ШИНЭ МОНГОЛ ҮНДЭСТЭН ТӨЛӨВШИН ТОГТСОН НЬ


Даян хаан Ойрдыг цохисны дараа үр ач нар нь зургаан түмэн Монголыг захирах болов. Баруун гурван түмэн нь Ордос, Түмэд, Еншөөбүү, Зүүн гурван түмэн нь Цахар, Халх, Урианхай болой. Даян хааны удаах хүү Улсболд Ордост хүргэн орж жонон болсон авч Эсэн тайшийн ач хүү Ибрай тайш тэнд хүч нөлөөтэй нэгэн байж жононг хороожээ. Даян хааны гутгаар хүү Барсболд* Түмэд аймагт хүргэн орсон авч хэрүүл зодооноос айн удалгүй зугтсан байна. Энэ бүхнээс болж Даян хаан өс авахаар Зүүн гурван түмний нэгдсэн цэргийг 1510 онд хөдөлгөн ялалт байгуулснаар Монголын нэгдлийг дахин хангасан ажгуу.

Даян хааны дараа ширээ залгамжилсан Бодь-Алаг хаан хүү Гүнбилэгийг Ордосын, Алтанг Түмэдийн тэргүүн жоногоор томилов. 1538 онд Урианхайд бослого гарахад Баруун түмэн, Зүүн түмэн хоёр нийлж байгаад Урианхайг бут цохиж аймгийг нь тараагаад хүн амыг нь бусад аймгуудад ийш тийш тараан хуваарилжээ. Үүнийг далимдуулан Халх аймаг Хэнтийн нуруунаас баруун тийш билчээр нутгаа тэлэн Хангайн нурууг дамналдуулан нутаглах болов.[i] Гүнбилэг нас барсны дараа Бодь-Алаг хаан Алтанг нийт баруун гурван түмний тэргүүн гэж хүлээн зөвшөөрөв. Алтан хан ч хүчирхэгжин Ойрд, Хөх нуур, Моголистан руу байнга дайтах төдийгүй Мин династийг довтлох гол дайсан нь болов. 

Энэ үед Хятадын алдарт аялагч Жэн Хэ* (Zheng He) далайгаар дамжин дэлхийг бараг л дахин нээгээд байсан. Тэрээр долоон удаагийн аяллаар Өмнөд Ази, Африк тийш олон усан зам нээсэн нь европчуудаас түрүүлсэн хэрэг байв. Түүнийг Колумбаас бараг 80 жилийн өмнө анхлан Америк тивийг нээсэн ч гэдэг.[ii] Харин Мингийн Жү Жанжи* (Emperor Zhu Zhanji) Эзэн хаан эцгийнхээ хөхиүлж байсан энэ төслийг хаасан төдийгүй бүхий л флотыг нь эвдэн шатаасан аж. Үүний гол буруутан нь Алтан хан. Алтан хан Хятад руу байнга довтлон түгшээж байснаар барахгүй нэг удаа Бээжинг бүслэж байв. Жү Эзэн хаан хамаг анхаарлаа умардын зэрлэгүүд рүү хандуулахаар шийдэж Жэн Хэгийн төслийг хаажээ. Ийнхүү Хятад нь далайн хүчирхэг гүрэн болох боломжоо нэгмөсөн алдсан юм.

Бодь-Алаг* хааны дараа ширээ залгамжилсан Дарайсун Гүдэн* нэгэнт хүчирхэгжсэн Алтан* ханы дарамтаас айж Хянганы нурууг даван алс тэртээ зүүн тийш нүүв. Ийнхүү Монголын үе үеийн хаад байтугай ерөөс нүүдэлчдийн төрийн төвлөрөл асан Орхоны хөндий хаягдаж, хаан нь Цахарт суух болжээ. Хожим нь өөрийгөө Чингис хаан гэж хүртэл нэрлэж байсан Монголын сүүлчийн хаан Лигдэнг бусад нь Цахарын Лигдэн* гэх болжээ. Харин нийт Монгол нутагт Даян хааны ач хүү Алтан хан 35 жилийн турш хамгийн эрх мэдэлт нэгэн байсан юм. 

Өнөөгийн Монгол улсын дүр төрхийг буй болгоход Алтан хан маш их үүрэг гүйцэтгэсэн гэж түүхчид үздэг. Тэрээр анхлан төвдийн шарын шашныг Монголд оруулж ирснээр баруун талаас тулаад байсан лалын шашны тэлэлтийг хязгаарлажээ. Ер нь тэрээр хятадын соёлын түрэлтээс болгоомжлон Мин гүрэнтэй эв эе хэлэлцэхийн зэрэгцээ Төвдтэй харилцаагаа өргөтгөн зузаатгасан билээ. Мин гүрэнтэй байлдсан тулалдаануудаас олон хятад иргэдийг олзлон тэднээр Хөххотыг байгуулуулсан нь нүүдэлчдийн хэдэн мянган жилийн түүхэн дэх анхны жинхэнэ хот байсан юм. Мөн хятад тариачдын зааснаар монголчууд анх удаа Хөх нуурын орчимд үр тариа тарьж эхэлсэн билээ.[iii] Энэ нь цааш уламжлагдан Увс нуур орчмоор арвай тарих соёл гүнзгий нэвтэрсэн юм. 

