СОЛОНГОСЫН ХОЙГ ДАХЬ ЭЭЛЖИТ

ШИНЭ НӨХЦӨЛ БА МОНГОЛЫН

БОЛОМЖИТ ОРОЛЦОО

(ШИНЭ УМАРТ БОДЛОГО хуралд тавьсан илтгэл)


УМАРДЫН ШИНЭ БОДЛОГО

Мүн Жэ Ин ерөнхийлөгчийн дэвшүүлж буй New Northern Policy гадаад бодлого нь Умард Солонгостой харилцах шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой гэж ойлгож байна. Умард бүс нутгийн орнуудтай харилцах бодлогын энэ хүрээнд мэдээж Умард Солонгостой харилцах бодлого голлох байр суурь эзэлнэ. Товчхондоо Орос, Монгол, Төв Азийн орнууд, Хятад, Умард Солонгос зэрэг орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжүүлж шинэ шатанд гаргах, цаашлаад Умард Солонгостой харилцаагаа сайжруулж харилцан түншлэл, хамтын ажиллагаан дээр тулгуурлан Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж шинэ энхийн эринийг бий болгох тухай бодлого. Усан болон агаарын замаар л дэлхий дахинтай холбогддог Өмнөд Солонгос улс нь Умард Солонгостойгоо харилцаагаа сайжруулснаар евроазитай хуурай замаар холбогдох шинэ гарц нээгдэнэ. Одоогоор Европ руу экспорт хийдэг усан зам нь 20,000 гаруй урт зам туулж хүрдэг. Умардтай харилцаа сайжирч хуурай зам бий болсноор эх газартай холбогдох дөт, шинэ гарц нээгдэх юм. Умард Солонгосын байгалийн баялаг, өмнөд Солонгосын технологи хоёрыг хослуулж хамтран ажиллах саналыг тэрээр дэвшүүлжээ.

БНСУ нь гадаад нийт худалдааныхаа 1,5 хувийг Оростой хийдэг. Үүнийг илүү өргөжүүлэх нь шинэ умардын бодлогын бас нэг гол зорилго. Цаашлаад Узбекстан зэрэг далайд гарцгүй орнуудтай төмөр замаар холбогдох. Байгалийн баялаг ихтэй Монгол улстай хуурай зам, төмөр замаар холбогдсоноор Монгол улсын экспортын шинэ усан зам нь Солонгосын хойг болох ба харилцан ашигтай хамтран ажиллах шинэ үүд нээгдэнэ. ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж 2 улсын хооронд 9 гүүр бий болгох (9-bridge). Үүнд Байгалийн хий, төмөр зам, эрчим хүч, далайн боомт, North Pole Route, усан онгоц үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, далайн бүтээгдэхүүн, шинэ ажлын байр гэсэн 9 салбарыг хэлж буй аж.

ШИНЭ БОДЛОГОД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БОЛОЛЦОО

Угтаа зөв бодлого баримталбал Монгол нь эрчим хүчний асар их нөөцтэй. Төв Азийн усны хагалбар нь Монголын умарт хэсэгт буй. Гэтэл усны тохируулга хийж байх ёстой цэвдэг дэлхийн дулаарлаас болоод сүүлийн хорь гаруй жилд жар гаруй хувь нь хайлсан гэсэн тооцоо гарч байна. Энэ нь алсдаа Монголын умарт хэсэг ч цөлжих магадлалтайг харуулж байгаа юм. Иймээс Хөвсгөл нуур, Байгал нуурыг холбосон сав газар олон тооны хиймэл нуур үүсгэвэл энэ аюулыг ихээхэн багасгана гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв олон хиймэл нуур үүсгэвэл үүнийг дагаад усан цахилгаан станцууд барих бололцоотой.

Монголын говь нь салхины нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бол нийт Монгол оронд нартай өдөр бараг 300 хоног байдаг учир нарны эх үүсвэрээр Сахаараас дутахгүй газар билээ. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний технологид хувьсгалт өөрчлөлт гарч байна. Салхины сэнс нь хүн ихтэй төвлөрсөн газар тохиромжгүй байдаг бол Монголын асар уудам эзгүй газар нь өнөөгийн Калифорни, Өвөр Монголоос дутахгүй олон салхин сэнс байрлуулах бололцоотой. Энэ бүхнийг ашиглаж чадах юм бол Монгол нь ойрын ирээдүйд эрчим хүчний асар том экспортлогч орон болж болох бололцоотой юмаа.

Монголд гаднаас хөрөнгө оруулж хөгжүүлэх нэг чухал гарц нь Монголын говиор дайрдаг салхины том урсгал юм. Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Монголоор дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын нийт хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ. Хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд шилжүүлээд хэдэн мянган км газар эрчим хүчийг алдагдалгүй зөөвөрлөдөг технологи техник нэгэнт буй болчихлоо. Сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхин сэнсийг зэргэлдээ Өвөр Монголд маш ихээр хөгжүүлэн хэдэн арван мянган салхин сэнс зоочихсон байгааг хэн хүнгүй харсан биз. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй гадны олон компани саналаа илэрхийлсэн. Улаанбаатараас 50 км-ийн урдхан талд анхны туршилт эхэлсэн боловч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөөгүйгээс болоод зогсолтын байдалд орчихоод байна. Энэ төслийг АНУ, Япон, Солонгосын компаниуд ихэд сонирхон хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч Монголын төрийн хүнд суртал, хий хардалт, түшмэдийн рэкэт, дарамтаас болоод урагшлахгүй байгаа юм. 

Занараас хямд түлш гаргадаг нээлт саяхан буй болж шуугиулсаар өдгөө эрчим хүчний дэлхийн төв нь Ойрхи Дорнод биш Хойт Америк болж байна. Давхрагын метаныг цуглуулан ашиглах шинэ технологи буй боллоо. Монгол тийм их занартай биш боловч байгаа нь хүхрийн маш бага хольцтойгоороо анхаарал татаж байна. Давхрагын хийн хэмжээ Хятадынхаас 500 дахин их байгаа нь урьдчилсан тооцоогоор ил болсон. 

