Үргэлжлэл

Хирошима муж гэж Японы хамгийн том арал болох Хон­сю­гийн урд эрэг орчим нутаг юм. Цаг уурын бүслүүрийн хувьд нэлээд урин, Бээ­жин­гээс өмнө харалдаа өргө­ргийг тохион дайрдаг боло­хоор өвөл боллоо ч цас орох­гүй. Эндхийн тариа­чид ца­гаан будаа, цай­гаар дагнаж газар­тай ха­рьцах ба жил ирэх бол­гонд л тариалангийн тал­бай хумигдан оронд нь үйлд­вэр, орон сууц, зам та­виг­дах бөлгөө.

Агаар ус сай­тай ийм сай­хан газарт хүн ам нэн шигүү амьдрах тул  тосгон хүртэл шахагдаж байна.

Хирошима хотоос гараад ч явчих шиг, буцаад ч орох шиг мурилзсан замд захирагдан нэг дан давхар байшингууд руу орон сүлжиж жаал явлаа. Японы нутаг дэвсгэр дан бай­шин, хаус болоод явчих­лаа­раа энэ бол хот биш гэж үздэг. Тэгэхлээр хотоос салхинд гарч хөдөөний айлд очсон болж таарлаа. 

Бид хоёрын очих гэж бай­гаа айл танд сонирхолтой санагдвал тэднийд өнжсөн ч бүр хоносон ч болно. Онцгүй бол эртхэн буудлаа бараа­даж хоолондоо орсон нь дээр биз дээ гэж Норика зөвлөв. Угаасаа сониныхоо "Танайд өнжье" буланд нэг айлд байх төлөвлөгөө маань тасалдаад байсан тул сайхан далим гарсан юм. Гэхдээ энэ учрыг япон нөхөртөө хэлсэнгүй.

Эртээрийн Панасо­ни­кийн явдлаас хойш нэг муу зан сурчихжээ. Туучийнууд чинь "намайг аль зэрэг хүнд­лэх бол" гэдэгт их горьдомхой болчихож. Мөнхийн хэрүүл бухимдлаас түр салж ийм налиганасан орчинд ороод ирэхлээр "Би л лав нэг гавьяа байгуулчих шиг боллоо" хэ­мээн эндүүрэнгээ алддаг юм билээ шүү. Хажууд хамт явж онигоонд хийх гэрчгүй боло­хоор нэг бодлын амар ч юм уу. Япончууд чинь хэтээсээ л ийм бөхөлзсөн, хүндэлсэн ааш зантай ард түмэн боло­хоос надад бусдаас илүү ханд өгсөн явдал огтхон ч байхгүй. Харин хаана эрх чөлөөг хүндэлсэн амьдрал, соёлт орчин байна тэнд ийм эелдэг харьцаа үүсч цөм сэтгэлээ амраадаг ажээ.

Тунумура гэдэг жирийн нэг япон айлд очихоор боллоо. Нарийн гудамжаар ороод гадаа явж байсан хүнээс Ту­ну­мара саных аль вэ гэж асуусан биш бараг тэрнээсээ эсэн юм болов. Хамар ха­шааных нь хөрш нөхөр "энэ" гээд л заачихын оронд наян юм ярьж хойш урагшаа шог­шин машины өмнүүр дал­д­ганан гүйж хоёр гараа алд­лан уриад л "одоо болно доо болно яршиг зүгээр" гэтэл бөөн түвэг удааж орхив. Энэ золиг айл зааж өгсөн гээд арай мөнгө нэхэх гээд байгаа юм биш байгаа гэж өмхий санаалсан. Үгүй юм билээ зайлуул.

Эндхийн гудамж окоп шиг нарийхан тул машин эргэж багтахгүй, зөрөх ч зайгүй хавчиг юм. Яаж учраа  олон өгсөж уруудаг юм бүү мэд. Жолооч  хүнээ буулгачихаад эргэх газар олдох байх гэсээр  махир гудам өгсөн одов.

