СОНГУУЛЬ САЙХАН БОЛЛОО
Сонгууль болдгоороо болсон. Дараа нь ямар асуудлуд өрнөж байна?
Яавал энэнээс илүү сайхан болох байсан бэ? гэж асуувал “үүнээс илүү сайхан сонгууль гэж байхгүй” л гэж хариулна.
Мэдээж ямар нэг намын гишүүдэд “манай нам ялсан бол” гэх, эсвэл “манайх ахиад тэдэн суудал авсан бол” илүү сайхан сонгууль гэх байлаа гэнэ биз. Харин нам бусчуудад бол манай улс төрийн тэмцлүүд улсынхаа эдийн засгийг хорлож, иргэдийнхээ сэтгэл зүйн тэнцвэрийгл алдуулчихгүй бол болоо байдаг. Манай намын зөв гэж сохроор улаан хамгаалагч хийдэггүй гэсэн үг.
Энэ удаад болдог юм боллоо гэхгүй. Харин ч “болдоггүй юм боллоо” гэх нь зөв. Ikon.mn сайтаас гаргасан УИХ-д суудал авсан намуудын зураглал өнгө өнгийн үрлэн чихэр шиг тун ч гоё харагдаж байна. Өнгөрсөн 3-4 жил дамнан үргэлжилсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ бүхнийг авчирлаа. Тэрнээс биш ард түмэн Ардчилсан намд хайртай байлаа байлаа гээд хоёр тойрогт л ялж байна. Гэхдээ л зүрхнийх нь мухарт хайр байгааг харцгаалаа. Бас нэг уужрал. Манайд өнөөдөр коммунист нам байхгүй. Коммунист бодлого ч байхгүй. Гэхдээ коммунист бодлого нь өөрөө социал демократ зарим шинж агуулдаг болохоор социал демократууд тэгж хочлогдох явдал бий.
Хэдийгээр соцдек байлаа гээд засгийн эрхийг дангаар 8 жил барих, мөн 12 жил болгож сунгах нь ямар нэг хүсэл төрүүлэх магадлал өндөр. Мэдээж эхэндээ романтик бодол, эх оронч үзэл байна. Тэгээд эрх мэдэл нь үнэмлэхүй хэмжээнд очоод ирэхээр “яг болгох гэж байхад олон ургальч үзлүүд саад болоод байх шиг санагдаж”, эцсийн бүлэгтээ нийгмийнхээ сайн сайхны төлөө дарангуйлал гэдэг хаалга татна. Энэ нь зохисон, оносон ард түмнүүд ч бий. Сингапур, БНСУ гэх мэт. Зүгээр нэг сайхан нөхрийн тэнэглэлд өртөөд үгүйрсэн орнууд ч бий, Өмнөд Америк болон Африкаас олон жишээ гарна. Харин монголчуудын замнал яаж зурагдаж байна?
Пропорционал сонгууль яваагүй бол өнөөдрийн парламент бүрэлдэхгүй байсан. За яахав АН хөөрхөн үзээтэй байлаа ч зөвхөн МАН, АН гэсэн парламентаас хор гарахгүй гэх аргагүй. Манайхан Манан гэж нэрлэдэг. Харин одоо өөр 3 нам байна. Нууцыг 3 дахь хүн мэдэхэд л нууц биш болно. Монголчуудад ч хэзээнээсээ ийм ацалсан байдал зохидог бөгөөд “ноёд” нэг талдаа гарахгүй л байх тусам “ард” нь хожиж байдаг нь сайхан даа.
МАН өнгөрсөн 8 жилд эрх барих шалтгаан, нөхцөл аяндаа бүрэлдсэнээс биш сонгууль луйвардсан гэх мэт хүчин зүйл байгаагүйд санал нэгдэх байх. Нэг нь “эсвэл үхээд, эсвэл амьдраач!” гэчихмээр үлгэн салган, хэрүүл уруултай, нөгөө нь “ХҮН л юм даа” гэж өхөөрдөх насан дээрээ яваа. Ийм нөхцөлд эрх баригчдын инерцийг зогсоохгүй байхад, ядлаа гэхэд “жаахан түрээд” өгөхөд 12, магадгүй 16 жил болгох нь хэцүүгүй байсан нөхцөлд Үндсэн хуулиараа оролдож ийнхүү “өнгөт үрлийн эффект” гаргасанд МАН-ын залууст талархууштай.
Өмнөх 16, 20, 21 оны сонгуулийн ялалтын найруулагч гэж Амарбаясгаланг зүй ёсоор заадаг. Булаалдах хүн энэ хугацаанд гараагүй. Мөн саях Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн гал тогооны эзэн Л.Оюун-Эрдэнэ, ахлах тогооч нь Д.Амарбаясгалан байлаа. Амарбаясгалан ҮХНӨ-ийг хамгийн их сурталчилж, эмэгтэйчүүдийн квот, парламентад суух намын тоог ванга шиг хэлж байв. Эхнийхийг намынхаа өмнө байгуулсан гавьяа гэвэл хоёр дахь намдаа тарьсан гай гэмээр. Гэхдээ нийгмийн өмнө бол яах аргагүй гавьяа байгуулж чадлаа. Өндөр дээр гараад харвал МАН-ынхаа ч цагийг уртасгасан юм. Яг энэ цаг мөчид түүнийг УИХ-ын даргад “ярьж” байгаа юм байна. Хэрэв хийж дуусгаагүй косметик ажилбарууд түүнд байгаа бол чухам зохих алба нь тэр. Түүнтэй хэн өрсөлдөх вэ дээ.
Засгийн хувьд Л.Оюун-Эрдэнэ хэнд урилга явуулсан нь сонирхолтой. Мэдээж АН-д явуулсан байж таарна. Дараагийн хамгийн олон суудалтай ХҮН-д бас явуулна. Лав л 2008 онд хамтарсан засаг ажиллаж байхдаа Монголыг түүхэндээ байгаагүй хамгийн баян үед нь авчирсан юм даг. Одоо тэрнээс өмнөх үед нь ганц өдөр байлгая гэвэл тэсэх монгол хүн гарахгүй. “Тамд аваачлаа” гээд боож үхээд жагсаад хөнтөрч хаяна. Бид ийм л мартамхай.
УИХ-аас Засгийн газрыг тараах нь хуулиар хязгаарлагдсан. Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилно эсвэл огцруулна. Үүний сайн талыг ч харлаа. Муу талыг нэрлэх нь нэрлэнэ биз. Ямартай ч санаснаа хийх боломж ингэж бүрдсэн. Харин энэ удаагийн давуу тал нь “энэ чинь ингэх гээд байна” гэж орилох хүрэн бөөртнүүд засгийн хурал дээр сууж эхэлнэ. Ямар нэг бяцхан, нууц эрх ашиг хөндөгдөж зарим ажлыг гацаана. Гэхдээ юм яаж ч муудсан сайжирдаг нигууртай. Засгийн ажил илүү шилэн болох болно. Тиймээс эвслийн Засгийн газрыг дэмжиж байна. Гэхдээ АН дотор ахиад л зодоон болох биз. Гэхдээ нам биш Монгол хожиж байх учиртай.
Зочин
tugs
Долдой
Уншигч
dddd
Bat
Зочин
Зочин
Баясгалан
Зочин
ЗОЧИН