РАШААН СУВИЛАЛ: МОНГОЛЧУУДЫГ АНАГААСАН БАЙГАЛИЙН ШИД
Хужиртыг рашаан сувилал болгох санааны эзэн хэмээх Өрнөхийн хүү Ө.Нямдорж рашаан сувиллын мэргэжилтэн болоод зогсохгүй нөхдийн хамт олон судалгаа шинжилгээ хийн, ном бүтээлээ хэвлүүлж үлгэр домгийг үнэнд хувилгасан эрдэмтэн болжээ.
Манай гол усны эрдэмтэн судлаачид хамтран бичсэн Монгол орны гадаргын усны горим, нөөц бүтээлд rasāyana хэмээх самгарди үгийн олон утгыг бүрэн мэдэхгүйгээс ташаарчээ. “Рашаан” гэхээр хэний ч толгойд хамгийн түрүүнд байгалийн эрдэст ус орох нь зүй. Гэхдээ сүм хийд, лам нар зохиогчийн эрхийг нь эзэмшдэг нэгэн зүйл шингэнийг ч мөн л “рашаан” гэдэг. Дээрх номд харин “рашаан”-ы шилжсэн утгыг мэдэхгүйн учир шингэн зүйл мэтээр ойлгож хэдэн судрын нэр дурджээ. Хэдий хоёр шингэн, нэг тэс өмнөө зүйлээр эхлэсэн ч байгалийн эрдэст усыг түлхүү ярья.
Рашаан сувилал: Монгол нутгийн рашаан
Өвөрхангай аймаг тэр дундаа Хужирт суманд эртний булш хиргисүүр элбэг.
Монгол нутагт VII-VIII зуунд амьдарч асан түрэгүүд Отгонтэнгэрийн рашаан хэрэглэж байсныг Тан улсын бичигт дурддаг гэнэ. Манай халуун, хүйтэн рашааны дэргэдээс хуучин ба шинэ чулуун зэвсэг, мөн хүрэл зэвсэг ч олддог. Үүнийг Төв Азийн эртний овог аймгууд рашаан ашиглаж ирсний баталгаа гэж үзэхэд болох аж. Ухаан нь, Өмнөговийн Хадат, Дорнодын Гурван, Хэнтийн Цахар зэрэг рашааны дэргэдээс чулуун зэвсэг олсноос гадна маш эртний дөрвөлжин булш ч бий. Түүнчлэн Хүрэмт, Хужирт зэрэг нэрд гарсан рашааны дэргэд Түрэг, Хиргисийн булш олон. Ерөөс Монголын нутагт рашаан элбэг ажээ. БОАЖЯ 2009 онд судлаачдын баг зохион байгуулж 187 рашаан, 242 рашаан төст булгийн усыг шинжлэн, баталгаажуулах ажил хийсэн юм байна. Эндээс бид бас нэг шинэ нэр томьёотой танилцлаа - “рашаан төст булаг”. Тэгэхээр “рашаан булаг” гэдэг хоршоо үг яах аргагүй өргөн дэлгэр утга илэрхийлдэг ажээ.
Рашаан сувилал: Монголчууд рашаан хэрэглэсэн түүх
Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 42 халуун рашаан байдаг, тэдний нэг нь Хужирт
Монголчууд XVII зуунаас рашааны дэргэд сүм байгуулж, монгол эмч нар эрхлэн өвчтөнийг эмнэх, рашаан уух, рашаанд орох, гам барих заавар журам тогтоон удирдах болсон гэдэг. Нэгэн сурвалжид Эрдэнэбандид Ханчин Лувсан Шаргалжуутын рашааныг ашиглах Галзуу шарын усанд орох журам, Өндөр гэгээн Занабазар Ариун тунгалаг усан болорын ариутгал судар бүтээсэн гэх боловч өөр сурвалжийн мэдээ олсонгүй. Харин олон жилийн ажиглалтаас тогтсон эмчилгээний туршлагатай хэдий ч тунг нь хэтрүүлэн хэрэглэх явдал түгээмэл байсныг О.Намнандорж, Ш.Цэрэн, Ө.Нямдорж нарын БНМАУ-ын рашаан номд тэмдэглэжээ. Илааршуулах үйлчилгээтэй байгалийн эрдэст ус тодорхой нэг өвчин эмгэгт тустай болохоор зөвхөн эрхтэн ямбатнууд л хэрэглэдэг рашаан байсангүй, байх ч учиргүй. Өвчин хууч гарал угсаа ялгадаггүй хойно рашаан ардчилсан бодис болж таарах нь. Богдын хатан Дондогдуламын ундандаа хэрэглэдэг байсан булгийг “Дондогдуламын рашаан” хэмээн өргөмжилсөн ч эмчилгээний увдисгүй. Өнөөгийнхөөр бол маркетингийн л агуулгатай нэршил.