Хэзээ нэгэн цагт уулнаас үер бууж байсан гүн жалга бололтой юм билээ. Тэгээд жалгын улыг цементлэн зам болгоод хоёр эргийг нь чулуу­гаар өрж бэхлээд ирмэгээр нь байшин барьчихаж. Манай гэр хороололд үер усны ам­наас хол буу гэдэг бол энд холдох газаргүй болохоор гуу жалгыг аюулгүй болтол нь засаад зам хана барилга барьжээ. Уулнаас бууж ирдэг үер  ус хэвээрээ ч  зам тавь­сан цементний доогуур шур­ган траншейгаар дамжаад бэлд очдог байна. 

Гэрийн эзэн эзэгтэйн хамт үүдэн дээрээ тосон гүн хүн­дэт­гэн хүлээн авлаа. Гадаах хашааны дааман хаалганаас байшин хүртэлх зай ердөө нэг алхам орчим л юм. Тэгэх­лээр үндсэндээ хашаан дотор гутлаа тайлаад цааш хөл нүцгэнээр айлд зочиллоо. Зочноо дунд  өрөөндөө диван дээр суух уу, эсвэл хойд өрөөнд газар завилах уу гэж санал авч байна. Хойд өрөө голдоо хивс дэвссэн, хивсэн дороос шал нь халж байгаа гэхээр тийшээ оров. Эдний гэр намар орой лагерийн байшинд очсон мэт зэврүүхэн юм.

-Сайхан гал түлэхгүй юм уу? гэсэн чинь эндээс түлээ олдохгүй. Тэгээд ч манай байшин зуух яндангүй гэж байна. Япончууд өндөр ца­лин­тай, эрүүл чийрэг, баян чинээлэг ч гэлээ дутуу юм бас байна аа. Хувьдаа хашаа хаустай байлаа ч бусдаас илүүрхэх боломжгүй. Манайд бол хашаандаа сагсны шийд зоох, ядахнаа теннисний вандан тавих бол энүүхэнд. Энд хөлгүй баян л биш бол угаасан хувцсаа хатаах сул зай ч олдохгүй гишгэх газар­гүй хөл гэгчээр шахцалдан амьдрах аж. Манай гэр хо­роол­лын нэг айлд оногдох газар энд том талбайд тоо­цог­дох ба хашааны эзэн  нэлээд бийлэгжүү  хүн болж таарна.    

Хойд өрөөг тогонд залгаж цахилгаанаар халаахаар болж зочид хивсэн дээр зави­лан сууцгаалаа. Харилцан танилцах ярианууд зөндөө удаан үргэлжилж Тунумура, Тагугу хоёрын амьдралын анкетийг бараг бөглөөд дуу­сах дөхлөө. Тэгээд хэсэг дуу­гүй сууж байснаа "Ингэхэд танайд цай байвал ганц аягыг уучихаад хөдөлмөөр байна" гэлээ.

-Өө нээрэн сэтгэл хөдлөөд таг мартчихаж, цайнаас өмнө хоолоо хийгээдэхье байз, одоо­хон гээд эзэгтэй гаазын зуух ширээн дээр тавин асаав.  Том түмпэн авчран дүүртэл ус хийгээд байцаа хөшиглөн чанав. За даа энэ ч олигтой хоол болж чада­х уу даа хэмээн айлын тогоо өн­гийн­гөө дотроо багцаа авч суув. Ганц хоёр хэрчим мах хаячихдаггүй л юм байх даа. Даг усан ногоогоор шахах юм биш байгаа хэмээн өлөлзөж байх зуур аль хэдийнэ хоол тогоон дотор биш ширээн дээр бэлэн болж өрөгдсөн байв. Ресторанаас дутахгүй сайхан хоол бэлдээд дайл­лаа. Эхнэр нөхөр хоёроос юм асууж, хөдөөний японы амьд­ралыг таньчих санаатай шал­гаахад илэн далангүй ха­риулж байсан нь сайшаалтай ч мань хоёрын монголыг сонирхох дуртайг яана. Ха­маг амьдралаа ярих нь гол биш харин бусдын амьд­ра­лыг сонсох дуртай айлд ирсэн байна. Социалист орнууд иймэрхүү арга хэмжээг бод­ло­гоор бэлдэж өгдөгсөн. Япо­ны нам засагт  "бэлдсэн айлд оруулна" гэсэн программ огт алга. 

