Сонгуулийн гараа: намуудын пиар
Сонгууль "хаа байсан жилийн дараа" биш шүү кк
Хэн байгаагаас үл шалтгаалаад сонгуульд ялж, эрх баригч болсон нам “ард түмнээ жаргааж байна” гэж пиар хийдэг. Харин ялагдаж, сөрөг хүчин болсон нам нь “ард түмэн яг өлсөж үхлээ” гэж пиарддаг жамтай. Аль аль нь сайн болон саар талуудтай.
Эрх баригч намын хувьд
Тэдний хувьд эдийн засгийн өсөлт үүсгэж, долларын ханш бууруулж, “шударга” гээч ёсыг нь тогтоож чадаж байгаа харагдвал болох нь тэр. Гэхдээ манайх шиг орны хувьд бараг хятадууд нүүрс авах ба эс авах гэсэн ганцхан зүйлээс л шалтгаалдаг угаасаа. Дотооддоо элдэв том хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж, ажлын байр үүсгэчих боломжуудаг хайна.
Сайн тал нь гэвэл заримдаа үнэхээр сайн үр дүнгүүд ард түмний амьдралд бий болно. Хэрэв ингэдэггүй бол Монгол улс сүйрцэн байх биз. Тэхээр бүгд сайн муу талтай, адилхан. Гагцхүү “энэ чинь улстөр юм шүү дээ” гэдгийг л ойлгодог байх нь бидний хувьд чухал юм.
Өнөөдрийн хувьд нэг нам ийм үнэмлэхүй ихээр, тэгээд хоёр сонгууль дараалан ялах нь хаана хаанаа муу нөлөөтэй болох нь анзаарагдаж байна. МАН өөрөө комфорт зоондоо шигдэж байна. Үүнийг нь анзаарч татан гаргахаар оролдож буй хэсэг нь үзэж тарсаар л. Улсдаа ч бас сайнгүй. Бас л комфорт зоондоо суудаг (тиймээс л дараагийн сонгуулиар ядаж хамтарсан засаг бүрэлдчих болов уу гээд би ҮХНӨ дэмжиж байгаа). Үүнээс ч бас татан гаргачих гэж үзээд байгаа нь энэ засаг нь өөрөө, муйхардуу залуу сайд нар нь.
Энэ удаад хөгжлийн банк, нүүрс гэсэн хоёр сэдвийг дэлбэлж, холбогдсон улсуудыг нь “барьж үзүүлэх” ажил хийгдэж байна. Улсын ядуурлын шалтгаан хулгай юм бол энэ аянууд одоо ч, алсдаа ч үнэхээр хэрэгтэй. Гэхдээ нэг л зогсонги болчихлоо. Дараа дараагийн сэдвийн сонсголууд болно гээд удаад байна. Миний хувьд Оюун-Эрдэнийг үүн дээр тууштай дэмжчихье гэсэн бодолтой. Гэхдээ яагаад удаашраад байнаа?
Эрх баригчдын хийдэг ажлын муу тал гэвэл бэлэн мөнгө, халамж тараах явдал байдаг. Энэ нь эдийн засгаа түр тэлээд эргээд элэгддэг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг боомилох, нэг усан цахилгаан станц гацаах нтр шиг аймар эффектгүй л дээ.
Сөрөг хүчний хувьд
Харин сөрөг хүчний хувьд зорилт нь дараагийн сонгуульд ялах бөгөөд үүний тулд хийх хамгийн амжилттай акц нь Засгийн газрыг огцруулах байдаг. Үүний төлөө бүх зүйлийг сэтгэж, чулуу бүрийг сөхөж үзнэ. Ямартай ч эрх баригчид нэг хөрштэйгээ илт муудаж чадахгүй нь мэдээж тул Украйнд дайн гарангуут эл сэдвийг өмчлөн мордсон.
“Тэмцэгч” гэсэн алдар сонгуульд ялах хамгийн их магадлалтай. Энэ нэрийг олохын тулд эрх баригчидтай “тэмцэх” учиртай. Гэтэл олигтой тэмцэх үзэл санааны эсрэгцэл манайд байхгүй (харин ахуйн хүрээнд төр үргэлж л бойтог, үргэлж л дургүй хүргэм байдаг. Дэлхийн бүх түүхийн туршид ийм байсан). "Золоор" талбай дээр жагсаал хийхийн тулд “бүртгүүлэх” гээч зүйл хийдэг журамтай бөгөөд үүнийг хийлгээгүй бол цагдаа очиж тараах үүрэгтэй байж таарсан (засаг өөрөө энэ сонин журмаа болиулчих газар л даа уг нь). Жагсах нь чөлөөтэй, гагцхүү жагсана гэдгээ хэлэх л үүрэгтэй юм монголчууд. Энэ сул талыг ашиглан хэсэг залуус зориуд хэлэлгүй жагсаж, цагдаа нарыг ирүүлж бэсрэг мөргөлдөөн үүсгэх аргыг эзэмшлээ. Тавьдаг ганцхан шаардлагатай “Засгийн газар огцор!”. Засаг, цагдаа нь ч туйлын болхи байж нээх сүрхий ноцолдож барина. Тэгээд нэг ч тайлбар байхгүй. "Хүний эрх Монголд нойл болчихлоо" гэсэн мэдээлэл л түгдэг. Тийм л юм байлгүй дээ.
