Социал демократ үзэл
Синдикат ярилцлага – Эксклюсив 15 дахь дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор саяхан 30 дахь Их хурлаа хийсэн Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст мульти формат хувилбараар хүлээн авна уу.
В.Ганзориг: Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө АН, МАН, ХҮН, МАХН гэсэн дөрвөн намын залуу ерөнхий нарийн бичгийн дарга нарыг уриад Синдикат ярилцлагаа хийх гэж нилээд хичээсэн ч би чадаагүй. Түүнээс хойш богино хугацаанд асар их зүйл өөрчлөгджээ. Улс төр бохир, намын гишүүн болох нь ичгүүртэй зүйл гэдэг имиж одоог хүртэл манай нийгэмд, ялангуяа залуусын дунд байсаар байна. Үүнтэй холбоотойгоор таны улс төрд анх орсон түүх ба зорилгоор эхний асуултаа эхлэмээр байна.
Д.Амарбаясгалан: Би харьцангуй залуу хүн ч гэсэн 22 жилийн өмнө МАН-д гишүүнээр элсэн орж байсан. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр улс төрийн намууд гишүүнчлэлээ нэмэгдүүлэх том кампанит ажлуудыг өргөнөөр хийдэг байв. Шилжилтийн нийгмийн тэр үед олон намын тогтолцоонд шилжсэн улс төрийн намууд цаашаа хөгжих, төлөвших бодлогуудаа дор бүрнээ барьж явсан цаг үе гэж хэлж болно. Тэр үед намаас зохион байгуулж байсан кампанит ажлын нөлөөгөөр 19 настай залуу би анх намд элсэж байв. Улмаар 2000 оноос эхлээд намын сонгуулийн багийн нэг хэсэг болж бусад залуусын адил туслан оролцож эхэлсэн. Улс төрийн энэ оролцоо, идэвхи миний сонирхлыг татсан. Нэмээд хэвлэл, мэдээллийн чиглэлээр ажилладаг байсан туршлага маань ч нөлөөлсөн. Намын ажил руу гардан орох нөхцөл 2008 оноос эхлэн улам өргөжсөн. 2009 оны зургаадугаар сарын хоёрны өдрөөс эхлэн улс төрийн төв байгууллагад ирж, хэлтсийн даргаас ажлын гараагаа эхэлж байсан. Мэдээж үүний өмнө үүрийн даргаар ажиллаж, улс төрийн оролцооны эхлэлээ тавьж байв. Үүр гэдэг бол хороон дээр байдаг намын анхан шатны байгууллага юм.
Миний хувьд улс төрийн намд орсон гурван шалтгаан байдаг. Нэгт, улс төрийн намаар дамжуулан улс орны хэмжээнд бодсон, санасан ажлаа хэрэгжүүлэх, төрийн бодлогод нөлөөлөх тухай залуучууд их ярьдаг. Бидний үед ч гэсэн улс орон хөгжих ёстой, хойч үедээ сайхан нийгмийг бий болгон үлдээх тухай ерөнхий яриа их ярьдаг байв. Намд элссэн эхний шалтгаан энэ зорилго дээр жигүүрлэсэн. Хоёрт, бидний эргэн тойрны залуусын дийлэнх нь улс төрийн намуудын үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй оролцдог болсон байв. Нийгмээ хөндлөнгөөс шүүмжлэхээс гадна өөрсдөө оролцдог, үйлдэл хийдэг болсон байсан тэр орчин намд элсэхэд нөлөөлсөн. Тухайлбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй залуус бид нэг үеийнхэн бөгөөд улс төрийн байгууллагад хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломж бүрдсэн. Гуравт, миний хийж байсан ажил улс төрийн намын үйл ажиллагаатай байнга уялдах болсон. Би тэр үед хэвлэл мэдээллийн салбарт нилээд олон чиглэлээр ажилладаг байв. Энэ нь яваандаа өөрөө улс төрд орохоор өөр аргагүй нөхцөл рүү чиглүүлсэн.
Улмаар 2009 оноос хойш улс төрийн намын төв байгууллага дээр тасралтгүй ажиллалаа. Энэ хугацаанд улс төрийн намын зорилго, үүрэг, хариуцлага, хөгжил, төлөвшил дээр илүү анхаарч ажиллаж байна. Цаашид ч улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүргийг илүү тодорхой болгох тал дээр анхаарахаас өөр аргагүй болсон. Учир нь өнөөгийн нийгэмд улс төрийн намуудын талаарх нэр хүнд унаж, үнэ цэн нь алдагдсан. Үүнээс улбаалаад улс орны хөгжил, дэвшилд томоохон саад, бэрхшээл тулгарах нөхцлүүд бүрдээд байна.
- Та 1990 оноос хойш хамгийн урт хугацаанд буюу зургаан жил намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж, дөрвөн удаа улиран сонгогдоод байна. Яагаад энэ албан тушаалтайгаа “зууралдаад” байна вэ? Дараалсан олон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь нөлөөсөн байх. Үүнтэй холбоотойгоор улс төрд стратегич залуу шинээр гарч ирж байна гэж хэвлэлд бас бичигддэг. Эдгээр ялалтын чинь нууц юунд байсан бэ?
- Хүн хийж байгаа ажилдаа дуртай, бас итгэл үнэмшилтэй байх ёстой. Ийм хүмүүс ажил дээрээ үр дүн гаргана гээд зориод ажиллавал хаана ч ажиллаж байсан амжилт олж чаддаг. Харин ажил, албан тушаалаа ганц олдсон боломж гээд зөвхөн өөртөө зориулаад ашиглаад эхэлбэл тэр хүний ирээдүйд өөр сонголтууд гарч ирдэг. Би улс төрийн намыг мэргэжлийн байгууллага байх ёстой гэж үздэг. Учир нь олон намын тогтолцоотой парламентын засаглалыг бэхжүүлэх нь өнөөгийн бидний ардчилсан нийгмийн үндэс. Тэр ч утгаараа ардчиллаа хамгаалах, парламентын тогтолцоогоо бэхжүүлэх нь улс төрийн намуудын хамгийн чухал үүрэг байх ёстой.
Улс төрийн намууд, улстөрчид цаг тухай бүртээ үүргээ гүйцэтгэж ирсэн байдаг. Гэхдээ энэ ажлаа хангалтгүй хийсэн гэж би дүгнэдэг. 1990-ээд оноос хойшхи улс төрийн намуудын хөгжил, төлөвшил хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Урт хугацааны төлөвлөлтгүй, сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч иржээ. Нэг сонгуулиар аз нь таараад ялбал засгийн эрхээ барьдаг. Засгийн эрх барих хугацаандаа улс төрийн намууд үзэл баримтлал, өөрийгөө ойлгуулах, мэргэжлийн болох тал дээр анхаарч чадаагүйн улмаас дараагийн сонгууль дээрээ ялагддаг. Энэ дүр зураг маш тодорхой харагддаг. Иймээс парламентын ардчилсан тогтолцоогоо хадгалах буюу улс төрийн намуудыг тогтвортой, мэргэжлийн түвшинд ажиллуулах шаардлага үүссэн. Энэ асуудал дан ганц манай намтай хамаатай биш шүү. Бусад намуудын хувьд ч мөн адил энэ тал руу зорилгоо чиглүүлж ажиллах шаардлага үүссэн.
Улс төрийн нам мэргэжлийн түвшинд хүрэхийн тулд яах аргагүй тогтвортой ажиллах ёстой болно. Би хэсэг ажиллаж байснаа сонгуульд ялалт байгуулсны дараа нүүгээд явчихвал дараагийн хүн ирээд дахиад эхнээс нь ажилладаг байдал байж болохгүй. Яг ийм нөхцөл байдал улс төрийн намуудыг хариуцлагагүй, хариуцлага хүлээх чадваргүй болгож төлөвшүүлжээ гэж үздэг. Тийм учраас ард иргэддээ өгсөн амлалтаа биелүүлдэг, парламентын ардчилсан тогтолцоогоо хөгжүүлэхийн төлөө хариуцлагатай байж чаддаг, мэргэжлийн улс төрийн байгууллага байх нь намуудын хөгжиж, төлөвших боломж, бас ирээдүй нь юм. Миний хувьд улс төрийн намд орж, албан тушаал хашина гэдгээ өөрт олдсон боломж гэхээс илүүтэйгээр энэ бүх өөрчлөлтийг хийх үүрэг бас хариуцлага гэж ойлгож байгаа.
- Ардчиллаа хамгаалах тухай та маш чухал асуудлыг хөндлөө. Яг өнөөдөр МАН улс төрийн тавцанд үнэмлэхүй эрх мэдэлтэй байгаа. Сая ярьсан зүйлсээ бодитой ажил хэрэг болгож, үр дүнг нь үзэхэд хэр хугацаа шаардлагатай байна вэ?
- Нийгмийн хөгжлөө дагаад араас нь яваад байвал мөдгүй. Харин нийгмийн суурь томоохон асуудлуудыг өөрчлөх реформ хийж, ийм бодлого, зарчим барьж ажиллаж эхэлбэл 20 жилийн дараах үр дүнг таван жил болгон наашлуулах боломж бидэнд байгаа. Үүний тулд эн тэргүүнд олон нийтийн зүгээс төр, улс төрийн намууд, улстөрчдөд тавьж буй олон шаардлагуудыг бодитой хүлээн авч, ойлгож, ухаарч, байгаа нөхцөл байдлаа өөрчлөх алхмуудыг хийх нь энэ том ажлын эхлэл юм. 2016 онд УИХ-ын 65, 2020 онд 62 суудал авч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад МАН үнэмлэхүй ялалт авсан бэ гэж их асуудаг. Та ч асуулаа. Энэ бол гайхах асуулт огт биш. Учир нь бид олон нийтийн зүгээс улс төрийн намуудад тавьж байгаа шаардлагуудыг хангахыг хичээсэн. Энэ мэрийлтэнд бидний сонгуулийн ялалтын нууц оршдог. Ямар улстөрчийг олон нийт хүлээж аваад, ямрыг нь хүлээж авахааргүй байна вэ, аль тойрог дээр хэнийг дэмжих, эс дэмжих вэ гэдгийг олон нийтийн санаа бодол дээр суурилсан судалгаа, шинжилгээн дээрээс гаргаж ирээд байгаад манай ялалтын нууц оршиж байгаа юм.
