Нэлээд давхиад Банзар Гүрсэдээс, 

-Та намайг ингэхэд ямар хэргээр сумын төв рүү авч явна аа? Мунхаг би мэдэж болох сон бол уу? гэж асуув. Гүрсэд морины давхиан дунд,

-Сумын захиргааны хонтоорт ороод мэдээрэй гэж ихэмсэг хариуллаа.

Гүрсэдийн хямсгар дээрэнгүй дүр төрх нэг л сэжигтэй харагдсаны гадна, угийн шазруун омголон Банзарын зэвүүг тун их хүргэжээ. Тэгээд гэнэт Банзарт "Эсэргүү гэгдсэн хүнийг ямар ч байцаалтгүй, үнэн мөнийг асуулгүй, шууд ялалдаг хийгээд аягүйтвал буудан хороодог гэнэ" гэсэн яриа толгойд нь бууж, өөрөө үхэл рүүгээ сайн дураар хурдалж яваа нь ойлгогдлоо. "Би дайсан биш гэмгүй нэгэн ард гэж хичнээн орилоод цаазлах эрх нь эдэнд бүрэн олгогдсон юм чинь, тэгээд л өнгөрөх бус уу. Муу бяцхан Банзарын амийг хорвоо дээр хэн нэхэж, амийг амиар төлүүлэх билээ. Ёстой гонжийн жоо голионы сүүл. Дүүрсэн хэрэг энэ муу Гүрсэдийг нэг сайн чадчихаад шулуунаа харъя" гэж Банзарын хилэн бадарчээ. "Би нэгэнт өнгөрсөн хүн. Алийн бүр энэ муусайн босоо ороолонгуудад дарлуулж байх юм бэ. Гүрсэд?.. Энэ муу гуйлгачин халхын хичнээн сайхан эрчүүдийн тэргүүнийг гудайлгасан бол? Ерөөсөө л дүүрсэн хэрэг" гэж шүд зуухад түүний хамаг цус толгой өөдөө хөөрч зүрх нь оволзож омог шар нь буцлав. 

Тэгээд Банзар давхиан дундаа цулбуураа өөрийн бүсэнд сэм сайн уяад Гүрсэдийн хажуугаар ойртон цогиулснаа морин дээрээс гэнэт шувуу шиг үсэрч Гүрсэдийн хоёр улаан сугаар ирвэс мэт тас тэврэн барьж авлаа. Гүрсэдийн морь огол харайн тэмүүлэхэд тэр хоёр газар давхраараа ойчиж, Банзарын моринд харгана дундуур өнхрөлдөн чирэгдэв. Гүрсэд жолоо цулбуураа алджээ. Түүний морь давхин одож, харин Банзарын морины бөх суран цулбуур Банзарын бүснээс уяатай тул газар ноцолдон тэмцэлдэх хоёрыг чирч хэсэг туйлаад тогтлоо. Банзар юун түрүү Гүрсэдийн бүсэн дэх ширэн гэртэй бууны оосрыг тас татан нагааныг хол шидэв. Буундаа найдаж байсан Гүрсэд өөрийгөө өнгөрлөө гэдгийг ухаарч уурандаа муухай чарлалаа. Эзгүй хээр хэн хаанаас ирж туслах билээ. Гэвч Гүрсэд хоолой мэдэн бархирсаар байв. 

