“Санкара” эссэ романы 11-р бүлэг
Юм нэг буруу эргэхээрээ их удаан түүгээрээ яваад байдаг билээ.
Misplaced- буруу газар тавих, хаа тавьснаа
олохоо байх, дэмий, хий хоосон...
Англи Монгол толь
Юм нэг буруу эргэхээрээ их удаан түүгээрээ яваад байдаг билээ. Мөнхөөгийн амьдрал хөмөрч орхисон байлаа. Тэрээр худал унаж, тусан шоронгийн эмнэлэгт хэвтэх боловч цаашдын амьдрал нь тэр чигээрээ буруугаар эргэжээ.
Түүний дүү сар гаруй хүлээж байгаад Ганц худгийн аж ахуйн албанд ялаа эдлэнгээ давж заалдсанаа хүлээх болов. Мөнхөө алив зүйлд итгэхээ больж, хуучин хулгайч нараас элдвийг сурсаар л....
Түүнд урам өгдөг ганцхан зүйл бол цээжлээд байгаа англи монгол ярианы дэвтэр л байлаа. Тэрээр нэгэнт таслагдсан болохоор эргэлт авч эхлэв. Аав нь Чой.Лувсанжав гуайн “Англи хэл өөрөө сурах бичиг” хэмээх хар хавтастай ном авчирч өгснөөр маш хурдтай шамдан судалж эхэлсэн билээ.
Хавар болж цас хайлж эхлэв. Хэдийгээр нэг л өдөр өнөөх чанга дэглэмтэй хорих газар руу ачигдаж мэдэх ч эмнэлэгт элдэв тариа хийлгээд өдөр бүр нэг шинэ заль сураад л эмээгийнхээ хэлсэнчлэн өнөөдрөөрөө амьдраад байв. Дүү нь Ганцын аж ахуйн хоригдол болсон нь түүний хувьд сайн хэрэг. Аж ахуйнхан эргэлт сайн авна. Бас хааяа ч гэсэн түүн дээр орж ирээд сонин хачин дуулгаж, тамхи тариагаар хангана. Ганц ахыгаа ч харж үзээд зогсохгүй гяндангийнханд хүртэл дүүжин шидэж өгдөг болохоор хоригдлууд түүнд сайн болжээ.
Нэг өдөр Мөнхөөгийн эмнэлгийн өрөөнд Сандуйжав хэмээх Мааньтын чанга дэглэмтэй хорихоос хэрэг нь задарч дахин мөрдөн байцаалтанд ирсэн нэгэн хэвтэв. Үг дуу цөөнтэй, харааны шил зүүсэн, харваас сэхээтэн байрын тэр хүн таван жилийн ялтай бөгөөд аптект ерөнхий нягтлан хийж байгаад мөнгө идсэн хэргээр энд сууж.
Өчигдөрхөн нэг ачлага явж, эмнэлэгт хэвтэж байсан зарим хоригдол ачигдсан болохоор тэр хоёр хоёулхнаа өрөөндөө үлджээ. Шөнө болж унтах дөхөхөд өнөөх эр гэнэт ам нээж:
Нойр хүрдэггүй ээ. Чи ер нь ид шидэнд итгэдэг үү? гэж асуув.
Ямар ид шид билээ?
Яахав, хүний бодлыг уншдаг бас ирээдүйг хэлдэг хүн байдаг гэдэгт итгэх үү? гэв.
Үгүй чишш...
Харин тийм л дээ ...Гэхдээ надтай нэг сонин хүн таарсан юм. Би аптект ажиллаж байлаа л даа. Нэг орой харьж явсан нүдэнд нэг л хүйтэн, янхигар хүн таардаг юм байна. Тэгснээ өнөөх чинь:
Чи ахдаа аяга архи өгөх үү? гэлээ.
