“Би говьд намар оройн тэнгэр дор төрсөн.
Бидний үеийнхэн ажин түжин, амгалан цайлганы үр сад юм”.

Энэ мөрийг уншаад надад ямар нэг нандин зүйлээ алдсан юм шиг, алдсан тэр зүйлийнхээ өмнө би буруутай юм шиг, мэдсээр байж тэс буруу замаар явж өдий хүрээд, түүнийгээ эс анзаарах л гэмээ хаацайлах ганц арга болсон юм шиг мөхөсдсөн мэдрэмж төрж билээ. Хурааж цомносон бүхэн нь эцсийн мөчид ямар ч үнэ цэнэгүйг мэдрэх ямар байдаг бол? Эсрэгээрээ бүтээж, цуглуулж буй бүхэн нь үлдэнэ, энэ ертөнцөд өөрийг нь зөвтгөх ямар нэгэн учир шалтгаан, мөн чанар оршин байх болно гэдгийг мэдрэхийн жаргал ямар байдаг бол? Энэ мэдрэмж амьдралын төгсгөлд л бидэнд төрөх учиртай юу? Эсвэл үүнийг урьдчилан харах боломжтой, тэгж харж чаддаг билэг авьяастнууд бидний дунд байдаг уу?

Жам ёсны өмнө зогсоо хүн гээч энэ сэтгэгч амьтаны оршин байхуйн тухай үй түмэн асуулт, асуудал бий. Бид түүнд өөр өөрсдийнхөөрөө, хэр чадлынхаа хэрээр л хариулт өгч ирсэн. Сэтгэлээ хуурах үедээ хуурч, эрэл хайгуулынхаа гүнд нэвтрэв гэтэл тэр нь төөрч будилмаар, бүр хэн гэдгээ ч мартмаар харанхуй хонгил болохыг мэдэх, бодол, бясалгал ханахад учир шалтгаангүй баясгалан төрөх нь ч бий. Эргэлзээ, айдас, эгээрэл гэгээрэлийн торгон агшин хүн бүхэнд ирдэг. Хэн алийг нь сонгов, хэрхэн мэдэрч, өөртөө авч үлдэв гэдэг л хүнийг тодорхойлдог. Гэтэл хүн гэдэг байгалийнхаас гадна нийгмийн амьтан. Бидний харилцаа, нийтлэг үнэлэмж бодьгал мөн чанараас минь өрсөн биднийг тодорхойлох нь бий. Хүний нийгмийн нас уртасч, бидний хамтдаа томъёолсноор “хөгжих”-ийн хирээр энэ зохиомол үнэлмжүүд улам бүр жам ёсны санагдах болж, амьдралын эс ширхэг бүхэнд агаар ус мэт нэвчиж байна. Яруу найрагч Ц.Төртайван энэ тухай “Шүүрс” хэмээх номондоо “...Бидний үеийнхэн ажин түжин, амгалан цайлганы үр сад юм” хэмээн санааширсан байх юм. Тэгээд цааш нь...

“...Царцаан дуу царгисан хээр тал,
Цагаан чулуутай толгодын өмнө би дандаа өршөөл эрдэг...”
хэмээн бичжээ. Өөр хэн нэгэнд ямар санагдах юм. Ямартай ч энэ мөрийг уншаад надад шүүрс алдмаар санагдсан юм. Зүгээр л нүдээ аниад хотжил, хөгжилийн дүүвээнээс хол алсад улам бүр эзгүйрэн байгаа тал нутгаа бодлоо. Анир чимээгүй нь тэнд анир чимээ байдагсан. Хэдэн зуун үеэрээ энэ талд амьдарч, гүвээ толгод, нуур усных нь халуун амьсгалыг даган эндээс л холдчих вий, эндээс л сансрын хязгааргүй руу тоос болоод хийсчих вий гэсэн юм шиг байгальтай шүтэн барилдсан эртний их үндэстний үр хойчис юмсан. Хүн эхийн хэвлийгээс анх унаад хамаг л хэр чинээгээрээ уйлдагийн учир нь ахуй ертөнцийн дуу чимээнд цочирдсондоо юм гэнэлээ. Харин тал нутаг гэдэг яг л эхийн хэвлий мэт бүх зүйлс нь, бүр ширхэг чулуу нь хүртэл байгалиараа, байгаагаараа байгаа сав шимийн тогтолцоо билээ. Бидний өвөг дээдэс мунхаг харанхуй нүүдэлчиддээ биш гагцхүү энэ л мөн чанарыг ухаарсандаа, ухаараагүй юм гэхэд зөн совингоороо мэдэрсэндээ ч дэлхийн дайдыг хэрсэн их гүрнийг байгуулсан атлаа талын амьдралын хэв маягаа шүтэж амьдарсаар ирсэн ч юм бил үү. Магадгүй амьдралын энэ хэв маяг л хаяа нийлсэн хүчирхэг иргэншлүүдийн дунд цөөхөн хэдэн монголыг тусгаар улс байлгана гэдгийг тэд олж харсан ч юм бил үү? Би Ц.Төртайваны “...дандаа өршөөл эрдэг”-ийн учирыг ийн ухаарсан юм. Тэр магад энэ бүхнийг санасандаа биш зүгээр л сэтгэлийнхээ дуудлагаар, будангуй совинд хөтлөгдсөндөө ийн шүлэглэсэн биз ээ.