Банзар түүнийг толгой дээрээ өргөж гаргаснаа ар дагзаар газар ягхийтал маш чанга хаяад, гүрэлзэх төвөнхий дээр нь хонь алж буй мэт өвдөглөлөө. Хоолой нь тагларч амьсгал нь боогдсон Гүрсэд амь тэмцэхдээ хоёр урт хөлөө гозолзуулан хэсэг тэлчлээд шээс баастайгаа холилдсоны эцэст хамаг бие нь сулрав. Гэтэл Банзарын бүснээс уяатай морь өмхий үнэрээс болсон уу, яасан бэ хамраа тачигнуулан үргэж, түүнийг татаж Гүрсэдээс салгачих шахлаа. Банзар тэгэхээр нь цулбуураасаа угз татан морио ойртуулаад бүсэндээ уясан цулбуурын үзүүрийг тайлав. Энэ үедээ Банзар Гүрсэдийн төвөнхий дээрээс өвдгөө авсангүй. Бүтэж эхэлсэн Гүрсэдийн хөл дөнгөн данган гозолзохын үест амнаас нь хөөс цахарч хоёр нүд нь алуулж буй хонь шиг цэнхэртэн цэхийв. Түүний үхэх гэж буйг мэдээд Банзар өвдгөө хоолой дээрээс нь шалавхан авлаа. Тэгээд балартсан Гүрсэдийг хажуу тийш өнхрүүлэн түрүүлгэнэ харуулаад амаар нь шороо үмхүүлэн сэрвээн дээр нь сандайллаа. Тэгсний дараа хоёр гарыг нуруун дээр нь зөрүүлж, цулбуурынхаа үзүүрээр янгинатал хүлээд өөрөө өндийв. Лагс бялдтай Банзарыг цээжин дээрээсээ өндийхөд Гүрсэдийн чалчийтал дарагдсан уушиг чимээтэй еэ хэржигнэн хүчтэй тэлж хэд хэд сулхан эхэр татлаа. Гүрсэд түрүүлгээ харж хэвтсэн чигтээ хөдөлсөн ч үгүй, дуугарсан ч үгүй тэр чигтээ муужирчээ. Банзар цулбуураасаа чангаан босоод мориныхоо толгойноос ногтоо мултлаж аваад хазаарынхаа жолоог мөрөндөө эгэлдрэглэн морио хоргоов. Тэгээд ногтныхоо тархин талаар Гүрсэдийн хоёр хөлийг чивчиртэл баглаад сая түүнийг өөд нь хөлбөрүүлэх гэлээ. Хүлээстэй гар хөлийг холбож, түүний нурууг арагш нь нум мэт махийж хотойтол чангалсан тул Гүрсэд эгц өөдөө харж чадахгүй ууцаа ганайлган их л эвгүй хажуулав. Гүрсэд тайван амьсгалах боломжтой болоод ухаан нь сэргэж буй янзтай. Мэдрэл алдсан нүдээ эргэлдүүлэн, байдлыг судалж хэвтэнэ. 

Банзар морио жолоогоор нь хөтлөн түрүү нь шидсэн Гүрсэдийн бууг өвсөн дотроос олж авлаа. Бууг нь барьсаар Гүрсэдийн хажууд ирвэл тэр дөнгөн данган, 

-Чи намайг одоо яах гэж байна? гэж Банзарын гар дахь буунаас дальдчин асуув. Банзар бууг гэрнээс гаргангаа,

-"Чи одоо намайг яах гэж байна?" гэж Гүрсэд дарга та надаас асууж байна уу. Коммунист та нар хүнийг хүлчээд дараа нь яадаг билээ. Би таныг тэгнэ дээ гэвэл Гүрсэд,

-Банзар минь амь өршөө! Хүний алтан амь гэдэг тоглох тоглоом биш шүү. Намайг битгий ал! Банзар минь хэмээн уушиг цээжээ мэнгэртүүлэхэд Банзар,

-Хүний алтан амь тоглох тоглоом биш гэв үү та? Наад үгээ та өөрөөсөө асуугаад, нутгийнхаа хорхойд хоргүй хэдэн ах дүүсийнхээ алтан амиар тоглох гэж хөнгөн тэрэгтэй ирснээ надад хэл. Хэдэн хүн барих тоогоо л хэлчих гэв. 

Гүрсэдийн ам хий ангалзан "Дүү минь тэгэж болохгүй ахыгаа өршөө" гээд амьсгаадав. Банзар өрөөсөн нүдээ анин бууг нь эзний нь цохонд онилон шагайвал,

-Хүлээ! Хүлээ гэм Банзаар! Түр ярилцъя! Тэгээд чи дараа нь намайг яавал яа! гэж бархирав.

-Та бид хоёр юугаа ярилцах вэ? Хонтооргүй эзгүй хээр та надтай тоож ярих юм уу?