Би хаанаас танд архи олж өгөх билээ дээ гэтэл өнөөх чинь:
Танай аптект жаран градусын спирт байна гэх нь тэр. Би их гайхсан ч бас жоохон айгаад толгой дохичихов. Тэгээд улаан хүрэн дээлтэй янхигар хөх хүнтэй буцаж аптектаа орж, хуурай спирт найруулж уулаа. Нөгөөх чинь хэд сайн татчихаад амаа арчаад:
Чи удахгүй хэрэгт орох юм байна. Чиний өвөрт нэг хөөрөг байна. Түүнийгээ ахдаа өгчихвөл би аргалаад өгч чадна гэлээ. Үнэхээр ч миний өвөрт их үнэтэй хөөрөг байсан юм. Би гайхаад энэ одоо яаж ингэж мэдээд байна гээд нэлээн эмээсэн чинь:
Айх хэрэггүй ээ, би хүний бодлыг уншдаг юм. Наад хөөрөг чинь буруу гараар орж ирсэн юм байна гээд санаа алдсанаа ...бас юу болохыг мэднэ. Ийм хүмүүс байдаг юм шүү дээ, бид бие биенээ мэднэ гэдэг байгаа. Би бүр ч алмайрч:
Тэгээд та намайг яах гэж байна гэлээ.
Яах юу байхав дээ, чи хүнд итгэхгүй шинжтэй юм. Нягтлан чинь их мөнгө чамаас нуугаад идчихэж. Чи энэ зунаас хэтрэхгүй хэрэгт орно. Жил болоод хэрэг чинь задарч чи суллагдана гэж хэлээд шууд гараад явчихсан юм. Үнэхээр ч зун нь манайд шалгалт орж баахан мөнгө дутаад би таван жилээр таслагдлаа. Яг тэр хөх хүний хэлснээр нэг жилийн дараа би энд ирээд байгаа юм. Манай нэг нягтлан баахан мөнгөний хэрэгт ороод миний хэргийг цагаатах янзтай болсон байна гэлээ.
Хачин юм бас байх юм аа. Тэр хөөрөгөө өгчихгүй дээ.
Танихгүй хүнд шууд яаж өгөх вэ дээ. Нээрээ ч тэр хөөрөг буруу гарын юм байсан юм билээ. Алдчихсан. Маргааш нь өнөөхийг чинь эрээд олоогүй. Хачин байгаа биз. Тэд хоёр зуун жил ч гэлүү насалдаг гэж байсан гэв.
Хачин юм даа, энэ худлаа ярихааргүй л хүн шиг харагдах юм гэж бодож байснаа бас нэг сонин хүний тухай бодол зурсхийв.
Хүүхэд ахуйдаа хохирогч болсон залуутай модон буугаар тоглоод оросуудын амьдардаг Маахуур толгойн хавьд байх Урчуудын хорооныхны нийтийн хашаагаар их гүйнэ. Хажуухандаа засвар баазын хашаа гэж бий. Тэр дотор эвдэрхий машин чихээстэй. Хүүхэд л болсон хойно төмрийн сэгэн дунд өдрийг өнгөрөөдөг байж билээ. Хашааны үүд хэсэгт Хоролжагар гэж нэг ах байдаг. Тэрээр жоохон эргүү ч юм шиг хүн. Маш гоё чинжаал хутга цуглуулдаг. Бид заримдаа ахынд хонож өнжинө. Бодоход тэр гуч орчим настай байсан байх. Гэтэл ноднин жил түүнтэй хотод таарахад Хоролжагар ах мөнөөх л гуч гарсан янзаараа явж байсансан. Хамгийн гайхалтай нь бүүр дөчөөд онд анх Их дэлгүүр нээх үед авсан нэг баримтат дүрсэн дээр Хоролжагар байхыг Мөнхөө олж үзээд бүр мэл гайхжээ.
