Шийр, Христофер, түгжрэл ба бусад...
Хэрвээ танайх, тухайлан чи машингүй байгаа бол сонгодог утгаараа “явгарсан айл, хөл залгах унаагүй этгээд” санагдаад хэцүү байгаа юм. Дээр нь бүх нийтээрээ такси үйлчилгээ эрхэлдэг явдал нь ч энэ хандлагыг өөгшүүлж “ машин авсан байхад ядаж таксинд яваад амь зууна” гэсэн итгэл өгдөг. Монголчуудын машинжих хорхой нь өрнөдийнхнээс ч идэвхтэй бөгөөд шургуу, бас гүн ухааны үндэслэлтэй гэдэг нь ойлгогдож байгаа биз.
Шийр, Христофер, түгжрэл ба бусад...
Явган зорчигчдийг хайрлагтун! Тэд замаас шахагдаад
хананд авирахдаа тулж байна.
Алтан тугал (И.Ильф, Е.Петров)
Нэг. Шиэр бол шийр юм.
Саяхан, миний фээсбүүк андын нэг Enkhbold Anjim сонирхолтой өгүүлэл шийрлэснээс бүх юм эхлэв. Фээст өргөн ашигладаг Шиэр (share) буюу бусадтай мэдээлэл, контент хуваалцах үйлдлийг нэгмөсөн “шийрлэх” гээд тогтчихвол болмоор ч юм шиг. Мал амьтны шийр гэдэг үгээс гаралтай “Хаяа нийлүүлж, хана шийрлэх”, “Буугаа шийрлэх” гэхчлэнгийн хэллэг нь нэг зүйлийг тодорхой орон зайд аваачиж байрлуулах утгатай билээ. Тодорхой бичвэрийг бусдынхаа орон зайд хөлийг нь гишгүүлээд орхиж байгаа үйлдэл биз дээ, “шиэр” хийх гэдэгбол.
Дашрамд дурьдахад, өдгөө “бууны хөл”, “бууны тулгуур” гэж нэрлээд байгаа зүйлийг монголоор “бууны шийр” гэдэг билээ. Нэгэнтээ дашрамд дурьдсных нэмээд дашрамдуулчихад, “тонгорог” гэж сайхан үг байсаар байтал “Швейцарийн эвхдэг хутга” гэхчлэн чамирхаад байгаа нь илүүц шүү. Швейцарынх л юм байгаа биз, тонгорохоо болиод эвхэгддэг нь ч юу билээ. Бөхчүүд нэгнээ тонгороод хаячих мэт эвхэгддэг хутганд анх монголчууд өгсөн нэр. Монгол хэлнээ “наймын тонгорог”, “арвын тонгорог”(борлуулдаг үнээр нь ялгасан), “үсний тонгорог”, “хэл гэж тонгорог шиг (хурц үгтэй) хүү” зэрэг үгс аль хэдийнэ суурьшжээ. Өнөөдөр олон сайхан бөхчүүд өрсөлдөгчөө тонгорсоор улс төрд ирээд, төрийн хэмжээнд тонгоролцож байхад ийм чухал үгийг мартвал нүгэл гэм.
Одоо эргээд “фээс” рүүгээ орно оо. Гэснээс, фээсбүүкийг заримдаа “нүүр ном” гэж орчуулж байгаа нь бүтэмж муутай байхаа. Үг нь оносон, оноогүйдээ биш юм. Хүмүүс үгийн сонголт хийхдээ хамгийн товч бөгөөд хэлэхэд амархныг нь авч үлддэг гэдгийг судлаачид хэлдэг. Ухаандаа компьютерийг анх “Тооцоолон бодох электрон машин” гэж дөрвөн үгээр нэрлэж байснаа хураангуйлж, “Цахим тооцоолуур” болгож нэг үзээд бараагүй. Оносон оноогүй гэхээсээ илүү уртадсан хэрэг. Иймээс Фээсбүүкийг орчуулах гэвэл Фээс гэдгээс товч, хэлэхэд амархан үг авах ёстой. Ухаандаа, “нүүр ном” гэдгээ хураангуйлаад “Нүүм” болгодог ч юм уу.
За даа, фээс-ээрээ явсан нь ч зөв байх даа. Гадны шинэ үгийг өөриймшүүлэн үрчилж авснаархэл бусдад уусах биш харин ч хүчирхэг болдог гэдэг. Та нар англиар “Зуд”-ыг юу гэж орчуулдгийг мэдэх үү, “zud” гэдэг юм билээ.