Монголчууд болон солонгосчууд харилцаа тогтоогоод 800 жил болсон гэж судлаачид нотолдог. Яг тодорхой огноог би мэдэхгүй. Юутай ч Юань гүрний үед хоёр ард түмэн нэлээд дотно харилцаатай байсан. Цөөн монголчууд хүн ам ихтэй асар уудам Хятад орныг эзлэн захирч байхдаа солонгосчуудаас их дэмжлэг авч байсан түүхийн баримт элбэг. Юаний монгол хаад солонгос эхнэр авах нь бараг уламжлэл болж, хятад үндэстнийг дорд үзэх явдал, хууль эрхийн хувьд хамгийн доод эгнээнд тооцох зэрэг гадуурхал нь хэрээс хэтэрсэн тул энэ эзэнт гүрний мөхлийн нэг голлох шалтгаан болсон юм. “Солонгос” гэх өөр аль ч хэлэнд байдаггүй нэрээр Солонгосыг нэрлэх болсон нь лавтай XIV зууны монголын утга зохиолд бичигдсэн нь бий. Солонгосын дайны үеэр мэдээж тэр үеийн Монгол улс коммунист ертөнцөд хамаарч байсан болохоор Умартын талд баттай зогсож хүнсний тусламж үзүүлж, адуу мал тийш гаргаж, дайнд өнчирсөн хүүхдүүдийг Монголд авчирж тусгайлан асарч байсан байдаг. Өмнөд Солонгостой огт харилцаагүй байсан боловч 1989 онд бүх коммунист орнуудаас Унгарын дараа Өмнөд Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон нь Монгол болсон юм. Сонирхолтой нь 1948 онд Умард Солонгосыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон нь бас Монгол болж байсан. 

Өмнөд Солонгостой эдийн засаг, нийгэм соёл, худалдааны маш сайн харилцаатай болсон ч бид Умард Солонгостой тогтоосон түүхэн уламжлалт харилцаагаа сааруулаагүй явсаар өдий хүрлээ. 1996 оноос Монгол нь Умардад олон удаа хүнсний тусламж үзүүлсээр ирсэн. Монголд хориод жилийн турш умардын олон ажилчин бүтээн байгуулалтад оролцон бидэнтэй мөр зэрэгцэн ажилласаар ирлээ. Мэдээж хоёр жилийн өмнөөс НҮБ-ээс тавигдсан хоригоос болж ажичдын тоо эрс цөөрсөн боловч одоо ч 500 орчим хүн ажилласаар байгаа. Манай хоёр орны харилцаа хэвийн байгаа, саяхан Умард Солонгосын Гадаад яамны сайдын айлчлал болсон. 2000 оноос хойш Монголын бүх Ерөнхийлөгчид Умард Солонгост айлчилсан, мөн хэд хэдэн Ерөнхий сайдын айлчлал ч болсон.

Солонгос, монгол хүмүүс түүхээсээ биендээ симпаттай байсан. Монголд өнөөдөр 100 мянга орчим хүн ямар нэг хэмжээгээр солонгос хэл мэддэг нь хүн амдаа харьцуулахад маш өндөр тоо юм. Солонгос хэл бол монголчуудын гурав дахь гадаад хэл. Цагийн явцад орос хэлтэй хүмүүс цөөрч солонгостой хүн олшорсоор удахгүй англи хэлний дараа хоёр дахь гадаад хэл болохыг ч үгүйсгэх аргагүй. Солонгосын урлаг утга зохиол, ахуйн соёл сүүлийн 30 жилд Монголд маш хүчтэй нэвтэрч байна. Бид монголоид арьстны дотор Маерийн антропологийн ангиллаар нүүрний төрхөөр адилхан нэг бүлэгт багтдаг учир биднийг гаднаас нь хараад ялгах хэцүү. Магадгүй үүнээс болсон байж болох, монгол залуучууд солонгос моод дуурайх болж адилхан хувцаслаж, Солонгост ирж нүүр амны засал хийлгэх явдал элбэг болжээ. Яагаад хятад, япон залуучуудыг биш чухамдаа солонгосчуудыг дуурайх болсон феномэнийг би мэдэхгүй.

Ерөнхийлөгч Мүн Жэ Иний дэвшүүлж буй маш их өөдрөг (магадгүй хэт өөдрөг) New Northern Policy –ийг Монголын Засгийн газар дэмжиж буйгаа илэрхийлсэн, би ч хувь хүнийхээ хувьд энэ сайхан мөрөөдөл биелээсэй гэж залбирч байгаа. Зүүн Хойд Ази нь ойрын ирээдүйд дэлхийн хамгийн хөгжингүй бүс нутаг болох ирээдүйтэй. Энд эдийн засгаар хурдацтай өсөн нэмэгдэж буй дэлхийн хоёрдахь том эдийн засаг Хятад, гурав дахь эдийн засаг Япон, арав дахь Өмнөд Солонгос, түүхий эдийн дундаршгүй баялаг болох зүүн Сибирь, Алс дорнод байна. Ийм том интеграцид багтаж орох нь Монголын мөрөөдөл. Гэвч өнөөдөр Зүүн Хойд Ази нь дэлхийн хамгийн том цэрэг зэвсгийн төвлөрөл болчихоод байгаа билээ. Энэ аюул үгүй болбол бүс нутагт амьдарч буй хэдэн зуун сая хүн айх аюулгүй амар тайван амьдрахсан. Иймээс л Ерөнхийлөгч Мүн Жэ Иний дэвшүүлж буй бодлогод баяр хүргэн болдог бол хоёр гараа өргөн байдаг чадлаараа дэмжих юмсан.