Эднийх хэдэн үеэрээ энэ аймаг сумандаа аж төрсөөр байгаа айл юм байна. Хөгшин энэ жил тэтгэвэртээ гараад одоо гэртээ хийх байхаа олж ядан гиюүрсэн нэгэн болсон гэнэ. Сүүлийн долоон жил гэртээ ирээгүй бөгөөд алс хойд нутаг Наганод нэгэн үйлдвэрийн газарт гүйцэтгэх ажил хийж байжээ. Гэртээ бүрмөсөн ирээд сар гаранхан болж байгаа учраас жаахан бухимдуу, шинэ амьдралдаа нэг л дасч өгөхгүй байна гэнэ. Одоо хүйт орчихлоо. Хавар дулаарахаар нэг ажлын ая олохгүй бол бүтэхгүй юм бай­на гэж суув.

-Тэгээд юу хийж өдрийг өнгөрөөж байна гэхэд гэр орноо жаал ухаж янзаллаа. Хойд уулан дээр гарч ийш тийш дурандлаа. Эхнэр кино үзье гэхээр нь хот орлоо. Шал дэмий кино байсан. Хагас бүтэн сайнд хүүхдүүд ач зээ нар ирж шавцгаадаг. Хүүхэд шуугилдахаар уур хүрээд байх юм.

-Танай Монголд тэтгэвэр­тээ гараад яаж байх юм.

-Манайхан ч яахав дээ ач зээ нараа шавуулаад л тэд­нийгээ харж асраад л... Ха­рин уурлаж хажиглаж байгаа настанг үзээгүй. Тэгээд уд­маараа малчин юм боло­хоороо тэтгэвэртээ гараад саалийн үнээ хонь аваад  мөн л ингээд хөдөө гарцгаадаг. Та жаахан уйдаж байгаа бол хот бараадвал яасан юм. Токиод ирж амьдар гэвэл явах уу?

-Хот дэмий. Өдөр болгон шинэ мэдээлэл сонсох хэрэг­цээ гарахаас эхлээд амар тайван байж болдоггүй. За­луу­чуудад хот тохиромжтой. Манайх Токиод гурван жил амьдарч байсан.

Эднийд гэрээсээ гараагүй олон жил болж байгаа ганц хүн бол  эзэгтэй Тагугу юм. Тэрээр нөхрөө ирсэнд тун баяртай байгаа бөгөөд өвгөн­дөө өдөрт гурван удаа хоол хийж өгч байна гэв. Японы уламжлалт заншлыг эвдэж гэртээ зүгээр суулгүй ажил хийж үзсэн, бас жолооны курст суусан гэдгээ тун бахар­хан ярив.

Авгай нөхөр хоёр урт хуга­цааны зээл авч энэ байшинг барьсан юм байна. Одоо байшингийнхаа төлбөрийг төлж дуусаад арваад жил өнгөрч байгаа гэнэ. Бараг хориод жил цалингийн зээл­тэй яв­сан. Авгай ажил хийгээ­гүй бол одоо ч өрнөөсөө салаагүй байх байж. Гаднаас нь хара­хад их сайхан хоёр давхар хаус. Японы уламж­лалт ваа­ран дээвэртэй, тө­вийн ха­лаалт, цэвэр, бохирт хол­богдсон дутуу юм алга. Гэхдээ олон жилийн турш төлбөрийг нь төлсөн үнэ цэ­нэ­тэй үл хөдлөх хөрөнгө гэ­хэд чам­лалттай санагдаж байв. Дээх­нэ манай ажилтай хөгшчүүл дэлгүүрийн ба­раа­ны хайрцаг цуглуулж байгаад энэ дайны зуны амбаар барь­­чих­даг л байсан шүү дээ. Хаалга, өрөө тасалгаа нь дан панераар хийчихсэн юм шиг харагдсан.

