш аяг ноцтой юманд хүргэх вий бурхан минь. Орос шиг Хятад довтлохгүй. Хилээ хаачихад л бид хэцүүднэ. Орос үүнийг хүсэж байгаа. Нүүрс хүдэр зэсээ галт тэрэгний урт цуваагаар экспортлох Гашуун сухайтын зам гацсанаар Монгол сэхээгүй. Энэ бол та бүхний үлдээсэн мөр.
Өргөн нарийн цариг. Мангуу онигооны цаана муу нэрт монголчуудын өрөвдөм эмгэнэл оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Танк их буу ачаад орж ирнэ гэх Х.Баттулгын онигоонд мань итгэж дөнгүүлсэн юм огт биш. Овор их чулуу шороо экспортлогч манайд дэлхийн стандарт-нарийн цариг сэлгүүлэн ачих шаардлагагүй-ашигтайг илэрхийлчих сачий Монгол төрд байдаггүй юм. Энэ нь хэлмэгдлээс угшилтай эмгэг. Уурхайн мухар замыг ямар царигаар тавихыг УИХ шийдэж байхыг нээлттэй үлдээсэн ч Х.Баттулгын тулгалтаар ҮХЦ сэм хаачихаж. Нарийн царигтай бол өдөрт зуугаад вагоны нурмаг ачаа сэлгүүлэх чирэгдэлгүй асар их мөнгө хэмнэж экспорт жилд 70 саяд хүрэхийг монголчууд мулгуу ч мэдэхтэйгээ.
Таван толгойн нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд орос олигархиуд шивнэснийг Х.Баттулга мэтийн манай хүрэн бөөртүүд төрийн нууц гээд хав дардаг. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ бид “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд өөрсдөө талцан маргаж буйгаар дотоод гадаадад ойлгуулж, ард түмнийхээ нүүрийг хулчгар Төр засаг нь хөөддөг гээд ойлгочих. Яг үнэндээ харанхуй бүдүүлгээрээ дуудуулдаг монголчууд өргөн нарийн цариг гэж мангартаагүй. “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Дүнхүү бид л хоорондоо маргаад төмөр замаа 10 жил тавьж чадсангүй” гэж өөртөө бурууг тохож, орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм чааваас*.
*Оросын www.asiarussia.ru цахимд ингэж бичиж байв: “ОХУ эрчим хүчний салбарт дэлхийн тэргүүлэгч лидер болохыг эрмэлзэж байгаа... Орост нефть, хий, нүүрс, уран байна... Энэ жагсаалтын сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд бий... Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол ОХУ-ын нүүрсний экспортод садаа болно... ОХУ шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайвань гэх улс багтана.
Путин В.Якунин, О.Дерипаска хоёрт бооцоо тавьжээ. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монголын талын түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгон авлаа. Якунинд тавьсан Путины бооцоо нь Таван толгойн нүүрсний ордыг транс-монголын төмөр замтай холбох явдал байв. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны талыг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломж олгож байна. Дерипаскагаар дамжуулсан тоглолт нь Таван толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв.
Гэтэл монголчуудын тоглолт оросуудыг хожив. Тэд Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгүүдийг тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргалаа. Оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, бүх чармайлт бүтэлгүйтэв. Гэтэл тэд хэнд ч юу ч өгөхөө болчихлоо. Энэ шийдвэр оросуудад нааштай болов.
Төмөр замаар аварга хэрэглэгчтэйгээ холбогдоод нүүрс хүдэр зэсээ саадгүй урсгах-бидний шийдэх манай ажил уг нь. Олон жил гацав. БНХАУ, Австралийн харилцаа хүйтэрсний хударгаар ОХУ нүүрсний экспортоо нэмж буйг бид шүүмжлэх эрхгүй-хөршийн асуудал. Гашуун сухайт руу эрдэс тээвэрлэх манай төмөр замыг гацаасан орос олигархиудыг сөрөх-харин манай хэрэг байв. Х.Баттулга “жа” хэмээн бөхөлзөж олон тэрбум доллароор эх орноо хорлож байхад дуугараагүй атлаа “Австралийн нүүрсний экспорт зогссон үед Орос манай нүүрсний экспортыг шахлаа” гэж гоншигнох утгагүй. Угаасан коксоо төмөр замаар 10 жил зөөсөн бол бид баяжсан. Үгүй ядаж ковидын үед нүүрсээ галт тэргээр саадгүй тээвэрлэж байгаа. Хөрөнгө оруулагчид манай ордуудыг төмөр замгүй гээд буцдаг.
Нарийн цариг тавивал хятадууд танк их буугаа ачиж ирээд эзэлчихнэ гэх мангууралд хэн хэнийхээ сонгосон замналыг хүндэтгэж, адилхан хожихоор дээд түвшиндээ тохирсон их хөрш-БНХАУ тоож эмзэглээгүй. Орос сүрдүүлэгт сүнс нь зуун жил зайлчихсан монголчуудыг хятадууд нэвт оншилдог тул ХХI зууны хөгжлийн нөлөөнд сэтгэхүйн олдмол гэмгэг нь яваандаа илааршинэ гэж хүлээдэг биз-нэг хэсэгтээ.
Өнөөдөр өргөн ч гэлээ төмөр зам 10 гаруй жил баарсаар яаж ийгээд Гашуун сухайт хүрчээ. Гэвч айлын замтай холбосноор санасандаа гүйцэд хүрнэ. Холбоход бүх хүчээ хуу төвлөрүүлээд хэдхэн хоногт хийчих. Нүүрсээ галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн экспортолж валют хүүдийл. Маниусын ингэж мөнгөжихийг л оросууд тэвчихгүй гацаадаг. Өргөн царигаас нарийн руу сэлгүүлэх гэж бид хэдэн зуун сая доллар үрнэ. Гоё дөнгөсөн байгаа биз. Манайхан одоо холбох цэгээ тохиролцоно гэж аргацаахдаа-гацаа БНХАУ-аас үүсээд буй мэт ойлголт битүүхэн төрүүлэхийг хичээх бөгөөд ард түмэн ч дуун дээр тэгж эргүүтнэ. Ингэснээр орос магнатууд ядмаг хөршөө мөнгөгүй байлгах далд санаагаа биелүүлж, экспортоо өсгөх хугацаа хожно. Оросууд гацаахдаа мануустаа л баавгай. Зовхи нь өөдөө үндэстнийг бол тэд яаж ч чадахгүй. Ганцаардаж буйг нь хар. Унхиагүй монголчуудаа, зовхио сөхөөд эргэн тойрноо тольдооч.
