СҮ хэмээх horror movie
Товчхондоо “Жэнко энтэртэйнмэнт” гадаадад асар их зардлаар “зураг авалт хийсэн”, маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн “action” за бараг “horror” киногоо цацах гэж байтал гэнэт өнөө кино нь “Андын хагацал”, “Навчис модноос унахад Намар ердөө шалтаг байсан Хүүк суудлаасаа буухад Хүйтэнд жагсах ердөө шалтаг байсан” хэмээгдсэн мэлодрама кино болоод хувирчихав гэнэ.
Мориноосоо буулгүй ерөнхийлөгч болох амархан ч мориндоо суугаад өгсөн амлалтаа биелүүлэх хэцүү ажээ. Гудамжинд хятад хүн тааралдахад “Энэ юу болж байна” хэмээн ууртай LIVE цацаж, хятадын тэргүүний айлчлалаар зам сөрж Энхтайвны гүүр даван гүйж асан ерөнхийлөгчийн хувьд сүүлийн дөрвөн жилд хийсэн ганц гялтайх ажил нь хятадтай найрсаг харилцаагаа илэрхийлэн 30 мянган хонь бэлэглэсэн явдал болсон нь хоржоонтой. Нэгэн цагт “Жэнкотой өрсөлдсөн Зимбаб хүн ч эцэст нь өөрийгөө хужаа гэдгийг ойлгоно” хэмээн анд Содбаатар (огцорсон Содбаатар биш) маань хошигнож байсан бол одоо энэ киноноос хүмүүс уйджээ. “Хүүхдийн фонд” нэртэй шинэ жилийн “Баярын мишээл” хийсэн ч хүмүүсийг мишээлгэсэнгүй харин ч хөмсөг зангидуулж орхив. Тэгэхээр үлдсэн ганц киноны сэдэв нь “30 толгой цаазалж, 30 тэрбум доллар офшоор бүсээс оруулж” ирэх тухай юм. Энэ киноны трэйлэр бүр 2017 оны сонгуулийн үеэр анх цацагдаж, “зураг авалт үргэлжилсээр” дөрвөн жилийн нүүр үзэж, шинэ он нээх бүртээ киноны трэйлэрээ улам гоёмсогоор найруулан хүргэсээр байлаа (өөрөө ч офшоорт холбогдсон байхад хүртэл шүү!). Одон тарааж эх орноороо аялахад хүмүүс “офшоор яасан” гэж өнөөх киногоо л нэхэж асуух нь зовлонтой. Киноны трэйлэр нь цацагдаад л байдаг, кино нь байдаггүй ээ. Бас шинэ од тоглохгүй бол хүн үзэхгүй болчихоод байдаг. Шинэ од нь харин хэн байх вэ? Удаан мартагдсан хуучин одууд ч шинэ од болох нь бий.
Кино хийхэд зардал хэрэгтэй, бас үзэгч нэмэхийн тулд гадаадад зураг авдаг моод монголын кино урлагт дэлгэрч буй жишгийг энэ удаа “Жэнко энтэртэймэнт” дагав. Пиарын ажлаа өнгө үзэмжтэй, үнэмшилтэй, далайцтай болгохын тулд их мөнгөөр гадны хуульч хөлсөлж Хонконг Америк, Их Британи зэрэг гадны шүүхэд Сү-ийн “материалыг” өгүүлэв. Аль ч улсын шүүх ирсэн гомдлыг заавал хүлээн авч, нягталдаг бөгөөд хүлээж авсанаа илэрхийлсэн бичиг шидэж өгдөг. Тэрхүү бичгийг нь скайнэрдаж авах нь л хамгийн гол хэрэг болохоос биш тэр олон улсын шүүх цаашдаа яаж шийдэх нь огтын ч падлийгүй. Ингээд монгол хүн байтугай англи хэлтэй хүн ч уншаад ойлгохын аргагүй янз янзын шүүхийн бичиг цаасны скайнэрдсан зураг интэрнэт орчинд гараад ирэв. Угаасаа ч энтэртэйнмэнтийн улсуудад энэ нь л чухал болохоос биш логик алдаа, шүүхийн шийдвэр, бусад зарчмууд огт падлийгүй. Сү гэж хүн гадны шүүхтэй асуудалтай байгаа гэдгийг л ард түмэн ойлгоход боллоо. Гадаад дахь зураг авалт ямартай ч амжилттай боллоо. Дотоодын пост продакш ажлууд ч амжилттай цэгцэрч судлаач Ганаа, гишүүн асан Уянга, “сэтгүүлч” Отгон, хайртай Мөнхбаясаа эгчийн маань нийтлэл, постууд “teaser trailer” маягаар цацагдаж эхэллээ. Үзэгчид попкорноо бариад олноороо театрт суудлаа эзэлцгээв.