Гадаа гудамжинд нохой хуцаад юм булаалдах шиг болов. Гутлаа бараг гудам­жинд тайлаад орхисноо гэнэт санаж  хүн ч арай тоож авах­гүй байх. Харин нохой үнэр­тэж үзээд зуугаад явчих юм биш байгаа гэж санаа зовов.

-Би гарч "морь харчихаад" ирнэ байгаа гэж өндөсхийтэл ОО наана чинь байна гээд налж суусан ханыг гүйлгээд бие засах өрөөг онгойлгов. Энэ айлын хананууд аль нэг тал руугаа гүйгээд бүр цэлий­сэн ганц том өрөө ч болдог юм байна. Намар ургацаа ху­рааж дууссаны дараа нэг­нийдээ цугларч  ийн өрөөгөө цэлийлгэн найрладаг гэнэ. Бурхан байгаа хэсгийн цаад ханыг сөхөөд хартал шууд гарааштайгаа залгаа  агаад дотор нь хоёр машин байв. Өвгөний машин арваад жил болж байгаа. Одоо солихгүй бол машины татвар жил олш­рох тусам өндөрсөөд явчих­даг гэж байна.

-Хуучин машин худалдаж авдаг хүн байхгүй. Их л сайн­даа төмөр гээд  хиллэж хэдэн төгрөгөөс өгнө. Арилжаа худалдаа бүгд сүлжээнд хам­раг­даад дуусахаараа бараан зах аяндаа устчихдаг юм байна. Захын  оронд төрөлж­сөн бөөний цэгүүд ажиллана. Уг нь бол унаад явах ажил байхгүй, машин нь бараг шинээрээ боловч татвараас бо­лоод заазлагдахаар бол­жээ. Энэ айлын нүдэнд хараг­дах том үл хөдлөх хөрөнгө нь хоёр машин, нэг байшин бай­лаа. Гэрт айл бүрт байдаг зурагт хөргөгч, компьютер зэрэг цахилгаан хэрэг­слүүдээс гадна хуучивтар төгөлдөр хуур тавьжээ. Түүнийг нэгэн цагт энэ гэрт амьдарч байсан хоёр хүү, ганц охин нь тоглож байсан биз ээ.

Гэрийн эзэн угаас дуу цөөтэй, дээрээс нь тэтгэвэрт гарсандаа гундаад байгаа юм уу бодол бо­лоод суучихна. Эрхбиш гадны гадаад хүн байгаа тулдаа мэ­хийгээд байгаа бололтой. Боловс­ролын хувьд тийм ч өндөр хүн биш болов уу. Номын санд байгаа хэдэн ном нь уран зохиолын ганц нэг роман, цэцэг тарих зөвлөгөө, дунд сургуулийн газарзүйн сурах бичиг  мэтхэнээр дүүргэжээ. Насан­даа суулаа гээд төр засгаас ямар нэгэн шагнал, одон медаль, эсвэл хамт олноос нь дурсгалын зүйл баярын бичиг өгөв үү гэхэд бул­зааруулаад Японы эзэн хаан цэргийн хүнд одон өгдөг гээд хадуу­раад явчихав.

-Та нарыг бага байхад атомын бөмбөг энд дэлбэрсэн. Тэрний хор нөлөө одоо аль хэр байдаг талаар яриа өдөхөд  "Биднийг төрөөгүй байхад болсон явдал" гээд харин ээж нь бөмбөгдөлтийн голомтын ойролцоо явж байсан. Гэхдээ дэл­бэрэлтэд өртөөгүй. Өртөөгүй ч гэсэн төрөөс үнэгүй эмчлүүлэх эрх өгсөн бүсэд явж байсан гээд үнэм­лэх өгчээ. Эмгэн ная гартлаа ямар нэгэн өвчин тусаагүй тул тэр бичиг­ний хэрэг гараагүй. Гэтэл насны доройтолд орж юм мартах өвчин тусахаар нь нөгөө бичгээ бариад эмнэлэгт очсон. Эмнэлэг бидэнд асрагч гаргаж, цалинг нь төрөөс даасан.  Төрөөс ингэж л нэг удаа хишиг авч үзсэн гэв.