Намуудыг гаргадаг алдаа олон нийтийн хүсэл хандлага биш харин өөрсдийн хүслээр асуудалд ханддагт байдаг. Төрөө байгуулах, УИХ-д нэр дэвшүүлэх гээд бүх түвшинд ийм алдааг гаргаж ирсэн. Иймээс бид нүд нь нээлттэй, чих нь онгорхой нам бий болгохыг зорьсны үндсэн дээр дараалсан ялалтуудыг авч, сонгуульд амжилт гаргасан гэсэн үг. Олон нийтийн илтэд дургүйлхэж буй, нийгмийн бухимдал үүсгэж байгаа олон асуудал байна. Тухайлбал, авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчил, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг гэх мэт. Ардчилсан нийгмийн гол үүрэг юу вэ гэдгийг сайтар харж, үүнд нийцүүлэн ажиллах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл нээлттэй, шүүмжлэл хүлээж авдаг, хариуцлага тооцож чаддаг, энэ бүхнийг үйл ажиллагааныхаа зарчим болгон суулган мөрдүүлж хэвшсэн намыг ард иргэд хүсч байна. Бид ийм байгууллага болж, улс төрийг ийм орчилтой болгохыг зорьж байгаа.
- Хэдхэн хоногийн өмнө МАН-ын 30 дахь Их хурал болж өнгөрлөө. Энэ хурлаар Социал демократ үзлээ олон нийтэд зарлалаа. Энэ нь ямар үзэл баримтлал билээ? Өмнө нь танай нам яг ямар үзэл баримтлалтай байсан гэсэн үг вэ?
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
- Маш товчоор хэлэхэд хүн төвтэй хөгжлийн бодлогыг социал демократ үзэл баримтлал гэж болно. Хүн хорвоод мэндлэхдээ олон эрх, үүрэг, дагасан хариуцлагатайгаа ирдэг. Энэ бүхнийг өргөн хүрээгээр нь агуулж, тэр хэрээр хамгаалах шаардлагыг бий болгодог үзэл санаа социал демократ үзэл баримтлалд илүүтэйгээр тусгагддаг. Нөгөө талаас монголчуудын зан заншил, ёс суртахуун гээд олон зүйл дээр нийтийн хамтач үзэл давамгайлдаг. Энэхүү хамтач үзлийн үндэс нь социал демократ үзэл баримтлал гэж бид үздэг. Тэр ч утгаараа 1990-ээд оноос олон намын тогтолцоонд шилжсэн цаг үеэс эхлээд энэ нам өөрийнхөө үзэл баримтлалыг олж, төлөвших арга замыг хэдэнтээ эрэлхийлсэн байдаг. Тухайлбал, 1990-ээд оны дунд үед бид яг ямар үзэлтэй улс төрийн хүчин байх ёстой вэ, дэлхий даяар ямар үзэл баримтлал олон нийтийн дэмжлэгийг авч давамгайлж байна вэ, хэт зүүнээс зүүн төв рүү шилжиж буй намуудад аль чиглэл нь илүү тохиромжтой вэ гээд үзэл баримтлалын сонголтууд хэдэнтээ гарсан.
МАХН нэртэй байх үеийн хэт зүүний үзлээс зүүн төв рүү шилжиж байх цаг үед манай эрдэмтэн судлаачид, онолын хүмүүс тухайн үедээ хоёр, гурван үзэл санаан дээр төвлөрч ярьсан байдаг. Нэгт, зүүн төвийн үзэл баримтлал буюу социал демократ үзэл. Хоёрт, төвч үзэл буюу Нагаржунайн онол. Гуравт, зүүн төвөөс арай зүүн талдаа байдаг буюу ардчилсан социалист үзэл гэх мэт. Намын хуучин түүх, арга барил гээд олон зүйлээс улбаалан 1997 онд ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгож байв. Тухайн үед социал демократ үзэл баримтлалыг хаалтан дотор авч явж байсан. Учир нь дэлхийд ойлгогдох байдал нь социал демократ хэдий ч дотооддоо ардчилсан социалист гэдэг үзэл санаагаар явах ёстой гээд эхний сууриа тавьсан. Ийнхүү үзэл баримтлалаа сонгоод, Социнтерн олон улсын байгууллагын гишүүн болж, социал үзлийн давуу талыг олон нийтэд ойлгуулахын төлөө олон ажил үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
2010 онд нам нэрээ өөрчлөх, үзэл баримтлалдаа тодотгол хийх санаачилга гарсан. Энэ үеэс ардчилсан социалист үзэл олон нийт, залуу үе, шинэ сонгогчид, намын шинэ гишүүдэд яаж ойлгогдож байгаа тухай, нам үзэл санаагаа ер нь олон нийтэд ойлгуулж чадаж байна уу, үгүй юу гэдэг судалгааг хэд хэд хийсэн. Улмаар тэр үед ярьж байгаад социал демократ үзэл баримтлалыг монгол хэлээр нийгмийн ардчилал гэж хөрвүүлсэн түүхтэй. Зүүн төвийн социал демократ үзэл баримтлалыг бид бодитой хүлээж авах ёстой юм байна гэдэг сонголтыг хийсэн. Гэхдээ социал демократ гэдэг үг, үзэл баримтлал тухайн үед монголчуудад шууд ойлгогдох уу, үгүй юу гэдгийг олон талаас нь ярьсны үндсэн дээр орчуулгыг нь нийгмийн ардчилсан үзэл баримтлал гэж сонгосон хэрэг. Гэхдээ ард нь хаалтан дотор социал демократ гэдэг тодотголоо авч явсаар байв.
Саяны хурлаар олон жил хаалтан дотор явсан социал демократ үзэл баримтлал буюу дэлхийн ардчилсан орнуудын баримталдаг социал демократ ба либерал гэсэн хоёр үзлийн нэгийг шууд утгаар нь тунхаглалаа. Орчин цагийн залуус социал демократ ба либерал үзлийн ялгааг өндөр түвшинд ойлгож ялгадаг болсон. Ийм цаг дор социал демократ үзлийн хажууд нийгмийн ардчилал гэдэг нь өөр зүйл юм уу гэх мэтээр залууст эргэлзээ үүсч, бид өөрсдөө өөрчлөгдөхгүй бол хоцрогдож эхэлсэн. Тиймээс бид “Сайн байна уу? Бид Монгол Ардын Нам. Манай үзэл баримтлал социал демократ” гэж зарлан, өөрсдийгөө сонгодог социал демократ нам гэж маш тодорхой тунхагласан хэрэг.
- Социал демократ үзэл санааг тунхагласан гэхээр асуух асуулт шууд гарч ирж байна. Буруу санаагүй бол 1990-ээд оноос олон намын тогтолцоонд шилжих үед Монголын Социал Демократ нам гэж байгуулагдан, анхны даргаар нь Б.Батбаяр (Баабар) сонгогдон ажиллаж байсан. Хожим АН-ын нэгдэлд орсон гэдэг. Намын үзэл баримтлал ингэж өөрчлөгдөх нь зүй ёсных уу, эсвэл хөгжлийн явцад ийм шатыг заавал туулах ёстой болдог уу?
- Миний үзсэн, харсан, судалсан зүйлээр бол ийм боломж байхгүй. Тухайн цаг үеийн улс төрийн хэрэгцээ, шаардлагын үүднээс хэд хэдэн нам нийлж нэгдэх замаар улс төрийн тавцан дээр өрсөлдөөн бий болгосон. Үүнийг би бодлого дээрээ нэгдсэн гэж ойлгодог. Баруун ба зүүн төвийн хоёр үзэл нийлээд нэг үзэл баримтлал болно гэвэл төвч үзэл буюу гуравдагч үзлийн онолыг дагах шаардлага гарах болов уу гэж хувьдаа харж байна. Яг ийм онолоор явж буй хэд хэдэн улс бий. Хамгийн ойрын жишээ бол хойд хөршийн Нэгдсэн Орос намыг хэлж болно. Олон жилийн турш засгийн эрхийг барьж буй төвч үзэл баримталдаг улс төрийн хүчин. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд барууны үзэл баримтлалаар ажилладаг бол цар тахал гэх мэт асуудлаас болж зүүний үзэл рүү зарим нөхцөлд хэт их анхаарах жишээтэй. Гэхдээ баруун, зүүн төвийн намууд хоорондоо нэгдээд нэг нам болж байсан түүх олон байхгүй байх. Би энэ талаар сайн мэдэхгүй байна.
Монголын Социал Демократ Намыг анх байгуулаад явж байсан хүмүүс бий. Монгол Ардын Намын хувьд үзэл баримтлал нь анхнаасаа зүүн төвийнх байсан, одоо ч байгаа. Үүнийгээ ч сая маш тодорхой хэллээ. Улс төрийн намуудын үүрэг, хариуцлага, онол, үзэл суртал бол хөгжилтэй нийгмийн хамгийн чухал зүйл байх ёстой. Үзэл санаан дээр эвлэлдэн нэгдсэн бодлого гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Энэ бодлогыг мэргэжлийн түвшинд гарган авч явж чаддаг, үүн дээр суурилсан хөгжлийн хөтөлбөрөө дэвшүүлдэг, энэ хөтөлбөртөө үнэнчээр төрийн шийдвэрээ гаргаж явж чаддаг нийгэм бидний хүсээд байдаг соёлт нийгэмд тооцогддог. Үүнийг ойлгож чадсан мэдлэг, боловсролтой ард иргэдийн сонголт энэ үйлийг баталгаажуулж, нөгөө талаасаа сонголтонд нь нөлөөлж явдаг. Ийм учраас улс төрийн байгууллага мэргэжлийн байх шаардлага үүснэ. 2008 оны сонгуулиар хоёр талаасаа мөнгө амлаад үзлээ шүү дээ.Тэр үед ер нь манай улс төрийн намуудад үзэл баримтлал гэж байдаг юм уу гэдэг асуулт гарсан. Нэг нам нь нэг сая төгрөг, нөгөө нь 1,5 сая төгрөг амлаад зөвхөн сонгуульд ялахын төлөө өрсөлдөж байсан. Тухайн цаг үед ийм өрсөлдөөн хэрэгтэй байсныг үгүйсгэхгүй, үүнийг одоо шууд буруутгахгүй. Гэхдээ үзэл санаа, баримталж буй улс төрийн бодлогоос хамаардаг зүйл байх ёстой байсан.