Рашаан сувилал: Rasāyana, аршаан, арагшаан
Bhakti-Rasāyana: Рашааны увдис шидэд сүсэглэн хүслээ гүйцэлдүүлэхийг бэлгэдэгч тэнгэр.
Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан Аюурведийн онолоор бол rasāyana нь олон бодисыг найруулан бэлтгэдэг хүч тамирыг тэтгэгч охь ундаа. Түүнийг хэрэглэвэл элдэв зүйл зовиур илааршиж, махбодын чалх нэмэгдэнэ гэдэг байжээ. Хожуу, МЭ VIII зуунаас алхимийн рилү (Philosopher's stone, Философский камень) буюу аливааг хүссэн зүгтээ хувиргах увдист бодис гэдэг утгатай болсон. Эндээс Монголын уламжлалт анагаах ухаан Энэтхэгийн таван махбодын онолоос үүдэлтэй, мөн тарнийн ёсны судар номыг монголоор орчуулахдаа самгарди үгийг шууд эх хэлэндээ авсныг харж болно. Харин Монгол орны гадаргын усны горим, нөөц номд дурдагдсан монгол анагаах ухааны гарамгай эрдэмтэн Ишбалжирын Рашааны ундрал, Рашааны цагаан шүүдэр, Рашааны дусал, Рашааны хурим бүтээлүүд нь өвчин ба түүнийг эмчлэх тухай өгүүлдэг ч “рашаан сувилал”-тай онцын холбоогүй. Өөрийн боловсруулсан анагаахуйн сургаал нь рилү лугаа адил увдистай гэдэг утгаар Ишбалжир “рашаан” хэмээжээ. Ерөөс буддын олон ном судрын нэрэнд орсон “рашаан” гэх үг ч тийм л утгатай. Жишээ нь, Энэтхэгийн буддын гүн ухаантан Нагаржуна сүсэгтэн түмэнд зориулсан аж төрөх ёсны нэгэн сургаалаа Ардыг тэжээхүй рашааны дусал гэж нэрийдсэнийг харвал илүү ойлгомжтой болох биз. Монгол үгсийн сангийн “Р” үсгээр эхэлсэн бүх үг хариас орж ирсэн учир бид “аршаан” гэж дууддаг. Зарим нутгийнхан бүр “арагшаан” гэх нь бий гээд рашаан сувилалтай авцалдаагүй нуршуу үгээ тасалъя.
Рашаан сувилал: Шинжлэх ухааны судалгаа
1946-1949 онд Монголд ажилласан Зөвлөлтийн ШУА-ийн палеонтологийн экспедиц.
Монгол орныг шинжлэх ухааны төвшинд судлах ажлыг СССР хэмээх оросууд гүйцэтгэсэн. Уул түүхийг сөхвөөс... Өнгөрсөн зууны хориод онд Америкийн алдарт судлаач, аялагч Рой Чепмэн Эндрюсийн Монголын говиос олсон үлэг гүрвэлийн өндөг шинжлэх ухаан, тэр дундаа палеонтологийн салбарт шуугиан тарсан нь большевикуудад сэдэл өгчээ. Дэлхий дахины анхаарлын төвд аяндаа ороод ирсэн Монголыг бүрэн судлах төслөө Б.Б.Полынов 1925 оны хоёрдугаар сарын эхээр Гадаад харилцааны ардын комиссириат Г.В.Чичеринд өгсөн илтгэлдээ багтаасан байна. Үүнээс өмнө П.К.Козловын экспедицийн үр дүн ч онцгой сонирхол татсанаас зун гэхэд Монголд иж бүрэн судалгаа хийх даалгавартай таван отряд бүрджээ. Энэ ажилд зориулах хөрөнгийг төсвөөс гаргуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэгч нь В.И.Лениний хувийн нарийн бичиг асан Н.П.Горбунов. Тэрээр хожим ЗХУ-ын ШУА-ийн Халаагүй нарийн бичгийн даргаар өргөмжлөгдсөн билээ. Судалгаа олз омогтой эхэлж, большевикууд ч урамшин 1926-1927 онд шинээр нэмэлт отряд зохион байгуулсны дотор В.А.Смирнов толгойлсон Гидрохимийн шинжилгээний баг багтсан юм. Түүний баг Монгол нутгийн рашааныг дагнан судалжээ. Энэ ташрамд сонирхуулахад нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владмирцов угсаатан-хэл шинжлэлийн багийг толгойлон Монголд дахин хөл тавьсан байдаг.
