ШИНЭ ТӨРД ӨРГӨХ ЕРӨӨЛ
Монголын эдийн засаг бол иргэдийнхээ амьдралыг тэтгэж, өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй эдийн засаг биш ээ!
2020 оны эхнээс өрнөсөн нийгэм, улс төр, эдийн засгийн үйл явдлууд Монголын шинэхэн түүхэнд нэгэн эгзэгтэй мөч болж үлдэх дүр зураг тодорч байна. 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш өнгөрсөн 30 жилийн түүхийн сургамж, одоо цагийн Дэлхий ертөнцийн “ээдрээтэй, түгшүүртэй” нөхцөл байдлын өнгөн дээр нийгмийн амьдралын олон асуудалд оновчтой хариу олохыг шаардах болсон.
Шинэ жилийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ жил эрс шинэчлэлийн жил болно” хэмээн зарлаад төрийн дээд гурван субъект “гар нийлж ажиллах болсон” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ бол гурван “бүдүүн” дарга нарын хоорондын харилцааны асуудал төдий биш, 30 жил өрсөлдсөн гол улс төрийн хүчнүүдийн төр дэх дээд төлөөллийн ойлголцол, хамтын ажиллагаа, улс үндэснийхээ амьдралын гол асуудал дээр нэгдсэнийг нотолсон улс төрийн тунхаглал болсон юм. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) хэмээх төрийн амин чухал институт, архаг саажилтаас салсны дохио гэж үзэж болох байлаа. Өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа баялгийн хуваарилалтаас эхлэн төрийн тангарагтай түшмэд, улс төрийн намуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар өгсөн амлалтууд бодит амьдралд хэрхэн хэрэгжихийг нийгэм хүлээж байлаа.
Энэ оны эхэн дээр Дэлхийг хамарч дэгдсэн цар тахал Монголчуудад төдийгүй нийт хүн төрөлхтөнд Дэлхий бөөрөнхий хэвээр байгааг тод харуулж, бусдын хүчээр бүтсэн, жаргалтай амьдралын орд харш эрэхээс илүү өөрийн овоохойгоо өөд татахын чухлыг анхааруулсан нь энэ жилийн өнгөнд арилшгүй ул мөрөө үлдээж байлаа.
Их гүрнүүдийн дунд дүрэлзэж эхэлсэн эдийн засаг, мэдээлэл, кибер системийн дайны гал хөндлөнгийн улс орнуудын хэний ч амьдралд галт шуурга болон түйвээж болохын зах зухыг монголчууд ч амсаж үзлээ.
Өнгөрсөн 3 жил ажилласан Засгийн газар нийгэмд шударга ёсыг сэргээж, Улаанбаатарын утааг арилгах зэрэг зарим том асуудлыг оновчтой шийдэж, цар тахлыг улс орондоо нэвтрүүлэхгүй тогтоон барьж, уул уурхайн зарим олигархуудын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон нь улс төрийн тогтвортой нөхцөлд нийгэмд эерэг өөрчлөлтүүд гүнзгийрч болох юм гэсэн найдвар төрүүлж байлаа.
Эдгээр хүчин зүйлсийн зүйлсийн орчин нөхцөлд 2020 оны гол үйл явдлууд өрнөж байна.
1. Улсын Их Хурлын сонгууль, төрийн төрх
Улсын Их Хурлын ээлжит сонгууль томсгосон тойргоор хугацаандаа болж өнгөрөв. Сонгуулийн өмнө Улсын Их Хурлын 40 гаруй гишүүд “60 тэрбум”, “ЖДҮ”-гийн гэх мэт хууль бус үйлдэлд нэр холбогдож, эрх баригч намын удирдлага тэднээс салах байр сууриа илэрхийлсэн нь нэг талаас, төрд шинэ хүмүүс оруулах хүсэл эрмэлзлийг дэмжиж, нөгөө талаас “төрдөө зүтгэх” хүсэлтэй нам, хувь хүмүүсийн идэвхийг өрнүүлэв. Сонгуульд 11 нам, 4 эвсэл, 608 бие даагч, нэр дэвшигч оролцсон нь төрийн сонгуулийн түүхэнд тохиолдсон онцлог үзэгдэл болов.
Сонгуульд оролцож байгаа намуудын олонхийн үзлийн мөн чанар, чадал тэнхээ, шинжлэх ухааны үндэслэл нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үед үнэн дүрээ харуулсан ч сонгуулийн үеэр сонгогчдод тал засахын тулд “Алтан нарыг алган дээр нь тавьж, мөнгөн сарыг хүзүүнээс нь зүүж өгөх” амлалт цөөнгүй цууриатаж байлаа.
Аль ч нам улс орондоо төлөвшиж буй олигарх засаглалтай “зэрлэг” нийгмийн тогтолцоо, нийгмийн ялгарал, эдийн засгийн үр ашиггүй тогтолцоо, өр төлбөрийн эргүүлгийн учир шалтгааныг оношлон ил хэлж, тэглэх арга замыг томьёолж тодорхойлсонгүй.
Яндашгүй их баялгийн санг нээж, ядуурал, хоцрогдлыг гэтлэх, “наян жилийн найр, жаран жилийн жаргал” эдлүүлэхийг л амлах нь намуудын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн нийтлэг нэгэн утга болж байлаа. Үндэснийхээ эдийн засгийн чадал бололцоог үл харгалзан амласан зүйлээр халхавчлан сонгуулийн дараах бүрэн эрхийн хугацаанд гадаадаас аль болох их зээл авч, бонд гаргаж, олсон мөнгөө “бүтээн байгуулалт” нэрээр элсэнд цутгаж, шүүрсэн ашиг орлогоо халааслан одогч улс төрч-олигархуудын дүр өөрчлөгдсөнгүй. Буурай хөгжилтэй улс орнуудын эдийн засгийг даяаршлындарцгаар хошгируулж, өрийн нүхэнд унагадаг “эдийн засгийн алуурчид” буюу шинэ колоничлолыг номлогчдын үзэл Монголын улс төрийн орон зайг бүхэлд нь эзэлсний бодит илрэл энэ буюу.
Сонгуульд нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нэн сонирхолтой байлаа. Нэг талаас төрийн жолоо барихын хариуцлага, хүлээх үүргийн талаар бүдэг бадаг төсөөлөлтэй боловч сургууль төгссөн дипломоо “биеэ зассан”-ы баталгаа гэж андуурч, зээлээр авсан машинаа “гэрээ зассан”-ы гэрч хэмээн эндүүрсэн нэр дэвшигчид цөөнгүй байхад, нөгөө талаас, төрийн сангаас чамгүй хумсалж, түмний нүдэнд өргөс болсон цөөнгүй хүмүүс намуудын жагсаалтаар нэр дэвшжээ.
