С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн нь нэр дэвшигч вэ?
УИХ-д суудалтай намын бүлэг бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах хууль ёсны эрхгүй этгээд. Үүнийг сохор хүн ч гэсэн мэднэ. Хоёрдугаарт, АН-ын тамга тэмдэг С.Эрдэнэ гэдэг хүн дээр байгаа тохиолдолд УИХ дахь намын бүлгийн гишүүд 100 хувь АН-аас гарч байж тус намыг УИХ-д суудалгүй болсон гэж үзнэ.
УИХ-д суудалтай намууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулж, өчигдөр СЕХ-нд мөрийн хөтөлбөр болон холбогдох бусад материалаа хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу СЕХ энэ сарын 8-наас өмнө нэр дэвшигчдийг бүртгэж, нийтэд мэдээлэх ёстой. Үүнээс наана буюу нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийн материалын бүрдлийг шалгаж, дутуу материалыг шаардаж авах үүрэгтэй. Харин АН-аас нэр дэвшихээр тодроод байгаа С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн нь нэр дэвших эрхээ авах нь өнөөдөр болох шүүх хуралдааны эцэст тодорхой болох юм байна.
Өчигдөр буюу даваа гаригт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг АН-ын бүлэгт бүртгэж авснаа мэдээлсэн билээ. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг 13 гишүүнтэй болов.
Мөн өдөр тус намын бүлгээс Аудитын ерөнхий газарт хандаж, "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Н.Алтанхуягийн мөрийн хөтөлбөрийн аудитын дүгнэлтийг яаралтай гаргуулах"-аар Ерөнхий аудитор Д.Занданбатад шаардлага хүргүүлжээ. Шаардлагын үндэслэл нь “УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг дэмжиж байгаа тул...” гэсэн байна. Харин орой нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нарын гишүүд “АН-ын бүлгийн 13 гишүүн бүгд О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон учир С.Эрдэнэ тэргүүтэй АН УИХ-д суудалгүй болсон, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхгүй” гэх утгатай мэдэгдэл хийв. Товчхондоо, АН-ын хоёр толгой сонгуулийн өмнө лав нэгдэж нийлэхгүй нь бололтой.
Нийтэд ил болсон мэдээллээс үзвэл энэ удаагийн нэр дэвшүүлэлтийг хийсэн С.Эрдэнэ, Ц.Туваан нарт аль алинд нь АН-ын тамга бий. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ намын даргаас огцорсноо зарлаж, тухайн үед намын дэд даргаар ажиллаж байсан Ц.Тувааныг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо намын тамгыг түүнд хүлээлгэн өгсөн байдаг. Гэвч Ц.Туваан нь намын шинэ даргыг сонгох сонгуулийг хойшлуулж, намын дүрэмд өөрчлөлт оруулсан, мөн намын Их хурлаар хэлэлцээгүй дүрмийн өөрчлөлтийг УДШ-д бүртгүүлэхээр явуулсан шалтгаанаар хоёр тал эвдэрч, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байдаг. Гэсэн ч Ц.Туваан нь намын тамгыг буцааж өгөөгүй учир С.Эрдэнэ нь улс төрийн намын гэрчилгээгээ барьж очоод УБЕГ-аас шинэ тамга гаргуулж авсан. АН хоёр тамгатай болсон нь түүх ийм.
Үүний дараа Ц.Туваан нь “Намын тамгыг давхардуулж олгосон” хэргээр УБЕГ-ыг шүүхэд өгсөн бөгөөд өнөөдөр энэ маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ. Шүүхийн шийдвэр гарсны дараа С.Эрдэнэ, Н.Алтанхуяаг нарын хэн нь нэр дэвших эрхтэй вэ гэдэг тодорхой болох юм байна. 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн улс төрийн намын гэрчилгээн дээр тус намыг итгэмлэлгүй төлөөлөх этгээдийн нэр дээр С.Эрдэнийг бүртгэсэн байгаа.
Мөн хоёр тал хоёр тусдаа нэр дэвшигч тодруулж, СЕХ-нд материал хүргүүлсэн учраас СЕХ ч гэсэн хоёр талын аль нь хууль ёсны эрхтэй вэ гэдгийг тодруулахын тулд УДШ-ээс лавлагаа хүсч таарна. Одоогийн байдлаар намын шинэ даргаар томилогдсон М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэн хэнийг нь Дээд шүүх бүртгэж аваагүй учраас 2017 оны намын даргын сонгуулийн дараа АН-ын даргаар бүртгэгдсэн С.Эрдэнийг АН-ын хууль ёсны төлөөлөгч гэж үзэх боломжтой юм. Харин УИХ-д суудалтай намын бүлэг бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах хууль ёсны эрхгүй этгээд. Үүнийг сохор хүн ч гэсэн мэднэ. Хоёрдугаарт, АН-ын тамга тэмдэг С.Эрдэнэ гэдэг хүн дээр байгаа тохиолдолд УИХ дахь намын бүлгийн гишүүд 100 хувь АН-аас гарч байж тус намыг УИХ-д суудалгүй болсон гэж үзэх боломжтой. Тэгсэн тохиолдолд Н.Алтанхуяг ч гэсэн нэр дэвших боломжгүй...
gkre
Лхагва
Лхагва
Зочин
Paradoxically
Зочин
Зочин
Зочин
Өвгөн
Иргэн
Ц. ЭРДЭНЭБАТ
зочин
ЗОЧИН
Монгол хүн
зочин
zochin