КОКО КОЛАГҮЙ СҮҮЛЧИЙН ОРОН

Гэвч энэ бодлого хэрэгжих нь гагцхүү Өмнөд Солонгосоос хамаарах асуудал биш нь тун тоогүй. 2007 онд дуусгавар болсон Зургаагийн хэлэлцээ нь Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцсэн зургаан орны ашиг сонирхол зургаан янз байсан нь өнөөдөр ч зарчмын хувьд өөрчлөгдөөгүй. Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгос нь газар зүйн хувьд цэвэр арал-улс болсон, ойрын хугацаанд энэ байдал засарч эх газартайгаа нийлнэ гэдэгт итгэхэд бэрх байна. Умард Солонгосын шинэ тактик ба цааш энэ нь хэрхэн өөрчлөгдөж болох, үүний үр дагавар юунд хүргэж болох, түүнд нь Монгол улс яаж оролцож болох талаар өөрийн бодлыг энд хэлэх гэсэн юм. Миний бие 1996 оноос Солонгосын хойгийн асуудлаар хөөцөлдөж ирсэн ба энэ хооронд Умард Солонгост хорь орчим удаа айлчилсан. Парламентийн гишүүний хувьд, сайдын хувьд, жуулчны хувьд, хүнсний тусламж хүргэгчийн хувьд, Монголын эрх баригчдын Умард Солонгос дахь айлчлалын бүрэлдэхүүнд багтагчийн хувьд гэх мэт. Англи, Орос, Хятад, Япон, Өмнөл Солонгос, АНУ-д болсон Солонгосын хойгийн талаархи хэлэлцүүлэг, хурал, ворк шопод удаа дараа оролцож илтгэл тавьж байснаас гадна өгүүлэл хэлэлцүүлэг нэлээдийг бичиж мэргэжлийн сэтгүүл хэвлэлд гаргаж байсны нэлээд нь гадаад хэлүүдээр орчуулагдсан.

1990 он гэхэд коммунист систем нуран унаж бараг тавин жил үргэлжилсэн хүйтэн дайн зогслоо. Зөвхөн хүйтэн дайны зөрчил дээр амьдарч байсан Этиоп, Ангол, Өмнөд Йэмэн, Никарагуа, Конго, Сальвадор, Камбож мэтийн орон дахь коммунист маягийн дэглэмүүд тэр дороо даган сөхөрсөн юм. Хятад, Вьетнам дахь дэглэмүүд хэдийгээр албан ёсоор коммунист суртлаас татгалзаагүй боловч эдийн засгийн либералчлал хийн, үзэл суртлын хувьд аажим ухралт хийх замыг сонгов. Харин сталинизмын сүүлчийн тулгуур болж Умард Солонгос, Куба гэсэн хоёр орон коммунист дарангуйлалтайгаа үлдсэн. Энэ хоёр дэглэм нэгэнт тэжээгчээ алдсан тул тун удахгүй нуран унана хэмээн дэлхий даяараа хүлээж байлаа. Гайхалтай нь дэглэмүүд эдийн засгийн болон үзэл суртлын хуучин хэв маягаа хадгалсаар 30 жил буюу хүний бүхэл бүтэн үе өнгөртөл тэсэн үлджээ. Одоо болтол коко колагүй дэлхийн хоёрхон орон шүү дээ.

Хойд Солонгосын хувьд өөрийг нь бүтээгч Хятадын амь тээх хэмжээний тэжээлээр өлөн зэлмэн амь зогоож эхний арван жилийг өнгөрөөжээ. Өлсгөлөн нүүрлэж гурван сая хүн турж үхсэн боловч Кимийн гэр бүлийнхэн дэглэмээ авч үлдэхийн тулд ямар ч гамшигийг туулан эцсээ хүртэл тэсэн үлдэхээр шийджээ. Үе залгамжилсан энэ харгис дэглэм өөрийн түүхэн нөхцөл, гадаад хүрээлэл, хүчирхэг орнуудын геополитик бодлогын дунд уран нүүдэл, зальжин тоглолтоор дэглэмээ авч үлдэх арга замыг сонгосон юм. Умард Солонгос сталинизмтай зууралдаад буй нь үзэл суртлын гэхээсээ дэглэмээ авч үлдэх бодит шалтгаанаас үүдэлтэй. Коммунист болон бусад харгис дэглэмүүд унахад тогтолцоо буруушаагдсан төдийгүй удирдагчид нь хүнд шийтгэл хүлээсэн тэр жишээг дагахыг Кимийн хүрээллийнхэн яавч хүлээн зөвшөөрөх аргагүй. Дэглэмээ авч үлдээд эдийн засгийн реформоор аажмаар чөлөөт зах зээл рүү шилжих оролдлогыг хэдэнтээ туршсан боловч хэт харанхуй дэглэмд хүний 2-3 үе дамжин амьдарсан алдах юмгүй ядуу ард түмний нүд гэнэт нээгдэн дэглэмд өөрт нь аюул учруулж болох нь харагдлаа. Ийм парадокс нөхцөлд орсон дэглэм өөрийгөө аварч үлдэхийн тулд дотооддоо харгислал, суртал нэвтрүүлгийг улам идэвхижүүлж, гадагшаа болохоор өөр рүү нь хандсан хүчирхэг орнуудын байнга өөрчлөгдөж байх бодлогын зөрчил дээр тоглох арга замыг нэгэнт сонгожээ.

Цөмийн зэвсэг агсах төсөл энэхүү зөрчил дээр тоглох аргын гол хэрэгслэл байлаа. ЗХУ задарч, Орос орон эмх замбараагүй болсон ерээд оны эх нь умардынханд цөмийн технологийн нууцад нэвтрэх том боломж олгожээ. Дараа нь Иран, Пакистаны тусламжаар технологио улам сайжруулсан.Асуудал Ёнбёонд атомын цахилгаан станц барих төлөвлөгөөнөөс эхэлсэн бол аяндаа цөмийн зэвсэгтэй болох гэж байгаагаа ил тодоор зарлаж эхэлсэн юм. Иймээс тэднийг хэлэлцээний ширээнд урьж “зургаан талт хэлэлцээ” хэмээх дуу шуугиантай ярилцлагыг 2003-2007 онд зургаан удаагийн раундаар хийсэн боловч тухай бүрдээ хэлэлцээнд оролцогсод умардынханд чадуулаад өнгөрсөн билээ. Цөмийн туршилт, балластик пуужин, зургаан талт хэлэлцээ зэрэг нь Умард Солонгосын хувьд дэглэмээ хадгалахын зэрэгцээ гаднаас тусламж авч өөрийнх нь эсрэг байгаа дэлхий ертөнцөд тэсэн үлдэх үндсэн арга, заль мэх болсон юм.