Хоролжагар тэр дүрсэн дээр толгойгоо хаялаад явж байгаа нь яах аргагүй мөн байлаа. Анх харсан тэр янзаараа, гуч гарсан л болов уу гэмээр харагдаж байж. Одоо ч хэвээрээ толгойгоо хаялаад явж байгаа байх гэж тэрээр гайхан бодож хэвтлээ.
Хоёр хоногийн дараа Сандуйжав шүүх хуралд оролцохоор яваад эргэж ирээгүй юм. Үнэхээр цагаатсан бололтой.
Тэр шөнө Мөнхөө ганцаараа өрөөндөө хонож байхад нэг хачин юм болов. Нойр нь хүрэхгүй элдвийг бодон хэвттэл түүний ард, нөгөө хүний унтаж байсан орны хавьд хүн амьсгалах шиг боллоо. Тэрээр баахан айсан ч хэрэгт дурлаж, аажуухан эргээд харвал Сандуйжавын унтаж байсан орон дээр нэг хүн сүүдийгээд сууж байх нь тэр. Үнхэлцгээ хагартал айсан ч нүдээ цавчаад сайн харлаа. Яах аргагүй түүний орон дээр нэгэн лам байрын өвгөжөөр хүн нүдээ аниад завилан сууж, жигд тайван амьсгалах нь тод сонстоно. Цонхны баруун доор байх орон дээр суугаа түүний дух бүдэг гэрэлд гялайж харагдана. “Би чамд нэг газрыг үзүүлэх ёстой” гэж тэр хүн хэлэх шиг болов.
Мөнхөөгийн айдас аяарлан холдож, бүх бие нь жингүйдээд ирэх шиг болсноо нэгэнтээ харанхуйлаад гэгээ татахад зах хязгааргүй цэцэгсийн дээгүүр нисэж байлаа. Эргэн тойрноо харвал өнгө алагласан цэцэгс. Цэцэгс намилзахыг сайтар ажваас цэцгэн далай байх юм. Тэрээр гайхамшигтай хайрыг мэдрэв. Яг л багадаа эмээ өвөөдөө эрхэлж байсан үе шиг тийм нэг нялхамсаг хайр.
Хаяа хярхаггүй цэнхэр тэнгэрт алтан наран бадран асна. Хорвоо дэлхий бүхэлдээ инээмсэглэн налайгаад үнэр хөлөглөгч салхин цэцэгсийн тэргүүнээр наадахуй зөөлөн эгшигт тунсагхан цэцэгс цэнгэлийг эдлэн найган ганхан бүжнэ. Өчигдөрхөн, бороо орон шуурга талбиж хорвоо дэлхий эргэн хурваж байсан гэхэд үнэмшихийн аргагүй.
Эдүгээ хүртэл эцэг тэнгэр нэгээхэн ч удаа уурсан хилэгнэж байгаагүй мэт амарлингуй царайлан цэнхэртэж, уужим сэтгэлийн тайван харцаар ширтэн байх авай.