Оросоос асар үнэтэй эрчим хүч үүрд импортлохын тулд 50 жилд нэг ч цахилгаан эх үүсвэр бариагүй бөгөөд танк их буу шигээ онигойтсон: Байгал нуур бохиртож, Завхан гол ширгэж загас жараахай устана, Багануурт ЦС баривал Хятадын арми хяналтаа тогтоож, 5000 хужаагийн тосгон үүсэж монголчууд уусна. ДЦС V-ыг барих газар 1,5 сая кв км нутгаас хайгаад олдоогүй. Төрсөн газар хайрласан хишгийг орос магнатуудтай хавсайдан саатуулсаар нүүрлээд ирсэн хөгжлөө үргээчвээ хөөрхий.
Ардчиллын хийморь доройтож эхлэв. “Ухаа худаг-Гашуун сухайт” төмөр зам төслийг Энержи Ресурс тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдтал зогсоочихсон. Хувийн компани 60 сая доллароор шатсан мэдээ хэвлэлд үзэгдээд мартагдсаныг хэн ч сөхөөгүй. 3 саяулаа тоогоогүй. Би бичээд эрлийз хоч хүртсэн. Манай руу цутгах олзны урсгалыг хааснаар ядуурал нөмөрч ардчилал бузартав. 2012 оноос эрдсээ галт тэрэгний урт цуваагаар зөөсөн бол бид өдгөө гурван саяул цулайсан.
Галт тэргэний урт цуваагаар нүүрсээ хил шууд давуулж зарах мөчөөс ашиг уутлах учиртай. Тэгвэл ашиг уутлах баярт мөчдөө яараач. Гайхамшигт тэр өдрөө УИХ товлооч. Тэр өдрийг чинь дээжээ өргөн хүлээе. Нүүрсээ галт тэргээр хил давуулах он сар өдрөө зарлахгүй яагаад ямагт хойшлуулна вэ. Баруун зүүн босоо, хэвтээ чиглэл гэж улигласаар аманд орсон тэрбум тэрбум долларыг хэлээрээ түлхчихсэн. Путин-түүний тойрон хүрээлэгчид манайхыг эрдсээ төмөр замаар экспортлохыг олон жил гацаачаад байхад дүнхүү монголчууд эмзэглэхгүй маанайсаар. Хөршөө хөгжүүлдэггүй Орос гэх хардлага батлагдаж, дайн дэгдээд байхад шүү.
Оросын сайт юу гэж байсныг сануулъя: “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хөзрийг үхүүлж орхив. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгожээ. ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг нураана. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтаа яаралтай зогсоох тушаал өгсөн билээ. В.Якунины боловсруулсан “1520-ийн цариг” нэртэй комбинацад Монгол улсыг ч оруулсан. Монгол улс Путины онцгой анхааралд өртсөн орон” гэж Оросын www.asiarussia.ru цахим сайт бяралхаж байв.
Гашуун сухайтын төмөр замыг 10 гаруй жил гацааж эх орноо хорлосон төр засаг дахь-чухал хүмүүс Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замыг 2022 оны 07-р сарын 20-нд дуусгахаар яаравчлав. Нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар шууд хил давуулж экспортлох Таван толгой-Гашуун сухайтын замд ээлжит гацаагаа хийж буй нь тэр. Зүүнбаянд нүүрс валют болохгүй шүү дээ. Зүүнбаянгийн 415, Хангийн 226 км-ийг ухнатах хугацаанд суурь даланг овоолчихсон Гашуун сухайтын төмөр замаа хөдөлгөөд нүүрсээ ковидын үед ханатал экспортлох байв. Цар тахлын хорио цээрт улсаараа туйлдахад төмөр замын төсөл гацаагч чухал хүмүүст яасан их гомдов оо. Малтмалын үнэ хадсан мөчлөг таарсныг яана. Уйлах багадсан.
Эгдүүцэм нь: манай төр засаг нүүрсээ төмөр замаар экспортолж эхлэх жилөдрөө огт товлодоггүй юм. Би чих тавиад суугаа өвгөн. Үр өгөөжийг ная гарсан зөнөг хүртэхгүй ч хойч үеэ мөд хүртээсэй гэж яарна. Монгол бие даасан төмөр замтай болж, түүгээрээ хаяа нийлсэн мөнгөжүү агаад мангас шиг ходоодтой Хятадад түүхий эдээ ахиу экспортлохыг ОХУ хэзээ ч үл зөвшөөрөх-хувиршгүй аймшигт хүчирхэг хөрш юмсанж.
Нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар экспортолж эхлэх өдрөөс Монгол мөнгөжиж, манай хөгжил хурдаа авах юм уг нь. Энүүхэндээ зовлонгоо сэм шивнэхэд эрдсээ төмөр замаар бүү экспортол гэх ахын битүү хатуу шахалт дийлдэшгүй. Эрдэс баялгийн үнэ цойлсон мөчлөгийг алдалгүй ашиглахсан, яая даа байз хүүхэд минь. Тэгтэл яасан гээч? Гашуун сухайтын төмөр зам гацаж гацаж нэг юм баригдаж дуусаад, Хятадын төмөр замд нүүрсээ сэлгүүлэн ачих мөч арай гэж ирмэгц манай төр засаг нүүрсээ галт тэргээр хил давуулах-олон жил хүссэн мөрөөдлөө орхичоод, Тувагийн Арцсуурь-Өмнөговийн Шивээ хүрэнгийн (1300 км) баруун босоо, Эрээнцав-Бичигтийн (1000 гаруй км) зүүн босоо гэж хадуурав. Үл бүтэх сүржин төслүүд манай хуучнаа хүсэгчдэд коммунизм шиг л сонсогддог байлгүй. Тэд орос гацааг дэмжиж уухайлснаар эх орныхоо эдийн засгийг хорлодог гайнууд. Юун эх оронч, тэдний мунхаглал ямагт хохиролд унагадаг.