-Чи намайг буудахаа түр хүлээ. Би чиний ачийг хариулж чадах хүн шүү. Намайг тавьчаад чи харь. Би чамайг ямар нэгэн эсэргүү хэрэгт холбогдуулахгүй ялнаас үүрд мулталж элбэг чадна. Үүнд итгэ. Уг нь би чамайг яагаа ч үгүй шүү дээ. Ганцхан Лувсанбалдан чамайг эсэргүүний гишүүн гэж мэдүүлэг өгсөн юм. Гэхдээ энэ яахав. Энэ хэргээс би чамайг амархаан чөлөөлнө. Чи намайг битгий бууд. Намайг баглаж, хүлж, буу тулгасанд чинь би юм санахгүй. Эсэргүү хэрэгт уналаа гэж айсан чиний ингэх нь түмэн зөв. Энэ бол амь гарах гэсэн хэний ч зөв. Би ч гэсэн тэгэх л байсан. Дүү минь, ахыгаа тавьчих. Энэ бол эр хүний үг шүү, Банзаар.

-Ээ мэдэхгүй, би танд огт итгэхгүй байна. 

-Итгэ дүү минь. Чи бид хоёр чинь нэг нутгийн ахан дүүс. Би хойшид амийг минь хэлтрүүлсний төлөө чамайг элдэв хэргээс ямагт хамгаалж явъя. Хоёулаа ерөөсөө ах дүү болъё.

-Та хүлээсээ тайлуулж, буугаа гартаа оруулж аваад намайг ямар ч өчиггүй буудахыг чинь би сайн мэдэж байна. Лувсанбалдан та нар цөмөөрөө адилхан өөрийн аминд учиргүй их хайртай, хүний амийг юман чинээ боддоггүй улаан сэрээнүүд. Би та нар шиг хүний амиар тоглохгүй. Тийм муухай сэтгэлийг надаас Агваан багш салгаж өгсөн юм. Би тийм нүгэл өөрийн гараар үйлдэж тэвчихгүй болсон хүн. Гэхдээ өөрийг чинь ингээд хүлээстэй чигт нь хаяад явлаа. Хүн иртэл хүлээгээд хэвтэж бай. Хүн ирэхгүй бол халуун наранд гэдэс чинь тээрч үхээд шувууны хоол болохыг таны лай ланчиг шийднэ. Өлссөн том хар шувууд цатгаад өнгөрвөл танд Улаан оросын алуурчин болж, монгол ахан дүүсээ хядаж явснаас нүгэл нь хавьгүй бага. Ингэснээрээ би таны нүглийг нимгэлж өгч байгаа юм. Таныг хэрэв хүмүүс олж авбал та намайг газар дороос ч болохноо олж буудна. Тэгэхээр би таны гарт үхсэнээс Өгий далайд живж үхье! Мэдэв үү? гээд Банзар нагааныг гэрэнд нь хийж, Гүрсэдийн ёлхгор гэдсэн дээр бүсэнд нь хөндлөн хавьчуулав. 

Буу гэдсэн дээр хавчуулаастай, хоёр гар ар нуруунд хүлээстэй, хэлэх үггүй болсон Гүрсэд "Намайг сулалчихвал чи бид хоёул сайхан амьдрах бус уу. Энэ хорвоогоос өөр хаана тийм сайхан хорвоо байна? Тийм хорвоог өнөөдөр хэн ч нүдээр үзээгүй шүү дээ" гэж аргадлаа. 

-Энэ хорвоо уг нь сайхан хорвоо. Сайхан хорвоог олж төрөөд, сайхан амьдрах гэж яваа, ямар ч гэмгүй хүмүүний үрийг та нар буудаж алдаг чинь, таны ярьсантай алд дэлэм зөрж байна шүү дээ. Ногоон малгайтнуудад итгэдэг тийм тэнэг хүн Монголд өнөөдөр ширхэг ч байхгүй болсоон гэж Банзар хашгираад морио эргэцүүлэн мордож, хүлээстэй Гүрсэдийг даапаалан мориороо гишгүүлэн алдан хэд тойроод,

-Намайг эрвэл Өгий далайн ёроолоос хайгаарай гэж хэлээд хойд зүг салхи исгэрүүлэн хурдлахад газар толгойгоо нааж хэвтсэн Гүрсэд даргад морины туурай пижигнэсээр чимээ тасарлаа.