Намууд нэр дэвшүүлэлтэд ингэж хандсан нь дотоод зөрчлийнхөө асуудлыг сонгогчдоор шийдүүлэх “уран арга” ч байж болох юм. Гэвч энэ нь тухайн улс төрийн хүчний чанар, хариуцлагыг л харуулна шүү дээ. Хотын гудамж талбай дурсгалын зургаар дүүрч, Сонгуулийн дүн гарав. Сонгуулийн өмнө улс оронд хуран бүрдсэн нөхцөл, нийгмийн хандлагын үндсэн дээр МАН төрийн эрх баригч нам хэвээр үлдэх магадлал нэн өндөр байсан ч 2016 оны сонгуулийн дүнд давтагдахад МАН-ынхан өөрсдөө ч төдий л итгээгүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз.
Зарим улстөрчид сонгуулийн дүнг намуудын хэрэглэсэн сонгуулийн технологи, зарцуулсан мөнгөөр тайлбарлаж байгаа боловч үйл явдлын учир шалтгаан, нийгмийн талаас гүн гүнзгий зүй тогтол, объектив утгатай гэж үзэх нь илүү оновчтой болов уу. Учир нь:
Нэгдүгээрт, монголчууд 1990 оноос хойш найман удаа төрийн сонгууль явуулахдаа голлох улс төрийн хүчнүүдийн байр суурийг байж болох бүх найрлагаар сольж үзсэн боловч улс төрийн орон зай буюу “Аргын орон” тогтворжиж чадаагүй, амьдралын доргион савлагаа тасраагүй билээ. Энэ нөхцөлд төрийн тогтвортой байдал, бодлогын эерэг тууштай чиглэл, нийгмийн хүлээлт болж байв.
2017 онд байгуулагдсан Засгийн газар ийм хүлээлтэд нийцсэн бодлого явуулж, бодитой үр дүнд хүрсэн нь МАН-ын сонгуулийн амлалтаас илүүгээр Засгийн эрх барьж байгаа төрийн зүтгэлтнүүдийн багт итгэх үндэс болсон юм.
Хоёрдугаарт, 1990 оноос хойш нийгмийн, ардчилсан хувьсгалын үзэл санааны тугч байж, ардчиллын үнэт зүйлийг өвлөн тээгч мөн гэж өөртөө итгэж явсан улс төрийн гол хүч болох Ардчилсан намд сонгогчид гурван удаа дангаар засаглах боломж олгосон ч дотоод зөрчил, хувь хүмүүсийн шуналаар өдөөгдсөн эрх мэдлийн төлөө тэмцэлдээ идэгдэн тухай бүр төрийн тогтворгүй байдал үүсгэж, улс орныхоо язгуур эрх ашгийг хөндсөн олон асуудлаар эргэлзээтэй бодлого баримталж, алдаатай үйлдэл хийх болсон билээ. 2006 онд Ардчилсан намын толгойлсон Засгийн газрыг түлхэн унагасан М.Энхболдын “цоохор” Засгийн газарт шуранхайлан оролцож, Монголын түүхэнд анх удаа олигархуудын засаглалын салхийг хагалав. 2008 онд 7 сарын нэгний цуст үйл явдлын дараа МАХН (одоогийн МАН)-ын хөнжилд орж, Оюу толгойн гэрээг улс орондоо нэн хохиролтойгоор байгуулж, нэр нүүрээ бузарлав. 2012 оны сонгуулиарзасгийн эрх барих үедээ гадаад, дотоодын олигархуудын захиалгаар засаглал явуулж, үндэснийхээ эдийн засгийн нэгдмэл орон зайг бутарган, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг сууриар нь ганхуулсан билээ. АН 2016 онд улс орноо эдийн засгийн дампуурлын ирмэгт хүргэж, сонгуулиар хүнд цохилт авсан боловч үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаандаа эрүүл дүгнэлт хийх чадваргүй байсаар 2020 оны сонгуульд томоор ялагдав. АН-ын удаа дараагийн энэ ялагдал нь капиталын эрх ашгийг улс үндэстнийхээ эрх ашиг, төрт ёсныхоо үзлээс дээгүүр тавьсан, мөнгө шүтсэн, неолиберал үзлийн ялагдал юм.
АН-ын удирдлагад бодлого, үйл ажиллагаандаа дүгнэлт хийх цаг ч байсан, боломж ч байсан.. Гэвч ашиглаагүй. Төрийг улам сулруулж, арилжааны объект болгохын төлөө эцсээ хүртэл улайран зүтгэж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр тод харагдсан юм.
Энэ бүхэн 2020 оны сонгуулийн дүнг тодорхойлжээ. Энэ цагийн өнгөн дээр болох юм болж өнгөрлөө гэж үзэж болох ч гэсэн цаашид хариу нэхсэн суурь асуудал үлдэж байна.
Энэ нь юуны өмнө эрх баригч МАН үндэсний зөвшилд хүрсэн хөгжлийн бодлого томьёолж, нийгмийнхээ хүчийг нэгтгэж чадах эсэхтэй холбоотой. Зөвхөн энэ нөхцөлд нийгэмд улс төрийн тогтвортой байдал, хадгалагдана.
УИХ-ын анхдугаар чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ сүүлийн 5 сонгуулийн дүнгээс үзвэл АН-д сонгогчдын өгсөн саналын хувь тасралтгүй буурч байгааг анхааруулсан билээ.
Ардчилсан нам нийгмийн итгэл дэмжлэгээ сэргээж, улс төрийн хүчний хувьд ардчиллын амин сүнс болсон улс орны оршихуй хийгээд хөгжил дэвшлийн олон эшт үзлийн баталгаа байж чадах эсэх нь нийгмийн цаашдын тогтвортой байдлын хоёр дахь суурь асуудал болж байна.
Энэ бүхний шийдэл тухайн улс төрийн хүчнүүдийн эволюцийн асуудал юм. Үндэснийхээ үнэт зүйлсийг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлстэй оновчтой шүтэлцүүлсэн улс төрийн хүчний орон зай одоогоор нээлттэй хэвээр байна.
2. Улсын Их Хурлын чуулган, төрийн бодлого
УИХ-ын анхдугаар чуулган Засгийн газраа байгуулж, ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотгол, зээлийн хүүг бууруулах стратеги, Засгийн газрын үйл ажиллагааны Хөтөлбөрийг хэлэлцэж шийдвэрлэв.