Зургаан талт хэлэлцээ мухардалд орж тасарсан 2007 оноос хойшхи арав гаруй жилд дэлхийн улс төрийн байдал ихээхэн өөрчлөгдөж, Умард Солонгост хандах хүчирхэг гүрнүүдийн бодлогод багагүй засвар орлоо. Умард Солонгосыг өөртөө хэрэгтэйгээр хэрхэн ашиглах талаар зургаан талт хэлэлцээнд оролцогч талууд ч өөр өөрийн ээлж дараалсан шинэ шинэ бодлоготой болж, Умард Солонгос ч энэхүү шинэлэг бололцоог хэрхэн ашиглах талаар стратеги тактикийн шинэ хэлбэрт шилжсээр ирлээ. 

ГИЗЭРМЭНИЙ ХҮСЭЛ

Умард Солонгосын удаа дараагийн дараалсан цөмийн туршилт ба алсын тусгалт пуужин хийсэн явдал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орныг хамтарсан хориг тавих явдалд хүргэлээ. Урьд нь тэдний эсрэг эрс хориг тавихаас түдгэлздэг байсан Хятад, Орос үүнд нэгдсэн нь Умард Солонгосын эсрэг анх удаа дэлхий даяар нэгдсэн бодлого буй болгосон юм. Хориг маш хүчтэй үйлчилсэн. Импорт экспортод нь хориг тавьснаар сүүлийн 30 жилд анх удаа нэлээд цэгцрэн хамгийн хүнд үеэ арай гэж даван туулж байсан Умард Солонгосын эдийн засагт маш хүчтэй цохилт боллоо. Умард Солонгос байгуулагдсан үеэсээ л янз бүрийн хоригт орж байсан боловч ийм нэгдмэл эсэргүүцэлтэй хэзээ ч тулж байгаагүй. Хэдийгээр энэхүү хэсэгчилсэн хориг (sectorial sunction) Умард Солонгосыг бүрэн туйлдуулахгүй ч гэсэн Ким Чэн Ун төрийн эрхэнд гарснаар эхэлсэн эдийн засгийн өсөлтийг зогсоох аюултай юм. Энэ нь түүний дэглэмд ч аюултай.

“Чудакууд хорвоог чимдэг” гэсэн Оросын зохиолч Горькийн афоризм байдаг. Чудак нь англиар Geezer гэдэг ховор хэрэглэгддэг үг болно. Хөгшин, зөрүүд, стандарт бус гаж сэтгэлгээтэй хүнийг нэрлэнэ. Тэд өөрийн гаж үйлдлээр тогтсон баримтлалыг нураадаг, эсвэл нураах гэж оролддог. Өнөөдөр дэлхийн хамгийн том эдийн засгийн толгой дээр тийм нэг geezer гараад ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч Доналд Трамп гэдгийг та нар шууд ойлгосон байх. Трамп нь хэдийгээр Путин, Эрдаган, Дутартэ нартай адил өнөөгийн тогтсон дэлхийн дэг журмыг өөрчилж, өөрийн орондоо истаблишмэнтийг нураах гэж оролдож байгаа боловч тэднээс ялгаатай нь Америкийн Үндсэн хууль, төрийн тогтолцоонд хазаарлагдсан учир юу дуртайгаа хийх бололцоогүй. Түүний олон санаачлага үйлдэл хууль тогтоогчид болон шүүх засаглалд нь таалагдахгүй байгаа учир хазаарлагдаж байна. Харин Умард Солонгос руу хандсан шинэ бодлого нь нийтийн алга ташилт хүлээгээгүй юм гэхэд юутай ч асар их дэмжлэгтэй байна. Солонгосын дайнаас хойш түүн рүү хандсан АНУ-ын бодлого байнга өөрчлөгдөн солигдож байсан. Ардчилсан намынхан илүүтэй аргадах байр суурь барьж байсан бол Бүгд найрамдахчууд хий хоосон сүрдүүлж, заналхийлж байснаас илүү гавьтай тууштай бодлого тэдэнд байгаагүй. Харин энэ Гизэрмэн том цохилтоор нэлээд буулгаж авлаа. Цаашид ямар үр дүн гарахыг өнөөдөр тааварлах аргагүй, магадгүй байдлыг улам хурцатгаж сүйрэл авчирч ч болох юм.

Хоригоос болж Умардад хүнсний нормыг хасаж эхэллээ. Гэвч тэд ямар ч гамшгийг давж сурсан ард түмэн. ХХ зууны сүүлээр болсон их өлсгөлөнд зарим мэдээгээр бараг 3 сая хүн өлбөрч үхсэн гэдэг. Гэтэл тэнд үүнээс болж үймээн шуугиан болсон мэдээ олддоггүй. Харин хорин жилийн дараах умардын хүмүүс нэлээд өөр болсон. Худалдааны чөлөөт бүс байгуулсан түр зуурын туршилт, воний ханшийг заримдаг байдлаар чөлөөлсөн явдал, хувь хүмүүс худалдаа хийж болдог захууд нээгдсэн, тодорхой хүмүүсийг Хятад руу явуулж худалдаа хийхийг зөвшөөрсөн, олон оронд ажиллах хүчин илгээсэн, Кэйсонд өмнөдүүдтэй хамтарсан үйлдвэр байгуулсан, залуу удирдагчийн үеэс эдийн засгийн өсөлт гарч эхэлсэн, улсын үйлдвэрүүд орлогынхоо багашаар хэсгийг өөрийн мэдлээр захиран зарцуулдаг болсон зэрэг олон өөрчлөлт нь ард түмнийх нь нүдийг бага ч болов нээлээ. Дагаад авилга маш хурдацтай өсөж, зарим судлагааны дүнгээс харахад 200 мянга орчим төлбөрийн чадвартай хүмүүсийн дээд анги үүсчээ. Хэдэн жилийн өмнө хувьдаа гадаад валюттай болсон хүмүүсийг шахаж тэрийг нь хурааж авна гэхэд эмэгтэйчүүд голдуу хүмүүсийн эсэргүүцлийн жагсаал болсон тухай сурвалжууд мэдээлж байлаа. Энэ бол Умард Солонгосын түүхэнд урьд нь тохиолдож байгаагүй явдал. Алдах юмтай хүн л эсэргүүцэл илэрхийлж чаддаг.