Яагаад чулуу шороогоо заавал машинаар зөөх гэж мунгинаад байдаг улс вэ гэж сонирхтол манай жолоодогчид В.Путины тойрон хүрээлэгч-нүүрс эрчим хүчний магнатуудад төмсөгдүүлчихсэн юм гэнэ. Төмсөгдсөн орос олигархиуд яадгийг үзээгүй, харин хонины сүүлнээс үмхсэн чоно тас хазаж байж л зайлдгийг бишгүй харсан. Төмсөг-сүүлнээс ч эмзэг эрхтэн гэдгийг оросууд тооцсон биз. Нурмаг ачаагаа сэлгүүлэх илүү ажилгүй нарийн царигаар шууд экспортлох боломжоо ингээд алдчихав. Унан байж морио, ханилан байж нөхрөө тань гэдэг монгол сургаалыг минь ямар ч ган бат найрамдал орлохгүйг мэдээд авбал ХХI зууны олз.
Цар тахлын хорио цээрт орлогогүй гуриатав. Хил дээр жолооч нар ковидын шинжилгээнд олноороо бүдэрнэ. Төмөр замын гацаа үг хэл удав. Гэвч гацаагчид шогнойх эрхмүүд биш. Гишигсэн мөрөө эргээд хар. 280 сая доллароор далангийн шороо овоолсон Гашуун сухайт руу бус, тэр ч бүү хэл нүүрс худалдан авагч Хятад руу ч бус, хэвтээ тэнхлэгийн 415 км өргөн төмөр замыг ТЭЗҮ-гүй, гео судалгаагүй Зүүнбаян руу зүтгүүлэв. Санхүүжилт нь төрийн нууц гэж байгаа. Сийрэгхэн жаалж буй биз. “Бид бие дааж төмөр зам тавив” гэж харанхуй массаа малласнаар рейтенгээ өсгөв.
Гашуун сухайтаар гармагц валютад шууд хувирдаг нүүрсээ Зүүнбаянд галт тэргээр зөөж овоолох тэнэглэл-ерөнхийлөгч Баттулгын эх орондоо үлдээх Хайрхан юм гэнэ. Нүүрсэн хав хар Овоонд татвар төлөгчдийн хэдэн төгрөг булагдах бол. Овор их-нурмаг экспортоо хямд агаад ихээр тээвэрлэхгүй гэсэн тангарагтай мэт эдийн засгаа хорлосоор айсуй хөгжлөө хөөчих харамсалтай яа. Төмөр замгүйгээс бараг хүн бүр машинаар нүүрс экспортлов. Далай их нүүрс автомат тоолуургүй тул монгол хулгайчдын гарыг загатнуулсан биз. 6-7 тэрбум долларын нүүрсний хулгай сөхөгдөж шуугиан дэгдэв. 2012 оноос нарийн царигаар нүүрсээ жирэлзүүлсэн бол хулгайчид ингэж оодрох хоншоор дутна.
Х.Баттулга болон Төрд хандсан үглэл минь
“Монгол ялна” ч гэх шиг. Хорошо. Монгол ялдаг байж. Харин хэнийг ялах гээд байна? Сонгуульд өрсөлдөгчөө ялахыг “Баттулга ялав” гэхээс “Монгол ялав” гэмээргүй. Түншилнэ хоршино гэлгүй “ялна” гэж онцолсныг бодоход дайсантайгаа алалцах болтой. Манай сонгогчдын дийлэнх хятад аллергитай. Тэднийг дөрөөлсөн нэр дэвшигч ялдаг. “Монгол ялна” гэх уриа цаагуураа арай Их Хятадыг ялна гээгүй байгаа даа бурхан минь. Эрлийз хурлийзаар тогтож хайрлавал яамайсан.
“Монгол ялна” гэх омогшил хятад харшилтай манай сонгогчдын бах тавыг хангах хэдий ч ялаач билүү ялагдаач билүү?! Болчимгүй нь дэндсэн энэ сагуурлаар бид тархиныхаа хомсдолыг дэлхийд зарласнаас цаашгүй. Хятад компанитай бизнес хоршсоноос гайтаж тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал замхрах гэнэ. Тэднийг өшиглөөд хил давуулчихвал “Монгол ялах” юм байх. Х.Баттулгын гишигсэн мөр ил байхад түүнийг сонгосон иргэд, түүнийг АН-ын даргад өргөмжлөх гэж өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүд, мянгаараа намын их хурал хийгчдийг хэн гэх вэ? Х.Баттулгын эх оронч үзлийг бишрээд тэр үү, тараасан мөнгөнд нь шунаад тэр үү?
Гашуун сухайтын төмөр замыг олон жил гацааж 20 ч юм уу, 30 ч юм уу тэрбум долларын ашиг хааж, эх орноо хорлосон бөгөөд 280 сая доллар шороонд булсан Х.Баттулга АТГ-т яллагдагчаар татагдаад байсан ч гэм бурууг шүүх шийдвэрлээгүй гэдгээр ерөнхийлөгчид (АН буюу З.Энхболд, С.Эрдэнэ нар) дэвшүүлж, сонгогчид түүнийг төрийн оргилд залж байлаа. Эмээ нь эрлийз гэх пиараар М.Энхболдыг годройтуулж, Балыг залгамжлах орос эхнэртэй жолоодогч сонгосон ард түмэн хэн бэ?
Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн бизнесийг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс ерөнхийлөгч тэртээ дээр омогших сүрдэм. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр спорт костюмтай сөрөн гүйж яваа самбоч.
Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэв.
