/эссе/

Сансарт хүлэгдсэн хүмүүс гэж юүг хэлээд байгаа юм бэ? Намайг хэн ч хүлээгүй, би эрх чөлөөтэй, эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, баян тарган хүн ш дээ хэмээн зарим хүн боддог. Үгүй шүү. Тийм биш. Үнэхээр хүмүүс бид сансарт хүлэгдсэн байна. Нисваанисийн эрхээр сансарт хүлэгдэж ахин дахин төрөл авсан байна. Хүнд 84 000 нисваанис байдаг. “Нисваанис” гэдэг нь санскрит хэлнээс хөрвүүлвэл “сэтгэлийн гэм” гэсэн утгатай үг. Нисваанисийг дарахгүйгээр сансраас чөлөөлөгдөнө гэж байхгүй. Хүмүүн бид сэтгэл дотор бугшсан нисваанисийг уг үндсээр нь дарах хэрэгтэй. Бидний дайсан бол нисваанис. Нисваанисаа дарж байж л амар амгаланд хүрнэ, гэгээрэлд хүрнэ. 

Хүмүүс энэ яваа насаа мөнхийн юм шиг эндүүрэн боддог. Би сайхан байшинд тав тухтай амьдарч байна хэмээн боддог. Гэвч хүн бүхэн тэр тав тухтай байшингаа орхиж явах болдог. Ийм учраас хүмүүс өөрсдийгөө “ Бид сансарт тэнүүчлэн яваа мөнх бусын амьтад” гэдгээ сайн ойлгох хэрэгтэй.Тийм ч учраас хүмүүс буян үйлдэж , бусдад төвөг учруулахгүй амьдарч сурвал тэр чинь жинхэнэ ёс зүй, буян юм биш үү. 

Орчин үеийн хүмүүс биднийг юү хүлээд байна вэ. Юм бүхэн л хүлээд байна. Буруу ном, буруу үзэл, буруу хандлага бүхэн чинь хүлээс болоод байна. Уур, шунал, мунхаглал бүхэн чинь хүлээс болоод байна. Ямар нэгэн юманд сэтгэл хоргодох, татагдах энэ бүхэн чинь хүлээс болоод байна. Мөнгө хөрөнгө , тоглоом, үзвэр, баяр ёслол, хэрэглээ, нийгэм энэ бүхэн хүлээс болоод байна. 

Орчин үеийн хүмүүсийн хамгийн том хүлээс бол өнөөдөр дэлгэц болоод байна. Эдүгээ цагт хүн бүхэн зурагт харж байна, утасны дэлгэцээ харж байна. Эцэстээ бүгд дэлгэцийн донтон болж байна. Энэ бүхэн орчин үеийн нийгэмд хэрэгтэй байж болно. Гэхдээ энэ бүхэн дон болчихоод байна. Ямар нэгэн ахуй ертөнцийн юманд хэт хүчтэй татагдвал тэр чинь дон болчихож байгаа юм. Хоолны дон, хормойн дон, мөнгөний дон, эд хөрөнгөний дон, машины дон, морины дон, тоглоомны дон, тортны дон, шоколадны дон, идэхийн дон, архины дон, тамхины дон , найр наадмын дон, улс төрийн дон, хэрүүлийн дон, шүүмжлэхийн дон, хулгайн дон, амьтан алахын дон, алдар нэрийн дон, албан тушаалын дон, ашиг хонжооны дон...гээд явж өгнө дөө.

Ертөнцийн донд орсон хүмүүс эргэн тойрноо ч сүйтгэдэг, эх орноо ч сүйтгэдэг. Эдүгээ манай монголын нийгэмд хүмүүс олон их наядаар хэмжигдсэн ямар их мөнгө хөрөнгө, байгалийн баялгийг хулгайлж байна вэ. Хэлэх ч юм биш. Хүмүүс хөрөнгө мөнгөний дон, шуналаасаа салаагүй бол ёс зүйтэй шударга нийгэмд амьдарна гэж санахын ч хэрэггүй.Хүмүүс ёс зүйтэй болохгүй бол нийгэм нь гэмт хэргээсээ хэзээ ч салахгүй,нийгэм нь хулгай, дээрэм, харгислал нүүрлэсэн тамын газар хэвээрээ үлддэг. Хүмүүс нь ёс зүйгүй болшударга ёс, хууль ёсяриад ч нэмэргүй. 