Ер нь бол хэл сөнөх тухай мангар ойлголтоосоо ч бид бас салууштай. Нэг өглөө бостол монгол хэл алга болчихоод, өөр хэл мэдэхгүй учраас хоорондоо ойлголцож чадахгүй болчихно гэж байхгүй л дээ. Монгол хүн алга болчихвол хэл нь алга болох л байх. Харин хэл нь алга болчихсон, хэдэн монгол үлдчихээд дохио зангаагаар “татаатунгаадаад” сууж байх нь юу л бол.
Хоёр. Машины төлөө хот
Гол нь манай А.Энхболдын шийрлэсэн ярилцлагад, Христофер де Грубэн гээч хүн манай хот төлөвлөлтийн тухай өгүүлсэн байна. Цаад хүнийг нь танихгүй ч гэсэн “шийрлэгч” нь манай эрдэм боловсролтой сэхээтний нэг, танин мэдэхүйн хорхойтон, улмаар уншсандаа төөрөөд давхичихын оронд өөрийнхөөрөө анализ хийх оролдоготон гэдгийг мэдэх юм. Ингээд гүйлгэж харлаа.
Эхлээд нэлээн поп гарчгаас болоод жийрхсэн юм. “Шинэ гүүрийг нураана гэж мөрийцнө ч” гэх шиг. Мөнөөх “Швейцарийн банкнаас хуулга авдагууд”-ын нэг л биз гэмээр гарчиг. Гэвч “шийр”-чин маань доор нь өрнүүлсэн хэлэлцүүлгийг хальт хараад сонирхол төрлөө.
Гэтэл Христофер гуай, тэнэг мангуу нүүдэлчдийн өмнө ухаантай царайлах ч гээгүй болтой. Харин бидний урд яваа үндэстний төлөөллийн хувьд туулаад өнгөрсөн зовлон сургамжаасаа хуваалцсан байна лээ. Гол санаа нь хотоо юунд зориулж шинэчлэнэ, түүний төлөөх хот болно гэсэн философи юм. Хэрвээ Улаанбаатарт машин явахад амархан байхаар бодоод, зам гүүр, зогсоол нэмж бариад л байвал машин улам нэмэгдээд, шинэ шинэ зам гүүр зогсоол нэхээд явна гэж.
Ийм шинэчлэл, ийм философитой хот төлөвлөлт нь машиныг дэмжсэн хотыг бүтээн байгуулах тул явган явах, оршин амьдрах хэрэгцээг алхам алхмаар дарангуйлдаг юм байна. Машины түрэмгийлэл нь олгосон боломж бүрийг дүүртэл ашиглаад, шинэ шийдэл нэхэж эхэлнэ. Ямар ч том гүүр гарцыг дүүргэн чихэлдэж, ямар ч уужим орон зайг бөглөрүүлж авдаг аж. Иргэд машинтайгаа байгаадаа урамшин, машингүйгээ уриалан хөтөлдөг гэмээр ч юм уу.
Монгол айл түүхэндээ гэртээ нэг машинтай болж байгаа бөгөөд цаашдаа хүн тус бүр машинтай болохоос нааш буцахгүй. Лав л миний үеийнхэн бол хааяа нэг албан бус мэдээнээс “хөрөнгөтөн оронд авгай нөхөр хоёр тус тусдаа машинтай байдаг” гэж дуулаад сэмхэн сүүрс алдаж өссөн гэдгийг ч тооцоолууштай. Угаасаа нүүдэлчин монголчууд хүн тус бүрдээ буюу аавын, ээжийн, хүүхдийн гэхчлэн унаатай ирсэн уламжлалтай. Морьгүй нүүдэлчнийг онцгойлон дорд үзсэн “явган”, “явгарсан”, “Хөл залгах унаагүй” гэхчлэнгийн хэллэг байдаг.
Машин нь нүүн шилжих хэрэгслэлийн хувьд орчин үед морийг орлох болсон юм. Нүүдэлчин хүн нүүдэл хийх унаатай байхыг сайн гэртэй байхаас илүү чухалчилж ирсэн. Ялангуяа, хөвүүдээ насанд хүрэхэд эмээл хазаар төхөөрч морь зүсэлж өгөх ба энэ нь орон гэр барьж, өрх тусгаарлахаас өмнөх процесс ажгуу. Өнөөгийн эцэг эхчүүд хүүхдээ насанд хүрмэгц ядаж унах унаатай болгохыг хичээсээр л байна. Нүүдэлчний тэр л зөнгөөрөө өнөөгийнхэн сайн орон сууц, тогтмол орлогоос илүү“ унаа”-тай байхыг эрхэмлэсээр байнам.