“...Ангасан газар дэндүү харам борооны дусал бүр нь
Цангасан амьтны нүдэнд гялалзах шаналал бүхэн нь
Цагаан цагаан дэрс, атга ногоон таана нь
Цаг бүр, агшин бүрд л биед минь нэвчээд байдаг юм.
Хуурай боргио цөмлөсөн тэмээний мөр
Хугар туссан тойром, хайрга дайрган дээгүүр нь
Гүйж явахдаа, аав ээж тэнгэрт одож
Хүний нутагт би он удаан суух юм гэж мэдээгүй...”
Шүлэг дуулал гэдэг хичнээн жам ёсны, зүрх сэтгэлийн байх тусмаа эгэл энгийн болж, урлал хийцийн тэрхүү төгөлдөршил нь урлаачдаа ч, уншигчдаа ч баясал, таашаал төрүүлдэг билээ. Ерөөс энгийн байх гэдэг байгальтайгаа ойр байхын нэр юм. Гэхдээ байгальтайгаа ойр байна гээд түүнийг хуулж, цагаан шүлэг гарын салаагаар савируулахын нэр бас биш ээ. Зүгээр л өөрт буй байгалийн өгөгдөлдөө боломж олгож, өөрөөс ундрах эрчимд гарц нээхийн нэр юм. Хүн бүхэнд байгалиас хүсэхүй, хүртэхүйн суурь мэдрэмж, эр чадал заяадгийн адил болзмол тэмдэгийн тогтолцоонд хандах буюу хэл, хэлэхүйн чадавх нь харилцан адилгүй байдаг. Энэ бол авьяас билгийн тухай яриа билээ. Монголын их шүлэгч Данзангийн Нямсүрэн нэгэнтээ, “Би өвсийг бөөгийн дуудлага шиг дууддаг. Өвсний өмнө бөхийж шүлгээ бичдэг. Өвсийг яаж амьдруулахаас болдог. Унасан хөх өвсийг бодоод бичдэг” хэмээсэн нь чухамхүү авьяас билгээ сэрээн дуудаж, сав шимийн хуран үймээнээс ухамсараа ангижруулан, өөртэйгээ үлдэх аргаа томьёолсон хэрэг юм. Оросын их шүлэгч Борис Пастернакийн “Доктор Живаго” роман ч үүний нэг жишээ. Уг романаас хүүрнэл зохиолчийн эрэмбэ дараатай, нягт ажиллагаа гэхээс илүүтэй яруу найрагчийн тэмүүлэл мэдрэгддэг. Октьябрын хувьсгалыг тойрсон нийгмийн хүчирхэг доргион сонсогддог ч хагас мянга орчим хуудас бичлэгийн амин сүнс нь хувьсгалын хөл үймээнээс дайжин хилийн чанад руу дутаах биш, эх орныхоо гүн рүү цас мөсийг туулан аялж буй яруу найрагчийн зүрх сэтгэл юм. Магадгүй Живаго эмчийн хэл яриа, өдгөөх цагийн нүдээр харвал хэт романтик гэмээр үйлдэлүүд Пастернакийн өөрийнх нь дүр, өчил биз. Бодит амьдрал дээр ч ялгаагүй яруу найрагч гэдэг нэг иймэрхүү дүр төрх байдаг. Арчаагүй дээ биш, шуналгүй, хэрсүү ухаангүйдээ биш зүгээр л өөртөө ойрхон байх гэсэндээ, өдөр бүхэн эх байгалийн дуудлагыг сонсох гэсэндээ л тэр. Ц.Төртайван ийм л сэтгэлээр энэ мөрүүдийг бичжээ.