Нэгэнт бид хүн болж төрсөн л бол энэхүү сансрын жамаар амьдрах хэрэгтэй болдог. Хүмүүс өтөлдөг , эцэстээ үхдэг. Үхээд асуудал дуусахгүй. Ахин дахин төрөл авах хэрэгтэй болдог. Сансарын жам гэдэг маань мөнх бусыг хэлээд байгаа юм. Хүн болсон л бол төрөх, өтлөх, өвчлөх, үхэхийн зовлонд заавал өртдөг.

Сансарт хүлэгдсэн хүмүүн олон галавын турш сансрын зургаан зүйл амьтны тойрогт ээлжлэн төрөл авч сансарын хүрдэн дотор мөнх эргэлддэг. Хүмүүс уур, шунал, мунхаглал гэсэн гурван том нисваанисаас уршигдаж, сансарт ахин дахин төрөл авч олон галаваар хүлэгддэг. Нэг галав гэдэг нь 1 сая 360 000 жилийг хэлээд байгаа юм. Аймшигтай агуу хугацаа шүү.

Сансрын энэхүү олон галавын хүлээснээс чөлөөлөгдөх арга зам байна уу? Байна. Энэ арга замыг 2500 жилийн тэртээ Будда нээсэн байдаг юм. Будда 80 нас хүрч авралын номоо хүмүүст 45 жилийн турш айлдаад хэзээ хорвоог орхих хугацаагаа ч сайн мэдэж байсан. Будда шавь нартаа хандаж “ Би 3 сарын дараа Нирваанд орно. Энэ бол миний хамгийн сүүлчийн төрөл.” хэмээн хэлдэг. Ийнхүү Будда 3 сарын дараа сансрын хүрднээс чөлөөлөгддөг. 

Монголчууд дөрвөн зуун жилийн турш ард түмнээрээ Бурханы сургаалд гэгээрсэн үндэстэн байсан. Гэвч хорьдугаар зууны эхээр Монголд цөвүүн муу цаг ирж Бурханы сургаалийг устгаж буруу номонд ороод нэгэн зууныг элээжээ. 

Буруу номтнуудын ухуулсан “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн мунхруулга одоо болтол ард түмний тархинаас салж өгөхгүй байна. Шашин бол сургаал гэсэн санскрит гаралтай үг юм л даа.

Сансарт яагаад ахин дахин төрөөд байдаг учрыг Ламрим сударт ийнхүү заажээ. 

Ламрим сударт: Би хийгээд эх болсон хамаг амьтан сансарт төрөөд урт удаан хугацаанд хатуу ширүүн элдэв зовлон амсах нь чухамдаа буяны садан буюу лам багшийг санаа болон үйлээр ёсчлон эс шүтсэнээс уршигдсан болой. Сансарт жаргалын орон огт үгүй. Бид эхлэлгүй эрт цагаас эхлэн ихэвчлэн муу заяанд тэнүүчилсэн бөгөөд амгалан сайн заяанд ганц нэгхэн удаа ирэхдээ Бурхан залраагүй, алс бөглүү чөлөөгүй оронд төрөөд буяны садан лугаа учраагүй эсхүл учирсан ч шүтэх ёсонг оньсонд нь одуулаагүйн улмаас энэ насандаа өвчин адад баригдан хөнөөгдөөд эцэстээ үхсэн хойноо хязгааргүй их олон галавт муу заяанд санаанд багтамгүй их зовлонг амсах болсны эрхээр улирсан цагийн төдий хэр олон Бурхан залрах цагт ч Нирвааны мөрийн үзүүрээс атгаж чадалгүй үлдсэн байна. Хэрэв буяны саданг ёсчлон шүтэх аваас сонсол, санал, бясалгал, бүтээл тэргүүтэн номын сайн үйлийг туурвиж Бодь мөрд одох, хойшид төрөл тутамдаа билиг чанар төгссөн буяны садан ивээлдээ аван дагуулах, үйлдэл шалтгаанд зохих үрээр багшийг шүтэх ёсон сайжрах увдисын утгыг анхааран авснаар өнө удалгүй Бурханы хутгийг олох тэргүүтэн тус эрдэм гарах нь тодорхой.” хэмээжээ.