Энэ бүхний дүнд шинэ төрийн араншин хийгээд бодлогын үндсэн шинж төрхийг багцаалж болох нөхцөл бүрджээ. Тухайлбал,
2.1. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн
Алив нэгдэхүүний чанар бүтцээсээ хамаардаг хорвоогийн хууль төр, нийгэмд ч хүчин төгөлдөр байдаг нь жам юм. Иймээс УИХ-ын сонгууль бүрийн дараа Засгийн газрын бүтэц батлагдахад тухайн төрийн чадал чансаа, ашиг сонирхлын дүр зураг тодорч эхэлдэг.
Энэ удаад Засгийн газар байгуулахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдад санаачилгын өргөн боломж олгож, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн шахалтаас ангид байх эрх олгосон нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудалд шинэ хандлагын хүлээлт үүсгэж байлаа.
Ерөнхий сайд УИХ-д оруулж батлуулсан Засгийн газрын бүтэц нь засаг цомхон байх зарчимд нийцэж байгаа боловч эгзэгтэй хүнд цагийн тээрэмд зүтгэж явсан хөгшин илжигний байр сууринаас харахад сүүлийн 25 жил ужгирсан Засгийн газрын тухай өрөөсгөл ойлголт хэвээр үлджээ. Энэ нь:
- Шадар сайдын албаны утга агуулга бүрэн хэрэгжиж чадсангүй. Хэдийгээр Ерөнхий сайд тэнхимийн ажлыг бүрэн хариуцах боловч, тэр нь “бүхнийг мэдэгч ...” байж чадахгүй, байх ч албагүй. Олон талын оролцоо, эрх ашгийг хөндсөн төвөгтэй асуудлыг Шадар сайдын түвшинд сайтар шүүн тунгааж, зөвшилд хүргэж шийдэх нь ЗГ-ын шийдвэр алив явцуу сонирхол, өрөөсгөл хандлагаас ангид байх нэгэн баталгаа болох бөгөөд Засгийн газрын хурлаар асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд шүүгчийн байр сууринаас хандах боломж олгодог юм л даа.
Хэрэв ЗГ ийм зарчмаар ажиллаж ирсэн бол адаглаад л Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээ, элдэв концессын асуудал байхгүй байж болохсон. Засгийн газар асуудлыг бүлэглэж хариуцсан гурваас дөрвөн шадар сайдтай, тэдний нэг нь тэргүүн шадар байх бол найдвартай ажиллагаа нь эрс дээшилнэ.
- Монгол орны амьдралын бэрхшээл зовлонгийн хамгийн гол үндэс шийдвэрлэх зангилаа нь эдийн засгийн хоцрогдол мөн гэдэгтэй хэн ч үл маргах боловч хөгжил, дэвшлийн удирдлага, зохицуулалтыг олон хэвшилт эдийн засгийн нөхцөлд мэргэжлийн түвшинд хариуцах төрийн институт байхгүй хэвээр үлдэв. УИХ-ын чуулган дээр зарим гишүүд нь уг асуудлыг сөхөж тавьсан боловч хэлэлцүүлгийн явцаас харахад олонх нь өмчийн олон хэвшилт эдийн засгийн нөхцөл дэх хөгжлийн удирдлага, төлөвлөлтийн талаар ойлголтгүй бөгөөд социализмын Үеийн төлөвлөлтийг сэргээхийг мөрөөдөж байлаа.
Ийм нөхцөлд хөгжлийн удирдлагын институтийн асуудлыг энэ удаа алгассан нь Ерөнхий сайдын зөв шийдвэр ч байж болох юм.
Тэглээ ч гэсэн төрөлх мөн чанараараа эдийн засгийг шимэгч инситут байх чиг үүрэгтэй Сангийн яаманд төрийн эдийн засгийн бодлогыг зангидаад хөгжлийн зорилтыг шийдэж чадахгүйг амьдрал бодитой нотолжээ.
Засгийн газрын бүрэлдэхүүний дийлэнх нь эрхэлсэн салбарынхаа чиглэлээр мэргэжилтэй, улс төрд нэр цэвэр идэрчүүд байгаа нь олон жил дуншсан “Мэргэжлийн Засгийн газар” төлөвшихийн эхлэл байж болох юм.
2.2. Төсөв, зээлийн хүү, Засгийн газрын хөтөлбөр
Шинэ төрийн өнгөн дээр өрнөсөн нэгэн чухал бөгөөд төрийн бодлогын цаашдын чиг баримжааг төлөөлөсөн зураглалын. үйл явдал нь УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн:
- 2020 оны Улсын төсвийн тодотгол,
- Банкны зээлийн хүүг бууруулах стратеги,
- ЗГ-ын 2024 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр мөн. Эдгээр асуудлыг тус бүрээр нь тоймловол:
2.2.1. 2020 оны төсвийн тодотгол
2020 оны улсын төсөв өмнөх УИХ-ын үед “Covid-19”-ийн сураг гараагүй байхад эдийн засгийн өсөлтийн “гэгээлэг” төсөөллийн нөхцөлд 2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 7%-д хүрсэн, алдагдалтай батлагдсан юм.
Энэ төсвийн орлогын төсөөллийн Ноён нурууны өмнөд хөрш рүү 42 сая тонн нүүрс экспортлох явдал байлаа.
Гэвч цар тахал болон зах зээлийн коньюнктурын хэлбэлзлийн улмаас зөвхөн нүүрсний экспорт буураад зогсохгүй аялал жуулчлал, агаарын тээвэр зэрэг олон салбарт хүндрэл учирч, үндэсний эдийн засаг 7% хүртэл буурч, төсвийн алдагдал 4 их наяд төгрөгөөс давах магадлал өндөр болсон үед УИХ “төсвийн тодотгол” гэдэг асуудал хэлэлцлээ.
Тэхдээ энэ удаа жил бүрийн зуршил болсон Санхүүгийн (Сангийн яамны) хадуурсан төсөөллийн залруулга төдий бус, Дэлхийг бүхэлд нь хамарсан цар тахлыг дагасан эдийн засгийн хүнд хямралыг гэтлэх тухай асуудал болж байсан ч шинэхэн УИХ хөнгөхөн хэлэлцээд улсын төсвийн урсгал зардлыг 532 тэрбум төгрөгөөр нэмж, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8%-д хүргэхээр шийдээд өнгөрлөө.
Төсвийн 3.8 их наяд төгрөгийн алдагдлыг дотооддоо 1.2 их наяд төгрөгийн өрийн бичиг (бонд)-ээр, үлдсэнийг нь ОУВС-тай хэлэлцээ хийж, зээл авч хаахаар шийдлээ.