“...Өдөр шөнийн урсгал, цаг төрийн хувьсал
Өнөөдөр юу тоогдож, юу хуучирсны гайхшрал дунд
Ердөө ялихгүй мэт, гэвч нэг жин гурил авах, байрны хөлсөнд хэдийг төлөх
Яриа ч бас яах аргагүй чухалд тоологдон цаг үрэхийн дунд,
Эхнэртэй шөргөөлцөх... орцонд дүүрсэн нохой... хотын даргын захирамж
Элдэв даатгал, цагдаа, хадам гэхийн завсарт
Эр хүн миний дотор үргэлж
Эх нутаг минь санагдаж чинэрсээр явдаг юм.”
Уран бүтээлч хүн хөдөө амьдарвал зэвэрдэг гэсэн зэвүү хүрмээр нэг үг бий. Энэ бол авьяас мөхөс хүмүүний өөрийгөө хаацайлахын тулд олж хэлсэн үг болов уу гэж би санадаг. Хөдөө буйдын орон гэдэг харин ч уран бүтээлчийн бодол санааг уужруулж, хий хөөрөл, хэлбэрдэлтээс ангижруулан бодит ертөнцөд нийлэх боломж юм. Ерээд онд монголын уран зохиолд шуугиан тарьж, “…Бид “сэрэл”-ийн яруу найраг хэмээх тунхагийг баримталж хүний сэтгэлийн барим тавим үелзээ, зүүд совин үл ухамсарлахуй, агшины мэдрэмж тэргүүтэнийг “тэмдэглэх” барилаар далд ахуйг нээнэ” хэмээн онол номын олон урсгал монгол хэлтний оюуны ертөнц рүү цутгаж асан тухайн цагт өөрийн гэсэн гоо зүйн үзлээ тунхагласан “Зүс бүгэг андууд” бүлэгт чухам л “Хөдөө”-ний долоон залуу байсан билээ. Магадгүй их хотын утга зохиолын амьдралд эрт хөл гишгэсэн бол тэдгээр залуус хэн нэгэн нөмөр нөөлөгтөнд шавилж, цомын уралдаанд хүч өргөж, эсхүл тэр цагийн уран зохиолын хөл үймээн дунд хоолой мэдэн хашгичсаар дуусч монголын яруу найраг ийм нэгэн өвөрмөц дуу хоолойгоор дутах ч байсан юм бил үү.

Уран бүтээлчийн итгэл үнэмшил гэдэг “Өнөөдөр юу тоогдож, юу хуучирсны гайхшрал дунд” хувьсаж балардаггүй тулгуур хүчин зүйл юм. Тийм ч учраас авьяасаас гадна хандлага, төлөвшил гэх зүйл тэднийг тодорхойлдог. Тайзны шүлэг бичиж, цом, шагналаар уран бүтээлээ хэмжсээр яваад [энэ чанараа бүр удамшуулан үлдээж] он удахад жин дарах бүтээлгүй, баахан цаасан малгайтай хоцорсон манай нэр бүхий нэртэй уран бүтээлчид үүний амьд жишээ юм. Харин шүлэгч Ц.Төртайван энэ замыг тойрон гарч чаджээ. Түүний 2009 онд хэвлүүлсэн “Шүүрс...” нэртэй төсөрхөн номонд өнгөрсөн зууны далаад оноос энэ зууны эхэн хүртэл бичсэн шүлгүүд нь багтжээ. Тухайн цагтаа хэвлүүлсэн бол магад юм дуулгаж, уран зохиолын их тавцан дээр эзнээ зайлбаргүй гаргах шүлгүүд. Гэвч тэр тэгэхийг төвдөөгүй бололтой. Бүр 2009 он хүрч байж номоо хэвлүүлхдээ ч багагүй тээнэгэлзсэнээ тэрбээр учирлажээ. Ц.Төртайваны шүлгүүд ур дүрслэлийн хувьд энгийн боловч, хэллэг, илэрхийлэлийн хувьд бичигдсэн цагийнхаа уран сайхны нийтлэг үнэлэмжээс ангид яруу сайхны мөн чанарт дөтлөн ирсэн бүтээлүүд байна. Үүнийг бичигч вээр “Далаад онд ингэж бичиж байсан гэж үү?” гэж гайхширсан тохиол цөөнгүй бий ч жинхэнэ яруу найраг гэдэг цаг хугацаа, хэв донжийн хамаарлаас ангид зүйл гэдгийн энгийн жишээ хэмээн ухамсарласан юм.