Тэмээнээс тэмдэгтэй уншигддаг энэ зүйлийг АН-ын зарим хүн үгүйсгэдэг. “Нө варчид чинь АН-тай ямар ч хамаагүй шүү. Наад сданууд чинь өөрснөө ингээд балайраад байгаа...”. Гэхдээ би нээх үнэмшихгүй байна. Засаг огцруулсан том оноог ашиглах өөр дорвитой улстөрийн хүчин хаана байгаан ккк. Эсвэл засаг огцруулах АН-ын зүй ёсны хөдөлгөөн нь хаана байгаан? Базаад хэлбэл, “нө вар”-чдын гол зорилго засаг огцруулах бөгөөд үүний тулд өөрснөө тэмцэгч гэсэн нэр зүүх шаардлагатай. Өнөөдрийг хүртэлх бүх үйл ажиллагаа нь үүнд чиглэгдсэн болохыг эргээд, тайван бодоод үзвэл бүрэн ойлгогдоно.
За энэ АН-ын пиарын эхний хэсэг байлаа. Хоёр дахь хэсэг нь бас хөөрхөн. Хэрэв Засагт дургүй бол засгийг, дайнд дургүй бол дайнаа л эсэргүүцдэг байв даа Монголын сошиал ертөнц. Харин өнөөдөр засгийг хараах гэснээ болиод бяцхан эргэлзээ гаргах төдий болсон хүн бүрийг нэг нэгээр нь боорлож, харааж, буллиддэг аргад орчихлоо. “Чи дайныг олигтой эсэргүүцэхгүй байна гэнээ, муу адгийн шаар!...”. Зургийг нь тавиад элдвийн доромжлол, хүссэн хараалаа наагаад шэйрлэдэг. Сонгууль ч хүмүүсийг галзууруулдаг л даа. Угаасаа ямар ч Засгийн газар иргэндээ хэзээ ч таалагдаж байгаагүй тул ашиглах бэлэн хөрс буюу ашиглуулах "дэмжигчид" гараад л ирдэг. Сөрөг хүчний нэг давуу тал нь энэ.
Сөрөг хүчний сайн тал их бий. Нам өөрөө боловсон хүчин сайтай инстүүц байдаг тул улсын бүх салбарт сайн мэргэжилтэнтэй байдаг. Үүн дээрээ суурилаад ард түмний төдийлөн анзаарахгүй зүйлсийг анзаарч сайн шүүмж, аргумент тавьж чаддаг. Ард түмэнд тайлбарлаж өгдөг. Энэ бол сөрөг хүчний үнэт зүйл. Гэвч өнөөдөр украйн оросын дайнаас өөр юм ярьж бгаа хэн ч алга.
Бусад намууд
Жижиг намууд дотроо нам гэх нэрийг бардам хэлэх ганцхан субьект нь ХҮН. Бусад нь “хүн” болох болоогүй. ХҮН тогтмол үйл ажиллагаатай, зохион байгуулалттай бөгөөд парламентад суудалтай. Гэхдээ хоёр том намтай эн тэнцэхгүй. Ардчилсан нам сум, баг болгонд үүртэй, хөлтэй (өмнөх хоёр сонгуулиар багцлагдаад зарагдчихдаг кк. 24 онд үндэсний ухамсраа сэрээж чадвал өөр болно). Тэгээд бусад намуудын хувьд нийгмийн анхаарлыг татах (танил байдлаа нэмэгдүүлэх) ганцхан зорилгот пиартай. Тиймээс хүүхдийн гэх мэт нэг сэдэв барьж явах нь тустай байж магад. Бас нэрээ хоногшуулах. Удахгүй шаагиад эхэлнэ.
Одоо яригдаж ҮХНӨ тэдэнд чухал хэрэгтэй. ХҮН нам 5-8 суудалтай, АН 20-30 суудалтай, тэгээд А.Отгонбаатар дарга ч сууцан байх шиг, тэгэнгүүт МАН бас нэг инерцээрээ 20-30 суудалтай ийм сонгууль 24 онд болвол мөн ч болж байна даа. Улстөр гэдэг чинь өөрөө том организмын зарчмаар ажилладаг болохоос баахан ухаантай хүмүүс сонгохын нэр биш шүү. Тиймээс л бүрэлдэхүүн нь өөрөө сонирхолтой байх тухай яриад байгаа юм.
Бат инженер