Аль ч улс орон эдийн засгийн хямрал, уналттай тулгарахдаа зөвхөн цагийг аргацааж, хэвшсэн тэнцвэрийг хадгалахыг хичээх бус, эдийн засгаа бүтэц, технологи, эрх зүй, зохицуулалтын арга хэрэгслийн талаас төгөлдөржүүлж, доголдол гажуудлын магадлалыг бууруулах, үндэснийхээ амьдралын тэвчиж туулах чадвар, дархлааг бэхжүүлэхэд, дотоод нөөцийн дайчилгааг идэвхжүүлэхэд эн тэргүүнд анхаардаг нь бичигдээгүй хууль мөн билээ.
Гэтэл манай шинэхэн УИХ, сангийн сайдынхаа “төсөв тэлэх” номлолын овжин аргад автан, хохирлыг өр зээлээр хаагаад өнгөрөхөөр шийдлээ. Энэ нь одоо цагийн хүндрэл бэрхшээлийг ирээдүй хойч үедээ үүрүүлж байгаа муу арга юм шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил “төсөв тэлэх” бодлого баримталсны уршгаар ДНБ-ий үйлдвэрлэл (доллараар) 2000-2019 онд 10.2 дахин өсч байхад төсвийн зарлага 26.6 дахин, мөнгөний нийлүүлэлт 80.4 (ная) дахин өсч, төгрөгийн ханш 2.35 дахин суларчээ.
Нөгөө талаас, монголчууд “зуд болоход нохой зоолж, зовлон болоход баячууд таргалдаг” хэмээн сургадгийг мартаж болохгүй. эдийн засгийн хямрал болоход “төсөв тэлэх ёстой” хэмээн номлох нь наанадаж “хямрал болоход Сангийн сайд томорч, цаасан мөнгө урсаж, өрийн данс зузаалах ёстой” хэмээхтэй утга адил бөгөөд цаашлуулан бодоход тухайн улс орон өр зээлийн эргүүлэгт орж ирээдүйгээ идэхийг номлохтой агаар нэг юм.
Энэ бол “эдийн засгийн алуурчид”-ын зүрхэн тарни мөн билээ. “Өртэй хүн өөдлөхгүй” гэдэг туйлын үнэн шүү дээ. Харамсалтай нь эдийн засгийн алуурчдын номлол Монголын төрийн бодлогын үзэл баримтлал болох анхны алхмыг УИХ хийлээ.
2.2.2. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах
УИХ-ын анхдугаар чуулганы дараа төр засаг улс орны амьдралын таван том асуудал шийдэх зорилт тавьснаа тунхагласны дотор банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаар шийдвэрлэсэн нь мөнгө хүүлэгч капиталын торонд баглагдсан нийгмийн хүсэл санаанд гүн итгэл төрүүлэх дэмжлэг хүлээж байлаа. Одоогийн байдлаар банкны зээлийн хүү жилд дунджаар 18.2% болж байгаа нь банкны систем, үндэснийхээ эдийн засгийн шим шүүсийг сорж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн аранга болж байгаа бодит баримт мөн билээ.
Төр засаг банкны зээлийн хүүг бууруулах бодлогоо зарласнаас хойш хоёр сарын турш мэдээллийн хэрэгслүүдээр “Монголын банкны систем мөнгө хүүлэгч биш”, “Монголын банкууд Дэлхий нийтийн, Америк, Хятадын банкуудын жишгээр ажиллаж, жилд 10 хүрэхгүй хувийн ашигтай ажиллаж байгаа”, “хадгаламжийн хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байхад хүргэж байна”, “үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байгаа нь зээлийн хүүд нөлөөлж байна” гэх мэт зовлон тоочиж цааргалсан ухуулга тасралтгүй үргэлжлэв. Арилжааны банкны систем, эрх ашгаа хамгаалах нэгдмэл сүлжээнд орж мэдээллийн хэрэгслүүдийг ногтолсон лоббитой өөрийн “шинжээч” хэмээх “шиншээчид”-тэй ч болсон хэрэг.
УИХ ээлжит бус чуулганаараа зээлийн хүүг бууруулах асуудлыг өнгөцхөн хэлэлцэж, “Зээлийн хүүг бууруулах стратеги” батлав. Тэрхүү “стратеги” нь төрөөс түмэн олондоо зарласан зорилтоос эрс тэс зөрүүтэй бөгөөд 2024 он хүрэхэд зээлийн хүүг 12% хүртэл бууруулах агуулгатай ажээ. Юуны нэг оронтой тоо байхав. Өөрөөр хэлбэл Монголын төр суурь бодлогоо томьёолж тунхаглахдаа “байнд ч үгүй, банзанд ч үгүй” алдсанаа хүлээн зөвшөөрч, банкныхны номлолоор замнахаар шийдсэн нь энэ “стратеги” болой.
Банкныхан ч мөнгө тоолж, ашиг хонжоо унагаж мэргэшсэн зангаараа шинэхэн парламентыг дарамталж, дөрвөн мөчийг нь өргүүлэх аргаа олохтойгоо аж. Тиймээс ч Монголын эдийн засгийг мөнгө хүүлэгч капиталын идэш болгож байгаа үндсэн хүчин зүйлүүд хуягласан хэвээр үлдлээ. Тухайлбал:
- Улс орны эдийн засагт банкны системийн гүйцэтгэх үндсэн үүрэг нь мөнгийг эргүүлэх явдал юм.
Монголын бүх мөнгө (M2)-ын 96.5% нь банкинд байршиж байгаагийн 67.7%-ийг иргэдийн хадгаламж эзэлж, банкны пассивын 77%-ийг бүрдүүлж байна. Иргэдийн хадгаламжийг бүгдийг нь хугацаат хадгаламжаар бодсон нөхцөлд ч төгрөгийн болон долларын хадгаламжийн дундаж хүү жилд 11.7%-иас хэтрэхгүй бөгөөд банкууд мөнгө жилд ганц удаа эргүүлэхэд энэ хүүг нөхөж чадна. Ингэж хандвал Монголын мөнгөний нийлүүлэлт, эргэлт нэн “сонирхол”-той үзүүлэлттэй ажээ. 2000-2019 онд эдийн засаг (ДНБ) Дэлхийн банкны аргачлалаар 10.2 дахин өссөн байхад мөнгөний хэмжээ 80.4 дахин өсчээ.
Үүний улмаас 2000 онд жилд 4.73 удаа эргэж байсан мөнгө 2018 онд дөнгөж 1.77 удаа эргэх болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн цусны эргэлт үлэмж саарч, цус нь царцаж байна. Энэ бол банкнуудын үйл ажиллагааг үнэлэх үндсэн үзүүлэлт юм. Шалтгааныг холоос эрэх хэрэггүй биз. Үр ашиг багатай, урт хугацаа, шаардах төслүүдэд өндөр хүүтэй зээлээ төвлөрүүлж, удаан хүлээж, том загас барих сэтгэхүйгээр мөнгөний эргэлтийг царцаах зуршил 2008-2009 оны хямралын нэг үндсэн шалтгаан болж байсан. Одоо бүр ч өргөн дэлгэр болсоор.