Хүний хэр хэмжээнээс хэтийдсэн аймшигт тэвчээр туулсаар ирсэн умардууд хориг тавигдсан өнөөгийн хүнд нөхцөлд цаашид тэсвэрлэх аргагүй болно. Үүнийг удирдагчид мэдрээд гарах гарц хайж буйн нэг илэрхийлэл нь Цөмийн хөтөлбөрөө зогсоох амлалт юм. Гэвч энэ нь тийм амар асуудал биш. Хоригийг нийтэд нь биш гэхэд сүүлийн хоёр жилд тавигдсан хамгийн хүнд хоригуудыг цуцлуулж түр ч болохноо амьсгаа авах нь тэргүүн зорилго. 

Трамп Умард Солонгосыг ганцааранг нь нүцгэлэхийг зорьж буй бололтой. Сая Ханойд болсон уулзалт дээр тэднийг тун удахгүй Вьетнам шиг хөгжингүй улс болно гэсэн нь даапаалж буй аятай сонсогдсон. Солонгосын хойг дээр Вьетнам шиг нэгдэл болох бололцоо байхгүй. Умардынхан цөмийн зэвсэглэлээс бүр мөсөн татгалзлаа гэж бодоход америкчууд дараагийн ээлжид жишээ нь хүний эрх нэхнэ. Дэглэмийн эсрэг бүлэглэл гарч ирдэг юм гэхэд хамгийн түрүүн тэднийг шууд дэмжинэ. Үүнийг умардынхан сайн мэдэж байгаа. Саддам Хусэйн, Муамри Кадафын хувь заяаг хуваалцахыг тэд яав ч зөвшөөрөхгүй. Төлбөрийн чадвартай 200 мянган хүн байна гэсэн, зэвсэглэлд ажиллаж байгаа 2500 генерал байна, тэд Умард Солонгосыг либералчилж 200 мянган улс төрийн хоригдлуудыг сул тавихыг зөвшөөрнө гэж үү? Ким Жон Уны хувьд өнөөдөр тэрхүү хөрөнгөтэй болсон 200 мянган хүнээс гадна ард түмэн гар утас хэрэглэдэг болсон, илүү мэдээлэлжсэн, ямар нэг юм болоход зохион байгуулалтанд орох боломж нэмэгдсэн явдал бас нэг аюул занал мөн юм.

НОМХОН ДАЛАЙ ДАХЬ ХЯНАЛТЫН ӨРСӨЛДӨӨН

Хавай дахь Долдугаар флот, Япон, Филиппин, Өмнөд Солонгост байрлах цэргийн хүчин нь АНУ-д Номхон далайг тэр чигээр нь хяналтандаа байлгах бололцоо олгож буй юм. Чухам энэ хяналтын хүчээр дэлхийн II дайнаас хойшхи бүс нутгийн аюулгүй байдлыг зохицуулж энх амгалан амьдралыг хангасан билээ. Солонгосын болон Вьетнамын дайнаар коммунизмын түрэлтийг зогсоож чадсан юм. Хүйтэн дайны төгсгөлөөс хойшхи АНУ-ын Умард Солонгост хандах хандлага тууштай нэг чиг шугамтай байж чадаагүй юм. Умардынхан цөмийн хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлсэн төдийгүй Олон улсын атомын эрчим хүчний байгууллагаас шалгалт оруулахыг шаардахад тус байгууллагаас гарч буйгаа зарласны дараа Клинтоны Засгийн газрын зараалаар Ерөнхийлөгч асан Картэр Пхеньянд айлчилж өвгөн дарангуйлагчтай уулзлаа. Ким түүнд цөмийн хөтөлбөрөө царцаахад бэлнээ илэрхийлж хариуд нь АНУ-Умард Солонгосын диалоги эхлүүлэх, элдэв хоригийг цуцлуулах, атомын цахилгаан станц барихад технологийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Америкчууд ч энэ хэлэлцээрийн үр дүнд итгэлтэй хандан элдэв тусламж үзүүлснээс гадна умардынхны эсрэг тавьсан хуучны хоригоо ихээхэн сулруулжээ. Клинтоны Засгийн газар найман жил оршин тогтнохдоо Умард Солонгостой хэлэлцээрт орж амжилт олно гэж итгэсээр байлаа.