Гүрсэд хэсэг хөдөлгөөнгүй яах эсэхээ тунгаан хэвтээд хүлээсээ султгах санаатай биеэ займчиж үзэв. Бүх биенд нь өчүүхэн төдий хөдлөх эрхтэн нэг ч алга. Байдаг хүчээрээ мурчигнав. Гар хөлний уяа сулрах янз үгүйн гадна нум мэт гэдрэг хотойлгосон нуруу нь чилж тэсэхүй еэ өвдөж эхлэлээ. Нурууг арагш хотойлгон хугартал нумалж, хоёр хөл хоёр гарыг ард нь дөрвүүлэнг нийлүүлэн янгинатал холбож, хонины хөл боох мэт чивчиртэл чанга уясан тул өндийж суух аргагүй болгожээ. Гараа угзарч хөлөө жийж бярдвал хүлээс улам чангаран чивчрэх янзтай. Малчин хүн уяа хүлгэнд гайхамшигтайг Гүрсэд мэдэх тул Банзар суларч алдуурах нөхцөлгүй уяагаар баглажээ гэдгийг ухаарч улам хорсов. Ингээд нуруугаа арагш матийлган нэг бол хажуу бөөрөөр, нөгөө бол түрүүлгээ харж цүндгэр харвинлаг ходоодоо газар жигнэн хэвтэхээс өөр ямар ч арга алга. Ядаж байхад амийг нь аврах ёстой коммунист буу нь гэдсэн дороос нухна.

Орой тийшээ хурц нар шарж, битүү харгана дотор бүгчим агаад шумуул дэлэнч Гүрсэдийн нүүрийг дураараа тавтай зооглов. Төдөлгүй түүний нүүр хүзүү хоолой улаан гүвдрүү боллоо. Ам нь цангаж, гэдэс нь хийгээр дүүрэв. Гүрсэд "За ингээд эзгүй хээр тээрч үхдэг байж. Амьд гардаг юм бол чамайг даа" гэж Банзарыг заналаа. Хүн амьтны бараа харагдахгүй байсаар шөнө болов. Гэдсээ цэндийтлээ дүүрч амиа тэмцэхэд Гүрсэд өнхөрч хөлбөрч гэдэснийхээ дүүрэнгийг дундруулах гэтэл том том харгана тээглээд чадсангүй. Сүүлдээ яаж ч чадалгүй дороо дахин нойтогнов. "Ингээд үхэх гэж үү" гэж бодохоос Банзарт улам хорсоно. "Алахын муугаар чи намайг аллаа даа" гэж үглэн золгүй хувь заяандаа гомдож, нөгөө сургууль соёл, орос хэл, алдар нэр, албан тушаал, баячуудаас хонзонгоо авч бялхаж амьдрах тооцоо, ер л бүх банжсан төлөвлөгөө нь нурж байх шиг. "Ямар ч байсан тээрч үхэхгүй тэсэж байгаад хүн амьтантай учрах юм шүү. Ийм золгүйгээр өнгөрөх хүн би биш. Надад сайхан ирээдүй нүүрэлсэн. Ядуу зүдүү гаралтай намайг нам, засаг өөд татах гэж байна. Муусайн баячуулд би хэний хүү болохоо үзүүлэмз. Гуйлгачин явсныхаа хариуг та нараас авалгүйгээр үхэж болохгүй. Тэснэ шүү тэснэ. Амьд гардаг юм бол эсэргүүнд хүлүүлсэн энэ шившигтэй тохиолдол надад алдар гавъяа авч ирнэ. Хувьсгалын төлөө тэмцэж яваад ингэж зовсон минь надад заавал ашиг, одон медаль болно. Гагцхүү амьд гарах л хэрэгтэй. Мэнд үлддэг юм бол Хашаатын муусайн баячуудыг эсэргүү хэрэгт машины тэвш дүүртэл ачна даа. Хариугаа заавал авна. Би өнөөн цагт сайн сайхан, баян чинээлэг, эрх дархтай, олныг захирсан том дарга явах ёстой хүн. Баячуудаас өс хонзонгоо авч бах таваа хангаж амьдрах миний ээлж минь уг нь ирсэн юмсан. Намайг ардын хувьсгалт Нам удахгүй өндөр албанд дэвшүүлнэ. Тэгээд би бүх юмыг орвонгоор нь хувьсгана. Хашаатад би хувьсгал хийнэ. Хувьсгалт нам ядуу гаралтай зөвхөн надад итгэнэ. Надад ийм сайхан ирээдүй нүүрэлсэн цагт үхэхгүй юм шүү хорондоо" гэж шүд зуусаар хонолоо. Ам нь хатаад нулимах шүлсгүй болжээ. Тэнгэрийн умдаг атгахын өмнө юутай хяслан бэ? 