- Манай эдийн засгийн орчинд мөнгө хүүлэх тогтолцооны сонгодог хэлбэр нь ББСБ, ХЗХ-ны хэлбэрээр эрчимтэй дэлгэрч байгааг анхаарахгүйгээр. Мөнгө зээлийн бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй. 2019 оны статистикийн тоо баримтаар 539 банк бус санхүүгийн байгууллага, 261 хадгаламж зээлийн хоршоо ажиллаж байгаа ажээ. ББСБ-ын орлого нь зардлаасаа 66%, ХЗХ-ны ашиг зарлагаасаа 79.3% болж байгаа нь материаллаг үйлдвэрлэлийн хүрээнээс илүү өндөр, боловсруулах үйлдвэрлэлийн үр ашгаас 2 дахин өндөр байгаа бөгөөд мөнгөний эргэлтийн бие даасан хүрээ үүсч байгааг харуулж байна. ББСБ-ууд эрх мэдэлтнүүдийн, авлигын сүлжээнд гүйцэтгэж байгаа өвөрмөц үүргийг ЖДҮ-ийг дэмжих сантай холбоотой асуудал тод харуулсан билээ.
- Банкны зээлийн хүүгийн хэмжээ инфляцийн түвшинтэй холбоотой нь түгээмэл жам юм. 2000-2018 оны хооронд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2.36 дахин суларсан нь нийт мөнгөний хэмжээнд нөлөөлсөн нь маргаангүй. Тэхдээ эдийн засгийн бодит өсөлт болон үндэсний валютын ханшийн уналтын нөлөөллийг хамтад нь бодолцоход нийт мөнгөний өсөлтийн дөнгөж 34.8%-ийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийн 65.2%-ийг төрийн бодлогын субъектив хандлага эзэлж байгаагийн дотор “хямралын үед төсвийн тэлэлт” хэрэгжсэний үр дагавар гэж үзэж болох байна.
Төрийн төсөв, мөнгөний бодлого, төв банкны үйл ажиллагаа, шинжлэх ухааны үндэслэл, бодит амьдралаас тасархай явж ирсний уршиг ийм ажээ. Энэ гажуудлыг өөрчлөхгүйгээр банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг ул үндэстэй шийдэх боломжгүй билээ.
- Банкнууд иргэдийн мөнгийг төгрөг, төгрөгийн болон гадаад валютын хадгаламжийн хэлбэрээр байршуулж, зээлийн хүүг эрс ялгаатай тогтоож иржээ. 2019 оны байдлаар нийт хадгаламжийн 23.8%, харилцах дансны үлдэгдлийн 41.4%-ийг долларын хадгаламж эзэлж байгаа бөгөөд төгрөгийн хадгаламжийн хүү нь долларынхаас 2.8 дахин хүртэл өндөр ажээ. Ийм байхад “мөнгө угаах”, “мөнгө хүүлэх” өргөн боломж агуулж байгааг үгүйсгэх аргагүй.
Тэгээд ч иргэдийн хадгаламжийн дийлэнх хувь нь цөөн бүлийн эзэмшилд байгаа нөхцөлд банкны хадгаламжийн хүүг валютын төрлөөр ялгаатай, үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны түвшнээс өндөр тогтоох нь хадгаламжийг шууд мөнгө хүүлэх агуулгатай болгож, хөрөнгө оруулалтын идэвхийг сулруулдаг нь жам билээ.
Үүний улмаас банкны систем бүхэлдээ мөнгө хүүлэх системийн гүйцэтгэх механизм болж хувирдгийг манай одоогийн байдал нотолж байна.
Банкны зээлийн хүүг бууруулах талаар өгсөн амлалт, тавьсан зорилгодоо хүрч чадаагүйн үндсэн шалтгаан нь уг асуудлыг ёроолд нь хүртэл ухаж, шийдэх түлхүүрийг нь олоогүйтэй холбоотой ажээ.
2.2.3. Засгийн газрын мөрийн хөтөлбөр
Монголын ард түмэн шинээр байгуулсан төрийн мөн чанар, ашиг тусыг нийтэд зарлан тунхагласан хөтөлбөр түүний хэрэгжилтээр үнэлэх билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулиас хойш өнгөрсөн хугацаагаар тооцвол асар яаравчлан ээлжит бус чуулганаар “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлав.
2020-2024 оны хоорондох Монгол төрийн үйл ажиллагаа нэн өвөрмөц нөхцөлд асар хүнд сорилтуудыг давах шаардлагатай болж байгаа билээ.Тухайлбал:
- 2016 онд чуулсан АSEM-ийн “Улаанбаатарын тунхаг”-т Дэлхий нийтийн амьдрал “Тодорхойгүй, Түгшүүртэй” төлөвт орж байгааг онцлон анхааруулсан билээ. Түүнээс хойш өнгөрсөн 4 жил энэ дүгнэлтийн үнэн зөвийг бодитой нотолж, эдүгээ олон улсын харилцааны орон зай, уламжлалт дүрэм журам, ёс суртахууны ойлголтын хүрээнд зохицуулалтад орж, тэнцвэрийн цэгээс эргэлт буцалтгүй холдон оджээ. Энэ бол цаг зуурын үзэгдэл бус, Дэлхийн геополитикийн шинэ төрх, Хүчний хуваарилалтын шинэ шүтэлцээ, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ үе төрөхийн өмнөх тектоникийн хөдөлгөөн юм.
Энэ үед хэдийгээр их гүрнүүд, баян чинээлэг эдийн засагтай улс орнууд гол өрсөлдөгчид болох боловч амьдралаа бие даан тэтгэж тэнцвэржүүлэх чадваргүй ядуу буурай улс орнууд асар хүнд байдалд орж болохыг олж харахад төвөггүй. Энэ нөхцөлд эдийн засгийн нөөц бололцоогоо таван хурууныхаа салаагаар гоожуулчихаад, ОУВС-г “мээмдэж”, гадаад орнуудаас зээл гуйж гувшихыг төрийн бодлого болгож ирсэн Монгол орны засаглалын чанарт эрс өөрчлөлт хийж, амьдрах чадвараа дээшлүүлэх нь үндэсний язгуур эрх ашгийн хурц шаардлага болж байгаа билээ.