Гэтэл Номхон далайд шинэ өрсөлдөгч гарч ирсэн нь Хятад. Ийм шалтгаанаар америкчууд Умард Солонгосын дэглэмийг түлхэн унагах сонирхолтой боллоо. Умардыг хамгаалж, сүйрэл хямралынх нь үед үхүүлчихгүйгээр амь тариа хийж ирсэн Хятад шинэ зуунаас айхавтар хүчирхэгжихээс нь өмнө АНУ-ын Умард Солонгост хандсан бодлого нь илүүтэй шүүмжлэл, сүрдүүлгийн хэлбэртэй байсан бол одоо энэ нь хоолойд тулсан аюул болжээ. Умардууд тив алгасах пуужинтай болсон ч гэсэн түүгээрээ АНУ-д аюул занал учруулах техникийн бололцоо үгүй. Энэ бол ердөө л онолын хувьд байж болох ч практик дээр Умардын аюул гэх шуугианаар дамжуулан Хятадад шахалт үзүүлж буй хэрэг юм. Умардынхан олон жилийн турш өмнөдүүд болон япончуудтай ямар ч хэлэлцээ хийхгүй гэдгээ тунхаглан тэднийг Америкийн хүүхэлдэй гэж нэрлэж байлаа. Иймээс яриа хэлэлцээ хийх дээрээ тулбал зөвхөн америк эзэнтэй нь тохиролцож болно гэдгээ илэрхийлж байсан. Олон жилийн турш америкчууд энэ саналыг нь огт ойшоож байгаагүй. Харин Трамп залуу удидагчийг өдөөн доромжилж, хүчтэй хориг тууштай явуулсаар байгаад ядраан умардынханыг хэлэлцээрт татан авчирч чадав. 

ХЯТАДГҮЙГЭЭР СОЛОНГОСЫН ХОЙГИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ

Солоносын хойгийн асуудлыг Хятадгүйгээр шийдэх бололцоогүй. Хойд Солонгосыг төрүүлсэн эцэг нь Орос боловч өргөж аван өдий хүргэсэн өргөмөл эцэг нь Хятад юм. Солонгосын дайны үед үхлээс аварсан Хятадтай Кимийн дэглэм ах дүү бололцсон ч Зөвлөлт-Хятадын зөрчлийн үед тэд оросуудтай муудалцаагүй. Дэн Сяопиний шинэчлэлийн үеэс хятадууд умардынхныг ижил төстэй реформ хийхийг янз бүрээр ятгасан авч тэд үгийг нь хүлээж авсангүй. Тэгсэн мөртөө хятад туршлагыг нэвтрүүлэх гэж байгаа маяг гарган шуугиантай айлчлал хийх, тэрбайтугай худалдааны чөлөөт бүс хүртэл зарлаж үзсэн. Ийм маягийн алхам бүр дэглэмд аюул учруулаад буйг ойлгосон учир эдийн засгийн хувьд “суллах-чангалах” арга хэрэглэх болжээ. Тухайлбал тодорхой итгэгдсэн бүлэгт гадаад худалдаа хийх эрх олгох мөртөө тэднийг сэхээд ирэнгүүт нь эргүүлж дарж аван буруутгах жишээтэй.

Умард Солонгос нь Хятадын хувьд Франкэнштайн юм. Тэндээс 300 мянга орчим дүрвэгсэд өдгөө Зүүн хойд Хятадад хууль бусаар амьдарч байна. Оростой хөршөлдөг хорь хүрэхгүй км хил, 38 дугаар өргөрөгийн хаалттай бүсийг эс тооцвол Хятад нь Умард Солонгостой хуурай газраар хиллэдэг цорын ганц орон мөн. Хэрэв Кимийн дэглэм нурвал Хятад нь умардынхны олон сая дүрвэгчдийн эхний золиос болно. Хятадууд ийм явдал гарахаас ялангуяа Бээжингийн олимпын өмнө ихэд болгоомжилж байсан. Хэрэв Умардын дэглэм унавал хяналтаас гаран үймэх энэ орны бужигнааны эхний золиосын нэг нь Хятад болно. Дүрвэгсэдээс эхлээд улс төрийн хариуцлага ч Хятадад ноогдоно. Хил дээр олон арван мянган цэрэг байрлуулж дүрвэгсэдээс хамгаалах гэсэн оролдлого нь ямар ч үр дүнгүй дампуурсны дараа ерөөс энэ аюулаас зайлах аргагүй юм байна гэсэн ойлголт өгөв. 

Орос ч, Хятад ч умардынхныг геополитик тоглоомдоо ашиглан АНУ, Японы эсрэг “зуудаг нохой” болгон хэрэглэсээр ирсэн. Энэ нь ялангуяа НҮБ-ын чуулга дээр илт харагддаг. Тэд Умард Солонгосыг өрнөдийнхөнд өгөхгүй, гэхдээ дэглэмийг илт дэмжилгүйгээр үхүүлчихгүй хэмжээнд тэжээн тусалж, улс орныг нь дэлхийгээс салангид вакуум болгон өөртөө хэрэглэсээр иржээ. Гэвч алив тоглоом хэмжээ хязгаартай тул умардынхны илт гааруу ажиллагааг номхотгохоор шийдэн тэдний цөмийн хөтөлбөрт тавьсан хоригт нэгдсэн юм. Ингэснээр Хятад-Хойд Солонгосын худалдаа эрс буурч, тэдэнд үзүүлэх тусламжийн хэмжээ анх байгуулагдсан цагаас нь хойш хамгийн доод цэгтээ тулжээ.

Өнөөдөр Өмнөд Солонгосийн эдийн засаг Хятадаас бараг бүрэн хамаарах болсон ба Хятадын хувьд ч Өмнөд Солонгос нь худалдааны маш том түнш нь болсон. Энэ болон бусад шалтгаанаар умардынхан Хятадад дайсагнаагүй юм гэхэд үл итгэх, ил далд өдөөн хатгах субъектээ болгожээ. Умард Солонгос Хятадтай хэрхэн харилцахаа шийдэж чадахгүй байгаатай нэгэн адил Хятад ч дэглэмийг хэрхэх талаар шийдэлд хүрч чадахгүй байна. Нэг талаас хэрэгтэй, нөгөө талаас аюултай. Хятадууд Кимийн дэглэмийг арай зөөлөн өөр дэглэмээр солих хүсэлтэй ч тэр нь улс орноо хянаж чадахгүйд хүрвэл АНУ-ын Иракт хийсэн ажиллагааны нэгэн адил төгсгөлтэй болохоос эмээж байна.