- Энэ яриад байгаа зүйлсийг манай улс төрийн хүчнүүд яагаад хийгээгүй юм бэ? 30 жил бол хүний ухамсарт амьдралын урт хугацаа. Энэ олон жилийг алдсан сонгогчид одоо ингээд улс төрийн намууд нь ухаантай зүйл яриад байхаар бухимдах нь аргагүй шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс төрийн намуудын алдсан хамгийн том алдаа, оносон хамгийн том ололтыг юу гэж дүгнэх вэ?
- Олон намын тогтолцоонд шилжсэн парламентын ардчилсан систем яах аргагүй өнгөрсөн 30 жилд олсон хамгийн том ололт. Алдсан алдаанууд гэвэл шулуухан хэлэхэд хэд хэдэн зүйл байна. Сүүлийн 30 жилд улс төрийн намууд хүрэх ёстой түвшиндээ хүрч төлөвшиж чадаагүй. Энэ бол хамгийн том алдаа. Жишээ нь, 2020 оны сонгууль дөхөж байх үед улс төрд нийтлэг шахуу болсон ойлголт явдаг байсан. Тэр нь энэ удаа АН ялдаг мөчлөг, дараа нь МАН ялж ээлжилдэг гэдэг яриа. 2016 онд Ардын нам ялсан юм чинь энэ удаа Ардчилсан нам ялна гэдэг ойлголт. Зарим намын лидерүүд хүртэл энэ удаа манай нам ялдаг ээлж юм гээд яриад явах жишээтэй. Харин сонгуульд ялагдахаараа сонгогчдод буруугаа өгдөг. Тухайлбал, ард түмэн тэнэг, буруу сонголт хийсэн, худалдагдсан гэх мэт. Зүй нь сонгогч нарын хүсэл сонирхолд нийцсэн олон үг, үйлдлийг бид хийж сурах ёстой юм. Ярьсан зүйлтэйгээ үйлдлээ нэгтгэж сурах ёстой. Олон нийтийн хүсээд байгаа улстөрчийг нь нэр дэвшүүлж сурах ёстой. Сонгогчдын хүсээд байгаа зарчмуудыг намын бодлого, мөрийн хөтөлбөртөө нэгтгэх ёстой. Улс төрийн намуудын ялгаа энд л гардаг.
Өнгөрсөн 30 жилд улс төрийн намуудын гаргасан хамгийн том алдаа өөрсдөө төлөвшиж чадаагүй. Үүнээс үүдээд намуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг асар их суларсан. Үүнийг дагаад олон нийтийн итгэл, үнэмшил унаж, үнэлгээ байхгүй болжээ. Эцэст нь парламентын ардчилсан тогтолцоогоо алдах хэмжээнд хүртэл эрсдэл үүсгэсэн байна. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих хандлага олон нийтийн дунд улстөрчдийнхөөс илүү хүчтэй болох хандлага ажиглагдаж байна. Энэ бол улс төрийн намууд хариуцлагагүй байгаатай шууд хамааралтай. Үүнийг засах ёстой. Бид олон намын тогтолцоо, ардчилсан парламентаа хамгаалж үлдэх ёстой. МАН үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Мэргэжлийн, мэргэшсэн улс төрийн институт болж улс төрийн намуудын нийтлэг нэр хүндийг сэргээх, хариуцлагыг дээшлүүлэх, нийгэмд хүлээж буй үүргээ гүн ухамсарлаж ойлгох шаардлагатай байна.
- Энэ нөхцөл байдал, шийдлээ та бүхэн нам дотроо ярилцахаас гадна бусад нам, улс төрийн хүчнүүдтэй нээлттэй ярилцаж, хамтран ажилладаг уу?
- Боломжийнхоо хэрээр бусад улс төрийн намын төлөөлөлтэй уулзаж ярилцдаг. Хийсэн судалгаанууд, гаргасан санал зөвлөмжүүдээ хуваалцдаг. Харамсалтай нь энэ хэмжээнд асуудлыг ойлгож хүлээж авч байна уу гэвэл арай өөр хариулт гарна.
- “Улс төрийн намд дээш гарахад тулгуур хэрэгтэй. Дээр гарсан хойно тэнцвэр хэрэгтэй” гэж Фрэнсис Бекон хэлсэн тухай намын Их хурлын индэр дээр та дурдаж байсан. Үнэмлэхүй эрх мэдлийг авсан МАН “Checks and Balances” буюу эрх мэдлийн хуваарилалт ба тэнцвэржүүлэлт, бие биенээ хянах тогтолцоог нам болон төрийн түвшинд хэр хийж чадаж байна вэ? Залуу даргын хувьд вакуумд хэр орж байна? Энэ эрсдлээс яаж өөрийгөө хамгаалж байна вэ?
- Хүн вакуумжихгүйн тулд чихээ байнга онгорхой, нүдээ үргэлж нээлттэй байлгах ёстой. Шүүмжлэлд бэлэн, бүр дуртай байх ёстой. Гэхдээ өдөр бүр олон хүнтэй уулзах гэхээс илүүтэйгээр нийгмийн олонхийн үзэл санаа юу байгааг судалж эрэлхийлж, хайж олж чаддаг болох ёстой юм. Энэ зорилгоор намын дэргэдэх судалгааны байгууллагууд, бодлого судалгааны хүрээлэнг хөгжүүлэх ажлуудыг хийж эхэлсэн. Социологи болон бодлогын судалгааг тогтмолжуулж, тэндээс олон нийтийн хүсдэг, шүүмжилдэг, гомддог, бухимддаг зүйлсийг нэг бүрчлэн гаргаж авахын төлөө ажиллаж байна. Үүнийг ойлгодог, өөрсдийн алдаа дутагдлаа засахыг хичээдэг учраас олон нийтийн итгэлийг сүүлийн жилүүдэд авч чадаад байгаа болов уу. Бидний дараа дараагийн улс төрийн амжилт үүнээс л хамаарна. Ингэж ажиллаж байж л ард иргэдийнхаа хайр, хүндлэлийг улс төрийн намууд олж авч чадна. Бидний намынхаа өмнө тавьсан зорилт, бодлого энэ асуудалтай шууд холбоотой.
Улс төрийн намууд дөрвөн жилийн хугацаатай ээлжлээд засгийн эрх бариад ирсэн болохоор ард иргэд тэгтлээ итгэхээ байжээ. Иймээс нэг нам дараалж сонгуульд ялаад ямар үр дүнд хүрдэг вэ, хүрэх боломжтой вэ гэдгийг харуулах нь бидний туйлын зорилго. Бид үүний төлөө маш их хичээж байгаа. Та улс төрийн тэнцвэр, хяналтын талаар асуулаа. Энэ хяналт, тэнцвэрийг бүрэн хангадаг хүмүүс бол ард түмэн юм. Төр тэнцвэртэй, тогтвортой байх эсэхийг сонгогчид шийддэг. Манай зорилго ард иргэдийн итгэл үнэмшлийг авч төрийн тогтвортой бодлого явуулахад оршиж байгаа. Нөгөө талдаа улс төрийн нам үзэл санаан дээр эвлэлдэн нэгдсэн олон түмний бүтээл байдаг. Энэ нам дотор ямар нэг байдлаар эрх мэдлийн давуу байдлыг ашиглах, эрх мэдлээ урвуулан ашиглах, дангаар ноёрхох үзэл санаа, боломж үндсэндээ байдаггүй. Тийм учраас би илтгэл дээрээ Дэвшилтэт нам гэдэг томъёоллыг оруулсан. Дэвшилтэт намын бодлого 1950-аад оны АНУ-аас эхлэлтэй байдаг. Тэр үед улс төрийн олон нам олон мужуудад ноёрхлоо тогтоож, улмаар дангаар оршин тогтнох нөхцлийг үүсгэсэн. Энэ үеэс эхлэн тэнд прогрессив үзэлтэй хүмүүс, улмаар улс төрийн нам үүссэн. Олон нийтийн санаа бодол дээр эвлэлдэн нэгдсэн үзэл баримтлал дээр нам суурилах ёстой болохоос олны дэмжлэгээр эрх мэдэлд хүрээд, эрх мэдэлтэй болсныхоо дараа дангаар ноёрхох, үзэл баримтлалаа өөрчилж болохгүй гэдэг санаан дээр дэвшилтэт нам суурилдаг. Энэ чиглэлийг бид онолын хувьд нилээд судалсан.
МАН-ын хөгжил, төлөвшил дэвшилтэт байх ёстой. Дарга, гишүүн хоёр нам дотроо ижил тэнцүү оролцоотой байх ёстой. Улс төрийн намууд энэ боломжийг дотроо бүрдүүлж баталгаажуулах нь хамгийн чухал ажил. Намын жирийн гишүүнийг бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшинд оролцуулах нь бидний гол үүрэг болсон. Би ингэж бодож байна гэж асуудалд ханддаг намын удирдлагатай, намын гишүүд нь ярьж байгааг нь ойлгодоггүй, дэмждэггүй, хүлээн зөвшөөрдөггүй болчихвол улс төрийн нам тэнцвэргүй байдал руу унадаг. Энэ тэнцвэрийг бид дотроо бий болгохыг зорьж байна. Ийм учраас намаа цахим болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Ингэснээр Долоон буудлын намын гишүүн Ганзориг өөрийн үзэл бодол, санаа, санаачилгаа намын шийдвэр гаргах түвшинд хүргэх, өөрийн шууд оролцоогоо бий болгох боломжтой болж байна гэсэн үг. Үүнийг дагаад намын бүртгэл ч сайжирч байна. Тухайлбал, намын гишүүдийн тоо, идэвхтэй гишүүдийн хувь гэх мэт. Энэ хэрээр бид өөрсдийн үйл ажиллагаандаа бодитой дүгнэлт хийх боломжтой болсон.