Хэрвээ танайх, тухайлан чи машингүй байгаа бол сонгодог утгаараа “явгарсан айл, хөл залгах унаагүй этгээд” санагдаад хэцүү байгаа юм. Дээр нь бүх нийтээрээ такси үйлчилгээ эрхэлдэг явдал нь ч энэ хандлагыг өөгшүүлж “ машин авсан байхад ядаж таксинд яваад амь зууна” гэсэн итгэл өгдөг. Монголчуудын машинжих хорхой нь өрнөдийнхнээс ч идэвхтэй бөгөөд шургуу, бас гүн ухааны үндэслэлтэй гэдэг нь ойлгогдож байгаа биз.
Цаашдаа бөглөрөл, түгжрэлийг арилгахын тулд замаа өргөсгөж, нэвтрэх чадварыг сайжруулах арга хэмжээ авах нь машинжилтийг дэмжсэн, урамшуулсан алхам болох аж. Яваандаа боломжтой бүхий л зай завсар нь зам, зогсоол болоод орон сууц, барилга нь томоохон “боржуур”-ын үүрэгтэй үлдэж таарах нь. Улаанбаатар маань “машин замын хавсрага хотхон” болохоор шулуудаад өгснийг тэр хүн өрнөдийн хот балгадын сургамжтай холбон ярьсан байх юм.Үнэхээр ч сүүлийн жилүүдэд ногоон байгууламж, явган хүний зам бус, харин авто зогсоол, зам гүүрээр хот маань тэлсэн байдаг Манайхны сайн мэдэх “Алтан тугал” дээр гардагчлан “явган зорчигчид хананд авирахдаа тулж” байгаа нь үнэн шүү.
гурав. Хуучнаа шүүх үү, шинээр харах уу
Бидэнд шинэ хандлага хэрэгтэй юм байна. Хот төлөвлөлт муу явж ирсэн, тэрний энэний үед бодлого алдагдсан гэж цэцэрхээд бол хэрэггүй. Угаасаа монголчууд хот нурааж явснаас байгуулсан туршлагагүй, нүүдэл төлөвлөж ирснээс хотшил төлөвлөсөн практик гэхээр юмгүй.
Социализмын үед Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн санаагаар Улаанбаатарыг төлөвлөж байсан ч гэсэн тэр нь хатуу дэглэмтэй хуаран-хотхон, сайтар тоноглогдсон лагерь маягийн бүтээн байгуулалтийн үзэл санаа зонхилсон. Үгүйдээ л хувийн өмчгүй нийгэм байгуулах тул хувь хүний санаачилга, хөрөнгөжих эрмэлзлээс ангид төсөөлөгдсөн хот. Газрын наймаа, замбараагүй барилгажилт гээд олон асуудал гарч ирэхийг хэн ч төсөөлөөгүй байсан хэрэг. Тэгэхээр өнгөрсөн үеийг тэр чигээр нь орхиод шинээр харах цаг ирж.
Бид хотоо жинхэнэ утгаар нь төлөвлөх, тэлэх, түгжрээнээс салах, машины хэт өсөлтийг зохицуулах, нийтийн тээврийг хөгжүүлэх бүгд зэрэгцээд байгаа нь энэ. Мэдээж Улаанбаатарт сайхан машин тэрэг хөлөглөх боломжтой, хэнбугай ч болов гэрээсээ машин унаж гараад монголын хаана ч хүрдэг байх эрхтэй. Гэхдээ л энэ хот машинаар давхихад биш, харин оршин амьдрахад, эрүүл жаргалтай суухад зориулагдах нь лав. Чингис хаан нэгэнтээ “Мориноос буулгүй улс байгуулах амархан, харин мориноос буугаад төрийг төвхнүүлэх амаргүй” гэж сургасан гэдэг. Харин өнөөдөр “Машинаар яваад очих амархан, машинаасаа буугаад ажиллах, амьдрах хэцүү” хэмээн сануулах байсан буйзаа.