ЗУРГААН ОРНЫ ЗУРГААН ӨӨР СОНИРХОЛ

Оросууд хүйтэн дайны төгсгөлөөс хойш Умард Солонгосыг бараг мартаж орхижээ. Хааяа санахаараа “зуудаг нохой” болгон ашиглах талыг нь л сонирхоно. Зургаан талын хэлэлцээрт хамгийн идэвхигүй оролцогч нь байлаа. Крымын анексаас болж дэлхий дахиныг өөрийнхөө эсрэг эргүүлсэн Путинд өчүүхэн Ванатуа улс ч хань хамсаатны хувьд гологдохоо больсон өнөө үед солонгос “зуудаг нохой” ашиг тустай нөхөр болон өөрчлөгдлөө. 

Барьцаалагдсан иргэдийн асуудал гэгч нь Японы хувьд Умард Солонгос руу чиглэсэн хамгийн том шоу юм. Үнэндээ 20-100 орчим гэж таамаглаж байгаа барьцаалагсадын дийлэнх нь тухайн үеийн “улаан арми” хэмээх Японы террорист байгууллагын идэвхитнүүд болон дэмжигчид сайн дураараа болон ятгалгаар Умард Солонгост очоод тэндээ үүрд барьцаалагджээ. Үнэхээр хулгайлагдсан 15 настай охиныг голчлон сурталчилдаг ч ийм тохиолдол ганц хоёроос илүүгүй. Абэгийн Засгийн газар гарч ирэхдээ Хууль зүйн яамаа “хууль зүй ба барьцаалагдсан иргэдийн асуудал хариуцсан яам” хэмээн шинээр нэрлэх болсон нь ч шоуг улам хүчжүүлж буй хэрэг билээ. Харьцуулахад Өмнөд Солонгос өөрийн хэдэн мянгаар ч тоологдож магадгүй иргэнээ умардын ах дүү нартаа барьцаалуулан тэр чигээр нь алдсан билээ.

Умард Солонгос АНУ-тай шууд хэлэлцээрт орохдоо Японыг үл тоомсорлосонд нь тэд их гомдолтой байгаа. Бүс нутагт Хятад гэнэт маш том тоглогч, магадгүй ойрын ирээдүйд хяналт тогтоогч болж магадгүйгээс япончууд маш их айж байгаа. Үнэндээ Умард Солонгосын хараал зүхэл байтугай тэдний “тоглоомон” цөмийн бөмбөг ч, харваад далайд живчихдэг балластик пуужин ч Японд ямар ч хор үзүүлэхгүй. Энэ зэргийн ядмаг довтолгооноос бүрэн хамгаалах чадвар Японы өөрийгөө хамгаалах хүчинд элбэг бий. Хэрэв Умард Солонгосын цөмийн бөмбөгийг олон улс хүлээн зөвшөөрвөл хамгийн түрүүн Өмнөд Солонгос, Япон, Тайвань гурав цөмийн гэр бүлд багтах бололцоо нээгдэнэ. Эдэнд энэ нь технологийн хувьд маш амархан. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хамгийн аюултай тал нь бөмбөг дэлбэлэх гээд байгаадаа биш, цөмийн хүлээн зөвшөөрөгдсөн хүрээг улам тэлэхэд оршино. Гэтэл хэрэвзээ Умардуудын АНУ-тай хийж буй хэлэлцээ амжилттай болбол тэд төлбөрөө Японоор хийлгэхээр зүтгэх болно. Тэдний дайны төлбөр хэмээх мөнгөн дүн өдгөө хэдэн арван тэрбум долларт хүрч магадгүй. Умардын дэглэм цаашид оршин тогтнох гарц бол АНУ-тай шууд харилцан хоригийг цуцлуулж түр амьсгаа авах ба энэ далимд Японоос асар их мөнгө нэхэн цааш оршин тогтнох тактик, стратеги гэж би хардаг. Миний бодол таалагдахгүй бол уучлаарай.

СТАТУС КВОГ ЭВДВЭЛ ИЛҮҮ АЮУЛ НҮҮРЛЭЖ МАГАДГҮЙ

Хүйтэн дайнаас хойшхи Өмнөд Солонгосын Засгийн газар бүрийн ярьдаг хамгийн алдартай онигоо бол хоёр Солонгосыг нийлүүлэх үлгэр юм. Энэ бол хамгийн багаар бодоход 50 жилээс нааш үл бүтэх мөрөөдөл ба өнөөгийн улс төрчдөд бараг огт хамаагүй сэдэв. Хэрэв нийлдэг дээрээ тулах юм бол 3-4 ихнаяд долларын зардал гарах ба энэ нь Өмнөд Солонгосын Үндэсний үйлдвэрлэлээс хэд дахин давна. Хүйтэн дайны дараа хоёр Герман нэгдсэнийг үлгэр жишээ болгон хөөрөлд автсан ерээд оны эхэн үеийн мөрөөдлийг ойлгож болох ч үүнээс хойш дахиад хүний нэг үе өнгөрчихөөд байхад “хүүхэд насны” ярианаасаа салахгүй байна гэдэг нь цаанаа өөр санаа агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Үнэндээ Өмнөд Солонгос нь умард хөршөөсөө болж хамгийн их зовж байгаа орон мөн. 1950 оны умардын гэнэтийн довтолгоо, үүнээс үүдсэн гурван жилийн дайн тэдний зүрхэнд орж сэтгэл санааны хувьд мөнхийн айдас түгшүүрт амьдрах болсон. Умард хөрш нь харьцуулахад технологийн үлэмж хоцрогдолтой ч балмад дэглэм нь сүйрэх дээрээ тулбал хамт үхье хэмээн амиа хорлохоор шийдэн өөрийн хил дээрээ атомын бөмбөг дэлбэлбэл яах вэ? Галзуу хүнээс юу ч гарч мэднэ. 