Өглөө нар туссаны дараахан баруун бор толгой дээр морьтой хүн гарч ирээд ийш тийш харуулдлаа. Гүрсэд дороо тонгочин хөлбөрч, байдаг дуу хоолойгоороо хашгирах гэтэл дуу нь гарсангүй. Үй түмэн харгана дотор хэвтээгээрээ мурчигнах өчүүхэн дүрсийг нөгөө хүн анзаарсангүй, эргэн тойрноо олилзон хараачилсаар аажуухан цааш хандаж, толгой нь өчүүхэн болон багассаар шомболзон далд орлоо.

Гүрсэд "Ээ чааваас яасан сохор лүд вэ?" гэж гиншлээ. Түүнээс хойш үд болтол ямар ч бараа үзэгдсэнгүй. Нар шарж шумуул хазаж эхлэлээ. Гүрсэд зүүрмэглэж байгаа, муужирч байгааг мэдэхээ болиод үе үе ухаан балартаж, гэдэс нь халуун наранд хагартлаа цэндийв. Тэнгэрт тээр дээр хоёр тас эргэлдэнэ. Огторгуйд эргэлдэх хоёрыг Гүрсэдэд анзаарах сүйхээ үлдсэнгүй. Түүний царай хувхай цайж цусны нь эргэлт саарчээ. Ер л элий балай, дэн дун хэвтэнэ. 

ххх

Гүрсэдийн бүрэлзэх нүдэнд нэг том хар бараан дүрс өртлөө. "Ашгүй хүн ирэв үү, энэ юу вэ" гэж лавлан харвал түүний ойролцоо цагаавтар халцгай хүзүү толгойтой том хар тас лүглийн сууж байлаа. Гүрсэдийн бүх бие оршиж чилээд мэдээ мэдрэлгүй болсон агаад зөвхөн нүдний нь цэцгий аягандаа муухан хөдлөхөөс цаашгүй болжээ. Банзар дөрвөн мөчийг янгинатал холбосон учир Гүрсэд хөл гараа сарвагануулж хөдөлгөөн гаргаж чадахгүй байлаа. Дуу чимээ гаргая хоолой таг. Гүрсэд сэг идэгч махчин шувууг үргээх ямар ч чадваргүй болсноо ойлгож айж харуусахдаа чангаар уйлах гэтэл дуу нь бас гарсангүй. Аварга махчин шувуунд Гүрсэд дарга өөрийгөө амьд гэдгээ үзүүлэх гэж олон янзаар оролдоод аргаа бүр барав. Тас үргэж цочих байтугай Гүрсэдэд бүр ойртсоор. Хөдлөхийн аргагүй янгинатал хүлүүлсэн түүний дөрвөн мөч мэдээ алджээ. Хүний мах идэгч аварга хар тас нүүгэлтсэн далиа хавь ойрын газар дэлхий сүүдэртүүлэн алдалж дэлснээ Дотоод яамны тусгай төлөөлөгчийн хажууд аймшиггүйгээр тулж ирээд муухай гуагалав. Төлөөлөгч хариу муухай чарлах гэвэл ямар ч авиа гарсангүй. Муу ёрын шувууг өшиглөе хөл хүлээстэй, нударгалъя гар баглаастай, нүдээ ухахад нулимъя шүлс хатчихсан ийм л юм боллоо. Нэг үгээр хэлэхэд Гүрсэд амьд гэдгээ махчин шувуунд мэдэгдэх ямар ч нөхцөлгүй болжээ. Ингээд "амьдаараа шувуунд нүдээ ухуулах болов" гэсэн айдас түүнд төрж, "ер юунаас гайтаж ийм адгийн үхлээр мөхөж байна" гэсэн хачин эргэлзээ анх удаа түүний толгойд буув. Нөгөө мөрөөддөг орос хэл, сургууль боловсрол, албан тушаал ингээд сөнөчихнө гэж баймгүй яа. Бусдыг айлгаж явах эрх дарханд дүүлэн хүргэх хүлгийн дөрөөнд уг нь жийсэн сэн. Аз нүүрлэсэн ийм үедээ ингэж заяа дутдаг бас тоогүй еэ. Хувьсгалт намын ивээл Гүрсэдийг уг нь зориод ирсэн сэн. Муусайн баячууд, тэдний үр садад үзүүлээд өгөх байсан сан. Яасан хяслантай хорвоо вэ.