- Дэлхийн байгаль цаг уурын араншин, эргэлт буцалтгүй өөрчлөгдөж, Монгол оронд “турбулент” буюу хаос үзэгдлийн бүсэд орж байна. Нутаг орон цөлжиж, нүүдлийн соёл иргэншлийн язгуур чанарт сорилт тулгарч, бэлчээрийн даац хэтэрч, зарим бүс нутагт эдийн засгийн асуудлын хүрээнээс хальж байгаа нөхцөлд төрийн оновчтой хүчтэй бодлого явуулж, адаглаад Хүн төрөлхтний түүхэнд “Монголыг ямаа идсэн” гэж бичүүлэхгүй байхыг эрхэмлэх нь чухал зорилт болж байна.
- Өмнөх 10 гаруй жилийн турш олигархуудын шуналд хөтлөгдөн өр зээлийн хүнд дарамтад орсны гол уршиг 2000-2024 онд илэрнэ. Урьдын зуршлаар өрийг өрөөр төлж, өрийн нүхэнд улам гүн шигдэх замаар асуудлыг шийдэх нь мухардалд хүргэдгийг ойлгох цаг болжээ.
- Энэ жил COVID-19 цар тахал Дэлхий нийтийг хамарч, эдийн засаг, нийгмийн асар их дарамт үүсгэв. Монгол орон цар тахлыг дотооддоо тархаалгүй барьж байгаа ч асар их хүч чармайлт гаргаж, экспортын орлого үлэмж буурч, хохирол амсав.
Цаашид дэлхийд шинэ вирус дэлгэрэх, COVID-19 –ийн шинэ давалгаа давтагдах эсэх нь тодорхойгүй. Ямар боловч улс үндэснийхээ аюулгүй байдлын талаас нийгмийн амьдралын олон салбарын бүтэц, үйл ажиллагаа болон үндэсний эдийн засгийн бүтцийн үзэл номлолыг шинээр тунгаан шүүж үзэх хурц шаардлагатай тулгарч байна.
- Монгол орон “Голланд өвчин”-д гүнзгий нэрвэгдэж эрдэс, түүхий эдийн олон улсын зах зээлийн хэлбэлзэлд доргин хямрах уналтын далайц улам нэмэгдсээр байна. Энэ өвчнийг анагаах эмчилгээнд цаг алдах нь өөрийн эдийн засгийн тусгаар тогтнолын үнэтэй болжээ.
- Монгол Улсын иргэдийн 29% нь ядуу амьдралтай бүлэгт багтаж байгаа нь 20 жилийн өмнөхөөс өөрчлөгдсөнгүй. Нийгэмд төрийн хишиг хүлээх зуршил чамгүй дэлгэрч, түүний зэрэгцээ бүтээмжээсээ түрүүлсэн хэрэглээний нийгмийн номлол гүнзгийрсээр байгаа билээ. Энэ байдлыг эрс өөрчилж, улс орноо даацтай, эрчимтэй хөгжлийн замд оруулахад одоогийн ховорхон тохиолдох улс төрийн байдлыг оновчтой ашиглах нь шинэ төрийн түүхэн хариуцлага болж байна.
УИХ-ын баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах хүчин чадал бий болгож, төмөр зам зэрэг амин чухал дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хүнсний хэрэгцээгээ дотоод үйлдвэрлэлээр хангах, түүхий эдээ шат ахиулж боловсруулах, өнгөт болон хар металургийн үйлдвэрлэлтэй болох зэрэг эдийн засгийн макро бүтцийг хөгжүүлэх том зорилтууд дэвшүүлсэн нь өмнөх Засгийн газруудын хөтөлбөрүүдээс үлэмж ахицтай, ач холбогдолтой ч бодлогын баримт бичиг болжээ.
Тэгсэн ч төрийн бодлогын энэ хөтөлбөр нийгмийн хүлээлтийн гол асуудлууд, төрийн үйл ажиллагаанд тавих зүй ёсны гол шаардлагуудад хариу өгч чадсангүй. Зарим гол асуудлыг тоочвол:
- Ирэх 4 жил иргэдийн амьдралын түвшин, айл өрхийн бодит орлого яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй үлдлээ. Хүн ардынхаа амьдралын түвшнийг баталгаажуулж дээшлүүлэхэд үндэснийхээ нөөц бололцоог аль болох оновчтой чиглүүлэх нь төрийн бодлогын гол агуулга болж байх ёстой. Энэ зорилгоо томьёолж тодруулж чадаагүй бол хөтөлбөрөөр юу хийнэм. Гэтэл Улсын Их Хурлын баталсан баримт бичигт:
- “цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ”,
- “инфляцын зорилтот түвшин, эдийн засгийн тогтвортой байдлыг хангана”,
- “эдийн засгийн эрсдэлээс сэргийлж, эдийн засаг өсөлттэй үед төсвийг тогтворжуулж, хямралтай үед тэлэх мөчлөг сөрсөн төрийн төсвийн бодлогоо хэрэгжүүлнэ”
хэмээн хуульчилжээ.
Иргэдийн амьдралын түвшнийг эрсдэлд оруулдаг гол хүчин зүйл нь инфляци мөн болохыг нийтээр мэднэ. Инфляцийн үзэгдэл нь барааны хомсдол, цаасан мөнгөний илүүдэлтэй холбоотойг ч бас мэднэ. Өнгөрсөн 20 жилийн тоо баримтаас үзвэл мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн өсөлтөөс 8 дахин түрүүлж, төсвийн зарлага 26.6 дахин өсчээ. Эндээс төрийн “зорилтот инфляци” хэрхэн хэрэгжсэнийг харж болох бөгөөд монголчуудын ядуурлын түвшин буурахгүй байгаагийн гол шалтгаан энд буй. Ийм нөхцөлд “төсөв тэлэх” бодлого гэгчийг тунхаглан баталгаажуулж байгаа нь Монголын төр, эдийн засгийн алуурчдын номлолд автсаны нотолгоо мөн.
Энэ баримт бичигт цалин хөлсийг “хөдөлмөрийн бүтээмж”-тэй холбохоо тунхаглажээ.
Монголын нөхцөлд эдийн засгийн нөөц бололцоо нь “хөдөлмөрийн бүтээмж”-ээс илүү үйлдвэрлэгч салбаруудын бүтцээр тодорхойлогдож байгаа шүү дээ. Харин ийм замаар нэмэгдсэн ашиг хуримтлал цөөн салбар, цөөн олигархуудын мэдэлд төвлөрч, үлэмж хэсэг нь хилийн гадна байршдгийг төр мэдэхгүй баймгүй.
- Монголчууд баялгийн шударга хуваарилалтыг хүсэн хүлээж, шаардаж, 2020 оны сонгуульд оролцсон.
Монголын эдийн засаг бол иргэдийнхээ амьдралыг тэтгэж, өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй эдийн засаг биш ээ!