Энгүй уудам цэцэгсийн далай дээгүүр эрхэмсэг ганган эрвээхэйнүүд нисэлдэн хааяа нэгтээ баланд согтуурсан түрэмгий зөгийнүүд дүнгэнэн өнгөрнө. Алтан лиш цэцгийн цоморлиг дээр нэгэн эрвээхэй сууж байна. Тэр эрвээхэй Мөнхөө өөрөө ажээ. Тэрбээр нүд шиг цагаан толбо бүхий улаан далавчаа үл хөдөлгөн эргэн тойрноо анирдан, хорвоогийн үнэр ялдамд дуниарч, амьхандаа ертөнцийн тухай бясалган суух амой. Тэр өөрийгөө авгалдайнаас үүссэн гэдгээ үл мэднэ. Гагцхүү цэцэгсийн сайхан, үнэр амтын тансгийг мэдрэх бөгөөд түүний амьдрал нисэхамтлах, нисэхүнэрлэх, нисэхжаргах бөлгөө. Өвөл намрыг тэр үл мэднэ. Үхэхийг бол бүр ч төсөөлөхгүй. Түүний амьдралд муу муухай хатуу хөтүү юм огт тохиож байсангүй, тохиох ч үгүй буй заа. Эрвээхэй цэцэгсийн өнгө лүгээ эрээн мяраан бодлоо хөврүүлэн суутал түүний залран буй цэцэгсийн доороос гэнэтхэн асар их гуниг зовлон тэмцэл тулааны үнэр ханхийв. Эрвээхэй энэ хачин дасаагүй үнэрээс цочих шиг болж дорогш хараа сунган харвал хэдэн хар шоргоолж нэгэн үст хорхойг тойрон бүчиж тал талаас нь хэмлэн чирч явааг олж үзжээ. Цэцэгсийн доор далай, ус байх ёстой атал зүгээр л газар ажгуу. Тэрхүү үйлийн үрт хорхой атиралдан тийчилж, сунаж агшин чадал мэдэн тэмцэлдэх авч олон хар шоргоолжинд арга буюу хүч түрэгдэнэ.
Эрвээхэй болсон Мөнхөө үст хорхойг өрөвдөв. Ямар гэгч үйлийн лайтай амьтан чингэж хар шоргоолжинд хэмлүүлэн тарчилан байдаг юм бол хөөрхий... хэмээн бодож сэтгэл шимшрэн харж суулаа. Өнөөх үст хорхой хоёр эврээ гозгонуулан атиралдан хөвчилж чадал мэдэн тэмцэлдэх авч тэнхээ эс хүрэх тул тусыг үл олмуй. Олон хар шоргоолж уулгалан дайрч тал талаас нь чирч гулдарсаар өнөөх үйлт амьтныг нүх рүүгээ чирэн авч одов оо. Эрвээхэй хорхойг өрөвдөх боловч тусалъя хэмээвч хүч эс хүрэх чадал муут амьтны дээр, одоо нэгэнт хоцорчээ. Гэсэн ч тэр үйлт амьтанд тус хүргэж чадаагүйдээ эмзэглэж хүч мөхөс төрсөндөө гутран байтал шоргоолжны нүхнээс дахин их уур хилэн, хүсэл хяслын үнэр ханх тавьж өнөөх амьтан хүч мэдэн зүтгэсээр гарч ирвэй. Шоргоолжнууд сандралдан ийш тийш гүйлдэж олзоо нүх рүүгээ дахин чирвэй. Урт эвэрт үст хорхой эцсийнхээ хүчийг шавхан тэмцэлдэж сүртэй тулаан эхэллээ. Эрвээхэй тэр айхтар зодооныг хараад аюун гэлмэж “ийм дэмий юм үзэж сэтгэлээ зовоож байснаас үтэр холдъё” хэмээн нисэхийг завдсан боловч бас даруй сониуч зан нь хөдлөх тул нисэж үл түвдэнэ. Үст хорхой тэмцэлдсээр л...Эрвээхэй зүрх шимшрэн ширтсээр л... Үст хорхойн тамир барагдсан бөгөөтөл хоёр эврээ гозгонуулан тэмцэлдсээр... Сүүлдээ эрвээхэйний сонь буурч уйдах тийшээ хандав. Тэгээд “энэ доод ертөнцийн адал явдал надад ямар пад байхав, ингэж л байх тавилантай биз. Үзэх царайнаас өнгө зүсгүй өрвийсөн өт байна. Би бол тэнгэрийн заяат амьтан” гэсэн сэхүүн бодол ургаж, цэцэгсээс тасран тэнгэр өөд алгуурхан хөөрлөө. Цэцэгсийн үнэр агаар дүүрэн ханхалж энд тэнд хээмсэг ганган эрвээхэйнүүд үзэгдэхүй түүний сэтгэл сэргэн шидийг олоод ертөнцийн элдэв явдлыг умартан цэнгэлийг эдлэв. Гэвч өнөөх үйлийн лайтай амьтны тухай бодол эргэлдсээр авай. Түүнээс улбаалаад өчигдрийн салхи шуурга сэтгэлд нь ургав.