Рашаан сувилал: Хөгцтэй пин ба Тугийн сүм
Халхын Сэцэн хан аймгийн Чин ачит вангийн хошууны Баян-Эрхэт уулын оройд 1863 онд нэгэн жижиг сүм байгуулж, Чингис Богдын дүр болон Хар сүлдийг бүтээн залж тахижээ.
Өвөрхангай манай хамгийн олон халуун рашаантай нутаг. Тиймээс В.А.Смирнов 1927 онд Хужиртын рашаан дээр очжээ. Тэр цагт Хужиртын найман худгийн зургаа нь замаг урган ногоорч ялзарсан муу пинтэй. Дэргэдэх өмхөрч муудсан жижиг модон дуганд рашаанаар сувилах аргыг зааж хэлдэг хэдэн өвгөн эмгэн сууж байсан гэдэг. В.А.Смирнов бол Монгол орны рашаанд анх химийн шинжилгээ хийсэн эрдэмтэн. Хожим 1942 онд В.В.Гальнов, 1943 онд В.А.Чеховский, 1944 онд В.Н.Попов, Н.А.Маринов нар Хужиртын рашааныг ч бас судалжээ. Сүүлийн хоёр эрдэмтэн Монголын 60 гаруй рашааны тухай ном гаргасныг Ш.Цэвэг орчуулан 1947 онд хэвлүүлжээ. Энэ номоос монголчууд бид рашаан гэгч байгалийн шидэт усны талаар шинжлэх ухаанч мэдлэг олсон юм. Харин Н.А.Маринов Монгол нутгаас цагаан тугалга гаргаж авах гол эрдэс-касситеритийн орд илрүүлсний учир 1951 онд Сталины III зэргийн одон энгэртээ гялалзуулжээ. В.Н.Попов түүн шиг төрийн том шагнал хүртээгүй. Гэхдээ Улаанбаатар, Чойбалсан зэрэг Монголын олон суурингийн усан хангамжийг тогтоосноос гадна Хужиртын халуун рашааны ундаргыг судалж орчин цагийн рашаан сувилал болох суурийг нь тавьсан тул өнөөдрийн сэдвийн хүрээнд үнэлж баршгүй гавьяатан мөнөөс мөн. Эхэнд дурдсан В.А.Смирнов ч бас санаж явах л хүний нэг. Тэрээр Дорнод аймгийн Булган суманд байсан Тугийн сүмийг шинжилгээ судалгаанд оруулсан эрдэмтэн билээ.