Зүүлт: Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж асан ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь билэглэх том пайз энгэртээ рекламдаад Ши жиньпин даргын өмнө, малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэв. Бага буурай ч гэсэн нэг улсын ерөнхийлөгч гэхэд малын хулгайч шиг л харагдсан. Гэвч цар тахал дундуур эр зориг гаргаж гадаадад айлчилсан дэлхийд ганцаараа удирдагч гэж түүний цолыг дуудсан магтаал одоо ч Монголд цуурайтсаар.
Хөгжлөөс хоцорсон бидэнд хурд чухал. Төмөр замын гацаа хаанаас хэнээс анх үүссэнийг эргэн харъя: Элс дүүргэсэн гялгар уутны ёроолыг хадаасаар хатгачиж, цоорсон нүхнүүдээр элс асгарч буйг телевизээр харуулаад, төмөр зам Хятад руу тавивал манай баялаг ийм олон нүхээр гоожоод дуусна гэх Х.Баттулгынтеле цувралаар гацаа эхэлсэн түүхтэй. З.Энхболд “төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл маш олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө” гэж 10-аад жил зүтгэж санасандаа хүрсэн лидер. Түүнд хариу болгож Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” гэж ёжилж байлаа. Аварга даацын 20-30 мянган самосвалиар олон жил онгон говио там болгож тээсэн нүүрснээсээ олсон орлогоос шатахуун, сэлбэг, зам засварт өм цөм залгиулдаг. Эрсдэх аюултай харгуйд жолоо мушгиж, нэмэх хасах 30 хэмд кабиндаа хагас бүтэн сараар амьдарч буй жолооч нарыг тоодоггүй. Хэд нь амиа алдсанд эмзэглэдэггүй. Энэ нүгэл бурхны номоор бол Х.Баттулга, З.Энхболд хоёрт үсрэх ёстой.
Нүүрсээ угааж экспортлоогүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч-шулах хятад хорон санаа гэх суртал тэд дэврээсэн. Хөршийнхөө дургүйг хүргэж өдөхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хятад өмхий санааг ялаач. Дор дороо олз хайж шоргоолж шиг язганасан хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес бололгүй яахав. Нутагтаа нүүрс баяжуулсан хятадуудыг буруутгах шалтаг манай хоёрт баймгүй. Шинхуа айл хүний амь нэг хамтаръя гэдэг. Сумитомо саахалт хүний санаа нэг нүүрсийг чинь борлуулж өгье гэдэг. Ядуу биднийг дэмжье гэсэн чинээлэг хөршүүддээ багцаагаа мэдэхгүй пээдийгч хоёрт Хятад Японы тэвчээр барагдсан биз. Амиа хичээх шуналаар манай хоёр баяжаад буусан ч ард олны алдсаныг нөхөхөд хэдий анзааны хөрөнгө хугацаа орох бол.
Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц-аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй Таван толгой орд маань азаар оршдог. 267 км төмөр замаа тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг эдийн засагчид сануулсаар. Олон тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг Х.Баттулга хаачихсан. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангаж утаанаас салах мөнгө гэнэ. Өөдлөх замыг минь хааж дөнгөсөн комбинаци ердөө танк их буу. Онигоо хуучраад араас нь Тувагийн Арцсуурь-өмнөговийн Шивээхүрэн-Сэхээ гэх үлгэр залгав.
Х.Баттулга нийгмийн эсэргүүцэлд шаагдаад 280 сая доллароор төмөр замын далан овоолов. Овоолсон далангаа (хятадуудын манай төмөр замтай холбохоор угтуулж бэлдсэн нүдэнд харагдах үзүүрээс) 20 км албаар зөрүүлээд, бас болоогүй, овоолгынхоо төгсгөлийг 8-9 давхар байшин хэртэй зориуд өндөрлөөд орхисноо-уулзах цэгээ урд хөрштэй тохиролцож чадахгүй байна гэж өөрийн балгийг хөршдөө наах улстөр дэвэргэж, нүүрсний орос магнатуудад олон жил хожих боломж олгосон мөрөө хар. Ерөнхийлөгчийн засаглалын төлөө Х.Баттулга улсаа ийнхүү хорлож, өөрөө Путин шиг насан турш ерөнхийлөгчөөр залрах гэснийг УИХ чагталж дөнгөсөн нь их юм шүү.
Таван толгой ордыг 200 жил экскаваторын шанагаар халбагадаад, 200 жил самосвалиар зөөхөд олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд, цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ З.Энхболд. (“Өдрийн сонин”). 200 байтугай 100 жил хүрэхгүй нүүрсийг маань шинжлэх ухаан үнс болгочих гээд байдаг. Тиймээс самосвал экскаватор бус цагийн зүүтэй уралдсан хурд, өндөр хүчин чадал бидэнд амин чухал. Үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дэд бүтэцтэй дав даруй болох хэрэгцээ хөгжлөөс хоцорсон биднийг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна зэсийн баяжмал, дорно өмнийн бүлэг ордуудын баялгийг ихээр хямд тээвэрлэж далайд гаргах боломж бүрдэх юм. Тиймээс оросууд онцгой ад үздэг зам.
Сонс. Би яагаад Хятадын үсрэнгүй хөгжлөөс ахиу хүртье гэж үглээд байдаг хүн бэ гэвэл бидэнд хил залгаа ойрхон өөр ашигтай түнш заяасангүй. Тиймээс хаяа дэрлэсэн ганц аварга захад чулуу шороогоо чадлаараа шахаж, ахиухан зоос олж дэд бүтэц, “баялгийн сан”-тай болох гэсэн намайг ойлгооч. Хятад улс бидэнд маш ашигтай хөрш. Уусна гээд орлогынхоо амыг хаах тусам бид л улам хохирно. Уусах эрсдэлтэйг Хятадын нийтлэлчид зөвшөөрч бичдэг. Энэ үүднээс 3 сая бид визгүй, тэрбум гаруй тэд визтэй зорчихыг Монгол Хятад хоёр тохиролцсон байх. Манж-зүрчдийн Энх-Амгалан, Халхын Занабазар нарын үүсгэсэн аядуу харилцаа 200 жил яваад бөхсөн. Хоёр хааны унтарсан уламжлал ХХI зуунд сэргэсэн нь хөгжлөөс хоцорсон бидэнд нийцтэй тусав. Уусахгүй эвтэйхэн соёлтой харилцаад, дундыгаа дүүргэж, дутуугаа гүйцээх өгөгдөл хажууд заяажээ. Чулуу шороог маань худалдан авах өөр хөрш ойр хавьд алга.