Гэхдээ “Чи машинаасаа буу” гэж шаардахын өмнө “Ийшээ суу” гэхэд өөр саналтай, тэр нь түгжрээнд явснаас хурдан бөгөөд найдвартай байх нигууртай. Лав хотын төв хэсгээр зорчиход хамгийн найдвартай унаа автобус болоод байгаа нь том дэвшил. Шүүмжлэлийн бай болсон олон мянган машин хотын тээврийн том орон зайг бөглөж байгаа. Нийслэлийн иргэд аюулгүй найдвартай таксигаар үйлчлүүлэх эрхтэй нь үнэн боловч түүнийгээ хүлээж цөхрөөд харанхуй гудамжаар алхдаг байх ёсгүй. Эхлээд энэ орон зайг найдвартай хангах нийтийн тээврийн тогтоц бий болгохгүйгээр хувийн такси үйлчилгээг хязгаарлах боломжгүй.
дөрөв. Малын хичээл
Өнөөдрийнхтэй зарим талаар төстэй нэгэн сургамж Улаанбаатарын түүхэнд бий. Тэр бол хотын малын асуудал байлаа. ХХ зууны дунд үе хүртэл монгол хүний амьдрал малтайгаа салшгүй холбоотой явж иржээ. Ингээд маш олон айл үнээ, малтайгаа нийслэлд бууж. Үнээ малаа хашаандаа байлгах ч яахав. Хамгийн түвэгтэй нь тэд хотын ногоон байгууламжид малаа хариулаад байх болов. Ингээд 1950-иад оны дундуур хотын ногоон байгууламжид мал бэлчээхийг хориглосон шийдвэр гаргасан удаатай. Улмаар, Ардын их хурлын тэргүүлэгчдээс зарлиг гаргаж, аливаа хотын хүн амынх нь гуравны хоёроос дээш хэсэг аж ахуйн бус орлогоор амьдарч байхаар зохицуулж. Аж ахуйн бус гэдэг нь мал аж ахуйн бус гэсэн утгатай билээ.
Хэрвээ тэр үед “монгол хүний малтай байх эрх” энээ тэрээг яриад л, хотдоо сайхан сайхан бэлчээр гаргаад явсан бол өдийд бол малын өтөг, шавхайтай л хутгалдаад нь, дарга нар маань мөрийн хөтөлбөртөө “Хотын төвд шинэ сайхан бэлчээр гаргах” заалт оруулах нигууртай байжээ. Хот тохижуулахынхны гол ажил үхрийн баас, хонины шавхай арилгах явдал болоод шинийг санаачлагч нар нь “шавхай арилгах цахилгаан машин”-ыг хятадад хийдгээс 50 дахин үнэтэйгээр бүтээгээд л, тэрийгээ худалдан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих”-ийг шахаад л явах байж, мөн үү? “Шавхайны үнэр дарагч нийлүүлэх тэндэр” гэж нэг сайхан шахаа гараад...гэсгээд орхие, бусдыг нь нөхөөд бодчих.
Ямар ч байсан хотын ногоон байгууламжаа малаас амжилттай хамгаалж, Улаанбаатарт мал бэлчээхийг хязгаарлаж чадсан байдаг. Гэхдээ хотын захаар бэлчээрийн малтайгаа амьдрахыг бүрмөсөн хорьж дийлээгүй хэвээр. Сүүлчийнхийн өмнөх Су дарга нэлээн сайн хөөж, хотын зах руу шинэ газар олгох, малыг нь худалдан авах зэрэг механизм хэрэглэсэн байх. Ямарч байсан бидэнд асуудал шийдсэн туршлага үлдэж.
Монгол хүн малтай байх эрхтэй. Малтай байх эрхтэй гээдгудамжаар үхрээ бэлчээж, хүүхдийн паркад хонио оторлох эрхгүй.Учир нь нийтээрээ хотшин амьдрах дэг ёсонд харшилна. Хэрвээ чи хоньтой байх эрхээ эдэлмээр байвал уудам цэлгэр хээр талдаа очих ёстой.
Яг түүн шиг бүх л монгол хүн машинтай байх эрхтэй. Гэхдээ, харсан газраараа нэвтрээд, хавтгай болгон дээр зогсож болохгүй. Нийтийн тээвэрт садаа болохгүй, хотын түгжрэлийг нэрмэхгүй байх үүрэгтэй. Төр машинтай байхыг хориглох эрхгүй боловч машинаа хэрхэн ашиглахыг зохих хязгаарын дотор зохицуулах үүрэгтэй.
төгсгөл.Машин бус жолооч нь бөглөрдөг.