Бүх тулаанчид бэлдэх байдлаа аваад, байрлалаа эзлээд гагцхүү дайрах тушаал хүлээж суутал 2021 оны 1-р сарын 21-ний УИХ чуулган дэлхийд байхгүй, гайхширмаар хурал болж өнгөрөв гэнэ. Сөрөг хүчин Засгаа огцруулахгүй хэмээн гуйж, эрх баригчид нь огцрох боллоо хэмээн баярлаж байтал төрийн тэргүүн нь гарч ирээд “Төрийн эргэлт болж байна” хэмээн албан ёсоор зарладаг ийм парламентийн чуулган дэлхийн өөр ямар ч улсад ийм зүйл байхгүй! Женкогийн гомдоллосон, эмх цэгцгүй үгийг энгийнээр хөрвүүлбэл “Сү-г хамтдаа пойлдоно гэж гар барьсан биз дээ анд аа. Явья л даа, зодъё л доо” гэсэн утгатай байлаа. Харин “Төрийн эргэлт” хийсэн хэмээгдэх Сү.Батболд нь тэсэхээ байж сүүлийн таван жилд анх удаа УИХ чуулганд үг хэллээ. Хууччуулыг улс төрөөс холдуулах гэж ядаж байхад мөрөөрөө нам жимхэн улс төрөөс холдох гэж байсан нэг хүнийг зүгээр байлгахгүй хатгаж, буцаагаад тоглоомд оруулаад ирэх шиг.
Товчхондоо “Жэнко энтэртэйнмэнт” гадаадад асар их зардлаар “зураг авалт хийсэн”, маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн “action” за бараг “horror” киногоо цацах гэж байтал гэнэт өнөө кино нь “Андын хагацал”, “Навчис модноос унахад Намар ердөө шалтаг байсан Хүүк суудлаасаа буухад Хүйтэнд жагсах ердөө шалтаг байсан” хэмээгдсэн мэлодрама кино болоод хувирчихав гэнэ. Хүрэлсүх өөрийн албан инстаграм хуудсандаа 10 мянга хүн дагуулж, өөрөө ердөө цор ганц хүн дагасан байдаг нь Баттулга ерөнхийлөгч байсныг драма гэхгүй бол өөр юуг драма гэх билээ. Horror кино үзэх гэж цугласан үзэгчдэд мэлодрама үзүүлчихвэл мэдээж үзэгчдийн урам хугарна. Гэхдээ л дүүрсэн хэрэг, шатсан ч хамаагүй киногоо цацахаас аргагүй. Кино багийнхны тэр олон хүч хөдөлмөр, олон хүний цалин цавуу, зардал мөнгийг бодсон ч тэр тэгж удаан бэлдсэн, дөрвөн жил трэйлэр нь явсан киногоо цацах л ёстой. Одоо дундуур нь эвлүүлэг орж, ямар ч логик дараалалгүй, дүрүүдийн уялдаа холбоо ч хамаагүй, төгсгөл нь ч тодорхойгүй, Сү гэж гол эсрэг дүртэй /нэмээд урвагч эсрэг дүр Хүүк орж ирж байх шиг/ “Батболд хэрхэн хатаагдсан нь” хэмээх олон ангит сэриал сонгууль болтол явах шинжтэй. Тухлан сууж таалан соёрхоно уу.
“Төрийн эргэлт” хэмээх айхтар ноцтой үг Төрийн тэргүүн нь телевизийн шууд эфирээр мэдэгдэж байхад ард түмэн нь ямар нэг адал явдалт кино үзэж буй мэт “Паа цаашаа юу болох бол..” хэмээн алгаа үрэн суух нь Монголын их амар амгалан уу, Монголын улс төрийн энтэртэйнмэнт оргилдоо хүрсэнийх үү бүү мэд дээ.