“...Ийм л явна... Гэхдээ уучлах юм бас байж мэднэ.
Элдэв шүү дээ, амьдрал... муу сайн нь тэнцүү.
Энэ муу сайныг тэнцүүлж, бодол ухааныг тогтоож
Өдий зэрэгтэй яваагийн шувуу нуруу нь өнөөх л шимшрэл!
Үүнийг хэн мэдэх, хэн мэдэхгүй нь надад гол бус,
Өрөөлөөс би асуудаггүй.
Гагцхүү над шиг, амттай мөртлөө гашуун эгшиглэнд нэвчсэн хүн
Газар дээр ховор гэж бодох тусмаа жаргалтай, бас гунигтай байдаг.”
Амттай мөртлөө гашуун эгшиглэн эхийн хэвлээр дамжин бие, сэтгэлд нь нэвчсэнээс хорвоог арай л өөр нүдээр харж, задлан шинжлэх биш энэрэн ухаарахын явдалд шимтэх нь яруу найрагчийн зам мөр. Хичнээн харгис зүйрлэл, бор бааз шүлэглэл, уянгын утас мэт шад байлаа гээд бүгд л эцэстээ уншигчийн сэтгэлийн утсыг хөндөж, түгшүүр зовинол гэхээсээ далд баяр, ахуйн бараан гадаргаас харц өргөн тэнгэрийн зүг ширтэх тэмүүлэл хайрладаг. Сэтгэл хоромхон ч атугай сэрж буй тэр л агшины төлөө яруу найрагчийн дотор нэгэн сэртэн хугарч байдаг. Жам ёсыг хичнээн их  ухаарах тусам, зайлшгүйн тэр их нүүрлэл хүчний өмнө яг л харанхуй хадны хаа нэгтээ рүү унасан морь  нь цулбуураа алдуулж, дөрөө хангинуулан одоход, явгарч хоцорсон хэн нэгэн шиг энэ ертөнцөд цор ганцаар орхигдсон мэт мэдрэмж төрөх тоолонд өр хөндүүрлэн бичсээр байх болно. Бичсэн мөрөө дагаад оршихуйн хүрднээс гараад явчихгүйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч бичихээс өөр зам яруу найрагчид үгүй.

"..Ингэний нүдэнд нулимс гялалзах нь
Үдшийн цаг юм... ижийн дуу сонсогдоно.
"Ингээ хорио миний хүү!"
Ингэж би гучин жилийн тэртээ очно.
Ингэж нэг түм удаа гүйжээ.
Ингээ хорихгүй бол ижийгээ харахаа больчихно.
Ингэж бумын аравны нэг удаа яаж ийгээд
Эхнэрийн гараас мултарч зэлэн дээрээ иржээ...
Од хэлхсэн мэт тэр нулимсыг
Одоо ч би гайхан харсаар байдаг юм.
Их ч үгүй, бага ч үгүй түм од хацрыг нь дагаж урссан
Эх тэмээний амьсгаа сэвэлзсээр байдаг юм.”
 