Манай эдийн засаг нийт дүнгээрээ зардлаасаа 43%-ийн ашигтай буюу харьцангуй өндөр үр ашигтай цогцолбор юм.
Гэтэл ашигт ажиллагааны түвшин нь салбар бүрээр хэт зөрүүтэй. Боловсруулах үйлдвэрийн салбарууд өөрийн өртгөөс 22%-ийн ашигтай байхад уул уурхайн салбар 86%-ийн ашигтай. Ийм байхад нийгмийн ажлын байрны гол талбар боомилогдож, Голланд өвчин архагшин хүндрэх нь жам юм. Тэгээд ч гадаадад байршсан бохир мөнгө Засгийн газрын бондоор дамжин угаагдаж эргээд Монголоо мөлжих нь энүүхэнд.
Инфляци хүчтэй болж, төгрөгийн ханш унахад уул уурхайн салбарын ноёрхол улам нэмэгддэг нь бас нэг үнэн юм. Ийм нөхцөлд шинэ төрийн тогтолцоо улс орныхоо эдийн засгийг хөтлөх, зохицуулах арга хөшүүргийг цогцоор нь эрс шинэчилж, баялгийн шударга хуваарилалтыг хэрэгжүүлэх нь түүхэн захиалга болж байсан ч хариугүй хоцорлоо.
МАН сонгуулийн хөтөлбөртөө “их орлоготойгоос нь их татвар авна, бага орлоготойгоос нь бага татвар авна” гэсэн нялцгай амлалт өгсөн ч биелүүлсэнгүй. “Зүүн төвийн үзэл”-тэй нам, “баруун захын үзэл” баримтлахын гайхамшиг энэ буюу. Эдийн засгийн бодлогоо атгуулсан Сангийн яам нь том капиталын “суурин төлөөлөгч” болсон төрийн бодлого ингэж төрөл арилждаг ажээ.
- Монголчууд улс орноо хоцрогдлын хонхроос гаргаж, Дэлхий нийт, бүс нутагтайгаа хөл нийлүүлэн хөгжиж амьдрах төрийн бодлогыг хүлээсээр 20 жилийг өнгөрөөлөө. 2019 оны НҮБ-ын статистикийн мэдээлэлд хамрагдсан 193 орнуудаас Монгол орон нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ 160 дугаар байр эзэлж, монголчууд Дэлхийн дунджаас 3.04 дахин хоцорч байна.
Хөрш хоёр оронтой харьцуулбал ОХУ-аас 2.8 дахин, БНХАУ-аас 2.6 дахин хоцорч байна. 1990 онд ОХУ-аас 2.1 дахин буурай ч гэсэн БНХАУ-аас 4.5 дахин илүү байсныг харгалзвал манай орон хоцрогдлын хонхор руу гулсаж яваа ажээ.
2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр баталгаажсан, улс төрийн харьцангуй тогтвортой нөхцөлд ажиллаж буй төрийн тогтолцоо 2020-2024 онд дээрх байдлыг өөрчилж, улс орноо эрчимтэй хөгжлийн замд оруулах боломжтой төдийгүй үүрэгтэй. Гэвч УИХ-ын баталсан хөтөлбөр, энэ шаардлагаас хэт хоцрогджээ.
Орчин үеийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр нь шинжлэх ухаан, технологийн дэвшил юм. Энэ цагийн дэлхийн өндөр хөгжилтэй эдийн засгийн гол онцлог нь эрдэм мэдлэгийг үйлдвэрлэх хүч болгож, “Мэдлэгийн эдийн засаг” хэмээх чанарын түвшинд хүрсэнд оршдог. Энэ бол хүн төрөлхтний шинэ соёл иргэншлийн нэг гол утга агуулга, шалгуур мөн. Чухамхүү энэ шалгуур Дэлхийн улс үндэстнүүдийн хөгжлийн ялгааг тодорхойлж байна. Чухам ийм л хүчин зүйлд түшиглэж өмнөд хөршийн “Хуа Вэй”компани (18 мянган хүнтэй) нэг жилд Монголын бүх үйлдвэрлэлээс 2 дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, “Али Баба” компани нэг өдөрт Монголын бүх л жилийн таваар эргэлтээс 1.5 дахин их борлуулалт хийж байгаа билээ.
Монголын эдийн засгийн хоцрогдол бол шинжлэх ухаан-технологийн хоцрогдол мөн гэдгийг эндээс харж болно.
Гэтэл дээрх хөтөлбөрт шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар томьёолсон зорилт нь ерөнхий тунхаглалын чанартай бөгөөд товчилж дүгнэвэл “Юу хийхийг мэдэхгүй байна” гэсэнтэй утга адил ажээ. 2024 он хүртэл судалгаа боловсруулалтын чиглэлүүдийг тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зориулсан төсвийн зардлыг 4 дахин нэмнэ гэжээ.
Одоогийн байдлаар шинжлэх ухааны төсвийн санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний 0.14% орчим байгааг 4 дахин нэмэхэд 0.5% болно. Энэ бол гал асаах тэжээл биш. Наад зах нь 3% хүргэж байж өгөөж хүлээж болдгийг гадаад орнуудын жишээ харуулсаар байна.
Тэгэхдээ их хөрөнгө үрж зарцуулснаар том үр дүнд хүрнэ гэсэн баталгаа хаана ч байхгүй. Тодорхой түлхүүр зорилгод бага ч болов хөрөнгө хүч төвлөрүүлж, сайн зохион байгуулбал үр дүнд хүрч болдгийг түүх гэрчилнэ. Орчин үеийн удирдахуйн ухаанд үүнийг “Зорилтот хөтөлбөр” хэмээдэг билээ. Олон хэвшилт эдийн засгийн нөхцөлд төр нь макро эдийн засгийг хөтлөх гол багана болсон эрдэм шинжилгээ, технологийн боловсруулалт ойрын 4 жилд даац авахгүй бололтой.
Үйлдвэрлэлийн бүх салбарт тэргүүний технологи, зохион бүтээлтийн өндөр үр ашигтай шийдэл олж, нутагшуулахад хүч анхаарал анхаарлаа төвлөрүүлэхгүй нөхцөлд асар их хөрөнгө оруулалт шаардаж байгаа “хөтөлбөр”-ийн зорилтууд эдийн засгийн ээлжит ужиг хямралын эх үндэс болох эрсдэлтэй.
Энэ удаагийн эдийн засгийн хүндрэл буюу хямралын шалтгаан зөвхөн COVID-19-өөр хязгаарлагдахгүй бөгөөд улмаар 2020 оноор төгсөхгүй.