-Одоо та хоёрын өв хөрөнгийг тухайлбал энэ байшинг аль хүүхэд чинь өвлөж авах вэ? гэхэд япон уламжлалаар том хүү авах ёстой ч хүүхдүүд маань бүгд өөрсдөө зээ­лийн байр, түрээсийн байшинд сууцгааж тусдаа гарсан. Энд ирэх хүн байхгүй, энэ байшинг авахгүй гэцгээдэг. Охин маань ойрхон амьдардаг. Одоо ингэсгээд ирц­гээнэ гэсэн гэв.

Хоёр хүүгээ дээд сургуульд сургах гэж хамаг хөрөнгөө барахаа шахсан. Харин охиноо дунд сур­гуулиас цааш явуулаагүй ээ гэж байх юм. Охин нь ч тэгсгээд сумын биеийн тамирын багш залуутай гэрлэж хүү охин хоёр төрүүлээд гэрийн хүн болсон байна. Охин мөн л сургуульд явах дургүй, ажил хийх сонирхолгүй, энэ өндөр хөгжилтэй Япон гүрний иргэн гэхэд тун даруу. Гэрийн мухар сахин оймс нэхэх төдийхнөөр өдөр өнгөрөөн амь­дардаг байна. Сая гадны хүн ирс­нийг сонирхох гээд төрхөмдөө ирж байна. Хүүхэн орж ирсэн цагаас хойш хатавчны хавьцаа сөхрөөд суусан. Бараг тэндээсээ босоогүй ба олон юм яриагүй шиг санагдана.      

Телевизээр гарсан нэгэн сэ­рэмж­лүүлгийн тухай жаал ярьц­гаав.  За ингэж болохгүй шүү өвөө эмээ нар аа гээд л баахан тайлбар яриад байх юм. Түүнийг утгачил­баас сүүлийн үед ажилгүй залуу­чууд олширч элдэв луйвар хийх боллоо. Луйварддаг гол мэх нь гэвэл  дугаар гардаггүй утаснаас хэн рүү ч хамаагүй залгаж  эмээтэй эсвэл өвөөтэй яриулж өгөөч гэнэ. Японд өвөөгүй эсвэл эмээгүй айл гэж байх биш. Тантай хүн ярья гэж байна гээд утсаа санамсаргүй өгчихдөг гэнэ. Тэгэхээр нь утасны цаанаас "Би ач чинь байна. Наа­дуул­даа битгий хэлээрэй. Би тан­тай дараа уулзана. Таны хэрэг гарлаа. Надад яаралтай мөнгө шилжүүлээч. Өдөр гэхэд төлөхгүй бол сургуулиасаа хөөгдөх гээд байна " гэх зэргээр панаалддаг аж. Ер зуу хүрчихсэн ач зээгийнхээ нэрийг мартчихсан хөгшчүүл ут­саар хүн тоож ярьсанд нь баярлаад мөнгөө тавиад туучихдаг луйвар газар авчээ. Манайд бол хүүхэд нохойн тоглоом төдий юм даа. Ингэж луйвардана ч гэж хаа бай­хав. Тэгээд танихгүй хүн утсаар ярьсан төдийд луйвардуулдаг ч гэж юу байхав дээ. Худал хуурмагийн тал дээр мөн ч гэнэн цайлган ард түмэн юм даа. Улаанбаатарын луйварчингууд ирвэл зүгээр шулуу­хан тонон дээрэмдүүлчих юм бай­на л даа. 