Хоёр аварга гүрний завсар хавчигдсан байршлаа өөрчилж чадахгүйгээс хойш оногдсон-эрсдэлтэй жимээр хүссэн ч эс хүссэн ч сажилж л таарна. Нүүрлэсэн өгөгдлийг Ю.Цэдэнбалын үзэл суртлаар үргээчихгүй юмсан. Ашигт малтмалаар асар баян Орос маниас нүүрс хүдэр авахгүй. Арилжаа, хөрөнгө оруулалт хөгжил. Мөнгөтэй аваас бүтээн байгуулалт өрнөж амьдрал сайжирна. Мөнгө олохыг бодлогынхоо эхэнд тавих мөнгөний шунал бус жижиг улсын тулгамдсан хэрэгцээ болоод байна.
Ийм зам эхэлж тавьдаг мөрөн дээрх бөндгөр чинь манайх уу хүнийх үү. Галт тэрэгний урт цуваагаар Таван толгойгоос нүүрсээ ачаад Зүүн баянд очно. Нүүрсээ Зүүн баянд зөөснөөр зорилго биелэхгүй. Эцсийн өгөөж-төмөр зам тавихад бус нүүрсээ худалдаж зоос олох! Галт тэрэг өдөрт хэд ч сүнгэнэсэн ээрэм говьд түгжрэлгүй. Мунадаг амжилт, өнгөц харвал. Гэвч нүүрсээ Зүүнбаянд Шилийн богд шиг овоолоод ч ганц доллар олохгүй. Харин тээврийн зардлаар шатна. Ийм зам эхэлж тавьдаг мөрөн дээрх толгой чинь манайх уу хүнийх үү. Суурь бүтцэд 280 сая доллар булчихсан, хил давмагц түүхий нүүрс авдаг хэрэглэгчтэй, 10 жил гацсан төмөр замын урдуур дайрсан төсөл гэдгийг дахин сана.
Байдгаа сэгсэрч эхлүүлсэн Зүүн баянгийн 415 км төмөр зам чинь бүтнэ. Харин нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар тээвэрлэж, өндөр үнээр борлуулж мөнгө олохоо хойш тавьсан ээлжит арга саам чинь хоног хоногоор тодорно. Ийм ил мангуу залиар дөнгөөд буй нь бидний лоймлынх. Өөр хэний ч буруу биш. Ард түмэн минь тэнэг духаа шаа. Би ч гэсэн юм ухаардаггүй маанаг духаа шаангаа энэ нийтлэлийг бичив. “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замыг улс төрийн өнцгөөр эдийн засгийн үр ашиггүй гэж иргэдэд буруу ойлголт өгч тайлбарладаг” гэжээ. (Өдрийн сонин. 2022-03-17). Шулуулдгаа ухаардаггүй маанагууд шулаачаа магтаж мөргөсөөр хувхайрах тавилантай. Хойд хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү? Жилд 3,4 тэрбум тн нүүрс хэрэглэдэг Хятадын мангас шиг ходоод Орос Монголын нүүрсийг залгиад Австрал Индонез зэрэг улсаас авч буй тул аугаа Орос ядуу Монголыг бизнесийн харгуйд дэгээдэж унагах нэрийн хор байгуушай.
Зүүнбаянгийн 415 км төмөр замд баясахын хамт энэ замаар тээвэрлэсэн нүүрснээсээ цэвэр ашиг хэдийг хүртэв гэх эцсийн үр дүн Монголд наалдах хөгжил. Үүнийг л хэлэх гэж нуршив. Юун түрүү суурь бүтцийг 280 сая доллароор овоолчихсон 267 км-ийг түрүүлж тавьсан бол түүхий нүүрс авдаг хамгийн ойр хэрэглэгчдээ шууд хүрэхээс гадна ядаж ковидоор экспорт тасраагүй. Эх орныг минь хорлогч орос зэтгэрүүдтэй Х.Баттулга хэт сүжирсэн нь урвалтын хэмжээнд хүрсэн. Путины дүрд хувилах гэсэн түүний залбирал улсаа өөд татах байтугай хоосолж орхив. Мэхт мэхэндээ гэдэг. Үйлдсэн лайгаа эдлэх ёстой. Баттулга Таван толгойг нарийн төмөр замаар Ганц модтой 10 жилийн өмнө гацаалгүй холбочихсон бол түүнд мөргөх сөн.
Хөсрий яс цагаатгах хүсэмгүй өршөөл
Гэмгүй хүмүүсээ хилсээр яргалсан нь цагийн урсгалд үнэнд гүйцэгдэж, бултах гарцгүй ял нэхэгдмэгц тэвдэхдээ булш ухаж, ил гаргасан хэнийх нь тодорхойгүй бүрлээчдийн араг яснуудад цагаатгаснаа уншиж сонсгов. Сонсголдоо “Цагаатгал бол энхрий хайрт МАХН-д л байдаг өршөөл” гэж өөрсдөөрөө бахархахаа голлоод, хилсээр амиа алдагсдад үнэн зүрхнээсээ гашуудалгүй хуурамч дүр эсгээд мартав.
150 орчим эх орончийг маань Москвад зөвлөлтийн хуулиар буудсаныг нуусаар яваад 70 гаруй жилийн дараа илэрсэнд дурамчхан царайлсан. Эх орондоо улаан Оросын тулгалтаар 40-50 мянган гэмгүй ах дүүсээ яргалсныг дурсахад “40-50 нь юу ч вэ 20-30 мянга” гэж янзгүйрхана. 40-50 мянгыг 20-30 мянга гэснээр яргалал цайрах уу. Арилдаггүй айдас-өнгөрсөн зуунд зүрхээ зүсүүлснийх л дээ уг нь. Одоо ч бид дээрэлхүүлдгээ дэлхий дахин, ялангуяа баруунаас чанд нуудаг. Орос авраагүй бол Монгол сөнөсөн гэх бялдуучлалд хувирсан айдас-арилах яагаа ч үгүй шинжтэй. Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн араас хэлмэгдэл дагадаг. Гэхдээ геноцид болтлоо даамжирсан яргаллыг ардчиллын үед харамсан дурсахад минь зэвүүцдэг өнөө үеийн монголчуудыг өвгөн би ойлгохгүй юм.