Аль ч улс орон хямрал, хүндрэл тохиолдоход юуны өмнө өөрийн нөөц бололцооны ашиглалт, дайчилгааг эрчимжүүлж, чамбайруулан бэрхшээлийг тэвчиж туулах чадвар, үндэсний дархлаагаа дээшлүүлдэг нь эрүүл нийгэм ирээдүйтэй, үндэстний нэг гол шинж болж байдгийг өмнө өгүүлсэн билээ. Харин гадаадын зээл тусламжид дулдуйдаж, ирсэн бүхний “богц” харж шүлсээ гоожуулах нь хоцрогдол, доройтлын хам шинж болж байдгийг дурдах нь илүүц биз.
Монгол Улсын Үндсэн хуульд (5.4-т) зааснаар төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгаа зохицуулах үүрэгтэй. Гэвч УИХ-ын баталсан хөтөлбөрт эдгээр асуудал орхигдсон гэхэд хилсдэхгүй ажээ.
Одоогийн эдийн засгийн хэрээс хэтэрсэн либерал “нээлттэй бодлогын” орчинд төрийн зохицуулалтыг оновчтой хэрэгжүүлэхэд чиглэсэн алив алхам “зах зээлийн үл үзэгдэгч гар”-ыг шүтэж, түүгээр хаацайлсан хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч болохыг банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг тойрсон үйл явдал харуулсан билээ.
Сүүлийн үед Ерөнхий сайдын зүгээс компаниудын гадаад зээл, валютын урсгалд тавих хяналтыг сайжруулах талаар илэрхийлсэн байр суурь ч ийм эсэргүүцэлтэй тулгарч байгааг харж болно.
Тэгэх тутам эмх журам, хяналтыг сайжруулахад хүчтэй анхаарах нь чухал болж байна.
“Чөлөөт эдийн засаг” гэдэг бол хэн нэг этгээд чөлөөтэй авирлаж, Монголын үндэсний баялгийг луйвардах, авлигачдаар шударга бус гэрээнд гарын үсэг зуруулаад гадаадын шүүхээр далайлгаж мөлжих, Монголыг өр зээлийн барьцаанд тавих боломж биш юм.
Монополийн ноёрхолгүй, шударга өрсөлдөх боломжтой эдийн засгийг л “чөлөөт эдийн засаг” хэмээдэг нь нийтлэг ойлголт юм. Хүндрэл хямралтай учирч, гадаад өр зээлэнд багалзуурдуулсан одоогийн нөхцөлд экспортоо нэмэх, импортыг орлох үйлдвэрийг дэмжихийн зэрэгцээ тансаг хэрэглээний импортыг хязгаарлаж, Валютын нөөцөө нэмэгдүүлэх бүхий л бололцоог дайчлах, түүний дотор эх орондоо олборлосон алтыг бүгдийг Төв банкинд худалдаж авах, экспортын орлогоо гадаадад байршуулсан компаниудад нэмэгдэл татвар ногдуулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эдийн засгийн үндэслэлтэй тогтоох зэрэг үндэсний эрх ашгаа хамгаалсан арга хэмжээ авах нь одоогийн нөхцлөөс урган гарсан хурц шаардлага болсоор байна.
Шинээр байгуулагдсан төр засгийн эрхмүүд улс үндэстнийхээ эрх ашгийг дээдлэх сэтгэлээр хандвал энэ бүхнийг олж харж, шийдэхэд төвөггүй билээ.
3. Эхний алхмуудын үр дүн
Монгол төрд шинээр эмхрэн бүрдэх орчил гүйцээгүй, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль үлдэж байгаа ч гэсэн төрийн хууль тогтоох, гүйцэтгэх засаглал шинэчлэгдэж, бодлого, үйл ажиллагааныхаа ерөнхий дүр зургийг анхны алхмаараа харуулсан. Одоогийн байдлаас үндэслэн улс орныхоо цаашдын амьдралд нөлөөлөх талаас нь дараах дүгнэлт хийж болох юм гэж үзэж байна. Үүнд:
- Монголчууд дөрвөн жил тутамд сонгуулиар төрөө годройтуулж, 2 жил хүрэхгүй хугацаанд олигархуудын хуйвалдаанаар Засгаа онхолдуулж ирсэн гашуун түүхээсээ сургамж авч, тогтвортой, үр дүнтэй ажилладаг төрийг төлөвшүүлэх замын эхэнд гарчээ.
- Нам дамнасан Олигарх бүлэглэлийн засаглал оршин тогтнох магадлал үлэмж суларчээ.
- Эдийн засгийн дэд бүтэц сайжирч, эрчим хүчээр өөрийгөө хангах, уул уурхайн гаралтай түүхий эдийг боловсруулах, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр томьёолж байгаа бодлого нь үндэсний эдийн засгийн өөрийгөө нөхөн тэтгэх чадварыг дээшлүүлж, өр зээлийн дарамтаас салах бодит хүчин зүйл болж чадна.
- Макро эдийн засгийн дотоод тэнцвэрүүдэд үүссэн гажуудлыг залруулж, өндөр үр ашигтай “мэдлэгийн эдийн засаг”-т шилжих төрийн бодлогын хомсдол хэвээр үргэлжлэх төлөвтэй.
- Үндэсний эдийн засгийн тогтвортой, эрчимтэй хөгжлийн үндсэн дээр хоцрогдлыг гэтэлж, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулж, ядуурлыг арилгахад чиглэсэн төрийн тодорхой, цэгцтэй бодлого үгүйлэгдсэн хэвээр байна.
- Монголын төрд сүүлийн 20-иод жил нүүрлэсэн ялзрал доройтлын эх ундарга болсон Улс төрийн намуудын тухай хууль, түүний үндсэн дээр бойжсон намуудын үзэл баримтлал, зохион байгуулалт өөрчлөгдөөгүй байгаа нь төр нийгмийн өөрчлөлтийг эрсдэлд хүргэх гол хүчин Зүйл болсоор байна.
- Шинэ төрийн дээд байгууллагууд хэдийгээр нийгмийн амьдралын захиалга болсон асуудлуудыг сөхөж шийдэж байгаа боловч, гол гогцоог олохгүй өнгөц хандлага, мөчид барьцын улмаас оновчтой, төгс шийдэлд хүрч чадахгүй тохиолдол гарч байна.
Төрийн түшээд, өөрсдийгөө “нэг ангийнхан” хэмээдэг зуршлын талаас авч үзвэл “бага ангидаа” сайн суралцаж, аль болох богино хугацаанд төгсөөрэй гэж ерөөхөөс өөр яах вэ дээ.
2020 оны 9 дүгээр сарын 25
MONGOLIA NEWS
zochin
зочин
Onom
зочин
зочин
бат
зочин
Нямбуу
Bayanhongor
Хотол
pmis