Эзэгтэй улс орон хэрхэн хөгжиж байгаа тухай надад ярьсан юм. Сүүлийн үед манай япончууд бүгд гар утастай, бүр хүүхэд хүртэл утас барьдаг гээд бодчих. Урьд бид утасгүй яаж болоод байсан юм гэж одоо гайхах юм. Пейжер бариад явж байвал хүмүүс шоолох байх аа хэмээн гайхуулаад "Танай Монголд гар утасны хэрэглээ нэвтэрсэн үү?" гэх юм.

-Манайд гар утас байгаа л гэ­лээ. 

-Нөгөө Асашёорюү юу хийж байгаа вэ? Бид түүнд их хайртай ш дээ. Хүүхэд шиг аягүй гэнэн юм хийж сахилгагүйтдэг байхгүй юу. Тэгж байгаа нь их хөөрхөн. Нутагтаа очоод улстөрч болно, дараа нь Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж зурагтаар өөрөө ярьсан. Тэгж чад­сан уу?

-Ер нь сумоч хүн улстөрч бо­лох­гүй гэсэн зүйл байхгүй л дээ. Хэрэв түүнд тийм хүсэл байгаа бол юу нь болохгүй гэж. Хөрөнгө л лав бий. Харин өөрийгөө бэлдэх хэрэг­тэй болов уу. Сумод улс төр давхар заадаг эсэхийг би мэдэхгүй. Та бүхэн сайн мэдэх байх.

-Асашёорюү Японд байхдаа ахлах сургууль төгссөн. Тэгэхлээр Монголд улстөрч болох байлгүй дээ...

За тэр Дагвадорж яах вэ. Танайх яагаад ганц охиноо сургууль соё­лоор явуулаагүй юм? Охин нойтон хүүхэд эрдэм ном, ажил төрөлгүй хэцүү биш үү? Банди нар яах вэ. Такси ч болохноо бариад өөрс­дийгөө аваад явчихна.

-Танайх тэгээд хүүдүүдээ сур­гуульд явуулахгүй юу?

-Тэгэлгүй яадгийм. Хөдөө мал дээр ажилгүй хэвтэцгээж л байна.

-Ямар хачин орон бэ? Ууган хүүгээ ч гэсэн ялгаагүй юу?

-Мэдээж. Харин отгон хүү го­ломт сахиж үлдэнгээ өв хөрөнгөн дээр буух магадлалтай.

-Хэ хэ. Отгон хүүдээ голомтоо үлдээдэг. Шал мангар юм. Таны яриануудыг ёстой ойлгосонгүй. Дандаа манай эсрэг зөрөөд байх юм.

-Тэр үнэн шүү. Танай манай орнуудын ёс заншил нэг үндэснээс хоёр тийш салаалсан мэт их сонин. Тухайлбал манайд ч бас сумо шиг үндэсний бөх бий. Харин дэвээ шаваагаа хөлөөрөө биш гараараа хийнэ.

-Гараараа гэнэ ээ. Ха ха...

Энэ айлд хоол унд идэн зөндөө удаан сууж элдвийг ярин хөг­жилдөцгөөв. Сүүлдээ бүр онигоо ч ярих юм болов. Нөхөр нь эхнэрээ хэрхэн араар нь тавьж буй тухай орос монгол ардын олон онигооны нэгийг сонгоодохсон чинь нөхдийг эвгүй байдалд оруулчихаа алдав. Тэд онигоог яг үнэн гэж үнэмшээд хачин их өрөвдөж "Одоо тэгээд дараа нь нөхөр нь яасан болоо. Хөөрхий амьтан" хэмээлдэн ша­наа­гаа тулан бодол болоод суучи­хав. Мөн инээлгэв ээ.

Ингээд явах цаг болж хамтдаа зураг хөргөө татуулан, татсан зургаа шууд цаасан дээр буулган бэлэглэв. Өвлийн хамгийн богино өдрүүдийн нэгэн ийн өндөрлөж аль хэдийнэ шөнө болсон байлаа.

Үргэлжлэл бий