Байз... Бороо... Шуурга... Хоёр урт эвэр... Тэр хар хурдаараа эргээд нисэв. Түүнийг нэгэн хачин зөн совин эзэмджээ. Бардам ихэмсэг сэтгэл нь үе үе маналзан арилах гээд ч байх шиг. Гэвч эрвээхэй бодлоосоо айна. ...Арай ч биш биз?...Эрвээхэй алтан лиш цэцгэн дээр суугаад зүрх гарган дорогш ширтэв. Саяхан тулалдаан болж байсан газар юу ч үлдсэнгүй. Шоргоолжнууд түүнийг идчихжээ.
Эрвээхэй гайхширна, бодлоосоо айна. Түүнийг дахин үзээгүйдээ баяр лав. Тэгээд нүдээ аниад юу ч бодохгүйг хичээн дээш алгуурхан хөөрвөө.
Цэцэгсийн үнэр агаар дүүрэн анхилж энд тэнд хээмсэг ганган эрвээхэйнүүд үзэгдэхүй түүний сэтгэл сэргэн шидийг олоод “доод” ертөнцийн элдэв явдлыг умартан цэнгэлийг эдлэв. Улам хурдан, улам дээш хөөрлөө. “Би юу ч үзээгүй, би юу ч хараагүй, би бол тэнгэрийн амьтан” хэмээн үглэж чихээ таглан нүдээ тас аниад улам дээш хөөрсөөр нүднээ үл үзэгдэгч өчүүхэн цэг болсноо агаарт замхран одвоо.
Гэнэт тэрээр палхийтэл сэрж орхив. Тэгээд өнөөх хоригдлын ор руу харвал хэн ч алга. Хоосон төмөр орны толгой сарны гэрэлд гялайх ажээ. Би зүүдэлсэн л юм байхдаа. Ийм хачин тод үнэртэй зүүд гэж байдаг юм уу? Би чинь арай галзуурч эхэлж байгаа юм биш биз? Саяхан яг л эрвээхэй болчихоод нисэж байсан шүү дээ хэмээн тэр гайхшран бодож хэвттэл хаалга тар хийтэл онгойж хэдэн хүн ороод ирлээ.
Тэдний дунд нэг ахимаг насны цагаан сахалтай, буурал үстэй, нүдний шилтэй хүн явах бөгөөд шилнийхээ дээгүүр түүнийг цоо ширтэж байлаа. Тэр хүнээс бага зэрэг архи сэнгэнэж, харваас энд өмнө нь үзэгдээгүй нарны эмч бололтой.
Тасгийн эрхлэгч дэслэгч :
Гэндэнжав багш аа, энэ залуу манайд нэлээд удаж байгаа юм. Татаж унадаг, заримдаа хачин юм үзлээ гээд байдаг гэв. Өнөөх цагаан сахалтай эмч түүнд ойртож суугаад:
Хэзээнээс унадаг болсон юм бэ? гэв.
Өмнө нь наранд байхдаа нэг л удаа унасан. Энд ирээд олон унасан гэвэл өнөөх архи ханхлуулсан хүн түүний нүдийг татаж харснаа хуруугаа нүүрнийх нь өмнө гозойлгоод үүнийг дагуулаад хар гэлээ. Мөнхөө хурууг нь дагуулан харвал шүдээ зуу, тэгээд ярзай гэлээ. Түүнийг нэг айхтар ширүүн харцаар цоо ширтэж байснаа:
Юу гэж яриад байдаг юм гэв.
