Нэмүү өртөг шингэсэн, нэмүү өртөг шингэсэн...
Монгол Улс суурь эдийн засгаа засахгүйгээр хичнээн мөнгө хийсэн ч элсэнд ус асгасантай ижил болно. Монгол Улс хоёр том хөршийн дунд 27 жилийн турш ардчилалд тууштай байж ирсэн. Монголд эдийн засгийн аюулгүй байдал нэн чухал. Өнөөгийн эдийн засгийн байдлыг би шүүмжилдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: – Монгол Улс суурь эдийн засгаа засахгүйгээр хичнээн мөнгө хийсэн ч элсэнд ус асгасантай ижил болно. Монгол Улс хоёр том хөршийн дунд 27 жилийн турш ардчилалд тууштай байж ирсэн. Монголд эдийн засгийн аюулгүй байдал нэн чухал. Өнөөгийн эдийн засгийн байдлыг би шүүмжилдэг. Ганц уул уурхайн салбар, нүүрсний үнээс хамааралтай эдийн засагтай орон болсон. Монгол орон маш том хөдөө аж ахуйн салбартай. Гэвч экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь чамлалтай. Дэлхийн ноолуурын 30 хувийг Монголд бэлтгэдэг ч түүнийгээ 100 хувь бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж чаддаггүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээлгүйгээр, түүхийгээр нь үнэгүй шахам гадагш гаргадаг. Эдийн засгийг сулруулдаг нэг шалтгаан нь түүхий эдээ боловсруулалгүй гаргадагтай холбоотой. Би хоёр яам толгойлж, үүнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсан хүний хувьд бүтэгдэхүүнийг түүхийгээр нь гаргадгаас Монголын эдийн засаг эрүүлждэггүй юм байна гэдгийг харсан. Олон сая ам.долларын зээл авдаг ч бүтэгдэхүүнээ боловсруулж экспортод гаргахгүй бол эдийн засгийн хөгжилд тушаа болж байна гэсэнсэн.
Мөн ОУВС-гийн төлөөлөгчтэй ноён Х.Баттулга уулзахдаа:– Нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөх ёстой байсансан. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байна. Учир нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцолсон билээ.
Энэ хоёр абзацыг би эшлэхдээ Төрийн тэргүүний амнаас унасан жинхэнэ бодитой дүгнэлт гэж үзээд дараахи саналаа уншигчиддаа болон монголчууддаа зориглон толилуулж байна!
Уул уурхайн хөөрцөглөл Монголын нийгэмд хэвээрээ, хүлээлт үүсгээд бөөн мөнгө горьддог хийрхэл хэвээрээ, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөнийг Монголын эдийн засгийн өсөлт гэх нь холгүй сурталдаж байгааг сөрье гэж шийдээд энэ саналаа өргөн барьж байна.
Юу гэхлээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нэг гарц бидэнд байна. Тэр нь мэдлэгт суурилсан эдийн засгийн ганц хоёрхон бүтээгдэхүүн.
“Мэдлэгт суурилсан эдийн засаг” гэхлээрээ нуль шинжлэх ухаан, нуль доктор, профессор, нуль академич, шил дарсан хүрээлэнгүүд, дэлхийг дэлдийлгэсэн манай 100 их, дээд сургуулиудын аль нь ч биш юм. Тархин дахь ялимгүй мэдлэгээ ашиглаад л бусаддаа гай тарихгүй, хөлдөө чирэхгүй, нийгэмдээ дарамтгүй мөнгө хийх, тэр нь хөрөнгийн хуримтлал болж үлдэхийг л “Мэдлэгт суурилсан эдийн засаг” гэдэг юм билээ.
Оюуны багтаамж, сэтгэлгээ, овсгоо нь эрэлт хэрэгцээтэйгээ нийлэхээрээ л юун улс төржих, нүүрс ухах, байгалиа онгичох. Мөнгө аяндаа урсаад ороод ирнэ. Огтын баялаггүй, эсвэл баялгаа барчихсан, газар нутаг нь ч хүрэлцэхгүй Зүүн өмнө Азийн тийм нэг хэсэг улс мэдлэгт суурилсан эдийн засгийг амьдрал дээр туршжээ.
Уг нь социализмаас бичиг үсгийн гайгүй боловсрол, боловсролын албадлагын тогтолцоо өвлөөд авчихсан энэ цөөхөн монгол, дээр нь монгол хүний хурц хар ухаан, гүйлгэн ухаан, тархины IQ-г нэмэхлээр, тэгдээ 27 жилийнхээ эрх чөлөөг тооцоод үзвэл бид өдийд ингэж шар махтайгаа хатаж явамгүй надад санагддаг юм. Жижиг үндэстэн айхтар хэрсүү байх ёстой гэсэн миний энэ ятгалга уг нь 1990-ээд онд л хэрэгжчихээр байлаа.
Манай нийгэм бүхэлдээ оюунлаг, чадварлаг, сэтгэдэг, суралцдаг болоход төрийн жаахан албадлага л орчихсон бол өдийд ингэж олон мянгуулаа лангуу, чингэлэг, зах гэхгүй (хотын хүн амын тал нь), мөнгөний хойноос шар махтайгаа хатахгүй байлаа.
Амины хашаа бүхий айл өрх, иргэд бүр багахан хүнсний ногоо тариад өвөл хаврынхаа хүнсний ногооны хэрэгцээг хангачихад л болох байлаа гэж өмнөх нийтлэлдээ би бичсэн. Амин зуулгаа өлхөн хангаад үлдсэнийг нь зарж борлуулахад л хангалттай.
