Спикер Г.Занданшатарыг Шатахуун хариуцсан сайдаар томилъё!
Энгийн гэмээр засаглалын эрх үүргийн хуваарилалт, харилцан хамаарлыг Төр түших хугацаандаа хэдэнтээ сайд хийж, өдгөө УИХ-ын даргын албыг хашиж буй Г.Занданшатар мэдэхгүй биш гадарлана. Сайн ч мэдэх нэгэн.
Ерөөсөө Г.Занданшатарыг УИХ-ын даргын албан тушаалаас нь буулгаад Шатахуун хариуцсан сайдаар томилъё. Спорт, Боомт, Түгжрэлийн асуудал эрхэлсэн сайдын орон тоо нэгээр нэмэгдэхээс өөрөөр төсөвт гарзгүй, төдийлөн дарамт учруулахгүй, гайхаж, эгдүүцэх хүн ч гарахгүй. Шатахууны нийлүүлэлт тасалдах үед үндсэн ажлаа хийхээс бусдаар хууль тогтоогчийнхоо ажлыг хийгээд явах өөрт нь ч амар байж мэдэх юм. Ингэж бичих ч үндэслэл байна. Учир нь, тэрбээр өнгөрсөн есдүгээр сараас хойш Засгийн газрын нэрийн өмнөөс ОХУ-ын талтай шатахуун тойрсон асуудлаар албан уулзалт, яриа хийх нь олшров.
Хойд хөршид дотоодын шатахууны нийлүүлэлт багасч, үнэ өсөх үед бензин болон дизель түлшний экспортоо түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргасан нь Монголд шууд нөлөөлж болзошгүй эрсдэл, мөн эргэлзээг үүсгэсэн. Москва найтаахад Монгол ханиад хүрдэг гэгчээр. Энэ үед орон нутагт албан томилолттой явсан УИХ-ын спикер Г.Занданшатар “ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володинтой утсаар ярьж, бензин, дизель түлшний хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байхаар тохиролцлоо” гэдгийг иргэдэд дуулгаж байлаа. Утсаар яриад шийдчихдэг албан ёсны тохиролцоо гэж байхгүй ч ОХУ-ын Думын даргын айлчлалаар дамжуулан Монголд өгсөн боловсон сануулга л байсан юм. Удалгүй шатахууны нийлүүлэлт хэвийн түвшинд шилжсэн ч саяхнаас дахин хомстол нүүрлэсэн эсэх асуулт дахин нийгэмд хөвөрлөө.
Үүнтэй зэрэгцэн салбарын сайд нь арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэх ёстой байтал өнөөх л Г.Занданшатар дарга гараад ирэх юм. Бүр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ОХУ-ын хэсгийн дарга, Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козловтой уулзалт хийсэн тухай албаны мэдээ түгэв. Түгэв ч гэж түгээлээ. Түүнд өгүүлснээр УИХ-ын дарга нь удаа дараа ОХУ-ын Холбооны хуралтай холбогдсон тул яаралтай арга хэмжээ авснаа сайд А.А.Козлов онцолжээ.
Гол асуудал нь “Роснефть”-ийн зүгээс нөөц хангалттай учир нийлүүлэлт хэвийн, тасралтгүй хийж байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой бэрхшээл үүссэн гэнэ. Үүнийг шийдвэрлэснээр эхний ээлжид 117 ирэх сарын 2-ныг хүртэл нийт 350 вагон түлш хилээр оруулж ирэхээр болсон байна. Улмаар ойрын хугацаанд 730 вагон түлш нийлүүлэх хуваарийг “Оросын Төмөр замууд” нийгэмлэгээс албан ёсоор ирүүлжээ. Үндсэндээ ОХУ-ын талаас нийлүүлж буй шатахууныг хилээр нэвтрүүлснээс хойшхи буюу Монголын талд тээвэр зохион байгуулалтын асуудал байгааг ОХУ-ын сайд хэлсэн нь энэ. Тиймээс Монголын талыг хариуцан ажиллах албан тушаалтныг яаралтай томилж өгөхийг УИХ-ын даргаас хүсчээ.