- “Шударга татварын тогтолцоо, шударга шүүхтэй байх нь төрийн үүрэг. Бусдыг нь чөлөөт зах зээл зохицуулна гэж Адам Смит хэлсэн. Манайд аль аль нь байхгүй учраас чөлөөт зах зээл хэвийн ажиллах боломжгүй байна” гэж УИХ-ын дарга намын хурал дээрээ хэлж байсан. Мөн “Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болжээ” гээд Ерөнхий сайд хэлсэн. Бүх эрх мэдлийг авсан танай нам эдгээр асуудлыг мэдээд байгаа юм бол шууд шийдэхэд яг юу нь болохгүй байгаа юм бол? Гаднаас нь харахад бушуухан засаж болохоор харагдаад байдаг юм.
- Би яг өөртэй чинь адилхан боддог. Бүхий л алдаа, дутагдлаа судлаад, тооцоолоод гаргаад ирлээ. Ялангуяа Ковид цар тахал биднийг толинд өөрсдийгөө бүтнээр нь харах боломжийг гаргаж, өөрсөд дээрээ бодитой дүгнэлт хийж, сул, давуу тал, аюул, боломжийг тодорхойлох нөхцлийг бүрдүүлж өглөө. Үүний үндсэн дээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” гээд зургаан зүйлийг гаргаж тавьсан. Жишээ нь, маш олон жилийн турш тэр л асуудлууд хүндэрнэ дээ гэж бодсоор явсан хэдий ч үйлдэл хийж чадаагүй ажил бол боомтын асуудал байна. Яг өнөөдөр Монголын хамгийн том сорилт боомтын сэргэлт, нэвтрэх чадвар, экспорт, импорт, худалдааны тэнцлийн асуудал болсон. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдэх ёстой гэдэг бодлого гарч ирсэн.
Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айчлалын хүрээнд хоёр улсын боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх асуудлууд яригдлаа. Боомтыг дагаад аж үйлдвэр, эрчим хүчний салбарын сэргэлт, үндэсний аюулгүй байдлын асуудлууд яригдаж байна. 1990-ээд оноос хойш өөрсөддөө шүүмжлэлтэй хандаад ярьдаг байсан зүйлсээ бодитой засах цаг одоо болсон. Сул талаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оруулсан нь энэ цар тахлын давуу тал. Энэ сургамж, туршлага дээрээ суурилаад шинэ алхмуудыг хийх шаардлагатай боллоо. Өдөр тутмын буюу цаг зуурын шинжтэй, сонгуулиас сонгуулийн хооронд байдаг шийдлүүдээс татгалзах ёстой болжээ. Улс төрийн намууд зөвхөн сонгуульд ялахын төлөө амьдардаг байсан цаг үеийг одоо халах ёстой. МАН-ын нийтлэг үзэл санаа зөвхөн сонгуульд ялахын төлөө биш ялсан ялалтаа ард түмэн, улс орондоо хөгжлийн боломж болгон ашиглахын төлөө бодлого руу чиглэгдэж байна гэсэн үг. Ерөнхий сайдын ажлын зорилго яг энэ рүү чиглэж байгаа.
УИХ-ын даргын хувьд шударга татварын тогтолцоог бий болгох асуудлыг хөндөж байгаа. Бид намынхаа хөтөлбөрт социал демократ үзэл баримтлалтай нам болсноо тодорхойлоод, намын үндсэн хууль буюу намын хөтөлбөрөө гаргаж тавьсан. Энэ хөтөлбөрт олон жилийн турш яригдаж буй хэдий ч хийгдэж чадахгүй явсаар ирсэн шударга татвар буюу дэвшилтэт тогтолцоог бий болгох асуудлыг оруулсан. Үүнийг олон улсын нэршлээр прогрессив татвар гэдэг. Орлогын хэмжээнээс хамаарсан шатлалтай татварын тогтолцоо гэсэн үг. Цалин, орлогын хэмжээндээ таарсан татвар төлөх нь нийгмийн хариуцлага. Өндөр орлоготой нийгмийн бүлэг орлого багатай хэсгээ дэмжих нь социал демократ үзлийн суурь байдаг. Энэ бол Скандинавын орнуудын жишиг. Бид энэ жишиг рүү зорьж байгаа. Энэ асуудал олон жилийн турш яригдсан ч парламентийн түвшинд шийдэгдэж чадаагүй өдийг хүрсэн. Үүнийг шийднэ гэдгээ өнөөдөр МАН үндсэн хөтөлбөрөө болгон оруулж ирж байна. Бид энэ ажлыг хэрэгжүүлнэ.
- Ам нэлээд халлаа. Одоо “жинхэнэ” асуултууд руугаа оръё. Монгол Улс ардчиллын үнэлгээгээр “Бүрэн бус ардчилсан” орны тоонд тууж явна. Үүний суурь шалтгаан болон шийдлийг юу гэж харж байна вэ? Сая хурлаараа та бүхэн Хүний эрхийг бодлого болгож ажиллахаа зарласан. Мөн анх удаа МАН хэлмэгдсэн хүмүүс, тэдний ар гэрээс албан ёсоор уучлал гуйлаа. Энэ салбарт хэр богино хугацаанд ямар ахиц, бодитой үр дүн гаргана гэж төлөвлөж байна вэ? Энэ бүхнийг шийдэх шударга шүүхийн тогтолцоо Монголд яг байна уу?
- Бид асуудлыг тулгаж байгаад яаруу сандруу шийдэхийг оролддог. Ийм маягаар өнгөрсөн 30 жилийн турш явж ирснээс болж бид тодорхой салбаруудад томоохон хэмжээний алдаа, дутагдлуудыг гаргажээ. Замын түгжрэл хамгийн дээд цэг дээрээ байхад нь тэр нөхцөлд таарсан шийдэл гаргах нь хожим бидний гаргасан алдаа болохыг үгүйсгэхгүй. Нийгмийн олон асуудлыг ийм өнцгөөс бодох ёстой юм билээ. Шүүхийн тогтолцоо, хүний эрх гээд ярихаар өнөөгийн асуудлаас гадна энэ бүх асуудал үүссэн суурь шалтгаануудыг түүнээс илүүтэйгээр ярих ёстой болж байна. МАН-ын зорьж буй зүйл бол хүнийг эрхийг хамгаалах, үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах байгаа. Ийм учраас Монгол дахь ардчиллыг хуульчлан хамгаалах алхам руу бид орох ёстой. Өнгөрсөн 30 жилийн хамгийн том ололт бол олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламент, чөлөөт зах зээлийн нийгэм. Гэхдээ энэ шилжилтийг амжилттай эхлүүлсэн ч хөгжүүлэх алхмаа дутуу хийсэн. Энэ бол бидний хамгийн том алдаа. Энэ алдаан дээрээ бид тогтож ярих ёстой.
1992 онд баталсан анхны Үндсэн хуулийн оршил хэсэгт “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох” тухай бичиж, ийм зорилго тавьсан. Тэгвэл энэ зорилгын утга агуулгын хууль зүйн тайлбар нь “Хүний асуудлыг бүхний дээгүүр тавьж шийдэх, өмнөө тавьж авч явж буй ардчилсан төрийн тогтолцоог хүмүүлэг, иргэний ардчилсан нийгмийн цогцлоох байгууллага хэмээн үзнэ” гэж байдаг. Ингэж тунхагласан атлаа өнөөдрийг хүртэл явж ирсэн хууль эрх зүйн орчноо эргээд харвал бид энэ үзэл санаан дээрээ үнэнч байж чадсан уу, хүсээд байгаа ардчилсан нийгмээ цогцлоож чадсан уу гэдэг асуултанд хариулах ёстой болно. Энэ үнэлгээг хийгээд бид хангалттай дүн авч чадаагүй. Иймээс хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрэн, хангалттай хэмжээнд гарган өөрчлөх шаардлагатай болсон. Энэ дунд таны асуусан шүүхийн асуудал орно. Энэ дунд хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зарчим, цаашилбал банк, даатгал, санхүүгийн байгуулллагууд, боловсрол, эрүүл мэндийн бүхий л салбарууд, эдгээрийн үйл ажиллагаа явуулж буй байдал хөндөгддөг. Энэ бүх салбарт хүний эрхийн асуудал хангалттай биш байна гэдэг дүгнэлт гардаг.
Даатгалын салбарын нэг жижиг жишээ дурдъя. Даатгалын тухай хуулийг батлахдаа бид хүний эрхийг дээдлэх зарчмаа тусгаж чадаагүй алдсан. Өнөөдөр даатгалын байгууллагуудын иргэнтэй харилцаж буй харилцаа хүч тэнцвэргүй байгаа учраас иргэдийн даатгалд итгэх итгэл суларсан. Ийм учраас УИХ-ын гишүүд албан журмын даатгал хангалттай хэмжээнд ажиллахгүй байна, тиймээс төр авна гээд сууж байна шүү дээ. Энэ асуудлыг намын бүлэг дээрээ авч хэлэлцээд бид төр хувийн хэвшлийн үйл ажиллагаанд оролцож болохгүй, харин хувийн даатгалын байгууллагуудын хариуцлагыг дээшлүүлэх, иргэнтэйгээ ижил, тэнцүү хэмжээнд хариуцлага хүлээлгэж чаддаг болгох шийдвэр гаргасан. Иргэнээсээ илүү эрх эдэлдэг байгууллага байгаа учраас тэнд хүний эрхийн асуудал үүсээд байна.
Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахыг би бусад намын нөхдүүд, олон нийтээс хүсч байна. Манай энэ санаачилгыг зөвхөн субъектив байдлаар битгий хараарай гэж хэлмээр байна. Бид хүний эрхийн зөрчил үүсч буй орчин, алдаа гарч буй процесс, хүний эрхийн зөрчил үүсгэдэг хандлагыг засах суурь буюу хууль эрх зүйн орчныг бүрэн бөгөөд баталгаатай болгож өгөхийг зорьж байна. Шүүх дээр гараад байгаа иргэддээ ялгавартай ханддаг байдал, хуулийн байгууллагууд дээр гараад байгаа хүний эрхийн зөрчлийн асуудлуудыг бид хуулиар нь засаж өгөхгүй л бол иргэн эрхээ эдэлж, хуулийн байгууллагууд үүргээ биелүүлж байгаа нэртэй яваад л байна. Иргэн хүн нэг талаас хязгааргүй эрх хүсдэг ч нөгөө талдаа энэ эрх нь үүргээр, бусдын эрхээр хязгаарлагддаг. Эрхийнхээ энэ хязгаарыг мэдэхгүй хэтрүүлдэг. Үүний улмаас хууль хяналтын байгууллагуудад дээр асуудал үүсдэг. Яг энэ нөхцөлд таны зөв, эсвэл буруу гэх хууль эрх зүйн орчин өнөөдөр хүний эрх талаасаа дутмаг байгаа учраас асуудал үүсээд байна. Үүнийг залруулж засахыг бид зорьсон.
Дээрх зорилгын хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 797 хуулинд дүн шинжилгээ хийж үзсэн. Эдгээрээс нэг удаагийн шинжтэй 500 орчим, хүмүүсийн өдөр тутмын амьдрал, нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хууль байдаг. Энэ 318 хууль дотроо материаллаг болон процессийн гээд задрана. Энэ задаргаа тус бүрээр нь бид мэргэжлийн судлаачид, хуульчидтай хамтран ажиллаж эдгээр хуулиудийн хаана нь хүний эрх зөрчигдөж, эсвэл хязгаарлагдаж, эсвэл хоцрогдсон, бүр ямар заавал байх ёстой заалтууд байхгүй байна гэдгийг гаргаж ирсэн.
- Ямар үр дүн гарсан бэ?
- Манай хуульчид маш сайн ажилласан. Хамтран ажилласан Монгол Улсын урдаа барьдаг хуульчиддаа талархаж байна. Маш их цаг хугацаа, сэтгэл гаргаж ажилласны хүчинд хүний эрхийг хамгаалах хууль хоорондын уялдаа холбоо, энэ цагийн хэрэгцээ шаардлагыг бүхлээр нь дүгнэсэн. Нийтдээ 11,900 орчим хуулийн заалтуудад шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчиж, хязгаарласан байж болзошгүй, хоцрогдсон байж болзошгүй, дээрээс нь шинээр нэмж оруулах шаардлагатай гэсэн 800 гаруй заалтын жагсаалт урьдчилсан байдлаар гарч ирсэн. Үүгээрээ бид өмнөх үеэ буруутгах гээгүй юм шүү. Энэ бол энэ цаг үеийн хэрэгцээ шаардлага. 30 жилийн өмнө баталж байсан хуулийн тодорхой зүйл заалтууд энэ цаг үед хоцрогджээ. 20 жилийн өмнө гаргаж байсан тодорхой хуулиудад энэ цагийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хараагүй, дутуу тусгасан зүйлс байна. Энэ хэрээр хүний эрхийн төлөө хууль зүйн орчныг сайжруулах том үүрэг даалгавар, хариуцлага бидний өмнө байгааг ойлгож ухамсарлаж байгаа.
Нөгөө талаасаа энэ ажлыг хийж буйдаа манай ажлын хэсгийнхэн бахдаж, баярлаж байгаа. Учир нь энэ бол ямар ч улс төрийн нам, тэр дундаа засгийн эрх барьж буй нам, парламентын олонхийг бүрдүүлж буй бидний заавал хийх ёстой ажил. Ажлаа зөв олж харж, эхлүүлсэндээ баяртай байгаа. Ирэх жилүүдэд энэ бүх өөрчлөлт, шинэчлэлийг хийнэ гэдэг нь тодорхой. Энэ ажил нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй бидний жишиг болно. Үүний зэрэгцээ бусад салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд олон ажлууд бий. Гэхдээ хүний эрхийг бүрэн хангасан суурь өөрчлөлтийг эхлээд амжилттай хийж байж бусад салбаруудыг хамруулсан соёлт нийгмийг цогцлооно. Иймээс энэ ажлын хэсгийн гишүүддээ би онцгойлон талархаж байгаагаа дахин илэрхийлж байна.
- Хүний эрхийг дээдлэн ажиллана гэдгийг хувь хүний зүгээс хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Гэхдээ аливаа ажлыг тоон үр дүн болон хугацаагаар хэмждэг. Энэ ажил дээрээ хэзээ гэхэд ямар дүн гаргах юм бэ? Суурь өөрчлөлтүүдээ хоёр жилийн дотор хийх гээд байгаа юм уу, эсвэл 20 жилийн дараа юм уу? Та нарт бүх боломж нь одоо байгаа тул баримжаа хугацаа хэлнэ үү!
- Хугацаа байлгүй яах вэ. Энэ асуудлаар олон улсын нэлээдгүй байгууллагуудтай уулзан туршлага судалж байна. Монгол Улсад суугаа гадны элчин сайдуудын 90 хувьтай нь энэ асуудлаараа уулзаж, тэдний бодол санааг сонсож үзлээ. Зөвхөн бидний дотоод орчин нөхцөл, өөрсдөө хийсэн судалгаанаас гадна гадны улсуудын хийсэн судалгаа, тэдний байр суурь, дүгнэлт чухал.
Нэгт, таны асууж байгаачлан хүний эрхтэй холбоотой өмнө нь тоолж байгаагүй асуудлууд дээр бид тоотой болж байна. Тухайлбал, 800 гаруй хуулийн заалтанд өөрчлөлт оруулна аа гээд яриад эхэлж байна. Энэ бүх мэдээллийг намынхаа цахим сайт дээр олон нийтэд нээлттэй тавина.
Хоёрт, УИХ дахь намын бүлэгтэйгээ хамтран ажлын төлөвлөгөөгөө гаргаж байна. Багц, багц хуулиудад орох хүний эрхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг ямар цаг хугацаанд оруулах вэ гэх мэт. Хууль хэлэлцэх цаг хугацаанд багтаахаас өөр сонголт бидэнд байхгүй. Жишээ нь, УИХ-ын хаврын чуулганаар аль аль асуудлуудыг бид багцаар нь авч тодорхой өөрчлөлтүүдийг хуульд оруулж чадах вэ гэдгээ төлөвлөж, цаг хугацаа ба хүчин чадлынхаа тооцооллыг хийж байна.
Энэ бүх өөрчлөлтийг бүрэн хийж дуусгана, эсвэл нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дуусгана гэж одоо шууд тодорхой хугацаа хэлэхэд хэцүү байна. Бид хамаг өндөр хурдаараа одоо байгаа нөхцөл байдлыг засаж залруулахын төлөө ажиллана. Тэр дундаа, өдөр тутмын амьдралд илүүтэй оролцож байгаа хуулийн өөрчлөлтүүдээс ажлаа эхлэнэ. Кибер аюулгүй байдлын хууль сая шинээр батлагдлаа. Үүнтэй адилхан сошиал орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай хуулиудыг бид цаана нь төлөвлөсөн байгаа. Үүнтэй холбоотой томоохон судалгаануудыг давхар хийж байна. Ямартаа ч хүний эрхийг хамгаалан бэхжүүлэх санаачилгуудыг эхлүүлсэн. Таны хэлж байгаагаар бүрэн дуустлаа хоёр жил, эвсэл 20 жил ч болж магадгүй. Ямар ч байсан өөрөө өөрсөддөө энэ шаардлагыг тавиад, ард иргэд, олон нийтийн өмнө даалгавар аваад, цаг хугацааны тоолуураа гүйлгээд ажиллаад эхэлсэн. Эхний ээлжинд дээр дурдсан хүний эрхтэй холбоотой хуулиудын 800 заалтаар бидний ажил хэмжигдээд эхлэх болов уу.
Нөгөө талдаа хүний эрх төрөөс гадна хувийн хэвшилд хурцаар хөндөгддөг асуудал. Хүний эрхийг хамгийн ихээр зөрчдөг нь хүн өөрөө л байдаг. Иймээс иргэдэд хүний эрхийг ойлгуулах, соён гэгээрүүлэх ажил туйлын чухал болсон. Цэцэрлэгийн хүүхдээс эхлүүлээд бие хүн болж ажлын байран дээр гарах хүртлээ хүний эрхийн зөрчил үүсгэдэггүй, үүсгэхгүй байх орчныг бүрдүүлдэг мэдлэг, мэдээллийг хүн авдаг байх ёстой. Энэ нөхцлийг бид бүрдүүлэх ёстой. Нас насанд зориулсан онолын үндэстэй мэдлэгийг монгол хүний сэтгэл зүй, онцлог, ахуйд тааруулан олгох шаардлага үүсч байна. Үүний тулд бид намынхаа дэргэдэх судалгааны байгууллагуудаас гадна дотоодын болон олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах болно. Эрх барьж буй намын хувьд энэ санаачилга биднээс гарахаас өөр аргагүй. Ингэж байж боловсролын системдээ өөрчлөлт оруулна.