Сансраас чөлөөлөгдөхөд Бурханы сургаал л тусална. Өөр юү ч тусалж чадахгүй.

Бурханы ном бясалгах гэж байгаа хүн биеэ уул мэт, зүрхээ далай мэт, ухамсараа тэнгэр мэт санаж, боди сэтгэлийг олж, “би үгүй”-г сэхээртлээ бясалгах хэрэгтэй. Лам багш, гэгээнтнүүдийн мэргэн сургаалийг мэдэх хэрэгтэй. Бурханы ном судрыг уншиж ойлгох хэрэгтэй. Сайн лам багштай байх хэрэгтэй. 

Мила Богдын айлдсан “Ганцаараа бай, анд нөхрөө олно, доодын доод суудалд суу, дээдийн дээдэд цойлон гарна, хорвоогийн зорилго бүрээс татгалз, хамгийн дээд зорилгод хүрнэ. Солонго хичнээн гоё ч мөнх бус.Үүн лүгээ адил энэ насны жаргал зүүд лүгээ адил.Урьд байсан хүн үхэх, өчигдөр байсан эд юмс үгүй болох нь мөнх бусыг харуулж буй. Мөнх бус юмны төлөө хүн та юунд сэтгэлээ чилээж зовно вэ? Энэ насны тачаал бол давстай ус уухтай адил амны цангааг огтхон ч гаргахгүй, харин улам их цангана.Харин та Бурханы номтой учирваас сэтгэл тань ханана”гэсэн сургаалийг бид санаж байх нь зохистой. 

Гүнтэн римбүүчийн айлдсан: “Энэхүү ертөнцийн ажил үйлдвэр нь сар жил болох тул эхлүүлсэн хэрэг явдлаа дуусгачихаад эгнэгт ариун номыг үйлдэнэ гэдэг эл мунхаг бодол болвоос хуурмаг чөтгөр болой. Ажил үйлдвэрийн залгамжаа нь өтөл буурал хүмүүний сахал лугаа адил хусаад байх тутам улам ургаад байх болой. Маргааш номыг үйлдье хэмээвч өнөөдөр үхэх болвол ихэд гэмтэй болой. Оройтож ойлгоод толгойгоо гудайлгаж бүү үйлдэгтүн. Яг одооноос эхлэн буян номыг үйлдэгтүн” гэсэн сургаалыг санах хэрэгтэй.

Шантидева гэгээнтний айлдсан: “Хурдан түргэн үхэх болох тул хэзээ буянаа хураах билээ. Тэр цагт залхуугаа орхисон ч тэр цаг нь өнгөрсөн тул яах билээ” гэсэн сургаалийг сүсэгтэн бидсанаваас зохистой. 

Монгол ламнар гурван зууны тэртээ нэгэн сударт : “Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт. Сайн номлол олон ч Ламримчим судрыг унш. Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана. Энэ насны хань нөхөрсайн ч эцэстээ магад хуурах. Элбэг идээ, эдлэл хөрөнгө бүрдэвч эцэстээ хоосрох. Хураангуйлваас Лам багшийг оройн чимэгт шүт. Хуурамч сүжиггүй нөхрийг эм мангасын мишээл мэт тэвч. Хуудуугүй Номын сайн нөхрийг сүүдэр мэт дага. Хэзээд хойтын буян номын хүнсийг хураагтун” хэмээн бичсэнийг санах хэрэгтэй.

