Маний багад бүтэн жилийн туршид ганц ганцхан заяадаг цагаан сар, наадам хэмээх мөрөөдөл, хүлээлт, тэмүүлэл болсон дуулиант хоёр баяр залардаг байв. Хоорондоо хол, олон сараар хоног тоолон хүлээсэн баяр улам шимтэй болж, сэтгэлээс гарахгүй сайхан дурсамжууд үлдээж, тэр дурсамжууд домог болон дараачийн цагаан сар, наадам хүртэл яригдана. Мөрөөдөж хүлээсэн олон хоногийг арай чамай барж байж уулзсан баяр гойд сайхан. Хүн бүрийн сэтгэл үнэнхүү уярлаар бялхана. Ямар ч муухай ааштай өвгөд эмгэд цагаан сараар инээд алдан баясаж, дүрсгүй хүүхэд багачуудыг хайралдаг нууц хайраа нээж жуумалзана. Цагаан сар наадмыг хоног тоолон хүлээх бүтэн жилийн хугацаа тэр аяараа зугаатай. Тэгж бодохоор бага нас минь тийм ч муугүй л өнгөрч. Цагаан сар өчнөөн хоноод болно, наадам төчнөөн хоноод болно гэж хүлээх, өнгөрсөн бус ирээдүйн баяр өмнө минь гэрэлтэж, хоног хоногоор наашилж буй нь урмаар амьдруулж, хөл хөнгөрдөг сөн. Хоорондоо хол хоёр баярын дундахь урт хугацаа нилэнхүйдээ сайхан баяраа хүлээсэн жаргалтай өдрүүд байжээ.

Ёлк, октябрь, майн нэгэн, мартын найман, эрчүүдийн, валентины, хүүхдийн, эх үрсийн, багш, эмч, цагдаа, яамны хотын аймгийн сумын ойн баяр гээд өнгөрөгч зуунд эрх чөлөөгөө мандуулсан Монгол баяр наадам тэмдэглэхийг үзүүлээд өгчээ. Бараг л долоо хоног тутам утга учраар маруухан ямар нэгэн баяр тэмдэглэж, ой гутмаар идэж ууж, мал болтлоо архиддаг муухай заншил сурсан нь харамсалтай. Энэ муухай бүдүүлэг зуршлаа бахархан дэврээж, үр хүүхэд ач зээ нартаа халдааж буйгаа хумих сан. Хоорондоо ойрхон баяруудыг мөрөөдөх нь бүү хэл залхдаг болжээ. Хувьсгалын жилүүдэд үндэсний уламжлалт ёс заншлаа голж, гутаан доромжлоод, хаяж чадсан авч, шинээр зохиосон коммунист ёс нь  монгол хүний зан ааш аж төрөлд наалдсангүй. Ингээд бид ёс заншлын хувьд аль ч үгүй алцан тэх болж хоцорчээ. Цагаан сараар мөрддөг ёс журам мартагдсан. Эртний ёс журам огт мэдэхгүй захын нэг архичин-хувилгаан дураараа ёс журам зохиож донгосно. Зарим нь инээдэмтэй, зарим нь бүр жигшмээр.

1940-өөд оны сүүлчээс би цагаан сарыг эртний хүмүүс хэрхэн ёслон тэмдэглэж асныг мэдэх юм байна. Тэр үед цагаан сараар архи айраг уудаггүй байсан. Архи айраг нь байгаагүй биз. Гэхдээ архи айраг уух гэсэн хүсэл дон тэр үеийн эрчүүдэд байгаагүйг одоо би сайн санаж байна. Ургацын, өндөгний, усны баяр гэж гадаад гүрэнд байдаг. Цагаан сар гэдэг цагаалганы ёс заншил-баяр мэт ойлгогдож байсан. Цагаалга гэдэгт миний мэдэхээр цагаатай цагаан будаа, бэрээсээ, цагаан тос, ааруул өрөм зэрэг цагаан идээ орж байсан байх. Махнаас ондоо хүнсээр хомс тул цагаан сараар ууц шүүс бол байсаан.

Жалгын нэг алслагдсан ахан дүүст цагаан сарын золголт үнэнхүү баяр байжээ. Алс хол тус тусын малаа дагаад жилдээ ховорхон уулздаг ах дүүс садан хамаатан нутаг нугын танилууд цагаан сарын дараа насны эрэмбээр заавал очиж золгоно. Жилдээ нэг гар цайлгаж билэг сэлт өгнө. Энэ нь тархай бутархай малчдын амьдралаас ургаж гарсан, өөрсдөд нь жинхэнэ тохирсон ёс заншил байжээ. Өөрөөс нь ургасан заншлыг албаар устгаж болдоггүй юм билээ. Цагаан сарыг нэг хэсэг устгасан боловч сүүлдээ хийхээс аргагүйд хүрч малчны сайн өдөр гэж зөвхөн малчид тэмдэглэдэг малчин биш хүмүүст хориотой баяр болгож үзсэн.

