СҮҮТЭЙ БУРХАН
Эх хүн үр нь өвчин хүрвэл сайн оточийг олохын тулд хүүхдээ өргөж үүрсээр хорвоогийн хязгаар ч хүрч чадна. Эх хүн өөрөө өлссөн ч сүүлчийн атга будаагаа үрдээ өгдөг. Эх хүн өөрөө хүйтэнд даарсан ч ганц дээлээрээ үрээ хучиж дулаацуулдаг. Эх хүн өөрийн хураасан хамаг хөрөнгө, мөнгөө хэрэг гарвал нэгийг ч үлдээлгүй хүүхэддээ өгдөг.
/ эссе /
Эх хүн үрээ өсгөж Хүмүүн болгодог. Ээж, эмээ нар өөрийн хүүхдээ өсгөж дараа нь ач зээ нараа өсгөж энэ хорвоод борви бохисхийх завгүй үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг. Эх хүн хамаг залуу насаа үрийнхээ төлөө зориулж хорвоог бардаг. Нас нь өндөр болсон ч эмээ нар маань ач зээгийнхээ төлөө хамаг бүхнээ зориулдаг.
Эх хүн хувиа боддоггүй, харин үр, ач нарынхаа төлөө хамаг бүхнээ зориулж нэг мэдэхэд хорвоог орхих цаг ирдэг. Гэвч тэд нар маань “хүүхэд харсаар хорвоогийн жаргал эдэлсэнгүй дээ, хамаг насаа дэмий өнгөрөөлөө дөө” хэмээн хэзээ ч хэлдэггүй, хэзээ ч харамсдаггүй, хэзээ ч гомдол гаргадаггүй, харин үр ач нарынхаа төлөө эцсээ хүртэл зүтгэсээр хорвоог орхидог.
Эх хүн та алсын замд гарсан үрийнхээ төлөө сүүгээ өргөж хүүгээ хүлээдэг. Эх хүн Таны өргөсөн сүүний ерөөлүрсээ хэзээ ч хар мөрд оруулдаггүй хамгаалдаг. Ямар ч хүнд нөхцөлд орсон, хичнээн хол ч байсан үр нь ээжийгээ дуудахад тэр нь авралын тарни болдог. Үр нь өвдөхөд эх нь өвддөг. Үр нь жаргахад эх нь жаргадаг. Хүн ээжтэйгээ хамт байхад жаргалтай байдаг. Хүн ээжээсээ хол байхад ээжийгээ хором бүр үгүйлдэг.
“Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэсэн монгол зүйр үг байдаг.Үнэхээр эхийнхээ ачийг хариулсан үр хүүхэд энэ хорвоод хэд билээ.Эхийгээ баярлуулж чадсан хөвгүүд хэд билээ. Эхээ хайрладаггүй хүн эх орноо хэзээ ч хайрлахгүй, бусдыг хэзээ ч хайрлахгүй. Эхээ хайрладагүй хүн эхнэр хүүхдээ ч хайрлахгүй.
Тэхлээр хүнийг эхээ хэрхэн хайрладагаар нь хэмжвэл тэр хүний жинхэнэ төрх тодорно. Ээжийгээ хүндэлдэг хүн бусдыг хүндэлж чадна. Ээжийгээ хүндэлдэггүй хүн хэнийг ч үл хүндэлнэ. “Энгэрээс нь сүү асгардгийг нь бодож эх хүнийг бүү муу хэлээч” хэмээн манай нэгэн яруу найрагч хэлсэн байдаг.
Эх хүнийг муу хэлдэг хүн өөдөлдөггүй гэдэг. Эхийгээ муухай харсан, харааж зүхсэн хүн дараах төрөлдөө тамд унадаг гэдэг. Эхийн хайраар дутсан хүн эцэстээ харгис хүн болдог. Эхийн хайраар бялхсан хүн эцэстээ энэрэнгүй хүн болдог. Эх хүн шоронд орсон үрээ хэзээ ч муу хэлдэггүй, хайрласан хэвээр байдаг. Эх хүн хүүг нь мянга, түмэн хүн муу хэлж, ад үзэж харааж зүхэж байсан ч хэзээч үрээ муу хэлдэггүй, хараадаггүй, хайрласан хэвээр насыг бардаг.