Бурханы шашинтан хүн өдөр бүр судар уншиж ялангуяа “Итгэл, Гандан лхавжама, Ёндон ширжүрма, Дэнбрэл додва,Тарва чэнбо, Сэр Од,Санжод монлам” хэмээх судрыг уншиж бясалгах хэрэгтэй. “Шүтэн барилдлагын магтаал” буюу “Дэнбэрэл додва”-г хоосон чанарын тухай өгүүлсэнсудартай хамтатган бясалгах нь зүйтэй.”Төгс билгийн зүрхэн судар” буюу “Шэрнин” судар болон “Нанжад” буюу “Найман гэгээн” судар, “Доржзодва” буюу “Очироор огтлогч” сударт өгүүлсэн хоосон чанарын тухай сургаалийг эзэмших хэрэгтэй. 

Бурханы шашинтан хүн Жову Адиша Богдын “Бодь мөрийн зул”, Зонхаба Богдын “Их Бодь Мөрийн зэрэг” буюу “Ламрим” бүтээлүүдийг уншиж бясалгаххэрэгтэй . “Ламрим”нь хүнийг гурван төрөлхтний мөрөөр дагуулан хөтөлж, Бурханы хутагт хүргэх арга замыг дэс дараатай, дэлгэрэнгүй айлдсан болой. Ламрим бол Бурханы сургаалийн охь юм.

Бурханы сургаалбол ёс зүй, оюуны төвлөрөл, билиг барамид гэсэн үлэмж дээд гурван суртахуунаа дагаад “винай- дэг журам”,” “судар-буддын яриа шаштир”,” абхидхарм буюу илт ном- метафизик онол” гэсэн гурван том ай савд хуваагддаг. 

Бурхан багш очирдарын дүрд (очирт хөлгөний дүр) хувилж, гэгээрлийн замаар аль болох түргэн дэвших нөхцлийг бүрдүүлсэн аргуудын систем болох Агийн ёсны сургаалийг айлджээ. Энэ ёс орчин цагт ихэд тохирох ёс ажээ. Энэ агуу ёсыг хүмүүн бид түргэн эзэмших хэрэгтэй.

Орчин үеийн хүмүүс ямар нэгэн юманд ихэд яарсан, ямар нэг ажилд дарагдсан,цаг наргүй ажилтай хүмүүс байдаг. Юундаа ч яараад байгаа юм. Жаахан тайвшраад яарахаа болиод өөрийгөө “би хэн юм бэ” хэмээн нэг сайн сонжоод үз.Аз жаргалыг гаднаас хайхаа боль. Аз жаргалыг эрж байна гээд алс холын Америк яваад яах юм. Аз жаргалыг дотроосоо хайгаадүз.

Орчин үед хүмүүс сансарт нисч алс холын гариг руу нисч очихыг мөрөөдөж байна. Гэвч хүн ямар ч гариг дээр очоод өөрчлөгдөхгүй. Хүн өөрөө өөрөөсөө зугатаж чадахгүй. Хүн урьдын адил нисваанист баригдаж сансрын хүрднээс чөлөөлөгдөж чадахгүй хэвээр байна.

Зарим шашингүй хүмүүс “Танай шашин надад ямар хэрэгтэй юм бэ, ямар ашигтай юм бэ” хэмээн ярьдаг. Чамайг сансрын хүлээснээс чөлөөлж, зовлонгоос чинь аврах гэж Будда авралын сургаалиа айлдсан гэдгийг ойлгож мэдээч. Чамд дахин боломж олдохгүй. 

Дээр дурдсан Бурхан багшийн сургаал номуудыг бясалган эзэмшиж Гэгээрэлд хүрснээр сансрын хүлээснээс чөлөөлөгдөх юм байна гэдгийг сайтар ухамсарлах нь чухал юм.. 

Хамаг амьтан гэгээрлийн хутгийг олж, сансрын хүрднээс чөлөөлөгдөх болтугай.

2023.04.5