Тасгийн эрхлэгч Эрдэнэбат эмч:
Зүүдлээд ч байгаа юм шиг сонин болоод байна гээд л их хачин уран зохиол шиг юм ярьдаг юм. Заримдаа өдөржин таг дуугүй болчихно гэлээ.
За чи яг л санаанд орсноо хэлээд байна шүү... Хаалга, бариул хоёр юугаараа адил вэ?
Хэлбэр нь адил
Шар шувуу, загас хоёр
Амьтан
Ухаан алдаж унахад эхлээд юу үзэгддэг вэ?
Нэг л мэдэхэд унасан байдаг, яаж унаснаа мэддэггүй
Толгойдоо хүнд гэмтэл авч байсан уу?
Олон удаа хага цохиулж байсан. Тэхдээ ухаан алдаж байсан уу? Хоёр удаа Хэзээ тэр вэ?
Дүрслэх урлагийн сургуульд сурч байхдаа.
Өвгөн эмч халаасаа уудлан Сълонце хэмээх нимгэн хайрцагтай болгар тамхи гаргаж асаагаад хэд сорсноо:
Өдрийн үздэгээс хоёр хүн л өвчтэй юм шиг байна бусад нь худлаа. Харин энэ залуу психопати байж мэднэ. Энэ тэгээд ялаа авчихсан хүн үү?
Тасгийн эрхлэгч тэмдэглэлийн дэвтэртээ юм бичсэн чигээрээ:
Саяхан таслагдсан юм. Арван таван жилтэй. Давчихаад хүлээж байгаа өвчтөн гэлээ. Өнөө өвгөн аажуухан босоод энэ л гурван хүнийг авч болох юм. Чи хө, Шар хадны эмнэлэгт зүгээр томоотой хэвтээд эмчлүүлж чадна биз? Чи ч олон жилийн ялтай хүн байна гэж их ширүүн асуулаа. Мөнхөө яг үнэндээ юу болоод байгааг бас яагаад энэ хүн шөнөөр энд байгааг ухаараагүй хэрнээ чадна гэж бувтналаа. Өвгөн эмч босож ийш тийш харж байснаа:
Би ингээд явъя, тэр хүмүүсийнхээ историйг бага эмчид өгчихнө биз. Зав гаргаад танай руу ирлээ шүү. Өмнөх өвчтөнүүд сайн байгаа. Харин тэр Ээрүү Пүрэвдоржийг буцааж аваарай. Яахав гээд хэвтүүлээд байсан, хэл ам татаад байх юм. Зөндөө ч хэвтлээ эднийг хүргэж өгөхдөө буцаагаад аваад яв. Асар их депресстэй байсан. Одоо зүгээр... танай эмнэлэг гайгүй болж шүү, цэвэрхэн. Манай муу Шар хад л гэж... Төсөв өгөхгүй бүр баларч гүйцээд байна ...Эрдэнэбат чи сүрьеэгээр диплом хамгаалсан билүү гэх мэтийг ярьсаар холдож одлоо.
Мөнхөө учрыг нэг л сайн ухахгүй хэвтсээр үлдлээ. Арай ингээд нарны эмнэлэг явчих юм биш биз дээ. Би нээрээ галзуурч байгаа юм болов уу? Сая зүүд байсан гэж үү? Сэв сэрүүн л хэвтэж байсан шүү дээ. Яахын аргагүй энд хүн сууж байсан даа. Дараа нь эрвээхэй болчихоод нисэж явсан гэж бодоход их л хачин бүх юм хуурамч юм шиг санагдав. Ингэхэд сая эмч орж ирдэг нь бас зүүд байсан юм биш биздээ гэж тэр гайхшран бодож байлаа.
Цонхоор өнөөх л уурын зуух хар утаа савсуулан харагдаж, шоронгийн шонд өлгөсөн цагаан хоолойгоор үдшийн үлгэр эхэлж байлаа.
Үдшийн үлгэр эхэлхэд явдаг энэ хөгжим нэг л аймшигтай санагдана.
***