Рашаан сувилал: Өрнөхийн домог-өмчлөгч ҮЭХужирт рашаан сувиллын эмч нар зөвлөлдөж байна. "Монголын амралт, сувилал" альбом. ПРАЦЕ хэвлэлийн газар. Прага. 1990 он
“Хужиртын рашааныг ард түмний эрүүл мэндийн төлөө ашиглах санал жирийн ард Өрнөх гаргаж бусдыгаа уриалан 180 бод малаа үндсэн хөрөнгө болгож өгсөн” гэдэг социалист маягийн домог үнэмшил муутай. Харин 1930 онд Хужиртын рашаан дээр сумын эмнэлгийн салбар байгуулан бага эмч томилжээ. Улмаар 1933 онд рашааны хуучин муу пингүүдийг буулгаж олон ундаргыг нэгтгэн өрөө тасалгаатай болгосон байна. Түүнчлэн 1935 онд их эмчтэй болгож хүмүүст зөвлөгөө өгч журамласнаар сая шинжлэх ухаанч эмчилгээ нэвтрэх эхлэл тавигджээ. Хужиртын рашаан орон нутгийнхаа мэдэлд удаагүй. 1940 онд Эрүүл мэндийн яамны харьяанд очиж 40 ортой болон өргөжсөн. Гэтэл жил жилд өсөн нэмэгдэж байсан ажилчин ангиа үзэл суртлын хувьд өргөн тэтгэх зорилгоор 1944 оноос МҮЭТЗ-д шилжүүлжээ. СССР-ийн туршлага л даа. Большевикууд Хар далайн эрэг дагуух амралт сувиллын газруудад ажилчин ангиа амраах шийдвэр гаргасан юм. Гэхдээ дарга даамлууд нь хуучны язгууртнуудын тансаг орд харшийг эзэгнэжээ. Маршал Х.Чойбалсан 1940-өөд оноос зун болгон шахуу гэр бүлийн хамт Крымд тухалсан байдаг. Харин П.Гэндэнг 1937 онд “Крымд амар” гэж Москвад дуудаж аваачаад хилс хэрэг тулган цаазлажээ. П.Гэндэн Өвөрхангайн хүн, гэхдээ Хужиртын рашаан ийм аюумшигт явдалтай огтхон ч холбоогүй. Өвдсөн зовсон олныг илааршуулсаар өдий хүрлээ, цаашдаа ч оршино. Мартсанаас Хужиртыг рашаан сувилал болгох санааны эзэн хэмээх Өрнөхийн хүү Ө.Нямдорж рашаан сувиллын мэргэжилтэн болоод зогсохгүй нөхдийн хамт олон судалгаа шинжилгээ хийн, ном бүтээлээ хэвлүүлж үлгэр домгийг үнэнд хувилгасан эрдэмтэн болжээ.
Рашаан сувилал: Нам-засгийн анхаарал халамж
Шаргалжуутын ойролцоох Лхамын рашаанаас сувилуулагчид эмчийн заавраар ууж байна. "Монголын амралт, сувилал" альбом. ПРАЦЕ хэвлэлийн газар. Прага. 1990 он
Дэлхийн II дайны дараа нам-засгаас амралт, сувиллын газруудад ихээхэн санаа тавьжээ. 1990 онд улсын чанартай рашаан сувилал долоод хүрсэн байлаа. Орон нутгийн чанартай нь хавьгүй олон. 1947 оноос үндэсний мэргэжилтэн Ш.Цэрэн, О.Намнандорж, Ө.Нямдорж нарын олон эрдэмтэн рашааны химийн найрлага, анагаах чанарыг нь судалсан. Мэдээж энэ бүх ажил нам-засгийн даалгавраар хийгдэж таарна. МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1956 онд “Хөдөлмөрчдийн амралт, рашаан сувиллын талаар авах зарим арга хэмжээний тухай” 284/167 тоот тогтоол баталжээ. Хойтон жил нь ШУА, МҮЭТЗ хамтарсан хээрийн шинжилгээний анги гаргасан. Тус анги 1957-1960 онд 230 гаруй рашааны физик, химийн чанар, найрлага, орших газар тус бүрийн байгалийн онцлог, анагаах чанар гэхчлэн шинжлэхээс гадна холбогдох үлгэр домог цуглуулах далайцтай ажил хийсэн байна. Түүнчлэн 1959 оноос хойш рашаан сувиллын эмч нарын онол-практикийн бага хурлыг 10 удаа зохиожээ. Нам-засаг амралт, рашаан сувиллын хэвийн ажиллагааг хангах, дөрвөн улиралд жигд ажиллагаатай болгох, төхөөрөмжлөн тохижуулах, амралтын хуваарьт өөрчлөлт оруулах, материаллаг баялгийг гардан бүтээгч ажилчдыг өргөн хамруулах тухай тогтоол 1957 онд 254/163, 1965 онд 365/461, 1976 онд тус тус гаргажээ.