Алтан хан Ойрдыг гурван удаа хүчтэй цохин Эрчис мөрнөөс цааш шахсан. Энэ тухай Монголын он дарааллын урсгал-д тэмдэглэхдээ:

1552 онд Алтан хан Ойрдыг цэрэглэж ирээд Хүнүй, Завханы газраа найман мянган хойдуудын тэргүүн Маньмянгатыг цохин сөнөөж эхнэр, хоёр хүү болон бүхий л иргэн олныг олзлон аваад Дөрвөн Ойрдыг өөрийн ноёрхол дор хураав. 

Хубилайн эсрэг тэмцэж байсан Ойрдын их цэрэг Аригбөхийг үхсэний дараа зуун жил ор сураггүй болсон бол Алтан хан ойрдуудыг дутааснаас хойш дахин бараг зуун жил таг чиг болсноор хэсэгтээ түүхэн сударт тэмдэглэгдсэнгүй, чимээ тасрав.

Шинэ Монгол гэгдэх өнөөгийн монгол үндэстэн ийнхүү Даян хаан Батмөнх, түүний ачхүү Алтан хан нарын дараагаас төлөвшин тогтжээ. Өдгөө үрэгдэлгүй үлдэж хоцорсон ургийн бичигүүд зөвхөн Даян хаанаас эхтэй байдаг. Өнөөдөр дэлхий дээр 9-10 сая монголчууд амьдарч байна. 

2000 оны тооллогоор Хар мөрөн мужид (Heilongjian) 141 мянга гаруй, Жилин мужид (Jilin) 172 мянга, Ляонин мужид (Liaoning) 870 мянган монгол хүмүүс оршин сууж байгаа. Шиньжаан бол олон үндэстний муж, тоогоороо 6 дугаарт орох монголчуудын хүн ам 150 мянга. Өвөр Монголд нийт 24 сая хүн амьдардагийн 18 сая 500 мянга нь хань үндэстэн, харин монголчууд 4 сая буюу нийт хүн амын 17 хувийг эзэлж байгаа юм.[iv] БНХАУ-д нийтдээ 5,3-5,5 сая монголчууд амьдардаг аж. Монгол хэл заншилтай нь үүнээс хавьгүй бага гэж үздэг, учир нь монгол гаралтай боловч өөр үндэстэнтэй холилдон хэл заншлаасаа хол хөндийрсөн олон хүн өөрсдийгөө монгол гэж бүртгүүлдэг аж. Учир нь үндэсний цөөнхид олгодог элдэв хөнгөлөлт, ялангуяа айлд нэгээс илүүгүй хүүхэд гэсэн бодлого Хятадад хэрэгжсэнээс хойш илүү олон хүүхэдтэй болох эрх бүхий үндэсний цөөнхид тооцогдох сонирхол их буй болжээ. Үүнээс гадна Зүүн Хойд Хятадад өөрсдийгөө монгол гэхээсээ буриад гэж тусгайлан нэрэлдэг 70 орчим мянган хүн бий. Мөн Хятад улсаас албан ёсоор үндэстэн гэж хүлээн зөвшөөрдөг 56 дотор монгол үндэстэнд багтаадаггүй тусад нь тооцдог дагуур монголчууд (Daur nationality) 132 мянга хүрдэг. Тэд хятанчуудын удам болох нь генетик судалгаагаар тогтоогдсон.[v]

Оросын субъект Буриад улсад 650 мянган орос, 270 мянган буриад-монгол үндэстэн амьдардаг. Эрхүү, Чита мужийг оролцуулаад нийт буриад хүн ам 1989 оны тооллогоор 421 мянга ба үүнээс 364 мянга нь буриадыг эх хэлээ гэж нэрлэжээ. Халимаг улсад 170 мянган халимаг монгол амьдарч буй нь хүн амын 57 хувийг эзэлж байна.[vi]  СССР тарж бутарснаас хойшхи монгол үндэстний тоо бүртгэл олдохгүй, эсвэл огт хийгдээгүй байх. 

Монгол улсын хүн ам 2015 онд 3 сая хүрлээ.



* Барсболд (1490-1531) Монголын хаан (1521-1531)

* Жэн Хэ (1371-1435) Хятадын алдартай аялагч

* Жү Жанжи (1399-1435) Хятадын Мин улсын Эзэн хаан (1425-1435)

* Бодь-Алаг (1504-1547) Монголын хаан (1519-1547)

* Дарайсун Гүдэн (1520-1557) Монголын хаан

* Алтан (1507-1585) Баруун түмэний хан. Түмэдийн Алтан хаан ч гэдэг

* Лигдэн (1588-1634) Монголын сүүлчийн их хаан (1603-1634)

[i] Мияаваки Жүнко Монголын түүх: Өнө эртний нүүдэлчдээс өнөө үеийн Монгол улс хүртэл (Улаанбаатар 2017) х- 155 [Miyawaki Junko History of Mongolia]

[ii] Menzies, Gavin. 1434: The year a magnificent Chinese fleet sailed to Italy and ignited the Renaissance (Harper Collins Publishers 2008)

[iii] Покотилов, Д. Д. История восточных монголов в период династии Мин. 1368-1634 (Императорской Академии Наук 1893)

[iv] Пензев, К. Земли Чингисхана (Москва. Изд. Алгоритм 2007) х- 128,167,189.

[v] Li Jinhui (2 August 2001). "DNA Match Solves Ancient Mystery" www.china.org.cn/english/2001/Aug/16896.htm 

[vi] Население СССР (Москва. Издательство политичской литературы 1983)