Баттулгын дархлаа. Таван толгойн коксыг хаяа нийлсэн бэлэрхүү хэрэглэгч БНХАУ руу төмөр замаар зөөвөл Монгол руу доллар урсахыг Х.Баттулга зориуд хааж, орос олигархиуд хожсон нь Путинд таалагдсан. Путины хормойд шургах-нэг үгээр Ю.Цэдэнбалын зам. Орос авгайтай гэж байгаа. Х.Баттулга Англи Шведээс элчин сайдуудаа татаж авчраад шоронд хорьж өлхөн чадсаны ард Путин байгаа гэж айгаад хэн ч дуугарч чадаагүй.
Дараа нь Сү.Батболдыг онилов. УИХ-ын индрээс телевизээр түүний мэдэгдсэн “Сү.Батболд төрийн эргэлт хийв” гэх бичлэгийг үз. Гэвч ганзагын наймаачны хэт болхи арга орос ноёдоо гонсойлгосон биз. Цэвэрлэгээ хийж замаа засах давшилт бүдэрч эхэлсэн бөгөөд Украйнд довтолсон Путины алдар суу ч хог болсон. Гэхдээ Монголд бол Х.Баттулгынхаа хилийн хорио зэргийг аргалахтайгаа байгаа нь мэдээж.
Х.Баттулга төмөр зам гацааж, нурмаг малтмалаа олон жил 20-30 мянган машинаар зөөдөг дэлхийд байхгүй тээвэр эхлүүлснээс үүдэж хулгай хавтгайрсан. Хулгайд алдсан нүүрсний үнэ хэдэн ихнаядаар яригдаж буй. Нүүрсний том хулгайг Х.Баттулга “төрийн нууц” болгосон этгээд. Тиймээс нүүрсний хулгайн ноёноор тодорсон. Ерөнхийлөгч Х.Баттулгынхаа хулгайг дагаад томчуудын нүүрсний хулгай гаарсан билээ.
Авилгаа бус ардчиллаа онилов. 90 оны тэсгим жаварт эрх чөлөөгүй ядуу дорой олныхоо өмнө зориглон босож, 70 жилийн харгис системийн өөдөөс ардчилалд уриалсан хэдэн бөөдгөр дүү нарыгаа хэдий алдаж онолооч би ясандаа тултал өширхөж чаддаггүй өвгөн. Үхсэн хойноо ясаа тоншуулахыг Чойбалсан Цэдэнбал мэдээгүй ч үр удам нь үзэхийг бид харлаа. Хойшид түүх, урлаг, уран зохиолоос бүр ч ихийг мэдэх болно гэж зохиолч хүний хувьд амлая.
Цаг цөвүүрвэл өөдгүй хүмүүс оодорч хэлмэгдэл идэвхждэг. Хэлмэгдлийн нэг тал хэлмэгдэгч нөгөө тал хэлмэгдүүлэгч. Хэлмэгдэгч хөөрхийсөө бид хайхрахгүй явснаа олон жилийн хойно ардчиллын буянд цагаадахаар нь гэнэт их харамссан. Улирсан баларсанд уйлах, хуурамч санагдсаныг зориуд хэлье. 9-р сарын 10-нд хэлмэгдэгчдийн өдрийг тэмдэглэж буйгаа хар. 50 юм уу 100 юм уу мянган хүний амь. Сэтгэл гаргалгүй оромдсон дурсгалын хөшөөрхүү юм нь айлын төмөр пийшин шиг гомдмоор. Харин хэлмэгдүүлэгч нараа бид амьдад нь долигоноод үхэхээр нь хараадаг. Бид дийлсний талд орж дэлдийснээ элбэж барьдаг ноход. Мунхаг тэгээд цэвдэг этгээд нөхдөө хилсдүүлдэг. Атаа хорсол голлодог. Хэлмэгдүүлэгчдийн нийтлэг шинж тийм.
Төрийн бүх эрхийг ганц гарт атгаж, хуучин руугаа буцах замд 90 оны архаг ардчилагчид тээглэв. Тэднийг зайлуулах башир технологи хэрэглэлээ. Тэр нь “авилгачдыг арчих” нэрээр ардчиллынхаа лидерүүдийг “авилгачид” хэмээн түүж шоронд хориод, троллуудаа цэнэглэн авилгад бухимдсан давалгааг сэвж хотлыг шоронд хоригдсон ардчиллын хэд рүү турхирав. Эцсийн зорилго нь авилгаа бус ардчиллаа арчихаар довтолсон юмсанж. Ашгүй монголчуудын заяа түшив үү яав Х.Баттулга давхар жаандаа арай хожсонгүй.
Бууны ноход. Хэлмэгдлийн үед ногоон малгайт бууны ноход мөн ч олон гэмгүй хүн тамлаж хөнөөсөн дөө. Мангаа До, Жамбалдоржтны залгамж халаа-бууны ноход эдүгээ прокурор, дээд шүүхэд орогнох тухай зүүдэнд ч багтамгүй. Гэтэл тийм новшнууд тангараг өргөсөн хуулиа нулимаад томилсон хулгайчийнхаа дохио зангаагаар гэмгүй хүмүүс хилсдүүлэх өргөн боломжтой өндөр сэнтий уже эзэгнэчхэж. Бууны ноход ерөнхийлөгчийн зангаагаар гэмгүй нөхдөө хилсдүүлээд эцэст нь ардчиллын шахалтаар шоронгоос арга буюу сулласан гэж би үздэг. Тэгсэн аваас тийм прокурор шүүгчдийг заавал олж, хариугаа заавал авч бай. Хариугаа заавал авдаг болбол шүүх прокурор цэвэршинэ. Гэмгүй нөхдөө хөнөөвөл хариу нь ирдгийг зовлогоороо эдлэж байг. Шийтгэлээ эдэлж буй бууны нохдыг ард түмэнд харуулснаар тэднийг шигших олны мэдрэмжийг хурцална. Хууль, ёс зүй ариусч хүчтэй журамлаг масс давамгайлна.