Эх хүн үр нь өвчин хүрвэл сайн оточийг олохын тулд хүүхдээ өргөж үүрсээр хорвоогийн хязгаар ч хүрч чадна. Эх хүн өөрөө өлссөн ч сүүлчийн атга будаагаа үрдээ өгдөг. Эх хүн өөрөө хүйтэнд даарсан ч ганц дээлээрээ үрээ хучиж дулаацуулдаг. Эх хүн өөрийн хураасан хамаг хөрөнгө, мөнгөө хэрэг гарвал нэгийг ч үлдээлгүй хүүхэддээ өгдөг.
Хүнд нэг юм их дутдаг. Тэр бол эхийн хайр. Эхийн хайрыг юугаар чсольшгүй. Орчин үеийн их мэдэгчид “Хүүхдийг багаас нь эхээс нь холдуулж бие дааж сургах хэрэгтэй” хэмээн ихэд цэцэрхдэг болжээ. Эхийгээ хайрладаг, ээжийгээ санадаг хүүхдийг эхийнхээ өврөөс гараагүй, эхийнхээ хөхнөөс салаагүй нялх амьтан хэмээн шоолдог явдал ч буй.
Эдүгээ монгол хүүхдийг хар багад нь эхээс нь салгаж харь нутагт сургуульд явуулдаг болжээ. Өмнөд хөршийн Хөх хотод арван нас хүрээгүй жаахан хүүхдээдунд сургуульд явуулдаг болжээ. Алс холын Англи, Америк руу бага насны хүүхдээ чявуулдаг болжээ.
Арав, хорин жил аав ээжээсээ хол явсан хүүхэд эхийн хайрыг мэдэрсэн энэрэнгүй хүн болох ньюү л бол? Эдүгээ эхийнхээ хөхөөр өсөөгүй хүүхэд олон болжээ. Эхийн хөхөөр өссөн хүүхэд эрүүл саруул өсдөг. Монголын хөдөө нутагт таван нас хүртлээ эхийнхээ хөхөөр өссөн эрүүл чийрэг хүүхэд зөндөө л байдаг.
Эх үрийн барилдлага үнэхээр гайхамшигтай. Эх үрийн хүйн холбоо үнэхээр агуу. Эх хүнийг магтахад ч багадна. Эх хүний энэрэл хайр далайгаас ч гүн, тэнгэрээс ч уудам болой.
Монгол бүсгүйчүүд хатан ухаантай байдаг. Хатан хүний ухаан гэж хайр энэрэлийг л хэлээд байгаа юм. Өүлүн ээж нөхөр Есүгэй баатар нь татарт хорлогдож өөд болоод ах дүү нар нь нутаг дээр нь хаяж явснаас хойш өнчирч хоцорсон хөвгүүдээ ганцаараа өсгөж, Онон голоос загас барьж уулнаас жимс түүж, гэрт орж эх болж гадна гарч эр болоод хүнд амьдралыг тэсвэр хатуужилтай туулж хөвгүүдээ эрийн цээнд хүргэсэн.Түүний өсгөсөн хөвгүүн Тэмүжин замбуутивийн агуу их эзэн хаан болсон. Чингисийн отгон хөвгүүн Толуй хан харь оронтой дайтаж яваадхараал хүрч өвчин хүрсэн Өгэдэй хаан ахыгаааврахын тулдбөөгийн хэлснээр хортой архи ууж биеэ зольж тэнгэрт хальсаны дараа бэлэвсэн үлдсэн Сорхогтан бэхи хатан өнчин хоцорсон хан хөвгүүдээ өсгөн сургаж Их Монгол улсын эзэн хаан болгосон.Түүний хөвгүүн Мөнх хаан, Хубилай хаан, Хүлэгү хаан дэлхийд алдартай эзэн хаад болсон. Монголын хамгийн их зоригт, ухаант мэргэн бүсгүй бол Мандухай сэцэн хатан. Монголын их хаадын алтан ураг тасрах аюулд ороод байхад амьд үлдсэн ганц Батмөнх хан хүүг асран өсгөж, унтрах дөхсөн алтан ургийн гал голомтыг бадрааж, Чингисийн сүлдэнд долоон нуган үр, ганц охин төрүүлж өгөхийг гуйж залбирал ерөөл тавьснаар алтан ургийн долоон хөвгүүн, ганц охиныг төрүүлж монголын алтан ургийг аварсан, салж тэрсэлсэн ойрадыг дарж, Монгол улстай нэгтгэсэн үлэмж их гавьяатай. Мандухай сэцэн хатан Монгол улсынхаа төлөө мохошгүй тэмцэж ялсан зоригт баатар бүсгүй.