Умардууд хичнээн цөмийн зэвсэгтэй, алсын тусгалт зөөгч пуужинтай болсон ч өөрсдийнх нь технологийн бололцоо нь заналд өртсөн гэгдээд байгаа алсын Америк, ойрын Японы өөрийгөө хамгаалах чадварт нь бодит аюулд учруулж чадахгүй. Умардуудын барьцаалчихаад байгаа бодит барьцаа бол Өмнөд Солонгос, тэр дундаа Сөүл хот. Өнөөдөр дэлхийн хамгийн том хотуудын нэг болчихоод байгаа Сөүл нь манай гаригийн техник технологи, соёл урлаг, эдийн засаг, иргэншил дэвшлийн нэг том төв болчихоод байгаа билээ. Хэрэв энэ төвлөрсөн хот цөмийн ч бай, ердийн зэвсгийн ч бай байлдааны золиос болох юм бол үр нөлөө нь бүх дэлхийд хохиролтой. 

Гэвч дэглэм гэнэт нуран унаж Солонгосын хойгийн хойд хэсэг хэний ч хяналтаас гарах юм бол энэ нь Өмнөд Солонгосын хувьд бүр ч аймшигтай жинхэнэ сүйрэл болно. Хамтын аюулгүй байдлаас улам бүр холдон, улс бүр илүүтэй амиа бодох болсон өнөөгийн нөхцөлд хойд хөршийн задарлын хариуцлагыг өмнөд ах дүү нь бараг ганцаараа үүрэх болно. 38 дугаар өргөрөгийг нэвтлэн хэдэн сая зэвсэггүй ард иргэн түрэн орж ирэхэд өмнөдүүд юу хийж чадах юм бэ? Хүйтэн дайн дуусангуут Зөвлөлтийн КГБ шууд л оросын мафи болон хувирч Өрнөд Европ, АНУ-ын хувьд дуусашгүй бэрхшээл болсон ба Зүүн Европ, Дундад Азийн дүрвэгсэдийн дарамт өрнөдийнхний зан авир, амьдралын тогтсон хэвшилд ихээхэн өөрчлөлт оруулсан билээ. Гэтэл дэлхийн түүхэн дэх магадгүй хамгийн харгис хатуу дэглэмд гурван үеэрээ амьдарч хүний нийгмээс тасарсан ард түмэн бусадтай таарч тохирон нийгэмшихэд маш урт хугацаа шаардана. Тэр дундаа баян ах дүүтэй бол тэднийгээ дээрэмдэн талах нь илүү хялбар арга юм. Зургаан талт хэлэлцээнд оролцогч аль ч улс Солонгосын хойгийн хяналтаас гарсан бужигнаанаас өөрийгөө хамгаалж дөнгөх бол ийм боломж Өмнөд Солонгосын хувьд бараг байхгүй гэж хэлж болно. Иймээс л зүдэргээтэй зовлонтой боловч хойд хөрш нь юутай ч өөрийн дэглэмийн хяналтанд байж байх нь өнөөдрийн байдлаар өмнөдийнхөнд илүү бага хохиролтой нөхцөл байдал юм. Хоёр муугийн арай бага хохиролтойг нь сонгодог биз дээ.

Умард Солонгосын дэглэмийг түлхэн унагаж, Солонгосын хойгийг энх амгалан болгох хорхойсол ийнхүү цагийн эрхэнд улам элэгдэн хуучирч байна. Хүйтэн дайны дараах дэлхийн ирээдүйн тухай өөдрөг үзэл улам бүр унтран холдож байна. Дэлхий өнөөдөр хүйтэн дайны үеийнхээс илүү аюултай хэврэг болж, шинэ хуваагдал руугаа дөхөх боллоо. Хүйтэн дайны үеийн хуваагдлын утга учрыг авч явсан үзэл суртал алга болонгуут орлон гарч ирэх үзэл суртал үгүй, байлаа гэхэд тэр нь маш олон, салангид болж буй өнөөгийн ертөнцөд улс болгоныг өөрийн эрхгүй амиа бодсон үзэл руу шахаж байна. Ийм л шалтгаанаар Умард Солонгосын дэглэм унаж сүйрсэнд орвол оршин тогтноод байвал илүү ашигтай, эсвэл хор багатай гэсэн улс орнуудын хувиа бодсон үзэл давамгайлж эхэллээ.

Умард Солонгосын ганцааранг нь нүцэглэх гэсэн Трампын чармайлт ч, умард хөрштэйгээ ах дүү болон харилцан биенээ хүндэтгэсэн ах дүү бололцож үүгээр дамжин эх газартай газраар холбогдох Мүн ерөнхийлөгчийн мөрөөдөл ч өнөөдөртөө бол дэндүү эртэдсэн санагдана. Ингэхийг Умард Солонгосын дэглэм зөвшөөрөх ч үгүй, зөвшөөрдөг юм бол одоо тогтон байгаа статус квогоос дор аюул Өмнөдийг нөмрөх болно.

Гэвч хэний ч санаанд оромгүй шал өөр хувилбараар асуудал цааш өргөжиж магадгүй. Умардууд сөргөлдөгч талуудын дунд зальжин тоглолт явуулах баялаг туршлагатай, ийм аргаа Зөвлөлт Хятадын сөргөлдөөний үед маш гарамгай хэрэгжүүлж байсан. Үүнийг нь сайн мэдэх америкчууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зөвшөөрөх, эсвэл нүдээ анин өнгөрөөх хувилбар ч бий. Зөвлөлт Хятадын зөрчил дээр Киссинэжрийн хийсэн тоглолтоос үзэхэд АНУ ч мундаг туршлагатай. АНУ-Умард Солоносын түншлэл шинээр буй болбол Хятадад үзүүлж чадах маш үр дүнтэй шахалт болно. Ийм тохиолдол хэрэгжлээ гэхэд эндээс буй болох үр дүнг тааварлахад хэцүү. Юутай ч умардуудын барьцаандаа чанга атгасан ганц объект нь Сөүл хот, иймээс Өмнөд Солонгост энэ хувилбар ашигтай байхгүй нь л тодорхой юм.

2019.03.12