Супермаркетаас ч илүүг хүссэн юмсан

Коммунист тогтолцоо төгсгөл болсны 30 жилийн ойд зориулагдсан энэхүү номын гарчгийг оноохдоо тохиолдлын чанартайгаар, ямар нэгэн хялбарчлал эсвэл санаатайгаар хэтрүүлэг хийгээгүй болно. Коммунизмын үеийн эрх чөлөөгүй байдлыг эцэслэхийг бид бүгдээрээ ихэд хүсэж, тухайн цагийн эдийн засгийн уналтыг зогсоохыг эрмэлзсэн. Гэсэн хэдий ч лангуу дүүрэн супермаркет, далайн эрэг дээр амрахад зөвшөөрлийн бичиг шаардахаа болих, улам л томроод байдаг зурагтын дэлгэцээр үй олон суваг сольж үзэх төдийхөн бол бидний жинхэнэ хүсэл эрмэлзэл байгаагүй юм. Бүх төрлийн “Гулаг”-ийг устгах, тойрон хүрээлэгчдийн эрх мэдлийг хязгаарлах хуулийг батлах зэрэг ч хангалтгүй гэдгийг бид мөн мэдэж байлаа.
Бидний амьдралыг төрөөс зохицуулах, хэн нэгэн нь зааж зааварчлах эрх мэдлийг эргэн ирэхгүйгээр нэг мөр устгах нь л бидний хүссэн үндсэн зүйл байсан юм. Хамгийн чухал нь энэ байсан. Эдийн засгийн өсөлт, дэвшлийг бид хүсэж байсан ч энэ нь зах зээл бүрэн утгаараа ажиллаагүй нөхцөлд боломжгүй гэдгийг ч бидний цөөн хэсэг нь мэдэж байлаа (зах зээл нь автоматаар элбэг дэлбэг амьдралд хүргэх баталгаа биш болохыг ч бас мэдэж байсан).
Бид жам ёсны эрх чөлөөг хүсэмжилсэн билээ. Хожих, хожигдохоо өөрөө сонгох эрх чөлөөг. Гэтэл өнгөрсөн хугацаанд олсон амжилтыг эс тоон өнөөгийн ертөнц маань тэртээх 30 жилийн өмнөх ертөнц рүү улам бүр ойртсоор буйг анзаарч байгаа нь ганц би биш болов уу.


Эртний анд, хамтран зүтгэгчтэйгээ энэ номын нэрийн талаар анх зөвлөлдөхөд Толкиэны Хүрээд буцсан зам гэх зохиолын нэрийг тэр санал болгож билээ. Тун дажгүй, миний санааг ерөнхийдөө илэрхийлсэн нэр боловч, олон хүмүүст ойлгомжгүй үлдэж магад хэмээн би эмээсэн. Учир нь иргэд ямар нэгэн зүйл буруу явагдаж байгааг, 30 жилийн өмнөх тэдний төсөөлөлтэй өнөө цаг нийцэхгүй байгааг мэдэрсэн хэдий ч бид эргээд хуучин үе рүү хөдөлж эхэлснийг ухамсарлаагүй яваа юм. Зам яг “тийшээ” биш, арай өөр зүгт хазайчихлаа, бага зэрэг буруудчихлаа л гэж бодож байгаа. Харин бид хуучин руугаа буцаж байгаа дүр зургийг л би олж харж байна.
Найз маань өөр хувилбар болгон Кайнарын Биеллээ олоогүй мөрөөдөл гэх нэрийг санал болгосон боловч би мөрөөдлийн тухай ярихыг хүсээгүй (шинэхэн Мартин Лютэр Кинг бололтой биш). Учир нь 1989 оны арваннэгдүгээр сард би мөрөөдөгч байгаагүй. Коммунизмаас ангижирч “хэвийн” нийгэмд шилжихийг мөрөөдөл биш хэмээн прагматик байдлаар дүгнэгч л байлаа. Түүхэн жам үйл явцтай холбоотойгоор эрт, орой нэгэн цагт хэрэгжих нь зайлшгүй бодит зорилго хэмээн харж байв. Тиймээс бодит бус мөрөөдөгчдөөс ялгаатай нь сүүлд нь сэтгэл гутрах шалтгаан надад байсангүй.
Өнгөрсөн 30 жилийг би хэрхэн харж, мэдэрч, амьдарч өнгөрүүлсэн талаараа энэ жижигхэн номд хүүрнэх болно. Өнгөрсөн 30 жилтэй холбоотой олон асуултад миний удаан хайсан хариултууд энд бий.