Замбуутивд оюун ухаанаараа гайхагдаж гэгээрсэн бүсгүчүүд буй. Ариун номын Түвд орноос гэгээрсэн бүсгүйчүүд төрж замбуутивийн чимэг болсоор мөнхрөн үлджээ. Түвдийн Мандарва, Иш Цогъял, Мажиг Лабдран хэмээх оюунт бүсгүйчүүд аглаг агуйд бясалгаж үлэмж их хатуужил тэвчээр, зоригийгүзүүлж, бурханы номыгэзэмшиж гэгээрсэн дагинас болсныг замбуутивийн бурханы шашинтан сүсэгтэн олон дурсан санадаг.
Ядуурсан, өнчирсөн , хаягдсан, хүнд өвчилсөн хэдэн мянган хүүхэд,хүмүүсийг аварч энэрсэн Тереза /1910-1997/ эхийн гавьяаг хүн төрөлхтөн сайн мэднэ. Тереза эх дэлхий даяарядуусыг тэтгэн туслах нийгэмлэгийг 120 гаруй улс оронд 600 гаруйг үүсгэн байгуулж эдгээр байгууллага нь өдий хүртэл ядуус, хүнд өвчтэй хүмүүст зориулжасрамжийн газар, сургууль, эмнэлэгийг олноор нь байгуулж буяны үйл ажиллагаа явуулж байна.
Дорно дахины бүсгүйчүүд ямар их сэтгэлийн хаттай, гэр бүлээ эцсээ хүртэл хамгаалж, зорьсондоо хэрхэн хүрдгийг бид бодит явдлаас үндэслэн бүтээсэн япон, солонгос киноноос үзэж харж мэдсэн. Японы олон ангит “Ошин”, “Лиш цэцэг” хэмээх кинонд япон бүсгүй эр нөхрөө дайнд алдаад ямар их тэвчээр хатуужлыг туулж, ямар их хөдөлмөрлөж, үр хүүхдээ өсгөж, орон гэрээ өөд татаж, зуун нас дөхсөн ч ажилдаа бүх сэтгэлээ зориулж, бизнесээ хөгжүүлсээр өөд болдог түүхийг бид үзсэн. Солонгосын “Дэй Жан Гүм” хэмээх олон ангит кинонд жирийн нэгэн ядуу бүсгүй ямар их зовлон туулж ямар их тэвчээр гаргаж улсдаа хамгийн том оточ эмчболдог түүхийг бид үзсэн. Дайнд алга болсон нөхрөө гучин жил хүлээсэн вьетнам бүсгүйн тухай би хэвлэлээс уншаад түүний үнэнч сэтгэлийг гайхан биширсэн.Тэр хүлээлт талаар болоогүй, тэр бүсгүй эр нөхөртэйгээ гучин жилийн дараа уулзаж сэтгэлээ дэвтээсэн, жаргалаа олсон. Дорно дахины ёсонд үр хүүхэд нь эхийнхээөмнө сөгдөн мөргөдөг ёс нь сайхан харагддаг.Цагаан сарын шинийн нэгэнд монголчууд хөх цэнхэр хадгаа барьж ээжтэйгээ золгодог нь хамгийн жаргалтай агшин.
Хүний хаясан, орхисон хүүхдийг өрөвдөж өргөж аваад өсгөж хүн болгосон хичнээн эх хүн энэ хорвоод байгаа бол? Эхийнх нь сүү ороогүй, эх нь орхиод сүүгүй хоцорсон бяцхан хүүхдийг өөрийн сүүгээр хөхүүлэн өсгөж хүн болгосон хичнээн эх байдаг бол?
Тэдний өмнө сөгдөн мөргөе. Энэ хорвоогийн эх хүн хичнээн олон янз, хичнээн өөр байсан ч, хар арьстан ч бай, цагаан арьстан ч бай, ази чбай, африк ч бай эх хүн хэвээрээ л үлддэг, энэрэл хайраа үрдээ л зориулдаг.
Эх хүн Танаа зориулж энэ хорвоод алтаар хөшөө босгосон ч багадна. Эх хүн Танаа зориулжэнэ хорвоогийн хамгийн сайн ус болох шүүдрийн усаар бүх насаараа цай чанаж өгсөн ч багадна. Эх хүн Таны ачийг юугаар ч хариулж эс чадна. Эх хүн Таны энэрэлийг юугаар ч орлож үл чадна. Эхтэй хүн жаргалтай, ээжтэй хүн үхдэггүй гэдэг.
Эх хүн Та энэрэл хайрын Бурхан. Эх хүн Та замбуутивийн сүүтэй Бурхан.
2018.03.8
Лувсан
Зочин
Оноч
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Zochin
Жанжинд баярладаг
Зочин
zochin