Иймэрхүү бодол Гүрсэдийн толгойд бүдэг бадаг сүүмэлзэж байтал нөгөө том шувууны цаанаас харганы чөлөөгөөр бас нэг тас нуруугаа үүрсэн хүн шиг хаахалзан алхалсаар айсуй. Тэгтэл цаана нь нэг юм сүүтэлзтэл бас нэг тас араас нь мярааж явна. Юу вэ? Түүний хойноос зөндөөн тас өтгөн харгана дундуур биеэ нуусаар сүлжилдэн энд тэндээс нөмөрч ирлээ. Гүрсэд өндийх гээд толгойгоо даасангүй, хашгирах гэтэл хоолой таг. Түрүүчийн хоёр азарган тас Гүрсэдийг булаацалдах янзтай муухай хахир дуугаар гуагалалдан аварга далиа хоёул дэлж, хоорондоо зодолдохоор нэлмэгнэснээ бие биеэс өрсөж Аюулаас хамгаалахын том даргын гүзээг хүү татахаар гэтэв. Хамгийн наана хэнхэлзэх том хүрэн хар тас ардаасаа шил даран мяраах бор хүрэнгээсээ тусгай төлөөлөгчийг илэрхий харамлан хажиж, газар дэлхийг аварга хоёр савраар ээлжлэн малтаж шороо арагш цацлаа. Хар хүрэн хүзүүгээ гүлдийлгэн махир хурц хушуутай том улаан ам ангайж, Гүрсэдийг өмчлөх мэт хаахалзан тойроход, түүнээс бэргэсэн бор хүрэн арай цаахнуур басхүү алсуур тойрч явснаа гэнэт Гүрсэд рүү дайрахад том хүрэн түүний өөдөөс довтолж хоёул гуагалалдан ноцолдлоо. Тэр хоёрын зодооныг далимдуулан харгана дотор нуугдсан бөөн тас бут үсрэн нисэж, Гүрсэдийг тал талаас нь шүүрэхээр аварга савартай хоёр хүчирхэг хөлөө доош сунган жийж, сүр сархийн Гүрсэдийн нүүрэн дээгүүр салхи татуулж, гуагалалдан тэнгэр харанхуйлан бүрхэж эргэлдэв. Арга мухардсан Гүрсэд үл хөдлөх агаад ухаан санаа орон гаран ажээ. Ямар ч хөдөлгөөнгүй баглаатай хонон өнжин хэвтсэн тэр бээр сүүлдээ гэдэс нь тээрч чихэлдсэндээ ухаан солиорч дэмийрч эхлэв. 

Талын өтгөн их харганы чөлөөг сүлжиж явган гүйх тасууд гэнэт буу барьсан лам нар болон хувирлаа. Тэдний түрүүнд худгийн лам нагаан барьсан гараа дээр өргөөд "Гүрсэдийг алаад" гэж арынхаа хуваргуудыг командлан дайрч ирэв. Гүрсэд худгийн ламаас зугтаах гэтэл хүлгэндээ баригдаад босож чадсангүй. Дэмий л "Амь авар ламтаан. Би монгол хүний үр шүү гэгээнтэн минь!" гэж хашгирсан авч дуу нь бас л гарсангүй.