Жолооч нарын соёлгүй бүдүүлэг байдлаас гардаг осол аваар, дүрэмгүй үйлдлийг манайхан жолооны сургуулийн чанартай холбож ярьдаг нь өрөөсгөл. Түүгээр ч барахгүй жолооны сургуулийн хугацааг сунгаж бараг л их дээд сургууль, коллеж болгох юм ярьдаг нь бүүр төөрөгдөл. Харин ч жолооч болох нь бие даалт, эчнээ шалгалт болох хандлагатай байгаа.
Тэнд машин жолоодох техник, замын хөдөлгөөний дүрэм заадаг болохоос биш монгол хүнийг ёс суртахуунжуулдаг газар огоот биш. Манайхан жолооны курст нь сайн ойлгуулаагүй учраас хурд хэтрүүлж, улаан гэрлээр дайрч, боржуур дээр машинаа зогсоож, согтуугаар жолоо бариад байгаа юм бүүр биш. Энэ бүхэн буруу гэдгийг жолооны үнэмлэхгүй хүмүүс ч хэлээд өгнө. Хамгийн гол нь гүйцэд нийгэмшээгүй нүүдэлчдийн хамтран амьдрах соёл суртахууны дутагдал. Социалист дэглэмд хүчирхийллийн дор хууль сахисан дүр үзүүлж яваад суллагдангуутаа бүхнийг мартсан дутуу хүмүүжилтэй марксистуудын зовлон.
Бидэнд Соёлын шинэ довтолгоо, гэхдээ 1960-аад оных шиг төрийн албадлага дээр суурилаагүй, харин бүх нийтийн урам зориг, иргэний эрмэлзэл, шинэ үеийнхний бахархал дээр тулгуурласан “Соёлын довтолгоо XXI” үнэхээр хэрэгтэй. ХХ зууны соёлын довтолгооноор ариун цэврийн хувьсгал хийсэн бол энэ удаагийнхаар ёс суртахууны хувьсгал хийх боломжтой санагддаг. Эл өгүүллийн сэдлийг өгсөн А.Энхболдынхоор бол, дэлхийн хотууд 10 саяас дээш хүн амтай, 1000 хүнд ноогдох автомашин 600 аас дээш бол автомашины түгжрэл саатлын асуудлыг босгож ирдэг юм байна. Гэтэл манайд 1000 хүнд 300 орчим машин ногдож байгаа гэдгээс үзвэл бөглөрөл түгжээний шалтгаан нь бидний хүмүүжилд байгаа бололтой. Цуваад чөлөөтэй гарчих зай руу бөөнөөрөө чихэлдэж орчихоод байдаг л гэсэн үг.
Манай цагдаагийнхан “Нэг хором” тэвчээд зодоон, хүчирхийллээс зайлсхийх аян өрнүүлээд олноороо дэмжиж байна. Энэ санаачилгыг олондоо хүндтэй бөхчүүд хүртэл дэмжээд явж байхыг харлаа. Бөхдөө хайртай монголчууд тэднийг хараад “Ерөөсөө манайхан зодолдохоо болих гэж байгаа юм байна” гэдэгт итгэж эхэлж байх шиг байна лээ. Одоо “Яг түүн шиг” гэлээ гэгчээр “нэг хором хүлээе”, “нэг машинд зам тавья” ,”та миний урдуур ор” гэхчлэнгийн хөдөлгөөн өрнүүлээд явчихмаар.
Бидэнд хамтдаа хүмүүжих, хамтдаа ёс суртахуунжих, хамтдаа хотоо төлөвлөх, хамтдаа машинтай байж сурах гээд мөн ч олон хамтын зорилго өмнө маань байна. Гол нь бид хаана байгаагаа мэдээд байх боллоо. Одоо хандах чиглэл эндээс өөрөө тодорно. Хэдэн жилийн өмнөөс өрнөсөн “Хөрөнгө оруулагчдын эсрэг дайн”-ын тухай өгүүлэхдээ “Хаана очихоо мэдэхгүйдээ биш хаана байгаагаа мэдэхгүйдээ төөрдөг” гэж хэлээд л байсны учир ч энэ. Хандах чиглэлийн маань нэгэн “Хэрвээ хотоо машин саадгүй явуулах чиглэлээр л төлөвлөөд байвал машин л саадгүй явдаг хот болно. Хүн саадгүй амьдрах талыг нь бодоод явбал хүн л саадгүй амьдардаг орчин бүрдэнэ” хэмээн өгүүлж байнам.