Хууль бол шинжлэх ухаан. Шүүх прокурорын шийдвэр хөдлөшгүй баримтаар нотлогдсон байх учиртай. Алив шинжлэх ухааны гаргалгаа нэмэх хасах (дээд тал нь 0,3 хүртэл) хэлбэлзлийг зөвшөөрдөг ч нэг бол 10 жилээр яллах, эсвэл суллах-тийм хол зөрөх ёсгүй. Бүдүүлэг цагийн ноёны шийтгэл тийм хол (ерөнхийлөгч Х.Баттулгын хаанчлалын үеийнх шиг) зөрж байсан ч юм уу. Хуулийн мэдлэггүй харанхуй бүдүүлэг манай эрх баригчид Шүүх, Прокурор, АТГ-ын тавиулд амныхаа багтаамжаар ялын захиалга буулгаад тэр нь үнэнд гүйцэгдвэл өршөөл ч биш цагаатгал ч бишээр замхардаг болжээ. Өршөөл, цагаатгал уг нь-хоёр туйл. Гэмээ бүрэн ухамсарласан нэгнийг өвчин зовлонд учирвал өршөөдөг. Гэмгүй нь нотлогдвол цагаадах хуультай. М.Энхсайхан, Э.Бат-Үүл, С.Баяр, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар өршөөгдсөн юм уу цагаадсан юм уу? Бүрхэгдүүлээд түмний анхаарлаас холдуулж, мартуулах улстөр тоглочихов. Уг нь нийгэм бурхан чөтгөрөө ялгаж сурах-хөгжил юмсан.
Х.Баттулгын тавиулууд одоо ч шүүх засаглалд бүгж байх шиг. Тэднийг хамгаалж буй үл үзэгдэгч урт гаруудыг илчлэх сонирхол дээр доргүй байна уу. Шүүгчдийг авилгадсан Х.Баттулгын зөвлөх Б.Баасанцогтын ичиж үхмээр булай дэлгэгдсэн. Яаж төгссөн бэ Нямбаатар сайдаа? Яагаав нөгөө Таны телевизээр үзүүлсэн схем гэгч баримт. Оцогноог орхиё. Хойд хилээр орж ирсэн хэд ч гэлээ сая долларын хэрэг яасан? Гэмгүй хүмүүс захиалгаар хилсдүүлж, гэмт хэрэгтэнд ял завшуулсан прокурор шүүгчдийг шийтгэхгүй бол шинэчлэл яриад утгагүй ээ сайдаа. Женког та хэд оргуулчаагүй биз.
Аниагүй шархны хөндүүр. Эмзэглэснийг минь-аниагүй шархны хөндүүр гэж ойлгоорой. Гучин хэдэн оны дайчилгааны загвараар сая ХХI зуунд ерөнхий сайдууд, сайд нараа жирийн хулгайч бус эсэргүүнээр яллах гэж хорив. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Гадны гар хөл болж журмын андаа “хорлон сүйтгэгч” хэмээн гүтгэж, хөнөөхөөс ч сийхгүй чарлавааг төрийн өндөрлөгт залбал буурай улс сүйрдэг. Сөрвөл хэлмэгдэнэ. Энэ бол монголчуудын эдлээд ирсэн эмгэнэл.
УИХ, ЗГ-ын тогтоолоор Оюутолгойн гэрээ хийлцсэн С.Баярцогтод 10 жил зааж, хөрөнгийг хураах ял сонсгосонд өвгөн би хирдхийв. Юм л бол 10 жилээр зааж, хөрөнгө хурааж байсан харгислал мануусын үеийнхний зүрхийг шархлуулсан агаад аниагүй сорви хөндүүрлэсэн болтой. Кремлийн заавар Монголд аянга байсныг сэргээж, зовхи нь өөдөө нөхдөө намнаж, өөрсдөө Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал болох Х.Баттулга, З.Энхболд хоёрын мунхаг мөрөөдөл гэж хардам сэжиг төрүүлсэн.
Гүний уурхайн санхүүжилтэд хөрөнгө босголцсон Д.Ганболд, Б.Бямбасайхан хоёрт 4, Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгч, эх орноо хорлон сүйтгэхийг завдсан М.Энхсайханд 4,6, ядууст олгох зээлийг банкаар дамжуулж хүү төлж хороолгүйгээр шууд өгсөн Н.Номтойбаярт 4, С.Баярыг Оюу толгойн гэрээг барууныхантай том толгойлж байгуулсан гэх орос хяхуугаар 5 жил 5,5 тэрбумаар яллаж сүржигнэв. Арай ч цаазаар авъя гээгүй. Гэхдээ дайснуудыг буудъя гэж шаардагчид интернетээр дүүрсэн. Бухимдлын энэ давалгаа бол монголчуудын өдгөөх ухамсарын хэмжээ-яалт ч үгүй бодит уур амьсгал.
Гэвч хорлон сүйтгэгчид цөм суллагдав. Тэднийг ерөнхийлөгч Х.Баттулга өршөөв үү, эсвэл цагаадав уу? Энэ асуулт хариултгүй замхрав. Хариулахаас Төр, Засаг, Шүүх-гурвуул бултсан. Гадны хатгаасаар намнах гэж хорьсон ерөнхий сайд, сайд асан нөхдөө Х.Баттулга, З.Энхболд хоёр суллаагүй. Тэднийг ардчилал сулалсан. АТГ, УЕП, УДШ-ийн шинэ удирдлагыг ҮАБЗ ждү яранд татуулаад хөдөлж чадахаа больсон гишүүдийн 950 саяын кнопоор барьцаалж, зөвлөмж нэртэй томилгоог хүчиндсэн. Хууль үнэгүйдүүлсэн зөвлөмж гэгч лүндэн буулгадаг болсон-хүзүү сээрээрээ тэврэлдсэн гурвын нялуурал хамтарч хулгай хулгуулах хуйвалдаан биш биз? Засаглалаа хянах эрхийнхээ дагуу тэмцээч. Ардчиллын ачаар хүн ам-сүрэг мал биш болсныг дураараа дургигчдад мэдрүүлбэл уг нь хууль засаглаж эхлэх жамтай.