Оюунлаг, чадварлаг, сэтгэдэг хэсгээ салган авч мөнгө хийлгүүлэхийн тулд л сэдэв хазайж хүнс ярьж байгаа хэрэг шүү дээ. Ерөөсөө хүн амын10-хан хувь нь л оюунлаг, чадварлаг, сэтгэдэг хэсэг байхад нөгөөх “Мэдлэгт суурилсан эдийн засаг” манайд босоод ирэх магадлалтай. Би энд Зүүн Азийн ба Баруун Европын зарим улсын хүн амын бүтцийг механикаар хуулбарлан дүйцүүлж байна.
Манай 3 сая хүн амын 10 хувь буюу 300 мянга нь энд ятгаад буй мэдээллийн технологи, бирж, хөрөнгө, санхүүгийн зах зээл эрхлээд, тэрийг нь төр чиглүүлээд өгвөл манай нэг малчин, эсвэл нэг ногоочин өрх сардаа 15 000 $-ын орлоготой болчихож болох болно. Нөгөө 10-хан хувь чинь Та бидэнд огтын саад болохгүйгээр мөнгө босгож өгөөд, тэр нь нийгэмд хөрөнгийн хуримтлал бий болгочихоор төр нь хуваарилаад тийм цалинд хүрнэ гэсэн үг.
Банкны ба бугуйн цагны үйлдвэрлэлээс олсон орлогыг нь Швейцарийн төр хуримтлал болгоод нэг цагийн ажлын хөлсний доод хэмжээг 50 $, өдрийнх нь 400 $ гэж тогтоосон ба сардаа тэндхийн нэг иргэн дунджаар 12 000 орчим ам.долларын цалин авдаг. Швейцарь сургуулийн бага ангийн багш хосгүйдээ тэгж сайхан амьдраад байгаа юм биш, манайхны заадгийг заагаад дэвтрээ засаад л явахад төрдөө хуримтлагдсан сангаас 7000-8000 $-ын цалин авч байгаа ба үндсэндээ банкны актив, цагны үйлдвэрийн ашгаас хүртэж байгаа хэлбэр нь тэр юм.
Манайд ганц нэг жишээ болгочихоор хүн бий. Нэрийг нь азная. Миний таних тэр эрхмүүд бол ердөө л олон улсын биржийн үнийн зөрүүгээр алтан карт эзэмшээд явдаг улс. Тэд алт, зэс, нефтийн аль ч бирж дээр гэрээсээ чөлөөтэй тоглодог ба үнийн зөрүүг айхтар мэдэрдэг. Мэдээж энд боловсрол их хэрэгтэй л дээ. Тийм хэдэн мянган хүнтэй болъё л доо.
Хувьцааны, валютын, нефтийн зэрэг дэлхийн гурван том зах зээл буй. Дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал бүхий нэгдсэн сүлжээ бий болчихоод удаж байна. Тэгвэл тэр сүлжээнд Монголоосоо ажиллах мянган гаруйхан монгол байхад л манай улсын сан хөмрөг эхний ээлжинд (бараг ганц хоногт) 2-3 дахин өснө. Орос, Хятадын дунд Stock Exchange болж, Дорнод Сибирь, Өвөр Монголын хооронд бирж, капиталын хуримтлалын сүлжээ үүсгэж, тэдний мөнгө санхүүг зөв гүйлгэж, бирждээ байршуулан үнийн зөрүүгээр ашиг олж бид Төв Азидаа нэгэн Швейцарь лугаа болъё гэсэн уриалга гэж Та бодоорой. Төр хэргээр зохион байгуулж яаралтай биржэд ажиллуулаач ээ гэсэн санаа юм л даа. Энэ нь маш хялбар, бусдад огтын садаагүй ажил. Бэлээхэн Bloomberg ТВ Танд хөтөч болоод өгнө.
Заавал хөрөнгийн зах зээл, хувьцаа, бонд, зуучлах, арилжих гэхгүй бас нэг боломжийн гарц байна. Англиар “IT” гэхэд л дэлхийгээрээ мэднэ дээ. Хятадад Мэдээллийн аж үйлдвэрийн бүхэл бүтэн яам байгуулчихаад Бээжингийн нэгэн дүүргийг тэр чигт нь Cybersity (цахим хот) болгосныг би 2004 онд бахархан, бас жишээлэн бичсэнсэн. Манайд МТҮП гэж ганц цагаан байшин байх нь байна. Түүнийгээ өргөсгөөд программ хангамжийн экспорт хийдэг хэдэн мянган “IT” мэргэжилтэнг төр хэргээр дэмжиж урамшуулаад шавдуулчихвал биржээс дутахгүй мөнгө урсаж орох боломж байна. Би зөвхөн өөрийн хүүгээр жишээлэхэд тэрээр EON хэмээх компани байгуулаад дотоодын төдийгүй гадаадын захиалгаар программ үйлдвэрлэж олон мянган долларын ашигтай ажиллаж үзсэн. Япон, Финландаас маш том захиалга авч байсан. Манай найз доктор Ж.Баясахын хүү Германд DJ (disc jockey) хийгээд мөнгө сайн босгож буй жишээ байна. Иймд энэ их авьяслаг монгол залуус бултаараа DJ болоод даян дэлхийгээр гарч ажиллаад олсон мөнгөнийхөө багаханыг эх орон руугаа хуримтлал болгоод илгээхэд л Өмнөговь аймгийн уул уурхайн бараг тал нь хаалгаа барина.
Тархины багтаамжаараа монголчууд дэлхийд бусад улс үндэстнээс илүү гэдэг утгаар гарчгаа сонгож, бас Ерөнхийлөгчийн эдийн засаг-бизнесийн бодлогод саналаа нэмэрлэн маш энгийнээр хялбаршуулан тайлбарлалаа шүү.
Эдийн засаг мэдлэгт суурилна гэж ердөө энэ дээ.