Даван дийлэхийн аргагүй байгалийн гамшиг, уур амьсгалын туйлт өөрчлөлтүүд бидэнд л сүйрэл мэт санагдаж буй болохоос үнэн чанартаа эх байгаль өөрийгөө цэвэрлэж буй, өөрөөр хэлбэл өөрийгөө биднээс цэвэрлэж буй жам ёсны үйл явц. Бид бол хүн төрөлхтний хэдэн түмэн үеийн нүгэл хилэнцийг үүрэх хувь тавилантай хүмүүс. Бидний аврал мэргэд цэцэлсэн их сургуулийн танхимд биш, цааснаа барлагдан бууж, хэдэн зуунаар тоосонд дарагдсан гүн ухааны алтадмал судар номын хуудаснаа биш, эсхүл хилийн дээс, далайн чанадаас царцаан нүүдэл мэт шуугин ирэгч иргэншилийн цэцэгний ухаан самуурам анхилуун тоосонцор дунд биш, бидний дотоодод, орон зайд халдуулж хэлвэл талын уудамд бөмбийх хорол хүрдэн тоонот цагаан гэрууд, ажин түжин суурингууд, тэнд суугч хүмүүсийн амьдралын хэмнэлд бий. “Од хэлхсэн мэт тэр нулимас...” Үрээ голсон амьтанг ч аргадан ухааруулж чаддаг эгэл боргилхон эгшигтэй хуур, “Ингээ хорихгүй бол ижийгээ харахаа больчихно” хэмээн зүүдэндээ хоргодох нас тогтсон эрийн сэтгэл... бидний он өнгөрөх тусам мартсаар буй үлгэрийн хүмүүжил, үлгэрт л үнэн байсныг үзэх хожимдсон ухаарал...

“..Бид ер дотроо уйлдаг эсэхээ мэддэг бил үү?
Би говьд намрын тэнгэр дор төрсөн юм.”
Бидний эшэлсэн шүлгийн төгсгөл. Ц.Төртайваны “Шүүрс” номын 136-137 дугаар талд байх нэгэн нэргүй шүлэг. Тэр хэдий шүлэгтээ цэг тавьж, эргэцэн байж энэ номоо хэвлүүлээд нуруун дээрээсээ нэг их том ачаа авах шиг болж амсхийсэн ч бидний өмнө асар том асуултын тэмдэг зурчихлаа. Бид дотроо уйлдаг эсэхээ мэдэх бүү хэл, ер дотроо уйлдаг бил үү? Ямартай ч тэр уйлж байна. Хүн төрөлхтний өмнөөс шаналах агуу ихийн дэмийрлээр бус хүн хүнийхээ төлөө, хүн гэдгээ мэдэрдэгтээ шүүрс алдаж байна.


“Царцанги, саарал үүрээр гэнэтхэн сэрчихлээ.
Цас нэвсийтэл даржээ.

Шаналал, эмзэглэл минь
Чухам хэдийд одсоныг мэдэхгүй
Цайр нь муудсан толь шиг надаас илүү гэгээтэй
Цас гялбахад л санав шүү.
Урьд шөнө энд гишгээд
Тэр салхивчаар гарчээ гэлтэй
Хоёр жижиг бойтогны мөр
Хөнжил дээр үлдсэн нь
Зүрхэнд тавьсан оёдол
Хөндүүрлэх мэт үрчийжээ!
Эгэл жирийнийг эл долд бодож
Инээдтэйг гунигтай, гунигтайг инээдтэйд санаж
Эрхэмсэг цээжиндээ хоёр гараа зөрүүлсэн
Ихэмсэг, хүйтэн амьтан болчихоогүй байгаа даа, би чинь!

Царцанги, саарал үүрээр гэнэт сэрчихлээ.
Цас нэвсийтэл даржээ”.
 
[Үүрийн аниргүйд. 1993] Уран бүтээлд тавих шалгуур үй олон байвч хамгийн чухаг нь хүн чанарын шүүлтүүр юм. Хэрэв хүн гэдгийг нь сануулахгүй байвал тэр бүтээлийн мөн чанарт эргэлзэх эрх уншигч бүхэнд бий. Харин тэгж санагдуулахаар, тэгээд цаашлан уй гуниг, бодол эргэцүүлэлд хөтөлж чадсан бол хүндлэл хүлээх эрх хүн бүхэнд бий. Алдар хүндийн өндөрт гарсан эрхэмд ч, алс хязгаарт нам гүмхэн амьдарч буй хөдөөх эрийн хувьд ч ялгалгүй үйлчлэх урлагийн энэ хууль, биднийг эгэл жирийнийг эл долд бодож, инээдтэйг гунигтай, гунигтайг инээдтэйд санан эрхэмсэг цээжиндээ хоёр гараа зөрүүлсэн ихэмсэг хүйтэн амьтан болчихсон юм биш биз хэмээн биеэ нэгэнтээ цэнэн эргэцүүлэхэд эрхгүй хүргэх авай. 

Яруу найрагч Д.Нямсүрэн, Ц.Төртайван, Т.Содномнамжил нар


"Үндэстний уран зохиол" сэтгүүл

№1