Цагаан сарын дараа хөгшчүүл ярилцана: Одоо тэр өвгөнийд, тэр эмгэнийд очиж золгох үлдлээ. Цагаан сараас хойш гар зөрүүлж амжаагүй хэн хэн байна. Очиж золгохгүй мартчих вий. Тэр гуай гомдож орхино шүү гэцгээнэ. Ахмад нь дүүгээ үнсэж хүндэтгэнэ. Урьдын хүмүүс жилдээ нэг үнсэж хайр хүндэтгэлээ илэрхийлж байсан бол өдгөө бид чинь яасан их үнсэлддэг болоо вэ? Давсан унасан бөхчүүд үнсэлдэнэ. Өргөмжлөл гардуулах, баяр хүргэх, харамсал илэрхийлэх нул үнсэлт. Болохгүй нь ч юу байхав. Жилдээ нэг тохиодог золголт гэх эрхэмсэг үнсэлт хавтгайрч, үнсэлтийн ханш навс унажээ. Энэ нь хөгжил юм уу бүү мэд. Хойч үе   тунгаа. Хамгийн гол нь соёлтой тансаг цэвэрхэн харагдахыг хичээ. Улс үндэстэн ёс заншлаараа хэнийх нь ухаалаг гоёмсог байна гэж өрсөлддөг. Үндэсний баяр бол үндэсний бахархал бас хөгжлийн цар хэмжээ мөн.  

Эдүгээ сая хэдэн зуугаараа нийслэл болж, хэдэн зуун мянгаараа хот аймаг болж, хэдэн мянгаараа сум болж төвлөрсөн хүмүүс өдөр болгон гудамжинд зөрөлдөж, уулзаж, ярилцаж, долоо хоног тутамд тохиох баярыг хүссэн хүсээгүй тэмдэглэдэг суурин иргэд болжээ. Сууршиж бөөгнөрсөн иргэншилд тал хээрийн тархай бутархай малчдын амьдралаас үүссэн нүүдэлчдийн өвөрмөц ёс заншлаас тохирохгүй юм бишгүй гарах болов. Өөрөөр хэлбэл цагаан сарыг сууршил бөөгнөрөлд зохицуулан тэмдэглэх шаардлага тулгарч байна.

Сууршил бөөгнөрлийн цагаан сараас бие биеийн дээр гарах гэсэн баярхуу, нэрэлхүү хоёр гажиг гаарах янзтай. Энэ бол маш буруу зуршил. Баян хоосны ялгаа тэнгэрт тулав. Ядуучууд нэрэлхүү зангаасаа болж баячуудын хөлд үрэгдэх нь. Баячууд ядууст гайхуулах хийрхлээр сагаж, баян өвөө эмээ, баян эцэг эх, баян үр хүүхэд, баян ач зээ нар нь ёгт үлгэрийн инээдэмт амьтны дүрээр гангарна. Баячууд энэ гэмээ олж анзаарах сан. Гайхуулах нэрэлхэх хоёр өвчин цагаан сарын үндэсний төрх, ухаалаг даруу шинжийг бохирдуулж орхилоо. 300-400 мянгын ууц хэмээх бөөн өөхний хойноос ядуу чадуугүй хуйларч, бэлгүйгээсээ болж ууцгүй шинэлэх шившиг гэнэ. Цагаан сар цагаалганы баяр утгаа ингэж алдав. Сая хоёр зуун мянган нийслэлчүүд золголт-хэсэлт хийхээр чинь эмх замбараа, түгжрэл, нэг хүнд 30-40 литр архи ноогдож буй эрэн зуунд балрах юм биш үү? Архинд донтсон нь хэд билээ. Нэг айл хамгийн багаар бодоход 1,5 саяар цагаан сарыг давж, учир утгагүй билэг сэлт нь гар дамжсаар буцаад эзэндээ ирсэн тухай онигоо бий.

Баяраа сонирхолтой тэмдэглэж сурмаар байна. Чаддаг нь хэдэн бөх барилдуулна. Өөр орчин үеийн айзам хөг дэгтэй хөгжүүн юм зохиож, цагаан сараа чимэхийг бодох цаг иржээ. Олз хайсан хувилгаан зайран бөө удган зурхайч үзмэрч мэргэч төлгөч гээд зүсэн бүрийн дүвчингүүд цагаан сараар жинхэнэ галзуурна. Ухааны хомсдолтой хүн л итгэхээс бүтэн ухаантай хүн итгэхийн аргагүй мухар сохор сүжиг бишрэл цагаан сарыг хоцрогдол руу живүүлж байна. Энэ бүдүүлэг бусармаг явдал монгол хүний ухамсар оюуны түвшин ХХI зууны хүн төрөлхтөний хүрсэн мэдлэг боловсролоос хоцорсныг харуулдаг. Энэ бол гутрах үзүүлэлт.  

Цагаан сараа маш гоё, боловсон, ухаалаг, түвэг чирэгдэлгүй, хүн бүрд сайхан, айл болгонд жаргал, гадныхны шүүлтээр жинхэнэ монгол соёл гэгдэхээр агаад юун түрүү архигүй баяр болгоё. Залуус минь, ухаанаа уралдуулж, үндэсний монгол өнгө төрхөө юуны өмнө гоёмсгоор тод илэрхийлсэн, арвич хямгач зан чанараа товойлгосон, цэвэр цэмцгэр баяр болгомоор байна. Эдүгээ цагаан сар дэндүү нүсэр, түвэгтэй, болхи, чирэгдэл ихтэй, гөлчүү, залхаг заваанаар айл гэр бүрт, гудамж талбай бүрт новширч байна. Үүнийг бид эрхэмсэг гоёмсог болгох үүрэгтэй. Монгол үндэстний нэрийг гаргах цагаан сар хэмээх цав цагаан тансаг баяраа бохирлож буй их бөөгнөрлөөс гаралтай олдмол хар толбуудыг мэдэрч арилгая. Хүй нэгдлээс хүн төрөлхтөн ахуйгаа боловсронгуй болгосоор өдий зэрэгт авчраа биз дээ. Базаахгүйд дургүй монголчуудын цэмцгэр ихэмсэг зан нэгдвэл цагаан сар байтугай юуг ч ариусгаж чадна.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.  
                                                                                                  
  2012-02-15