Бидний дараагийн алхам бол хүний эрхийн зөрчлийг төрийн байгууллагын зүгээс гаргуулахгүй байхад чиглэнэ. Ийм шаардлага төрийн алба, төрийн удирдах албан тушаал, улс төрийн албан тушаалтнуудад хэдийнэ үүссэн. Ийм нөхцөл үүсвэл хатуу хариуцлага тооцохоос өөр сонголтгүй байдалд манай нам өөрсдөө орж байна гэсэн үг. МАН эрх барьж байх хугацаандаа хүний эрхийг дээдэлсэн, авлигаас ангид, хариуцлагатай төрийн албыг бий болгоно гэдэг зорилго, зарчим барьж ажиллана. Энэ зорилго, зарчмын дагуу та төрийн албанд ажиллаж, удирдах албан тушаал хашиж болно. Харин энэ зарчмыг дагаж чадахгүй ээ гэж байгаа бол МАН засгийн эрх барьж байгаа нөхцөлд та төр төлөөлж иргэдийн өмнө үүрэг хүлээж ажиллах боломжгүй гэсэн үг. Ийм шаардлага бие биедээ тавьдаг, хариуцлагын тогтолцоог улам бэхжүүлнэ. Үүнийг төрийн бүхий л түвшний албан тушаалтнууд хүсч бас ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Энэ бол ард иргэдийн хамгийн их хүсч буй зүйл.
Нэг ядарсан өвөө хашааныхаа гэрчилгээг авах гээд дүүргийнхээ газрын албаар хоёр, гурван жил явдаг байж яагаад ч болохгүй. Ийм хандлагыг бид өөрчлөх ёстой. Энэ асуудлыг шийдэхэд яг юу болохгүй байгааг олж тодорхойлон арилгах нь бидний зорилго. Энэ мэтээр төрийн албан хаагчдын хандлагыг өөрчлөхийн төлөө бид ажиллана. Хүн өглөө эмнэлэгт үзүүлэхээр гэрээсээ гарахдаа таньдаг эмч хайж хүн рүү утас цохидог биш цахимаар авсан цагтаа очоод дугаарлахгүй үзүүлж чаддаг тийм нийгмийг бүрдүүлж, ийм хандлагатай үйлчилгээний байгууллагуудыг бий болгохын төлөө зорин ажиллаж байна.
- Маш том реформ, олон салбарыг хамарсан өөрчлөлт, хариуцлагын тогтолцоог эхлүүлж байгаа юм байна. Баяр хүргэж, амжилт хүсье! Энэ бүх өөрчлөлтөө нам дотроосоо эхлээрэй гэж хэлмээр байна.
- Тэгэлгүй яах вэ!
- Өнгөрсөн 100 жилийн түүх эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад зориулагдсан бол ирэх 100 жилийн түүхийг эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд зориулан бичнэ, үүний төлөө ажиллана гэж МАН-ын дарга “Шинэ сэргэлтийн бодлого”-оо Их хурлаараа танилцууллаа. Үүний тулд төр хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажиллана гэдгээ ч хэлсэн. Үүнтэй холбоотой хоёр асуулт байна. Социал демократ үзлээ тунхагласан зүүн төвийн нам хувийн хэвшлийн эрх чөлөө, либералчлал, эдийн засаг дахь оролцоог ямар түвшинг байлгах юм бол? Нөгөө асуулт нь нам дээрээ ярьж байгаа дэвшилтэт бодлогуудаа УИХ дахь гишүүдээр дамжуулан хэр удирдан, ажил хэрэг болгож чадаж байна вэ? Зарим гишүүд чинь үе үе энэ бодлогын эсрэг зүйл яриад, хийгээд яваа харагдах юм.
- Олон намын тогтолцоо бүхий либерал эдийн засгийн систем Монголд үүсээд 30 гаруй жил болжээ. Энэ системийг цаашид улам сайжруулан хөгжүүлэн авч явахын тулд аль талын бодлого байх ёстой вэ гэдгийг л ярина. Түүнээс биш социал демократ үзэл баримтлалтай гээд төрийн оролцоог өндөр тавих, эсрэгээр баруун чиглэлийн намууд төрийн оролцоог эрс багасгана гэхээс илүүтэйгээр орчин цагийн нөхцөл байдал, улс орны дэвшил, хувийн хэвшлийнхээ хөгжилтэй уялдсан бодлого гаргаж явах зайлшгүй шаардлагатай болсон. Тэр ч утгаараа МАН-ын 30 дахь Их хурлын хөтөлбөрт хэд хэдэн зүйл маш тодорхой тусгагдсан. Зүүн төвийн намыг хувийн хэвшлийн эдийн засагт дахь оролцоог багасгаж, төрийн оролцоог нэмэгдүүлдэг гэдэг айдас, хандлагаар хүмүүс хараад байдаг. Бид цаг үеийнхээ нөхцөл байдалд тааруулсан хөтөлбөрийг мэргэжлийн онолчид, эрдэмтэн судлаачид, эдийн засагчидтай хамтран ажилласны үндсэн дээр гаргаж чадсан гэж үзэж байгаа. Эдийн засгийн бодлогын түвшинд төрийн зохистой оролцоог бий болгоно гэдэг хэлбэрийг бид гаргаж ирсэн. Хуучин бол төрийн оролцоо байна л гэж үздэг байв. Харин одоо төр яг хаана оролцох ёстой эсвэл ёсгүй гэдгээ тодорхойлох ёстой. Чөлөөт эдийн засгийг бид маш тодорхой хувиар буюу өндөр түвшинд дэмжинэ гэсэн үг.
Монголын эдийн засаг, төрийн үйлчилгээ, ард иргэдийн амьдралд оруулж буй хувийн хэвшлийн хувь нэмэр, оролцоог бид хүлээн зөвшөөрдөг. Тэр ч үүднээс прогрессив татварын асуудлыг оруулж ирж байна. Аж ахуйн нэгж, хувийн хэвшлээ бид бодлогоор дэмжинэ. Бизнесийн байгууллагууд орлогоосоо хамаарсан дэвшилтэт татварын тогтолцоонд хамрагдан үйл ажиллагаагаа явуулна. Энэ системээр дамжуулан өндөр орлоготой хэсэг нь бага орлоготой нийгмийн бүлгээ дэмжинэ гэсэн үг. Ийм маягаар эдийн засгаа тал талаас нь хамтран авч явна.
Түүнчлэн шударга ёсны зарчимд нийцүүлэх зорилгоор ажилтан ба ажил олгогчийн харилцааны эрх тэнцүү байдлыг ханган зохицуулах заалтыг намын хөтөлбөртөө оруулсан. Ажилтныхаа өмнө хүлээдэг ажил олгогчийн үүрэг гэж байдаг. Үүнийг шинэ түвшинд гаргах цаг болсон. Ажлын байраар хангаж буй тал, ажлыг нь хийж өгч байгаа талуудын харилцаанд орчин үеийн чиг хандлага, шударга зарчимд нийцүүлсэн бодлогыг тусгах нь чухал байна. Яг энэ түвшинд олон алдаа, дутагдал гардаг гэдгийг бид мэддэг. Жишээ нь, ажлын байрны бэлгийн дарамт байна. Олон нийтийн дунд төрийн байгууллагууд дунд бэлгийн дарамт илүү байдаг гэдэг ойлголт байдаг. Гэтэл судалгаагаар ажлын байран дээрх бэлгийн дарамтын 80 хувь хувийн хэвшлийн байгууллагууд дээр үйлдэгддэг гэсэн дүн гарсан. Иймээс ажилтан, ажил олгогчийн зохицуулалтыг бид маш өндөр түвшинд гарган тавихаас өөр аргагүй байна. Энэ бол нийгмийн шаардлага. МАН-ын бодлогын үндсэн цөмд чөлөөт зах зээлийн зарчмын дагуу хувийн хэвшлээ дэмжих, үүнийг дагаад ажилтны эрх ашгийг хамгаалж, хүний эрхийг дээдлэх зорилго байх болно. Энэ асуудал намын хөтөлбөрт орж, төлөвлөгөө болон батлагдсан байгаа.
Хоёрт, намын гишүүд намынхаа бодлого, зорилгод нийцүүлэн үйл ажиллагаа явуулж чадаж байна уу гэж та асууж байна. Зарим зүйлүүд дээр хангалтгүй байгаа гэдгийг би энд шударга хэлэх нь зүйтэй. Өөрийн намын үзэл баримтлал, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, олны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа манай нөхдүүд бүрэн дүүрэн ойлгож байна уу, энэ бүхнийг зарчмаа болгон ажиллаж байна уу гэвэл зарим тохиолдолд хариуцлагагүй, зарим үед анхаарал сул хандуулж буй үйлдлүүд гарч байгаа. Үүнийг засаж залруулна. Улс төрийн намын нэгдсэн хариуцлага гэдэг талаас бид сайтар анхаардаг байх ёстой. Сонгуулиар улс төрийн нам хөтөлбөрөө гаргаж, үүн дээрээ үндэслэн хүнээ дэвшүүлж, амлалтаа өгөх замаар ард түмнээсээ санал гуйдаг. МАН-аас нэр дэвшсэн энэ нөхрийг намын мөрийн хөтөлбөртэй нь цуг сонголоо гээд сонгогч саналаа өгдөг. Сонгуулийн дараа мөрийн хөтөлбөрийн энэ асуудлыг тэр гишүүнтэй, тэр асуудлыг энэ хүнтэй яриарай гээд нам өөрөө асуудал, хариуцлагаас хөндийрч болохгүй гэж бид үздэг. Тиймээс ард иргэдийнхээ өмнө намын хувиар амлалт өгч, өөрсдийн нэр дэвшигчдээ сонгууль өрсөлдүүлсэн учраас тэр хүний хариуцлагын асуудал ч тэр, намын амласан мөрийн хөтөлбөр ч тэр тухайн намаас шууд хамаардаг. Ингэж байж байнгын хариуцлагыг өдөр тутам шаардах нөхцөл үүсдэг. Сонгогдсон гишүүд, намын хариуцлагатай албан тушаалтнууд өглөө болгон ард түмний өмнө амласан амлалт, ард түмний өмнө хүлээсэн үүрэг, намын мөрийн хөтөлбөрөө биелүүлэхээ бодон сэрж, энэ санаа, санаачилгынхаа төлөө ажилладаг байх ёстой. Энэ дүрэм журам, дэг жаяг нам дотор тодорхой хэмжээнд байх ёстой гэж үздэг. Намын барьж буй бодлого, үзэл санаа намын гишүүний барих ёстой хэм хэмжээг заах учиртай. Яг энэ тал дээр алдаж буй алдаагаа бид ойрын хугацаанд засаж залруулна. Нэгдсэн бодлого, зарчим гарган мөрдүүлж, олон нийтийн өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг шийдэх суурь өөрчлөлтүүдийг хийнэ.
Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг байдаг. Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж дотроо баталсан. 30 дахь Их хурлын үеэр эдгээр заалтыг намын дүрэмдээ оруулсан. Улс төрийн намуудын хувьд энэ анхны тохиолдол нь болов уу. Нэгт, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд МАН-ын удирдах байгууллагад удирдах албан тушаалд сонгогдох боломжгүй. Хоёрт, энэ намын нэрийн өмнөөс аливаа шатны сонгуульд нэр дэвших боломжгүй. Гуравт, энэ намаас улс төрийн дэмжлэг авч аливаа шатанд улс төрийн үйл ажиллагаанд оролцох, улс төрийн ажил хийх боломжгүй. Жишээ нь, багийн засаг даргаар ажиллаж болохгүй гэж намын дүрэмдээ суулгаад дээд шүүхээр баталгаажуулсан.
Аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээд энэ намын гишүүн гэж явах эрхгүй гэдэг заалтыг дүрэмдээ оруулж өгсөн. Ямар ч төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүн МАН-ын эгнээнээс шууд хасагдана. Намын эгнээнээс хассанаар тэр хүн бүрэн хариуцлага хүлээж байгаа юм уу гээд олон нийт гайхаад байгаа. Бидний зорилго бол тухайн хүнийг намын эгнээнээс хассанаар аливаа төрлийн хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад нь улс төрийн намын нэрийн өмнөөс ямар нэг саад бэрхшээл учруулахгүй байх явдал юм. Олон улсын түвшинд авилгын индексээ бууруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд гол саад болж буй зүйл нь улс төрийн нам болоод байна гэдэг судалгааны дүнгүүд гараад байдаг. Энэ саадыг бид өөрсдөөсөө эхлүүлэн арилгаж буй хэрэг юм. Хэрвээ манай намын гишүүн та гэмт хэрэгт холбогдвол хууль, шүүхийн ямар ч шатны үйл ажиллагаанд МАН саад тотгор болохгүй, тэр нөхөрт улс төрийн ямар ч дэмжлэг үзүүлэхгүй. Үүнийгээ бид нам дотроо мөрдөөд эхэлсэн. Мөрдөхгүй бол монголын ард түмний өмнө амласан зарчмаасаа ухарсан хэрэг болно.
- Гэмт хэрэг үйлдсэн хүн хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Харин хуулиар зохицуулдаггүй ёс зүйтэй холбоотой хэм хэмжүүрүүд нийгэмд байдаг. Хууль зөрчөөгүй ч ёс зүй алдсан намын гишүүндээ та бүхэн ямар хариуцлага хүлээлгэх вэ?
- Илтэд ёс зүйн зөрчил үүсгэсэн этгээд намаас гарсанд тооцогдоно гээд манай дүрэм дээр заасан. Бид намынхаа дүрэмд ёс зүйн зөрчил, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон, авлига, албан тушаалын асуудалд орооцолдсон этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй гэдгээ нам өөрөө зарлаж байна. Олон нийтийн хамгийн ихээр шүүмжилдэг эдгээр зүйлсээс бид өөрсдөө эхлээд салах ёстой. Хүнээр бол энд тэнд үүсээд байгаа хавдрын цэгүүдээ дарж авч буй хэрэг. Улмаар хавдраа эдгээх биш тэр чигээр нь авч хаяхаар явж байна гэсэн үг.
- Авлигатай холбоотой асуултыг таниас асуух гэж байсан ч та урьдчилаад хариулчихлаа. Намын хурал дээр энэ тухай маш хүчтэй хэлж байсан. Сая болж өнгөрдөг МАН-ын 30 дахь Их хурлаас гарсан гол шийдвэрүүдийг та үзэгчдэд товчхон танилцуулна уу.
- Маш товчхон хэлэхэд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт”-ийн бодлогоо танилцуулсан. Цар тахлын энэ хүнд цаг үед улсынхаа хэмжээнд SWOT шинжилгээ хийж үзээд зорилтоо гаргасан. Энэ бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, ажил үйлдвэр, хот ба хөдөө, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн шинэ сэргэлтийн тухай 30 дахь Их хурлаараа тодорхойлсон.
Миний болон манай намын хяналтын хорооноос тавьсан илтгэлийн гол агуулга нам өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандах тухай байсан. МАН дотроо байгаа алдаа, дутагдлуудаа засаж залруулна. Нийтлэг эрх ашгийн төлөө буюу ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлэх үүрэгтэй 280 гаруй мянган гишүүнтэй улс төрийн намын нэрийн өмнөөс хариуцлагатай ажиллахыг төрийн бүх түвшинд зарчим болгож явна. Хүний эрхийг дээдэлсэн, авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид, хүнд сурталгүй, хариуцлагатай төрийн албыг бий болгож төлөвшүүлэхийн төлөө бид зорино. Хүний эрхийг хамгаалахын тулд суурь болсон хууль эрх зүйн орчныг ойлгомжтой, бат бэх болгох, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүх салбарт хангуулахаар ажиллаж байна. Өмнө нь батлагдсан маш олон хуулиуд голцуу мэргэжлийн байгууллагуудын санал дээр үндэслэгдсэн байдаг. Харин одооноос эхлэн бид аливаа хуулийг батлахдаа иргэдийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг болно. Батлагдан гарсан хуулиуд дээрээ энэ өөрчлөлтийг нэмэлтээр хийнэ. Эцэст нь авлигатай тэмцэх асуудлыг бид хэзээ ч орхихгүй.
УИХ-ын даргын тавьсан илтгэлийн гол агуулга олон намын тогтолцоотой парламентын ардчиллыг хөгжүүлэн төлөвшүүлэх тухай байсан. Үүний тулд тодорхой алхмуудыг хийх зорилтуудаа танилцуулсан. Энэ бүгдийг дүгнээд хэлбэл, Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хуулиар бүрэн баталгаажуулж чадсан магадгүй Азийн анхны улс болох зорилтыг 30 дахь Их хурлаараа тавьжээ гэж ойлгож болно. 1990 онд хийгдсэн ардчилал, чөлөөт зах зээлийн нийгмийг хуулиар улам бүр баталгаажуулан хамгаалах алхмыг МАН хийж байна гэсэн үг.
- Нийгмийн идэвхи, улс төр дэх залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийж байна вэ? Намын төв аппарат дээрээ гаднаас нэлээд сайн залуучуудыг авч ажиллуулаад эхэлсэн байна. Хүний нөөц дээрээ танай нам ямар бодлого барин хэрэгжүүлж байна вэ?
- Монголын нийгэмд мундаг боловсролтой, чадалтай ахмад, дунд, залуу үеийн маш олон төлөөлөл байна. Эдгээр хүмүүст улс төрийн намд орж ажиллах, улс орныхоо төлөө авъяас, чадвараа дайчлан зориулах боломж аль аль намуудын хувьд хомс явж иржээ. Энэ хэрээр улс төрийн намууд нийгмийнхээ үнэлэмж, хүндлэлийг дааж чадахгүй хэмжээний институтиуд болжээ гэж бид дүгнэсэн. Иймээс мэргэжлийн улс төрийн институт болж, ард иргэдэд нээлттэй, үйл ажиллагаа нь уян хатан, хүмүүсийн хүсээд байгаа шаардлагуудыг хангах зорилтуудыг зоригтой дэвшүүлэн хэрэгжүүлж чаддаг болох нь МАН-ын хамгийн том зорилго болоод байна. Энэ боломжийг нээгээд, олон нийт болон шинжлэх ухаан дээр суурилсан шийдвэрүүдийг гаргаад эхэлмэгц залуучуудын биднийг харах өнцөг өөрчлөгдөж байна гэж дотроо дүгнэж байгаа.
Яг энэ цаг үетэйгээ зэрэгцүүлээд бид чадвартай, олон нийтэд сайн нэр хүндтэй, улс орныхоо төлөө ихийг хийж бүтээх боломжтой залуучуудад урилга өгч, хамтран ажиллах саналуудыг тавьж байгаа. Энэ хэрээр бид өөрсдийн эгнээгээ тэлж, мэргэжлийн чиг хандлагаа улам тэлж, хүний нөөцийн хувьд олон улсын тавцанд өрсөлдөх зорилтуудаа тавиад эхэлсэн. МАН дан ганц Монгол Улсдаа улс төрийн өрсөлдөөнд орохоос илүүтэйгээр Ази тив, дэлхийн бусад дэвшилтэт бодлоготой прогрессив намуудын түвшинд хүрч өрсөлдөх чадвартай болохоор зорьж байна. Бид яагаад дэлхийн дэвшилтэт намуудын байгууллага, тэдгээр толгойд орж ажиллаж болохгүй гэж? Ийм хүний нөөцийн бодлого, зорилттой ажиллаж байна.
МАН Социнтерн байгууллага буюу социал демократ үзэл баримтлалтай олон улсын байгууллагын гишүүн. Энэ нь дотроо хоёр янз бий. Нэг нь уламжлалт буюу Социнтернын үндсэн гишүүд болох Латин америк, Африкийн орнуудын нөлөө бүхий намуудын төвлөрөл байдаг. Нөгөө нь Прогрессив алианс буюу Дэвшилтэт хүрээлэн гээд Европ, Ази, Австралийн улс төрийн намуудын нэгдэл бий. Бид аль аль байгууллагынх нь гишүүн. Олон улсын тавцанд үүнээс цааш өсч хөгжих төлөвлөгөөг нам дотроо тавьсан. Үүний тулд дэвшилтэт намыг тогтолцоог Монголдоо бий болгох, цаашдаа бид өөрсдөө бодлогын нам болох үндсэн зорилготой. Дэвшилтэт нам дотор хэн нэгэн өөрийнхөө улс төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах ёсгүй байдаг. Ийм нам олон нийтийн санаа бодол дээр суурилсан бодлого гаргаж чаддаг. Намын эгэл жирийн гишүүд нь улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцож чаддаг намыг дэвшилтэт нам гэдэг. Энэ бүхний төлөөх бидний алхам хийгдээд эхэлсэн.