Ерэн оны хэд нүдэнд орсон шороо болсонд ардчиллын үнэт зүйлсийг дэмждэг зохиолч харамснам. Алсыг үүрд зориход төрсөн нутгаа байн байн эргэж хардаг шиг насны хугацал ирэхэд хойч үедээ “биесээ бүү хэлмэгдүүл” гэж захисаар нүд аньдаг болтой. Эсэргүү Элбэгдорж Энхсайхан Сайханбилэг Баяр Баярцогт Бат-Үүл Баабар Ганболд Бямбасайхан гээд өтөл би цээжилж дөнгөмөөргүй нэрс хөврөх янзтай. ХХ зууны нүгэлт жишгээр тэднийг хилсдүүлчихээд дараа нь өршөөлөөч өвгөн миний нас наана нь төгсөх тул цагаатгалын баярт мэдээг чинь сонсохгүй. Тиймээс хэлмэгдүүлснээ цагаатгаж новшрохгүй зөв шүүгээрэй. Буруутныг би хэзээ ч өмөөрөхгүй. Ардын дайсан японы тагнуул гэж хилс цаазлаад хөсрий ясыг нь цагаатгасан шившиг саяхных. Үзэл санааны хэрэгтнээр ялалснаа-үйлдсэн нүглээр нь хөдөлшгүй нотол. Бас дахин нотол гэж гуйж байна.
Яргалснаа хэлмэгдүүлсэн гэдэг. Тоост хорвоод 80 гаруй жил шороо хөдөлгөхдөө эхний 50 жилд ардын дайсан, хар шар феодал, нударган, японы тагнуул, залгуулаад сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг гэх мэт эсэргүү нарыг нам засаг даран сөнөөснөөр би жаргаж явна гэж хүмүүжив. Ардын дайсны нэрс балчир насанд маани мэгзэм шиг цээжлэгджээ. Одоо ч цээжинд бэлэн. Бодоо Данзан Лосол Догсом Гэндэн Дэмид Лхүмбэ Амар гээд хөвөрнө. 80 насныхаа сүүлийн 30-д гэмгүй хөөрхийсийг хилсдүүлжээ гэж гэгээрэв. “Хэлмэгдүүлжээ” гэх нь “яргалжээ” гэснээс айдас арай бага хүргэнэ.
Ухсан нүхний ирмэг дээр бөөнөөр нь бохируулаад араас нь дагз руу нь буудаж онхолдуулаад булахад дутуу үхсэн зарим шороон дор тийчилдэг байжээ. Дороосоо пөмбөлзсөн шороо болгон руу нэг бүрчлэн буудаж гүйцээдэг байсныгаа амрааж буй коммунист өрөвч зан гэж бахдангуй ярихыг сонсоод би “хэлмэгдэл” гэх аймшгийг дутуу ухаарч явснаа мэдэж гутрав. Орос Долгор гэгч хөөрхөн бүсгүй цусаа татаад үхэж өгөхгүй зовоов гэх хууч 90-ээд оны салхиар сонсогдож өр өмлөлөө. “Зовоов” гэдэг нь цусаа татаад гол нь тасрахгүй Долгорын зовлон бус түүнийг гүйцээх гэж “зовсон”-оо хувьсгалч гуай илэрхийлж буй царайгаар хөөрсөн шүү. Орос хэл сайн сурсан тул орос Долгор нэр авчээ. Алуулахдаа орилж чарлаагүй сайн бүсгүй байсан гэж ногоон малгайт явсан өвгөн намч-зарчимчаар үнэлж харагдсан.
Ногоон малгайт явсан өөр нэг өвгөн, лам нарыг хүлж байсан хүвэрхий уран уяагаа телевизээр үзүүлж гайхуулсныг юу гэх вэ. Энэ аймшгийг яагаад дурсав гэвэл өдөрт олонтаа сонсдог “хэлмэгдэл” гэх үгийг би яргалал гэж төсөөлж яваагүй балай аж. Алснаа алсан гэлгүй “хэлмэгдүүлсэн” гэж миний дүнхүү тархиар нам засаг тогложээ. 80 хүрч байж л надад эргэлзэх ухаан төрөв. Цаазлуулах уу, хэлмэгдэх үү гэвэл би хэлмэгдье л гэнэ. Гэтэл хэлмэгдсэн 40-50 мянга маань бүгд буудуулсан.
Улаан оросын дохиогоор цаазалж байв. Энэ бол нотлогдсон баримт учир бичихэд гулчийх шалтгаан алга. Гадны тушаал холдсон үед хэлмэгдэл дахин гарвал монголчууд биесээ нухдаг “амьтад” болохоо батална. Яргаллын нүглийг улаан оростой хуваалцах өөдгүй монгол бишгүй байсан, одоо ч бий. Тэнэг мунхгаа хүн төрөлхтөн засах чадвартай тул жаргал зовлон хоёрт хүмүүжжээ. Хэдэн анд нөхдөө шоронд хийчээд төрийн ноёлох оргилоос хөмсөг зангидан хөмхий зууж асан Х.Баттулга мөрдөгчийн өмнө дээлээ нөмрөөд байцагдаж сууна. Үхэх дөхөхөөр нулимс хий аяндаа хураад байх юм. Хэнийг ч бүү хилсдүүл. Нүгэл. (2020-2022)
Оноч
бат
Зочин
Таг хөлдүү Доржготов
Оноч
Оросхүү
Монголхүү
DR. PRADHAN
Зочин
оноч
Оноч
Зочин
Ruth
Оноч
70-80
Итгэл бөхсөн Монгол эх орон минь
Zaluu
СБД иргэн
Зочин
Иргэн
Зочин
Ахмад