Өдөр тутмын үйлчилгээ, үйлдвэрлэлээс эхлээд бүх асуудал нь шатахуунаас хамаарах болсон Монгол Улсад хомстол нүүрлэх нь мэдээж хохиролтой. Гэтэл дотоод зохион байгуулалтаа хангаж, хэрэгжүүлж чадахгүй яваагаас үүдэлтэй асуудлыг УИХ-ын дарга нь хүртэл шүүрч аваад өөрөө шийдэж буй мэт харуулдаг болсон нь ОХУ-ын талынхан сонсоход инээдтэй л зүйл, манайдаа бол оноо авах гэсэн ойрын зайны л улс төр юм. Тээврийн тэр тундаа төмөр замын зохион байгуулалтад асуудал үүссэн бол түүнийг нь Г.Занданшатар биш салбар хариуцсан сайд нь яаралтай шийдвэрлэж, хэвийн горимд нь оруулах ёстой. Тэр нь Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, түүний харьяанд явдаг УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн үүрэг нь. Бүхэл бүтэн тусгаар улсын хууль тогтоох дээд байгууллагын дарга нь ОХУ-ын сайдтай уулзаж, зовлон тоочиж, хүсэлт гаргах хэмжээний жижиг асуудал биш гэсэн үг.
Ийм нэгэн энгийн гэмээр засаглалын эрх үүргийн хуваарилалт, харилцан хамаарлыг Төр түших хугацаандаа хэдэнтээ сайд хийж, өдгөө УИХ-ын даргын албыг хашиж буй Г.Занданшатар мэдэхгүй биш гадарлана. Сайн ч мэдэх нэгэн. Гэвч үе үехэн Засгийн газрынхаа нэрийн өмнөөс ярьдаг, тэгэхдээ шатахууны нийлүүлэлт хариуцсан сайд шиг спикертэй болсоор удлаа. Эсвэл эрхэм спикер нь маань ингэтлээ завтай байдаг болсон хэрэг үү хэлж мэдэхгүй.
Уг нь УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлэхийг шахаж шаардах, хуулиа мөрдөж ажиллахыг сануулах наад захын өдөр тутамдаа хэрэгжүүлэх эрх үүрэг нь түүнд бий. Эцсийн дүндээ УИХ-ын дарга нь шатахууны асуудлыг байсхийгээд барьж аваад ОХУ-ын талтай уулзалт хийгээд байвал Засгийн газар, асуудал эрхэлсэн сайдын ч хэрэг алга. Эсрэгээрээ ОХУ-ын талаас Монголын Засгийн газартай бус УИХ-ын даргатай нь харьцана гэж гэдийдэг болчихвол яах вэ?
Угтаа бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын Монгол хийсэн айлчлалын хүрээнд уг асуудлыг хөндөж, улмаар “Роснефть” компанитай 2027 оныг хүртэл АИ-92-ыг тогтвортой нийлүүлэх, дизель түлшийг 10 хувийг хөнгөлөттэй үнээр худалдан авах гэрээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь үзэглээд ирсэн нь одоогоос яг жилийн өмнөх үйл явдал. ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа тус улсын Төрийн тэргүүн В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Бээжинд уулзах үеэрээ хэлсэн ердөө сарын өмнө. Ийм байхад УИХ-ын дарга нь шатахууны нийлүүлэлтэд дөрөөлсөн улс төр хийхээс илүүтэй Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт тэргүүтэй хараат байдлаасаа ойрын жилүүдэд гарах төсөл, хөтөлбөрийг урагшлуулах асуудлаар чуулганы хуралдааны индрээс өдөр бүр сануулж, гацааж буй албан тушаалтнуудаас хариуцлага нэхэх нь Монгол Улсад хэрэгтэй. Эс бөгөөс түүнийг Шатахуун хариуцсан сайдаар томилохоос өөр сонголт алга!
UZEG.INFO