Социал демократ үзэл гэдэг нь эдийн засгийн эрх чөлөөг эрхэм болгож, чөлөөт зах зээлийг дэмжихийн сацуу эдийн засаг дахь төрийн оролцоо, эс оролцоогоо маш тодорхой болгосон, нийгмийн халамжийг зохистой түвшинд авч явах тухай юм. Тухайлбал, хөдөлмөрийн насны иргэн ямар нэг төрлийн халамж авч буй нь бодлогын хувьд буруу. Учир нь тэр хүн хөдөлмөрлөж амьдрах ёстой гэдэг бодлогыг дэвшүүлж чаддаг дэвшилтэт социал демократ үзэл баримтлалтай нам болж төлөвшин хөгжих нь бидний зорилго гэж хэлж болно.
- Дотооддоо хийх намын том реформ, олон улсад өрсөлдөх зорилгын тань тухай сонслоо. Энэ бүхэнтэй холбоотой зайлшгүй асуух зүйл бол улс төрийн намын санхүүжилт. Энэ бүх үйл ажиллагаагаа одоо юунаас, яаж санхүүжүүлж байна вэ, ирээдүйд хэрхэн санхүүжүүлэх юм бол? Намын бодлогын бие даасан байдал нь санхүүжилттэйгээ урвуу хамааралтай болчих гээд байдаг аюул харагддаг. МАН-ын гишүүн, албан тушаалтнуудыг татвар хураамж ямар хэмжээтэй байдаг юм бэ? Тэр нь хангалттай байдаг уу?
- Саяны Их хурлаараа гаргасан уриалгынхаа дагуу 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс МАН намынхаа санхүүжилтыг олон нийтэд нээлттэй, ил тод болгож байгаа. Бид хаанаас, ямар хэмжээний хандив цуглуулж, бусад ямар эх үүсвэрээс орлого олоод түүнийгээ юунд зарцуулж буйгаа намынхаа цахим хуудсаар дамжуулан нийтэд ил болгоно. Шинээр батлагдахаар яригдаж байгаа Улс төрийн нам, тэдгээрийн санхүүжилтын тухай хуулийн төсөлд энэ санаачилгаа оруулаад явж байна.
Мөн улс төрийн намуудын төлөвшилийг бий болгох үүднээс төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа өгдөг байх ёстой. Гэхдээ төрөөс өгдөг энэхүү мөнгө намуудын хариуцлага, амжилт, урт хугацааны төлөвшилтэй нь уялддаг байх хэрэгтэй. Нэг удаагийн гэдгээс гадна олон удаагийн сонгуульд тогтвортой оролцсон байдал гэх мэт олон янзын үзүүлэлт, хүчин зүйлсийг харгалзан тооцож төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгодог байх нь зүйтэй. Гэхдээ барууны орнууд шиг улс төрийн намуудаа өндөр түвшинд явах хэмжээний санхүүжилтийг өгнө гэвэл манай нөхцөлд бүтэхгүй. Татвар төлөгчдийн мөнгийг эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулан ингэж зарцуулж, улс төрийн намуудад олгох нь зохимжгүй. Энэ бүхнийг зохистой хэмжээнд байлгах бодлого гаргах ёстой гэж бид үздэг. Гэхдээ улс төрийн намуудыг хариуцлага байлгах нь улс орны хөгжлийн асуудалтай шууд уялддаг учраас улс төрийн намуудыг бэхжих боломжийг нь ямар нэг байдлаар төрөөс гаргаж өгдөг.
МАН-ын хувьд жирийн гишүүн сарын 1000 төгрөгийн хураамж төлөх ёстой байдаг. Харин сонгуульд ажил, албан тушаал эрхлээд эхлэхээр энэ хураамжийн хэмжээ шатлан өсөөд явдаг. Хамгийн өндөр нь жишээ нь би намын бага хурлын гишүүний хувьд жилд 2.4 сая төгрөгийг намдаа татвар, хураамж хэлбэрээр төлөх үүрэгтэй.
- Энэ татвараа намдаа төлөхгүй бол гишүүд ямар хариуцлага хүлээдэг билээ?
- Төлөхгүй бол сонгуульт албан тушаал нь түтгэлздэг. Яагаад гэвэл намынхаа 280 мянган гишүүнийг төлөөлөөд 479 бага хурлын гишүүн байдаг. Эдгээр гишүүд өөрийн гэсэн оролцоо, үүрэгтэй байхаас гадна намын үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах хариуцлага хүлээдэг. Иймээс санхүүжилт, татварын ийм тогтолцоотой байдаг. Үүнээс гадна парламентад суудалтай намууд сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ тоогоор жилд 10 сая төгрөгийн суудлын мөнгийг төрөөс авдаг. Энэ эрх сонгууль, улс төрийн намуудын тухай хуульд байдаг. Манай нам 62 суудал авсан учраас жилд 620 сая төгрөгийн санхүүжилт орж ирдэг. Энэ бүх мэдээлэл ил тод байдаг. Энэ мөнгө УИХ-ын гишүүд биш намд очдог. Эдгээр эх үүсвэрээс бид үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.
Сүүлийн жилүүдэд бид хуулиас гадуур хандив авахгүй гэдэг зарчим, хатуу шаардлага барьж ажиллаж байна. Мөн төрийн албан хаагчдаас ямар нэгэн байдлаар хандив авахгүй байх шаардлага тавьж ирсэн. Хувийн хэвшил болон бусад салбарын этгээдүүд хуулийн хүрээнд хуулийн хэмжээнд хандив өгөх бодлого нээлттэй байдаг. Гэхдээ бид өмнөх олон алдаа, дутагдал дээр сургамж авсан улс төрийн нам. Иймээс манай намд хандив өгөх гэж буй хувь хүн, хуулийн этгээдийг хуулийн хүрээнд тогтоосон хэмжээнд хандив өгөхөөс гадна энэхүү хандивын мөнгө нь өөрийнх нь цэвэр орлого мөн гэдгийг батлан тодорхойлсон гарын үсэг шаарддаг. Сүүлийн үед сайн дурын хандив байдлаар улс төрийн намуудад ирдэг мөнгөний хэмжээ эрс багассан. Энэ нь улс төрийн намуудын үйл ажиллагаа, олны итгэл хүлээх байдалтай нь шууд холбоотой. Тиймээс бидний үндсэн санхүүжилт бага хурлын гишүүдийн татвар, УИХ-д суудалтай намуудад олгодог мөнгөнөөс бүрддэг гэсэн үг.
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон ямар ч албан тушаалгүй Монгол Улсын залуу иргэн Амарбаясгалангийн хувиар таны өмнө тулгамдаад байгаа хамгийн том хоёр асуудал юу вэ?
- Иргэний хувьд төр хариуцлагатай байгаасай гэж туйлын их хүсдэг. Ингэвэл улс орон хөгжих болно гэдэг чинхүү хүсэл байдаг тул санаа зовж явдаг. Иргэдийн дунд хийгддэг социологийн судалгаагаар ч гэсэн ийм үр дүн гардаг. Эрх барьж буй намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд бүх түвшинд байгаа хүмүүсээ яаж хариуцлагатай байлгах вэ гэдэг нь миний өмнө байгаа хамгийн том сорилт болж байна. Энэ сорилтыг давахын тулд тулд нөгөө дээр ярьсан хүний эрх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд сурталтай холбоотой асуудлууд эргээд хөндөгддөг. Эдгээр асуудлыг шийдэхийн төлөө санаагаа нилээн чилээж ажиллаж байна. Ойрын ирээдүйд энэ ажлын үр дүн гарч, хаа хаанаа хандлага өөрчлөгдөнө гэдэгт итгэж найдаж, шинэ соёл тогтоохын төлөө хүсч мөрөөдөн ажиллаж байна.
- Эмэгтэй хүнээс насыг нь асуух бүдүүлэг хэрэгт тооцогддог. Эр хүн гайгүй байлгүй дээ. Та хэдэн онд төрсөн билээ?
- Би 1981 онд төрсөн. Одоо 40 настай.
- Эрх барьж буй намын хамгийн том албан тушаалтан залуу хүний хувьд заавал нам, улс төр гэхгүйгээр үеийнхээ бусад залууст хэлэх зүйл, тэднээс хүсэх зүйл, тэдэнд уриалах уриалга гэвэл юу байх бол? Нөгөө талдаа өрсөлдөгч намын гишүүд, удирдлагуудад юу хэлмээр байна вэ?
- Манай нийгэмд нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөх байдал бүхий л түвшинд их дутмаг болсон. Хамт ажиллаж буй залуус нэгнээ хүлээн зөвшөөрч нийтийн төлөө хамтран ажиллан, бодит үйл бүтээх явдал дутаад байна. Энэ бидний сул тал. Улс төрийн намд зүтгэж буй залуучуудад энэ байдал нөлөөлж, хоорондоо үл итгэх байдлыг өөрсдөө үүсгэдэг. Энэ хэрээр олон боломжуудыг алддаг. Иймээс залуучуудыгаа нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, хамтдаа том үйл хэргийн төлөө хүчин зүтгээсэй гэж хүсдэг.
Миний хэлэх ганц зүйл бол байгаа байгаа газраа бүгдээрээ хариуцлагатай байцгаая! Хийх ёстой үүргээ ухамсарлаж, хувийн эрх ашиг, амбицаа хойшоо тавьж суръя! Нийтийн эрх ашгийн төлөө өөрийгөө золиосолж, нийгмийн эрх ашгийн төлөө өөрийгөө зориулж сурцгаая гэж уриалмаар байна.
- Хамгийн удаан гуйлгаж ярилцлага өгсөн зочин маань маш нээлттэй ярилцаж, хэрэгтэй бөгөөд цаг үеийн чухал мэдээлэл өгсөнд талархаж байна!
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ АУДИО ХЭЛБЭРЭЭР СОНСОХЫГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
Зочин