Рашаан сувилал: Рашаан, рашааны бас амралтын ялгаа
Амралтын газарт амрагийн явдал хайхаас аваад амьдралынхаа ханьтай ч учирдгийг харуулсан "Өнөр бүл" УСК-ны хэсэг. Монгол кино үйлдвэр. Найруулагч Д.Жигжид. 1980 он
Тогтоол шийдвэр ”амралт, рашаан сувилал”-ын талаар гэж гардаг байсан ч салгах учиртай ойлголт юм. “Почоонк” хэмээх эрхийн бичиг нь олдвол хэнд ч нээлттэй бол “амралт”, харин зөвхөн эмчийн магадлагаагаар үйлчлүүлдэг аваас “рашаан сувилал” гэж ойлгоно. Одоо ч хэвээр. Хужирт аль нь гэдгийг хэлэх илүүц. Хужиртын рашааны хүхэрт ус-төрөгчийн бүтцийг 1964 онд нарийвчлан шинжилсэн байдаг. Шинжилгээгээр хүхэрт устөрөгч нь тиосульфатын ион, гидросульфатын ионуудад задарсаны ихэнх нь тиосульфатын ион болохыг тогтоосон. 1966 онд Зөвлөлтийн Сочи дахь рашаан сувиллын эрдэм шинжилгээний институтэд дээж хүргүүлэн шинжлүүлж бүрэн нотолгоотой хариу авсан байдаг. Хужиртын рашааныг сул эрдэсжсэн, гидрокарбонат, натрийн шинжтэй биокомпинент хүхэрт ус төрөгч ба цахиурын хүчил ихтэй эмнэлгийн ач тустай гэдэг дүгнэлт Сочигоос иржээ. Мөн Хужиртын ширхэг жижиг, тосорхог шавар ч эмчилгээний үр дүнтэй. Рашаан бүрийн найрлага адилгүй шигээ анагаах эмгэг нь ч өөр өөр. Рашаан сувиллаар үйлчлүүлэгч илаарших орь ганц хүсэл тээдэг бол почоонктой амрагч амрагийн явдлаас өгсүүлээд зугаа цэнгэл хайдгаараа эрс ялгардаг нь одоо ч хэвээр.
Рашаан сувилал: Амралт, сувилал хоёрын хослол
Далан жилийг ардаа орхисон Хужиртын рашаан сувилуулах хүсэлтэй хэн бүхнийг хүлээн авах бололцоогүй. Хүчин чадлаа нэмэгдүүлж нэг ээлжиндээ 500-800 үйлчлүүлэгч авдаг болсон ч эрэлт хэрэгцээ дийлдэхгүй. Энэ ачааллыг хуваалцаж, нурууг нь амраах нэг шинэ байгууллага хажууд нь үүдээ нээснийг "Хан Хужирт" гэнэ. Хужиртын рашаан, шаврын бүх эмчилгээг тохилог орчин, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хийхийн хажуугаар дөрвөн одтой зочид буудлын үйлчилгээтэй. Рашаан сувилал, амралт хоёрыг хосуулдаг гэсэн үг. Гэхдээ ингэж хэлвэл бас дутуудна. Эмчилгээ, амралт, зочид буудал, ресторан, спорт, гоо сайхан, зугаа цэнгэлийг цогцоор нь багтаасан гэвэл сая бүрэн зургаараа харагдана. Эрүүл мэндийн аялал жуулчлалаар дэлхийн жишигт нийцсэн Монголын анхны амралт, рашаан сувиллын цогцолбор болох амбицтай. "Хан Хужирт"-ын Ерөнхий менежер Д.Гантулга “Бидний өрсөлдөгч бусад сувилал биш, бидний өрсөлдөгч бол стандарт” гэдэг үгээр зорилгоо товч, тодорхой илэрхийлсэн. Амралт, сувиллын тухай мэдэхгүй мань мэтэд хөгшин хөвөө, нялх балчиртайгаа ч хамт очоод рашаан сувиллаар үйлчлүүлэхийн зэрэгцээ амарч зугаацаж болох дээд зэргийн тохилог, цорын ганц газар энэ л юм билээ.
Зочин
Урам
DR. PRADHAN
рашаанчин
Хан хужирт
123456
123
123
Зочин
Хужиртыг рекламдах